by Bakhdal » Fri Jun 07, 2013 12:52 pm
"Энэ жилийн наадмаар би босоо түрүүлнэ"
Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Монгол Улсын заан М.Өсөхбаярын бэлтгэл энэ жил гойд байна. Яахав, олимпийн аварга Н.Түвшинбаярын асрагчаар Америкт нэг сар ажилласан учир цагаан сараар зодоглоогүй л дээ. Гэхдээ тэр явахынхаа өмнө буюу арванхоёрдугаар сарын 29-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог "Тусгаар тогтнолын барилдаан"-д түвэггүй түрүүлчихээд явчихсан юм. Толгой, цээж хоёр нь савлаад ирвэл торохгүй дээ Өсөхөө гэсэн түмэн олны яриаг баталсан л даа. Америк явж ирээд тэрбээр аюултай мундаг бэлтгэл хийж өнөөдрийн байдлаар формдоо ороод байна. Тэр яг Мөөеө аварга шиг тооцоо хийсэн. Тооцоо судалгаандаа амаргүй эр. Түүний энэ жилийн наадмын ерөнхий тооцоо ийм. Өмнөх жилүүдийг бодвол энэ жилийн наадмын дөрвийн давааны нугалаас их суларсан гэнэ.
Өнгөрсөн жилийнх шиг П.Бүрэнтөгс, Б.Сугаржаргал нар шиг яаж ч мэдэх, яралзсан аймгийн арслангууд нугалаасаар таараад Г.Өсөхбаяр, С.Мөнхбат аваргуудыг тэнгэр харуулсан шиг аюул нүүрлэхгүй гэнэ. Хэнтий аймгийн арслан Оюунболд нарын ганц нэг даага шүдлэнгүүдийг эс тооцвол шүү гэж.
Тавын даваанд тэр арай ч тунахгүй ам авах юм шиг байна гэнэ. Ам авахад арагшаа зулрах юм байхгүй. Мэдээж шинэ цол хүртсэнүүдийг нь аварга, арслан, гарьд цолтнууд хүртчихнээ. Тийм болохоор улсын начин Б.Сангисүрэн, Б.Батмөнх, Б.Гончигдамба, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, Ш.Жаргалсайхан, дээш ахивал улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ө.Бат-Орших нараас амлах аж. Энэ даваанд би Ө.Бат-Орших харцагатай таван минутын барилдаан хийнэ гэж бодож байгаа. Эсвэл Р.Пүрэвдагватай жаахан барилдаан үзүүлнэ. Бусадтай нь бол үзэгчдээ чилээхгүй ээ, бариа зөрөөн дээр юм болно гэх зэргээр улсын заан М.Өсөхбаяр тооцжээ.
Зургаагийн даваанд намайг амлавал ч амлаг. Онжаваа авья гээд С.Мөнхбат аварга хүрээд ирвэл мөндийлгөөд тавих юмаа би өдөр бүр бэлтгэж байна. За тэгээд, арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Бүрэнтөгс, "өндөр" Ганбаа (улсын гарьд Н.Ганбаатар), Д.Рагчаа, Ж.Бат-Эрдэнийн алинд ч намайг амлах эрх бий. Даваа өгсөх тусам барилдааныг хурдан дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Илүү цолтнуудтай барилдах миний арга бол илүү төвлөрч барилдах тухай л асуудал гэж тэр хэллээ. Магадгүй энэ даваанд надад тунах тооцоо бас бий. Тунаж гэмээнэ Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, Т.Санчир, магадгүй гарьд Ж.Бат-Эрдэнэ гээд байна. Ч.Санжаадамбатай урьд нь хэрхэн барилдаж байсан тооцоо судалгаагаа харвал би тун цөөхөн унасан, бараг унаагүй юм. Миний хувьд Ч.Санжаадамба зааны гол ясны бярнаас дайжих барилдааныг байнга хийж ирсэн. Энэ удаад ч ийм л тактикийн барилдаан бид хоёрын дунд болно. Таван минутын барилдаан, магадгүй түүнээс хурдан барилдаан болох болов уу. Би туг тойрно гэжээ.
Ингээд л долоогийн даваанд ирэхэд найман бөх үлдсэн байх юм. Энэ жил Х.Мөнхбаатарыг сайн байгаа гэж харж байгаа. Түүний цээжтэй тулж барилдаан хийнэ гэдэг **н** хэрэг, Мэдээж тэр цээжээрээ л түрнэ. Надтай барилдахдаа цээжиндээ хүчээ төвлөрүүлбэл би баярлана. Тэгэхгүй юмаа гэхэд арагш нь унагах арга төлөвлөгөө байна. Барилдаан найман минут үргэлжилж мэднэ шүү... гэх мэтээр долууланд нь бэлдсэн зүйлээ ярилтай биш дээ, үзэгч түмэндээ хэлэхэд дээрх долоон бөх шөвгийн наймд үлдэж гэмээнэ намайг тогтоох аавын хүү алин ч биш гэдгийг шулуухан хэлье гэх юм.
Наймын даваанд намайг хэн амлана гэж та бодож байна. Сая хэлсэн хэн нь ч байсан намайг торгоохгүй. Би энэ жил зөвхөн есийн давааг харж байна. Есийн давааг бодож байна. Тэр өдөр хурдан ирээсэй. Өдөр бүрийн бэлтгэлээ, барилдаанаа би зөвхөн тэр өдрийг сэтгэлдээ харж хийж байна.
Ийм хэмжээний зүйлийг ярих ааг омог түүнд бий, Энэ жилийн улсын наадамд түрүүлэх шалтаг, шалтгаан ч бий. М.Өсөхбаяр заан бол салхитай бөх. Сэтгэл зүйн бяр нь бие мах бодь. барилдах ур ухаанд нь нэвчиж яралзсан барилдаан гаргадаг. Үүгээрээ үзэгчдийг үнэнхүү баясгаж, хөөрлийг нь дээд цэгт нь хүргэж, жижиг А.Сүхбатын дараахь гэмээр үзэмж төгс бөх билээ. Тийм болохоор тэр наадам болохоос 25 хоногийн өмнө "Энэ жилийн наадмаар би босоо түрүүлнэ" гэдгээ ард түмэнд зарлав. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлан тунхаглаж, олон түмнийг хуйлруул, төв цэнгэлдэх зөвхөн түүний барилдахыг харах гэж пиг дүүрэх ёстой юм гэж. Ийм итгэл найдвар түүнд байгааг миний бие түүнд хоёр жилийн өмнөөс буюу тодорхой хэлбэл, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадмаас буцаж явахдаа "Элсэн тасархай"-д хэлсэн юм. Тэр бодъё гэсэн. Бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, ингэж салхилж барилдах бөх өөрөөс чинь өөр байхгүй гэдгийг нь хэлсэн. Өөдөөс харин "Та наад санаагаа Санжаадамбад хэлж үзсэн үү" гэж уур хүргэсэн удаатай. Би түүнд хэлсэн, "Монгол бөхийн оноо дансанд чиний хэрийн заан цолтнууд олноор мөнхөрч үлдсэн. Чи тэдний нэг байх хэрэггүй, тод сайхнаар бөхийн түүхэнд үлдэх ёстой. Монгол Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр нь монгол бөхийн түүхэнд анх удаа "Би энэ жилийн улсын наадмаар түрүүлнэ" гэж ард түмэнд зарлаж барилдсан бөх юм гэж үлдэх ёстой гэж. Тэр харин "Би тэгээд уначихвал яах юм" гэж байсан. "Унах унахгүй хамаагүй. Дэлхийн спорт өөрөө ийм л аархал дээр тогтож байдаг. Үзэгчдийг байлдан дагуулж байдаг. Монголын спортод л ийм юм алга Бүр үгүйлэгдээд байгаа юм" гэхчилэн ярилцаж бид хоёр санал бодлоо солилцсон билээ. Тэр сүүлд надтай уулзахдаа "Нээрэн ч тэгж зарлахад өнөөдүүл чинь барилдахаар гарч ирэхдээ сонин царайлах байх шүү" гэж шийдсэн шинжтэй уулзсан. Тэр хэрээр бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлсэн гэж бодож байна. Ингэж гэмээнэ тэрбээр энэ сарын 15-ны өглөө хэвлэлийн бага хурал зарлаж "Би энэ жилийн наадмаар босоо түрүүлнэ" гэдгээ хэлэх ёстой юм. Хэлэхдээ эхэнд хэлсэн (магадгүй түүнээс хойш тооцоо нь өөрчлөгдсөн байх.сурв) тооцоогоо хэлж "С.Мөнхбат аварга маань өнгөрсөн жилийнх шиг дор даваанд уначихгүй бол намайг амлаач гэж би түүнээс гуйна. Бүр олны нүдэн дээр очиж гуйна. Гуйж амлуулж байгаад гуядаж хаяна даа, аваргыг" гэдгээ хэлж наадмын шуугианыг эхлүүлэх ёстой юм, залуу заан маань. Ингэж итгэж найдаж, ирлэж хурцалсан учраас түүний энэ жилийн наадмын давааны тооцоог эхэнд хүргэсэн билээ. Ингэж ам гарсан М.Өсөхөө заан дээр даваанд өвдөг шороодог л дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд л болно биз. Түүнийг шоолох хэн байгаа юм. Ингэж хэлж чадсан эр зориг нь өөрөө Монгол үндэсний бөхийн гайхамшиг юм. Өсөхөөгөөс өөр тэгээд хэн гэдэг аавын хүү ингэж хэлж чадсан юм. Үүгээрээ л үнэ цэнтэй. Түүгээр бахархах ёстой.
Наадмын өмнөх шуугианаараа нэгэнт олны анхаарлын төвд нэвт орсон юм чинь дараагийн алхмаа тэр хийх хэрэгтэй. Зарим бөх шиг Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй юмаа гэхэд ИТХ-д нэр дэвших боломж байна. Гэхдээ тэр ийм юм хийхгүй л дээ. Өөр юм сэдэж олохоо мэдэж байна лээ. Одоо энэ эх орны маань зах зээлд байр сууриа олж, үйлчлүүлэгчтэй болох гэж үзэж тарж байгаа дэлхийн брэндүүд, эсвэл үйлчилгээний газруудын лого эмблемийг далбааныхаа ард хадаж болж байна гэж байгаа. Малгайныхаа хавьд мандуулж болж байна гэсэн. Унасан ч түрүүлсэн ч бай наадмын маргааш өгөх томоохон ярилцлага нь олон түмний анхаарлыг татна гэдгийг бас тэр тооцсон. Нэг хэсэг нь энэ ам бардам нөхөр юу ярихнав, гэж сонирхож уншина харна. Харин нөгөө хэсэг нь түүнийг бахархаж бахдаж уншина. Тэр бүхнээ реклам сурталчилгааны алтан агшин болгоно.
Сонин хэвлэлд бол ярилцлагын голд сурталчилгаа тавьж болно. Телевизээр ярилцлагынхаа дундуур гучин секундийг нь гучин саяар үнэлж болно. Гоё үг хэллэг босгож болж байна. Хамгийн сүүлд манай Ерөнхийлөгчийн ажил хийхгүй гүлдийгээд байх юм гэдгийн “Гүлдийгээд” гэдэг үг моодонд орсон шүү дээ. Түүн шиг Өсөхөөгийн "Босоо түрүүлнэ" гэсэн үг брэнд болж болно. Энэ үгээ эртээ патентжуулаад өөрийн болгох хэрэгтэй. Ийм ийм юмнуудыг л цааш цааш нь олж харах хэрэгтэйг эртээ тэр тооцоолсон байх. Ийм эрчимлэг сэтгэлгээ, эрсдлээс айдаггүй чанар, эдийн засгийн тооцоо, цэлхийн спортын үнэт зүйлсийг энэ залуугаас би харж байна.
Ингэж чадаж гэмээнэ Монголын их спортод биш юмаа гэхэд монгол бөхөд лав их тэсрэлт, их цочрол, хөгжлийн нэгэн шинэ үеийг эхлүүлсэн хэрэг болно гэдэгт эргэлзэх юм алга. Ингэлээ гээд хууль зөрчсөн юм байна уу, нийгмийг үймүүлсэн хандлага байна уу, худал хуурмаг, хулгай зэлгийн үнэр байна уу. Байхгүй байгаа биз. Байхгүй болохоор бай шагнал, бооцооны асуудал босч ирнэ. Амласандаа хүрэхгүй байна гэдэг эр хүний араншин биш гэдгийг монголчууд мэднэ. Ач тач үзэлцээн монгол бөхөд тогтоно. Шударга өрсөлдөөний зарчим тогтоно. Үр дүн нь том бооцоо, том бай шагнал, маш олон үзэгч... энэ л төлөвшил. Цааш Цагаан сарын барилдаан, бусад томоохон барилдаан бүрийн өмнө ийм л шуугиан болж байх ёстой. Энэ эхлэлийг залуу заан М.Өсөхбаяр тавих болой.
Монгол наадам хаяанд ирлээ. Харах бөхтэй, ярих сэдэвтэй сайхан наадмыг монголчууд үзмээр байна. Энэ бүхний сайхан эхлэлийг улсын заан М.Өсөхбаяр тавих буй заа.
П.ХАШЧУЛУУН
Иймэрхүү зүйлс байх нь зөв байхаа, илүү өрсөлдөөнтэй болно