http://www.mongolnews.mn deer iim medeelel tavij.
[font=Tahoma]Д.Нямхүү алт зүүж, О.Гүндэгмаа YIII байр эзэллээ
Бэлтгэсэн С.БАТБААТАР (2006.12.05)
Арванхоёрдугаар сарын 3-нд Монголын тамирчид жүдо, дугуй, хүндийг өргөлт, шатар, буудлага зэрэг төрөлд өрсөлдлөө.
Энэ өдөр цагаан өмсгөлтнүүд эмэгтэйчүүдийн 63, 70, эрчүүд 81, 90 кг-ын жинд медалийн төлөө хүч үзэхээр татами дээр гарсан юм.
63 кг-ын жинд зодоглосон Түмэн-Одын Баттөгс эхний тойрогт Узбекийн И.Абдурахмановаг хожиж, хоёрдугаар тойрогтоо Японы бөх Афины олимпийн аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга Аюүми Танимотод 0.53 секундэд цэвэр ялагдсан байна. Тэрбээр дагах барилдаанд Хонконгийн Чүн Вэй-г цэвэр, Туркменистаны Г.Хаяитбаеваг вазари үнэлгээгээр ялсан юм. Шийдвэрлэх даваа буюу хүрэл медалийн төлөө тулаанд Баттөгс маань БНАСАУ-ын Вон Ок Им-д юкогоор ялагдсанаар медалийн оосроос бариад алдав. Сүүлчийн барилдааныг эс тооцвол Баттөгс маань сайн барилдсаныг тэмдэглэх хэрэгтэй болов уу.
70 кг-ын жинд Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа Тайваний Лю Ши Юнтэй таван минут барилдаж, нэг юко авсан ч вазари үнэлгээ алдсанаар барилдаанаа дуусгалаа. Түүнийг ялсан бөх дараагийн даваанд БНСУ-ын бөхөд ялагдсан байна.
81 кг-ын жинд зодоглосон Азийн аварга, ОУХМ Дамдинсүрэнгийн Нямхүү урамтай сайхан барилдаан үзүүлж, энэ наадмын аваргын алтан медалиар энгэрээ мялаав. Түүний хэсэгт энэ жингийн хамаг шилдэг бөхчүүд орсон ч тэр учраа бүрээ давсаар ийн аваргын алдарт хүрсэн юм. Тэрбээр эхний тойрогт Палестиний Халаби Ияадыг 2.04 минутад цэвэр ялснаар гараагаа сайхан эхэлсэн. Дараа нь Японы Оно Такашитай барилдаж, тус бүр нэг кока, юко үнэлгээ авч ялаад, хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын Гуо Лей-гээс иппоноос бусад буюу кока, юко, вазари үнэлгээнүүдийг дараалан авч, илт илүүрхэн буулгаж авснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.
Түүнтэй аварга цол, алтан медаль булаацалдах тамирчин нь Казахстаны Алмаз Атаев байв. Нямхүү маань түүнийг юко үнэлгээгээр ялснаар Монголын жүдочдын Азийн наадмаас авсан алтан медалийн тоог гурав болгов. Манай тамирчдын одоогоор аваад байгаа гурван медаль гурвуулаа жүдогийнх бөгөөд дахиад ч “юм дуулгах” найдвар бий.
90 кг-ын жинд барилдсан Батбаярын Ариун-Эрдэнэ эхний тойрогтоо Ираны Хосейнд цэвэр ялагдсан ч дараагийн тойрогтоо Энэтхэгийн А.Кумарыг буулгаж авсан юм. Гуравдугаар тойрогт Японы бөх Хироши Изүмид ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Түүнийг ялсан Иран, Японы бөхчүүд хоёулаа Казахстаны Максим Раковт ялагдсан байна.
Медальт бөхчүүд:
Эм 63 кг
1. Ху Юү Хуа БНХАУ
2. Кон Жаюнг БНСУ
3. Аюүми Танимото Япон
Вон Ок Им БНАСАУ
Эм 70 кг
1. У.Масаэ Япон
2. Бай Юнхуй БНСУ
3. Кин Донгуа БНХАУ
Лю Ши Юн
Эр 81 кг
1. Д.Нямхүү Монгол
2. А.Атаев Казахстан
3. Оно Такаши Япон
Гуа Лей БНХАУ
Эр 90 кг
1. Хван Хи Тай БНСУ
2. М.Раков Казахстан
3. Р.Саидов Узбекистан
Изүми Хироши Япон
Энэ өдөр манай буудлагын гол найдварууд болох гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа, ОУХМ Цогбадрахын Мөнхзул нар эхний төрөлдөө цэц мэргээ сорив. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метр бол манай гавьяатын гаршсан төрлүүдийн нэг. Харамсалтай нь тэрбээр тааруухан амжилт үзүүлж урьдчилсан буудлагад 381 онож, YI байраар шигшээд шалгаран, шигшээ буудлагад 96.6 оноо авснаар 60 тамирчнаас YIII байрт шалгарлаа. Шигшээд ямагт маш сайн бууддаг Гүндэгмаагийн эерэг уламжлал энэ удаад тасалдсан байна.
Харин Мөнхзул эхлээд 385 онож, IY байраар шигшээд шалгарч. Шигшээд 99.3 буудаж, нийлбэр дүнгээр Y байр эзэлжээ.
Мөнхзулын хувьд медалийн тавцанд гишгэхэд ердөө 0.3 оноо дутсан байна.
Энэ төрөлд Хятадын Тао Луна тэргүүлж, нутаг нэгт Гуа Вэнжун нь мөнгөн медаль, БНСУ-ын Ким Бюн Хи хүрэл зүүсэн байна.
Гэхдээ хоёр тамирчны маань өрсөлдөх төрөл үүгээр дуусаагүй болохоор тэднээс бас “юм хүлээж” болно гэсэн үг.
Эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрт өрсөлдсөн ОУХМ Лхагваагийн Ундралбат 568 оноо авч 55 тамирчнаас 26-д шалгарсан бол 50 метрийн урт бууны хэвтээгээс буудах дасгалд Сайн-Эрийн Баяр 28, Олзодын Энхсайхан 29, Цэдэвдоржийн Мөнх-Эрдэнэ 35 дугаар байр эзэлсэн байна.
Дээрх дасгалд өрсөлдсөн манай эмэгтэйчүүдээс Зоригтын Батхуяг 579 оноогоор 40 тамирчнаас 17-д, Чулуунбадрахын Нарантуяа 30-д, Дамдинсүрэнгийн Лхамсүрэн 33-д жагсчээ.
Хүндийг өргөлтийн 58 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Намхайдоржийн Баярмаа маань огцмоор 86, түлхэлтээр 111 кг-ыг өргөж, хоёр өргөлтийн нийлбэрээр Y байр эзлэв. Манай тамирчны хувьд жин нэлээд хассан нь тааруухан нөлөөлөв бололтой. Энэ жинд алтан медаль хүртсэн БНХАУ-ын тамирчин Чен Ян Жин огцом (111 кг), түлхэлт (140 кг), хоёр өргөлтийн нийлбэр (251 кг) гэсэн гурван үзүүлэлтээр гурвууланд нь дэлхийн дээд амжилт тогтоолоо.
Дугуйн бөөн гараатай 156.4 км-ийн зайд уралдсан манай хоёр тамирчнаас гавьяат тамирчин Жамсрангийн Өлзий-Орших аргагүй л ясны тамирчин гэдгээ харуулж 48 дугуйчин гараанд гарсан уралдаанд IY байр эзлэв. Өдгөө 39 настай гавьяат маань одоо хоёр ч төрөлд хурдлах бөгөөд тэдгээрээс даагаа нэхэж, медаль хүртэх төлөвлөгөөтэй байгаагаа манай сурвалжлагчид ярьсан байна.
Бусад тэмцээн уралдааны талаарх мэдээллийг манай маргаашийн дугаараас уншаарай.
[/font]