by Цогоо » Tue Dec 14, 2021 11:00 pm
АХЛАГЧАА ХАЛЧИХЛӨӨ
Хавар Тотнамтай тоглохын өмнө нэг удаа сахилгын шийтгэл гэж багийн бүрэлдэхүүнээс хасч байсан, сая бас сахилгын шийтгэл гээд багаас хасчихлаа. Артэтагийн хувьд шинэ менежер өөрийн дэглэм, өөрийн журмыг тогтоох гээд явж байгаа хүн багийн од тоглогчийг давраах юм бол бусад нь ч бас даварна гэж үзээд ийм арга хэмжээ авч байгаа байх. Яахав Галлас мэтийн муу ахлагч нарыг харж байсан болохоор Обамэянгийг би муу ахлагч байсан гэж хэлэхгүй. Аа гэхдээ сайн бол байгаагүй.
Арсеналыг үзэж эхлэхэд яг Тиерри Анригаар эхэлж байсан санагддаг. Яг ахлагчийн хувьд тийм гээд хэлчхээр тод байгаагүй. Ер нь довтлогч хүн тийм ч сайн ахлагч байж чаддаггүй гэх яриаг бараг баталсан ч юм уу.
Дараа нь Галлас. Юу ч гэх вэ дээ, тэр ч уйлаад, бид ч уйлаад.
Фабригас харин нэг хэсэг тун дажгүй байсан. Аарон Рамзигийн хөл хугардаг тоглолт дээр бол ёстой нэг ахлагчийн чанар гаргадаг. Өмнө нь Эдуардогийн хөл хугарахад Галлас багаа уруу татаад сапирдгаас бол ёстой эрс өөр юм болсон. Тийм ч муу ахлагч байгаагүй ээ. Гэхдээ л эцэстээ Барса руу явчихсан. Өөрөө мөнгөө төлөөд.
Робин ван Перси. Юу ч гэхэв дээ. Сайхан довтлогч. Гоё, баавартай. Ахлагчийн хувьд үнэндээ овойж оцойхоор юм байгаагүй санагддаг. Сэтгэлдээ байдаг бяцхан хүүгийн дуу хоолойг дагаж Юнайтед руу явсан урвагч л даа. САФ-д ходруулчихсан.
Вэрмалан, Мэртэсакэр, Артэта гурвыг бол ёстой бараг юу ч гэмээр юм. Гэмтэж бэртсээр байгаад олигтой нэмэр болж чадаагүй л гэх юм даа. Гай ч болоогүй, гавъяа ч байхгүй гэх үү? Угаасаа энэ үед Арсэн Вэнгэр багийн лидерийн үүргийг ганц хүнд биш олон тоглогчид хувааж үүрүүлнэ гэсэн юм яриад уламжлалт багийн ахлагчийн үүргийг бараг үгүйсгээд хаячихсан.
Кошелниг гайгүй сайн хамгаалагч, овоо дажгүй ахлагч болж байна уу гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гээч юм болсон. Арсеналын талаас новширсон юм билээ л дээ. Францаас санал ирвэл зөвшөөрнө гэж тохирсон байсан дээрээ луу унжсан гэдэг. Лоран тэрэнд нь уурлаад тоглохгүй гэж гэдийгээд. Ахмад тоглогчоос бол гарч болох үйлдэл, харин ахлагч бол хэрхэвч тэгж болохгүй.
Жакаг бол би анхандаа гайгүй тоглогч юм болов уу гэж бодож байсан. Тэгсэн чинь ахлагчийн туузаа шидээд, хөгжөөн дэмжигчидтэй тэрсэлдээд ахлагч хүнээс бол яавч гарахааргүй үйлдлүүд хийгээд явчихсан. Ахлагчаас огцруулдаг нь бол зөв шийдвэр. Зарах хэрэгтэй гэж тухайн үед нь бодож байсан бодол одоо ч хэвээрээ. Байвал хэрэгтэй тоглогч, байхгүй байсан ч би л хувьдаа нэг их үгүйлэхгүй.
Одоо Обамэянг эднүүсийн араас "хуучин" ахлагч болж байх шиг байна. Ингээд харахад манай сүүлийн хэдэн жилийн ахлагч нар гэж ёстой үлгэр домгийн юмс байх юм. Сайн утгаараа биш шүү хаха. Хараалтай гэцгээдэг л юм. Хэн мэдэх вэ цус.
Одоогийн бүрэлдэхүүн дундаас бол түрүүн нэг тоглолт дээр тайлбарлагч Рамсдэйлыг нэлээн онцлон ярьж байна билээ. Зөвхөн тоглогчид ч гэлтгүй ер нь багийн эргэн тойрны хэнд ч хамаагүй цаг гаргаж чаддаг, тоглогчдын дунд нэлээн нөлөөтэй, фэнүүдэд нэртэй энэ тэр гээд. Гэхдээ хаалгач болохоор сайн мэдэхгүй л юм.
ЭСР, Сака хоёрт бол ахлагчийн тууз садаа болно. Тэртэй тэргүй Арсеналыг чирч байгаа хоёр.
Хамгаалалтын Габриэл, Тиерни хоёрын нэгээс л зайлахгүй. Гэхдээ энэ хоёрт өгөхийн өмнө Лаказэттыг гэрээ нь дуустал ахлагч болгож магад. Мань хүн Обатай сайн харьцаатай тул эхий нь эцээхгүй, тугалыг тураахгүй байгаад байж чадна гэж тооцоолох биз.
Гээд маниус ямар мэдэх биш дээ, Артэта л шийднэ. Гэнэт Одегаардыг ч юм уу, Бэн Ваитыг ахлагч гээд зарлачхаж мэдэх л газар шүү дээ.