Тэдний анх уулзсан өдөр Мадридад бараг сүүлийн зуун жилд анх удаа тохиолдож буй хамгийн хүйтэн өдөр байв. Түүний амнаас гарч буй амьсгаа нь цасан ширхэг болж байсан гэж Гути бараг тангарагалах нь холгүй байдаг юм.
Нимгэн бээлий өмсөж, бэлтгэлийн хувцсан дотроо атиралдан суусан тэрээр зуны өдрүүдийг мөрөөдөн бодно. Богино ханцуйтай цамц, жимсний шүүсний тухай хэтэрхий гүн бодолд автсандаа болоод хажуудаа хэн нэгэн сууж байгааг эхлээд анзаарсангүй.
- “Ийм цаг агаарт биднийг бэлтгэл хийлгэх болов уу?”
Гути сая л хажуудаа буй хөвгүүнийг анзаарав. [Дунд зэргийн өндөртэй, гулжгардуухан, харваас шинээр ирсэн нь илт]. Тэр хариулт хэлэхээсээ өмнө хэсэг азнаж, шинэ хүнд өөрийгөө харьцуулж бодох цаг өгөв.
“Энэ чинь Мадрид, бид хар шуурга болж байсан ч бэлтгэлээ хийнэ.”
Гути гар сунгахаасаа өмнө цаад санаагаа ийн илэрхийллээ.
- “Гути, хагас хамгаалагч.”
Нөгөө хүү гарыг нь атгангаа, “Раул, довтлогч.”
Гутид тэр эхнээсээ л таалагдав, тэд нэг байрлалын төлөө өрсөлдөхгүй болохоор тэр.
- “Энд чи 2 зүйлийг заавал мэдэж байх шаардлагатай. Нэгт, чиний ч миний ч энд байгаагийн шалтгаан бол ялалт байгуулах явдал. Хоёрт, урд талд байгаа эмблем чинь хойд талд байгаа нэрнээс чинь үргэлж чухал.”
Тэр урьд өмнө Гутигын энэ сургаалийг сонсож байсан хөвгүүд шиг эгдүүцсэн байдалтай харагдсангүй. Харин ч үүний талаар тунгаан бодож байгаа байдал нүүрэнд нь тодров. Харин дараа нь тэр урьд нь хэний ч асууж байгаагүй асуултыг тавилаа.
- “Мадрид чиний хувьд юу вэ?”
Гути бодох ч үгүйгээр шуудхан хариулав, “Бүх зүйл.”
+
Тэд хоорондоо ярилцаж, эцэж унатлаа хийдэг бэлтгэл, багийн хүнд сурталтнуудыг тэсвэрлэн зүтгэж, хамтдаа нэгдүгээр багт орцгооё гэж тохирлоо.
Гути түүнд Мадридисмог, хэзээ ч үл бууж өгөх ухааны талаар сургаж, харин Раул түүнд тэвчээртэй, даруухан байж, дамжуулалтаа төгс болгоход нь тусалж байлаа.
Раул эхлээд нэгдүгээр багт дуудагдав. Оруулж буй гоолуудад нь илэрхий харагдах түүний сод авъяас нь Валданогын анхаарлыг эрхгүй татав. Дөнгөж дараа жил нь Гути дээшээ дэвшиж, залуухан довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн хүсэл биеллээ.
Раул Севиллагын хаалгыг 2 гоолоор мялаав. 2 дахь гоолын дамжуулалтын эзэн нь Гути байлаа. Раул энэ бүхэн бодитой болж буйд итгэхгүй байгаа мэт түүн дээр гүйн ирж чихэнд нь ингэж шивнэлээ, “Үлдсэн амьдралынхаа туршид хамтдаа тоглоцгооё.”
“Магадгүй тэгнэ байх” хэмээн Гути бодлоо...