by 1220 » Tue Nov 24, 2009 5:49 pm
Наадмаар төрсөн хүү бөх болохын ерөөлтэй
“Улсын заан Б.Ганбат” энэ нэр бөх сонирхогчдын анхаарлыг татсаар 10 жил болжээ. Энэ цагийн өнгийг тодорхойлж яваа хүчтэнүүдийн эгнээнд нэлээд дээгүүр жагсах түүнийг гарьд, арслан бүр цаашлаад аварга цолонд хүрнэ гэдэг итгэл маш олон хүнд байдаг. Харин заан маань наадмаар нэг л “азгүй”-тчихээд байх юм. Бөхдөө хайртай монгол түмний хайрладаг, хүндэлдэг, хэнээс ч илүү мэддэг хэрнээ мэддэггүй улсын заан Ганбат хэмээх нэгэн эрхэм хүмүүний тухай “бичихсэн” гэсэн чин хүсэл төрсөөр багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хавар ярилцлага авъя гэхэд минь үгүй гээгүй хэрнээ эвтэйхэн бултчихаад байв. Монгол бөхийн дэвжээнд гарч ирсэн цагаас нь л илүүд дуртай шар сониныхон түүний тухай элдвийг эрээчсээр итгэлийг нь хөсөрдүүлж орхисон бололтой. Тийм болохоор Ганбат зааны тухай өөрийн мэдэх хэмжээнд жаахан ч гэсэн “бичих”-ээр зорилоо.
Барилдааны амжилт:
1993 оны улсын их баяр наадамд Х.Баянмөнх аваргаар 5 давж Улсын начин, 1999 онд тавд у.н И.Доржсамбууг /у.г/, зургаад у.з Ж.Ганболдыг, долоод у.а О.Балжиннямыг тус тус давж Улсын заан цол хүртэж, 2000 онд 6, 2001 онд 1024 бөхөөс 5, 2002 онд 6, 2005 онд 5 давж, 2006 онд 1024 бөхөөс 7 давж заан цолоо баталсан бол 2007 онд 4 давж, 2008 онд дахин 7 давж цолоо баталсан.
Тэртээ 1976 оны 7-р сарын 10-ны өдөр Увс аймгийн Баруунтурууны САА-н “өндөр” Батжаргал хэмээх айл бүл нэмж хүү төрсөн нь өдгөөгийн улсын заан Ганбат байв. Хүү төрвөл бөх болно хэмээн бэлгэшээдэг эртний уламжлалтай бидэнд наадмын өмнөх өдөр нуган үр мэндэлнэ гэдэг илүү их бэлэг дэмбэрэлийг дагуулсан нь мэдээж. Эцэг Батжаргалыг нь “өндөр” хэмээн тодотгохын учир юу гэвээс тэрээр 1 м 90 см өндөртэй, тун чиг нуруулаг нэгэн ажээ.
Харин Ганбат заанаас бага насных нь тухай асуухад “Нэг их сонирхоод байх зүйл байхгүй ээ. Хөдөөний хүүхдүүд яаж өсч торнидог билээ, тийм л байсан” гэж хариулсан байдаг. Ямартаа ч ирээдүйн хүчтэн маань үеийн хөвгүүдийн адилаар өссөөр л, барилдсаар л байсан нь мэдээж.
1994 он. Увс нутгийнхан алдарт аварга Х.Баянмөнхийнхөө алдрыг тэмдэглэх наадам хийсэн нь Ганбат хүүгийн ирээдүйг бөхийн ертөнцөд нээж өгсөн их зам байлаа. Их аваргын нүдэнд өртөж, сэтгэлийг татсан тэрээр хотод ирж бөхийн сургуульд суралцан тоот бөхийн тоонд орж, торгон зодогны ширээс атгаж, бидний хайрлаж, хүндэлж явдаг тэнгэрлэг эрсийн нэг болсон юм.
20 насандаа аймгийн арслан цол хүртэж, 21 насандаа өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдааны анхан, дэд зиндаанд зодоглож, шилдэг 16 бөх тойргоор барилдахад 12 давж, 3 удаа өвдөг шороодсон бөгөөд барилдааны дүн гарахад дархан аварга Б.Бат-Эрдэнэ, у.з Ц.Цэрэнпунцаг /у.г/, у.и Ч.Батзориг /у.з/ , а.а Б.Ганбат/у.з/ нар ижилхэн 12 даваатай байснаас Батзориг начин түрүүлж, а.а Ганбат 2-т орсон нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан гэдэг. Тэргүүн зиндааны тэр барилдаанд дархан
аварга Б.Бат-Эрдэнэ, у.з Ц.Цэрэнпунцаг /у.г/, Ч.Бямбадорж, у.н А.Сүхбат /д.а/, И.Доржсамбуу /у.г/ нарын 12 бөх түүнийг дийлээгүй байдаг. Харин 22 насандаа буюу 1998 онд cap шинийн босгон дээр оны шилдэг 8 бөхийн 6-д шалгарч, наадмаар улсын начин болсон бол 1999 онд Улсын заан цол хүртэж монгол түмнээ баярлуулсан юм.
Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд нэгэн үеийн 6 залуу заан гарч ирэн “хаан” суусан цаг саяхан. Тэдний уран, хурц, дайчин барилдаан нь бас өрсөлдөөн нь олон ч монгол хөвгүүнийг бөхийн ертөнц рүү даллан дуудаж, татан оруулж байсан гэдэг. Одоо тэднээс хоёр нь даян аварга, нэг нь аварга, хоёр нь гарьд цол хүртсэн бол “хамгийн залуу нь” гэгддэг байсан Ганбат заан одоогоор цолоо ахиулж амжаагүй л явна. Гэхдээ хоёр ч удаа цолоо баталсан түүнийг ямар бөх гэдгийг надаар хэлүүлэлтгүй түмэн олон мэдэх билээ. Нутгийнх нь уулс заан хүүгээ гарьд, арслан, аварга болоод ирэхийг ерөөсөөр, хүлээсээр суугаа.
Тэрээр их гүйдэг гэсэн. Өнгөрсөн намар өглөө эрт Зайсангийн аманд машинаа тавьчихаад кросонд гүйгээд ирж байхыг нь харсан удаатай.
Жил жилийн наадмаар дээгүүр барилдах бөхийн тааварт нэр нь зоолттой байдаг Ганбат зааны сүүлийн 3 жилийн барилдааныг онцолмоор санагдлаа. 2007 оны наадмаар тавын даваанд а.а А.Цацабширийг /у.н/ амлан авч барилдаад унасан нь өөрийг нь дэмжиж байсан үзэгчдийг нэлээд гонсойлгосон. 2008 онд 7 давж цолоо батлах хоромд “Хоёр залуу аварга өвдөг шороодсон учир наадам Ганбатынх боллоо” гэж наадамчин олон шуугиж эхлэх үед харцага Ганбаатарын /у.г/ гэнэтийн мэхэнд өвдөглөчихсөн. Үзэгчид мөн л өөрөөс нь дутахгүй харамсан, харуусан байж дараа жилийн наадмыг хүлээсэн дээ. Харин энэ жилийн наадмаар Ганбат зааныг “тү/рүүлнэ” гэсэн таавар урьд урьдахаас илүү байсан. Хэдийгээр жилийн хугацаанд цөөхөн барилдсан ч гэлээ “наадмын өнгө тодорхойлдог” хэмээх цагаан сарын барилдаанд түрүүлсэн нь зааны хэр өнгөтэй, хүчтэй байгааг илтгэж байлаа. Гэтэл заан маань тавын даваанд өсөх идэр начин Ц.Сумъяабээсийг амалж барилдан унасан юм.
Наадмын өмнө Ганбат заан Төрхурахын аманд нутгийн залуусаа дагуулан бэлтгэлд гарсан байсан. Өөрөө амжилттай барилдахын зэрэгцээ нутгийнхаа бөхийн залгамж халааг бэлдэхэд багагүй анхаарал хандуулаад байгаа зааны шавь нараас энэ жил улсын харцага 1, начин 1 төрсөн юм.
Бөх болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Ганбат зааныг олонхи нь “бяртай” гэж тодорхойлох юм билээ. Бас бөхчүүд голлон улаан юм уу, хөх зодог шуудаг өмсдөг бол Ганбат заан нэг үе хүрэн өнгийн далбаа өмссөн нь нэлээд содон харагддаг байсан. Харин одоо улаан зодог, хөх шуудаг өмсдөг болжээ. Гэр бүлийн хувьд эхнэр хоёр охины хамт амьдардаг.
Баргийн хүн халж ойртомгүй ширүүн дүр төрхтэй харагддаг зааныг ойр дотныхон нь тун энгийн бас даруухан гэдэг. Ганбат зааны тухай цухасхан үгүүлэхэд ийм байна.
С.Бадамгарав
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ