by champion » Mon Jul 23, 2012 11:45 am
Ховдын Пүрэвсайхан гэдэг банди Пүрэвжав харцагын гэдэс рүү шүдээ хавирч байгаад хөлөөрөө жийгээд тийрчихлээ. Тэгтэл Батзориг тэргүүтэй халхайсан нөхөд дайны талбарт ирж байгаа мэт хоёр нүдээ улаанаар эргэлдүүлэн цэнгэлдэхийн ногоон зүлэг рүү гүйлддэг байгаа. Өнөө Пүрэвжавыг чинь нийлж зодох нь л дээ. Өндөр цолтой, өөрөөсөө хамаагүй ах бөхийг тийрч орхисон бандийн зөв байх нь. Ус нутгийн бөхчүүдийнх нь байдлаас харахад шүү дээ.
Ах зах, цолны том, бага нь одоо дүүрч дээ гэхэд монгол бөхөд чинь өрсөлдөгчөө хүндэтгэх тийм нэг жудаг, бичигдээгүй хууль бий юм сан. Өнөөгийн залуучууд ир бярандаа эрдсэн, ямар хүйтэн хахирган болоо вэ. Түүнийг нь том цолтой бөхчүүд, нутаг нугынхан нь ямар их хөөргөддөг болоо вэ.
Өнөө жилийн наадмын хөндөх учиртай гол сэдвийн нэг чинь энэ бус уу. Аймгийн цолтой бөх түрүүлж улсын арслан болсноос илүүтэй томоохон "сюрприз" чинь энэ биш үү. Ховдын нөгөө залуу чинь "Пүрэвжав харцагатай тун сайхан барилдлаа" гээд сэтгүүлчдийн асуултад хээвнэг хариулаад зогсож байх юм. Ёстой нэг аазгай хөдөлгөөд авсан шүү. Эндээс л ерэн нэгэн жилийн ойн наадмын бөхийн сониныг эхлүүлнэ дээ. Өнөө жилийн наадам телевизийн суваг бүхнээр арваад хоногийн турш нялайтал, ард түмнийг залхаатал гарлаа. Гэвч хар хөлс нь цутгасан хэдэн бөхчүүдийн "сайхан барилдлаа, ард түмэндээ баярлалаа" гэсэн жижүүрийн хэдэн үгнээс өөр сонирхол татах юм гарсангүй.
Зүгээр л барилдаанаа давтаад байх юм. Хөшигний цаана ямар найраа хөөрөө хийгдсэн, ам угтуул авахдаа хэн хэн алдаа гаргасан, улсын цолтнуудаас ямар нөхөд маш муу барилдсан, наадмын өмнө бэлтгэл хийгээгүй, сонгуулийн шоунд яваад ялсан болоод ялагдсан нэр дэвшигчтэйгээ наадам хүртэл наргиж "ногоорч" байгаад ирсэн, ямар бөхчүүд ичихгүй нутгийнхаа хүчтэнүүдээр гар амар даваад байсан гээд яривал наадмын эргэн тойронд үгүй ээ мөн олон зүйл яригдана даа. Өнгөрөгч өдрүүдэд хэнбугай ч ам нээсэнгүй. Манайд чинь уул нь баахан бөхийн зүтгэлтэн, судлаач энэ тэр хүмүүс байдаг биз дээ. Харамсалтай нь тэд маань яг л ярих үедээ ганц ч үг ганхийхгүй юм даа. Сайн барилдсан нэгнийхээ тухай олон нийтэд хэлчихгүй юм даа. Бусад үед бол амаа олохгүй магтдаг биз дээ.
Тэгэхээр энэ жил хамгийн сайн барилдсан бөхөөр яалт ч үгүй улсын харцага Л.Пүрэвжавыг нэрлэх байна. Жил жилийн тав, зургаагийн даваанд түрүүлнэ гэсэн бөхийг нухаж байдаг, үнэхээр бөхийн аранга юм аа. Гэвч өөрөө түрүүлэхгүй юм. Анх барилдаж эхлэхээсээ л шуугиан дэгдээсэн. Тэр жил Өсөхөө аваргыг яалаа. Хоёр мянга дөрвөн онд шүү дээ.
Дундговийн Пүрэвжав гэж аймгийн начин цолтой залуу Өсөхөө аваргыг дөрвийн даваанд унагаж амыг нь бариулж байсан түүхтэй. Тухайн үед Өсөхбаяр аварга одоогийнх шиг, тодруулбал энэ жил Сугаржаргал гэж залууд дөрвийн даваанд сөхөрдөг шигээ байгаагүй юм аа. Ёстой нэг ид хав нь гүйцсэн, торгон ирэн дээрээ байсан юм. Өмнөх жилүүдэд нь Гантогтох, Сумъяабазар нарын нэгэн үеийн хүчтэнүүдээ орхин дараалан түрүүлж арслан, аварга хэмээх цолуудыг угсруулан аваад байсан үе л дээ. Тийм байхдаа л өнөө гайхалд чинь тахимаа өгч байлаа шүү дээ. Тэр цагаас бөхийн дэвжээнд Пүрэвжав гэсэн нэр сонсогдож, Наранцацралт сайд Агваансамдангийн Сүхбат аваргыг нутагтаа аваачин "Хур харцага" дэвжээ байгуулсан нь ивээлээ хайрласан юмдаг. Тэрхүү бөхийн арангыг Санжаадамба тавын даваанд амладаг нь ч юув. Өсөх-Ирээдүй юм уу, Завханы Гончигдамба, эс больёо гэхэд Булганы Энхбатыг авчих боломж байсан. Бат-Орших, Содномдорж нарын харцагуудыг амладаггүй юм аа гэхэд.
Хэрвээ Санжаадамба тав давсан бол бөхийн барилдаан бас л сонин болох байсан даа. Бөхийн аранга Пүрэвжав болоод бөхчүүдээ хайрлах сэтгэлгүй Пүрэвсайхан нарын тухайд цухас өгүүлэхэд ийм байна. Нэмээд хэлэхэд, түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа хүчтэнүүд Пүрэвжав харцагаас тойрч ам авахыг сануулъя. Харин Ч.Батзориг заан тэргүүтэй Ховдын бөхчүүд болоод "Аварга" дээд сургуулийн багш Адъяахүү нарт хандаж хэлэхэд наад Пүрэвсайхандаа "Эхлээд унаад сурчих нь зөв гэдгийг зөвлө. Хичнээн өрсөлдөөн, бүтэн жилийн хөдөлмөр ч өрсөлдөгч бөхөө хүндэтгэх ёс жудаг, монгол бөхийнхөө дэвжээг ариун нандин хэмээн хайрлах бодол ухаан суулгах"-ыг эрмэлзээрэй дээ. Улсын цолгүй, төрийн наадамд бараг л анх зодоглоод өрсөлдөгч бөхөө гэдэс рүү нь тийрч байгаа хүн чинь ирэх жил "Чи амлаад байхдаа яадаг юм" гээд тархийг нь хага цохиод цус нөжтэй нь холих нь л дээ.
БӨХИЙН СОНИН ЦААШ ҮРГЭЛЖЛЭХ НЬ
Өнгөрсөн жилийн наадмаар 23 бөх цол авсан байдаг. Начнаас аварга хүртэлх бүхий л цолыг шүү дээ. Тэд хэрхэн барилдсаныг эргээд харъя. Мэдээж арав түрүүлсэн С.Мөнхбат аваргаар эхлэх нь зөв байх. Эрэмбэ дараагаа бодсон ч тэр. Залуу аварга маань гурав давж л аварга цолоо "батлав" шив дээ. Түрүү бөхтэй таарсан юм, аргагүй ээ хэмээн бодох авч аймгийн арсланг дийлдэггүй аварга юм уу даа гэж бас бодож болох. Аль нь ч байсан хамаагүй, аварга Мөнхбат гурав давсан нь үнэн хойно. Үзүүрлэсэн арслан Гун-Аажавын Эрхэмбаяр яалаа. Долоо давсан. Их шөвөгт шалгараад бас л түрүү бөхөд унасан. Тэр нь аймгийн арслан. За дүүрч ямар ч байсан долоо давжээ. Сэлэнгэ аймгаас улсын аварга цолтон төрөөгүй байгаа. Эрхэмбаярт боломж байгаа болов уу гээд түүнийг орхиё. Их шөвөгт шалгарч найм давсан гарьдууд яаж барилдав.
Говь-Алтайн Бат-Эрдэнэ аймгийн арслан Пүрэвсайханд дөрвийн даваанд унасан. Залуу гарьд цолоо Мөнхбат аваргын адил гурав давж баталлаа. Нөгөө нэг гарьд нь Завханы Баяржавхлан. Тав, зургаагийн даваанд ус нутгийнхаа хоёр идэрхэн хүчтэнийг амлаж аваад л буулгачихсан. Үндсэндээ ямар ч барилдаан гаргалгүй, хөлс урсгалгүй зургаа давсан. Гэтэл долоогийн даваанд аймгийн арслан Бүрэнтөгсөд бариа зөрөөн дээр өд шиг хийсдэг байгаа. Өндөөр биетэй бас ч үгүй өндөөр цолтой, наадамчин олон өндөөрт боддог Жавхаа гарьд хоёр, гурав зэрэг дор даваануудыг эс тооцвол ганц барилдаан үзүүлсэн нь Бүрэнтөгсөд гуядуулсан явдал л даа. Сумын заанууд нэгийн даваанд учраа таарсан гурав, дөрөвдүгээр ангийн жаахан амьтдыг ёс болгож тэгж давдаг даа. Бүрэнтөгс бол Баяржавхланг манайхны хэлдгээр ёстой үзээгүй өнгөрсөн. Хоёр хөлийг нь тушчихаад түлхчих шиг л болсон. Түүнийг тийм амархан шороодох байсан юм бол зургаагийн даваанд ир нь орчихсон Жаргалсайхан начинг яах гэж буулгав хэмээн олон түмэн тун дургүй байгаа. Бүр нэг үнэн голоосоо дургүйлхээд байгаа. Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн жил улсын начин цолонд хүрсэн 13 залуугийн нэг.
Тэрээр улсын харцага Д.Батболдоор дөрөв, улсын гарьд Н.Ганбаатараар тав давж начин цолоо баталсан. Завханы Идэрийн Жаргалсайхан начинтай ус нутаг нэг, Завханы Их-Уулын Б.Гончигдамба мөн А.Цацабшир харцагаар тав давж цолоо баталсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн цолтнуудаас Завханы хоёр начин л сайн барилдлаа. Заанууд гэвэл Д.Баасандорж, Ч.Санжаадамба хоёр хоёулаа тавын даваанд, шинэ харцагуудаас Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир нар мөн тавын даваанд дуу дуугаа аваад л унацгаасан билээ. Арвангурван начингийн нэгээс бусад нь зодоглосон доо. Зодоглоогүй үлдсэн нь өнөө допингийн асуудлаар эрхээ хоёр жил хасуулсан Ховдын Цогбаяр шүү дээ. Харцага Алтангэрэлийнхээ хамт хорионд байгаа. Шинэ начингуудаас Архангайн Амарзаяа, Төв аймгийн Батмөнх, Хөвсгөлийн Эрдэнэбат, Өмнөговийн Сумъяа нар гурав давсан. Идэрхэн аймгийн арслангуудыг өвдөглүүлсэн. Бусад нь хоёр даваад л яваад өгсөн буюу. Тухайлбал, Увсын Батсуурь, Говь-Алтайн Багахүү, Баянхонгорын Чулуунбат, Хөвсгөлийн Батмөнх, Өвөрхангайн Сангисүрэн, Өмнөговийн Одбаяр нар хэн хэн нь найраагаар төрж вэ гэдгийг дараа жилийнх нь наадам ингээд л нотлоод өгдөг байхгүй юу.
Одоо улсын цолгүй үлдэх магадлал тун өндөр болоод байгаа зарим нэг бөхийн тухай хэлэхгүй бол болохгүй нь. Тэдний эхэнд Дундговийн Алтангэрэлийн Алтанхуяг бичигдэнэ. Улсын наадамд арваад жил зодоглож байгаа. Хэдэн ч удаа дөрөв давав даа. Мөнгөгүйгээсээ, азгүйгээсээ болоод дандаа л уйлаад буцдаг тэрээр өөрийн хүчээр, бор зүрхээрээ л барилдаж өдий хүрсэн. Гэтэл энэ жилээс амжилт нь эрс буурч юун тавын даваанд тулах нэг даваад уналаа. Түүнийг цолгүй үлдчих нь гэж айхдаа ус нутгийнхан нь Их хурлын гишүүн, "Мон-Уран"-ы Б.Наранхүүд хандсан байдаг. Наранхүү ч ойлгоод түрүү жилийн хавар Баянаа аваргад хандсан байдаг. Хандах хандахдаа зуугаад саяын үнэтэй жийп өгч, Алтанхуягийг начин болгохыг дэмжихийг хүссэн. Баянаа аварга үнэтэй машин өгч, итгэл үзүүлсэнд хашир бөхийн жудаг зааж далан насандаа зодоглосон. Гурвын даваанд Алтанхуягийг амласан. Тэгээд түүнийгээ 1024 бөхөөс эрхбиш тав давна биз дээ гэж хараад сууж байтал тавын даваанд яваад өгсөн. Ингээд л сүүлчийн хунгийн дуу гэдэг шиг Алтанхуягийн цолонд хүрэх магадлал бүрхэгсч эхэлсэн юм. Өмнө нь дөрөв, тавын даваануудад тахимаа өгч байхад наадамч олон, ус нутгийнхан нь "Дараа жилийн наадам байгаа юм чинь" гээд тоодоггүй байлаа. Дараагийн бөх Сүхбаатар аймгийн Шарын Мөнгөнбаатар. Цагаан сарын барилдаанд түрүүлж нэгэнтээ шуугиулсныг хүмүүс мэднэ. Тэр жилээ начин байтугай өндөр цолонд хүрнэ гэж байтал бас л талаар болсон. Түүний хувьд 2003 оноос улсын цолны тааварт яригдсан. Арван жил болж байна шүү дээ. Энэ жил гурав даваад л уналаа. Дээрх хоёроос гадна Говь-Алтайн Суманчулуун, Цэрэнтогтох, Булганы Отгонбаатар, Сэлэнгийн Одгэрэл гээд жил бүр л начны тааварт бичигддэг бөхчүүдийн хувьд дэндүү бүрхэг болж эхэлсэн байна. Жил ирэх тусам тэдний нас яваад дараагийн хэд хэдэн үе гараад ирлээ. Энэ мэт ерэн нэгэн жилийн наадмын бөхийн сониноос яриад байвал ч сонин хачин зүйл их л байна даа.
Н.ГАНТУЛГА