2-2
Өмнө нь Герман хожоод хэсгээ тэргүүлсэн болохоор аль аль нь хэсгээсээ нэгээр гарахыг хүсч байсан нь мэдээж. Тэр ч ёсоор эхнээсээ л алалцлаа. Рүүний гараанд гарсанд Английн фэнүүд их баяртай байлаа. 2 хамгаалагчийн дунд бөмбөгийг өөр дээрээ яаж авч байгаа нь зөвхөн чадалтай цөөхөн хүний л хийх ажил. Бас ганцаараа нэг ороод бужигнуулаад л, фэнүүд нь Рүүний Рүүний гэж орилолдоод л. Англиас яг ийм тоглолтыг хүсч байлаа. Оуэн харин эрт гэмтээд гардаг нь муу юм боллоо, гайгүй л байгаасай. Гэхдээ Английн эхний гоол орох хүртэл эхний 40 минутад Швед ялимгүй давуу тоглосон. Лампардын 2 цохилт, Бекийн фрий кик гээд аюултай байсан ч ерөнхий тоглолтын хувьд эсрэг баг нь илүү цэгцтэй байж осолтой дайралтуудыг хийсээр байсан. Харин эхний гоолын дараа тэр зориг нь бага зэрэг мохоодохсон. Ж.Коулыг тэгж цохино гэж хэн ч санаагүй байх, хаалгач ч өөрөө мэдээгүй. Ёстой гайхамшигтай гоол.
2-р үед харин Швед ёстой балбалаа даа. Нэг их удалгүй Маркус Олбэк булангийн цохилтыг мөргөөд ФИФА-ын түүхэн дэх 2000 дэх гоолын эзэн боллоо. Ярих юмгүй сайхан гоол. А.Коул уг нь үсэрсэн ч аргагүй намдсан. Дараа нь Швед 2 удаа хөндлөвч оноод бас нэг гоолыг нь Рүүнийгийн оронд орсон Жеррард шугаман дээрээс хамгаалж багаа аварсан. Рүүний суучихаад өөртөө уурлаад багийнхантайгаа дуугарах ч гүй 2 гутлаа тайлж чулуудаал. Энэ дэлхийн аваргаар олон дасгалжуулагч зөв хүмүүсийг багтаа авч, зөв сэлгээ хийж байгаагаараа өөрсдийг нь шүүмжлэгчдэд хэн болохоо харуулж байна даа. Ёстой л нөгөө олон жил хөзөр буландлаа одоо ямар мод гаргахаа би мэднэ гэдэг шиг Жеррардыг онож гаргасан даа. Угаасаа зогсолтгүй давшиж байгаа багийн эсрэг контр хийж комибнацаар гоолдох боломж үгүйг мэдэж Жеррардын холын буудалтад найдаж оруулсан байж болох л юм. Мань хүн ч гэсэн харин сайхан мөргөөд багтаа онцгой чухал гоолыг авчирлаа. Бас л харууштай гоол. Гэсэн ч Швед гандан буурдаггүй баг гэдгээ харуулж дор нь тэнцүүлсэн. Энэ гоолоор орилох үзэгчдийн байдал солигдсон, Английн фэнүүд нам байж байснаа гоолныхоо дараа хэсэг шуугилдацгаасан ч эргээд таг. Ларссон ч аргагүй л аймаар их туршлагаа харуулж супер гоол фэнүүддээ бэлэглэсэн дээ. А.Коул яг нөгөө шугам дээрээ дахиад хааж чадсангүй. Гэхдээ энэ 2-т аль алинд нь түүний буруу байгаагүй. Англичууд тайван байдлаас гаргасан бөмбөг дээр 2 алдлаа. Харин аюумшгийн хурдтай ширүүн довтолгоон дээр сайн хамгаалагчтайн хүчээр бараг гоол алдсангүй. Бараг гэсний учир нь тэр 2 хөндлөвчийг бодож хэлэв.
Ингээд энэ хэсгийн 2 баг цааш явах боллоо доо. Швед шиг ийм өндөр техниктэй тоглогчидтой, галзуу хурдан довтолгоотой тэгсэн хэрнээ хамгаалалтад дороо шилжиж чаддаг багийг шүтэхээс яахав. Бүтэн 90 минут ийм өндөр темпээр тоглодог баг энэ 32 багаас чаддаг нь гарын 5 хуруунд ч хүрэхгүй. Одоо Германы хувьд нэг л найдах юм нь цөнгөө түрж буй хаврын гол мэт агуу их дэмжлэг нь л байна. Зөвхөн үүнийхээ хүчээр л тэд хаана ч хүрч чадна. Гэхдээ л өнөөдөр 8-хан мянган хүнтэй байж хэд дахин олон Английн фэнүүдийн эсрэг гайхамшигтай тоглолт харуулсан гэхээр шаруудад хүний өөрийн дэвжээ ялгаагүй мэт. Яг ийм өндөр хурдтай багт Германы хамгаалалт самгарддаг. Тогтож тоглодог Английг бол тэд хожих байсан болов уу, хэдэн буунуудыг нь хаагаад байхад болох л байсан. Энэ тоглолтыг болоосой гэж их хүссэн ч болсонгүй ээ. Швед Герман 2 одоо магадгүй энэ дэлхийн аваргын хамгийн шилдэг тоглолтыг гаргана. Аль аль нь 90 минут нэг хурдаар тоглож чадна, хэн хэн нь зөвхөн урагш давшина. Хамгаалалтын хувьд Швед илүү ч Герман сүүлийн тоглолтуудад илт сайжирч өөртөө асар итгэлтэй болцгоосон. Гэхдээ одоо ийм довтолгооны эсрэг хэрхэхийг харья.
Англи Эквадорыг хэдий өнөөдөр амраасан гол тоглогчдоо оруулах ч яаж ийгээд хожиж дөнгөнө. Эквадор том багийн эсрэг сандраад унадаг юм билээ, нөгөө сайхан тоглолт нь бүр байхгүй болсон байсан. Гэхдээ энэ удаад тийм амар хоол болохгүй ээ. Англи эхний үед хэсэг сайхан тоглосон ч ерөнхийдөө өнөөдөр бол азаар тэнцсэн гэж болно. 66 оны финалд Германыг хожсон нь ар араасаа тэдэнд хожигдох замыг дагуулсан бол 1968 оны 5 сарын 7-нд Шведийг хожсон хожил нь мөн л энэ багийг хожиж чадахгүй цувралыг дагуулжээ.
Шведийг эцэст нь дахиад шагший. Хэдэн жилийн өмнө Бундеслигийн 2-р лигид тууж явсан нөхөр шигшээгийн хувцсаа өмсөж дэлхийн аваргын цолоо зүүсэн чинь дагаад бяр нь нэмэгдсэн бололтой, классуудаас дутахгүй хамгаалж байна лээ шүү. Өнөөдрийн тоглолт өмнөх тоглолтуудаа дарсан хамгийн супер тоглолт боллоо. Яаая даа гэсэн 4 супер гоолтой, цаг хагас асар өндөр темпээр явагдсан бас онцгой их тэмцэлтэй дээрээс нь тун цэвэрхэн болсон ийм тоглолт маш ховор. 75 дэх минутад Харгрийвз шар авсан нь алдаа биш байсан боловч өмнө нь 3 сануулга авсан болохоор яалт ч гүй шар авсан. Ийм тансаг тоглолтыг үзээгүй хүн өөртөө бурууг өгөх хэрэгтэй, дахин давтагдахгүй шүтмээр тоглолт байлаа. Агуу хөлбөмбөг өө, чи бүхний дээд жаргалын оргил буюу.