by Фүүтгоол » Thu Dec 17, 2009 11:44 pm
Миний мэдэх хурдан хүлгийн уяа
Үргэлжлэл
Хаана хүрч дуусах нь мэдэгдэхгүй, хязгааргүй үргэлжлэх мэт сэтгэгдэл төрүүлэх тал
хөндий, ижилхэн бор толгод дэрлэн хөвөрсөн, нүдний үзүүр алдрах алсад мяралзан
үелзэх зэрэглээ нь нэг үе хязгааргүй хөх цэнхэр далай эс бөгөөс гайхамшигт
үлгэрийн том хот ч юм шиг янз янз болж харагдах хөдөө нутгийг шороон замаар
нэгэн япон автомашин чийг авалгүй удаад үлээхэд л үргэж алга болоход бэлэн
хуурай шороог ёстой л тэнгэрт тултал хуйлруулан тоос татуулж, хурд мэдэн давхиж
явна.
Машины жолоог атгаж яваа нэгэн гуч гаруй насны залуу үе үе хажуугийн толиндоо
хүчит салхинд хийссэн хуй мэт дэгдэн үлдээх тоосоо харж “Дэлхийн цөлжилтөнд
миний оруулж буй хувь нэмэр” гэж тэнгэрийнгазрийн дайдын юманд санаа зовних ч
юм уу, эсвэл хамт яваа гэрийнхэнийхээ уйдааг гаргаж нойрыг сэргээн дуу аялах,
үгэн зугаа гаргах зэргээр зам хорооно.Энэ бол өнгөрсөн зун ойрын арав шахам жил
очиж чадаагүй хүүхэд насны дурсамж цөглөсөн хөдөө нутгаа зорьж яваа миний бие.
Хотоос гарч 6 цаг орчим давхисаар, хүний нутагт хэдэн малынхаа аяыг даган отор
нүүдэл хийж яваа нагацынхаа хүүгийнд очвоо...
Эндээ хоноглоод маргааш нь бид хамтдаа нутгаа зорьж тэндхийн овооны наадамд
уясан морьдоо уралдуулж, хийморь цогоо сэргээхээр урьдчилан тохирсон байлаа.
Сэнгэнсэн сайхан айраг ууж, бас ганц нэг шилний бөглөө мулталж, ёстой л шавайгаа
ханатал хууч хөөрч хонов. Нагацын хүү гээд байгаа нь энэхүү өгүүлэмжийн эхэнд
дурдсанчлан намайг уяаны шон дээр нойрмоглож зогсоход, дөнгөж морь унаж сурах
чамаа аядаал, шомбоогоо унжуулаад гүйж явсан бацаан/хөдөөний хүүхдүүд зун
голдуу л нүцгэн тууж явна шүү дээ/, одоо бол өсч том болж өрх тусгаарлан, авгай
хүүхэдтэй болсон, хэдэн гэрийнхээ адууг оторлож яваа том эр.
Өглөө эртлэн адуугаа авчирч унагануудаа уясан боловч уяж буй морьдыгоо барьж
уяхыг төдий л төвдсөнгүй. Олон наадамд уралдаад онгойчихсон давхар уяаны морьд
хүнээр бол ид ачааллаа аваад сэргэлтийн бэлтгэлдээ гарсан болохоор нь тэгэсгээд
аажуухан барилхынмуу гэж асуувал –Тиймэн ч тиймээ, гэхдээ л урьдынх шиг өглөө
эртлэн барьж, аль болох орой тавиад байхад л цүндийтэл идчихээд байдаг үе
байхгүй болсоон. Энэ газар дэлхийгээс гардаг ургадаг зүйл чинь өөр болсон. Ер нь
таны мэддэг морины уяа шал өөр болсоон. Аль болох идэж л байг. Ингэсгээд уялая
гээд дүү хүү инээвхийлнэ. Тэгэж байтал бүүр хачин юм болов. Билчээр лүү гарч яваа
адуунаас хэдэн адуу тасран гэрийн гадаа ирж, хүний гар харан царайчлангуй
зогсоцгоов. Уяж буй морьд нь гэнэ. Нэмэлт хоол болох хорголжин овъёосоо нэхэж
байгаа нь тэр аж. Халуун зун ч хүйтэн өвөл ч тэжээж л байхгүй бол тамир суухаа
байсаан. Газрын юм шал өөр болсон гэж түрүү танд хэлээ биз дээ гэж дүү
тайлбарлана. Уа чааваас гэж, яачихсан хангай дэлхий , яачихсан Монгол заяа вэ.
Миний мэдэх дүр зүс нь сэтгэлд мөнхрөн үлдсэн, өнөө бол үс яс нь ч хаа байгааг үл
мэдэх байхгүй болсон тэр сайхан аргамаг ажнайнууд луу минь хятад түмпэнтэй
хангай газрын хорголжин тэжээл бариад ойртоод үзэл дээ. Зад тонгорч хангинтал
үүрсчхээд их талынхаа зүг давхиж одох байсан бизээ. Нүдэнд нулимс бүрхэж,
сэтгэлд гуниг хурна.
Хөрст газраасаа бус хүний гараас хооллосон хэдийгээ барьж уялаа. Манай дүү
–Хүүе эхнэр нөгөө зүү, бишээ бүдүүн нь гээд л нэг дуслын шилтэй тариа бариад
хийчлээ. Хэн нэг хүн өвдөж зовоод эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болсон бус
гэнэ. Харин морьддоо натри хлор витамин энэ тэр тарих юм гэнээ. Уяж буй хурдан
хүлэг судас руугаа дуслын зүү шаалгачхаад хээв нэг зогсож байхыг харах бас л
сонин. Миний мэдэх үүрсээ нь чихэнд хоногшиж, төвөргөө нь сэтгэлд нүргэлсэн
нүдэнд нь хийморь цог бадарсан аргамагууд руу минь шилтэй ус, шивэх зүү бариад
дөхөөд үзэл дээ, 10уул 20иолаа нийлж, 4 хөлийг нь хүлж, уруулийг нь цоровдож,
чихдэж дарж байж л санасандаа хүрэх байх даа. Хааччихсан хуртай тэнгэр,
Хааччихсан Монгол зун бэ. За за шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, орчин
үетэйгээ хөл нийлэн алхаж, орон ахуйн өөрчлөлттэй зохицуулж буй нь энэ гэж
тайвширхаас...
Дурсамж хөврөнө. Намайг багад нэгэн өвөл нагац маань манай эмээгийн ахын
хүү болох нутаг усандаа нэртэй уяач ахаас /одоо бурханы оронд буй/ нэгэн удам
сайт үрээ худалдаж авав. Угшил гарал нь Улсын наадамын морины цуваанд түрүүлж
ирсэн хугацаа нь цаг минут секундтэйгээ тэмдэглэгдсэн цорын ганц адуу болох агуу
хурдан хүрэн азарганы угсаа гэнэ. Хол газраас зорьж их л явдал чирэгдэл болж
авчирсан юм байх тэд. Ахд ч тэр үедээ чангахан үнээр өгсөн. Хожим өвөөг тэр хүрэн
үрээ мундаг уурлуулахад - Энэ муу шир яг давхиж харагдаач /орчин үеийн хэллэгт
хөрвүүлэв/ Муу сайн юмнууд /үрээг зарсан ахдүүгээ хэлж байгаам/ сайндаа ч биш
адсага шиг ааштай болохоор нь далдруулсан юм гэж байж билээ. Тэр үрээ үнэхээр
муухай ааштай, хожим гайгүй давхидлаа өвөөг мөн ч их уурлуулж , ахыг ч гэсэн их
зовоосон. Азарга тавитал адуундаа явдаг морьдыг нэг нүдээр ч үзэхгүй бүгдийг нь
тастаж хөөнө. Заримыг нь барьж урж тасдана. Ямартаа л нүдээ боолгуулж, цохон
дээрээ үхрийн шагай зүүлгэж байхав. Ах түүнийг 4 жил уяад давхиулж чадсангүй,
Юун наадамд сайн давхих урт богинийн сунгаанд хүртэл сүүл мушгиж нөгөө үнэтэй
авсан эзэн, удам сайт үрээ хоёр олны доог болно. Тэгэхдээ ах шантраагүй , уйгагүй
ноцолдсоор байсан. Би хожим том болоод эргээд бодхоор ах хүрэн азарга хоёр бие
биеээ их олон зүйлд сургасан байхаа гэж. Хавчиг 7 насанд нь их хүрэнг/бид тэгэж
нэрэлдэг байв/ нэгэн сумын наадамд давхиулав. Дунд хавьцаа л ирсэн байх. Бид ч
нээх тоосонгүй тэгж л байдгийм гээд. Гэтэл мотцихлтой азарга тоссон ах нэг л биш
ээ. Хүрнийгээ эргэж тойрч харан нүд нь нэг л ер бусын гялалзаж, ийнхүү хүүрнэнэ.
–Азарга тосоод очтол хүрэн сүүл хавь нааж явна гэнэ. Газрын дунд орчим
байх.Харсан чинь хүүхэд нь нэг л дараад байх шиг .Наадхаа явуул гээд тавиулсан
чинь л гайхамшиг болсын байхаа. Үнэхээр гайхалтай ахиж үнэн гоё харайж байсан
гэнэ.Дундуур ирсэн яаж барианд эрчтэй орж байсныг нь гэж байна. Мань мэт нь
түрүүлж айрагдсан азаргуудыг дагаж хошуураад хүрнийг бараг барианд орохыг ч
анзаараагүй тул юугаа хэлхэв. Ахын нүдэнд ер бусын итгэл, хүрэнгээ тоосон их
итгэл, өөртөө итгэж эхэлсэн бардамнал зэрэг байсныг тэрхэн хурамд хэн ч
анзаараагүй бизээ...
Түүний дараа жил буюу их хүрэнг 8 д нийлсэн жил бол миний санаанаас хэзээ ч
гардаггүй юм. Их хүрэн анх авснаасаа хойш сайхан хувирч өөрчлөгдсөн байлаа.
Манай адуу бол ерөнхийдөө нь тийм чонондуу төрх хийцтэй, уртавтар, шулуундуу
хэлбэр, омголон сортоотой хурц зантай . Харин хүрэн бол тэс өөр. Том товир бие,
амгаландуу ч юм чиг төрх, арсландуу хийц, залгаасууд, 4 мөч бүдүүн, матаас,
бөгтрөг их. Дөлгөөн юм уу гэхээр нэг л зуунги шазруун, харгисдуу. Нээх сонин шав
шар нүдтэй, харц нь алсыг бараалхуу. Онцгой онцгой. Гараа хурц биш холд зүтгэж,
суулт багатай бяралхуу давхина. Толгойдоо их хориг, дургүй нь хүрвэл хэдэн цаг нь
хамаагүй сэгсэрээс ойртуулахгүй, харц нь алс тийш гөлийгөөд оосорлуулахгүй
хэнэггүй зогсоно. Их гоё элэгэн хүрэн зүстэй, хожим уяа нь буруудсан юм уу,
жаахан гандмалдуу болсон. Тэр том хүдэр биенээс гарамгүй жингэнэсэн тасалдсан
дуугаар янцгаана.
Бараг л сунгаа , наадамаас бусад үед ажил хийхэд ах л унана. Энгийн үед энэ
тэндэээс нь маажиж малтаж, зүлгэж сойтогдож, ар өвөрт нь гаргахад мань мэтийг
байна гэж тоохгүй хонины мориос ч номхон , үүрэглэж зогсоно. Гэхдээ л зэвүүн
унахад их эвгүй эвгүй.Би л лав их айдаг байсан хааяа мордох болвол. Яаж ч
мэднэ.Нэг удаа таралхад дээр гарсан ахын хүүг 6 настай байхад нь нээх сайхан
эргэнгүүтээ гэнэтхэн булгиж шидээд эгэмийг нь гэмтээсэн удаатай. Тэрэн дээр тийм
жаахан амьтныг тавьдаг мөн ч **н** зориг шүү одоо бодохоор. Дургүйг нь хүргэж
байгаад /гүүг нь булаалдах мэтээр/ бариулсан морийг бол яг л махчин араатан шиг
хэмлэнэ. Аймаар аймаар.
За тэгээд тэр жил тэр аймаар амьтантай чинь дөнгөж 6 р анги төгсөөд байсан би
ахтайгаа нийлэн зунжин ноцолдлоо, уях гэж. Ахын санаа янз янз. Нэг удаа уяаны
морьдоо адуунд нь тавьж, услаад билчээж, би ч өдрийн ажилдаа ядарчихсан, ашгүй
харьж унтах нь гэж байтал гэнэт ах их хүрэнг уяж хонохоор шийдэн барихаар болов.
Ах их хүрэнг уураглаад би оосорлох болов. Нөгөөх чинь ааш нь хөдөлчихлөө.
Хазаарлуулдаггүй. Харуй бүрий болж, их тал чимээ алдран нойрсохдоо бэлдэн,
арван хэдхэн настай турьхан хүүгийн толгой дээр холдож яваа ижлийнхээ хойноос
тэмүүлэн уурлан уухичах тэр аварга амьтны толгой мангасынх шиг л аймшигтай.
Хөндийн дэрс, хөөрхий миний хөл зэргийг 4 туурай нь хайр найргүй гишиглэнэ.
Хазаар, уурганы хуйв 2 т шудруулсаар байгаад хоёр гар нил уранхай, цус. Яа тэхэд
ч тэр үдэш хэзээ ч дуусахгүй мэт санагдаж байж билээ...
Их сунгаа болоход би явж чадсангүй, наадамд явах эрх авсан тул. Орондоо наадмаар
гэр сахиж , хонь хариулахаар тодорсон азгүйчүүдээс/хүүхдүүд/ явуулж тэдэнд их
сунгаа үзүүлэв. Хөөрхийс нүдийг нь хуурч байгааг мэдэхгүй их гайхуулж байнаа.
Явмаар санагдсан би дотроо ийнхүү атаархаж зогсном тэр цагт.
Их сунгаанаас ах шиг баяртай ирсэн хүн энэ дэлхий дээр тэр үед байхгүй мэт надад
санагдана. Их хүрэн сунгаанд маш сайн давхиж , нөгөө өөрийг нь зарсан ахын айраг
түрүү алдаж үзээгүй алдартай сарман ухаа азаргыг бараг л дийлж түрүүлэх шахсийм
байхаа...
Тэр жил зэргэлдээ сумын том ой болж газар газрын хурдан хүлгүүд хүрэлцэн ирэв.
Наадмын өглөө... Энэ гайхамшигтай өглөөн тухай дараа жич өгүүлнэ.
Азарга мордлоо. Уралдаагүй байгаа морьдоо барилах, услах гээд ажил ихтэй би
азарга ирэхэд арай л оройтов. Барианы зурхайн дагуу зээглэн байгаа наадамчид руу
морины хар гүйхээр давхиулав. Уг сумын морины барианы газарын тэр хавь нь миний
яаран сандран очиж яваа газраас илхэн. Очиж амжаагүй байхад орох нь дээ. Байз
эхний тасархай яваа 5 азарганд манай хүрэн гол хавьд нь байна уу даа. Манай
дүүгийн цэнхэр торгон цамц яг мөн дөө. Тэр үед миний царай зүс ямар болцсон нааж
явсан бол.
Яг бариан дээр хүмүүс бөөгнөрөөд юу болсон нь хараахан хүрч завдаагүй надад
харагдсангүй. Дотроо мөн байсан, ямар ч байсан айрагтай гэж шивнэнэ. Хурсан
олноос их хүрэнгээ хайсаар олж очив. Их хүрэн дээр хамаг амьтан шавсан байдал,
хүлэгийхээ хөлсийг хусан буй ахыг гэрэл, баяр ойсон хүрэн царай, алтан тууртын
минь магнайд намирах шинэхэн хадаг... бүх зүйл ойлгомтой байсан ч хөөрч сандарсан
би ахаас – Мөн үү, Орсон уу л гэж асуух сэхээ байв. Ах өөдөөс хальтхан эгцэлж
хараад –Мөн, орсоон гэв. Хоёр нүдний нулимс зад садлаа... Уйл даа уйл, балчирхан
хүү минь, тиймээ та хэд, чи үүнийг чадлаа, чи минь хангалттай зовсон, одоо бяцхан
зүрхээ баярлуул баярлуул гэж өнөөдрийн өндөрлөгөөс харах би хажууд чинь байсан
бол хэлэхсэн.
Тоос хүрээгүй магнайтай торгон цэнхэр хадаг зүүсэн, хамрын самсаа нь яг л
бүрээний ирмэг мэт сарталзан, хамаг биеийх нь судас гүрэлзэн, булчин нь зангиран
тэвхийсэн, хөлсөндөө норсон бие нь дээшилж буй нарны туяанд гялбан гялтагнах
хүрэн ажнай минь ямар гоё харагднам тэр үед. Хүүе сар гаруй уулзаагүй ээж аав
хоёр аймгийн төвөөс ирцсэн байна. Санаад байсан чинь одоо бол нээх сонин биш
байна. Уйлж байсан би инээж байна. Нар тоссон тэр наадам дээр над шиг жаргалтай
хүүхэд лав байгаагүй байхаа.
Тэр орой манай майхан айлчин гийчингээр тасраагүй билээ. Өө нөгөө хүрэнд
уурласан үедээ зарж үрж, засааг нь суга татна, алж иднэ гээд байсан ууртай өвөө
чинь жаахан халцан, халзан толгой гялалзуулаад гол дүрд тоглож байна гээч. –
Миний хүү чинь энэ хүрнийг арав гаруй хоног уяж хонож хөлс авсан. Заримдаа бүүр
дараалуулж 2 хоног уяж хоноод хөлсөлж байсан. Би ч чи наадхаа алахнуу л гэж
загнаж байлаа. Ээдээ мөн ч хатуу уяатай адуу юм даа. Миний хүүгийн ч гарт хүрний
уяа оржээ хэмээн өгүүлэх. Энэ бол хүлгээрээ, хүүгээрээ бахархсан эгэл жирийн
малчин өвгөний омгорхол баяр хөөр байлаа. Сарман азарга нь манай хүрэнд дийлдэж
аман хүзүүдсэн хамаатны ах өвгөн - Ер нь тэднийхний адуу дээшээ нийлхээрээ
хурдалдаг тал бий шүү, манай азарга ч уг нь хуучин бариаруугаа жаахан зүтгээд
байсан тал /тэр сумынхан барианы газраа шинэчлэн ойролцоо газар буурь сэлгэсэн
байв/ бий, уг нь ч ... гэсэн үг хавчуулж олон түрүү амсаж, наадам үзэж дов тайлсан
хүний дүрээр догь суух.
Ах хэдийгээр суманд өмнө нь айраг хэд хэд авч байсан ч энэ нь анхны түрүү нь
байлаа.
Тиймээ миний ах суманд л морь уяж байсан, улсад ирж уралдах нь байтугай аймагт
ч тоотойхон очсон. Гэхдээ л миний хувьд ах минь ямар ч улс аймагын манлай, тод
уяачаас илүү. Таныхаа дэргэд л хүн адгуус хоёр ийм нэгэн гайхамшигт шижмээр
холбогдохын жаргал зовлонг туулж, хатуужиж хэрсүүжин хат сууж, уйлж дуулан
уяхан болж өссөн би л ингэж хэлэхгүй бол өөр хэн хэлэхэв.
Ингэж л ах хүрэнгээ хүлэг болгож, хүрэн ахыг уяач болгосон юм даа.
Одоо нутгийнхаа аль нэгэн овоон дээр толгой яс нь тавиатай байгаа байх даа хүрний
минь. Өөр чамаас юу үлдсэн бол, хусууранд шингэсэн хөлсний чинь үнэр бий болов
уу, сэтгэлд бол сэнхийнэ шүү дээ. Айрагдаж түрүүлж авсан хэдэн медал чинь
эзэндээ тэр л жилүүдийн наадмын тоос, хүүхдийн гийнгоо, хүлгийн үүрсээг
санагалзуулан, нүдэнд нь нууцхан нулимс хуруулж гэрийн хойморт залаатай байгаа
байх даа.
Он цагийн эргэлтэнд элэгдэж гандаж яваа хүрэн бор ах минь, загнаж зандруулж,
тунирхаж гомдож явсан үе бий ч, тандаа дүү нь хайртай шүү.
Хүний мөсөөр сайн Хүрэн бор ахындаа Дүү нь очиж явнаа.
Үргэлжлэл бий
Last edited by
Фүүтгоол on Wed Dec 30, 2009 7:09 pm, edited 1 time in total.
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ