Алтай нутгийн хүчтэнүүд өнгөтэй байнаЦонжин болдогийн хөшөөт цогцолбороос баруун хойшоо эргэлээ. Тунамал ногоон шугуй дундуур Туул гол дөлгөөхөн урсах аж. Цаад талд нь Заан Тэрэлжийн их уулс юу юугүй нөмрөөд авах шиг л сүр бараатай харагдана. Хад асга нь өглөөний наранд улаарч нэг, шаргалтаж нэг үзэгдэнэ. Зам зуурт айлууд гүүгээ уячихсан, шинэхэн айрагны үнэр сэнхийх нь даан чиг сайхан. Зэлэндээ номхроогүй унаганууд хойшоогоо цахдан унаж байна.
"Та хэд ч удахгүй номондоо орно доо" гэж бодох ахуйд хоёр ч гүвээ давж зорьсон газартаа ирлээ. "Танайд өнжье" булангаа бэлтгэхээр Туул голын хөвөө, Харзтайн урдхан байх "Мандал" амралтад ирж буй минь энэ ээ.
ГовьАлтай аймгийн "Хантайшир" дэвжээний бөхчүүд энд наадмын бэлтгэлдээ гараад байгаа. Алтай нутгийн хүчтэнүүдийг нэгэн цагт Монгол Улсын заан Рэгжийбуугийн Давааням, улсын начин Баасангийн Пүрэв нар ахалж Сүүж уулаа барааддаг байсан. Харин сүүлийн хэдэн жил ГовьАлтай аймгийн Алтай сумын уугуул, улсын начин Доёдын Бадрахаар ахлуулж "Мандал" амралтыг зорих болсон байна. Уг газар нутаг, дэнж дэвсэг, уул ус Алтайн хүчтэнүүдэд хайр ивээл, хишиг буянаа хайрлаж буйг түмэн олон мэднэ. Сүүлийн жилүүдэд төрийн наадмын түрүү үзүүр, их шөвөгт Алтайнхан тогтмол шалгарч, шинэ цолтнууд олноор мэндлэн бөхийн салхи Алтай руу эргэлээ гэсэн яриа хөөрөө ч гарсан билээ.
Бөхчүүдийг Туулын хөвөөний ногоон дэвсэг дээр бэлтгэлээ базааж байхад нь очлоо. Хатан Туул дөлгөөхөн урсч, урсгалд нь нарны цацраг солонгорон гийнэ. Зүлэг ногоон дэвсэг дээр улаан, цэнхэр далбаа шуудагтай хүчтэнүүд ир бяраа сорьж, уран хурц мэхийг уралдуулан хийх нь жавхаатай ажгуу. Галын ахлагч Бадрах начин далбагар том цагаан малгай тавьчихсан, хүзүүн дээрээ дэлэм хэрийн урттай нарийн сур тохчихсон, үгүй ээ мөн сүртэй харагдана. Бэлтгэлээ дутуу хийсэн, үгэнд орохгүй том толгой гаргасан, өглөө уулын орой руу гүйхэд хөл нь хүндэрсэн нэгнийг сураар ороолгодог бололтой дог оо.
Нямдоржийн Ганбаатар, Жанцангийн БатЭрдэнэ нарын гарьдууд, залуу заан Баттулгын Соронзонболд болон Дугардоржийн Батбаяр, Даваанямын Лхагвадорж, Намсрайн Баярмагнай нарын начингууд эрэмбэ дараагаараа жагсч байна аа. Балжиннямын Суманчулуун, Лувсандоржийн Цэрэнтогтох, Жаргалсайханы Амартүвшин гээд улсын наадамд хэд хэдэн удаа дөрөв давж, начин цолны үзүүр дээрээс атгаад алдсан аймгийн арслангууд залуу барын шинжтэй үзэгдэх нь бахадмаар. Бөхчүүдийн бэлтгэл жигдэрчээ. Аргагүй ээ, арваадхан хоногийн дараа наадам эхлэх гэж байна шүү дээ.
Галын ахлагчтай юун түрүүнд гар барьж, мэнд мэдлээ. "Бөхчүүдийн хүч тэнхээ их үү" гээд л асууж орхилоо. Уяачтай морьдынх нь тоосон дунд, уяан дээр нь уулзахуйд "морь хурдан уу" гэдэг сэн дээ. Гал ахалж байгаа бөхөөс, хүч тэнхээ их үү гэх нь зөв байлгүй. Бадрах начин өнөө далбагар цагаан малгайгаа жаахан хэлтгийдүүхэн тавиад, ядах нь ээ нарны өөд харсныг ч хэлэх үү, хоёр нүдээ ээлжлэн аньсхийгээд бүдүүн тослог хоолойгоор "Бөхчүүдийн маань бэлтгэл ерөнхийдөө жигдэрч байна. Энэ өдрийн хувьд өглөөний л бэлтгэлтэй. Үдээс хойшдоо амарна. Маргааш наадмын их сорилго барилдаантай. Манайхан очиж зодоглоно" гэв. Энд нэг зүйлийг тодотгох нь зүйтэй. Алтай нутгийн бөхчүүдтэй наадмын сорилго барилдааны өмнөх өдөр өнжсөн юм аа. Их сорилгод бид бүхний бэлтгэлийг нь харж, яриа хөөрөө болж суусан хүчтэнүүд галтайхан барилдаан үзүүлсэн. Тухайлбал, улсын гарьд Ж.БатЭрдэнэ найм давж 208 бөхийг манлайлсныг уншигч олон мэдэж байгаа. Мөн уг галын бөх Н.Ганбаатар гарьд их шөвөгт шалгарсан билээ. Тэгэхээр Алтай нутгийн хүчтэнүүд өнгөтэй байгаа нь илэрхий.
Бадрах начнаас "Та чинь хүзүүн дээгүүрээ сур тохчихоод сүрхий зогсоно. Бөхчүүдээ ороолгодог хэрэг үү" тулган асуулаа. Санчигных нь үс бууралтсан ахимаг начин малгайгаа эв дүйгүйхэн базан авч сандал дээр тохоостой алчуураар хүзүү толгойгоо хүчтэй шударснаа "Энэ хэдтэй суртай л үзэхгүй бол болохгүй. Үгэнд орох нэг нь байна, орохгүй нэг нь байна. Үгэнд орсонгүй, бэлтгэлээ дутуу хийлээ гээд би ямар цохиод авалтай нь биш. Дал мөр рүү цохиход гар өөдөөс ойгоод тэр дороо янгинаад явчихна даа" гээд инээмсэглэж харагдлаа. Тухайн агшинд нээрээ чиг тийм байх шүү гэж бодогдов. Ёстой нөгөө гурамсан чөдөр шиг хүрэн эрчүүд гэдэг чинь энд байна аа. Булчин шөрмөс нь зангираад наранд борлочихсон хүрэл эрчүүд мөн дөө. Хүч бяр нь аргагүй жагсаж яваа бололтой. "Ганбаатар одоо Амартүвшинтэй барилд, Соронзонболд чи Цэрэндавааг жаахан нухаадах даа. БатЭрдэнэ ээ, хамаагүй битгий туйлаад бай. Наад хүчээ жаахан тогтоо" гэх зэргээр галын ахлагч хашгирна. Хэн хэнтэй хэдэн минут бэлтгэл хийхийг Бадрах начин мэднэ. Наадмаар тэр тэрэнтэй таарах, түүнийг тэр аварга, арслан амлах, тэр хоёр тунах, дөрвийн давааны нугалаанд залуу хүчтэнүүд хэн хэнтэй оноолт таарахыг дасгалжуулагч багш нь олон жилийн туршлагаар үнэндээ гадарлах болжээ. Алгандаа харсан юм шиг л шавь нартаа хэлдэг байна.
Аймгийн арслан Амартүвшинг өндөр Ганбаатай халз бэлтгэл хийлгэдэг нь цаанаа учиртай. Тэр жил яалаа. Хоёр мянга найман онд. ГовьАлтай аймгийн Эрдэнэ сумын бөх Б.Соронзонболд аймгийн арслан цолтой байхдаа өөрийн найз одоогийн харцага А.Бямбажаваар тунаж тав, өмнөх жилийнх нь наадамд түрүүлээд байсан залуу арслан Х.Мөнхбаатараар зургаа, идэрхэн аварга Г.Өсөхбаяраар долоо давж начин, харцага цолыг алгасан шууд заан болж байлаа. Өсөхөө аваргыг давуулж гуядах гэхэд нь дотуур сөрж хутгаад давж байсан санагдана. Соронзонболд долоо давсан барилдаанаа "Наадмын бэлтгэл дээр Бадрах багш Ганбаатай барилдуулдаг байсан. Би энэ мэхийг Ганбаад олон удаа давтан хийж байсан минь аминд орлоо" хэмээн бахархалтайгаар өгүүлж байлаа. Тэгэхээр төрийн наадамд хоёр, гурван ч удаа дөрөв даваад байгаа аймгийн хурц арслан Амартүвшинг өндөр Ганбаатар гарьдтай бэлтгэл хийлгэж байгаа нь санамсаргүй биш байх аа. Хашир дасгалжуулагчийн тархинд нэг зүйл бодогдсон л байж таарна. Амартүвшин нэг удаа лав Баяржавхлан гарьдад тавын даваанд амлуулж унаж байсан. Өнөө жил дахиад дөрөв даваад ирэхэд нь Баяржавхлан гарьд амлахгүй гэх газаргүй. Тэгэхээр л Ганбаатай бэлтгэл хийлгэдэг нь учиртай байхгүй юу.
Аймаг, сумдад зодоглохоор бэлдэж байгаа арван хэдтэй залуучуудыг хооронд нь нэг авалцуулаад томчуудтай халз тулган мэх давтуулаад хэдэн янзаар бэлтгэлийг нь хийлгэдэг байна. Залуучуудыг мэх давтуулахдаа ихэвчлэн Ду.Батбаяр начинд хуваарилдаг аж. Цаадах нь тохитой томоотой. Барилдаан нь ч намуун дөлгөөн, мэхэндээ даацтай. БатЭрдэнэ гарьдад юм уу, Соронзонболд заан, Лхагвадорж начинд залуучуудыг хуваарилж өгөхөөр өнөө хэд нь цацаж шидчих гээд, зүрхийг нь үхүүлчих гээд бас болдоггүй ажээ. Бадрах начин бөхчүүдийг хооронд нь хуваарилахаас гадна улс, аймгийн цолтнуудад нутгийн дүү нар, дагуулж явдаг тус тусын шавь нар гэж бас байдаг байна. Тэдэндээ аминчлан мэх зааж, наад зах нь зодог шуудгаа цэвэр сайхан өмсөх, гараа дэвээгээ улам уран болгох, дотоод сэтгэлийнхээ хүчийг зөв хуваарилах, өрсөлдөгч бөхөө үнэлж сурах гээд юу эсийг зааж зөвлөх билээ дээ. Өглөөний бэлтгэл хоёр цаг гаруй үргэлжлээд дууслаа.
Туулын хөвөөний ногоон зүлгийг халцартал бэлтгэлээ базаасан бөхчүүд далбаа шуудгаа, монгол гутлаа тайлж залуу бөхчүүддээ бариулаад, үндсэндээ бүгд шалдалж аваад амралтынхаа зүг алхав. БатЭрдэнэ гарьд, Соронзонболд заан нартай энэ тэрийг ярьж инээлдэж хөгжилдсөн шигээ хамт алхлаа. Бөчхүүд наадмын бэлтгэл дээр хамаагүй ярьдаггүй, ярилцлага авъя гэхэд илтээс дургүйхэн байдаг. Энэ хэд маань харин тэгсэнгүй ээ. Эрхбиш найз нөхдийн хувьд наануу цаануутай л байна. Бэлтгэл ерөнхийдөө жигдэрч буйг, өнөө жилийн наадамд дээшээ өгсөж сайхан барилдах бодолтой байгаагаа, зарим нэг дүү нараа Алтайнхаа наадамд явуулахаар бэлдэж байгаа зэргээ хуучиллаа. БатЭрдэнэ гарьд сонгууль өгөх гэж хот орохдоо гэргий хүүхдээ авч ирснээ ч дуулгаад авлаа.
"Мандал" амралт гэж жаргалын орон байна аа. Бөхчүүдийн дугуй байшинг баячуудын хаус гэлтэй. Зарим нь гурав, зарим нь дөрвөн ортой. Дотроо банн шүршүүртэй, 00той, ярих юм алга. Эдгээр дугуй байшингууд амралтынхаа хойд хэсэг рүү байрлана. Урд хэсэгт нь болохоор дөрвөлжин, нэг их гоё шармал байшингууд эгнэнэ. Тэдгээр байшингуудын урд, гар бөмбөгийн талбай болоод сагсны шийдтэй. Гоёмсог чулуун замтай. Ардхан талд нь уртаа гэгч модон хана бүхий өрөөнүүд бий. Эдгээр нь халуун хүйтэн устай душ ажээ. Бэлтгэлээ дуусаад голын тэртээгээс шалдан цувсан бөхчүүд цолныхоо эрэмбэ дараагаар шүршүүрт орно доо. Тэгээд л том том алчуураар биеэ ороож аваад өрөө өрөөнийхөө зүг одно. Залуус нь тэр бүр амрахыг бодохгүй, сагс тоглоно. Зарим нэг нь хөлбөмбөг өшиглөнө.
"Та хэд чинь амрахгүй яагаад бөмбөг өшиглөөд байна. Амрах цагтаа амар" гэж Бадрах начин байшингийн цонхоор нэг хашгирахад бүгд бутраад алга болж байгаа юм. Галын ахлагч урд хэсгийн дөрвөлжин байшингуудын нүүрний эгнээнд байрладаг юм байна. Биднийг очих үед охин, зээ хоёр нь ирээд байлаа. Зээгээ эрхлүүлээд л. "Залуу байхад наадмын бэлтгэл дээр үр хүүхдээ санаад хэцүү л байдаг байв. Харин одоо ач зээ нараа санаад болохгүй юм" гэнэ. Бөхчүүдийг амрах зуур Бадрах начинтай наадмын хууч хөөрлөө. "Та чинь улсын цолыг ерэн онд хүртсэн дээ" хэмээн өөрийнх нь тухай эхлээд асуув. Тэрээр өвөр дээрээ зээгээ суулгачихаад улсын цолонд хүрсэн наадмаа дурссан юм. "Нууц товчооны 750 жилийн ойн Хэрлэнгийн хөдөө аралд болсон наадамд би чинь улсын цол хүртсэн шүү дээ. Эрхэмбаяр начин, Энхжаргал начинтайгаа нийлж гурвуул нэг гал болон таньдаг хүнийхээ фургоныг гуйгаад Хөдөө арлыг зорьж байлаа. Хэрлэнгийн гүүр шөнө гарахад олон түмний цуваа эгнэчихсэн байсан. Тэр чинь наймдугаар сарын хорьдын алдад шүү дээ. Бороо ороод л, алс холоос ирсэн уяачид морьдоо нэмнээд л, зарим айлууд хорхог боодог хийж, зарим нэгнийх нь майхан савд уртын дуу шуранхайлчихсан хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, хүн амьтан унаа машин дүүрчихсэн байж билээ".
Улсын цолонд хүрэхэд ус нутгийн олон дэмжсэн үү? "Дэмжсээн дэмжсэн. Одоо энэ Тогтохбаяр начны аав Шоовдойхүү гуай (улсын начин) гуравт авч, дөрөвт Булганы Лхагвасүрэн заан авч, тавын даваанд Ёндонгийн Ишгэн заан авч би гэдэг хүн начин болж Хэрлэнгийн хөдөө аралд багтахааргүй л баярлаж билээ. Гол нь тэр жил хэрвээ начин болж чадахгүй бол ерөнхийдөө улсын цолноос мултарч байсан үе л дээ. Би чинь далан найман онд цэргийн албанд татагдан ирж, "Алдар" нийгэмлэгт хуваарилагдсанаар улсын наадамд зодоглосон түүхтэй. Арав гаруй жил зодоглож байж начин болж байгаа юм" гээд хэсэг чимээгүй болов. Ерэн оны наадам, Хэрлэнгийн хөдөө аралд баярын нулимстай есөн хөлт цагаан тугаа тойрч байсан нь бодогдсон байлгүй гээд багагүй хугацааны дараа начин руу өнгийтөл унтчихжээ. Өвөр дээр нь тийчигнэж байсан зээ нь ч унтаад өгч. "Говийн зэрэглээ" кинон дээр Няндагийн Цэвээнравдан гэж авьяас билэгт жүжигчин ангийн байцаагч болж тоглодог доо. Тэрээр сургуулийн захирал залууд Хойд хайрханыхаа барааг харуулж хэдэн аргаль янгираа бүртгэчихээд булгийн зах дээр зуур хэвтэх агшинд нүүрэн дээрээ малгайгаа тавиад хухирч байдаггүй юу. Түүн шиг л юм боллоо. Миний бие унтах санаатай Бадрах начны хажуу талын орон дээр нүдээ аньж хэсэг хэвтлээ. Нойр хүрэх янз алга шүү. Тэгээд гарлаа даа. Хойд талын бөхчүүдийн өнөө лут хаусуудаар орлоо. Бүгд л нам унтаж байна. Цаад талынх нь толгой дээр гарлаа. Үдийн нар голлочихжээ. Шарж байгаа гэдэг жигтэйхэн. Толгодын эгц орой дээрээс Туул гол тун чиг дөлгөөн харагдана. "Манай хойхно харзтайд Увсын бөхчүүдийн гал бий дээ. Саяхан бид хамтарсан бэлтгэл хийгээд. С.Мөнхбат аварга, Б.Ганбат арслан, Ө.БатОрших, А.Бямбажав нарын харцагууд бүгд ирсэн дээ" гэж Алтайн бөхчүүд бэлтгэлийн үеэр ярьж байсан нь санаанд оров. Харзтайн амралт руу хараа сунгаж зогсохдоо тэр тухай бодсон хэрэг л дээ. Толгодын орой дээрээс буугаад иртэл бөхчүүд эхнээсээ сэрсэн байна аа.
Бадрах начны ар талын байшинд БатЭрдэнэ гарьд залуу хүчтэнүүдтэй хамт байна. Цаад талынх нь байшингаас бөхчүүд ирлээ. Тэд нийлж аваад зогсож байна. Хууч хөөрөх янзтай шүү. Ярианы сэдвийг өнгөрсөн жилийн наадмын наймын даваанд хандуулчихлаа. Бүр тодруулбал, БатЭрдэнэ гарьдын Өсөхөө аваргыг бахтайхан хаядаг барилдаан шүү дээ. Залуу гарьд тухайн барилдаанаа ярьж байна аа. "Аваргын зүүн хөлд ч гоё суусан шүү. Тэгтэл мань хүн сандраад өнөө давуулдгаараа давуулах гэсэн. Тэгэхээр нь үлдсэн хөл дээр нь дотуур хутгачихлаа. Их л хүчтэй унасан даа. Толгойгоороо газар савах нь надад сонсогдсон шүү" гээд инээмсэглэж байлаа. Аймгийн цолтой нэг бөх хүүхдээ тэвэрчихсэн бид бүхэн дээр ирлээ. Тухайн үед миний бие зураг авч таарав. Өнөө залуу чинь "Өдрийн сонин" дээр хүүгээ гаргана шүү гээд дунд нь сүрхий зогслоо.
Байшин дотроос нэг нь "Далбаа шуудгаа угаая байз. Хөлсөндөө нэвт явчихаж" гэх нь сонсогдов. Түүний хариу болгож гадаа сууж байсан нэг залуу "Барилдааны өмнө юм угаадаггүй гээ биз дээ. Хумс дэвтчихээд амархан сөхчихдөг гэсэн. Тийм үү багш аа" гээд Бадрах начин руу өлийв. Начин "Далбаа шуудаг угаах зуур хумс дэвтээд юу л шалиа аж" хэмээх хариу өглөө. Ингээд байшин дотор суугаа аймгийн цолтон далбаа шуудгаа угаахаар зэхэв бололтой.
БатЭрдэнэ гарьд "Багш аа, би нэг усанд ороод ирэх гэсэн юм. Биеэ усаар жаахан шавшъя гэж бодоод..." гэхүйд багш нь зөвшөөрсөн хариу өгсөн. Гэхдээ "Гүнзгий рүү нь битгий ороорой. Сүүлийн хоёр, гурван өдөр бороо орсон, үертэй байж магадгүй шүү" гэж илт сэрэмжлүүлэх маягаар хэлэв. Энэ зуур гарьдын гэргий тортой юм барьсаар хүрч ирэв. Залуухан гарьд гэргийнхээ гараас хөтлөөд тортой хувцсыг нь бариад, хүүгээ тэврээд усанд орохоор одлоо. Тэрээр Өсөхөө аваргыг хаясан тухайгаа хуучилж зогсохдоо өөртөө их л итгэл хүлээлгэж буй нь анзаарагдсан. Цол дагаж бяр гэдэг дээ. Өнгөрсөн жил начин цолтой зодоглоод найм давсан бөх өнөө жил их л том зорилго тавьж барилдах нь мэдээж. Түрүү үзүүр, аварга арслан л бодно шүү дээ. Багш нь ч залуу гарьдаас их юм хүлээж байгаа нь тодорхой.
Хойд талын дугуй хаусаас Лхагвадорж начин том том алхалсаар ирж явна. Лхагваа начинг манайхан сайн мэднэ. Ард түмний хайлан болсон, Алтай нутгийнхны нэгэн өндөрлөг болсон сайхан хүчтэн Давааням агсны хүү. Мэргэжлийн сумогийн хүчит озэки Харүмафүжи Бямбадоржийн төрсөн ах. Харүмафүжи буюу монголчуудын нэрлэж заншсанаар Ама аавыгаа дуурайсан бол Лхагвадорж начин ээжийгээ дуурайсан гэж бөхийн эргэн тойрныхон хэлдэг. Царай зүсний хувьд шүү дээ. Ээжийг нь Цоодолын Мягмарсүрэн гэж сайхан эмэгтэй байдгийг мэдэх нэг нь мэднэ. Лхагваа начин ээж шигээ өндөр цагаан залуу билээ. Тэрээр багшаасаа нэг юм асуух гээд байгаа бололтой. Багшаа... багшаа би..., бид хоёр гээд түгдчээд байлаа. Түүнийг нь ч Бадрах начин ойлгосон бололтой. "Яасан, хот орох санаатай байна уу" гэх нь тэр. Лхагвадорж начин шууд л толгой дохиод, Ганбаа бид хоёр хот орж хонон маргаашийн их сорилгод барилдчихаад оройдоо гараад ирэх гэсэн юм гэлээ. Ингээд багш нь зөвшөөрөл өгснөөр төрсөн ах дүүсийн хүүхдүүд болох Лхагвадорж начин Ганбаатар гарьд нар ганган хар машинд сайд шиг суугаад л хот руу уухайн тас алга болов.
Үдээс хойш бөхчүүдийн өнөө сүрхий хаусуудаар орлоо. Ду.Батбаяр начин, аймгийн арслан Б.Суманчулуун, Л.Цэрэнтогтох нар нэг байранд байна. Ду.Батбаяр начин "Үйлчлэгч ирж өрөө цэвэрлэхгүй юм байх даа" гээд сууж байна. Бөхчүүд орныхоо дээд талын шүүгээн дээр далбаа шуудаг, малгай зэргээ байрлуулжээ. Батбаяр начин Бугат сумандаа дүнхийх Алтайн сүрлэг уулсын нэгэн Алаг хайрханыхаа зургийг оройдоо залсан харагдана. Түүнд саяхан эргэлт иржээ. Бугат сумын нутгийн зөвлөлийнхөн начнаа эргэж ирсэн байна. Баахан ус ундаа, чихэр жимс, уураг тэжээл бүхий бэлдмэл, хүч чадлын ус зэргийг авчирч өгчээ. Тавагтай чихэр ч авч өгөөд л, лаазтай ундаа ч авч өгөөд л арай өөр байсан нь эргэлт авчихаад данагар сууж байгаа нь тэр ажээ. "Олон жил л нутгийн олноо хүлээлгэлээ. Одоо болсон юм биш үү. Зааланд болохоор дандаа л түрүү үзүүрт үлдээд наадмаар гурав даваад унаад байдаг ямар учиртай юм бэ" гэж начнаас сөргүүлэн асуулаа.
Тэрээр элгэн дороо томоо гэгч дэр хийчихээд инээд алдан "Харин тийм ээ. Нэг л тэсрэлттэй сайхан барилдаан үзүүлж чадахгүй жилийн жилд л гурав даваад унах боллоо. Өнөө жил нэг сайн үзнэ дээ. Ер нь энэ өрөөнд тэсэрч өгдөггүй гурван хүн байх шиг байна" гээд өнөө хоёрыгоо чирч орхив.
Суманчулуун арслан, тэсэрсэн тэсрээгүй хамаагүй. Ямар ч байсан л өрсөлдөгч бөхийнхөө дээр нь унана шүү гээд шүд зууж байлаа. Энэ хооронд гаднаас Цэрэнтогтох арслан орж ирлээ. ГовьАлтай аймгийн Цогт сум Ээж хайрханы нутгийн хүү тэрээр сүүлийн хэдэн жил улсын цолны тааварт явж байгаа. Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг улсын наадамд түрүүлдэг жил төрсөн учир ижий аав нь бөх болохын ерөөл бэлгэдэж Цэрэнтогтох гэж нэр хайрласан тухай тэрээр нэгэнтээ дурсч байсан. Мань хүн биеэ борлуулах гэж зовж байгаа бололтой. Угийн цагаан шар биетэй учир наранд сайхан борлож өгөхгүй, хэдэн өдөр нүцгэн явахаар час улайгаад арьс нь түлэгдээд юм юм л болдог ажээ. Батбаяр начин Цэрэнтогтоход хандаж "Бороор биш бяраар л барилдана ш дээ" гэж өдлөө. Өнөөх нь бороор ч, бяраар ч барилддаг юм гээд хариу барив. Бэлтгэл дээр нутаг нутгийнхан, мөн компани компанийнхан бөхчүүдээ эргэж ирдэг байна. Тухайлбал, "Алтай констракшн" БатЭрдэнэ гарьдаа, "Туушин"гийнхан Ганбаатар гарьдаа, "Газар холдинг"ийнхон Соронзонболд заанаа, "Макс"ийнхан Батбаяр начнаа, "Эйр транс"ийнхан Лхагваа начнаа эргэдэг байна. Мөн нутгийн зөвлөлийнхөн гэж Жадамбаагийн Энхбаяраар ахлуулсан дал шахам хүн ирж найр наадам хийдэг ажээ. Сонгууль энээ тэр гээд биднийг очихоос өмнө нутгийн зөвлөлийнхөн ирээгүй байлаа. Нутгийн зөвлөлийнхнийгөө ирэхэд Бадрах начин өнөө хэдийгээ командлаад, "шинэ халаадаа өмс, ширээний бүтээлгээ соль" гэдэг шиг л багагүй сандардаг байна.
Үдээс хойш дөрвөн цаг гучин минутад өдрийн хоолондоо орлоо. Тусдаа байранд хоолонд ордог ажээ. Сандал ширээ болоод аяга шаазан ч эзэнтэй. Голын урт ширээг Бадрах начин голлож сууна. Хоёр талд нь цолны эрэмбээр хоёр гарьд суух аж. Тэгээд Соронзонболд заан, Батбаяр, Баярмагнай нарын начингууд суудлаа эзлэх ажээ. Миний бие аймгийн арслангуудтай хамт суулаа. Бадрах начны баруун талд хоёр суудал, зүүн дор нь нэг суудал эзгүй байсан. Ганбаатар, Соронзонболд заан, Лхагвадорж начин нарын суудал болох нь ойлгомжтой. Соронзонболд өдрийн хоол өнжье гээд өрөөндөө үлдсэн гэнэ ээ. Том цагаан түмбэнтэй махнаас Бадрах начин түрүүлж, дараа нь БатЭрдэнэ гарьд гээд цолны эрэмбээр авч харагдана. Цолны эрэмбээр маханд түрүүлж хүрсэн цолтнууд урд талынхаа тавган дээр богтос, дал дөрвөн өндөр, хонины сүүл зэргийг овоолчихсон суугаа юм. Сүүлийн залуу бөхчүүдэд бага шиг л юм оногдох шиг болсон. Гэхдээ тэр хэд чинь тус тусын шавь нартаа нэг нэг "юм" нэмээд атгуулчихаж байгаа юм аа. Өнөө хэд нь баярлалаа гээд л авах юм. Хоолон дээр ч яриа хөөрөө бас өрнөлөө шүү. Залуу гарьд, Амартүвшин арсланг явуулж байна аа. Мах идсэн ч нүдний шилтэйгээ гээд л. Өнөөх нь гадаадаас найз маань авчирч өгсөн юм аа гээд тас хар нүдний шилнээс салдаггүй. Цэрэндаваа байсан бол мах сайн цохихгүй юу. Манай хүн чинь хонины өрөөл мах идчихдэг байсан гэдэг. Одоо юм орохоо байчихаад байна гэж уурлаад байгаа. Гэсэн ч түмбэн махыг түвэггүй дээ... хэмээн нэгнээ явуулаад л. Инээд хөөр болно. Оройн хоол 19 цагт гэсэн байх шүү. Том тавгаар дүүрэн цуйван ирнэ дээ гэж нэг нь хэлж байсан. Өдөрт гурав хооллодог юм байна. Өглөөний хоол есөн цагт гэж байгаа. Ихэвчлэн шөлтэй устай юм ордог гэж галын ахлагч хэлж байсан.
"Манай гал шиг хангамжтай газар ховор. Бусад галаар явж л байсан. Дотроо 00той, шүршүүртэй ийм хаустай газар байхгүй дээ. Нутгийн зөвлөлийнхөн наадмын бэлтгэлд наад зах нь хорь, гучин саяыг зардаг юм. Гол нь бид улсын өндөр цолонд хүрч л олныхоо итгэлийг даах учиртай" гэж Бадрах начин өгүүлж байлаа. Түүнтэй үдийн хоолны дараа нар хүүшлэх үед Туулын хөвөөгөөр алхаж энэ тэрийг багагүй ярилцлаа. Удахгүй болох наадмын тухай барагтай бол үг унагахгүй юм аа. Шавь нарынхаа хэнд нь найдаж байна даа гэхүйд бүгдийг нь нэрлэх юм. Санжаадамба, Содномдорж хоёрыг их дээгүүр барилдана гээд байгаа, та юу гэж бодож байна гэхэд тэр хоёроос ч сайн залуучууд олон байгаа шүү дээ гэснээс өөрийг хэлсэнгүй.
Харин Шаравын Батсуурь, Чойжилын Бээжин, Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар гээд халхын алдарт аваргуудтай "Алдар"ын жулдрайхан тамирчин байхдаа наадмын бэлтгэлд хамт гарч байснаа дурсаж, Алтай нутгаасаа нэгэн цагт тодорч байсан Ундрахын Пүрэв, Рэгжийбуугийн Давааням, Чогдовын Амартүвшин нарын заануудаа үгүйлж байгаа нь мэдрэгдэж байлаа. "Нутгийн уулс наадамд хамт ирдэг гэж өвгөд минь хэлдэг байсан. Би шавь нартаа хэлдэг юм. Нутгийнхаа уулсыг, Сутайгаа, Ээж хайрханаа, Аж богдоо, Хантайшир уулаа, Бурханбуудайгаа сэтгэлдээ тээж яваарай. Та нартай хамт наадмын ногоон дэвжээнд зодоглож хазайхад чинь түшиж байгаа шүү гэж захидаг даа" гэсэн нь сэтгэлд дотно санагдаж билээ. Ийм л яриа хөөрөө өрнүүлж, монгол бөхийн ид хаваар бахархан, Алтай нутгийн хүчтэнүүдтэй наадмын бэлтгэл дээр нь нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.
Н.ГАНТУЛГА
http://www.medee.mn/main.php?eid=16565