Түрүү жил улирлын өмнө ингэж бичиж байжээ.
Яахуу, НБА дээр гарсан preview харьцуулаад, өөрийн саналаа нэмээд...
Уншсан чинь сонирхолтой л байна.
Кливленд Кавальерс – Улирлын өмнө- Кливленд “Дорнод” бүсийн гол фаворит боллоо.
Энэ үгийг олон хүн 8 сарын 13-нд Мо Уилльямсыг 3 баг оролцсон нүсэр солилцоогоор Кавальерст очсоны дараа хэлж байлаа.
2 улирлын өмнө ЛеБрон Жеймс плей-оффт гайхамшгийг бүтээж, Пистонсыг ганцаараа дийлэн, анхныхаа шигшээ тоглолтонд үлдсэн. ЛеБроныг Детройт яаж ч чадаагүй бол ЛеБрон шигшээ тоглолтонд Спэрсийн эсрэг юу ч хийж чадаагүй. ЛеБроноос өөр хөзөр байгаагүй, түүнээс өөр багаа хөдөлгөх хүч байгаагүй тул Кавальерс ч Спэрст 0:4-өөр хялбархаан хожигдсон.
Харин Мо Уилльямс энд ирснээр шууд л багийнхаа 2 дахь том хөзөр, 2 дахь хөдөлгөх хүч нь болж байна. Өнгөрсөн улиралд Уиллямс Милоукид нэг тоглолтонд дунджаар 17.2 оноо авч, 6.3 оновчтой дамжуулалт өгч байв. Кавальерс шинэ холбогчдоо ирэх 5 жилд 43 сая доллар төлнө. Тэр тийм ч мундаг плеймейкр, найруулагч биш. Гэхдээ түүний эхлээд “шидэх” бодол нь Кавальерст хэрэг болно. Өмнө нь энэ багийн довтолгоог ЛеБрон л хийдэг, ганц сонголт нь ЛеБрон л байсан бол одоо арай өөр болж байна. Мөн Уилльямс багтаа хурдан довтолгоо хийх боломж гаргаж өгч чадна. Хурдан довтолгоо хийхдээ тэд маш муу байсан (заримдаа ЛеБрон ганцаараа 3-4 хүний эсрэг дайрдгийг лав хурдан довтолгоо гэхгүй).
Кавальерс сайн хамгаалалттай баг гэдгийг бүгд мэддэг. Гэвч тэдэнд сайн хамгаалалт шиг сайн довтолгоо байхгүй, лигийн жинхэнэ элит багууд шиг багийн бүрэлдэхүүн, тоглолт гэх мэт нь тийм ч сайн баланстай биш. Зидраунас Илгаускас маш сайн тоглож, эсвэл Даниэль Гибсон холын зайн олон шидэлтээ амжилттай болгосон үед л тэд сайн довтолгоотой харагдаж болох. Гэхдээ ийм сайхан явдал байнга тохиолдоод байхгүй. Ерөнхий менежер Дэнни Ферри үүнийг мэдэж байсан, ийм учраас Уилльямсыг багтаа элсүүлсэн.
“Мо бол жирийн нэгэн холбон тоглогч биш, түүнээс хол давсан холбогч. Тэр бидэнд олон оноо, олон талын авьяасаараа тусална. Түүний ур чадвар багийг өндөр түвшинд хүргэж, самбар дор болон 3 онооны шугамын хавиар сул шидэх орон зайг хангалттай гаргаж өгнө” – гэж Дэнни Ферри хэлж байна.
“Бидэнд тэр тусалж чадна. Би Мог маш сайн холбон тоглогч гэж боддог” хэмээн ЛеБрон хэлсэн байна. Бүгд л Мод итгэж байна. Мо хэдийгээр сайн тоглогч ч гэсэн Вашингтонд байсан сүүлийн улиралдаа Карон Батлераас илүү сайн тоглож байсан Ларри Хьюз энэ багт ирээд юу ч хийж чадаагүйг бас санах хэрэгтэй.
Мөн ЛеБрон “Уилльямс өөртөө болон бусад тоглогч нарт боломж гаргаж өгдөг. Би үүнийг “A” гэж дүгнэнэ” гэж. Гэхдээ Уилльямсаас “А” дүнтэй тоглолтууд үргэлж гараад байдаг бас биш. Мөн тэр өнгөрсөн 3 улиралд 54 тоглолт өнжсөн. Үүн шигээ улирал бүрд дунджаар 1 сар гэмтлээс болж тоглохгүй байвал, тэр өнжсөн 1 сард нь Кавальерсийн довтолгоо өмнөх шигээ л сайнгүй хэвээрээ байх болно. Мо Уилльямс харин хамгаалалтанд тийм ч сайн тоглодог биш. Гэхдээ Кливленд лигийг самбараас бөмбөг авалтын зөрүүгээр тэргүүлсэн, дунджаар 5.2 блок шотоороо 7-р байранд орсон, хэрэв 3-ын шугамын орчимд хамгаалж байгаа жижигчүүл нь алдаа гаргаад довтолж байгаа тоглогчийг алдсан тохиолдолд тэр алдааг нь Илгаускас, Бен Уоллес, Андерсон Варежао нар засахад бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл хамгаалалтын ерөнхий суурь нь сайн тул Мо Уилльямсаас болоод хамгаалалт муудна гэж байхгүй. Уилльямс ерөөсөө тэдний довтолгоог сайжруулах гэж л ирсэн.
Делонте Уэсттэй Кавальерс дахин гэрээ хийсэн, тэгэхээр тэр хэрэгтэй л байсан байх. Тэр Уилльямсын заменаар, эсвэл түүнтэй хамт гараанд тоглоно. Мөн Даниель Гибсон нөөцийн суудлаас тоглолтонд оролцож, гал гаргахад бэлэн байдаг.
Уолли Щербиак энэ улиралд багийнхаа чухал нэг хэсэг нь байна байх. Энэ улирал Уоллигийн 6 жилийн гэрээнийх нь сүүлийн жил тул хичээх нь гарцаагүй. Түүний дуусч байгаа гэрээ нь Кавальерсийн шигшээд хүрэх алхамд хэрэг болох нэгэн нөхцөл байх ч юм бил үү. Драфтын өмнөхөн Щербиакыг Винс Картераар солих санал Нью Жерсид тавьж байсан нь ч хуучраагүй л байна.
Бен Уоллес мангас байхаа хэдийн больсон, өнгөрсөн улиралд ердөө 8.4 самбар, 1.6 блок гэсэн статистик үзүүлсэн ч тэрээр ирэх 2 улиралд 28 сая долларыг Кливлендээс авна. Ер нь “Биг Бен”-д ямар нэгэн багт хэрэг болох юм үлдсэн үү? Гарааны тоглогч биш байх нь түүнд таалагдахгүй байгаа. Чикагод байхдаа заримдаа багийнхаа зарим нэгэн дүрэм журмыг (тухайлбал толгойндоо кисст зүүхийг хориглосон багийнхаа шийдвэрийг албаар биелүүлэхгүй байх зэрэг) зөрчиж байсан. Иймэрхүү үйлдлээ энд давтвал багийн уур амьсгалд сөрөг нөлөөтэй.
Бараг хурд гээд байх юм байхгүй ч Илгаускас харин Бенээс өөр шүү. Тэр сүүлийн 5 улирал дараалан айлын самбараас бөмбөг авалтаараа лигт эхний 10-т байсаар ирсэн. Аварга том бие нь энэ улиралд ч гэсэн хэрэг болох нь эргэлзээгүй.
Ер нь Кливленд нэг тоглолтонд авдаг довтолгооны самбараар лигийг тэргүүлж, түүнийхээ ачаар сүүлийн 2 жил бусад багаас хамгийн их буюу 15.2 second chance point авч байсан.
За тэгээд мэдээж энэ бүх зүйл ЛеБроныг тойрон эргэлдэж байна. ЛеБрон, ЛеБрон, ЛеБрон. Түүнгүй бол энэ баг юу ч биш. ЛеБроны бүтээх ид шидэд Денни Ферри найдаж л байгаа. Тэр бол MVP-ын гол нэр дэвшигч, лигийн хамгийн хамгийн . . . нь. Шилдэг нь гэвэл Кобигийн фэнүүд уурлах байх, тийм болохоор цэг тавиад л орхиё. Үнэхээр түүнд Мо Уилльямс тусалж чадвал Кавальерс жинхнээсээ топ баг болох боломжтой юм шүү. 5 улирал тоглохдоо 10689 оноо аваад байгаа, энэ оноонд хүрсэн хамгийн залуу тоглогч, плей-оффт 1000-аас дээш оноо авсан 170 дахь тоглогч, 1000-ын босгыг алхсан нас нь Коби, Паркер нарын дараа л орох үзүүлэлт гээд өнгөрсөн улиралд тогтоосон амжилтууд нь дурайж байна. Энэ улиралд үүн дээр маш олон рекорд, дээд амжилт нэмэгдэнэ. ЛеБрон бол агуу тоглогчийн замналаар аль хэдийнээ замнаад эхэлчихсэн, тэр юуг ч бүтээж чадна.
Харин Кливленд энэ улиралд базаахгүй тоглох аваас ерөнхий менежер Дэнни Ферри болон дасгалжуулагч Майк Броун нарын үе дуусах тийшээгээ хандах байх.
2010 онд ЛеБрон онцгой шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл түүний гэрээ дуусна. Кливленд ЛеБроныг авч үлдэхийн тулд бүгдийг хийж, хамгийн их цалинг өгөх ч ЛеБрон илүү том хотод очиж, том түүх бүтээхийг хүсэхийг байг гэх газаргүй. Нью-Йорк, Нью-Жерси зэрэг олон баг одооноос цалингийн цэсээ хоосолж, түүнийг урихаар зэхэж байгаа ч явдал бий.
Гэхдээ яахаа ЛеБрон л шийднэ. Энэ улиралд баг нь хэр зэрэг тоглох нь ч гэсэн ЛеБроноос л шалтгаална. Өөрөөр хэлбэл Кливленд хэрхэн тоглохыг ЛеБрон л шийднэ. Мо Уилльямс ирсэн болон бусал нөхцөл байдлуудаас шалтгаалж Кливлендийн байдал өмнөх улирлаас лав сайжирсан нь л тодорхой байгаа.
www.sportnews.mn