Pep Guardiola: Another Way of Winning

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Цогоо » Mon Apr 20, 2020 3:27 pm

Villa_Bayaraa wrote:
Devil 7 wrote:Тхх 07 онд..Тэр үед нээрээ танайхыг завсар зайгүй бавдаг бсн шүү кк...Танайд бил үү Рууни нэг хэмжиж тасархай гоол хийж бсан фа-д..


Рүүнийг сайн санахгүй байна... харин талбайн голоос Рүүний урагш дээгүүр хаяад Ван Перси урагшаа сугарч гарч гүйгээд, гүйдэл дундаа 16-н гаднаас шууд газар буулгалгүй саваад аймар гоол хийж байсныг бол мартдаггүй юм... аймар гоол...
Яг тэрэн шиг гоолыг ван Перси манайд байхдаа Мерсисаидын хоёр багт тус бүр нэгийг хийж байсан шт. Эвэртонд хийдэг нь бол үнэн чамин гоол байсан. Сонгийн дамжуулалтаар. Мэдрэмж бол тасарсан довтлогч доо.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17834
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby kayo » Mon Apr 20, 2020 4:16 pm

Г.Баяраа wrote:
Цогоо wrote:Парист манайх уул нь хожиж явсан юмсан даа. Муу Ларссон орж ирээд л баллачихсан.

Барсад хийсэн сүүлийн тоглолт нь байсан тэ. Тэгээд швед рүүгээ яваад сураг алдарсан. Гоё тоглогчдоо.

Ёстой гоё тоглогч, жинхэнэ мэргэжлийн тоглогч байсан даа. Сэлгээнд суулаа гэж гомдлохгүй, сэлгээнээс гарч ирээд илүү дутуу зүйл байхгүй яг хийх зүйлээ хийдэг. Парист бол яалтчгүй цом өргүүлсэн хүн дээ. Хамгийн андерретэд тоглогч гэж боддог, нэлээн эртхэн том багуудад очсон бол бас баллах байсан л байх даа.
kayo
Барса фэн
 
Posts: 7743
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby meesh » Tue Apr 21, 2020 11:02 am

Цогоо wrote:
Villa_Bayaraa wrote:
Devil 7 wrote:Тхх 07 онд..Тэр үед нээрээ танайхыг завсар зайгүй бавдаг бсн шүү кк...Танайд бил үү Рууни нэг хэмжиж тасархай гоол хийж бсан фа-д..


Рүүнийг сайн санахгүй байна... харин талбайн голоос Рүүний урагш дээгүүр хаяад Ван Перси урагшаа сугарч гарч гүйгээд, гүйдэл дундаа 16-н гаднаас шууд газар буулгалгүй саваад аймар гоол хийж байсныг бол мартдаггүй юм... аймар гоол...
Яг тэрэн шиг гоолыг ван Перси манайд байхдаа Мерсисаидын хоёр багт тус бүр нэгийг хийж байсан шт. Эвэртонд хийдэг нь бол үнэн чамин гоол байсан. Сонгийн дамжуулалтаар. Мэдрэмж бол тасарсан довтлогч доо.


Di Canio -гийн хайчилдагийн хажууд шал миа гоолууд. Саяхан ПЛ пэйж харьцуулаад тавьсан байсан.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby suldees » Tue Apr 21, 2020 12:13 pm

kayo wrote:
Г.Баяраа wrote:
Цогоо wrote:Парист манайх уул нь хожиж явсан юмсан даа. Муу Ларссон орж ирээд л баллачихсан.

Барсад хийсэн сүүлийн тоглолт нь байсан тэ. Тэгээд швед рүүгээ яваад сураг алдарсан. Гоё тоглогчдоо.

Ёстой гоё тоглогч, жинхэнэ мэргэжлийн тоглогч байсан даа. Сэлгээнд суулаа гэж гомдлохгүй, сэлгээнээс гарч ирээд илүү дутуу зүйл байхгүй яг хийх зүйлээ хийдэг. Парист бол яалтчгүй цом өргүүлсэн хүн дээ. Хамгийн андерретэд тоглогч гэж боддог, нэлээн эртхэн том багуудад очсон бол бас баллах байсан л байх даа.

Зайлуул хөлөө аймар хугалуулсан хүн шүүдээ, тэгэж тоглоход нь баярласан.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7215
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Sat Apr 25, 2020 12:13 pm

...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

(ҮРГЭЛЖЛЭЛ)

КАМП НОУ. ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

«Барселона Б багийг дасгалжуулах болсондоо хязгааргүй баяртай байна. Клубын итгэлийг хүлээж энэ албыг авч байгаа минь нэр төрийн хэрэг. Үнэнийг хэлэхэд өөр ажлын санал надад огт ирээгүй. Гагц Барса л найдвараа тавьсан. Үүнийх нь төлөө би талархаж бас мэрийх өртэй» хэмээн Пеп өмнөө овоорсон сэтгүүлчдэд хандан 2007 оны зуны тэр нэгэн өдөр Камп Ноугийн хэвлэлийн бага хурлын өрөөнд хэлж байв.

Ирэх хүлээлт, дарамт шахалт түүнд бага байсан. Ийм хэвээр нь байлгахыг ч эрмэлзэн Пеп даруухан загнаж байв. Гэхдээ л зодог тайлснаасаа хойшх ганцхан жилдээ өөрийн гэсэн өвөрмөц арга барил, философи, зарчим бүхий шаггүй хэрсүү мэргэжилтэн болон боловсорч чадсаныг нь энэ улирал илчлэн харуулсан юм.

Хоан Лапорта дээрх хэвлэлийн хурлын үеэр Гуардиолагийн хажууд сууж байсан. Клубын домог, экс ахлагч, каталон үндэстний бахархлын бэлгэ тэмдгийг буцаан авчирсан гавьяагаа тунхаглаж, олны хандлагыг өөр лүүгээ эргүүлэх нь түүнд онц ач холбогдолтой байв. Цомгүй 2006-07 оны улирал, Сандро Розель тэргүүтэй хуучин хамтрагчдынх нь удаа дараагийн дайралтууд (хувийн амбицаа клубээс дээрд тавьж олж ашиг хөөсөн хэмээн буруутгасан) түүний нэр хүнд, итгэгчдийн тоог богино хугацаанд огцом унагасан. Хоёр дараалсан лигийн түрүү, 14 жилийн дараах аваргуудын лигийн цом нь ч тус болж чадаагүй. Клубын дотоод зөрчил, хувийн амьдралынх нь асуудлууд архагшсан тул айсуй аюулаас өрсөн байр сууриа батжуулах нь түүнд нэн чухал байв. Яг энэ үед нь Пеп буцаж ирсэн. Түүний үүсгэсэн эерэг нөлөө, өөдрөг уур амьсгалыг яаж өөртөө ашиглахаа Хоан андсангүй. Ерээд оны эхнээс шинэ зуун хүртэлх Барсагийн дэмжигчдийн бүтэн нэг үе Пепийг бахдаж, биширч, хүндэлж, үлгэр дуурайл аван өсөж өндийсөн.

«Бүхий л насаараа би Гуардиола шиг болохыг мөрөөсөж ирсэн» гэж хэлэхдээ Лапорта одоо олонхийг бүрдүүлэх болсон тэдгээр фэнүүдэд хандсан хэрэг. Харин Йохан Кройф тэнд байсангүй. Пептэй эвлэрч, эргэж ирэхийг нь зөвшөөрсөн ч гэсэн тэрээр тайзны ард хөшигний цаана байхыг илүүд үзсэн юм. Өөрийнх нь хамгийн нөлөөтэй, найдвартай ар тал учир Лапорта Кройфтой зөвлөж, зөвлөгөөг нь авалгүй нэг ч шийдвэр гаргаж байгаагүй. Тэр тусмаа хариуцлагатай албан тушаалын халаа сэлгээн дээр. Энэ удаа ч тэгсэн.

Пеп бүтэлгүйтвэл буцаад толгой дээр нь чулуу унах бусдын сануулгыг үл харгалзан Хоан Чикигийн саналыг хүлээж авсан. Кройф итгэж, «Бидний урмыг хугалах хүү биш» гэж байгаа бол итгэх л хэрэгтэй. Пеп ч бас ирж болох эрсдэл, байж болох уналтаас айгаагүй. Болох юм болдгоороо л болно. Тэр цаг ирэхэд «Тэгдэг байж» гэж амаа барин харамсаж гэмшихгүй байх л туйлын чухал. Төлөвлөж, тунгааснаа тултал нь хийх.

Ирээдүйн аян замдаа Пеп зориг шийдэмгий байлаа. Доха дахь усан санд сэлж, Дорадосын бүгчим оффист шигдэж, Бьелсагийн тансаг харшт тухалж, Пескарагийн эргээр алхаж явахдаа ч тэр Барсад буцаж ирэх энэ л мөчийг тархиндаа төсөөлөн зураглаж, залбиран тэмүүлж, зүүд нойрондоо үзэж, тэсэж ядан хүсэмжилдэг байсан. Тэгээд тэр өдөр нь ирэхэд баярлаж бахархсан сэтгэлээ барьж чадалгүй буглаж багтарч явсан бүхнээ бусадтай ний нуугүй хуваалцсан юм.

«Менежерийн хувьд би хэн ч биш. Надаас юу хүлээж, харж, хүсэхээ хүмүүс мэдэхгүй байгаа. Та нар тоглогч Гуардиолаг л мэднэ. Дасгалжуулагч Пеп хараахан бий болоогүй байна. Энэ л миний давуу тал. Өнөөдрөөс эхлээд би өдөр бүр өөрийгөө батлах, чадвараа нотлох, амласнаа биелүүлэхийн төлөөх тэмцэлтэй тулгарна. Тэгээд л би хүүхэд шиг хөөрч догдлоод байгаа юм. Би сорилтонд дуртай. Шалгагдахаас халирдаггүй. Харин ч болбоос талархаж хүлээж авдаг. Энэ багийг би гарынхаа арван хуруу шигээ сайн мэднэ. Энд юу дутагдаж байгааг, ямар эрэг нь суларсныг, ямар шинэчлэлт хэрэгтэйг нэвт шувт харж байна. Залууст юун түрүүнд зориг, тэвчээр, зүтгэл хэрэгтэй. Тэнд очиж чадна гэсэн гал цог шаардлагатай. Хожиж, ялж, дийлж чадна гэсэн итгэлийн түүдгийг нь өрдөж өгөх нь зүй. Энэ сэтгэлгээ, хандлага, харах өнцгийг л би бүхнээс урьтаж тоглогчдодоо суулгахыг эрхэм болгоно. Түүнээс цаашх нь зөвхөн цаг хугацааны л асуудал»

Багшилж, эрдмийн үрийг тараах хүслээ Пеп хэзээ ч нууж байгаагүй. Мэргэжлийн хөлбөмбөгт хийх зүйлээ хийчихээд «сонсож, суралцах» сэтгэлээр цалгисан хүүхэд багачуудтай ажиллана гэж тэр төсөөлдөг. Дасгалжуулагч болоод өгсөн анхны чиглэл, заавраа ч ирээдүйг цогцлоох эрмэлзлэлтэй тэдгээр залуу үеийнхэнд өгсөн. Олж хураасан мэдлэг туршлага, ойлгож ухамсарласан онол сургаалиасаа шилж шигшсэн доорх санаануудыг Пеп анхны шавь нартаа зориулсан юм.
«Бидний нэн тэргүүний, номер нэг зорилго бол мэдээж дээшээ дэвших. Хичээл зүтгэл, хөлс хүчээ дайчлан чармайхгүйгээр ингэх боломжгүй. Бид өөрсдөөсөө, бие бялдар, оюун бодлоосоо шалтгаалах бүхнээ шавхах ёстой. Тоглолт бүрт, бэлтгэл бүрт зуун хувь бүхнээ зориулна гэсэн үг. Тэгж л чадвал аз дутаж хожигдсон ч гэсэн би та нарыг буруутгаж зэмлэхгүй. Эрэлхгээр тэмцээд ялагдахад ичгүүр гутамшиг гэж үгүй. Тухайн цагт хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрч, мэргэжлийн өнцгөөс ханд. Бөмбөг, байрлал, боломж болгоны төлөө амь нас чинь үрэгдэх гэж байгаа мэт махран тэмц. Гэхдээ бас нэр төр, ёс суртахуун, хүн чанараа уландаа гишгэж болохгүй. Хожсон ч, хожигдсон ч анх хэн байсан тэр хэвээрээ үлд. Хорвоо ертөнц биш, чи л өөрөө өөрчлөгддөг гэдгийг сана»

Довтолгоо бүрийн эхлэл хойд талаас тавигдаж, хамгаалагчид довтолгооны эхний шугам, довтлогчид хамгаалалтын тэргүүн фронт болох ёстой гэдгийг ч Пеп багийнхандаа тайлбарлаж өгсөн.
«Миний багт бөмбөгтэй харьцахаас халширч, хойш суудаг хэн нэгэн байх учиргүй»

Тоглолтын хэв маяг, хэлбэр бүтцийн тал дээр хэзээ ч хоёрдмол санаа байж болохгүйг мөн хатуу анхааруулав.
«Барселона ямар үнэт зүйлт, өв соёл, зарчимтайг хэн хүнгүй мэднэ. Би энэ бүхэнд итгэдэг. Мэдэрдэг. Та нар ч бас итгэж, мэдрэх ёстой. Бодол, сэтгэлгээндээ үүнийг бүрэн уусгаж нэвчүүл. Барсагийн нэр мөнхөд мандан бадарч, туг нь тэнгэрт намирч явахыг туйлын тэмүүллээ болго. Яг одоо бол ялж, ёроол адгаас гарах нь бидний үүрэг даалгавар. Хувийн хүсэл амбицаа, багийн бодлого зорилготой нийцүүл. Талбай руу гарах бүртээ, зүлгэн дээр гишгэх тоолондоо Барселонаг төлөөлж байгаа гэдгээ санаж, толгой гэдгэр, зовхи өөдөө зориг хийморьтой байж өрсөлдөгчдөө хэн гэдгээ харуулцгаа»
Өөрөө Ла Масиагийн тогоонд чанагдаж, элдүүрээ хануулсан учир Пеп өмнөө зогсож байгаа 18, 19, 20-той залуусын толгойд юу эргэлдэж, ертөнцийг ямар өнгөөр үзэж байгааг нь сайн мэдэж байлаа. Энэ давуу тал дээрээ түшиглэн дотоод бүтцийнхээ давс хужрыг нь тааруулж, ажиллах арга барил төлөвлөгөөгөө бий болгосон.

Гагц хожиж, хэвлэлийн эхний нүүрэнд хэвлэгдэхээс гадна клубыг гадна дотногүй мэдэхийн хувьд, энд өсөж хөрвөжин хүн болсны хувьд, клубын мөн чанар, сүнс сүлдийг сэтгэлдээ тээж явдгийн хувьд Гуардиола ирсэн нь Барселонад үлэмж ашиг тустай үйл явдал болсон. Удирдлагын түвшин дэх үймээн будлиан, зөрчил самуунаас үүдэж үнэ цэнээ алдан доройтож, өөр багуудаас ялгаж сондгойруулдаг онцлог эрхэм шинжүүдээ үгүй хийн устгаж байх эгзэгтэй үетэй Пепийн эргэн ирэлт давхцсан.

Image

1984 онд «Фермийн байшин»-д анх танилцаж, хоёр арваныг дамнан таньж шалгагдсан анд нөхдөөрөө Пеп багаа бүрдүүлсэн. Туслах дасгалжуулагч Тито Виланова, фитнес дасгалжуулагч Аурели Алтимира, нөхөн сэргээх эмчилгээ Эмили Рикарт.
Б багийн асуудал техниктэй тоглогчид дутагдсанд бус тэдний чадвар, нөөц бололцоог зөв ашиглаж, чиглүүлж чадаагүйд оршиж байв. Пепийн мэдэлд ирсэн хөвгүүдийн дунд нэгдүгээр багт дэвшүүлчихмээр, өөр хаана ч очсон газардахааргүй нүдэнд тусах содон авьяастнууд цөөнгүй байсан. Йохан Кройфын 20 жилийн өмнө нэвтрүүлсэн биеийн хөгжил, булчин шөрмөсийг нь биш бөмбөгтэй харьцах мэдрэмж, сэтгэж санаачлах IQ-г нь гол шалгуур болгосон элсэлтийн системийн ачаар биеэ даасан, хайрцагт хоригдоогүй, дунджаас дээш давсан тусгай чадвартай төгсөгчдийг Ла Масиа тогтмол торниулан хөгжүүлж, Барселона С, Б, А багуудад хүлээлгэн өгсөөр өөрсдийн өндөр стандартыг тогтоосон байв. Тэгэхээр багийнхаа потенциал, чадамжинд эргэлзэх эрх Пепт байсангүй.

Унхиа муутай удирдлагын уршгаар хэт назгайрч, сахилга бат суларсан нь л энэ багийг зэрэглэл уруудахад хүргэсэн юм. Академи, өсвөрийн хөлбөмбөгчдөд хандуулах анхаарал халамж суларч, хүүхдүүд ч бас клубын нэг хэсэг, байшинг бат бөх байлгах тулгуур багана гэдгийг умартсанаас үүдэлтэй ужиг урхаг. Хэвлэлийн бага хурал дээрээ Пеп үүнийг хөндөж, хэд хэдэн эрс өөрчлөлт хийхээ мэдэгдэж байсан. Тэдний нэг нь гуравдугаар дивизионд тоглож байсан Барселона С багийг татан буулгаж Б багтай нэгтгэх байв. Мөн 21-ээс дээш настай тоглогчдыг хоёр жил хүртэл хугацаанд нөөц багт тоглохыг зөвшөөрсөн. Академи дүүргэж гэрчилгээ авсан л бол С эсвэл Б багийн аль нэгэнд нь автоматаар багтдаг уламжлал үүгээр эцэс болж, Пепийн хүсэж байсан өрсөлдөөн болоод өндөр босго бий болсон. Тэмцэл, идэвхжүүлэлтээр багаа чанаржуулах тактик. Энэ үйл явцын хамгийн хэцүү нь С, Б багийн 50 тоглогчдын талыг нь хасаж 23 хүний бүрэлдэхүүнтэй шинэ баг бүрдүүлэх байв. Өөрөөр хэлбэл 27 Ла Масиагийн хөвгүүддээ «Уучлаарай. Та нар Барсагийн улаан шугаманд хүрч чадсангүй. Өөр баг хайцгаа» гэж хэлэх хэрэгтэй болсон. Амаргүй болоод атаархах зүйлгүй энэ давааг Пеп хэрхэн давсныг Давид Труэба ярианаас сийрүүлье.

«Түүнд зургаан долоо хоногийн л хугацаа байсан. Тийм давчуу хугацаанд тоглогч болгонд хавтас үүсгэж, сул давуу талуудыг нь бүрэн таних боломжгүй. Гэтэл энэ чинь хүний ажлын замнал цаашлаад амьдрал, амьжиргааных нь тухай асуудал. Мэргэжлийн хөлбөмбөгч болно, хайртай багийнхаа төлөө тоглоно гэсэн мөрөөдөл зөгнөлд нь цэг тавьж байгаа зүйл. Амьдралаа зөвхөн хөлбөмбөгөөр төсөөлөөд хичээл сурлага, бусад карьерын боломжоо хойш тавин золиослосон хүүхдүүд хүртэл байгаа. Тиаго Алкантара, Жовани Дос Сантос, Педро Родригес гэсэн хүүхдүүдээс хэнийг нь явуулж, хэнийг нь авч үлдэх вэ гэдэг салаа замтай Пеп өдөр бүр тулж, тархиа гашилгаж байсан. Толгойгоо ажиллууллахаас гадна бас зөн совингоо ч гэсэн сонсох хэрэгтэй. Тэр үед бие нь тааруу байж таарах буюу бага зэрэг алдаа гаргасан л бол Педро дөчин мянган оршин суугчтай хэний ч мэдэхгүй Гава гэдэг тосгоны баг руу цөлөгдөж болох байв. Гэтэл чи эндэж түргэдээд ирээдүйн Мессиг хурууныхаа завсраар унагаад алдчихсан байвал яана. Ийм эрсдлийн хэмжээг аль болох багасгахын тулд Пеп өдөр шөнөгүй ажиллаж байсан. Зарим тоглогчдын эцэг эх асран хамгаалагчтай уулзаж, хуучин танилууд руугаа утас цохин хасагдсан хөвгүүдэд баг олж өгөх зэргээр чадах бүхнээ л хийсэн. Гараа бас зүрхээ бохирдуулж байгаагаа тэр мэдэж байсан ч гэлээ үүнээс өөр зам байгаагүй. Сэтгэлийн тэнхээ сорсон бэрх ажил. Ард нь гараад арай гэж гүнзгий амьсгаа авахдаа Пеп бүр хамаг тамираа бараад нурмайчихсан байж билээ. Ганц нэг алдаа гаргасан ч байж болно. Гэхдээ энэ бол түүний өөрийнх нь алдаа. Хэн нэгнийх биш. Бусдад найдаж орхиод хажуунаас нь харж суугаагүй. Энэ л бодол түүнийг тайтгаруулж, цааш ахих урам зориг өгсөн байх»

Соёл сэтгэлгээ ондоо, өөр өөр оронд очиж өмнөө барьдаг мэргэжилтнүүдээс нь өвлөж суралцаж авсан арга барил, дадал хэвшил, санаачилгуудаа Пеп цаг алдалгүй Барсагийн системд нутагшуулж эхэлсэн. Давид Труэбагийн яриаг үргэлжлүүлэх сонсьё.
«Гардаж биечлэн оролцохгүй юм гэж түүнд байгаагүй. Тамирчдын өдөр тутмын хоол хүнсний орц дэглэм, амарч ажиллах цагийн хуваарь, эмчилгээ нөхөн сэргээлтийн явц, өрсөлдөгч багийн судалгаа гэх мэт. Тоглох хуваарьтай багаа Пеп микроскопын дор тавьсан мэт нарийн шинжиж судлахыг хүсдэг байв. Дөрөвдүгээр дивизионы багуудын талаарх мэдээлэл ховор зэврийг үл харгалзан туслахууддаа дэлгэрэнгүй тайлан бэлдэхийг даалгаж, видео бичлэгийг нь хойш урагш гүйлгэн үзэж, бүр юу ч олдохгүй бол тоглолтыг нь цаг гарган очиж үзэхээсээ ч төвөгшөөж байгаагүй.
Өөрийгөө хэт хүчилж, хэнээрхдэг шигээ тоглогч туслахуудаа ч мөн тэгэхийг шаарддаг байв. Тэгэхдээ яагаад ямар нэгэн зүйл хийлгэж байгаа гэдгээ заавал учирлаж, тайлбарлаж өгнө. Багтай холбоотой бүх зүйл өөрийнх нь хяналтанд, ухамсрын хүрээнд, гарынх нь дор байх ёстой гэсэн хатуу зарчимтай. Анзааргагүй өнгөрөх, азанд найдна гэсэн ном байхгүй. Өглөөд хамгийн түрүүнд ирж, үдэш хамгийн сүүлд явна. Хэлснийг нь дагалгүй хязгаараас хэтэрвэл хэн энд босс нь вэ гэдгийг хааяа бас сүр бадруулалгүй харуулчихаж чадна»

2007 оны 12 сарын 6. Хөрш тосгон Масноугийн цэнгэлдэхэд зочлохдоо Барса Б 2:0-ээр тэргүүлж байсан боловч цаг дуусахаас өмнө бариулан хоёр оноогоо алдав.
«Босс биднийг толгой түрүүгүй загнаж зандарсан» гэж тоглогчид тэр өдрийг дурсдаг. «Хувцас солих өрөөний хаалгыг дотроос нь түгжиж байгаад л цамнаж гарсан. Аймшигтай. Амнаас нь гарах үг болгон аянганаас өөрц байгаагүй. Та нар энэ багийн өмсгөлийг өмсөх эрхгүй, хөгжөөн дэмжигчдийн итгэлийг хөсөрдүүллээ, хандсан зүгтээ тонилцгоо гээд л»
Уг нь Пеп байнга ингэдэггүй. Сайтар бодож, дүрс бичлэг үзэж, дүн шинжилгээ хийснийхээ дараа тоглогчидтойгоо маргааш нь уулзаж алдаа оноог нь ярилцдаг. Харин тэр өдөр үнэхээр биеэ барьж чадалгүй тэсэрсэн нь тэр. Аль шальгүй юмаар шалтаглаж бусдыг өөчлөх, өөрийгөө өргөмжлүүлэх гэсэн өөдгүй занд тэр дургүй. Харин багийнхнаа үл хүндэлж, бодлогогүй алхам хийсэн тохиолдолд хамгийн хүнд шийтгэлээ ч харамлана гэж үгүй. Улирлын эхэнд ийм нэгэн үйл явдал болсон. Есөн сарын дундуур Пеп багийнхандаа ийм лекц уншсан юм.

«Operación Triunfo-д (X Factor-той төстэй испаний реалити шоу) оролцож байгаа залуустай та нар өөрсдийгөө жиших хэрэгтэй. Амьдралдаа олдсон ганц алтан боломжийн төлөө тэд яаж биеэ дайчилж, авьяас чадвараа шавхаж байгааг хар. Хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн төлөө тэд ямар их мэрийж, махарч байна. Тэдний оронд байсан бол яах байснаа бод. Тайз, хөлбөмбөгийн талбай гэдэг ялгаатай ч гэсэн та нарын эцсийн зорилго адилхан. Мөрөөдөлдөө хүрэх»
Тэгээд хэдхэн хоногийн дараа «Спорт» сонины эхний нүүрэнд өөрийнх нь уншсан лекц үг үсэггүй дурайж байхыг олж харах нь тэр. Хэн нэгэн нь ам алдсан эсвэл хамт олноо худалдсан байх нь. Энэ асуудалд Пеп хэзээ ч байгаагүйгээрээ уурлаж, өөрийнх нь багт ийм «урвагч» байх ёсгүйг, ахиад ийм зүйл давтагдвал эзнийг нь заавал эрж олоод клубээс хөөнө гэдгээ хатуу сануулсан.
Өөр нэгэн удаа Пеп багийн ахлагч Марк Вальентег гарааны бүрэлдэхүүнээс хасаж, үзэгчдийн суудлаас тоглолт үзүүлсэн. Фитнес заалыг тогтсон цагаас таван минутын өмнө орхиж явсных нь төлөө. «Сахилга бат үгүй бол тоглолт ч үгүй» гэж үүнийгээ «El País»-н сэтгүүлч Луис Мартинд тайлбарласан байдаг. Үл анзаарагдам өчүүхэн үйлдэл, дадлаас нь хүний хүмүүжил, мөн чанарыг таньж болно гэж Пеп итгэдэг.

Фрэнк Райкардын туслахууд үе үе ирж үндсэн багийн бэлтгэлд тоглогчдоос нь оролцуулна. Томчуудад тоогдон зиндаа ахиж эхэлсэн энэ үедээ л залуус их зан сууж тэнгэрт гардаг. Харин тэднийг одоохондоо хэн ч биш, хаана ч хүрээгүй байгааг нь сануулахаасаа Пеп гэдрэг сууна гэж үгүй.
Гуравдугаар тойргийн Алондрастай хийсэн тоглолтонд тэрээр гарааны хагас Марк Кросасыг хоёрдугаар үе дөнгөж эхлээд сэлгээнд суулгасан. 19 настай залууг тэр үед Райкард ивээлдээ аван Андрес Иньестагийн оронд 80 дахь минутаас хойш копа дель Рей, каталоны цом, ла лигийн зарим тоглолтонд оролцуулж байв.
«Яагаад хөдөлж ядаад гүйхгүй байгааг нь босс түүнээс ууртай асууж нэлээн загнасан. Тэгээд хоёрдугаар үе эхлээд бөмбөгөө алдангуут нь л шууд суулгачихсан. Дараагийн тойрогт ч оролцуулаагүй. Түүнийг ингэж байгаа юм чинь биднийг яах бол гэсэн түгшүүр надад өөрийн эрхгүй төрсөн»

Ах нар нь бусдадаа зөв дуурайл үзүүлж, эерэгээр өдөөх ёстой гэсэн зарчмынхаа хүрээнд Пеп ахмад туршлагатай тоглогчдынхоо алдаанд илүү хатуу ханддаг байсан. Үгийг нь сонсож үлгэр авдаг, харж хүндэлж биширдэг ах нарынх нь нөлөө өсвөр үеийнхэнд хэчнээн чухал болохыг тэр өөрийнхөө туулсан замаар мэднэ. Яг л эдэнтэй адил юу ч мэдэхгүй хүүхэд байхдаа Пеп Гильермо Аморыг дагаж, тоглолтыг нь үзэж, бэлтгэлийг нь ажиж, заавар зөвлөгөө авдаг байсан цаг саяхан.
Сэдэлжүүлж, очлуур өгөх олон уран аргуудыг Пеп сүвэгчилж тоглогчдоо урамшуулдаг байсан. Дивизион дэвших плей-оффын шатанд гарчихаад «Бид хамтдаа өдий хүртэл өгсөж чадлаа. Баг дэвшвэл та нарын түвшин ч бас дээшилнэ. Тэгэхээр өөрсдийнхөө төлөө өнөөдрийн ялалтыг авцгаа» хэмээн хувцас солих өрөөнд уухайлж байв. Ам алдвал барьж болдоггүйн үлгэрээр багаа идэвхжүүлэх нэг арга нь Пепт чамгүй үнэтэй туссан.

«Гурван тоглолт дараалж ялах болгонд чинь би та нарыг хүссэн газарт чинь аваачиж хоолонд даана гэж босс бидэнд амласан юм. Тэгээд нийт гурван удаа бид нар үнэтэй ресторанд оройн зоог барьсан. Дор хаяж хэдэн зуун евро боссын халааснаас гарсан нь мадаггүй»

Хорин хэдэн залуусыг хоолонд даахаас гадна улаан, шар хуудасны торгуульд Пепийн түрийвч нэлээн нимгэрдэг байв. Улирлын явцад Гуардиола гурван удаа сэтгэл хөдлөлдөө хэт автан тоглолтоос хөөгдөж холбооноос банга хүртсэн. Үүнээс хойш тэрээр уур нь шатаж, удирдлагаа алдаад ирэхээрээ италиар хараадаг уламжлалтай болсон. Өөрсөд лүү нь чиглэсэн таван үсэгтэй итали үгний утгыг ойлгодог байсан бол шүүгчид Пепийг тэр дор нь шүүхэд өгч, насаар нь хөлбөмбөгөөс бандуулахаар заргалдах байсан биз. Пепийн аз болоход итали хэлтэй шүүгч нар терсерад тийм олон биш ажээ.

Хор шарыг нь хөдөлгөж, сорих замаар тоглогчдоо мотивацжуулахдаа Пеп мөн дуртай байв. 17 насныхаа төрсөн өдрөөс 14 хоногийн өмнө шигшээ багтаа дуудагдан дебютээ хийсэн Гай Ассулинд тэрээр дээрх аргаа ашиглаж «Би чамаас одоо илүү ихийг хүлээнэ. Ирэх тоглолтонд чи гоол оруулах ёстой» хэмээж байв. 1992 онд испаний шигшээгийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийчихээд эргэж ирэхдээ Пеп Йохан Кройфоос яг ийм үгийг сонсож байв. Дотроо үнэлж, хол явна гэж итгэдэг Израиль залуудаа адилхан сорилт өгснөөрөө Пеп алдаагүй. Ассулин хоёр гоолын дамжуулалт өгч, гурав дахийг нь өөрөө оруулсан юм. Хэрэв дараалан олон бэртэл саад болоогүй байсан бол түүнийг Пепийн Барсад дуудагдах байсан гэдэгт хэн ч эргэлздэггүй.
«Дөрөвдүгээр дивизионд биш Барселонагийн нөөц багт тоглож байгаа гэдгээ үргэлж сана. Хүссэн аавын хүү нь блауграна өмсгөлтэй талбайд гардаггүй юм. Ховор олдох хувь заяа, нэр төр гэж бод. Ийм боломжийг үрэн таран хийвэл үлдсэн насаараа та нар харамсана» хэмээн Пеп тоглогчдоо шахаж талбай болоод талбайн гадна тодорхой дүрэм журам баримтлахыг шавдуулна.
Ямар ямар зүйлсийг хориглож, хорио цээрийн дэглэм тогтоосныг нь Луис Мартин «El País»-таа ийн өгүүлжээ.
«Бэлтгэлийн талбай, хувцас солих өрөөнд гар утас ашиглаж огт болохгүй. Бэлтгэлээс хоцорвол 120 еврогийн торгуультай. Аялан тоглолтоор явахад 23 цагаас хойш хөл хорих учир заавал зочид буудалдаа ирсэн байх ёстой. Зөрчвөл 1500 евро. Хоёр дахь удаад 3000 евро. Гурав дахь удаад өршөөл үгүй шууд баяртай болно. Тоглолттой өдөр өглөөнөөс орой хүртэл мөрдөх ёстой дараалал дэгийг хүртэл Пеп боловсруулсан. Тухайлбал айлын цэнгэлдэхэд зочлохын өмнө багаараа Ла Масиад хамт хооллоно. Өөрийн талбай буюу Миниэстадид тоглох бол тус тусынхаа гэрт хооллоно гэх мэт»

Хаалгачдын дасгалжуулагч Карлес Бускетс (Серхио Бускетсийн аав) Пепийн удирдлагад ажиллах ямар байдгийг «Аймшигтай» гэх ганцхан үгээр тодорхойлсон байдаг. Хувцас солих өрөө, бэлтгэлийн талбайн ойролцоо тамхи татахыг тас хорьсон тул хөөрхий Карлес бүр хашааны гадна гарч автомашины зогсоол дээр ажил хэргээ амжуулдаг байсан гэдэг.
Пепийн доод лигт очиж даруухан ажил сонгох болсны бас нэг шалтгаан нь хувийнхаа онолыг батлах байв. Супер ододтой аваргуудын лигийн аварга, хагас цагийн ажилчидтай сонирхогчдын лигийн багийн хооронд онц ялгаа байхгүй гэсэн онол. Адилхан л хүмүүсээс бүрдсэн байгууллага. Аль алинд нь хамтрагчдаа атаархдаг, хүний үг сонсдоггүй, алиа хошин, үргэлж хоцордог, хөдөлмөрч хичээнгүй, дуулгавартай даруу, дундажийг баримтлагч зантай тоглогчид байдаг. Өрсөлдөгч бүр өөр өөрийн онцлогтой, сул давуу талдаа суурилсан тактикийн бодлоготой байдагтай ижил. Зарим нь нягт хамгаалалт сөрөг довтолгоог хослуулж байхад зарим нь нээлттэй, харилцан довтлолцсон хөлбөмбөгийг илүүд үзнэ. Хэвлэл мэдээлэл, хэл ам, олны анхаарлаас хол дасгалжуулагчийн амьдралд дадаж, хийх зүйлээ мэдэж, хөлөө олох боломжийг Б баг Пепт олгосон.

Өөр дивизионд ч хожим зайлшгүй учирч, нүүр тулах жамтай хувцас солих өрөө, харилцааны асуудлуудын учир начрыг яаж олж, аргалах арга ухаанаа тэр эндээс олж авсан. Хувь хүн болоод хамт олны дундах сэтгэл зүй, уур амьсгал, хандлага, хэвшлийн учир зүйг тайлаад ойлгочихвол хаана ч очсон газардахгүй гэдэг нь Пепийн онолын гол гаргалгаа байв. Хуанма Лильо, Марсело Бьелсатай ч энэ тухай Өмнөд Америкт байхдаа зөвлөлдсөн. Цагийн зөрүүг үл харгалзан эдгээр эрхмүүдтэй Пеп тоглолт болгоныхоо дараа утсаар ярилцан зөвлөгөө тусламж авч байв. Ихэнхдээ өөрийн мэдлэг дэх ахиллесийн шөрмөс гэж тооцдог хамгаалалтын талаар. Булан чөлөөт цохилтоос хамгаалах, отон тоглолтын ов, байрлал эзлэх, бөмбөггүй гүйлт зэрэгт заримдаа Пеп арга мухардах тул өсвөрийн багийн дасгалжуулагч Родольфо Боррелийн бэлтгэлийг очиж ажна. Ливэрпүүлийн академийг хариуцаж байгаад одоо Манчестер Ситид туслах дасгалжуулагчаар ажиллаж буй энэ мэргэжилтний тоглогч таних нүд, хамгаалалтын мэдлэгийг Пеп онцгойд үздэг байв.

Нэгдүгээр багт бага багаар алга болж буй эмх цэгц, сахилга бат, мэргэжлийн орчинг бүрдүүлж, Б багийг шинэ түвшинд аваачна гэж тэр анх ирэхдээ амлалт өгсөн. Үүний цаана хэн гэдгээ батлах хувийн амбицаас гадна хайртай клубээ хөл дээр нь босгох гэсэн алсын эрмэлзлэл байв. Анзаарахгүй байя ч гэсэн Пепийн хонгилын өрөөнд хийж буй өөрчлөн шинэчлэлт, ахиц дэвшлийн цуурай дөрвөн давхрын дээр буй томчуудад тодоос тод дуулдаж байлаа. Тэдний гаргуунд нь гаргаж, хэрэгсэхгүй хаясан Б багийг Пеп тордож арчилж тоос шорооноос нь салгаад ганцхан улирлын дотор үндсэн багт ч үлгэр жишээ болгон үзүүлэм өндөр хэмжээнд аваачсан. Зүйрлэвээс утаа тортогт идэгдэж, аалзны торонд хэрэгдсэн хуучин хаягдмал байшингийн цонхыг онгойлгож эрүүл агаар оруулаад хундаамнаас нь эхлэн дээвэр хүртэл засвар хийж хэдэн үеэрээ суух тансаг харш болгон хувиргаж байгаатай адил.
Пепийн Барселона Б эхний нөхөрсөг тоглолтоо Баниолесийн хиймэл зүлгэн талбайд хийж 2:0-ээр хожигдсон. Хэвлэл мэдээллийнхэн ч ажилдаа шуурхайлан орж «Хийхээсээ хээнцэрлэх нь их Пепийн тар нь танигдав», «Их санасан газар есөн хоосон хонох вий» гэх зэргээр хэл амаа билүүдэцгээж байв.

«Мэдисон дүүргийн гүүр»-ийг уншиж, «Мөрөөдлийн баг»-ийнхаа хамтрагчдад хуулбарыг нь тараадаг байсныг нь хаанаас ч юм олж мэдчихээд «Ийм нялцгай гурилд нөөц багаа найдаж өгчихөөд доод дивизионы овон товон талбайд амжилт гаргахыг нь хүлээнэ гэдэг зангууны үлгэр» хэмээн нэг хэсэг гоочилж байлаа.
Дээрх эхний ялагдлын дараа Пеп Йохан Кройфтой очиж уулзсан. Тэдний харилцаа хуучин хэвэндээ орж багш шавийн барилдлагаа ахин сэргээгээд байв.

«Надад нэг төвөгтэй асуудал гараад байна. Багийн маань хоёр түлхүүр тоглогч том толгой гаргаад үгийг минь огт тоож сонсохгүй юм. Бусдадаа ч гэсэн сөрөг нөлөө үзүүлээд байна. Гэтэл би тэдэнгүйгээр хожиж чадахгүй. Багийн амжилт тэднээс шууд хамааралтай болохоор хасчихна гэхээр нэг л зориг хүрэхгүй юм»
«Тэднээс сал. Эргэлзэх хэрэггүй. Эхлээд эрх дархаа баталгаажуулж, энд хэн нь босс вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Нэг хоёр тоглолтонд хожигдоно л биз. Золиос үгүй амжилт байхгүй. Тэгсний дараа л чамд зорьж төлөвлөснөө хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Хэвцэглэсэн өөр хэнийг ч хоёр нохойн гөлгийн араас явуул»
Пеп багшийнхаа зөвлөгөөг дагаж бүдүүн хүзүүтэй хоёр тоглогчийг хөөж явуулаад бусдад нь тов тодорхой мессеж өгсөн.

«Би энд босс нь»

Image

Гоол хийж, дамжуулалтыг нь өгдөг хоёр гол тоглогчгүйгээр баг эхэндээ бажгадсан боловч Пеп орлох авьяастнуудыг нь авчирснаар асуудал шийдэгдсэн. Мөн арын шугамаа ч бөхөлж Тито Вилановагийн олж нээсэн нуруулаг төвийн хамгаалагч Чиког Кадисаас авчирсан юм. Андалус залуу дөрвөн жилийн дараа Михаэль Лаудрупын Суонси Ситид ирснийг та бүгд санах байх. Педро, Ассулин, Алкантара, Васкес нар улирлын эхний хагаст Пепийн тэргүүн сонголтууд байсан бол өвлийн амралтын дараа Бускетс дундын шугаманд хүч түрэн орж ирээд өөрийн байр сууриа бэхжүүлсэн. Гэрлийн хурдаар сайжирсан экс хамтрагчийнхаа хүүг Пеп ирэх жил нь үндсэн багийн менежер болсон даруйдаа таван жилийн гэрээгээр аргамжиж авснаа өөрийнхөө хийсэн хамгийн ухаалаг нүүдлүүдийн нэгэнд тооцдог. Мөн Педро, Виктор Санчесыг доод лигээс дагуулан дэлхийн тавцан луу хөтлөн гаргасан юм.

Хөлбөмбөг эрхэлсэн захирлаар ажилласан өмнөх дөрвөн жилдээ нөөц багийн тоглолтыг алдаг оног үздэг байсан Чики Бегиристайн тэр улиралд Миниэстадигийн байнгын зочин болсон нь цаанаа шалтгаантай байв. Улам бүр уруудаж унхиагаа алдаж буй нэгдүгээр багт нэмэр болох тактик, бүтцийн шинэ санаа, оновчтой санаачилга Гуардиолагаас олдоно гэж тэр найдаж байлаа. Испанид өнгөн дэлгэрсэн 4-3-3 схемийн оронд Пеп «Мөрөөдлийн баг»-аас хойш мартагдах шахаад байсан илүү зоримог 3-4-3 хувилбарыг сэргээн ашиглаж байснаас гадна заримдаа хуурамч ес гаргаж, төвийн хагас хамгаалагч Бускетсийг довтлогчоор тавих зэрэг санаанд багтамгүй шийдлүүдээр өрсөлдөгчдийнхөө толгойг эргүүлж байв. Райкард мэдээж энэ бүгдэд тоомжиргүй хандсан. Нөөц багийн амжилтын жинхэнэ нууц нь тактик, хувилбар бус Пепийн «Хийх эсвэл үх» гэсэн хандлага болохыг ч Чики удалгүй ойлгосон. Тоглолт бүрт финал адил хандаж, орилж хашгиран тоглогчдынхоо алдааг залруулж, хором амсхийлгүй хажуугийн шугамнаас нүхлэх шахам ширтдэг дасгалжуулагчтай багт өөр ямар зам байгаа гэж. Талбайн гадна, тоглолтгүй үед ч сахилга журам тогтоож идэж уух, амарч ажиллах цагийг нь нарийн тогтоож цагдсанаар тоглогчдын төвлөрөл дээд зэрэгт хүрч, туйлын чухал зүйл хийж байгаа гэдэг сэтгэл зүйг төлөвшүүлэн тогтоосон. Пепийн онолоор бол ямар ч түвшний, ямар ч багт ийм орчинг үүсгэж болно. Гагцхүү боломжийг нь өгвөл.

Улирлын төгсгөл гэхэд Чики Миниэстадигийн хувьсгалыг Камп Ноуд хуулбарлаж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Барса Б ойрын өрсөлдөгчөөсөө арван онооны зөрүүтэй аваргалж плей-оффыг давснаар Сегунда Б дивизионд тоглох эрхтэй болсон. Үл тоогч, үгүйсгэгч, дорд үзэгчдийнхөө хамар дээр ийнхүү нясалснаараа Пеп тэр дороо л испаний хөлбөмбөгийн ирээдүйтэй залуу дасгалжуулагчдын дунд толгой цохих болсон юм. Харин үүнийг болох ёстой юм болох жамаараа болж байна хэмээн хүлээн авсан хэд хэдэн хүмүүс байв. Нэг нь Хуанма Лильо.

«Хүмүүс түүнийг туршлага, ажилласан жилээр нь гоочилж байсан үеийг эргэн санах тоолонд миний хөх инээд хүрдэг юм. Дараа нь өнөө цэцэрхэгч, их мэдэхүүд чинь Пеп мандтугай болчихсон л тууж явдаг нь бүр ч хөгжилтэй. Би хувьдаа Пепийн нэгдүгээр багаас илүү нөөц багт хийсэн зүйлсийг нь илүү гайхалтай гэж боддог. Хөлбөмбөгөө хаяж, амьдралаа бодох нь холгүй байсан Б багийн залуус улирлын төгсгөл гэхэд яаж сайжирч, нэг биш хэд хэдэн шат ахисныг нь хараад би нүдэндээ итгэж чадаагүй. Баг бүхлээрээ өндөр түвшинд гарснаас гадна, тоглогчид хувь хүн талаасаа хэчнээн өөрчлөгдөж, хөгжиж хөрөвжсөнийг хэн ч ярьдаггүй. Энд л Пеп Гуардиолагийн онцгой ид шид байгаа юм»
Б багийг худгийн ёроолд бужигнуулж байх хооронд А багийн нөхцөл байдал өөдөлсөнгүй. Хоёр дахь улирлаа дараалан гялтайх цомгүй улирлын хөшгийг хаасан нь Фрэнк Райкардын сэнтийг хэн нэгэн хувьсгалч аавын хүүд шилжүүлэх цаг болсны дохио байв.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7465
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Takanohana_Nowitzki » Sat Apr 25, 2020 7:25 pm

Янзтай. :eek: Бүр шинэ бичлэг хүлээдэг боллоо.
Райкардыг мундаг дасгалжуулагч, яагаад халагдсан юм бол, дараа нь том багуудруу яагаад яваагүй юм бол гэж боддог байсан. 2-3 жил цом нтргүй гоожсоныг нь ч мэддэгүй байж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17112
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby rednasca » Sun Apr 26, 2020 11:45 am

энэнд бүр автаад Пепийг дэмждэг болох гэж байна шдээ... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20983
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby kayo » Mon Apr 27, 2020 11:44 am

Гоё шүү. Пепийн Б багт байсан энэ үеийг нарийн бол мэдэхгүй юм байна. Б багийг ямар ч байсан 4р дивизоноос 3луу орууллаа л гэж сонсож байсан. Дараа жил нь Лучо Б багийг аваад бүүр хоёр дугаар дивизон руу оруулсан санагдаж байна.

Райкаардын үеийг бол сайн санаж байна. Ронни, Деку гэсэн бразилууд шоудаад, Это энэ хэдтэйгээ муудалцаж манай багт нэг хар хонь байна гэсэн яриа гаргаад, Испани, гадаадаараа ялгарчихсан, жинхэнэ хөл толгой нь ойлголцохгүй, Ронни сайн тогловол ямар ч багийг хожино, муу тогловол тэгээд ямар ч багт хожигддог, Роннигийн сайн тоглох нь ч эрс багасчихсан, үе үе л класс юм хийхээс өөр юмгүй. Мэсси залуухан, цоо шинэ, багт байр сууриа олоогүй байсан үе.
kayo
Барса фэн
 
Posts: 7743
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Thu Jul 16, 2020 2:07 pm

...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

(ҮРГЭЛЖЛЭЛ)

ХЯТАД РУУ 2007

Олон тоглогчдын Камп Ноу дахь анхны болоод сүүлийн улирал болсон 2007-08 оны улирлын ерөнхий өнгө төрх тун базаахгүй бүүдгэр байв. Шийдэлгүй үлдээсэн өмнөх улирлын асуудлууд улам даамжирч, эмх замбараагүй байдал газар аван гаарсан. Хувцас солих өрөөний дэмжлэг, хүндлэл, сэтгэлийг алдсан Райкардад хийж чадах зүйл байгаагүй. Харсаар байтал тоглогчид нь түүнээс нүүр буруулж, тушаал зааврыг нь нохой хуцахын чинээ тоохоо больсон. Роналдиньо хамгийн тод жишээ нь байв. Льюис Канутын «Els secrets del Barca» (Барсагийн нууц) номноос ахин эш татья.

«Хөлбөмбөг сонирхогчид тэр улиралд Ронниг талбай дээр өдрийн од шиг цөөхөн харснаа бэртэлтэй байсантай нь холбож ойлгодог ч үнэндээ тийм биш. Хөшигний цаана, бэртэлтэй байгаа тул гэх албан ёсны тайлбарын ард өөр үйл явдал өрнөж байв. Кастельдефельс дэх баарны байнгын үйлчлүүлэгчид, зөөгч бартендерүүд л Бразил эрийн бэртлийн бодит шалтгааныг мэдэж байлаа. Шөнөжин шоудаж, өмнөх өдрийнхөө хувцсыг ч солилгүй сэлхэрч ядарсан тэрээр бэлтгэлийн баазын аль нэг мухрын өрөөнд дуг нойрондоо дугжирч байсан удаа цөөнгүй бий. Тэр болгонд нь клуб түүнийг хувийн бэлтгэл хийж байгаа эсвэл бие нь тавгүйрхсэн хэмээн аргалж өнгөрөөдөг байв. Райкард энэ бүгдэд эхэндээ хүлээцтэй, тэвчээртэй хандаж байсан боловч охинтой нь зугаацдаг тухай асуудал олон нийтэд ил болсноор Порту-Алегригийн залуутай нөгмөсөн түнжин тасарч үг дуугарахаа больсон»

Чихнээс нь хонх уяж, толгойг нь өвтгөсөн өөр тоглогчдын асуудал ч Райкардад мундаагүй. 2008 оны хавар Декү гэрлэлтээ цуцлуулж (арван тоглогч тэр улиралд эхнэр, хамтран амьдрагчаасаа салсан), хүүхэд нь өвчинд ээрэгдэн олон шөнийг эмнэлэгт нойргүй өнгөрүүлж байлаа. Рафаэль Маркес менежерийнхээ сануулгыг үл ойшоон Мадридад амьдардаг шинэ найз бүсгүй Жейди Мичеллийндээ долоо хоног бүр зочилж, бэлтгэлдээ хоцорч ирэх нь олшров. Тиагу Моттагийн төрсөн өдрийн үдэшлэг хоёр хоног дамнан үргэлжилж, утсаа салгаад усанд хаясан чулуу мэт алга болсон тул клубээс хүн явуулж хайлгахдаа хүртэл тулж байв. Клуб түүнийг донгодож, сахилгын арга хэмжээ авсан боловч илүү ноцтой хэрэг өдүүлсэн өөр нэгэн «Самба бүжигчин»-дээ хир халдаалгүй хаацайлж юу ч болоогүй мэт нүдээ аниад өнгөрүүлж байв.

Есөн сарын эхээр явагдсан «Копа Каталон»-ы шигшээд Химнастикт 2:1-ээр хожигдсон нь ямархуу төрхтэй улирал урд нь хүлээж буйн урьдчилсан сануулга болсон. Улмаар наймдугаар тойрогт Вильяреалын «Эстадио де ла Серамика»-д 1:3-ээр анхны гурван оноогоо алдан, дөрвөн долоо хоногийн дараа Хетафед дийлдэж, 12 сарын төгсгөлд Эль-Класикод 0:1-ээр бүдэрснээр хүснэгтийн оройд буй Реал Мадридаас бүтэн долоон онооны алдагдалтай шинэ оныг угтсан юм.

Ир нь мохож их зан гаргаад байгаа Роналдиньо, Декү, Это'о тэргүүтэй «ялзарсан алим»-нуудыг явуулж, Месси, Боян, Иньеста нарын эрч хүч, амбицтай, эвдрээгүй залууст суурилсан шинэ баг босгож эрс шинэчлэлт хийх санал удирдах зөвлөлд хүчээ авч байлаа. Харин Райкардад итгэж бүхнийг даалгах эсвэл түүнээс илүү зүрхтэй, шийдэмгий, хатуу нэгэнд хувьсгалын тугийг гардуулах эсэх дээр хоёр хуваагдаад байв. 11 сарын эхээр Хетафед гутамшигтай хожигдсоны дараа Пеп Гуардиолагийн нэр анх удаа боломжит нэр дэвшигчдийн жагсаалтанд нэмэгдэв. Гэвч Эварист Муртрагийн дэвшүүлсэн энэ саналыг Чики Бегиристайн шууд эсэргүүцсэн.

«Улирлын ид дундуур ийм том өөрчлөлт хийх нь хэт эрсдэлтэй. Нэгт нөхцөл байдал тэгтлээ дордчихоогүй байна. Хоёрт Пеп Б багийг эмхэлж цэгцлэх гэж өчнөөн ажил болсон. Ажлынхаа үр дүнг ядаж хараг. Туршлага ч сууг. Хэн ч түүнийг ерөнхий менежер болгохгүй гээгүй. Гэхдээ одоо цаг нь биш»
Дээгүүр юу болж байгаа, өөрийнх нь нэр ямар жагсаалтанд багтсаныг Пеп нэгдүгээр баг, удирдах зөвлөл дэх найзуудынхаа яриа, клубын эргэн тойрон дахь цуу үгнээс барагцаалж, бэлтгэлтэй байлаа. Гол мэдээг Эварист Муртра дээрх хурлын дараа утсаар дуулгасан.
«Чиний нэр энэ удаа дэмжигдсэнгүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Кройф амлалт өгсөн. Дараагийн улиралд чи Барселонаг дасгалжуулах болно»

Кройф улирлын эхнээс «Райкардын ид шид дууссан, үүнээс цааш нялганах шаардлагагүй. Ван Бастен эсвэл Гуардиолагийн аль нэгнээр нэн даруй солих хэрэгтэй» гэсэн байр суурьтай байлаа. Тэгээд Амстердамд зочилж Ван Бастен Евро 2008-н дараа (тэр үед Нидерландын шигшээг удирдаж байв) Аякст эргэн ирэхээр ам өчгөө өгснийг мэдээд Гуардиола дээр сонголт нь тогтсон юм. Миниэстадид очиж Б багийн тоглолтыг сонжин, хуучин шавийнхаа хийж буй зүйлсийг нүдээр үзсэнийхээ дараа энэ бодолдоо бүр ч итгэлтэй болж тэр оройдоо л Хоан Лапорта руу «Пеп бэлэн болжээ. Хийж байгаа зүйлээ мэдэж байна» гэсэн мессеж илгээсэн.
Гэсэн ч ерөнхийлөгч Райкардад итгэж, бүхнийг буцаад эргүүлж чадна гэсэн найдварынхаа үзүүрээс тавьж чадахгүй байлаа. Өөрийнх нь нэр төрийг үлэмж өсгөсөн 2006 оны Парисын гайхамшгийг мартахад түүнд дэндүү эрт байв. Тиймээс байдлыг харзнах зуураа боломжит өөр ямар хувилбар байгааг бодьё гэсэн хариуг Йоханд өгсөн юм.

Жозе Моуринью гэнэт тоглоомонд орж ирсэн нь ч үүнд нөлөөлсөн байх үндэстэй. Есөн сарын 20-нд түүнийг Челси дэх ажлаа өгснөөс хойш Камп Ноуд буцааж авчрах тухай асуудал идэвхтэй яригдаж удирдах зөвлөл хоёр хуваагдсан. Кройф тэргүүтэй нэг хэсэг нь үүнийг клубын үндсэн философи, үнэт зүйлсээс ухарсан алхам болно гэж байхад нөгөө хэсэг нь хямралаас гарч хожиж л байвал яаж тоглох нь хамаагүй гэлцэж байлаа.

«Хөл толгой нь олдохоо байсан манай хувцас солих өрөөг «Онцгой нэгэн» шиг чанга менежер л номонд нь оруулж чадна. Ямар ор тас танихгүй хөндлөнгийн хүн биш. Камп Ноуд буцаж ирэхийг үргэлж л хүсдэг байсан»
11 сарын 27-нд явагдсан аваргуудын лигийн хэсгийн тавдугаар тойрогт Барса хамгаалалтын хайнга алдаа гарган тэргүүллээ алдаж Лионтой 2:2-оор тэнцэв. Цаг дуусахын өмнө Францын багт өгсөн торгуулийн цохилтонд уурссан Райкардын тавтиргүй авирт шүүгч улаан хуудас өргөсөн юм.

Яг тэр өдрийн орой Барсагийн удирдлагууд уулзаж хоёр зүйл дээр санал нэгдэж шийдвэр гаргасан. Нэгт: Ирэх зунаар дуусах Фрэнк Райкардын гэрээг сунгахгүй. Хоёрт: Халааг нь залгах мэргэжилтний эрлийг түргэвчлүүлэх. Буланд шахагдаж ганцаардсан Лапортад үүнийг хүлээж авахаас өөр зам байсангүй. Дэд ерөнхийлөгч Марк Ингла дараагийн дасгалжуулагч олох ажлыг даан авч, Чики Бегиристайн хажууд нь хяналт тавин туслахаар болсон. Маркетингаар мэргэшсэн бизнесмений хувьд Ингла байгууллагын гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах гурван үе шаттай аргачлалыг энд ашиглахаар шийдэж нарийвчилсан схем боловсруулсан. Нэр дэвшигчдийг эхлээд тодорхой шалгуурт тэнцүүлэн шигшиж, дараа нь удирдах зөвлөлийн хурлаар оруулан олонхийн дэмжлэг авсныг нь шүүж үлдээгээд, эцэст нь ярилцлаганд оруулж хувийн зан төлөв болоод хийх зүйлсийнх нь төлөвлөгөөтэй танилцаж шилэх шат дамжлагатай байв. Испаний хөлбөмбөгт өмнө нь ямар ч баг ийм байдлаар менежер томилж байсан удаа байхгүй.

Нэр дэвшигчдэд тавигдах эхний шалгуур нь Инглагийн тэмдэглэлийн дэвтэрт ийн бичигдсэн.
«Испаний хөлбөмбөг, Барселонад өмнө нь ажиллаж байсан тоглогч эсвэл дасгалжуулагчийн түвшний туршлагатай. Клуб болоод каталон үндэстний үүх түүх, үнэт зүйлс, өв уламжлал, соёлын талаар өргөн гүн мэдлэгтэй. Хөлбөмбөгийн ертөнцөд байр сууриа эзэлж, амжилтаараа танигдаж хүндлэгдсэн. Хувь хүн болон дасгалжуулагчийн хувьд төлөвшиж, баг удирдах арга барил хэв маягаа бий болгосон. Тоглолтын бэлтгэл, өрсөлдөгчдийн судалгааны онцлогоо уян хатан байдлаар хөрвүүлж чадах. Хувцас солих өрөөнд сахилга бат, ёс зүй, эв нэгдлийг эргүүлэн авчирч, өсвөрийн багийнханд үлгэр дуурайл болж чадах хүчирхэг сэтгэл зүй, зан төлөв, харизматай»

Ингла, Чики хоёр боломжтой гэж үзсэн бүх нэрнүүдээ доош нь жагсааж бичээд нэг нэгээр нь дээрх шалгууртаа тэнцүүлэн шүүж эхэллээ. Мануэль Пеллегрини, Арсен Венгер, Михаэль Лаудруп, Рональд Куман, Диего Симеоне бүгд дээрээсээ хөндлөн зураас татуулан хасагдсаар эцэст нь гурван нэр улаа шугамны оройд тунаж үлдсэн юм. Жозе Моуринью, Пеп Гуардиола, Эрнесто Вальверде. Эспаньолд ирсэн анхны жилээ (2007) УЕФА-гийн цомын шигшээд шалгаруулсан бас экс Барсагийн тоглогч гэдгээр нь Чики Вальвердед нэлээн найдлага тавьж байсан ч гэсэн удирдах зөвлөлд олны дэмжлэг авч чадалгүй хоёр дахь шатнаас хасагдсан. Ингээд Моуринью, Гуардиола хоёр үлдлээ.

Нэг нь тоглогчийн хувиар гавих зүйлгүй боловч дасгалжуулагчаар хорин гурван жил ажиллаж авч англи португалд өөрийгөө батлан аваргуудын лигт хүртэл түрүүлчихсэн хашир хандгай. Нөгөө нь дасгалжуулагчийн ертөнцөд дөнгөж хөл тавиад шатны эхний гишгүүр дээр зогсож буй «ногоон»-оороо боловч тоглогчийн хувиар авч болох бүх цом шагналыг авдрандаа хийчихсэн нэгэн үеийн домог. Нэг нь дөрвөн жил Камп Ноуд орчуулагч, туслахаар ажилласан ч гэлээ идээшиж чадаагүй хөлбөмбөгийг өөр өнцгөөс хардаг хар элгийн хүн. Нөгөө нь Барсагийн ДНХ судсаар нь урсаж байдаг Ла Масиагаас үйлдвэрлэгдсэн унаган тоглогч.
Захирлуудын зөвлөлийн нөлөө бүхий хэд хэдэн гишүүд Моуриньюг дэмжиж байсны дотор клубын санхүүг хариуцсан дэд ерөнхийлөгч Ферран Сориано гол жинг дарж байлаа. Клубын нийт орлогыг таван жилийн дотор €123 саяаас €308 болгон өсгөж, €73 саяын алдагдлыг €88 саяын ашиг болгон өөрчилсөн тэрээр энэ бүхнийг маркетинг, бизнесийн өнцгөөс нь харж байлаа.
«Моуринью гэдэг нэр өөрөө брэнд болчихсон. Барсагийн брэндийн үнийг хэд дахин өсгөж чадна. Бид энэ боломжийг алдаж болохгүй»
2008 оны нэг сард Ингла, Чики нар Моуриньютой уулзаж шалгаруулалтын сүүлийн шатны ярилцлагаа хийхээр Португал руу нислээ. Декү, Рафаэль Маркесийг төлөөлж Барсатай байнгын холбоотой ажилладаг түүний агент Хорхе Мендеш мөн тэнд байлцсан юм.

Уулзалт Мендешийн зөвлөснөөр олны нүднээс далд, Лиссабоны төв банкны нэгэн салбарт явагдсан бөгөөд Чикигийн нислэг хойшлогдсон тул Ингла ярилцлагаа ганцаараа эхлүүлсэн юм. Хагас цагийн дараа хөлбөмбөг эрхэлсэн захирлыг банкинд орж ирэхэд Жозе зөөврийн картан дээр хуулж авчирсан шинэ Барсагийн төслөө танилцуулж эхлэв.
Туслах Андре Виллаш-Боашдаа тусгай даалгавар өгөн Камп Ноу руу явуулж «тагнуул»-ын мэдээ хэдэн долоо хоногийн турш хураасан тул тэр Барсагийн удирдлагын сонсохыг хүсэж байгаа бүхнийг мэдэж байлаа.

«Хамт олноо хойш ч, уур амьсгал эвдэж байгаа үймээн дэгдээгчдээс юуны өмнө сална. Илүү өлсгөлөн, үг сонсдог, залуу тоглогчид яг одоо Барселонад хэрэгтэй. Эхний ээлжинд явуулж бас авчрах тоглогчдын жагсаалтаа би гаргачихсан байгаа. Бас эндхийг сайн мэддэг, зодог тайлаад удаагүй экс тоглогчийг баруун гараа болгомоор байна. Луис Энрике, Серхи Бархуан, Альберт Феррер эсвэл Пеп Гуардиола. Тактикийн хувьд багийн уламжлалт 4-3-3 схемийг хадгалж хагас хамгаалалтын халаа сэлгээгээр сайжруулахаар бодсон. Челсид би Лампард, Макелеле, Эссьенээр тийм туршилт хийж үзсэн болохоор үр дүнд нь итгэлтэй байна.

Сүүлийн хэдэн жилийн Аваргуудын лигийн оноолтууд намайг Камп Ноугийн эсрэг дүр болгосныг би мэдэж байна. Үзэн яддаг хүмүүс ч байгаа. Гэхдээ та нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Телевизийн дэлгэц, сонины хуудаснаас хардаг хүн чинь би биш. Энэ бол миний ажлын арга барилын нэг хэсэг. Зорилгодоо хүрэх зэвсэг. Өнгөлөн далдлалт. Өөр юу ч биш. Өрсөлдөөнд давуу тал олох сэтгэл зүйн тоглоом. Хөлбөмбөг хэвлэлийн бага хурлаас эхэлж хэвлэлийн бага хурлаар дуусдаг. Тийм болохоор бүхнийг том зургаар нь харж толгойтой хөдлөх хэрэгтэй»

Жозегийн ажлаа мэддэг, алхам бүрээ төлөвлөдөг, няхуур нямбай зан Ингла, Чикид таалагдаж анхны энэ уулзалтаас өндөр сэтгэгдэлтэй буцсан. Өөрт нь жилийн есөн сая, туслахуудад нь тус бүр нэг сая евро өгнө гэвэл хоёр жилийн гэрээнд гарын үсэг зурахад Португал эрхэм бэлэн байлаа.

Ер нь ч Жозе Моуриньюд багийн жолоог атгуулахад болохгүй зүйл байсангүй. Нэг «гэхдээ»-г эс тооцвол. Ямар ч аргаар хамаагүй хожилд хүрэхийг чухалчилдаг түүний зарчим Барсагийнхтай харшилдаж байлаа. Үр дүн нь аргаа зөвтгөнө гэж Камп Ноуд хэн ч ярьдаггүй. Хожих ёстой ч бас хэн гэдгээ мартаж болохгүй. Чиг шугамаасаа ухарч, өөрийгөө доромжлон байж авсан цом шагналд үнэ цэнэ гэж үгүй. Моуринью багт амжилт ялалт авчирах нь мэдээж. Гэхдээ дадсан замаараа. Сэтгэл зүйн тоглоомоо хийж, хэвлэлээр хорон үг шидэлцэж, өрсөлдөгчөө үл хүндэтгэн, хавьтсан ойртсоныхоо хор шарыг малтана. Бүхий л амьдралынхаа турш өнгөлж зүлгэж, гартаа оруулсан гол зэвсгээ хаяхгүй гэдгээ ч ярилцлагын үеэр хэлсэн. Энэ л Моуриньюг томилоход сүүлчийн бартаа болж байв.

Гурван жилийн өмнө Камп Ноуд 2:1-ээр хожигдохдоо Райкардыг ерөнхий шүүгчийн өрөөнд орж Дрогбаг хөөлгөх далд тохиролцоо хийсэн хэмээн хилс гүтгэсэн дурсамж ч бас Барсагийн фэнүүдэд шинээрээ байсан.
Ингээд нөхцөл байдлыг тал талаас нь сайтар судалж тунгааж үзсэний эцэст Чики эрсдэлтэй ч гэсэн Гуардиолад итгэх нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн юм. Тэгээд Марк Ингла болон бусад Моуриньюгийн дэмжигчдэд яагаад Пеп илүү дээр сонголт болохыг ятгаж сэнхрүүлэх ажиллагаандаа оров. Жозед хэзээ ч нааштай хандаж байгаагүй Йохан Кройфын нэр нөлөө, алдар хүнд үүнд нь үлэмж тус болсон. Эварист Муртра болон академийн захирал Хосе Рамон Алешанко нар хувь нэмрээ оруулсан.

«Туршлагагүй гэдгээс өөр түрий барих барьцтай няцаалт эсрэг талынханд байгаагүй. Харин бид Пепийг хөгжөөн дэмжигч, тоглогчдын дунд хүндлэгдсэн, Барсад өсөж хүмүүжсэн өөрийн хүн гэдгээр нь сөрөг дайралт хийж байв.
Клубт бугшсан гадна дотны асуудлуудыг экс тоглогч каталон хүн л бүрэн дүүрэн ойлгож гарцыг нь олж чадна. Хамаг карьераа португал, англид өнгөрүүлсэн хаа хамаагүй хүн орж ирээд түр зуур л гал унтраана. Хагас жилийн дотор Пеп Б багийг яаж танигдахгүй болтол нь хувиргасныг хар л даа. Хүснэгтийн оройд хол тасархай даналзаж байна. Анх тийшээ явахад нь ч гэсэн та нар чадахгүй, бүтэхгүй л гэж байсан шүү дээ гээд хэлээд орхитол бүгд ус балгасан юм шиг дуугаа хураасан»
Удирдах зөвлөл, захирлуудын дийлэнхийн саналыг авна гэдэгтээ Чики эргэлзэхгүй байлаа. Ийм бардам байх шалтгыг нь Моуриньюг өөрөө өгчихсөн. Лиссабонд хийсэн уулзалтаа нууцлах амлалт өгсөн атлаа хэвлэлийнхэнд ам алдсан нь түүний талынхныг удирдах зөвлөлд цөөнх болж ялагдахад томоохон түлхэц болсон юм. Юутай ч хэдэн сараар сунжирсан дасгалжуулагч сонгох үйл явцын турш Моуринью хүчтэй нэр дэвшигч хэвээр байсан бөгөөд Инглагийн хэлснээр «2008 оны зургаан сард Жозег Интертэй албан ёсоор гэрээ байгуулах хүртэл нь бид холбоогоо таслаагүй. Харилцан и-мейл илгээж, санал бодлоо солилцож» байв. Энэ зуур Чики ухуулж урвуулах ажлаа үргэлжлүүлсээр байв.

«Сонин сэтгүүлийн хийрхэлд үнэмшиж цагаа үрэх хэрэггүй. Моуринью манайхаар шагайхгүй. Харин хэний ч төсөөлөөгүй гэнэтийн бэлэг удахгүй ил болно» гэж Райкардад хүртэл хэлсэн байдаг.
2008 оны гурван сар гэхэд клубын голлох захирал, зөвлөлийн гишүүдийн тархинд тодорхой зураглал бий болчихсон байв.
«Улирал дуусгаад Райкард явна. Пеп Гуардиола зургаан сараас халааг нь залгана»
Нэг л хүнээс бусад нь. Ерөнхийлөгч Хоан Лапорта. Европын цомтой Барсагийн түүхэн дэх хоёр дахь ерөнхийлөгч болгосных нь төлөө, ла лигт хоёр жил дараалан түрүүлж галактикосын эринийг няц дарсных нь төлөө, Бекхэмийг Реалд алдаад авралгүй болчихсон нэр хүндийг нь ахин сэргээснийх нь төлөө Лапорта Райкардад ахин нэг боломж өгөхийг хүсэж байлаа. Бас тоглогчийн замналыг нь хүндэтгэж, элэгсэг ойр хувийн харилцаатай байдгийн хувьд төмөр нүүр харуулж хатуурхахыг хүсэхгүй байв.
Итгэлээ өгсөн нэг дасгалжуулагчаасаа нүүр буруулалгүй, үнэнч тууштай хамтарсан гэж хожим дурсагдах хүсэл ч байсан байх. Лапорта бол нэр хүндээ эрхэмлэдэг, алдаа эндэгдлээс харшилтай, төгсрөлд тэмүүлэгч. Тиймээс Барсагийн түүхэн дэх хамгийн агуу, амжилттай ерөнхийлөгч болж үлдэх амбицаа доод дивизионд наймхан сар ажилласнаас өөр онцлоа зүйлгүй дөч хүрээгүй дасгалжуулагчаар устгуулах сонирхол байгаагүй нь лав. 2003 оны ерөнхийлөгчийн сонгуульд Пеп өөрийнх нь эсрэг талд, гол өрсөлдөгчтэй нь өвөр түрийдээ орж байсныг ч хэлэх үү.

Дотор болон дотны хүмүүс нь түүнд «Битгий тэг. Энэ чинь сүйрэлд хөтлөх хуумгай, солиотой алхам. Үлдсэн амьдралдаа чи харамсана» гэж шивнэж байв.

Юутай ч тэрээр Чики болон Кройфын шургуу хүсэлтийг харгалзан үзэж Б багийн тоглолтыг Миниэстадид хэд хэдэн удаа очиж үзсэн. Өөр дээр нь гэрэл тусаж, тайзны голд зогсож байгаагаа Гуардиола мэдэрч байв. Гэхдээ нэгдүгээр багийг тийм гүн шаварт суучихсан, тэгсэн байлаа ч тусалж гаргаж чадах хүн нь өөрийгөө гэдэгт бүрэн итгэлтэй биш байв.
Аваргуудын лигийн шөвгийн 16-д Селтикийг 3:2-аар буулган авч испаний багт талбайдаа хожигдоогүй 30 жилийн цувралыг нь төгсгөл болгохыг үзээд Райкардын хүчирхэг Барса эргэн ирж байна гэж Пеп бусдын адил үнэмшсэн. Шалькег шөвгийн наймаас мулталж хагас шигшээд шалгарсан нь ч тийм сэтгэгдэл төрүүлж байв.
«Асуудал менежментдээ биш тоглогчдодоо байгаа. Өөр бүрэлдэхүүнтэй үзээд алдахийг нь Фрэнкт зөвшөөрөх хэрэгтэй» гэж хэлж ч үзсэн.

Декү, Месси бэртэж, аваргуудын лигээс хасагдан (хагас шигшээд Манчестер Юнайтедэд хожигдсон), копа дель рейн шөвгийн дөрөвт Валенсиад хожигдсоноор энэ хэсэгхэн зуурын уярал төгсгөл болов. Дараа нь төсөөлшгүй зүйл тохиолдлоо.
36-р тойрогт товлогдсон Эль Класикогийн өмнө Реал Мадрид аваргын болзлоо хангасан тул Барсагийнхан тэднийг Сантьяго Бернабеуд тавлаж тохуурхсан Мадридиста нарын өмнө хүндэтгэн жагсаж угтах (pasillo) шаардлагатай болсон. Блауграна өмсгөлтөнд эдлүүлж болох хамгийн ичгүүртэй энэ гэсгээл хангалтгүй байсан бол 1-4-ээр бут ниргүүлсэн үр дүн үлдсэнийг нь гүйцээсэн.

Image

Дөрвөн шар хуудастай гэдгээ мэдэж байсан хэрнээ өмнөх тойрогт нь санаатай алдаа гаргаж Мадрид руу зорчилгүй үлдсэн Декү, Это’од ямар ч хариуцлага тооцсонгүй. Гадны тоглогчид pasillo-д тэгтлээ эмзэглээгүй байж болох ч Барсагийн үнэ цэнэ, утга учрыг ухаардаг, Камп Ноуг гэрээ гэж тооцдог унаган тоглогчдын хувьд энэ бүхэн хангалттай байлаа. Тэд өөрчлөлтийг, өдөр хоногоо аргацааж буй мэт урагшгүй өрөвдөм байдлыг эцэс болгохыг хүсэж байлаа. Тэд «Мөрөөдлийн баг»-ийн ноён нуруу болж өсвөр насных нь шүтээн болсон, дараа нь Б багийг шинэчилж итгэмээргүй амжилтанд хөтөлсөн Пеп Гуардиолагаар удирдуулахыг хүсэж байлаа. Зөвхөн хүсээд ч зогсохгүй дундаасаа төлөөлөгч томилон Хоан Лапорта ерөнхийлөгчтэй уулзаж дараагийн улирлыг ийм байдалтай өнгөрүүлж чадахгүй гэдгээ ч хэлсэн.

Пуйоль, Шави, Иньеста, Вальдес, Олегер нар энэ «Анти-Райкаард» хөдөлгөөний ерөнхий зохион байгуулагчид байв. Багаа гэсэн зүрхтэй, бахархал нэр төрд нь санаа зовниж сэтгэл гаргадаг ийм туг баригчид байгаагүй бол Барса тэр улирлыг бүр гутамшигтай байдлаар дуусгаж болох байв. Месси, Боян, Дон Сантос ч академийн ах нарынхаа жишгийг дагаж багийнхаа төлөө илүү хөлс дуслуулж байв.

Роналдиньогийн залгамжлагч гэж гарч ирсэн Мессигийн хувьд энэ улирал олон зүйл өөрчлөгдсөн. Нэгт: Бразил эрийн сүүдрээс гарч бага дүүгээс гарааны түлхүүр тоглогч болсон. Хоёрт: Талбайн гадна Роннигоос зайгаа барьж хөнгөмсөг шоучин амьдралын хэв маягт уруу татагдахаас зайлсхийсэн. Гуравт: Пуйоль, Шавитай илүү ойртож, үлгэр жишээ авах зөвлөгчдөө болгосон. Эдгээр шийдвэрүүд Мессигийн хөгжлийг түргэсгэн дэлхийн түвшинд гарахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Дээгүүрх бужигнаан самууны сургийг Пеп тоглогчид болон туслахуудаасаа сонсож байв. Гэхдээ нүд үнэнч чих худалч гэдэг. Дөрвөн сарын сүүлээр үндсэн багтай нөхөрсөг тоглолт хийхдээ л цуу яриа үнэн болохыг, камп ноугийн хувцас солих өрөөнд цэвэр агаар дутагдаж байгааг бүрэн ухамсарлаж ойлгосон. Гэдэс нь унжсан Роналдиньо арван минут бололгүй сэлгэгдэж, Декү Маркес хөдөлж ядан лазагнаж, бусад нь байрлал давхцан хөгөө чирч байгааг Райкард тоосон шинжгүй тамхи татан ажиглаж байв. Пепийн дөрөвдүгээр дивизионы хөвгүүд хажуугаар нь адуу шиг тачигнан өнгөрч, хөгшчүүлийн асрамжийн газрынхантай тоглож байгаа мэт хүссэнээрээ элдэвлэж байлаа. Эцэст нь Райкардын туслах ирж Пепээс залуустаа жаахан дарж тоглохыг гуйхаас өөр аргагүй болсон юм.

3:0-ээр төгссөн энэ тоглолтын дараа Гуардиола нэг дүгнэлтэнд хүрсэн. «Би гүйцэд боловсрогдож бэлэн болоогүй байж болно. Гэхдээ ямар ч байсан нөөц багтаа хожигдож булайгаа чирүүлэхгүй байлгаж чадна. Барсагийн төлөө хичээхээс өөр зам алга»
Миниэстадид урамтай хожлын гэрч болсныхоо дараа ноён ерөнхийлөгч бага зэрэг зөөлөрч Гуардиолатай хамт оройн зоог барихаар болов. Клубын түүхийг үүрд өөрчлөх эргэлтийн цэг болсон энэ уулзалт Барселоны төв зүрхэнд сүндэрлэдэг цуут «Мажестик» зочид буудлын Дролма ресторанд явагдсан юм.
2008 оны хоёр сарын 28. Мишлений гурван одтой гял цал болсон тансаг ресторан. Ижил зүйлийг хүсэж байгаа ч хийх аргыг нь өөр өөрөөр төсөөлж буй өөд өөдөөсөө харан суусан хоёр эрхэм.

Шил хагас улаан дарсны ард гарч яриа халсны дараа Лапорта үндсэн сэдэвтээ шилжлээ. Харилцан яриа дараах байдлаар өрнөснийг каталон сэтгүүлч Жорди Понсын номноос сийрүүлье.
«Ерөнхийдөө гэж хэлэхэд улирлын төгсгөлөө сайн хийчихвэл Фрэнк Райкард албаа цааш үргэлжлүүлнэ. Үгүй бол хэн нэгэн орыг нь залгана. Тэр хүн нь чамайг байх боломжтой гэж бид тооцож байгаа. Чи энэ талаар юу гэж бодож байна?» хэмээн ерөнхийлөгч тандав.
«Сайн төгсгөл гэдэг нь...»
«Аваргуудын лигийн финал. Хэрэв Райкард багаа Москвад аваачвал асуудал байхгүй. Үлдээж болно. Тэгж чадаагүй тохиолдолд Барселона зургаан сараас чиний мэдэлд шилжинэ»
Пеп дуу алдав.
«Зориг чинь дутах байлгүй»

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7465
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby kayo » Thu Jul 16, 2020 4:04 pm

Ингла, Чики хоёр боломжтой гэж үзсэн бүх нэрнүүдээ доош нь жагсааж бичээд нэг нэгээр нь дээрх шалгууртаа тэнцүүлэн шүүж эхэллээ. Мануэль Пеллегрини, Арсен Венгер, Михаэль Лаудруп, Рональд Куман, Диего Симеоне бүгд дээрээсээ хөндлөн зураас татуулан хасагдсаар эцэст нь гурван нэр улаа шугамны оройд тунаж үлдсэн юм. Жозе Моуринью, Пеп Гуардиола, Эрнесто Вальверде. Эспаньолд ирсэн анхны жилээ (2007) УЕФА-гийн цомын шигшээд шалгаруулсан бас экс Барсагийн тоглогч гэдгээр нь Чики Вальвердед нэлээн найдлага тавьж байсан ч гэсэн удирдах зөвлөлд олны дэмжлэг авч чадалгүй хоёр дахь шатнаас хасагдсан. Ингээд Моуринью, Гуардиола хоёр үлдлээ.

Валверде энэ үед яригдаж байсныг мэдсэнгүй. Тухайн үед тэнцээгүй ч дараа нь ирээд бужигнуулсан даа, ккк.

Моуг авах гэж нэлээн яригдаж байсныг санаж байна. Нөхөр ирсэн бол яах байсан бол доо. Бүх юм тэс өөр байх байсан биз.
kayo
Барса фэн
 
Posts: 7743
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Mon Jul 27, 2020 2:40 pm

...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

(ҮРГЭЛЖЛЭЛ)

Жилийн дараа хэвлүүлсэн Пепийн талаарх дуулиант номдоо Жорди Понс дээрх нэрийг өгсөн. Зөвхөн Пеп л ирээдүйн заяа төөргийг нь шийдэх эрхтэй ажил олгогчтойгоо ийм илэн далангүй, ил шударга байж чадна. Улаан дарсны нөлөө үл ялиг орсон байхыг бас Пеп үгүйсгэдэггүй.

«За тэгээд, чи зөвшөөрөх юм уу үгүй юм уу?»

Пеп инээмсэглэв. Хэвлэлийн бага хурал, камерын дурангийн өмнө бидний байнга харж дадсан, Санпедорын усан оргилууртай талбайд хэрэг тарьчихаад найзуудаа аварч гардаг байсан түүний өнөөх зальжин мишээл.
«Тийм ээ, мэдээж хэрэг. Би Барсаг лигийн аварга болгож чадна. Чадна гэдгийг минь чи мэдэж байгаа»
Маргааш өглөө нь дарсны дуниар арилж, эрүүл ухаан нь эргэн ирэхэд Пеп өмнөх орой нь ерөнхийлөгчтэйгөө ярьсан зүйлсээ эргэцүүлж дүгнээд гэнэт айдас нь төрөв.

«Юу болоод өнгөрөв өө. Яагаад би тийм зүйл хэлчих вэ. Тэгж том амлачихаад хэлсэндээ хүрч чадахгүй шившиг болбол бол яана»
Тэгээд ажил дээрээ ирж Тито Вилановатай ний нуугүй ярилцлаа. Зовнил, түгшүүрт автах бүрийдээ зөвлөмж зөвлөгөөг нь эрдэг эрхэм шадар туслахынхаа зөн совинд Пеп хэзээ ч эргэлзэж байгаагүй.
«Улирал дуусгаад Райкард явбал тэд надаар нэгдүгээр багийг удирдуулна гэнэ. Хоёулаа үүнд бэлэн билүү?»
«Бэлэн? Бэлнээс ч илүү!»

Дролма дахь дарстай уулзалтын үеэр ам алдсан ёсоороо Лапорта удалгүй «Аваргуудын лиг эсвэл тойрохоо зуруул» гэсэн тулгах бичиг Райкардад хүргүүллээ. Нидерланд эрхэм энэ шаардлагыг тайван хүлээж авсан. Хэн халааг нь авахаар хүлээгдэж байгаа ч мэдэж байв. Хараал зүхлээр билиндэж бухимдсан ч ойлгож болохуйц хавцалд хашигдсан энэ хүсэмгүй нөхцөл байдалд Фрэнк хүмүүсийн хүлээж байснаас тэс өөр хариу үйлдэл үзүүлсэн юм. Нэгэнт л өөрийнх нь Барса дахь өдрүүд насгүй болчихсон хойно Гуардиолаг нэгдүгээр багийн дасгалжуулалтын багт эртхэн авчирч шинэ ажилд нь дасгаж байхыг тэрээр санал болгосон юм. Их зан, эго үгүй энэхүү өгөөмөр дэлгэр нүнжиг нуруутай зан нь цом шагналтайгаа нийлээд Райкардыг ерөнхийлөгчдөө хүндлэгдэж, тоглогчдодоо талархагдаж, хөгжөөн дэмжигчдийнхээ хайр бишрэлийг татсан дахин давтагдашгүй онцгой дасгалжуулагч болон Камп Ноуд дурсагддаг, цаашдаа ч дурсагдан үлдэхийн учир шалтгаан билээ.

Пеп түүний саналд талархаад улирлын төгсгөл хүртэл Б багтаа үлдэж дөрөвдүгээр дивизионд эхлүүлсэн ажлаа дуусгахыг илүүд үзсэн юм. Ийнхүү асуудал жигдэрч хоёр тал ойлголцолд хүрснийг түшиглэн клуб хөшгөө нээх 80 хувийн магадлалтай буй Пепийн эрин үеийг угтаж урьдчилсан бэлтгэлээ базаахаар шийдсэн. Барселона шиг үлэмж том институтид ямар ч түвшний удирдлагын халаа сэлгээ хийгдэнэ гэдэг яггүй толгой өвтгөсөн нажидтай үйл явц. Гайхамшиг тохиож Райкард ажлаа авч үлдлээ ч гэсэн Гуардиолагийн нөөц багт хэрэгжүүлж буй өөрчлөлт шинэчлэлтээс үндсэн багт авч тусгууштай санал санаачилга олон байлаа. Тиймээс Ингла, Чики нар аль аль боломжийг харгалзан үзээд таван сарын 18-нд товлогдсон улирлын хаалтын тойрог хүртэлх үлдсэн хугацааг Райкард, Гуардиолатай зөвлөж, Барсаг хэрхэн хөгжүүлж болох төлөвлөгөөг боловсруулсан юм. Үүнд бүрэлдэхүүний нөөц, наймааны бодлого, дасгалжуулалтын арга барил, дотоод бүтэц зохион байгуулалт зэрэг багтаж байлаа. Мөн хоёр дасгалжуулагчийн зөвшөөрлөөр Сейду Кейта, Даниэл Алвес, Александр Хлеб, Жерар Пике, Мартин Касерес нарыг авчирах хэлэлцээрийг эрчимжүүлсэн юм.

Харамсалтай нь нэгдүгээр багийн форм энэ хооронд лигт ч, европт ч өөдөлсөнгүй. Бетис, Депортиво, Мальоркад дээрэлхүүлэн хожигдож ла лигийн аваргын өрсөлдөөнөөс хасагдсан бол аваргуудын лигийн их шөвөгт (хагас шигшээ) Манчестер Юнайтедийн өмнө өвдөг сөхөрсөн. Дөрвөн сарын 23-нд талбайдаа хүлээж аваад гоолгүй тэнцсэн бол долоо хоногийн дараах Олд Траффордын хариу тоглолтонд 1:0-ээр хожигдсон юм. Пол Скоулз цорын ганц гоолыг нь оруулсан.
«Роналдиньо тэр үед бэртэлгүй байсан бол...» гэж халаглах хүмүүс байдаг. Үнэндээ жин нэмж формоо алдсан, гал цоггүй Ронни байсан байгаагүй Барселона тэр үдэш хана хэрэм мэт Юнайтедийн хамгаалалтыг сэтэлж чадахааргүй байсан. Илаарьшиж өгдөггүй учир битүүлэг «өвчний» улмаас Ронни гурван сараас хойш талбайд огт гараагүй бөгөөд тэдгээр өдрүүдэд Камп Ноугаас илүү бикини клубээс түүнийг хайвал олох магадлал өндөр байв.

Дөрвөн сарын 29-ны орой Манчестераас Барселон руу буцах нислэгээ хүлээж байхдаа сэтгэл нь хэзээ ч байгаагүйгээр хоосорч хөндүүрлэснийг хожим Райкард дурссан байдаг. VIP танхимын буланд ганцаараа сууж байхдаа тэрээр нөгөө талд тойрч зогсоод өөрийг нь үл хайхран ярилцаж буй Лапорта, Ингла, Бегиристайны царайны хувирлаар ирээдүй нь нэгэнт шийдэгдсэнийг ойлгож байв. Барселона одоо түүний баг байхаа больсон. Камп Ноугаар овоглосон таван жилийн адал явдалдаа цэг тавих цаг болж.
Тав хоногийн дараа удирдах зөвлөл ээлжит бус хурлаа хийж Пеп Гуардиолаг Барселонагийн шинэ дасгалжуулагчаар томилох албан ёсны шийдвэрийг дуу нэгтэйгээр гаргав. Клубын зуун жилийн түүхэнд өсвөрийн академийн бүх насны багаар дамжин боловсорч үндсэн багт дэвшээд дараа нь ахлагч болж, зодог тайлаад дасгалжуулагчаар эргэн ирсэн анхны хүн нь ийнхүү Пеп болсон юм.

2008 оны таван сарын зургаанд Гуардиола гурав дахь удаагаа аав болж гэр бүл нь бяцхан охин Валентинагаар гишүүн нэмэв. Тэр өдөр нь Лапорта клубын захирал Эварист Муртрагийн хамт эхнэрийнх нь амаржсан Дексеус эмнэлэгт зочилж баяр хүргэхдээ Пепт бас нэгэн баярт мэдээг дуулгасан юм.

«Барселона одоо чинийх болсон. Удирдах зөвлөл чамайг дараагийн дасгалжуулагчаар сонгосон»

Өөрт нь итгэж, үнэлж буйд Пеп даруухан талархал илэрхийлээд амьдралынхаа аз жаргалтай онцгой мөчөө эхнэртэйгээ хуваалцахаар одов. Кристина тэр хоёр 18 насандаа анх танилцсан хосууд. Санпедорын ойролцоох Манреса хотоор зугаалж явахдаа Пеп бүсгүйн ажилладаг гэр бүлийнх нь хувцасны дэлгүүрт санамсаргүй зочилж анхны харцаар дурласнаар тэдний амьдрал үүрд холбогдсон юм. Тэр өдөр өөртөө хувцас сонгоход нь тусалсан шигээ Кристина хүнд хэцүү үед нь үргэлж Пепийн хажууд байж, хань түшиг болон хайр халамжаараа амьдралыг нь бүтэн болгосоор ирсэн юм. Нөхрийнхөө тушаал дэвшсэн явдалд тэрээр баярлаж байсан боловч мөн санаа зовниж байлаа. «Түгших хэрэггүй. Бүх юм зүгээр болно. Би тэнд юу хийхээ мэдэж байгаа» хэмээн Пеп эхнэрээ тайвшруулсан юм.

Хоёр хоногийн дараа Лапорта хэвлэлийн бага хурал зарлаж ирэх хоёр улиралд Барселона хэний удирдлаганд тоглохыг олон нийтэд танилцуулав. Энэ мөчийг хүртэл Пеп хүүхэд насных нь хүсэл мөрөөдөл нь биелэх гэж байгаа талаар эхнэрээсээ өөр хэнд ч үг цухуйлгаагүй байв. Бүр эцэг эхдээ хүртэл. «Албан ёсоор бүх юм баталгаажвал би танд хамгийн түрүүнд дуулгана» хэмээн тэрээр эцэгтээ хэлээд «Би яах вэ. Яаж ийгээд олоод мэдчихнэ. Тэрнээс урьд Б багтаа л анхаарлаа төвлөрүүл» гэх хариуг сонссон юм. Пепийг блауграна өмсгөлтөн болоход нөлөөлсөн Валенти Барсагийн фэний хувьд багийн эргэн тойронд юу болж байгааг нэгд нэгэнгүй мэдэж байлаа.

Ингээд 2008 оны таван сарын найманд, улирал өндөрлөхөөс хоёр тойргийн өмнө, Сантьяго Бернабеуд pasillo хийж 1-4-ээр хожигдсоны маргааш өглөө, дэлхий нийт Барселона клубын жолоог атгаж Фрэнк Райкардын халааг залгамжлах шинэ менежерийн нэрийг мэдэж авсан юм. Хосеп Гуардиола.
«Гуардиола клубын үзэл баримтлал, чиг шугам, үнэт зүйлсийг сайн мэднэ. Тэр энд өсөж хүмүүжсэн, Мөрөөдлийн багийн уураг тархи нь болж байсан хүн. Тийм болохоор бид түүнийг Райкардын боловсруулсан системийг төгөлдөржүүлж, гаргасан амжилтыг нь үргэлжлүүлж, багийг илүү өндөр түвшинд аваачна гэдэгт эргэлзэхгүй байна. Клубт хэрэгтэй мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээ, эрч хүч, урам зориг, өөртөө итгэх итгэл түүнд бүрэн бий. Үүнийгээ Б багт ажиллах хугацаандаа хангалттай баталж харуулсан. Тийм болохоор бид түүнийг нэгдүгээр багийн дасгалжуулагчаар томилж байгаа юм» хэмээн Хоан Лапорта хийсэн мэдэгдэлдээ дурдсан.

Сонирхолтой нь Пеп энэ хэвлэлийн бага хуралд өөрөө оролцоогүй. Бас клуб түүнтэй байгуулах гэрээнийхээ цаг хугацаа, цалин хөлсний гол гол нөхцлүүдийг эцэслэн тохиролцоогүй хэрнээ ийнхүү түрүүлэн хөдөлсөн юм. Пеп үүнд тэгтлээ түгшиж толгойгоо гашилгаагүй. Камп Ноуд ажиллаж, өөрийгөө харуулах боломж олдож л байвал хэдэн жилийн гэрээгээр, хэр их цалинтай ажиллах нь түүнд хамаа байсангүй. Харилцан итгэлцсэн, хэн хэндээ хохиролгүй, хууль ёсны шударга нөхцлийг л тэр хүсэж байв. Клубээс тавьсан хоёр жилийн хугацаатай гэрээ түүнд таалагдсан боловч агент нь гурав дахь жилийг нэмүүлж, гурван тэмцээнд түрүүлж требль хийвэл авах нэмэлт бонустай байлгахыг эрмэлзэж байв. Нэмэлт нэг жилийг клуб харзнаж байж болно гэсэн бол треблийн бонус дээр татгалзаагүй. Гэхдээ л түүний цалин ла лиг дотроо (бонусгүйгээр) доороосоо дөрөвт жагсахаар бага байв.
«Дэлхийн түвшний том багийн менежерийн цалин ийм өчүүхэн байх учиргүй. Шахаж байгаад илүү сайн гэрээ байгуулья» хэмээн агент Хосеп Оробитг нь түүнийг ятгаж байлаа.

Хариуд нь Пеп «Зүгээр. Мөнгө одоохондоо чухал биш. Хэрэв би хэлсэндээ хүрч амжилт ялалт авчирвал тэд угаасаа гэрээгээ сунгахыг хүснэ. Тэгж чадахгүй бол би илүү зүйл шаардах эрхгүй гэсэн үг. Гэртээ харьж гольф тоглосон нь дээр» гэсэн.
Албан ёсны танилцуулах арга хэмжээг клуб европын хөлбөмбөг цэгцэрч, аваргуудын лигийн финал явагдсаны дараагийн долоо хоног буюу зургаан сарын эхээр гэж төлөвлөж байсан боловч Пепийн хүсэлтээр «Терсера» дивизионы тоглолтууд дуусаж, плей-оффоор дамжин дээш дэвших багуудын нэрс тодорсны дараа хийхээр болсон. Б багт өгсөн амлалтдаа хүрч зэрэглэл ахиулаад нэр төртэйгөөр салах ёс гүйцэтгэхийг тэр хүсэж байв.

Муж мужаараа 18 бүлэгт хуваагдсан нийт 350 гаруй багтай нүсэр «Терсера» дивизионы тавдугаар буюу Каталон мужийн группт Барселона Б 83 оноотой аваргалж Сегунда Б рүү дэвших эрхийн төлөө хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Цуврал тоглолтоор шийдэгддэг хоёр дамжлагатай энэ шатанд Пепийн залуус эхлээд Кастильог 6:0-ээр бут ниргэж, дараа нь Арагон мужийн Барбастро багийг 3-0-ээр буулган авснаар зорилгодоо хүрч гуравдугаар дивизион руу дэвшсэн юм. Пепийн дасгалжуулагчийн замналын анхны амжилт нь энэ байлаа. Түүний ачаар хөл дээрээ баттай тогтож зүг чигээ олсон нөөц баг дараагийн хоёр жил нь Сегунда Б-д амжилттай тоглоод 2011 онд хүрч болох хамгийн дээд оргилдоо буюу Ла лигийн доод дивизионд дэвшиж гуравдугаар байранд бичигдсэн юм. Нөөц баг үндсэн багтайгаа хамт нэг дивизионд тоглох боломжгүй учир тэднийг Ла лиг рүү дэвшүүлээгүй.

2008 оны зургаан сарын 17. Камп Ноугийн «Grandstand» төв танхимд Пеп Гуардиола, 37 настай клубын экс ахлагч, Барсагийн дасгалжуулагчийн хувиар анх удаа сэтгүүлч, зурагчин, зураглаачидтай уулзаж өөрийгөө танилцуулав. Арга хэмжээний дараах хүлээн авалтын үеэр Пеп ерөнхийлөгчдөө дөрвөн сарын өмнө хэлж байсан зүйлсээ, энэ удаа илүү итгэлтэйгээр, ахин давтан хэлж өөрт нь итгэснээр алдаа гаргаагүйг нь сануулсан юм.

«Та зөв зүйл хийсэн. Одоо тайвшраад үлдсэнийг нь надад даатга. Бид нар ла лигийн цомыг буцааж авахдаа л авна»
Байр суурь ганхсан Хоан Лапортад нойр хулжаан түгших шалтгаан бишгүй олон байв. Баг нь хоёр дахь улирлаа дараалан гар хоосон үлдэж, Реал Мадридад доромжлуулан бүтэн 18 онооны алдагдалтай гуравдугаар байранд бичигдсэнээс гадна амжилт нь үргэлж тогтвортой байдаг сагсанбөмбөг, гандбол, футзалын багууд ч тус тусын лигтээ бүтэлгүйтэж байлаа. Урагшилж өөдөлж байгаа шинж аль ч салбарт үзэгдэхгүй байв. Нуман тулгуурт орж намаг балчигт шигтгэсний гол зэмлэл мэдээж Лапорта руу чиглэсэн. Байгууллага даяараа түүнд итгэх итгэл алдарч «Ярихаас өөр идгүй их зантай хувиа хичээсэн ашигч» хэмээн шүүмжилж байв.

Долоон сарын зургаанд Ориоль Жиралтаар ахлуулсан удирдах зөвлөлийн бүлэг Лапортад итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг клубын гишүүдийн явуулаад олонхийн дэмжлэгийг авч чадсан. Оролцсон 39,389 гишүүний 60.60 хувь нь Лапортагийн эсрэг санал өгсөн юм. Гэсэн ч ахин сонгууль явуулахад нийт гишүүдийн гуравны хоёр буюу 66 хувийн санал хэрэгтэй учир Лапорта арай ядан албан тушаалаа хадгалж үлдсэн. Үүнээс дөрөв хоногийн дараа Марк Ингла, Эварист Муртра, Ферран Сориано тэргүүтэй удирдах зөвлөлийн 17 гишүүний найм нь «Эрх мэдэлдээ сохорсон ийм бурангуй хүнтэй ахиж гар барихгүй» хэмээгээд Барселонаг бөөндөө орхисон юм. Ийм л ээдрээ бужигнаантай ороо бусгаа цагт Гуардиола Барсагийн ерөнхий менежер болсон.
«Тэр үед Пепт, тоглогчдод, багт итгэж амжилт хүлээсэн өөдрөг сэтгэгдэлтэй хүн нэг ч байгаагүй» хэмээн Гуардиолагийн авчирсан анхны тоглогч Жерар Пике одоо эргэн дурсдаг.

«Туршлагагүй, чадваргүй, дотогшоо, дуугүй, номой гээд боссыг хэлэх хэлэхгүй нэрээр л хочилж байсан»

Пепийн томилгоо маргаан дагуулсан. Дөрөвдүгээр дивизионы Б багт ганцхан улирал ажилласан ажлын намтартай түүнийг ийм эрт том тушаалд тавьсныг зөвшөөж, зөв шийдвэр гэж хүлээж авах хүн ховор байлаа. Гэхдээ юу гээч. Барселона, Пеп Гуардиола юмыг бусадтай адил, энгийнээр, хэвшмэл байдлаар хэзээ хийж байлаа.

Image

2-Р БҮЛЭГ ТӨГСӨВ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7465
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby kayo » Wed Jul 29, 2020 9:10 am

Баярааг хүлээдэг болчихлоо шүү кк. Цөөн ширхэгтэй ч юм уу ном болгоод хэвлүүлээд гаргавал яадгийн?
kayo
Барса фэн
 
Posts: 7743
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby El Payaso » Wed Jul 29, 2020 1:23 pm

Пеп Сериа-Ад тоглож байхдаа анх Батигоолоос Биельса гэсэн нэрийг сонсож байж. Дараа нь тэр хоёр хамтдаа Катарт тоглож байх үедээ Пеп дасгалжуулагч болохыг хүсэж байгаа тухайгаа хэлсэн Батигоол тэгвэл Биельсатай заавал уулз гэж захисан юм байна. Ингээд Пеп Бунавентура гэх найзаараа дамжуулан анх Биельсатай холбогдож уулзахаар Аргентин явж байсан юм байна. Ингээд 2006 онд тэр хоёр анх уулзаж. Ингээд тэр хоёр 11 цаг хөлбөмбөгийн талаар ярилцсан гэнэ. Пепийн дагуулж очсон найруулагч видеонд буулгасан гэнэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39441
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby El Payaso » Wed Jul 29, 2020 1:25 pm

Энэ уулзалтын үер Биельса тэгэж хэлсэн юм байна. Хөлбөмбөг ямар бохир заваан ертөнц билээ чи мэднэ. Тэгээд ахиж очих гээд байгаа хэрэг үү? Чи цусанд дуртай юм уу гэж Пепээс асуухад нөхөр тэр дор нь тэр цус надад хэрэгтэй байна гэж хариулж байж кк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39441
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Thu Jul 30, 2020 4:34 pm

Cule wrote:
Г.Баяраа wrote:
...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Пеп орон дээр үсрэн гарч цонхоо онгойлгоод нүд нь орой дээрээ гарав.
«Хөөх, ээжээ энийг хардаа. Би өдөр болгон өрөөнөөсөө Камп Ноуг харж болох юм байна»

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


ХОЁРДУГААР ХЭСГИЙН ЭХЛЭЛИЙГ НЬ ОРУУЛААГҮЙ БАЙСНАА НӨХӨЖ ОРУУЛЛАА.

Барселоноос умард зүгт 80 гаруй километр давхихад газрын байдал тэгширч Газар дундын тэнгисийн чийглэг уур амьсгал талархаг газрын хуурай бүлээн салхиар солигдох ажээ. Усан үзэм, эрдэнэ шиш, чидун жимсний тариан талбайн дундуур цаашилсаар алсад униартан сүндэрлэх нэгэн сүрлэг уулсын зүг ойртон дөтлөх тусам өнгө нь бараантан тодорч, хуруу эсгэм хурц ирмэгтэй хадан орой нь гараа сунгахад л хүрчихмээр ойрхон санагдах ажээ. Хамгийн өндөр оргилдоо 1236 метр хүрдэг, алдар нэр нь дэлхий даяар түгэн тархсан, Каталончуудын бахархал, агуу «Монсеррат» нурууны нэг хэсэг ийнхүү нүднээ үзэгдэж байгаа нь энэ.

Харин «Хөрөөт» уулсаас ялимгүй наана хараагаа бэлчээвэл хэдэн зуу, магадгүй хэдэн мянган жилийн өмнө ч энэ хэвээрээ байсан болов уу гэмээр нэгэн жижигхэн саарал тосгон үзэгдэнэ. Энэ бол Пеп Гуардиолагийн төрж өссөн, өдгөө 7300 хүн амтай, Санпедор суурин. Тариан талбайгаар тусгаарлагдсан үлэмж өргөн ногоон хөндийг хөндлөн туулж тосгон руу ойртож эхлэхэд анх үзэгдсэн шигээ тийм ч зэлүүд, нам гүм, хоцрогдсон тосгон биш болох нь мэдэгдэнэ. Амьдрал энд урьдын адил үргэлжилсээр, хөвөрсөөр, өрнөсөөр байгаа ажээ. Энд хүмүүс нэг нэгэнтэйгээ танихгүй байсан ч гэсэн цэрвэж бишүүрхэлгүй мэндэлж, таньдаг хүнтэйгээ таарвал өмнө нь өрнүүлж байсан яриагаа үргэлжлүүлэхээр зав гарган заавал зогсдог юм.

Image

Гаднаас энд ирж байгаа зочид эхлээд орчин үеийн загварын цэмцгэр барилгуудтай шинэ хорооллын хажуугаар өнгөрнө. Гуардиолагийн эцэг эх өдгөө энд амьдарч буй бөгөөд гурван давхар шаг хийсэн тохилог байшинг Пепийн эцэг Валенти өөрийн гараар барьжээ. Тэрээр бүх насаараа өрлөгчнөөр ажилласан юм. Аж үйлдвэржилтийн эринийг алгасаагүйг нь илтгэх үйлдвэрийн хуучин барилгууд зам дагуу хэд хэд тааралдах боловч суурингийн төв рүү ойртох тусам нуман хаалга, чулуун баганатай тоосгон барилгууд элбэгшиж дундад зууны үеийг санагдуулах ажээ. Төв замаас гарч төөрдөг байшин шиг толгой эргүүлсэн олон салаа давчуу гудмуудаар явж эхэлбэл та ямар ч байсан тосгоны хоёр гол талбайн аль нэгэн лүү очно. «Plaça Gran» болон «Plaça de la Generalitat». Хоёр дахийг нь мөн Plaça del Berga хэмээн нэрийддэг байсан боловч одоо хүмүүс өөрөөр нэрлэдэг болсон. «Гуардиолаг төрүүлсэн талбай».

1979 оны аль ч өдрийн өглөө нэгэн туранхай жаал Plaça de la Generalitat-гийн 15-аас бөмбөг сугавчлан гарч ирээд талбайн төв рүү алхална. Саваа шиг урт нарийхан хөлтэй болохоороо «Гуарди» хэмээн хочлогдсон тэр хүү найзуудаа дуудчихаад хана руу бөмбөгөө өшиглөн хүлээж эхэлнэ. Тэгээд багийнхнаа цугламагц хоёр хуваагдан талцаад өчигдрийн дуусгаагүй тоглолтоо үргэлжлүүлэх агаад сургуульдаа явахдаа ч гэсэн бөмбөгнөөсөө салахгүй. Зав л гарвал хэд гурав өшиглөөд авахыг бодно. Хичээлийн завсарлага, өдрийн хоолны цаг, гэрээсээ сургууль хүрэхдээ, сургуулиас гэр лүүгээ буцахдаа ч тэрээр тосгоны чулуун дэвсгэртэй гудмыг тог тог хийлгэн явна. Заримдаа оройн хоолны үеэр ч бөмбөгнөөсөө салалгүй гэр дотор түчигнүүлж ээжийнхээ эгдүүцлийг хүргэх нь бий. «Алив наад бөмбөгнөөсөө таван минут ч болов салаад хоолоо идээдхээч «За одоохон ээжээ» хэмээх энэ дэлхийн хаана ч байдаг харилцан яриа ч тэднийхээс дуулддаг байлаа.

Компьютер тоглоом, гар утас тэр үед байсангүй. Машин тэрэг ховор, замын хөдөлгөөн сийрэг болохоор тосгоны хаана ч тоглосон хүүхдүүдэд тулгарах аюул, хөөж туух хүн үгүй. Тоосгон нуман гарц эсвэл хоёр цүнхээр хаалга хийгээд л өдөржин өнжиж болно. Ялангуяа усан оргилууртай тосгоны төв талбай тэдний хувьд хамгийн төгс хөлбөмбөгийн талбай байлаа. Цагаан шугам, шүүгч, өмсгөл, торон хаалга, тогтсон цагны аль нь ч хэрэггүй. Нэг бөмбөг, найзууд чинь байхад л хангалттай. Хагас бүтэн сайнд хүүхдүүд өглөөнөөс орой болтол шавайгаа ханатал тоглож, хөл гараа зулгалан хөдөлж чадахгүй болтлоо ядарсан ч гэсэн сэтгэл хангалуун гэр гэртээ харьцгаана. Юм бүхэн энгийн, ээдрээгүй, ид шидийн гэмээр сайхан байсан хэмээн Пеп тэр үеийг эргэн дурсдаг юм.

«Ямар ч протокол, дүн шинжилгээ, шат дамжлага, хүнд суртал байхгүй»

Харин Гуардиолаг аль баг нь авах вэ гэдэг дээр л хамгийн том маргаан үүсдэг байлаа. Түүнийг бусдаас онцгой ур чадвартай гэдгийг нь бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг байв. Тэгээд эцэст нь хүч тэнцвэргүй байдал үүсгэхгүйн тулд Пеп өөрөө хоёр багийн бүрэлдэхүүнийг сонгож байхаар болсон. Ингэхдээ ур чадварын түвшингөөрөө өөртэй нь эн зэрэгцэхүйц Пилар хэмээх охиныг тэрээр заавал эсрэг багтаа оруулдаг байв. Санпедорын хөрш тосгоны тэр охин амралтын өдөр болгон Пепийн талбайд ирж тоглохдоо бөмбөг тогтоолт, хууралт, цохилтын мэдрэмжээрээ үе тэнгийнхээ хөвгүүдээс үргэлж илүүрхдэг байв. Пилар хожмоо тосгоныхоо эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийг ахлан мужийн аваргад олон жил амжилттай оролцсон юм. Усан оргилууртай талбайн тоглолтын явцад хажуугаар явж байсан хүний толгой бөмбөгөнд оногдох, ваартай цэцэг унах, айлын цонх хагарах зэрэг осол эндэгдэл хааяа гарна. Энэ үед Гуардиола бусдыгаа төлөөлөн «хохирогч»-той уулзах агаад асуудлыг яаж ийгээд аятайхан зохицуулж, тоглолтоо үргэлжлүүлэх зөвшөөрөл авч чаддаг байв. Хүний арга эвийг амархан олдог, нөхөрсөг, нийтэч болохоор нь хүүхдүүд ч түүнтэй тоглохдоо дуртай байдаг байлаа. Пепийн орсон багийн тактик тэр үед тодорхой байв.
«Бөмбөгөө Гуардид өг. Тэр бусдыг нь зохицуулчихна»

Тосгонд өнгөрүүлсэн бага насаа эргэн дурсахдаа Пеп тодорхой нэгэн үйл явдал, тэмдэглэлт баяр, хором мөчийг төсөөлдөггүй. Зүгээр л аз жаргалтай байснаа мэдэрдэг. Хиргүй тунгалаг хүүхэд насанд л байдаг хамгийн энгийн атлаа хэзээ ч дахин олдошгүй баяр баясгалан. Төрөлх тосгондоо Пеп эргэн ирж балчир насныхаа дурсамж шингэсэн газруудаар зочлох дуртай. Нуман дээвэртэй гулдан хаалганууд, чулуугаар шалласан давчуу гудмууд, мөлийж харласан хуучин хөшөөнүүд, эмтэрч шарласан шаттай эртний барилгууд. Одоо тосгон иж бүрэн тоноглогдсон спорт цогцолбортой болсон тул хүүхдүүд усан оргилууртай талбайд хөлбөмбөг тоглохоо больжээ. Тэр ч байтугай дундуур нь шууд дайран өнгөрч, зогсоол болгон ашиглаж болохыг машинуудад зөвшөөрсөн байна. Хүүхэд насных нь хамгийн нандин дурсамжийг хадгалсан энэ талбайд Пеп нарлаж, Plaça de la Generalitat-н 15-д одоо ч амьдарсаар байгаа ах дүү, хамаатан саднуудтайгаа хөөрөлдөх дуртай. Хэлж тайлбарлахын аргагүй хүчтэй сэтгэл хөдлөлийг тэрээр энд ирэх тоолондоо мэдэрч өөрийгөө буцаад хүүхэд болсон мэтээр төсөөлдөг. Гэхдээ тэр нь хэдхэн минут л үргэлжлэх бөгөөд гарын үсэг зуруулж, зургаа хамт даруулах хүсэлтэй шүтэн бишрэгчдэд нэг л мэдэхэд хүрээлүүлчихсэн байна. Энд түүнийг танихгүй, хүндлэхгүй хүн гэж үгүй. Хүссэн хүсээгүй л анхаарлын төвд орох хэрэгтэй болно.

Санпедорын иргэд үндэсний үзэл ихтэй, Каталоны нэг хэсэг гэдгээрээ үргэлж бахархдаг. Өв соёл, үүх түүх нь тэдний хувьд юутай ч эгнүүлшгүй эрхэм. Үүний жишээг байшин бүрийн тагтнаас унжуулж, дээвэр бүрийн оройд хийсгэсэн шар дэвсгэр дээрх дөрвөн хөндлөн улаан шугам бүхий «La señera»-гаас (Каталоны далбаа) харж болно. Хаягдаж хоосорсон хуучин барилгын ханан дээрх граффити бичээс ч залуу үеийнхний зүрхэнд үндсэрхэг үзлийн гал дүрэлзэн бадарч байгааг илтгэнэ. Таван зуун жилийн тэртээ Каталоны нийслэл Барселон орох их зам Санпедороор дайран өнгөрдөг байжээ. Тиймээс газарзүйн ач холбогдлыг нь үнэлэн олгосон «Carrer de Barcelona» хэмээх хэргэм ч тосгоны иргэдийн бахархам түүхийн нэг хэсэг. Харин одоо тэдэнд омогшиж бахархах, оройн хоолныхоо үеэр үр хүүхдүүддээ ярьж өгөх өөр нэгэн түүх нэмэгдсэн. Энэ бол тосгоны өрлөгчний хүү Пеп Гуардиола. Дэлхийд нэрээ дуурсгасан түүхэн агуу амжилтууд нь. Үндэстнийхээ парламентийн ордны төв танхимд залагдаж, хүндэтгэлийн алтан одон гардсан хүн тосгоны түүхэнд өөр байхгүй. Тиймээс эргэж ирэх тоолондоо Пеп энд туйлын хүндтэй зочин болох нь аргагүй. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор, төв талбай бүгд түүний нэрэмжит. Баар, ресторан, үйлчилгээний төв болгоны хананд түүний зураг өлгөөтэй. Хүмүүсийн амьдралын хэв маяг, харах өнцөг ч Пепийн амжилтаас хойш өөрчлөгджээ. Одоо эндхийн хүүхдүүд зөвхөн хөлбөмбөг л тоглохыг хүсдэг. Бусад спортын заал эзгүйрч, амралтын өдрийн турш хөлбөмбөгийн талбайгаар дүүрэн хүүхдүүд өнжинө.

Тосгоны гандболын багийн бүрэлдэхүүн жил ирэх тусам нимгэрч, амжилт нь уруудаж байгааг Пепийн буруугаас болсон хэмээн дасгалжуулагч нь нэгэнтээ хошигнож байв. Харин Санпедор дахь Барсагийн хөгжөөн дэмжигчдийн клуб сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эгнээгээ зуун гишүүнээр өргөжүүлж чадсан. Мөн Plaça Gran талбайн голд клубын эмблемтэй дурсгалын чулуун хавтан байршуулж Барсагийн суурин гэдгээ албан ёсоор баталгаажуулсан. Бас Каталоны нэг хэсэг. Гуардиола ч гэсэн үндсэрхэг үзэлтэй нэгэн. Боловсрол мэдлэгтэй, төлөв даруу, үнэнч шударга, уйгагүй тууштай байхын хажуугаар хэн гэдгээ, хаанаас ирснээ хэзээ ч мартаж үл болохыг эцэг эх нь түүнд үнэт зүйлс болгон өвлүүлсэн. Харин тэд өөрсдөө энэ үзэл бодол, хүмүүжил төлөвшлийг эцэг эхээсээ суралцаж авчээ. Зуун зууныг дамнан уламжлагдсан умартаж үл болох өвөг дээдсийнх нь сургаал. Гуардиола, Салагийн үр удам ямар байх ёстойг Пеп багаасаа ухамсарласан. Бас Санпедорын хүүхэд хэний ч дор орох ёсгүй гэсэн захиасаар түүний зан төлөв хурцлагдсан юм. Өдий зэрэгт хүрсэн нь энэ суурь хүмүүжилтэй нь шууд холбоотой хэмээн Пепийн найз Давид Труэба ярьж байна.

«Өсөж өндийсөн орчин нөхцөл, гэр бүлийнх нь хүмүүжил хүнийг хэн болохыг чиглүүлж тодорхойлдог. Гуардиола бол жирийн ажилчны хүү. Түүний эцэг өглөөнөөс орой болтол барилга дээр ажилладаг байсан өрлөгчин. Шаргуу хөдөлмөр, шударга үнэнч зангийн үнэ цэнийг тэр эцгээсээ харж, ойлгож, тусгасан. Өвлүүлж үлдээх өмч хөрөнгө, эзэмшил газаргүй байсан эрт цагт хүмүүс гагцхүү нэр төр болоод баримталж явах зарчмыг нь үр хүүхдүүддээ захиж үлдээдэг байсан уламжлал Санпедорт мартагдаагүй. Чиг шугам, чин сэтгэл бол хүний амьдралдаа хадгалж явах ёстой хамгийн чухал эрдэнэ гэдэгт тэд итгэдэг. Гуардиолаг таньж ойлгоё гэвэл үүнийг л мэдэхэд хангалттай. Өөр нууц үгүй. Ганган хүрэм, тансаг хослол, чамин зангианы цаана байгаа хүн бол ердөө л өрлөгчний хүү. Гялалзсан итали гуталныхаа дотор сүрлэн шаахайтай тосгоны жаал»
Сэтгэл зүрхнийхээ гүнд Пеп хэзээ ч Санпедороос холдоогүй. Жинхэнэ аз жаргал, амар амгалан, ая тухыг чухам эндээс л олж чаддаг болоод тэр. Ногоон зүлэг, номин хөх тэнгэр, нам гүм орчин, нүүр илбэсэн зөөлөн салхи. Барсагийн Б багийг удирдаж байхдаа Пеп зав л гарвал нутагтаа ирж тариан талбайн дундуур алхалдаг зуршилтай байв. Бодлоо эмхэлж, сэтгэлээ төвшитгөх түүний бясалгалын арга. Үндсэн багийн менежер болох эсэхээ шийдэхийн өмнөх ихэнх цагаа ч тэр энд өнгөрүүлсэн. Харин түүнээс хойшх дөрвөн жилийн хугацаанд Пеп ажлынхаа ачааллаас болоод тоотой хэдхэн л удаа төрөлх тосгондоо эргэж ирсэн. Магадгүй өөр шалтгаан ч байсан байх.

Бүрэнхий нөмөрч бүгд гэр гэртээ харьцгаасны дараа бяцхан Гуарди өглөө гарсан шигээ бөмбөгөө сугавчилсаар Plaça de la Generalitat-гийн 15-н тоотдоо буцаж орно. Гар нүүрээ угааж, оройн хоолоо идчихээд өрөөндөө ороход нь түүнийг орных нь толгой дээр өлгөсөн Мишель Платинигийн зурагт хуудас угтаж авна. Тайван бөгөөд өөртөө итгэлтэйгээр талбайг ажиглангаа дараагийн дамжуулалтаа тооцоолох нүдэнд дулаахан буржгар үстэй залуу. Бөмбөг түүний хөлд эзнийхээ ташуурын тасхийх чимээг хүлээн хэзээ мөдгүй ухасхийхэд бэлэн эрэмгий хурдан хүлэг шиг харагдана. Гуардиола тэр үед 10 настай байв. Телевизээр олон улсын хөлбөмбөг гаргах нь өдрийн од шиг ховор тул Платинигийн тоглохыг тэр хэзээ ч харж байгаагүй. Гэхдээ л аав, өвөөгийнхөө ярианаас Ювентус, Францын шигшээ багийн 10 дугаартай тоглогчийн талаар хангалттай их зүйл сонссон байв. Ур чадвар, мэдрэмж, зөн совинтой, бусдыг манлайлж дагуулж өөртөө татаж чаддаг гэрэл цацарсан гэмээр эерэг энергитэй тоглогч. Хөлбөмбөгт ухаангүй дурласан арван настай жаалыг догдлуулж бишрүүлэхэд энэ тодорхойлолт хангалттай байв. Зургаан жилийн дараа түүнд шүтдэг тоглогчтойгоо уулзах боломж олдсон. 1985–86 оны Европын цомын шөвгийн наймд Барселона – Ювентустай оноолт таарч 120 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө 1:0-ээр ялалт байгуулсан. Камп Ноуд явагдсан түүхэн тоглолтын дараа бөмбөгч зөөгч хүү Гуардиола Платиниг даган гүйж гарын үсгийг нь авах гэсэн боловч Франц эрхэм хавьтуулсангүй. Гомдож гунигласан хүү амьдралын чухал сургамжтай цэнгэлдэхийг орхисон юм. Гэхдээ энэ түүхийг хожим дэлгэрэнгүй өгүүлнэ.

Пеп үлгэр жишээ сурагч байсан. Дуулгавартай, даруухан, тусархаг, нийтэч, хичээл номондоо мэриймтгий. Каталончуудын хэлдгээр «tros de pa» буюу «талхны зүсэм». Хүмүүжилтэй хүү. Эцэг эхийнхээ чихийг халууцуулна гэж үгүй. Аятайхан таатай мэдээ л сонсгоно. Хөлбөмбөгтөө хэт хорхойсоод оройн хоолноосоо хоцрох эсвэл аавынхаа ажилд туслалгүй үе үе усан оргилууртай талбай руу алга болохоос өөр гэмгүй. «La salle de manresa» хэмээх шашны сургуульд түүнийг долоон настайд нь анх элсүүлсэн юм. Санпедороос өмнө зүгт найман километрийн зайд орших аймгийн төвийн Католик сүм. Пепийн анхны аялал. Виржилио ах нь түүнийг харж хандана. Англи хэл заана. Дэлхийн хэлтэй ингэж эрт танилцсандаа Пеп талархаж явдаг. Аваргуудын лигийн хэвлэлийн бага хурал дээр орон орноос ирсэн сэтгүүлчдийн асуултанд түгдрэлгүй хариулах түүнд одоо асуудал биш. Бас Каталан, Испани, Итали, Франц хэлээр ч гэсэн. Сүүлд нээрээ Герман нэмэгдсэн юм байна. Дэг журам, эмх цэгц, сахилга батыг сахиулдаг шашны хатуу сургуульд Пеп төвөггүй хөлөө олж идээшсэн төдийгүй хожмынх нь амжилтын үндэс суурь болсон онцлог шинжүүдээ олж төлөвшсөн.

Өмнөө тавьсан зорилгодоо чигч тууштай, өсөн дэвжих хүсэл эрмэлзлэлтэй, өөртөө шаардлага өндөртэй, бусдыг ойлгож арга эвийг нь олохдоо гаргууд. Туйлын чухал нь ахмадын сургаал зөвлөгөөг анхааралтай сонсож, өөртөө тусган шингээж чаддаг. Үүгээрээ л тэр бусдаас онцгойрдог байв. Гулжгасан нарийхан, саваа шиг шулуун болохоороо хүний нүдэнд өртөхдөө ч амархан. Үеийнхэн дундаа Пеп үргэлж туранхай бас өндөрт тооцогдсоор ирсэн. «Хоолоо ч тухтай идэлгүй цаг ямагт яарч явдаг байсан болохоор аргагүй» хэмээх таамгийг ээж нь дэвшүүлдэг. Эрэгтэй хүүхэд өсгөсөн эх болгоны хэлдэг үг. Шашны сургуулийн олон зуун сурагчдын дунд ч Пепийн хөлбөмбөгийн чадвар сондгойрч байлаа. Бужигнасан олны дундаас яаж ийгээд л бөмбөгтэйгээ сугараад гараад ирнэ. Эхэндээ тэр үеийнхэнтэйгээ тоглодог байсан бол яваандаа дээд ангийнхаа ах нарын багт уригдах болов. Харин өөрийнхөө дуртай газар унагалгүй жонглёрдохоо тоглоомоо л тэр ганцаараа тоглоно. Хэн ч түүнтэй өрсөлдөхийг хүсэхгүй. Тэртээ тэргүй дийлэхгүй юм чинь.

Орон нутгийн Клуб Гимнастик Манреса багийн скаутууд сургуулийн хажуугаар явж байтал өндөр туранхай хүүгийн тоглолт өөрийн эрхгүй анхаарлыг нь татжээ. Багийнхнаа удирдаж, бөмбөг эзэмшиж, талбайн мэдэрч, дамжуулж нь цаанаа л нэг өөр. Тэгээд чөргөр жаалын нэрийг тогтоож аваад эцэгтэй нь холбоо барьж академидаа оруулах зөвшөөрөл хүсэв. Ингээд Гуарди долоо хоногт гурван удаа Манресагийн академид бэлтгэл хийж эхэллээ. Хэд хэдэн чухал зарчмуудыг тэр эндээс олж авсан.
«Хэнд ч бүү дээрэлхүүл. Бас хэнийг ч битгий дорд үз. Өөртөө итгэ. Хоёр хүрээд дамжуул. Үргэлж газраар»
Тэгээд үлдсэн карьерынхаа турш мөрдлөг болгосон. Анхны багш нараасаа сонссон зүйлээ тэр хэзээ ч мартаагүй. Клуб Гимнастикийн академи Пеп замналын эхлэл цэг байв.

Хөлбөмбөгт дуртай Каталон хүүхэд болгоны өмнө тулгардаг чухал асуудал бол Барселонаг дэмжих үү? Эспаньолыг дэмжих үү? Нийслэлд амьдардаггүй хөдөө тосгоны ихэнх хүүхдүүд Барсаг сонгодог боловч Гуардиола цагаан-цэнхэрүүдийн талд орж болох байв. Учир нь түүний өвөө Эспаньолын хөгжөөн дэмжигч байлаа. Санпедорт түүнээс өөр Эспаньолын фэн байгаагүй бөгөөд тосгонд байдаг цорын ганц Эспаньолын туг ч тэдний зочны өрөөний хананд өлгөөтэй байдаг байв. Гэхдээ ач хүүгээ өөрийнхөө багт урвуулах гэж өмсгөлийг нь авч өгөн ухуулж байсан удаа өвөөд нь байхгүй. Харин ч Барсаг дэмждэг болсных нь дараа багтай нь холбоотой бэлгийг зул сар болгоноор бэлэглэдэг байв.

«Өвөө шигээ өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, эелдэг, хайлган хүнтэй би ахиж хэзээ ч таараагүй. Бага дорой нэгнийг хайрлан халамжилж, хүндэтгэн тэтгэх хүнлэг сэтгэл түүнд өвч шингэсэн байлаа. Тэгэхээр хүн болгоны дэмждэг том багийг биш сүүдэрт нь дарагддаг сулхан Эспаньолыг илүүд үзсэн нь түүний хувьд бараг үүрэг хариуцлага гэхээр зүйл байсан байх. Өвөөгөөс өөр Эспаньолын дэмжигч ойр хавийн суурингуудад ч огт байгаагүй»

1981 оны хавар арван настай Пеп анх удаа Камп Ноугийн босгыг давж багийнхаа тоглолтыг үзэв. Гимнастикийн академид хамт суралцдаг найзынх нь ах Барсагийн улирлын тасалбартай бөгөөд хоёр жаалын хүсэлтээр Осасунатай хийх тоглолтыг гэртээ үзэхээр шийдсэн аж. Өдөр бүр нэгэн хэвийн байдаг юм бүхэн тэр өдөр онцгой, содон, өвөрмөц болчихсон юм шиг бяцхан Пепт санагдаж байлаа. Автобуснаас буун алсад Монтсеррат уул мэт сүндэрлэх агуу Камп Ноугийн зүг ойртох тусам зүрх нь атганд орсон бялзуухай мэт байж ядан чээжинд нь оволзож амьсгаа давчдана. Барсагийн өмсгөлтэй, малгайтай, ороолттой, цүнхтэй, туг намируулсан мянга мянган хүмүүс. Ямар том зүйлийн нэг хэсэг болж байгаагаа тэр өдөр л Пеп анх удаа бүрэн ухамсарласан гэдэг. Үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэл хөдлөл, баяр хөөр, аз жаргалыг тэр мэдэрч байв. Үүлэн дээгүүр хөвж яваа юм шиг л. Хүмүүсийн урсгалыг даган мэлэрсээр нэг л мэдэхэд цэнгэлдэх дотор орчихсон байв. Улирлын тасалбартай фэнүүд хойд талын хаалганы чанх ард тоглогчдын царай тодорхой харагдахаар ойрхон хэсэгт суудаг. Хүн болгоны анхаарал зөвхөн талбай руу чиглэж, нэгэн зэрэг босон харайж, чих дөжрөм чимээ шуугиан үүсгэж, хоолой мэдэн дуулж байгаа зэрэг нь хоёр найзад ер бусын, гайхалтай санагдана. «Хэзээ нэгэн цагт энэ талбай дээр хоёулаа тоглоно шүү» хэмээн Пеп тоглолтын явцад найздаа шивнэсэн гэдэг. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд уртын урт замыг туулах ёстойгоо ч хэрсүү хүү мэдэж байв. Шатны эхний гишгүүр нь Ла Масиа. Усан оргилууртай талбай, Гимнастикийн академидаа толгой цохидог ч гэсэн тэндхийн түвшин огт өөр гэдгийг Пеп Барсагийн багачуудтай хийсэн нөхөрсөг тоглолтоосоо ухаарсан байв. Өөртэй нь эн зэрэгзэхүйц байтугай илүү гарах чадвартай хүүхдүүд ч олон.

«Тийм өрсөлдөөн дундаас л жинхэнэ шилдэг нь шигшигдэж гардаг байх. Харин яаж тэдний нэг болох вэ».
Энэ хооронд Барсагийн академийн шинэ элсэгчдэд зориулсан сонгон шалгаруулалтын зар L'Esportiu-гийн эхний нүүрэнд тавигдсан байв. Хүүгийнхээ далд хүслийг гадарлах Валенти сонины зарыг хайчилж аваад анкет бөглөн бүртгүүлжээ. Тэгээд хэд хоногийн дараа хариу ирэхэд нь хүүдээ гэнэтийн баярт мэдээ дуулгав. «Барселона чамайг шалгаруулалтдаа оруулья гэнээ».
Өмнөх шөнө нь нойргүй хоносноос гадна анх удаа ийм сорилтонд орж байгаа болохоор Пеп сайн тоглож чадаагүй. Сандраад бөмбөгөө ч тайван тууж чадахгүй байлаа. Хоёр дахь өдрийн бэлтгэл ч адилхан. Тоглож дасаагүй довтолгооны байрлал дээр түүнийг тавьчихсан болохоор юу хийхээ мэдэхгүй байснаас гадна хурд, хүч, тэнцвэрээр үеийнхэн дундаа илт гологдож байв. Гэхдээ комиссынхон түүнийг гурав дахь өдрийн бэлтгэлд урьж, сүүлийн боломж өгөхөөр шийджээ. Тэгээд талбайн төвд тоглуулав. Бөмбөг энэ удаа Пепийн хөлнөөс салсангүй. Соронзодсон юм шиг. Довтолгоо болгон түүгээр дамжиж, багийнхнаа удирдан чиглүүлж, тоглолтын темпийг тэр тогтоож байлаа. Дасгалжуулагчид өмнө нь ийм зүйл харж байсангүй. Дуу нэгтэйгээр тэд горзгор жаалыг академидаа авахаар тохирчээ. Харин Валенти энэ мэдээг хүүдээ дуулгахын өмнө эхлээд эхнэртэйгээ зөвлөлдөхөөр шийдсэн байна.

Ганцхан цагийн зайтай газар лүү нүүж байгаа ч гэсэн арван настай хүүгээ бусдын мэдэлд өгч, биеийг нь даалгана гэдэг ямар ч эцэг эхийн хувьд амаргүй шийдвэр байх нь ойлгомжтой. Сонгон шалгаруулалтанд оролцсон гурав хоногтоо Пеп хоол ундандаа муудаж, дуу нь сулраад, тавгүйрхэн түгшиж байсан бол тул Валенти, Долорес хоёр ярилцаад одоохондоо хүү нь ийм ачаалал, дарамт, хариуцлагатай нүүр тулахад бэлэн биш байна гэж дүгнэжээ. Тэгээд Ла Масиагийн саналд «Үгүй» гэсэн хариу өгчээ. Ингээд Гуардиолагийн Барсад тоглох мөрөөдөл замхрав. Хоосон хүлээлт үүсгэж хүүгээ зовоохгүйн тулд энэ тухай ахиж дурсахгүй байхаар эцэг эх нь шийджээ. Цаг хугацаа урссаар нэг л мэдэхэд гурван жил өнгөрлөө. Энэ хооронд Пеп Гимнастикийн академидаа ахлагч болон дэвшиж, Манреса болоод ойр хавийн тосгоны багуудтай хийх лиг, цом, нөхөрсөг тоглолтонд тогтмол оролцож байсан тул хөлбөмбөгт өгөх тэдний гэр бүлийн ач холбогдол, цаг хугацаа, хөрөнгө төсөв хэд дахин нэмэгдсэн байлаа.
Гэвч Гуардиолад мэргэжлийн хөлбөмбөгч болох хэтийн зорилго байсангүй. Нэгэнт л Камп Ноуд тоглож чадахгүйгээс хойш хөлбөмбөг түүний хувьд ердөө л хобби төдий зүйл болсон байв. «Барселона эсвэл өөр хаана ч биш». Харин клуб түүнийг мартаагүй байжээ. 1984 оны хаврын нэгэн үдэш Валентигийн гэрийн утас дуугарлаа. Эцэг нь хэн нэгэнтэй нэлээд удаан ярилцах зуураа өөр лүү нь сонжиж цэгнэсэн янзтай харж байхыг Пеп анзаарав. Маргааш орой нь тэдний гэр бүл дугуй ширээний хурал хийлээ. Сэдэв нь Гуардиолаг Ла Масиад суралцуулах эсэх. Барсагийн академи хүүд нь ахин нэг боломж олгож байгааг Валенти утсаар сонсоод шөнөжин эргэцүүлж хоножээ. Тэгээд өглөө нь эхнэртэйгээ зөвлөлдөж ярилцаад энэ удаа Пеп өөрөө эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэдэг дээр санал нийлсэн байна. Тэр 13 настай байлаа.

Юуны өмнө Валенти хүүдээ хаалгыг нь тогших гэж буй харь холын, үл таних, шинэ ертөнцийн талаар, өөрийг нь тэнд юу хүлээж байгааг нухацтай, ул суурьтай, тодорхой тайлбарлаж өгөв.
«Хэрвээ чи Барселон руу нүүх юм бол хөлбөмбөг чиний хувьд жирийн нэг тоглоом, зугаа цэнгэл, хобби байхаа болино. Ажил мэргэжил, үүрэг хариуцлага, амьдралын чинь баталгаа болж өөрчлөгдөнө. Энэ спортоор хичээллээд чи хэнээс ч дутахгүй хангалуун сайхан амьдарч болно. Гэхдээ өөр ямар ч салбартай адилхан өөрийгөө таниулж, үнэлгээгээ өсгөж, бусдаас онцгойрох ёстой. Тэгж чадахгүй бол чиний эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэг арав хорьхон жилийн дараа эсвэл шилбээ ганцхан хугалахад л шороо тоосны үнэгүй болон хувирна. Өөр ямар ч ажилд чи тэнцэхгүй. Очсон газар болгондоо гологдож, хаалттай хаалга мөргөж хог шавхруун дээр хаягдана. Тэгэхээр өөртөө үнэхээр итгэлтэй, эцсийг нь үзнэ гэсэн ухаршгүй чин зоригтой байж гэмээнэ чи энэ шийдвэрийг гаргах ёстой. Өчүүхэн төдий л зүрхшээж байвал хэрэггүй»
Мэдэхгүй хотын танихгүй сургуулийн дотуур байранд олон зуун хүүхдүүд дунд ороод учирч тулгарах саад бэрхшээлийг ч түүнд тоочиж өгөв. Гол нь ижил дасал болсон бүхнээсээ холдож, ээж аавынхаа нөмрөөс гаран биеэ даах хэрэгтэй болж байгааг нь түүнд ойлгуулахыг хичээж байлаа. Пепийн хариулт. «Тийм ээ, би чадна»

Ингээд 13 настай Гуардиола хувь тавилангийнхаа их дуудлагыг хүлээн авч, мэргэжлийн хөлбөмбөгч болно гэсэн гуйвшгүй зорилготойгоор Каталоны нийслэлийг зорилоо. Арван хэдхэн настай хүүгийнхээ ирээдүйд эцэг эх нь санаа зовниж, сонгосон зам нь зөв эсэхэд эргэлзэж байсан байж болно. Харин Пепийн хувьд энэ бол Камп Ноугийн зүлгэн дээр улаан-хөх өмсгөлтэйгээр гишгэх нь гарцаагүй тэр нэгэн өдрийн зүг хийсэн анхны алхам нь байсан юм.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7465
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Цогоо » Thu Jul 30, 2020 4:55 pm

Сайхаан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17834
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby kayo » Fri Jul 31, 2020 10:23 am

Барселона ч гоё хот шүү. Цаанаа нэг амар тайван, налгар дулаахан мэдрэмж өгдөг, вино уугаад л хөлбөмбөгөө үзээд суухад бол үнэн тансаг. Тэтгэвэртээ гарчихаад барселонад нэг байр авч амьдрана гэж боддог доо, кк.
kayo
Барса фэн
 
Posts: 7743
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Цоомоо » Fri Jul 31, 2020 10:19 pm

Goy bn shu.
Nom hevlulhed her ih zardal gardgiin?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16183
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Fri Aug 07, 2020 1:33 am

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - - ЯАГААД

2011 оны 11 сар.

Пеп Гуардиолагийн дөрөв дэх жил.

Сан Сирод АС Милантай хийх Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын өмнөх сүүлийн бэлтгэлийн дараа Пеп тоглогчдоо тойрог болгон зогсоов. Клубын удирдлага, эмч нараас өөр хэн ч мэдээгүй нэгэн нууцыг дэлгэх цаг нь болжээ. Юу гэж хэлэхээ цэгнэх мэт Пеп хэсэг зуур духаа үрчийлгэн бодолсхийлснээ амаа нээсэн боловч нэг ч үг сонсогдсонгүй. Түүний хоолой цахирдан чичирч байлаа. Түгшүүр, зовнилд автан Пепийн ийнхүү тулгамдан мэгдэж байхыг тоглогчид нь үүнээс өмнө огт харж байсангүй. Бүгд балмагдсан байлаа. Хоолойгоо жишлэхээр хажуу дахь устай сав руу гараа явуулахдаа ч гэсэн тэрээр чичирч байгаагаа нууж чадсангүй. Түүний яриаг эмч нар нь үргэлжлүүлж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тоглогчдод тайлбарлаж өглөө. Энэ хооронд Пеп хөшсөн мэт газар ширтэн хөдөлгөөн огт хийсэнгүй.

Түүний туслах менежер, дотны анд Тито Виланова яаралтай хагалгаанд орох болсон байлаа. Найзынхаа шүлсний булчирхайн хавдартай болсон гэдгийг тэрээр мэдэж байсан боловч ингэж гэнэт бие нь муудна гэж огт төсөөлөөгүй ажээ. Тэр шоконд орсон байв. Тоглогчид ч ялгаагүй. Гэхдээ Пеп хэн хүнээс илүүтэй хүнд цохилтонд орж балмагдсан нь илт байв. Итали орох нислэгийн турш тэрээр бодолд дарагдан дүнсийгээд хэнтэй ч юу ч ярьсангүй. Тоглолтонд Барса 3:2-оор илүүрхсэн. Группийн лидерийг шийдэх хариуцлага өндөртэй учраанд аль аль баг нь хойш сууж хашигналгүй хамаг байдгаа гаргаж, үзэгч дэмжигчдийг хором ч уйдаагаагүй юм. Кевин-Принс Боатенгийн техниктэй гоол тэнд цугласан бүгдийг уулга алдуулсан бол эцсийн цэгийг нь Шави тавьж багаа хасагдах шат руу хөтөлсөн. Үнэ цэнэтэй чухал хожлын дараа бүгд баяр хөөртэй, сэтгэл өег байцгаав. Харин Пеп л ганцаараа өглөөнийх шигээ үг дуу цөөтэйхэн бодлогоширч, зовнилдоо зовиурлан шаналсан хэвээр байлаа.

Чамайг амьдралаа төлөвлөөд завгүй байхад чинь жинхэнэ амьдрал алганы чинь завсраар урсан оддог гэсэн үг бий. Амжилтандаа хэт эрдэж, алдаж эндэж бүдрэх нь тоглоомын нэг хэсэг гэдгийг умартаж эхлэхэд чинь амьдрал бас чамайг унагаж, ухаан суулгахаа мэднэ. Найзынх нь өвчин Пепийн харах өнцгийг өөрчилж, өөртөө үнэлэлт дүгнэлт хийхэд хүргэсэн. Өмнөх улиралд нь Эрик Абидалийг элэгний хавдартай болсныг дуулаад тэр мөн ийм цочролд орж байсан юм. Хагалгаа нь амжилттай болсноос хоёр сарын хойно Франц тоглогч талбайдаа эргэн ирж Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолтонд оролцсон. 90 дэх минутад түүнийг Карлос Пуйолиор сэлгэгдэн талбайд орж ирэхэд Камп Ноу даяараа босон алга ташиж хүндэтгэл үзүүлсэн юм. Англичуудтай адил сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ хянуур болгоомжтой ханддаг, журам ёсонд дэгтэй Каталончуудын хувьд энэ бол онцгой тохиолдол. Пеп хүртэл эл үйл явдлыг Камп Ноуд үзсэн хамгийн сэтгэл долгилом мартагдашгүй мөчийнхээ нэг хэмээн онцолсон байдаг. Реал Мадридыг ийн сөгдүүлснээс гурван долоо хоногийн дараа Эрик Аваргуудын лигийн финалд оролцож ахлагчийн туузтайгаар шагналын тавцанд гишгэсэн нь Барсагийн зүгээс түүнд үзүүлсэн ээлжит нэгэн хүндэтгэл байлаа. Пуйоль түүнд энэ үүргээ шилжүүлнэ гэдгээ аль эрт тоглолт эхлэхийн өмнө шийдчихээд хэнд ч хэлэлгүй хав дарсан байдаг. Бүр Пепт ч хэлээгүй. Харамсалтай нь Абидалийн биеийн байдал жилийн дараа ахин доройтож, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон юм.

Ойр дотно, эрхэм хүмүүст нь тохиолдсон эдгээр дараалсан золгүй явдлууд Пепт хүндээр тусаж сэтгэл санааг нь хямруулсан. Түүнд хийж чадах зүйл байсангүй. Хамтран зүтгэгч, хань нөхдийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байхад хүлээгээд, залбирахаас өөр юу ч хийж чадахгүй арга барагдан үймэрч тарчилна гэдэг түүний хувьд хамгийн аймшигтай хар дарсан зүүд байлаа.Тамын тарчлалаас ч дорд үзнэ.

Тоглолтын үйл явц өрнөл бүрийг хяналтандаа байлгаж, үүсэж болох өнцөг хазайж болох хувилбар болгоныг дотроо таамаглан тооцоолж хариу нүүдлийг нь хэд хоногийн өмнө бодчихсон байдаг түүн шиг бүхнийг төлөвлөдөг хянуур болгоомжтой хүнд ийм гэнэтийн нөхцөл байдал хэчнээн горь тасрам бэрх байх нь тодорхой.
Апеннины хойгоос буцаж ирснийхээ дараа Барса Хетафегийн талбайд зочилсон. Титогийн хагалгаа энэ хооронд амжилттай болж бие нь тэнхэрч эхэлж байсан тул бас нэгэн хожлоор түүнд бэлэг барихыг багийнхан нь хүсэж байлаа. Гэвч тэгж чадаагүй. Тоглолтын турш илүүрхсэн атлаа тор хөдөлгөж чадалгүй байсаар 1:0-ээр дийлдсэн юм. Өмнөх өдөр нь Реал Мадрид дербигээ 4:1-ээр бут ниргээд байсан тул Барсагийн бүдрэлт тэдэнд хүснэгтийн тэргүүллээ зургаан оноо болгон сунгах боломж олгосон. Энэ нь тэдний лигийн ес дэх дараалсан ялалт байсан агаад цаашдаа ч эрчимээ сулруулалгүй урагшилж, гурван улирал дамнасан Гуардиолагийн эринд цэг тавихын түүс болон улайрч байв.

Гол өрсөлдөгчдийнх нь зүрхэнд өдөр өдрөөр өсөн дүрэлзэж буй амжилт ялалтаар ангасан өлсгөлөн дайчин энэ хандлага өөрийнх нь багаас хором хормоор холдон одож, урам зориг нь унтарч буйг Пеп гадарлаж, айсуй аюул дундаас хамгийн их хор хөнөөлтэй нь гэдгийг ухамсарлаж байлаа. Өөрөө ч гэсэн тэр өмнөх шигээ байхаа больсон гэдгээ сэтгэлийнхээ гүнд мэдэрч байсан хэрэг. Хавирга нэвтлэм хүйтэн салхитай тэр нэгэн жихүүн үдэш Хетафегийн талбайд амссан гашуун ялагдал ч энэ бүхний зах сэжүүрийг Барсагийнханд сануулж, алсад дуулдах аюулын харанганы эхний цуурай болон сонсогдсон юм. Баг нь хожигдсоны дараа бага зэрэг гундуу гунигтай байх нь дасгалжуулагчийн хувьд байж болох асуудал ч гэсэн гурван онооноос илүү гүн, ноцтой зүйл Пепийн сэтгэлийн сэмлэн зовоож буйг хамтран зүтгэгчид нь мэдэж байлаа. Тиймээс нутаг буцах нислэгийн үеэр хэн ч түүний хажууд буй хоосонд суудалд сууж зүрхлээгүй юм. Тэр бол Титогийн орон зай.

30 жилийн тэртээ Ла Масиагаас хамтдаа эхлүүлсэн уртын урт аяныхаа турш тэд хэцүү бэрхийг хамтдаа хатуужин туулж, суралцаж, төлөвшиж, торниж, өсөн дэвжсээр өдий зэрэгт хүрэхдээ хэн хэнийхээ мөрийг түшэн тус дэм болж, алдсан нэгэндээ зөвлөж, мартсан нэгэндээ сануулж, буруутсан нэгнээ чиглүүлэн засаж цаг хугацаанд шалгагдсан үнэнч нөхдийн ёсоор дотор нь ороод гарсан мэт мэдэх андыгаа дотночлон хүндэтгэсээр ирсэн. Харин одоо тэр найз нь Пепийн дэргэд алга. Ханхай хоосон суудал л байна. Ганцхан сул суудалтай тэр онгоцонд Пеп хэнийг ч үл хайхран хажуу дахь ханаа гөлөрч, огт өөр ертөнцөд байгаа мэт орчин тойрноосоо бүрэн тусгаарлагдан дуугаа хураасан байлаа. Багийнхан нь бүгд түүнд санаа зовниж байв. Өмнө ямар ч том ялагдал, бүтэлгүйтэл, уналт, саад тотгор Пепийн сэтгэл санааг итгэтэл нь сульдуулж байгаагүй.

Image

Тито мэдээж өвчнөө даваад гарсан. Гэхдээ энэ гэнэтийн үйл явдал Пепийн дотрыг аль эртнээс донсолгон бачимдуулж байсан бүдэг бадаг нэгэн айдсыг улам бүр бодитой болгож өгсөн юм. Тэр туйлджээ. Тамир нь барагдаж үргэлжлүүлэх тэнхэл үгүй болсон байлаа. Эцэс төгсгөлгүй хурал зөвлөгөөн, толгой өвтгөсөн судалгаа шинжилгээ, нойр хулжаасан тактикийн асуудлууд, амьсгаа авах зайгүй аялан тоглолтууд, бэлтгэл сургуулилт, сургалт семинар, ачаалал, дарамт, хариуцлага, хүлээлт, шүүмжлэл, өөчлөл. Тэр үүнд бэлэн биш байлаа. Амьсгаа өндөртэй гурван жилийн дараа тэр өмнөх шигээ эрч хүчтэй, идэвх санаачлагатай, 100 хувь биеэ дайчлан зүтгүү ажиллаж чадах эсэхтээ эргэлзэж байв. Сэтгэл хоёрдож салаа замын ирмэг рүү дөтөлж байгааг нь ч багийн удирдлага гадарлаж байлаа. Бүр есөн сарын сүүлээр Аваргуудын лигт БАТЭ Борисовтой тоглосны дараа тэрээр клубын ерөнхийлөгч Сандро Розель болон хөлбөмбөг эрхэлсэн захирал Андони Субисарретад бодол санаагаа ингэж илэрхийлсэн юм.

«Үнэндээ тэнхэл тасарч байна. Дахиад нэг улирал гэдэг дэндүү хол санагдаж байна. Яг одоо гэрээ шинэчлэх тухай ярих хүсэл үнэхээр алга»

Эцсийн шийдвэр нь биш ч гэсэн итгэдэг хүмүүстэйгээ тэр ний нуугүй нээлттэй байхыг хүссэн байх. Хэрэв Сэр Алекс Фергюсон тэр өрөөнд байсан бол «Эхлүүлсэн ажлынхаа эцсийг нь үзэлгүй шантарч няцахаас илүү шившиг эр хүнд байдаггүй юм» хэмээн хэлэх байв. Гэвч Шотланд эрхэм бээр Титогийн эзгүй тэдгээр өдрүүдэд Пептэй хамт байж, хэрхэн энэлэж байсныг нь харсан бол түүнд арай өөр үг шивнэх байсан болов уу.

Хэдхэн хоногийн дотор Пеп зорилго тэмүүлэлдээ шатаж, хийж бүтээхийн хүсэлд өрдөгдсөн эрэлхэг шийдэмгий удирдагчаас нүднийх нь гал бөхөж, нүүрнийх нь цог унтарсан, урам зориггүй унхиагүй дорой нэгэн болж хувирсан юм.
Үл үзэгдэх онгорхой ан цаваар саяхныг хүртэл бадамлан бялхаж байсан хийморь сүлд, цог жавхаа нь хийсээд одчихов уу гэлтэй. Харсаар байтал духных нь үрчлээс нэг нэгээр нэмэгдээд байх шиг санагдаж байв. Пепийн сэтгэлийн шаналалыг Субисарретагаас илүү гүн ойлгох хүн байгаагүй. Олон жил нэгнээ таних ойр дотно анд нөхрийн хувьд Пепийг тайтгаруулж, урмыг нь сэргээх үүрэгтэй гэдгээ тэр ухамсарлаж байсан ч гэсэн уймарч тулгамдсандаа олигтой сайн ярилцаж чадалгүй байсаар Милан, Мадридаас буцаж ирсэндээ одоо ч харамсаж явдгаа Андони нуудаггүй юм. Пепийн эцсийн шийдвэрийг эргүүлэхэд ямар нэгэн нөлөө үзүүлэх байсан гэсэндээ ч биш. Ердөө л гутарч гунигласан үед нь найзыгаа ганцааранг нь үлдээж уйтгар зовлонг нь хуваалцаж чадаагүй гэх гэмшлийн гашуун сүүдэр.

Клуб мэдээж Пепийг алдахыг хүсээгүй. Тиймээс түүнийг шахаж шавдуулалгүй, хангалттай хугацаа өгч хүлээзнэхээр шийдсэн юм. Суби ч гэсэн Пепийн занг мэдэхийн хувьд ийм үед нь мань хүнийг хүчлээд хэрэггүй гэдгийг ойлгож байв. Тоглогч байхдаа ч гэсэн тэр ийм санаанд оромгүй огцом шийдвэр үе үе гаргадаг байсан. Тэгээд дараа нь түүндээ харамсан уучлалт гуйж, болчимгүй хөнгөн авирласандаа өөрийгөө зэмлэн гэмших нь бий. Сэтгэл хөдлөл ихтэй хүн гэнэт тохиосон гуниг зовлонг бусдаас илүү хүндээр тусгаж авдаг. Тиймээс Титог эдгэрээд эргэж ирсний дараа Пепийн санаа сэтгэл тогтворжиж тайвшраад ирээдүйнхээ тухай бодлоо эргүүлнэ хэмээн Суби найдаж байв. Гэхдээ энэ бол түр зуурын сэтгэл тавгүйтлээс үүдсэн дайраад өнгөрөх донсолгоон бус илүү ул суурьтай, бодож тунгаасан, нухацтай нарийн шийдвэр байж мэдэхийг ч тэрээр таамаглаж байв.

Яагаад?

Албан тушаалаа алдалгүй, амар жимэр тогтвортой тайван ажиллахад хамгийн төвөгтэй мэргэжлүүдийн тоонд хөлбөмбөгийн менежер багтана. Ялангуяа хүлээлт өндөр хариуцлага хатуу нэхэл чангатай Барселона шиг үлэмж багт, хөлбөмбөг туйлдаа хүртэл хөгжсөн өнөө үед. Халж солих тал дээр Каталоны клуб бусад бүх топ багуудын адилаар хатуу бодлого баримталж хэнийг ч гэсэн өрөвдөж эвийлж үздэггүй. Хожиж чадахгүй бол хувцсаа багла гэсэн харгис хууль энд мөрдөгддөг. Дасгалжуулагчийн энэ ярвигтай ертөнцийн талаар Пеп тоглогч байхын л чих тавин сонирхож, тодорхой хэмжээнд өөрийгөө бэлддэг байлааа. Харин ямархуу хүнд ачаатай хударга болохыг ажлаа авсан анхны өдрөө л тэр яс махандаа тултал ойлгож, Карлес Решакийн амны уншлага болсон нэгэн өгүүлбэр орой руу нь орсон нь мадаггүй. Пепийг академид байхад нь анх танилцаж, хожмоо сэтгэлээ хуваалцдаг сайн нөхөр нь болсон энэ эрхэм бол Йохан Кройфтой хамт «Мөрөөдлийн баг»-ийг Камп Ноуд босгож агуу амжилтанд хөтөлсөн Каталоны багийн домогт тоглогчдын нэг билээ. Бүхий л амьдрал, карьераа Барсагийн төлөө зориулсан тэрээр Лионель Мессиг 13 настай байхад нь анх таньж Ла Масиад авчирснаараа клубын түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх гавьяатай нэгэн. Мөн ингэж хэлдэг уламжлалтай байв.

«Дэлхийн дайдын цар хүрээг хамарсан, агуу түүхтэй асар том институтын удирдах албан тушаал дээр очсон хүн ажилдаа эрч хүч энергийнхээ дөнгөж 30 хувийг зориулж, үлдсэн 70 хувийг нь дагалдаж ирэх дарамт ачаалалд зарцуулдаг»
Йохан Кройф ч үүнтэй санал нэгддэг байснаас гадна хоёр дахь жил нь нэг дэхээсээ бэрх, гурав дахь нь хоёр дахиасаа хүчир байдгийг Пепт хэлж сануулдаг байв. Тэдний уулзалт заримдаа хэдэн цагаар ч хамаагүй үргэлжилж, хөлбөмбөг болоод хүний нийгмийн талаар гүн ухааныг уралдуулан хил хязгааргүй халуун дулаан нөхөрсөг яриа өрнүүлдэг байлаа.
«Байх ёстой хугацаанаасаа хэзээ ч битгий удаж, нэг газраа уягд» хэмээн тийм нэгэн уулзалтынхаа үеэр Кройф Пепт анхааруулж байсан гэдэг. Бас «Мөрөөдлийн баг»-ийг удирдсан сүүлийн хоёр жилдээ харамсаж явдгаа ч хэлж байв. Хөлбөмбөгийн эрдэмд анхлан боловсруулж, харах өнцгийг нь чиглүүлсэн, хүндэлж эрхэмлэн явдаг эдгээр эрхмүүдийнх нь үг Пепийн хойшдын үзэл бодол, үйл хэрэг, шийдвэрт тодорхой гүн нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Энэ сэдвийг хөндөн ярилцаж ахуйд үндсэн багийн менежер болоод удаагүй байхдаа Пепийн найзууддаа хэлсэн нэгэн үгийг Андони эш татсан юм. Субисаррета тэр үед клубын удирдах албан тушаалд томилогдоогүй байлаа.
Ажил үйлс нь бүтэмжтэй, бүх зүйл төлөвлөсний дагуу урамтай сайхан урагшилж байсан ч гэсэн энэ бүхэн удаан үргэлжлэх боломжгүй, хэдэн жилийн дараа зайлшгүй зогсонги байдалд орно гэдэгт Пеп итгэлтэй байв. «Хэчнээн их хичээж мэрийж хөдөлмөрлөсөн ч гэсэн нэг л өдөр миний үг үнэ цэнээ алдаж, тоглогчид намайг өмнөх шигээ анхаарч сонсохоо болино. Эсвэл хэвлэл мэдээлэл, ерөнхийлөгчийн сөрөг хүчин, ток шоуны хөтлөгчид, хуучин тоглогч дасгалжуулагчид хүзүүгээр минь боомилж унагах зорилгодоо хүрч л таараа. Тэр үед би юу ч хийгээд, яаж ч биеэ өмгөөлөөд үр дүнд хүрэхгүй. Энэ бол цаг хугацааны л асуудал. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай»

Өөрийгөө уналтаас зөвтгөх энэ сэтгэл зүйн хамгаалалтын механизм нь Пепийг ятгаж үлдээхэд хамгийн том тотгор болно гэдгийг Субисаррета мэдэж байв. Тэгээд хааяа хааяа харц тулгарахдаа хариулт нэхсэн байдлаар хатган, хүлээж тоглохоор шийдсэн байна. Гэвч Гуардиолагаас хариу ирсэнгүй. Ирээдүйнх нь талаар асуулт тавих тоолонд тэрээр «Надад ямар хэцүү байгааг чи мэдэж байгаа шүү дээ», «Дараа больё» хэмээн Субигаас зугтаж байв.
Нарийвчлан боловсруулж, нямбайлан босгосон өөрийнх нь багт ан цав гарч эхэлсэн анхны дохиог Пеп есөн сарын дундуур АС Милантай хийсэн аваргуудын лигийн тоглолтоос олж харсан гэдэг. Камп Ноуд явагдсан тус тоглолтонд Барса цаг дуусах сүүлийн мөч хүртэл тэргүүлж яваад булангийн цохилтоос мөргүүлэн гоол алдаж 2:2-оор тэнцсэн юм. Шүүгчийн сунгасан нэмэлт цагт атгандаа авчихсан хожлоо ийн алдсаныг Пеп багийнх нь хандлага өөрчлөгдөж, сэтгэл зүй нь хуучнаасаа хэврэгшсэн байна хэмээн дүгнэсэн юм. Өрсөлдөгчийнхөө зүрхэнд айдас түгшүүр хуруулан чичрүүлдэг байсан Барсагийн эрмэг догшин чанарын ир нь мохон мөлийж эхэлсэн байв.

Хэдийгээр лигтээ 5:0, 8:0 гэсэн том зөрүүгээр хожиж байсан ч гэсэн айлын талбайд үе үе өө сэвээ харуулан бүдчиж явсаар нэг л мэдэхэд Реал Мадридаас зургаан оноогоор алслагдаад хоцорчихсон байв. 11 сарын адгаар амссан Хетафегийн ялагдал энэ ангалыг бий болгосон юм. Тоглогчдынх нь төвлөрөөгүй, анхаарал султай, алдаа эндэл их гаргаж буй хааш яаш хашин назгай байдал мэдээж Пепт таалагдаагүй. Нервийг нь барж байв.

Ялангуяа амжилтандаа хэт ханаж, хөдөлж цөхөн хойргоших болсон хатуу чихтэй зарим нэгэнтэй нь тэр өөрөөр ярихаар шийдсэн юм. Тэдний нэг нь Дани Алвес байлаа. Эхнэрээсээ салаад удаагүй байсан Бразил хамгаалагч зул сарын амралтын дараах цугларалтанд хоцорч ирснээс гадна бэлтгэл дээр ч биеэ дайчлахгүй лазагнаж байсан учир Пеп түүнд толгойгоо сэргээх ухаарлын долоо хоногийн чөлөө өгсөн юм. Улирлын ид дундуур гарааны гол тоглогчоо ингэж цөллөгт илгээж байсан тохиолдол испаний хөлбөмбөгийн түүхэнд өмнө нь огт дуулдаж байгаагүй. Ядаж л ийм ил тод байдлаар. Алвесийн асуудал үүгээр дууссангүй. Тогтоосон тактикийг үл ойшоож, довтолгоонд хэт их оролцон дур зоргоороо авирлаж байна хэмээн Пеп түүнийг хэд хэдэн удаа бүх тоглогчдын өмнө буруутган зэмлэсэн нь бас л испани менежерээс өмнө нь гарч байгаагүй үйлдэл байлаа.
«Хамгаалагч! Чиний хүлээсэн нэн тэргүүний үүрэг бол хамгаалах гэдгийг битгий март!»

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7465
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Sun Aug 16, 2020 3:14 pm

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - - ЯАГААД
үргэлжлэл

Улирал цаашаа үргэлжлэх тусам Пепийн бухимдал нэмэгдэж, хангалттай хичээхгүй, хүссэн түвшинд нь хүрэхгүй байгаа хэнийг ч гэсэн өршөөлгүйгээр сэлгээний сандал руу шилжүүлж байв. Нэр заан нүүрэн дээр нь хэлж донгодохоосоо ч нэрэлхэхээ больсон. Тоглогчдынх нь хувьд энэ бол шинэ зүйл байв. Тэд боссынхоо шаардлага өндөртэй, зарчимч, хатууг мэдэх боловч байнгын ийм байдал нь хувцас солих өрөөний уур амьсгалыг хүйтрүүлж, хоорондын харилцаанд нь булингар үүсгэсэн.

Өдөр тутмын үл ялих аар саар асуудал зөрчил ч гэсэн Пепийг багийнхнаас нь бага багаар хөндийрүүлж байв. Мэдээж тоглогч болгон Пептэй цэрвүү харилцаатай байгаагүй. Өөрийнх нь шийдвэрийг ойлгодог, багийнхандаа үлгэр дуурайл үзүүлэхүйц нэр хүндтэй Пуйоль, Кейта зэрэг тоглогчдоор дамжуулан тэр үгийг нь сонсохгүй байгаа бусдад нь нөлөө үзүүлэхийг хичээж байв.
«Намайг тэд юу ч гэж нэрлэж байж болно. Гэхдээ хийж байгаа бүхэн минь багийн төлөө гэдгийг л тэдэнд ойлгуулмаар байна»

Ганц хоёрхон жилийн өмнө бодох ч шаардлагагүй байсан ийм үгийг яагаад ойр дотныхондоо үе үе хэлэх болсноо Пеп бодолхийлэн шаналж, шинэ гарц, эрс эргэлт, ангид аргыг эрэлхийлэн байлаа. Багийн тоглолтоос ч түүнийг нь харж болохоор байв. Гарааны бүрэлдэхүүндээ тэрээр өөрчлөлт хийж, хамгаалалт хагас хамгаалалт довтолгооны шугамандаа халаа сэлгээ оруулан, 3:4:3 систем яагаад үр дүнгээ өгөхгүй байгааг тал бүрээс нь шинжин судалж, туршилт хийж байсан. Яг л дараа жил гэхэд энд байхгүй, Камп Ноуд дасгалжуулагчаар тав дахь улирлаа өнгөрөөхгүй гэдгээ гадарласан мэт.

Дотоод уур амьсгал нь далд байдлаар доройтож байсан ч гэсэн Барса хамгийн чухал, хариуцлагатай, өндөр үнэ цэнэтэй тоглолтууддаа хожсоор байлаа. Найман сард Испаний супер цом, Европын супер цомыг өргөж, 12 сард клубын дэлхийн аваргад түрүүлснээр тэд 2011 оныг нийт таван цомтойгоор өндөрлүүлсэн юм. Үүнээс гадна Реал Мадридыг ганцхан сарын хугацаанд хоёр фронтод дараалан хожиж, Эзэн хааны цомоос мулталсан нь аварга болохоос илүүтэй атаат дайснаа дарж авахыг илүүд үздэг хөгжөөн дэмжигчдэд хангалттай том бэлэг байлаа. Ганц нэг удаа зочлон тоглолтонд гэнэ алдсаныг эс тооцвол бүх юм хэвийн, асуудал байхгүй, дараагийн требль зөвхөн цаг хугацааны асуудал гэдэгт тэд эргэлзэхгүй байлаа. Үнэхээр тэгж санагдахаар үе ч нэг хэсэг байсан. Баг нь аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсны дараа Пеп хуучин хэвэндээ орж, амжилт ялалт агуу гайхамшгийн төлөө адган тэмүүлдэг зангаараа ажилдаа улайран өдөр шөнөгүй зүтгэж байв. Эрч хүчтэй, урам зоригтой, бадрангуй.

Аваргуудын лиг, Ла лигийн түрүүтэй улирлын дараа баг нь амжилтандаа хэт ханаж, анхаарлаа болгоомжоо сулруулах вий гэсэндээ Пеп 2011/12 оны улирлыг ингэж хэлж эхлүүлсэн.
«Аялал дуусаагүй. Бидний түүх цаашаа үргэлжилнэ. Ахиад ч гайхамшгийг бүтээнэ»
Амжилт арвинтай улирлын дараа дасгалжуулагч болгоны хэлдэг энэ үгийг
Пеп улирлын турш улиг болтлоо давтсан ч гэсэн бодит байдал дээр шинэ шинэ саад бэрхшээлүүд урган гарч ирсээр байв. Клубын ДАШТ-ий үеэр Давид Вилья шилбэний ясаа хугалж улирал дуустал талбайд гарах боломжгүй болсон бол гурван сарын дундуур Абидалийн бие ахин муудаж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох хэрэгтэй болсон юм. Угаас нимгэн бүрэлдэхүүнтэй улирлыг эхлүүлсэн Барсагийн хувьд энэ бол туйлын ноцтой том гарз хохирол байлаа. Гурван фронтод хүнд учраануудтай удаа дараалан тоглоход хүний нөөцийн дутмаг байдал илт мэдрэгдэж байв. Өвлийн наймааны цонхоор хүчээ огт зузаалаагүйг ч хэлэх үү. Эцэст нь аваргуудын лиг, копа дель рейд дуслуулсан илүү хөлснийхөө төлөөсөнд клуб ла лигийн түрүүгээ Реал Мадридад алдсан юм.
Энэ хооронд багийн удирдлагууд Пепийн шийдвэрийг хүлээсээр байлаа. Цомтой улирлын дараа бодол санаа нь аяндаа эргэнэ биз хэмээн зарим нь тайван байсан бол үлдсэн нь түүний учир нь үл тайлагдах Далай лам шиг далд нууцлаг, нээлттэй бус байдлыг шүүмжлэн дургүйцэж байв. Клубын ирээдүйтэй холбоотой бүх бодлого төлөвлөгөө, стратегийн ажлууд Пепийн хариултыг хүлээн гацаанд орчихоод байлаа. Ийм ахицгүй дүлгэнэсэн байдал удаандаа аюултай, аль болох эртхэн асуудлыг нэг тийш болгох нь зөв гэдгийг ухамсарлахын хувьд Субисаррета төрөл бүрийн арга замыг сүвэгчилсээр байв.

11 сард тэрээр Тито Вилановагаар Пепийн халааг залгуулах саналыг захирлуудын зөвлөлд хүргүүлсэн нь тэдгээр тактикийнх нь нэг байв. Багаасаа явах мөчийг нь Пепт бодитоор төсөөлүүлж, сэтгэл хөдлөлөөр шахалт үзүүлэх гэсэн хэрэг. Энэ нь тодорхой үр дүнд хүрээгүй боловч он гараад нэг сарын 18-нд тохиодог Пепийн төрсөн өдрийг эргэлтийн цэг байх болов уу хэмээн Суби найдвар тавьж байлаа. Хоёр жилийн өмнө, 39 насны төрсөн өдрөөрөө Пеп найз бүсгүй Кристинагийн хамт Каталоны алдарт инди хамтлаг Манелийн концертыг үзсэн юм. Тухайн үед испани мэргэжилтний шинэ гэрээ мөн шийдэгдэлгүй гацаанд орж, олны анхаарлыг татсан асуудал болоод байлаа. Гэтэл тоглолтын үеэр Манель хамтлагийнхан түүнд зориулж төрсөн өдрийн дуу дуулахдаа гэрээгээ сунгахыг нь Каталон даяараа хүлээж буйг учирлан гуйж гэнэтийн бэлэг барьсан юм. Дөнгөж маргааш өглөө нь Пеп ахин нэг улирал Камп Ноуд үлдэхээр болсноо зарлаж байв. 2012 оны нэг сарын 18 гэхэд Пепийн сэтгэлийг чилээж байсан асуудал бүхэн алга болж, төрсөн өдрөө чээж тэнэгэр тэмдэглэж болохоор болсон мэт санагдаж байв.

Баг нь клубын дэлхийн аваргын финалд Сантосыг 4:0-ээр бут ниргэснээс гадна хамгийн чухал нь Тито Вилановагийн эрүүл мэнд сайжирч, ажилдаа эргэн орсон байлаа. Ла лиг дэх форм ч тогтвортой байв. Пепийн хэвлэлийн бага хурал зарласан тухай утасны дуудлага маргааш өдөр нь ирнэ хэмээн хүлээх үндэс Субисаррета болон Сандро Розельд бүрэн байсан боловч тийм зүйл болсонгүй. Нэг сарын 19-ны өдөр жирийн нэг ням гараг байдлаар өнгөрөв. Нэг сарын 20, 21, 22 мөн адил. Онцгой үйл явдал үгүй нам гүм долоо хоногийн өдрүүд байв. Клубын ерөнхийлөгч Пептэй тогтмол биш боловч ажил хэргийн шугамаар уулзах тохиолдол бишгүй нэг гарна. Харин түүний тавих асуулт нь Субигаас илүү шулуун агаад шаардангуй өнгө аястай.

«За Пеп, сайн мэдээгээр хэзээ сонор мялаах гэж байна даа»

«Одоохондоо биш, ерөнхийлөгч өө»

Каталоны нэртэй улс төрчид, нөлөөтэй нийгмийн зүтгэлтнүүдийн оролцсон уулзалт цэнгүүний үеэр нэг ширээнд хамт уригдахдаа тэд ийнхүү ярилцсан юм. Тэдний дунд үүнээс урт харилцан яриа өрнөж байсан удаа үгүй. Мэндийн зөрүүтэй л өнгөрдөг байв.
2010 оны сонгуульд ялалт байгуулж Барсагийн ерөнхийлөгч болсныхоо дараа гаргасан Розелийн хамгийн эхний шийдвэр нь Йохан Кройфоос хүндэт ерөнхийлөгчийн хэргэмийг нь хураан авах байв. Хоан Лапорта «ардчилсан бус» байдлаар хүндэт ерөнхийлөгчийг хувийн дураар томилж, удирдах түвшний аливаа албан тушаалтныг гишүүдийн санал хураалтаар тодруулах ёстой гэсэн клубын дүрмийг зөрчсөн хэмээн тэрээр үүнийгээ зөвтгөсөн юм. Йохан Кройфтой багш шавийн барилдлагатай байдаг Пепт шинэ боссынх нь энэ үйлдэл эерэг сэтгэгдэл үлдээгээгүй нь лавтай. Алдаатай алхам хийснээ ухаарсан Розель тэр даруйдаа бодлоо өөрчилж, Кройфыг буцаад хүндэт ерөнхийлөгч болохыг урьсан боловч дэндүү оройтсон байлаа. «Үгүй, баярлалаа» хэмээн домогт cule товчхон хариулт өгсөн юм. Түүнээс хойш хоёр эрхмийн дунд үүссэн ан цав улам бүр алслагдсаар ирсэн бөгөөд 2013 онд Аякс, Барселона багууд аваргуудын лигийн нэг хэсэгт хамт хуваарилагдсаны дараа Кройф «Энэ удаа би Аяксыг дэмжинэ. Тоглолт үзэх урилга надад ирэх нь ирсэн. Гэхдээ түүнийг (Розель) байгаа цагт би ахиж Камп Ноуд хөл тавихгүй» хэмээсэн нь ямархуу том ангал, үл ойлголцол, үзэн ядалт тэднийг тусгаарлаж байсныг илтгэнэ. Нарийн ярих аваас хүндэт ерөнхийлөгчийн сандал суудлын маргаанаас ч өмнө үүссэн ужиг төвөгтэй урхаг гүн асуудал. Кройфын талыг баримталж, сургаал философийг нь мөрдлөг болгон мөрийн хөтөлбөртөө тусгадаг байсан өмнөх ерөнхийлөгч Хоан Лапортатай Розель 2005 оноос эхлэн түнжин хагарч, хэвлэлээр дайтаж эхэлсэн.

Хуучин хамтрагч, олон оны найзаа тэрээр ингэж буруутгасан юм. Дарангуйллын дэглэм Барсад тогтоож, гаргасан бүх шийдвэртээ хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьж байсан. Багийн санхүүг огцом унагаж, дампуурлын ирмэгт тулгасан. Эрх мэдлээ урвуулан ашиглаж албан тушаалын халаа сэлгээг хараа хяналтгүй хийж байсан гэх мэт. 2006 оны сонгуулийн өмнө тэрээр Лапортагийн булхайг илчилсэн ном хүртэл гаргасан бол дахин сонгогдсоноос нь хойш хоёр жилийн дараа явагдсан итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалтын хамаг хорыг хөшигний араас биечлэн найруулж байв. Улмаар 2010 онд өөрөө ерөнхийлөгч болсон даруйдаа өрсөлдөгчөө нэгмөр дарж авахаар иргэний хэргийн шүүхэд Лапортагийн эсрэг нэхэмжлэл гаргасан юм. Үндэслэл нь багийн санхүүг будилуулан доройтуулж хямралд оруулсан. Шаардлага нь түүний нэр дээр байдаг бүх өмч хөрөнгийг хураан авч клубын өрийг тэглэхэд зарцуулах.

Арван жилийн ажил хөдөлмөрийнхөө үр дүнг үгүйсгүүлж, хамаг хөрөнгөө хураалган хоосрохдоо тулах хэнд ч гэсэн хэцүү байх нь ойлгомжтой. Тэр тусмаа хамт ажиллаж, итгэл хүлээлгэж, зовлон жаргалаа хуваалцаж байсан хүн чинь хар буруу санаалан хаяагаа хадрах үед. Лапортагийн хувийн амьдралд ч энэ бүхэн бараан сүүдрээ тусгасан. Товчхондоо Розелийн зарга эртний андынх нь амьдралыг бүрэн хөмрөхөд бэлэн байв. Хүндэлж, талархаж явдаг хуучин ерөнхийлөгчөө нулимс унаган уйлж байхыг тэр үед л Пеп анх удаа харсан гэдэг. Бэлэн болсон гэдэгт нь бүгд эргэлзэн толгой сэгсэрч, хүлээх хэрэгтэй хэмээн эсэргүүцэж байхад Лапорта эрсдлийг үл хайхран түүнд итгэл хүлээлгэж Барсагийн ерөнхий дасгалжуулагчаар томилж байв. 2008 оны 6 сар. Гуардиола тэр үед зодог тайлаад хоёрхон жил болсон, Б багтай доод лигт нэг жил ажилласнаас өөр менежерийн туршлага гэхээр зүйл байсангүй. Гэсэн ч Лапорта түүнд итгэсэн. Тэгээд багийнхаа алтан үеийг эхлүүлсэн. Дээр дурдсан нулимстай уулзалтаас хэд хоногийн дараа Пеп Лапортаг өмгөөлж, «Алдаа эндэл гаргасан ч гэсэн тэр Барсагаас хүндлэл хүлээх эрхтэй нэгэн» хэмээсэн нь Розель болон түүний дагалдагчдад таалагдсангүй. «Хаана, хэний харьяанд ажиллаж байгаагаа санаарай» хэмээн хүйтэн сануулга өгсөн байна. Нөхцөл байдал яваандаа саармагжиж, Розель нэхэмжлэлээ иргэний шүүхээс эргүүлэн татсан. Гэхдээ Камп Ноуд юу ч мартагдадгүй. Хэзээ нэгэн цагт заавал шударга ёс, үнэнд гүйцэгддэг.

Розель, Гуардиолагийн ганзага нийлэхгүй нь эхнээсээ л илэрхий байлаа. 2010 оны сонгууль явагдахаас хэдэн сарын өмнө Лапорта Пепийг ахин нэг улирал үлдээхээр ам өчгийг нь аваад байсан боловч испани мэргэжилтэн шинэ ерөнхийлөгчөөрөө гэрээний нөхцлөө аль болох хурдан зөвшөөрүүлчихээд амралтаа эхлүүлэхийг хүсэж байв. Гэтэл сонгуулиас хойш бүтэн хоёр долоо хоног өнгөрчихөөд байхад Розель Пепийн гэрээний нөхцлийг зөвшөөрч батлах нь байтугай хавтсыг нь ч нээж үзээгүй байлаа. Йохан Кройфыг хүндэт ерөнхийлөгчөөс халж, Дмитрий Чигринскийг анх авсан үнээсээ хоёр дахин бага үнээр буцааж Шахтёр луу явуулах зэрэг илүү чухал, онц ач холбогдолтой, нэн яаралтай ажлууд түүний толгой дээр овоорчихсон байв. Нуруулаг төвийн хамгаалагчаа Пеп явуулахыг хүсээгүй. Өмнөх зун нь өч төчнөөн нэхэл дагуул болж байж 25 сая еврогоор арайхийж авчирсан учир тэрээр Чигринскийг цаашдын төлөвлөгөөнийхөө үндсэн хэсэг болгон харж байв. Тэгтэл нэг л өглөө Розель өнөө чухал тоглогчийг нь Донецк руу буцах онгоцонд суулгаад, 15 сая еврогоор арилжчихсан байлаа. Мань эрийн тайлбар.

«Танай найз Лапорта чинь багийн данс улайлгаад юу ч үгүй хоосолчихжээ. Цалингаа тавих ч мөнгө алга. Одоохондоо ингэж л аргалж байхаас»

Харамсалтай нь үүнээс илүү тонгочих боломж Розельд олдоогүй. Хүссэн хүсээгүй ихэнх асуудал дээр тэр Пепийн аяыг дагаж аягыг нь өнгийхөөс өөр замгүй болсон юм. Багийн амжилт арвижиж, цомын цуглуулга баяжих тусам Пепийн нэр хүнд төдий чинээгээр Камп Ноуд нэмэгдэж, байр суурь нь батжиж байсан болохоор өөр арга ч түүнд байсангүй. Үндэсний радиогоор багийг нь допингтой холбон буруутгаж, аваргуудын лигийн хагас шигшээд Реал Мадридтай түүхэн тулаан хийж, хөгжөөн дэмжигчдээс хүлээлт үүсгэсэн менежерийн гэрээний асуудал гацаанд орсон гээд толгой өвтгөм олон сорилтуудтай Розель эхний хоёр жилдээ нүүр тулсан ч гэсэн аль болох хэл амнаас холуур, камерын дуранд өртөлгүй, ажлаа чимээгүйхэн явуулахыг илүүд үзэж байв. Тэгэх шалтгаан ч байсан. Санаа сэтгэл нэгтэй, өөрийнхөө хүмүүсээр хүрээлүүлсэн Лапорта ийм нөхцөлд индэр дээр гараад хатуу үг чулуудан хэвлэлийн дайн өрнүүлэхээс өчүүхэн төдий эмээдэггүй байсан бол өөрийг нь хазгай гишгэхэд арыг нь даах итгэлтэй хүмүүс эргэн тойронд нь байгаа гэдэгт испани бизнесмен эргэлзэж байлаа. Нэн ялангуяа өөрөөс нь дутахгүй эрх мэдэлтэй, сөрөг хүчнийг нь дэмждэг дасгалжуулагч байгаа цагт. Энэ утгаараа Розель айлд хоног төөрүүлж яваа гадны хүн мэт хэл гараа дөнгөлүүлсэн байдалтай Камп Ноуд ажиллаж байв. Ганцхан Сеск Фабрегасын наймаан дээр л тэр Пепээс илүү эрх мэдэлтэй гэдгээ ил тодоор үзүүлж чадсан.

Иймэрхүү байдалтай хоёр эрхэм ажлаа явуулсаар 2012 оны хавартай золгов. Пепийн гэрээг сунгах асуудал шийдэгдээгүй л байлаа. Хоёр сарын зургаанд Розель Лондонд зочилж «Laureus»-ийн оны шилдэг багийн шагналыг гардаж авахдаа BBC-гийн сэтгүүлчтэй ийм яриа өрнүүлсэн юм.
«Хэрэв Пеп Гуардиола гэрээгээ сунгахгүй бол яах вэ?»
«Түүнийг ирэхээс өмнө Барселонад амьдрал байсан. Түүнийг явсны дараа ч байх л болно»
Эцсийн эцэст ерөнхийлөгч бол ерөнхийлөгч. Олон мянган хүний ажил амьдралыг хариуцаж, багийн ирээдүйд баримтлах бодлого чиглэлийг тодорхойлж байгаагийн хувьд тэр харьяандаа ажилладаг хэнд ч гэсэн үүрэг даалгавар, тушаал заавар өгөх эрхтэй. Харин чамайг хайрлаж, ойр дотны чинь анд нөхөр байх шаардлагагүй. Гэхдээ л клубын ирээдүйн амжилт, сайн сайхны төлөө хамтран ажиллаж байх ёстой хоёр эрхэм өөр өөр зүг рүү харж, үзэл бодол таарамжгүй байгаа нь олон нийтэд тийм тод илэрхий биш байсан бол багт хэрэгтэй байв.
«Ирэх улиралд хийхийг хүсэж байгаа зүйлсээ жагсаагаад биччих. Бодлоо цэгцэлж, хүсэл зорилгодоо ул суурьтай нухацтай хандахад чинь тус болно»

Субисаррета бууж өгсөнгүй. Пепийн тархинд хоног хоногоор тодрон батжиж буй шийдвэрийг эсрэг тийш нь эргүүлэхийг тэрээр хичээж байв. «Одоо цаг нь биш» хэмээн Пеп инээмсэглэн хариулав. Санаа сэдэл өгч, шахалт үзүүлэх тактик нь ахицгүй байсан тул Суби аргаа өөрчилж, нэг хэсэгтээ энэ талаар огт ам нээхгүй байхаар шийджээ. Түүнээс хойш Барсагийн ерөнхийлөгч, захирал, менежер гурвын хэн нь ч энэ сэдвийг хөндөж ярьсангүй. Хариулт хүссэн, хүлээлт өссөн, түгшүүртэй нам гүмийг эвдэж нөхцөл байдлыг тодорхой болгох эрх нь гагц Пепт байлаа. Тиймээс түүнийг хөзрөө дэлгэх хүртэл түрүүлж хөдлөлгүй тэвчээртэй тайван хүлээх нь нөгөө хоёрын хувьд хамгийн зөв шийдэл байв. Пеп ч төдийлөн яарахгүй байлаа. Эргэцүүлж тунгаах зүйл түүнд их байв. Уулзалт хүлээн авалтын үеэр эсвэл хурал зөвлөгөөн ярилцлагын дундуур тэрээр духаа үрчийлгээд, харц нь холдож, дуугаа хураан дүнсийсэн байвал хаа нэгтээ хол газар, өөрийнхөө өвөрмөц нууцлаг далд ертөнцөд бясалгаж байна гэсэн үг.

Тийм үед нь түүнтэй ойр зуурын жижиг сажиг зүйл ярьсан нь дээр. Гэрээ сунгах, тоглогч авах, тактик өөрчлөх зэрэг илүү чухал, том асуудлын талаар зөвлөлдөх бол түүнийг өөрөө эхэлж үг дэлгэн үүдээ нээхийг нь хүлээх хэрэгтэй. Энэ бол ойлгоход бэрх, онцгой, содон арга барилтай Барсагийн дасгалжуулагчтай анх харьцаж байгаа хүнд өгөх Субигийн зөвлөгөө. 20 жил хамт ажиллаж, ойр дотно нөхөрлөж байгаа найзад нь хүртэл Пепийн тухай мэдэхгүй зүйл зөндөө. Толгойд нь ямар бодол эргэлдэж, нөхцөл байдлыг аль өнцгөөс харж, ертөнцийг хэрхэн ажиж үнэлдгийг нь хэлж таамаглахад хэцүү.

Энгийн нүдээр түүний хийж байгаа бүхэн утга учиргүй нэмэлт ажил, хэрээс хэтэрсэн хэнхэглэл мэт санагдаж магадгүй. Аль хэдийн бэлэн болгоод шалгаж нягталчихсан ажлаа ахин дахин сөхөж, мартаж санасан юм байх вий хэмээн сайн дураараа өөрийгөө зовоож суудаг түүн шиг хүн хүн ховор. 24 туслахтай хэрнээ бүгдээс нь олон цагаар ажиллаж, гэр бүл, эхнэр хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөх үнэт цагаа золиослон үдэш орой болтол оффистоо шигдэх ажил, амжилт, агуу гайхамшгийн донтон ч тийм олон таарахгүй. Хайртай, дотны хүмүүстэйгээ хамт байхыг тэр бусдын л адил хүсдэг боловч хамт олон, хөгжөөн дэмжигчид болон өөртөө өгсөн амлалт, үүрэг хариуцлагадаа асар их ач холбогдол өгч, хүмүүсийн хүлээлтэнд хүрэлгүй урмыг нь хугалах вий гэхээс хүйтэн хөлс нь цутган айдагтаа ийнхүү хэн хүнээс илүүтэй хөдөлмөрлөн зүтгэж, хэнхэг, хэнээтэй, хачин хэмээн дуудуулдаг юм. Нэр төрөө гэх төрөлхийн шазруун зан ч байдаг байх.

«Асуудлын төгс шийдлийг олчихлоо гэж бодож байтал тоглолтын үеэр өөр хэн нэгний гаргасан санаа минийхээс илүү байх үед надад байж ядмаар хэцүү байдаг. Би тэр хувилбарыг яагаад бодож олоогүй юм бол. Миний хийх ёстой ажил, хүлээсэн үүрэг шүү дээ гэхээс бачуурмаар болдог»

Ойрын нэгэн найздаа тэрээр ийн ам алдаж байсан удаатай. Тоглолтонд дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгдөг экспертүүдийн тусгай баг гаргаж өгье гэж клубээс санал болгосон боловч Пеп татгалзсан. Учир нь тэр ажлынхаа энэ хэсэгт л хамгийн их дуртай. Судалгаа, шинжилгээ бас төлөвлөгөө.

«Талбай дээр юу болохыг төлөвлөх шиг сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн зүйл байхгүй. Өөрийн багийн давуу тал, өрсөлдөгчийн сул хэсэг, хэнийг хаана гаргавал ашигтай болох, хэзээ хэнийг оруулж ирвэл манайд давуу байдал үүсэх вэ гээд яг л шатрын нүүдэл комбинац боловсруулж байгаа юм шиг бүх хувилбаруудыг би бодож, төсөөлж, тооцоолох дуртай. Намайг нарийн судалгаа анализ хийж, юу хийхийг нь нэгд нэгэнгүй хэлж өгөхөд тоглогчдын хандлага ч гэсэн өөдрөг золбоотой байдаг юм. Бэлтгэлээ сайн хангасан байхад байлдааны үеэр бажгадахгүй»

Ингэж хэлээд тэр дийлдэж дуусах хувь тавилантай дайныхаа талбар луу алхаллаа. Хөлбөмбөгийн мөн чанарын эсрэг хийж буй түүний мөнхийн тулаан. Хөлбөмбөг, спорт, амьдрал гээд ер нь ертөнцийн юм бүхнийг хэчнээн сайн, нягт нямбай, детальчлан төлөвлөсөн ч гэсэн яаж ийгээд буруугаар эргэдэг нь хууль. Хэн ч үүнийг давж гарч чадахгүй. Клуб, хөлбөмбөг эрхэлсэн захирал, дасгалжуулагчийн ажил бол судалгаа, задлагаа, бэлтгэл сургуулилтаар дамжуулан тоглолтын таамаглах боломжгүй үйл явц, өрнөл, үр дүнг таамаглаж, аль болох гэнэтийн бэлэггүй, баталгаатай аюулгүй замаар багийг амжилтанд хөтлөн хүргэх. Хязгааргүй олон хувьсагчтай хэдэн мянган хувилбаруудаас зөвийг нь олж сонгох. Ядаж л хамгийн бага эрсдэлтэйг нь. Гэтэл талбай дээр юу болж, тоглолт хаашаа эргэхийг хэн мэдэх билээ. 2009 оны 5 сарын 6-нд Андрес Иньеста 90+3 дахь минутанд Челсигийн эсрэг Стэмфорд Брижд гоол хийж багаа аваргуудын лигийн финал руу хөтөлнө гэдгийг хэрхэн тооцоолж төлөвлөх билээ? Боломжгүй. Пепийн хувьд энэ л хөлбөмбөгийг гайхамшигтай бас гачлантай болгодог гол зүйл.

Пепийн талаар мэдэхгүй, учир нь үл ойлгогдох зүйлс багийнх нь тоглогчдод зөндөө. Гэхдээ тэр чухал биш. Дасгалжуулагч хүн ажлаа мэддэг, удирдах ур чадвартай, өөрийгөө болоод бусдыг хүндэлдэг, хичээл зүтгэлтэй, хамт олноо гэсэн сэтгэлтэй байх л хамгийн гол шалгуур. Бусад нь дараагийн асуудал. Пеп дээрх шаардлагуудыг хангадаг учир юм болгоныг хэтрүүлж, илүү ажил удаж, нэмэлт төвөг үүсгэдэг яршигтай ч гэмээр занг нь зөвтгөж болох мэт. Ингэж илүү энерги, ахиу хүч гаргахгүйгээр дасгалжуулагчийн ажлаа явуулах боломжгүй гэж тэр үздэг. Улирлын дараагийн хагаст ямар тактик ашиглах, ирэх тойргийн өрсөлдөгчөө яаж хожихоос өгсүүлээд өөрийнхөө мэргэжлийн үнэ цэнийг ойлгож ухамсарлахад хүртэл энэ хэтрүүлэгтэй хэнхэг зан нь үр өгөөжөө өгч, мэргэн оюуны учгийг сүвлэхэд тустай гэж тэр итгэдэг.

Дуусгаж бэлэн болгох тодорхой он сар, цаг хугацааг календарь дээрээ тодруулан зурчихаад түүнтэйгээ уралдан, ажлаас ажил, даалгавраас даалгавар, төслөөс төслийн хооронд толгой өндийх завгүй уралдан гүйж адреналин амтлах нь түүнд таалагддаг. Амьд гэдгээ дээд зэргээр мэдэрдэг. Хангалттай, болчихлоо, гүйцлээ гээд ханаж үл хайхрах сэтгэлгээ түүнд байдаггүй болохоор хүрч биелүүлэхэд бэрх хэт өндөр стандартыг өөртөө болоод бусдад тогтоодог. Тэнгэрт шүргэм тэр хатуу шаардлагыг байнга биелүүлж байх нь боломжгүй ч гэсэн ядаж л түүн лүүгээ тэмүүлж зорьж зүтгэж байх нь чухал гэсэн үзэлдээ Пеп бат зогсдог юм.
Улаан галзуу ингэж биеэ дайчлан ажиллах нь зорьсондоо хүрэхэд дөхөмтэй боловч сөрөг тал нь чи хорвоо ертөнцөөс бүрэн тусгаарлагддаг. Оюун бодол чинь нэг л зүйлдээ төвлөрч, орчин тойрныхоо юуг ч эс анзаарахаа болино. Гэвч Пепийн хувьд энэ бол байж болох золиос. Тойруу замын талаар тэр бодохыг ч хүсдэггүй. 2008 оны зун өөрийг нь үндсэн багийн менежерээр танилцуулах арга хэмжээний үеэр тэр Камп Ноуд цугласан мянга мянган фэнүүддээ хандан ийнхүү хэлж байв.
«Хожиж, түрүүлж, цом шагнал өргөнө гэж би ам гарч чадахгүй. Харин нэг л зүйлийг амлаж чадна. Бид өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно. Тамираа тасарч, хөлсөө дусалж дуустал хөдөлмөрлөнө. Эргэлзэх хэрэггүй»
Пепт эцэг эхээс нь уламжлагдан өвлөгдсөн энэ хатуу чанга сахилга баттай ажлын ёс зүйгээр Каталончуудын ерөнхий сэтгэлгээ, нийтлэг өнгө төрхийг төлөөлүүлж болно. Бодол санаагаа хоёрдуулж, хойш суулгүй үнэнч шаргуу тууштай зүтгэвэл хүссэн зорьсондоо хэзээ нэгэн цагт гарцаагүй хүрнэ гэх итгэл үнэмшил.

«Хэрэв бид нийтээрээ өглөө эрт, нар ургахаас ч өмнө босож заншвал хэдхэн жилийн дотор хүчирхэг гүрэн болж чадна гэдэгт би итгэдэг»

Энэ үгийг Пеп үндэснийхээ спортын үнэ цэнийг өргөж, нэр төрийг нь дэлхийд дуурсгасныхаа төлөө шагнуулсан хүндэт иргэний алтан медалиа Каталоны парламентын ордны төв танхимд гардан авахдаа хэлсэн юм.
«Гуардиола хөлбөмбөгт хайртай» хэмээн кино найруулагч Давид Труэба найзынхаа дотоод сэтгэл дэх өдөөгчийг тайлбарлав. «Бас амжилт ялалтанд ч дурладаг. Гэхдээ өөрийн гэсэн үндсэн зарчмаа яс баримталж, үнэт зүйлс үзэл бодлоосоо буцахгүйгээр. Тэр чамд амжилтын баталгаатай төгс систем, тактик, төсөл санал болгоод хариуд нь ганцхан зүйлийг шаардана. Өөрт нь бүрэн дүүрэн итгэх. Үнэнч байх. Хожигдож ялагдах түүнийг гуниглуулдаггүй. Харин тоглогчид нь, хамтран зүтгэгчид нь, хань нөхөд нь өөрийг нь орхиж, үл тоож, үгийг нь сонсолгүй итгэл эвдэж эхлэхэд л түүний урам зориг мохон арга барагддаг. Зүрх нь зүсэгдэн шархалдаг. Тийм нөхцөл байдлыг Пеп удаан тэвчиж байж чадахгүй. Яваад л өгнө.

Харин үүнийг нь буруугаар ойлгох хэрэггүй. Ажилдаа дуртай, хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг, алдаа эндэгдлээс харшилтай, тиймдээ ч өчүүхэн жижиг деталь бүрийг өнгөлж зүлгэн анхаардаг мэргэжилтэн гэдэг өнцгөөс нь түүнийг харвал зохино. Үл анзаарагдам энгийн бяцхан эрэг ч ялалт болоод сүйрлийн ялгаа зааг болж болдгийг тэр мэднэ. Дагаж мөрддөг бас нэг зарчим нь багаас өөрийгөө дээрд тавьж, илүү гаран ихэрхэхийг цээрлэх. Тиймээс Барселона хэмээх нүсэр том байгууллагын зөвхөн нэг бүрэлдэхүүн хэсэг нь байхыг тэр эрмэлздэг байв. Ажлынхаа хөлсийг зохих ёсоор авч байгаа, илүү харж билүү долоох шаардлагагүй гэж Пеп үздэг. Камп Ноуд түүнийг аяга кофе ч үнийг нь төлөлгүй авч ууж байхыг би харж байгаагүй.
Нийгэм, нийтэд хэн болон харагдаж, дурсагдаж үлдэхийг хүсдэг вэ гэж асуухад Пеп товч бөгөөд тодорхой хариулт өгдөг. Сайн дасгалжуулагч. Тэгээд л тэр. Өөр хэн ч биш. Сэтгэгч, чиглүүлэгч, эксперт, мастер, багш, гуругийн аль нь ч биш. Ердөө л хийх юмаа мэддэг хичээнгүй дасгалжуулагч. Эргэн тойронд нь байдаг, нэрийг нь дагалдаж явдаг бусад нэр хоч, цол гуншин, өргөмжлөл магтаал бол даган дуурайж, хуулбарлаж, үлгэр жишээ авах хэн нэгнийг хайсан нийгмийн содон үзэгдэл.

Түүнд хүсээгүй байхад нь өмсгөсөн эзэн хааны титэм, байлдан дагуулагчийн нөмрөг. Магадгүй хүмүүс улс төр, бизнес, урлаг, медиа салбар дахь алдар нэр, ашиг хонжоо, авах идэхийн дон шүглэсэн доншуурч, зальдагч, ашигч, луйварчдаас залхаж, тэдний түгээн дэлгэрүүлэхийг хүсдэг амин хувиа хичээсэн, үнэнч шударгыг умартсан өнгөц гүехэн үзэл санаанаас үр хойчоо авран хамгаалах гэсэндээ Пеп шиг нэгнийг эрдэг байх. Тэр ч гэсэн бурангуй ёс түгж буй энэ нийгмийн нэг хэсэг. Тэгээд бүх хүн тийм биш. Хүн төрөлхтөн амьд байгаа цагтаа сайн сайхан, эерэг зөв зам руу зорьж зүтгэнэ гэдгийг хамгийн энгийн хэлбэрээр буюу хийж буй ажлаараа дамжуулан тунхагладаг. Хэн ч өөрийг нь харж ажиглаагүй, олны анхаарлаас хол хөндий байсан ч гэсэн түүний энэ сэтгэлгээ хувирахгүй. Өмнөх ажлаа үг дуугүй өндөр чанартай хийлээ гээд алга ташилт, ахиу цалин хөлс хүлээдэггүй мянга мянган жирийн иргэдтэй л ижил. Түмний нүдний өмнө байдаг том клубыг авч явдгаараа л тэр бусдаас ялгагдана»

«Менежерийн ажил барагдана гэж байхгүй» гэж Пеп хэлэх дуртай. Гэтэл нэгэн өглөө ажлынхан нь түүнийг бараан үүлэнд бүрхүүлж бороогоор уйлагнасан тэнгэрийг үл хайхран бэлтгэлийн талбайгаар алхалж байхыг харав. Өмнөх шөнө нь тэр урьдын адил туслахуудынхаа нямбайлан нягталж, нэг бүрчлэн шинжээд бэлэн болгочихсон бичлэгүүдийг эхнээс нь дуустал ахин дахин гүйлгэж үзсээр нойр дутуу хоносон байв. Өчигдрийн эрч хүчтэй, дуу шуутай, урамтай Пеп харц нь хэлж байгаагаасаа өөрийг өгүүлэх бодлогоширсон Пепээр солигдсон байв. Туслах нь түүнээс юу болсныг асуув.

«Би өчигдөр охиныхоо балетын тоглолтыг үзэх ёстой байсан юм. Гэтэл чадсангүй»
«Яагаад»
«Ирэх тойргийн өрсөлдөгчийнхөө бичлэгүүдийг үзээд...»
«Өдөр болгон би өөрийгөө маргааш нь ажлаа өгч байгаагаар төсөөлдөг» гэж Барсаг удирдаж эхэлснээсээ хоёр жилийн дараа Пеп ярьж хүмүүсийг гайхшруулж байв.
«Удирдах түвшинд ажиллаж байгаа хүн болгон ингэж сэтгэх хэрэгтэй. Ирээдүйгээ шийдэх эрхээ алдаагүй байгааг мэдрэх үедээ би илүү сайн ажилладаг юм. Хөдөлмөрийн гэрээг олон жилээр байгуулах надад хөдөлж болохгүй гав дөнгөнд орчихсон юм шиг баригдмал, бачимдмаар, түгшүүртэй санагддаг. Ажиллах урам зориг ч ширгээд алга болчихдог юм. Тэгээд л би гэрээгээ нэг нэг жилээр байгуулдаг. Болдогсон бол зургаан сараар ч байгуулахыг хүсдэг.

Үнэн зүрхнээсээ дурласан, хийх хүсэл сонирхолтой ажлаа хайж олохоос л хамаг юм эхэлнэ. Илүү чухал зүйл гэж байхгүй. Өнөө үед энэ эрлийн үзүүрт хүрэх улам л хэцүү болоод байна. Тэгэх тусам хүний бодол санаа тайвангүй болж бухимдаж эхэлдэг»
Камп Ноу дахь сүүлийн улирал нь Пепт яг л тийм мэдрэмж төрүүлж байв. Эргэлзээний мананд бодлоо хөшиглүүлж, улирлын төгсгөлтэй хамт ойртон буй салаа замын уулзвар дотрыг нь донсолгон зовооно.

«Нүүх үү, Үлдэх үү?», «Үргэлжлүүлэх үү эсвэл болих уу?», «Намайг гэрээгээ сунгалаа гээд Барсагийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл бүр дордох уу?», «Дараагийн хүндээ зайгаа тавьж өгөх цаг минь болсон бус уу», «Лео Мессиг яаж өмнөх шиг нь үр дүнтэй сайн тоглуулах вэ?», «Бас Иньеста, Сеск, Алвес?», «Энэ байдлаар би ахиад нэг сар, нэг жил тэсэх болов уу?», «Залуу дасгалжуулагчид яагаад эрт зодог тайлдаг юм бол?», «Юу тэдний зоригийг шантрааж замын дундаас буцаана вэ?»

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7465
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Галмандах » Sun Aug 16, 2020 3:41 pm

Баярлалаа.
Ийм гоё юмыг дээд зэргийн тав тухтай орчинд дотор нь орж, хажуугаас нь харж байгаа юм шиг унших ч кайфтай шүү.
Яагаад ч юм форумд орж байгаа гоё нийтлэлүүдийг унших, өөр бусад сайт, ном, сонингоос нийтлэл унших хоёр хоорондоо огт өөр ялгаа зөрүү ихтэй форумаас унших нь хамаагүй илүү амт шимт тэжээлтэй санагдаад байдаг юм. хэхэ
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2605
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Wed Aug 26, 2020 6:33 pm

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - - ЯАГААД
Үргэлжлэл

Пепийн философи, арга барил, мэдлэг чадварыг өндрөөр үнэлдэг Роман Абрамович 2010 оноос түүнийг Стэмфорд Брижд авчирах гэж уйгагүй ятгаж эхэлсэн. Тэр испани менежерийн сэтгэлийн зовнил түгшүүрийг сайн мэдэж байлаа. 2011 оны зун Карло Анчелоттиг багаасаа явуулсны дараа Абрамовичийн толгойд дөрвөн дасгалжуулагчийн нэр эргэлдэж байв. Гус Хиддинк, Жозе Моуринью, Пеп Гуардиола, Андре Виллаш-Боаш. Пеп түүний нэгдүгээр сонголт байсан бол залуухан Португал менежерийн нэр хамгийн ард нь бичигдэж байлаа. Гол асуудал нь Гуардиола Барсатай байгуулсан гэрээгээ нэг жилээр сунгачихаад удаагүй байсан юм. Харин Роман илүү алсыг харж байлаа. Тэгээд Пепийг Монакод ирж дарвуулт онгоцондоо уулзахыг урин хувийн нисдэг тэргээ илгээсэн боловч татгалзсан хариу авчээ.

«Үгүй, баярлалаа. Надад өөр бодол байгаа. Ахиж урилга илгээх хэрэггүй»

Үүнээс нэг жилийн дараа Пепийг Барса дахь сүүлийн саруудаа өнгөрөөж байх үед Абрамович ахин хоёронтоо ажлын санал түүнд хүргүүлсэн. Камп Ноугаас явна гэдэг нь тодорхой болчихсон байсан үе. Эхнийх нь гурван сарын эхээр Виллаш-Боашийг халагдсаны дараа. Рафа Бенитесийг гурван сараар хөлсөлж улирлаа аятайхан дуусгачихаад дараа нь Пепийг амруулалгүй шууд Каталоноос Лондонд авчирах төлөвлөгөө Романд байв. Гэвч тэдний аль алинд нь энэ санаа таалагдсангүй. Улмаар улирлын хөшиг хаагдаж, Пепийг Нью-Йорк руу олны анхаарлаас алга болохын өмнө хоёр дахь саналаа тавив. Энэ удаа илүү нухацтай, нямбай бодож боловсруулсан бодитой санал.
«Нэг жилийн амралтаа ав. Тэр хооронд манайх түр дасгалжуулагч томилчихьё. Тэгээд Англид ирэхэд чинь бид бүх юмаа жин тан болгоод, хүссэн багийн чинь хундаамыг цутгаад байж байя»
Пепээр багаа удирдуулах хүсэлтэй топ клубуудын эздээс ийнхүү Роман Абрамович хамгийн түрүүнд идэвхтэй хөдөлсөн. Араас нь АС Милан, Интер, Байерн Мюнхен багууд дагалдсан юм.

***

2011/12 оны улирлын эхээр болсон нэгэн үйл явдал Барсагийн цаашдын тоглолтын хэмнэлд тодорхой нөлөө үзүүлсэн. Лигийн хоёрдугаар тойрогт Реал Сосьедадын талбайд зочлохдоо Пеп шигшээ багаасаа буцаж ирээд удаагүй байсан Лионель Мессиг амраах зорилгоор сэлгээнд үлдээжээ. Аргентин эрд энэ нь таалагдсангүй. Царайгаа барайлган бүтэн цаг сэлгээний сандалд шигдсэн агаад талбайд гараад ч дурамжхан буйгаа идэвхгүй, оёг хашин байдлаараа илэрхийлж байв. Тэр тоглолтонд Барса 2:2-оор тэнцэж улирлын анхны оноогоо алдсан. Маргааш өдрийн бэлтгэлдээ ч Месси ирсэнгүй. Түүнээс хойш Пеп түлхүүр тоглогчоо нэг ч тоглолт өнжүүлээгүй. Месси түүний хувьд дэндүү чухал, үнэ цэнэтэй, эрхэм тоглогч учир хүсэл сонирхлыг нь харгалзахгүй өнгөрөх аргагүй. Камп Ноуд хөл тавьсан довтлогч болгон Мессигийн арга барилд дасан зохицож, байрлал болоод тоглолтын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болдог. Ибра, Это’о, Боян бүр Давид Вилья хүртэл энэ замыг туулсан. Вильяг анх авчирахдаа Пеп багийнхаа есөн номер болгоно хэмээн хэлсэн ч жигүүрт ихэнхдээ тоглуулж байлаа.

Дийлдэшгүй, онцгой багийнхаа бүтцийг Пеп Мессигийн ур чадвар дээр суурилан босгосон. Тиймээс багийн амжилт уруудах буюу инерц алдаж эхлэхэд Мессид оногдсон ачааллыг нэмж, хүлээсэн үүрэг хариуцлагыг нь өргөжүүлэхээс өөр аргагүй байв. Бүр гарааны бүрэлдэхүүнийг сонгохдоо ч үүнийг харгалзаж үзнэ. Багийн амжилт нэг тоглогчоос хэт хараат байх нь мэдээж бусад тоглогчдын идэвх санаачлагыг сулруулж, өөрийгөө батлах гэсэн залууст хүрч боломгүй өндөр улаан шугам татаж байв. Месси тэр улиралдаа нийт 73 гоолыг гурван фронтод бөмбөгдөж европын хөлбөмбөгийн мэргэн буучдын дээд амжилтыг тогтоосон. Харин багийнх нь хамтрагчдаас түүнд хамгийн ойртож очсон нь тус бүр 15 гоолтой Сеск Фабрегас, Алексис Санчес нар байв. Бүх гоолоо нэг хүнээр хийлгэдгээс болж баг нь хожиж байгааг бас хохирч буйг Пеп мэдэж байлаа. Энэ системийг боловсруулсан хүн нь тэр өөрөө. Тэгэхээр үүнээс үүдсэн аливаа асуудлын хариуцлагыг ч өөрөө хүлээх ёстой. Тоглогчид нь түүний тактик, стратегийн талаар ийм бодолтой байв. Йохан Кройфын хэлсэнчлэн «Камп Ноугийн хувцас солих өрөө уужим өргөн ч гэсэн тэнд багтаж шингэхгүй том Эгонууд тэр үед олон байсан. Тэдний арга эвийг олоход Пепт тийм амар байгаагүй баттай».
Хүрсэн амжилтыг нь хүндэтгэж, үлгэр дуурайл авдаг нэгэн менежер лүү Пеп зөвлөгөө эрэн залгав.

«Багийн доторх тэнцвэр алдагдаж, нөхцөл байдал хяналтаас гарч эхлэхэд та юу хийдэг вэ? Өөрөө явдаг уу эсвэл тоглогчдоо сольдог уу?»
«Тоглогчдоо соль!»

Сэр Алекс Фергюсоноос ийм хариулт ирнэ гэдгийг таамаглаж байсан ч гэсэн Пепийн дотор пал хийв. Тэр үүнээс л гагц үнхэлцгээ хагартал айж байсан билээ. Үгнээс нь зөрж том толгойлсон тоглогчдоор туг тахих нь Сэр Алексын хувьд байнга хийдэг энгийн зүйл боловч Пеп тэгж чадахгүй. Зүрх нь хүрэхгүй. Тоглогчидтойгоо тэр дэндүү их цагийг хамт өнгөрүүлж, хувийн гүн харилцаа тогтоодог болохоор зүрхээ шархлуулж, шаналахгүйгээр багаасаа хэнийг ч хөөгөөд явуулчихаж чадахгүй гэдгээ мэднэ. Түүний хувьд энэ бол гэр бүлийнхээ нэг гишүүнийг гудамжинд туун гаргаж байгаатай адил сэтгэлд сэвтэй, хүнлэг бус, халшрам хэцүү явдал. Энэ тухай эргэцүүлэн бодох тусам Пепийн нойр нь хулжиж, эм уухаас нааш унтаж чаддаггүй байлаа. Эцэг эх, найз нөхөд, сүйт бүсгүй, хүүхдүүдтэйгээ хамт байхдаа ч гэсэн дээрх улигт бодлуудаа тархинаасаа үлдэн хөөж эс чадна. Сэтгэл санаагаа тайван тогтвортой байлгаж засахын тулд гэр бүлийнхэнтэйгээ аль болох ойр байж, их цаг өнгөрүүлэхийг эмч нар нь түүнд захидаг байлаа.

Хоёр сарын дундуур Барса Осасунагийн талбайд 3:2-оор дийлдсэнээр Реалаас бүтэн 10 оноо алдаж эхэллээ. Мэдэгдэхүйц гутарсан Пеп хэвлэлийн бага хурлын үеэр ингэж хэлсэн.
«Гаргасан хэт олон алдааныхаа горыг бид амслаа. Та нарын юу гэж асуух гэж байгааг би мэдэж байна. Гэхдээ хариулт нь надад алга. Би алдсан. Ажлаа сайн хийж чадсангүй»
Үнэндээ энэ бол улирал эхэлснээс хойш Барсагийн амссан дөнгөж хоёр дахь хожигдол байлаа. Тоон үзүүлэлтүүд ч өмнөх улирлуудтай харьцуулахад тийм тааруу биш байв. Урьд хожид дуулдаагүй хол зөрүүгээр хэд хэдэн хожил байгуулсны дотор аваргуудын лигийн шөвгийн 16 багтана. Байер Леверкузенийг цуврал тоглолтонд 10:2-оор үнс нурам болгосон нь тэмцээний нокаут шатны шинэ дээд амжилт болсон юм. Өрсөлдөгчдийн судалгаа, тоглогчдын үнэлгээ, нөхцөл байдлын дүн шинжилгээ ч урьдын адил өндөр түвшинд, мэргэжилтнүүдийн гараар хийгдэж байлаа. Харин ганц болохгүй байгаа юм нь гадны хүнд үл анзаарагдах багийн дотоод уур амьсгал болон өдөр өдрөөр ууршин алга болж буй тоглогчдын тулалдах хүсэл эрмэлзлэл байв, Пепийн нүдээр. Тэр үүнийг өөрийнхөө гаргасан алдаа хэмээн үзэж байлаа.

«Өмнөх амжилтандаа эрдэж, амьдралын баталгаагаа болгодог хүн би биш. Хөгжөөн дэмжигчид надад эргэлзэж, хийж байгааг минь шүүмжилж эхэлсэн цагт би бусадтай л адил хариуцлагаа хүлээх болно»

Памплонад гурван оноо үлдээсний дараа Пеп «Бидний аварга авах хөг өнгөрлөө» хэмээн ил тод мэдэгдэж тоглогчдоо шоконд оруулсан. Ийм байдлаар босстойгоо салах ёс хийхийг хүсээгүй тэдний хандлага сэтгэл зүй тэр дороо өөрчлөгдөж, ирэх тойргуудад нь төрөл арилжсан мэт өөрөөр тоглож эхэлсэн. 11 дараалсан хожил. Онооны зөрүү дөрөв болж ойртов. Богино хугацааны энэ сэргэн мандалтынхаа явцад Барса аваргуудын лигийн дунд шөвгөөс АС Миланыг мулталж, лигтээ Валенсия, Атлетико, Севильяг дараалан цэвэр тонгорсон.

«Гараа хумхиж суугаад бид ялагдалтайгаа эвлэрэхгүй. Аваргын зангарагаа харуулж, амжилтаар өлсгөлөн хэвээр байгаа гэдгээ батална» гэсэн уур амьсгал Камп Ноугийн хувцас солих өрөөнд түрж байлаа. Пеп мэдээж үүнийг урьдчилан тооцоолсон. Йохан Кройфын ашигладаг байсан «Урвуу сэтгэл зүйн техник»-ийг тэр багтаа туршсан нь энэ. Үр дүн нь ч мань эрийг гомдоосонгүй. Ингээд 34-р тойргийн Эль-Класикогоос бүх зүйл шалтгаалах болов. Хожвол онооны ялгаа нэг болж ойртоно. Хожигдвол Реал Мадридын аварга болох зам шулуудна. Гэтэл Пеп үхэх сэхэхээ үзэх ийм үлэмж ач холбогдолтой тулааны галын шугаманд Кристиан Тельо, Тьяго Алкантараг илгээж, Алексис Санчес, Сеск Фабрегас, Педрог нөөцөнд үлдээсэн нь олон аналистуудыг гайхшруулсан юм. Энэ тоглолтонд Барса 1:2-ээр дийлдсэн. Гурав хоногийн дараах аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолтонд Челсигийн эсрэг нүүр тулахдаа ч гэсэн Пеп академийнхаа шинэ цэргийг гарааны 11-т багтаасан байлаа. Исаак Куэнка. 20 настай Каталон залуу тэр үед Ла лиг, Европын хөлбөмбөгийн дарийн утааг дөнгөж л үнэртэж эхэлж байв. Нөгөө хоёр нь ч ялгаагүй. Үндсэн багт дэвшээд 20 тоглолт ч хийж амжаагүй ногооноороо байлаа. Челситэй 2:2-оор тэнцсэнээр Барсагийн аваргуудын лигийн аялал өндөрлөв.

«Ла Масиагийн төгсөгчдөдөө итгэл хүлээлгэж, туршлага суулган хөгжүүлэх гэсэн Пепийн санааг буруутгах аргагүй. Харин улирлын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй туйлын эгзэгтэй үед ингэж том эрсдэл гаргах нь хэр зэрэг хариуцлагатай алхам бэ? Хоёр цом өргөх боломжоо бид далан хоёрхон цагийн дотор салхинд хийсгэчихлээ»
Камп Ноудаа хоёр фронтоо булаалгасан хар долоо хоногийн дараа Каталоны хэвлэлүүд ийнхүү орь дуу тавин Пепийг чичилж байв. Мадридын сонин сэтгүүл, телевизүүд ч чимээгүй суусангүй. Заналт дайсныхаа шархан дээр яаж давс үрэхээ тэд сайн мэднэ. Хувийн амьдрал руу нь хүртэл өнгийж, багийг нь сэргээш хэрэглэсэн хэмээн ул үндэсгүй буруутгаж байсан болохоор Пеп тэдний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхийг хичээдэг. Түүн шиг эмзэг хүнд энэ бол Эль-Класикотой холбоотой ямар ч сайхан дурсамжаа ой санамжнаасаа арчиж хаях хангалттай хүчтэй доромжлол байлаа. Сантьяго Бернабеуд 2:6, Камп Ноуд 5:0 гээд хэчнээн хүчтэй хэмх шидүүлсэн ч гэсэн Мадридын хэвлэл мэдээллийнхэн яаж ийгээд л өрсөлдөгчийнхөө баярыг булингартуулж, менежерийнх нь хөмсгийг атируулах арга зам, сэдэв олж чаддаг юм. Тэгэхээр Реал Мадридтай хийсэн ямар ч тоглолтоо Пеп эргэн дурсах дургүй байдагт нь гайхах зүйлгүй. Эль-Класикогоос үлдсэн дурсамжаасаа хуваалцахыг хүсэхэд тэрээр ингэж хариулж байв.

«Талбай дээр болж байгаа бүхэнтэй огт холбоогүй зүйлс Эль-Класиког үргэлж ээдрээтэй болгодог. Тийм болохоор ялалт, ялагдлын алиний ч дурсамжийг би толгойдоо хадгалж үлдээдэггүй»
Жозе Моуриньюгийн оролцоо ч үүнд бий. Пеп өөрөө үргэлж үгүйсгэдэг боловч «Онцгой нэгэн»-ий өдөөн хатгалга, ам мэх, тогтворгүйжүүлэх тактикийн Барселонад үзүүлсэн үр нөлөөг няцааж булзааруулах боломжгүй. Илт зүйл.
Камп Ноу дахь Эль-Класикогийн ялагдлаасаа хойш хийсэн дөрвөн тоглолтдоо Барса 17 гоол бүртгүүлж, 10 оноо хуримтлуулсан боловч дэндүү оройтсон байлаа. Реал Мадрид гүйцэгдсэнгүй. Гурван улирал дамнан үргэлжилсэн Ла лиг дэх Барсагийн ноёрхолд цэг тавигдах нь тэр. Байдаг бүхий л мэдлэг чадвар, арга заль, оюун ухаанаа шавхан шигтгэж боловсруулсан төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрөх Пепт бэрх байлаа. Улирлын сүүлийн саруудад шүүгчдийн эсрэг үгэн дайн өрнүүлж, хэвлэлийн бага хурал ярилцлага болгоноороо ажлыг нь өөчлөн хэл ам үүсгэж байсан нь түүний аргаа баран цөхөрсний илэрхийлэл байв. Тэр мухардалд орсон байлаа. Нүүр буруулах аргагүй амьдралын үнэнд гүйцэгдсэн нь энэ. Хэний ч хүрч чадахгүй хамгийн дээд оройд нь гарсан бол чамд буцаад буух гэсэн ганцхан сонголт л бий. Хэзээ нэгэн цагт. Хүссэн хүсээгүй. Авч болох бүхнийг атгандаа оруулчихсан бол ахиад бүхнийг эхнээс нь давтахдаа өмнөх шигээ өлсгөлөн байна гэж хэзээ ч байхгүй.

Харин Пеп үүнээс сэргийлэх арга зам байгаа гэдэгт итгэсээр байв. Гагцхүү хэн хүнээс илүүтэй хичээж хөдөлмөрлөж чадвал. Тэр уртасгасан цагаар ажиллаж, биеэ гаргуунд нь гарган, шөнө дөл өнгөртөл ширээнийхээ ард сууж байв. Үүнээсээ болоод эрүүл мэнд нь огцом доройтсон. Гурван сарын дундуур л гэхэд ууц нуруун дахь өвчнөөсөө болоод түргэн тусламж дуудуулж, орноосоо ч босож чадахгүй зовиурлан хэд хонож байв. Энэ зуураа Пеп ирээдүйнхээ талаарх шийдвэртээ ганхаж тээнэгэлзэхээ больсон. Тив дэлхийг эрхшээлдээ оруулж, түүхийн хуудсыг огт байгаагүйгээр шинэчлэн бичсэн эзэнт гүрнийхээ алтан жолоог тэр эртний анддаа өвлүүлэн үлдээхээр шийдсэн байв. Дээр дурдагдсан бүх үйл явдал, учир шалтгаан, хам сэдвүүд түүнийг энэ шийдвэртээ эргэлзээгүй бат зогсоход тодорхой нөлөө үзүүлсэн. Харин клубын удирдлагад үүнийгээ яаж хэлэхээ л тэр сайн мэдэхгүй байлаа. Бас тоглогчид. Мөн хөгжөөн дэмжигчид. Уг нь аваргуудын лигт баг нь түрүүлчихсэн бол бүх зүйл Гуардиолад харьцангуй хялбар байхаар байв. Юутай ч тэр шийдвэрээ гаргасан. Тэгээд тохиромжтой мөч нь ирэх хүртэл хэнд ч хэлэхгүй байхаар шийдэв. Бүр эцэг эхдээ хүртэл.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7465
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Sat Sep 12, 2020 8:11 pm

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - ЯАГААД
- ШИЙДВЭР

Пепийн эцсийн шийдвэр олон нийтэд нууц хэвээр байсан боловч өмнөх зун нь италийн үндэсний телевизээр түүний ярилцлагыг үзсэн хүмүүс ямар зам сонгохыг нь барагцаалж байлаа. Уг нь энэ ярилцлага нийтэд цацагдах ёсгүй байсан юм. Брешиагийн өмсгөлтэй тоглож байсныхаа хувьд Пеп Италийн багийн зуун жилийн ойд зориулсан DVD-ний зураг авалтанд оролцохыг зөвшөөрсөн юм. Гэвч ярилцлага хийсэн сэтгүүлч нь түүний ирээдүйнхээ талаар ярьсан хэсгийг тасдаж аваад бусад телевизүүдэд зарчихсан байв. Үнэндээ тэр арван минутын бичлэгт Пепийн хувийн үзэл бодол, харах өнцөг, нөхцөл байдлын үнэлгээ гэхээр утга агуулга огт байгаагүй. Барселона болоод бусад бүх топ багуудад хамааралтай үгүйсгэх аргагүй түүхэн үнэн, байнга давтагддаг хөлбөмөбгийн ертөнцийн бичигдээгүй хуулийн тухай л тэр тайлбарлаж ярьсан юм.

«Өргөн хүрээг хамарсан үлэмж том институтыг дөрвөн жил удирдахын тулд асар их зориг тэвчээр энерги шаардагдана. Чи тоглогчдоо ядраана, тоглогчид чамаас халшрана. Хэвлэлийнхэн чамайг залхаана, чи хэвлэлийнхнийг зовооно. Нөгөө л царайнууд, нөгөө л уулзалтууд, нөгөө л асуултууд, нөгөө л хариултууд. Бүх юм улиг домог болтлоо давтагдана. Азадтай. Гол нь явах цагаа хэтрүүлж, дэндүү удаан чаргууцалдаж л болохгүй. Буух цаг чинь болсон бол чимээгүй л яваад өг. Яг л 2001 онд би Барсатай тоглогчийн хувиар салах ёс хийсэн шиг»

Харин одоо менежерийн хувиар төрөлх багтаа баяртай гэж хэлэх цаг нь болсныг Гуардиола сэтгэлийнхээ гүнд мэдэрч байлаа. Тэгээд зөн совингоо дагахаар шийдсэн. Челситэй талбайдаа 2:2-оор тэнцэж аваргуудын лигийн хагас шигшээгээс баг нь хасагдсаны дараа Пеп хоёр эрхэмтэй аминчлан уулзаж маргааш өглөөнийхөө зоогийг гэрт нь барихыг урьсан юм. Тэд нь клубын ерөнхийлөгч Сандро Розель болон туслах дасгалжуулагч Тито Виланова нар байлаа. Розелийн өрөөгөөр Пеп ердөө ороод л гарсан бол туслахтайгаа илүү удаан ярилцаж, маргааш хийх гэж буй уулзалтынхаа гол агуулгыг тодорхой болгож өгсөн юм. Титогийн таамаглаж байсанчлан тэр нь ирээдүйнх нь тухай асуудал байв. Мөн өөрт нь огт байгаагүй бас нэгэн таамгийг ч эртний анд нь түүнд дуулгасан юм.

«Тэд нар чамд ерөнхий дасгалжуулагчийн суудлыг санал болгож магадгүй. Сайн бодоорой. Ямар ч шийдвэр гаргасан найз нь чиний талд зогсох болно»

Энэ мэдээ Титог шоконд оруулсан. Хэн ч энэ тухай түүнд үг цухуйлгаагүй байлаа. Тиймээс Пепийн алдартай ургуулан бодох төсөөллийн үр дүн эсвэл тоглоом шоглоомынх нь нэг хэсэг хэмээн өөрийгөө тайвшруулж байв. Үнэн хэрэгтээ клубын хөлбөмбөг эрхэлсэн захирал Субисаррета энэ талаар Пептэй өнгөрсөн 11 сараас нь хойш хэд хэдэн удаа уулзаад ярилцчихсан байсан юм.

«Чамайг явлаа гэхэд Тито ажлыг чинь дааж аваад үргэлжлүүлж чадах болов уу?»
«Мэдээж хэрэг. Тэр чадна»

Хэдийгээр Пеп уулзалт болгондоо ингэж хэлдэг байсан ч гэсэн үнэхээр тийм зүйл болох эсэх байтугай Виланова багийн удирдлагуудын нэгдүгээр сонголт мөн бишийг ч баттай хэлж мэдэхгүй байв.
Маргааш өглөөнийх нь есөн цагт болзсон ёсоор Розель болон Виланова нар Пепийн гэрийн хаалгыг тогшлоо. Тэдэнтэй хамт шийдвэр гаргах түвшний бусад томчууд ч ирсэн байв. Андони Субисаррета, дэд ерөнхийлөгч Жозеп Бартомеу. Ямар мэдээ сонсох гэж Гуардиолагийнд ирснээ бүгд мэдэж байв. Сэдвээ тойруулж зочдоо удаан чилээх хүсэл ч Пепт байсангүй. Ажлаа хүлээлгэж өгөх болсноо шуудхан зарлаж, дараа нь яагаад ингэж шийдэх болсноо тайлбарлаж эхлэв.
«Улирлын турш яригдаж байсан зүйлсийг та нар санаж байгаа байх. Тэр үед би юу хийхээ мэдэхгүй эргэлзэж байсан. Харин одоо бол биш. Хангалттай удаан бодлоо. Явах цаг минь болжээ. Би явах ёстой»

Уулзалт гурван цаг үргэлжилсэн. Яагаад ийм шийдвэр гаргаснаа, өөр сонголт үнэхээр байгаагүйг, хувийн болоод хувьсгалын ямар ч дарамт шахалт үүнд хөндлөнгөөс оролцоогүйг Пеп тэнд цугласан эрхмүүдэд утга авцалдаа учир зүйг нь сайтар гаргаж, нухацтай ул суурьтайгаар учирлан ойлгуулах гэж хичээсэн.
«Та нар намайг мэднэ. Би сэтгэлийн хөдлөлөөр гэнэтийн огцом шийдвэр гаргадаг гэнэн хүн биш. Үйлдэл болгондоо ухамсар, ухаанаа шингээдэг. Тэгэхээр Реал Мадрид, Челсигийн ялагдлыг энэ шийдвэртэй шууд холбож ойлгох нь утгагүй. Улирлын турш бодлыг минь батжуулж, санааг минь шулуудахад нөлөөлсөн олон үйл явдал болсон. Хоёр цомын гарлагатай энэ базаахгүй долоо хоног бол тэдний л нэг хэсэг. Гэхдээ бусдаасаа харьцангуй жинтэй нөлөө үзүүлснийг үгүйсгэхгүй»
Гуардиолагийн эцэг эх ч хүүгийнхээ хүнд ачаанаас хөнгөрч, уужуу тайван амьсгалах хүслийг ойлгож байв. Эрүүл саруул л байвал энд хөрөнгө, ажил амжилт ахиад олдоно хэмээн хэлдэг байсныхаа хувьд ээж нь хүүгийнхээ энэ шийдвэрт хамгийн ихээр баяртай байлаа.

«Хүүд минь хэсэг хугацааны амралт гарцаагүй хэрэгтэй байсан юм»
Мөн ижил дасал болж ээнэгшсэн хамт олноо орхиж байгаа зовлонг нь ч ойлгож байв. Харин аав нь ийм зүйл болно гэдгийг аль эртнээс мэдэж, анхааруулж байсан. «Эль Пайс» сонины Рамон Беса үүнийг эрэн сурвалжилсан юм. Улирлын эхэнд буюу есөн сард хүүгээ Каталоны парламентын ордонд хүндэт иргэний алтан медалиа гардаж авах үед л Валенти ийнхүү хэлж байв.
«Алга ташилт нижигнэж, тэнгэрт тултал магтаж, алдаа эндэгдлийг чинь үл тоон өөгшүүлж эхлэхэд л ачаа тээшээ баглах цаг минь болжээ гэж ойлгох хэрэгтэй»

Он жил улирал тусам хүүгийнх нь нуруун дээрх ачаа улам бүр хүндэрч, хөгжөөн дэмжигчид тоглогчид клуб түүнээс илүү ихийг шаардан, шалихгүй жижиг зүйлээр шалтаглан өөлж чичилж буруутгаж эхэлнэ гэдгийг тэр мэдэж байлаа.
Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, захирал, туслахтайгаа тусгайлан уулзсанаас хоёр хоногийн дараа Пеп улирал дуусгаад явах болсноо тоглогчдодоо дуулгасан. Энэ мөчөөс л тэр хамгийн ихээр халган зүрхшээж байлаа. Аваргуудын лигээс хасагдсаны маргааш нөгөөдөр нь Барсагийн тоглогчид хоёр хоног амарсан. Дараалсан хүнд хоёр ялагдлын дараа хүч тамираа сэлбэж, хөл дээрээ буцан босох хугацаа тэдэнд хэрэгтэй хэмээн клубээс үзсэн юм. Тэгээд дөрвөн сарын 27-ны баасан гарагийн өглөө тоглогчдыг бэлтгэлийн бааздаа эргэн цуглахад Пеп Гуардиола шуурхай уулзалт зарласан байв. Хувцас солих өрөөнд тоглогчдоос гадна эмч, илээч, сэтгэл зүйч, өмсгөлийн менежер зэрэг арын албаныхан ч ирсэн байлаа.

Боссыгоо хүлээх зуураа тэд хоёр хоногийн өмнө Гуардиолагийн гэрт болсон удирдлагуудын уулзалтын талаарх цуу яриаг нэг нэгэндээ дамжуулан хэлэлцэж байв. Харин тэндээс ямар шийдвэр гарсныг хэн ч хэлж мэдэхгүй байлаа. Ихэнх тоглогчид Гуардиола үлдэхээр болсноо багийнхандаа дуулгах гэж энэ уулзалтыг зарласан гэдэгт итгэлтэй байв. Тито Вилановаг хагалгаанд орсноос хойш бодолд автан гуниглах нь олон болсон дасгалжуулагчаа тэд хэвийн байдалдаа эргэн орж, амжилт ялалтаар арвин ахин нэг улирлыг өөрсөдтэй нь хамт өнгөрүүлнэ хэмээн итгэж найдаж байлаа. Пепийг л байгаа цагт асуудлын шийдэл нь олдоно гэдэгт эргэлзэх хүн нэг ч байсангүй. Дөрөвхөн жилийн дотор хүрсэн үлгэр домог шиг үнэмшмээргүй агуу амжилтыг тархиндаа анх төсөөлж, цаасан дээр гардан буулгаж, биечлэн өөрөө бодит болгож хэрэгжүүлсэн болохоор цаашид эрчийг нь алдуулалгүй тогтвортой үргэлжлүүлж чадах хүн нь түүнээс өөр хэн ч биш. Гуардиола л ганцхан үүнийг чадна. Багийн доторх ерөнхий хандлага, сэтгэл зүй, чиглэл ийм байв. Хөгжөөн дэмжигчдийн хүсэл ч ялгаагүй.

Тэр өглөөний Мундо Депортиво сонины нүүр хуудас хоёр хэсэгт хуваагдсан байлаа. Нэг талд нь «Пеп үлдэнэ», нөгөө талд нь «Пеп явна» гэсэн том гарчиг тавьж, тус бүрийг нь дагалдаж үүсэх нөхцөл байдлын таамаглалыг доор нь хавсаргасан байв. Чих урт, эх сурвалж олонтой өдөр тутмын том сонин хүртэл мэдэж чадаагүйг бодоход тэр нэгэн өглөө Гуардиолагийн гэрт яригдсан зүйлсийг клуб туйлын нямбай, сайн нууцалж чадсан байлаа. Хоан Гамперийн бэлтгэлийн баазын хувцас солих өрөөнд цугласан хүмүүсээс Тито Виланова л ганцаараа энэ нууцыг мэдэж байлаа. Найзынхаа бодлыг хувиргах гэж тэр хичээсэн боловч үр дүнд хүрээгүй. Гуардиола хаалгаар орж ирэхэд бүгд дуугаа хурааж, өрөө эгшин зуур анир чимээгүйд автав. Нам гүмийг зүсэн түүнийг ярьж эхлэхэд үг болгон нь тоглогчдын болоод хөгжөөн дэмжигчдийн хамгийн ихээр айж байсан, итгэхийг хүсээгүй, худлаа байгаасай хэмээн хүсэн залбирч байсан тэр нэгэн гашуун үнэнийг бататган лавшруулж байв. Тэр явахаар шийджээ. Пеп Гуардиола гэрээгээ сунгахгүй. Ирэх улиралд тэр байхгүй. Бүх зүйл ахиад шинээр эхэлнэ. Гэнэтийн мэдээнд бүх тоглогчид цочирдсон. Карлес Пуйоль бүр ч их. Багийн ахлагчийн хувьд тэр өөрийгөө энэ бүхэнд ямар нэг хэмжээгээр буруутай хэмээн үзэж байсан юм.

«Би түүнийг хангалттай сайн ятгаж чадсангүй»

Челситэй тэнцсэн тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд Гуардиола хоцорч орсныг Пуйоль анзаарсан. Багийн ахлагч тэр үед сэргээшийн шинжилгээнд орохоор Камп Ноугийн коридорт хүлээж байсан бөгөөд менежерийнхээ бичиг цаасаа цэгцлэн яаралгүй тайван алхахыг хараад сайны дохио гэж бодсон аж. Тэгээд багийнхаа хамтрагчдад ийнхүү хэлжээ.
«Босст маань санаа зовнисон шинж алга. Нэг л тогтуун байна. Гэрээнийх нь асуудал шийдэгдсэн бололтой. Удахгүй бидэнд эерэг мэдээ дуулгах байх. »
Гэвч Пуйолийн зөгнөл биелсэнгүй. Бүх зүйл эсрэгээрээ өрнөсөн юм.
«Та нар шилдэг гэдгээ баталсан. Бүр хэд хэдэн удаа. Бахархам амжилтанд бид хамтдаа хүрсэн. Даанч надад цааш үргэлжлүүлэх хүч үлдсэнгүй. Явах цаг минь болж»
Пеп яриагаа тайван өнгөөр эхэлсэн боловч удалгүй хоолой нь чичирч эхэллээ. Нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөө тэр хянаж, бүх юм зүгээр, түгших хэрэггүй, ийм зүйл хаана ч байдаг хэмээн тоглогчдодоо итгүүлэхийг хичээж байсан ч гэсэн цахиртан чичирхийлэх хоолойгоо л нууж чадсангүй. Сэтгэл хөтлөлдөө хэт автан хамаа намаагүй юм ярьж, тоглогчдынхоо сэтгэл зүйг унагаж болохгүй гэдгээ тэр мэдэж байлаа. Барселоны амьдрал түүнгүйгээр ч гэсэн үргэлжлэх болно, бүр илүү цэцэглэн хөгжих ч боломжтой гэсэн мессежийг тэдэнд өгөх нь чухал байв.

«Өнгөрсөн 10 сарын дундуур би явахаар төлөвлөж байгаагаа ерөнхийлөгчид анх хэлсэн. Гэхдээ улирал дөнгөж эхэлж байхад та нарт тийм мэдээ дуулгах нь зохимжгүй гэж үзсэн юм. Дээр нь би шийдвэртээ бүрэн дүүрэн итгэлтэй биш байлаа. Харин одоо бүх зүйл тодорхой болсон. Улирал дуусгаад би ажлаа хүлээлгэж өгнө. Миний эрч хүч, цэнэг, түлш дууссан. Үүнээс илүү удвал та нарт тус болохоосоо илүү ус болох байх. Ямар ч байсан өмнөх шигээ мэдлэг чадвар, тамир тэнхээ, зүрх сэтгэлээ зуун хувь дайчлан ажиллаж чадахгүй гэдгээ би мэдэж байна. Тэгж л чадахгүй юм бол энэ ажлыг хоёрын хооронд оронцоглож, нүд хуурч байгаагаас ялгаагүй. Барселонад тийм дасгалжуулагч байх ёсгүй. Тийм зүйл болбол би өөрийгөө уучлахгүй.

2008 онд Камп Ноугийн босгыг дасгалжуулагчийн хувиар анх алхахдаа би өдий зэргийн өндөрлөгт хүрнэ гэж огтхон ч бодоогүй. Бүр зүүдлээ ч үгүй. Та нар л энэ бүгдийг бодит болгосон. Зорьж тэмүүлдэг байсан, бүр зүрхэлж төсөөлдөггүй байсан амжилтын минь оргилд та нар намайг гаргасан. Тийм болохоор салах ёс гүйцэтгэж салаа замаар хагацахдаа би харамсал гэмшлийн сүүдрээс хумсын төдийг ч хадгалахгүй. Клубын түүхэн дэх хамгийн олон цомтой дасгалжуулагчийн хувьд би Камп Ноуг сэтгэл тэнүүн орхиж байна. Дөрвөн жил гэдэг Барсагийн дасгалжуулагчийн хувьд чамгүй урт хугацаа. Хэр баргийн хүн энэ албанд ингэж удаан тогтоод байдаггүй. Харин би тэгж чадсан нь та нарын тогтмол хожиж байсантай холбоотой. Гэвч цаг цагаараа байдаггүй. Надад ч гэсэн хязгаар бий. Дараагийн менежер эндээс халааг минь залган үргэлжлүүлэх болно. Илүү хүчирхэг, тэвчээртэй, чадалтай, чанартай менежер. Харин би нэг хэсэгтээ амсхийх бодолтой байна. Толгойгоо ч сэргээе. Биеэ ч тэнхрүүлье. Уг нь клубээс надад өөр албан тушаал санал болгосон. Гэхдээ би ачаа тээшээ аль хэдийн баглачихсан»

Тэр албан тушаал нь Ла Масиа дахь өсвөрийн багийн дасгалжуулагч байв.

«Нээрээ чи хүүхдүүдтэй ажиллах дуртай биздээ. Яагаад Ла Масиа руу шилжиж болохгүй гэж. Тэнд угаасаа нэг сул орон тоо байгаа»

Субисаррета Пептэй хамт үдийн хоол хамт идэж байхдаа үүнийг тоглоом шоглоомын завсар хэлсэн боловч горьдож найдсан өнгө нүүрэнд нь илэрхий байв. Ухамсрынхаа гүнд хариултыг нь мэдэж байсан хэрнээ л ямар нэгэн гайхамшиг, ид шидийн хүчээр эсвэл бурхан тэнгэрийн ивээлээр Гуардиолаг үлдээж чадна гэсэн горьгүй найдварынхаа үзүүрийг тэр тавьж явуулж чадахгүй байлаа. Пеп найзынхаа үнэнээсээ ярьж байгаа эсвэл өөрийг нь тандаж буй эсэхийг мэдэхээр анхааралтай ажиглав. Тэгээд ирүүлсэн асуулттай нь адил учир битүүлэг егөөдсөн хариулт өгөхөөр шийдлээ.

«Нээрээ тэгж бас болох юм байна шүү»

Хоёр найз инээлдэв. Гэвч хэн хэн нь хүссэн зүйлээ мэдэж чадаагүйдээ сэтгэл гонсгор үлджээ. Эргээд бэлтгэлийн баазын хувцас солих өрөөнд. Пеп яриагаа үргэлжлүүлсээр. Дараагийн дасгалжуулагчийн тухай дурдсан нь өрөөний уур амьсгалыг тэр чигт нь өөрчилж, энэ бүхэн үнэхээр бодитоор болж байгаа гэдгийг итгэж ядан эргэлзэж байсан тоглогчдод эргэлт буцалтгүйгээр ойлгуулсан. Байж ядан бачимдам эвгүй нам гүмд өрөө хучигдав.

«Ла лигийн сүүлийн тойрог хүртэл дахиад дөрвөн долоо хоног үлдээд байна. Копа дель Рейн финалыг эс тооцвол бидэнд өөр том тэмцээн байхгүй болохоор надад салах ёс хийх цаг хангалттай олдох байх. Би бүгдтэй чинь нэг бүрчлэн тусдаа уулзаж үдэлтийн үгээ хэлэх болно. Тэгэхээр одоохондоо юу ч болоогүй юм шиг л байцгаая. Алга ташилт, тэврэлт, аз жаргал хүссэн үгсээ тэр хүртэл хадгалж байгаарай. За одоо бэлтгэлдээ орцгооё»

Яриа дууссаныг мэдэгдэн Пеп алга ташиж тоглогчдоо бэлтгэлийн талбай руу гаргав. Харин өмнөх дөрвөн жилийнх нь турш түүнийг ийнхүү зоригжуулан алгаа нийлүүлэх тоолонд төрдөг байсан бадрангуй зориг, цог золбоо, эрч хүч, ирээдүйдээ итгэлтэй байдал хэнд ч мэдрэгдсэнгүй. Оронд нь гайхширал, эргэлзээ, түгшүүр, зовнил, цөхрөл холилдон чээжийг нь хүндрүүлж, хаачихаа үл мэдэх харанхуйд төөрсөн хүнд төрдөг хачин аймшигтай авралгүй бэрх мэдрэмж л бачууруулж байв.
Хоан Гамперийн бэлтгэлийн бааз тэр өдөр ер бусын нам гүм, чимээ аниргүй, дүнсгэр, дайны дараах тулааны талбарт байгаа мэт гунигтай, гутарсан, галгүй харцаар дүүрэн байлаа. Пеп ч тоглогчдоо төдийлөн шахаж, хүнд бэлтгэл хийлгээгүй. Энэ бэлтгэл тэдний хувьд дөрвөн жилийн турш гар нийлэн ажиллаж, ганзага дүүрэн цомоор түүхийг хамтдаа бүтээсэн агуу дасгалжуулагч, онцгой менежер, шилдэг удирдагч, шилэгдмэл лидер, хамгийн чухал нь үнэнч анд нөхөр Пеп Гуардиолатай салах ёс гүйцэтгэж, хэн гэдгийг нь үл мэдэх өөр нэгэн эрхмийн хамт эхлүүлэх шинэ эрин үеийн зүг хийсэн анхны алхам нь байлаа.

Заавал ингэж дуусах албагүй, Пептэй хамт аяллаа цааш үргэлжлүүлэх өөр гарц шийдэл байж болно гэж итгэсэн тоглогчид ч цөөнгүй байв. Эль Пайсын сэтгүүлч Луис Мартины олж мэдсэнээр Шави, Иньеста, Пуойль болон Месси нар багийнхнаа төлөөлж шийдвэрээ эргэн харахыг ухуулсан утгатай мессежүүдийг дасгалжуулагчийнхаа утас руу өдөр шөнөгүй илгээж байсан аж. Тито Виланова ч түүнийг бодлоо өөрчлөхийг шахаж, яагаад одоо явах цаг нь биш болохыг ятган сэнхрүүлж байв. Гэвч үр дүнд хүрээгүй. Гуардиолагийн өөрийнх нь хэлсэнчлэн салхи хөдөлж, усан онгоц аль хэдийн замдаа гарчихсан байв. Хоан Гампер дэх бэлтгэлийн баазад хийсэн уулзалтаас хоёр хоногийн дараа тэрээр шийдвэрээр албан ёсоор олон нийтэд танилцуулсан юм.

Image

Барселоноос умард зүгт 70 километрийн зайд орших Санпедор хэмээх Каталоны бяцхан суурингаас 30 жилийн тэртээ эхлүүлсэн Гуардиолагийн бартаа нугачаа ихтэй ч баллаж үгүйсгэх аргагүй тод томруунаар хөлбөмбөгийн түүхэнд ул мөрөө үлдээсэн уртын урт их аяны хөсөг эцсийн зогсоолдоо ирж байгаа нь энэ байлаа. Арван мянга хүрэхгүй оршин суугчтай, хөдөө аж ахуй голлосон, онцгой содон зүйл үгүй эгэл жирийн энэ тосгоноос л дэлхийг донсолгон доргиулсан Пепийн түүх эхэлсэн билээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7465
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Previous

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests