Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Wed Jun 25, 2014 9:03 pm

Монгол наадам эхлэхэд 10 гаруйхан хоног үлдлээ. Бүтэн жил хүсэн хүлээсэн хүчин бөхийн барилдаан эхлэх гэж байна. Хэдий толгой өвтгөх маш олон асуудалтай (найраа, допинг, шүүлт, зодоон гэх мэт) ч гэсэн үндэсний бөхийн барилдааныг шимтэн үзэх нь Монгол хүн болж төрсний бас нэгэн жаргал юм да. Асуудалгүй спорт гэж байхгүй. Хэзээ нэгэн цагт найраа, допинг ард үлдэх л болно. Монгол бөх тэр үед улам сонирхолтой болж олон үзэгч, фанатуудыг өөртөө татах байх.

За тэгээд энэ жил хэн гэдэг аавын хүү түрүүлж, үзүүрлэх, цолоо ахиулах, цолонд хүрэх гээд таавраа уралдуулж, санал бодлоо илэрхийлцгээе :mongol:

Мөн нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, хувь хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэх нь зүйтэй байх тэ :D
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jugder_08 » Thu Jun 26, 2014 10:16 am

Аймгуудын наадам хэзээ вэ?

Хэнтий, Сэлэнгэ, Төв болон Архангай гэх мэт мэдээлэл байна уу?
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 10:50 am

www.medee.mn дээр нэг хуваарь гарсан байсан. Ойтой аймгуудаас бусад бүх аймгууд 7-р сарын 10, 11-нд хуваарь гарсан байна лэ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 11:01 am

Тэсийн Бумбаяр заан дайлы ньюс дээр өгсөн ярилцлагандаа энэ жил Содном, Гончиг 2 маш дээгүүр барилдана гэсэн байна. Бас түрүүлэхийн төлөө барилдах Мөнхбат, Бүрэнтөгс 2 байна. Санжаадамыг тооцохгүй өнгөрч болохгүй гэсэн байна. Мөн Эрхэм аваргыг үзээтэй л гэсэн байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Jun 26, 2014 11:04 am

юу юугүй наадам болохнээ гоё гоё
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Thu Jun 26, 2014 11:13 am

Sodnom, Soronzon hamt beltgel hj bgan bnle.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 11:18 am

Цоомоо wrote:Sodnom, Soronzon hamt beltgel hj bgan bnle.

Харин тийм гэнэ. Миний бодлоор "Хилчин" спорт хорооны бэлтгэл дээр хамт гарсныг тэгж бичсэн байх.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 26, 2014 11:21 am

Гончиг, Содном 2 нилээн дээшлэх нь тодорхой байгаам. Санжаа бэлтгэлдээ орсым болов уу даа. Энэ жил лав найдахгүй л бна шүү. 2 Пүрэв 5 дээр тунаад давсан нь бас явна даа. Гэхдээ 6 дээр Содном, давсан нь 7 дээр Гончигтой тунахыг байг гэхгүй. Эрхэмээ аварга 4 дээр үсэрчихгүй бол 7-ийн даваанд цолоо дуудуулж л таараа. Батмөнх наадмын одтой. Батсуурь хүн амьтан гайтуулаад яваад байж мэднэ. Бүрнээ бас юм бодож байгаа блгүй дээ, нөгөө бэртэл нь хэр байгаам бол. Мө арслан ч энэ жилээс мөнгөнд явах байх даа. Гэснээс Гантогтох гарди барилдана гэнэ. Увсын галаа ахалж байгаам бна. Мөнхбат, Орших 2 сайн бна л гэнэ, бэлтгэл дээрээ. Цолоо батлачихая гэсэн хэдэн сайхан начингууд бий. Алтанхуяг, Мөнгөнбаатар, Отгонбаатар нар татуулахгүй л бол цол худлаа боллоо. Батчулуун, Гантулга, Одгэрэл лав зүтгэх байх. Суманчулуун, Хангай, Бадамсүрэн, Эрдэнэхүү гээд бас үзээд алдах хүмүүс байгаа. Өөр ч цолонд нээх үзүүлчье гэсэн хүнгүй болчлоо шүү. Адъяабат, 2-3 Ганзоригууд, Чимиддорж, Лха, Болдбаатар, Лутын Батзориг, Баатарцол, Шинэбаатар мэтийн сиймхийгээр гүйх нөхөд бас бна.
Last edited by Takanohana_Nowitzki on Thu Jun 26, 2014 3:05 pm, edited 1 time in total.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 11:27 am

Өдрийн сонины Гантулга сэтгүүлч нэг иймэрхүү юм бичсэн байна.

Өмнөх тэмдэглэлдээ Б.Гончигдамба гарьд, Б.Пүрэвсайхан начин хоёр дээр ерөнхийдөө тогтож, Архангайн Р.Пүрэвдагва, Ховдын О.Хангай нарын идэрхэн хүчтэнүүдийн талаар өгүүлсэн. Харин эл удаа түрүүлэх магадлалтай хэд хэдэн бөхийг нэрлэе. Жагсаалтын эхэнд Ч.Санжаадамба заан бичигдэнэ байх. Эхний тэмдэглэлийг уншсан хүмүүсээс “тэр түрүүлнэ” гэсэн мессеж олныг авсан л даа. “Яагаад Санжаадамбыг бичихгүй байна, Санжаа л түрүүлнэ” гэх фэнүүд нь их хандаж байна лээ. Мань хүн жилийн жилд л түрүү бөхийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг. Гэвч ерэн жилийн ойгоор Ц.Содномдорж харцагатай тунаж, барилдаан нь будилж, Содномыгоо уйлуулж, наадамчдыг олон цагаар чилээн байж долоо давснаас хойш олигтой барилдаан гаргасангүй. Дараа жил нь буюу 2012 онд “бөхийн аранга” гэгддэг харцага Пүрэвжавыг тавын даваанд амлаж хамгийн түрүүнд унаж байв. Тэр жил Санжаа үнэндээ онцгой байсан. Монгол бөхийг Геннист бүртгүүлсэн зургаан мянга гаруй бөхийн барилдаанд торолгүй түрүүлж, заал танхимын барилдаанд босоо байлаа. Гэтэл наадмаар өнөө бөхийн арангад чинь сөхрөөд унаж байгаа юм. Буруу ам аваад тэр л дээ. Ер нь төрийн наадмын тавын даваанд ам авна гэдэг бас амаргүй шиг билээ.
Жаран нэгэн онд Мөөеө аварга улсын заан цолтой ид үедээ Дорнодын “хар” Дугарсүрэнг аваад унаж байсан бол далан онд хоёр Мөнхийг эзгүй хойгуур Цэрэн аварга “өмсдөг” Дамдиндорж зааныг амлан дархан өмсөх мэхэнд нь орж тархиараа газар шааж байсан түүх бий. Энэ түүх Санжаадамба дээр давтагдсан хэрэг. Тэрээр өнгөрөгч жил тав даваад зургаагийн даваанд Төв аймгийн Б.Батмөнх зааныг амлаад мөн л дархан хавирах мэхэнд нь шороодсон. Бас л буруу ам авсан. Цаана нь Булганы Энхбат начингаас аваад Говь-Алтайн Цэрэнтогтох, Увсын Батсуурь гээд амлаад барилдчих бөхчүүд байж л байсан. Яахав, манай хүн тэр жилийн цагаан сарын барилдаанд Батмөнхтэй хүч үзэж, хөл дээр нь гишгэж түүнээсээ болж буруутан, улмаар барилдах эрхээ хасуулсан удаатай. Уг явдал цээжинд нь хадгалаатай яваад л байж, тэгээд даагаа нэхэж балрахгүй юу. Өнөө жил залуу заан төвөггүй гурав давна. Харин дөрвийн давааны оноолтод Ховдын Хангайтай таарах магадлал маш өндөр байгаа. Цагаан сараар унасан шигээ бөгсөөрөө суучихвал байдал эвгүйтнэ. Гэвч харж л байхаас. Хэрвээ тэр хоёр оноолт таарвал үнэн гоё юм болно. Бөхийн шуугиан тийнхүү дөрвийн даваанаас эхэлнэ. Хоёр жилийн өмнөх наадмаар Өсөхөө аварга Сугаржаргал гэж аймгийн заанд, залуу аварга Мөнхбат “Увс нуур” галынхаа бөх аймгийн арслан Бүрэнтөгст унаж, үндсэндээ зүүн, барууны магнай хоёр аварга хоёулаа гурав даваад элэг бүсээ тайлж байлаа. Энэ жил ч ялгаагүй, дөрвийн давааны оноолт зүрхшээмээр таарах нь дамжиггүй. Зүүн, барууны магнай гэснээс энэ жилийн наадам их олон сюрпризээр дүүрэн байх магадлалтай болоод явчихлаа.
Р.Гончигдорж тэргүүтэй гишүүдийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж далай аварга цолыг албан ёсоор хассан. Тэгэхээр хуулийн дагуу даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цолны болзлыг хангаж байгаа. Наадмын өмнөхөн төрийн тэргүүн зарлиг гаргаж дээрх хоёр аваргад цолыг нь олгох болов уу. Тэр жил наадмын урьд өдөр А.Сүхбатад даян аварга цолыг хуулийн дагуу олгож байсан. Түүн шиг хоёр аваргад дархан аварга цолны үнэмлэхийг гардуулах байх. Хэрвээ Сүхбат дархан аварга болох юм бол зодоглоно гэсэн яриа байгаа. Аваргын ойр тойрныхноос ч ийм ярианы сэжүүр дуулдаад байна. Олны үг оломгүй далай гэгчээр уг яриа хөөрөө үнэн болж ард түмний хайртай аварга зодогловол наадмын сценари төлөвлөгөө өөрчлөгдөнө. Баянаа, Мөөеө хоёр жараад оны дунд үеэс хоёр мянгаад оны эхэн хүртэл наадмын дэглэлтийг тус тусдаа хийж байсан шиг Өсөхөө, Сүхбат хоёр Монгол Улсын дархан аварга хэмээн зүүн, барууны магнайд цоллуулаад, мөн л өөр өөрсдийнхөө төлөвлөгөөг боловсруулна. Сүхбат аварга наад зах нь долоо давна даа. Гурав, тав, зургаагийн даваануудад шавь нараасаа хүртэнэ байх.
Ерэн дөрвөн онд Мөөеө аварга хөдөлмөрийн баатар цол хүртээд тэр жилийн наадамд 53 насандаа зургаа давж байсан. Тавын даваанд Хэнмэдэхийн Амарааг, зургаад Хэнмэдэхийн Түвшинсанааг орхиж байлаа. Үндсэндээ алдарт уяачийн хоёр хүүг өвдөглүүлэн долоогийн даваанд өөрийн шавь Ринченхүүгийн Гансүхийг амлан заан цолонд хүргэж байсан. Түүн шиг Сүхбат аварга долоогийн даваанд яадаг бол. Даваабаатарыгаа хүчээр зургаа давуулаад заан цолонд хүргэнэ гээд үзчихдэг болов уу. Өнөөх нь дөрвийн давааны нугалаанд явчих магадлалтай. 2012 онд гурав даваад Өвөрхангайн Т.Санчирт, өнгөрөгч жил мөн гурав даваад Увсын С.Батсуурь начинд унасан. Сүхбат аварга маань цагаан хоолтон боллоо гээд нэг хэсэг баахан “гэгээрсэн” дуулддаг. Харин сүүлд мах шөлөө идэж уугаад бие хаа нь ч товир сайхан болоод ирснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Бэлтгэл сургуулилтаа бол тасалдаггүй юм гэдэг шүү. Хоёр жилийн өмнө байна уу даа, “Монголын топ-100 залуу улстөрч”-ийн нэгээр тодорч шагналаа гардах үед нь уулзахад “Залуу аварга Мөнхбат надтай хамт бэлтгэл хийж байгаа” гэж байсан. “Олимп” дэвжээндээ шавь нартайгаа, үндэсний бөхийн залуу хүчтэнүүдтэй ир бяраа сорьж өөрийнхөө багцааг мэдэрдэг байна. Арав гаруйхан хоногийн дараа эхлэх наадмын дэвжээнд “жижиг” аварга өнөө л хүрэн тэрмэн дээлтэйгээ зодог шуудгаа бүсэлчихсэн орж ирээд, ард түмнийхээ хайр хүндэтгэл дор зүүний магнайд дэвэн дэлсээр гараад ирвэл ч сайхан даа. Бөхөд дуртай олны бах нэгэн ханах байх даа.
Сүхбат аваргын тухайд ийм байна. Одоо түрүү үзүүрт яригдаж байгаа бөхчүүдийн дарааллыг үргэлжлүүлэн хүргэе. Санжаадамбын удаад Содномдоржийн нэр зүй ёсоор бичигдэж таарна. Тэрээр яалт ч үгүй энэ цагийн өнгө болсон хүчтэнүүдийн нэг. Бие хаа гэж зорчихсон, зурчихсан юм шиг сайхан. Охид бүсгүйчүүдийн харцыг эрхгүй булаадгийг нь хэлэх хэрэгтэй. Харин сүүлийн хэдэн жил нэг л санасандаа хүртэл барилдаж чадахгүй байгаа. Өөрийг нь дэмждэг, өндөр цолонд хүрчихээсэй гэж хүсэн хүлээдэг олны итгэлийг хөсөрдүүлээд л байгаа. 2011 онд долоогийн даваанд Санжаадамбатай будилж наадмын дэвжээнд нутгийн ах, нэг галын бөх Х.Мөнхбаатар арслантай хамт суулт зарлаж, олны өмнө эхэр татан уйлж байсан харцага дараагийн хоёр жилд хоёуланд нь тавын даваанд унасан.
Увсын Ө.Бат-Орших, Төв аймгийн Б.Батмөнх нарт тахим өгсөн юм. Өнөө жил бас маапаантай байгаа. Цагаан сараар Гончигдамбын гарыг илт хөшсөнөөс болж барилдах эрхээ хасуулсан. Бөхийн дэвжээнд байж боломгүй үйлдэл нь түүний нэр хүндийг ихээхэн унагаж, олон ч хүний хараалыг идсэн дээ. “Бөхийн холбоо барилдах эрхийг нь ядахдаа хоёр жилээр хасаач” гээд л хэн хүнгүй орилоод байсан. Цагаан сараас хойш бөхчүүд Содномтой барилдахдаа машид анзааргатай болсон харагдана лээ. Гар хурууг минь хугалчих вий, сээр нурууг минь гэмтээчих вий гэж болгоомжилдог болж, зөв л дөө. Тэгэхгүй бол манай хүн инээж байгаад баллана, сураагүй юм биш. Түүний хувьд тавын давааг л гэтэлчих юм бол цойлоод гараад ирэх магадлалтай. Тавын даваанд Пүрэвсайхан, Пүрэвдагва, Булганы Энхбат, Өмнөговийн Одбаяр, Өвөрхангайн Сугаржаргал нарын начингууд Хэнтийн Оюунболд харцага нараас ам авна.
Ноднин Батмөнхийг аваад буруудсан шиг буруу ам авчихгүй бол тав давна. За тэгээд зургаагийн даваа асуудалгүй. Шинээр начин болж хөөрөл нь дарагдаагүй байгаа нөхдөөс нэгийг нь амлаад шороодуулчих байх. Ингээд долоогийн даваанд Санжаадамбатайгаа тунана даа, өөр аргагүй. Тэр хоёр олон ч тунаж байсан, ихэвчлэн Санжаа нь давдаг. Өнөө жил таарвал ямар барилдаан гарахыг таашгүй. Санжаа заан дайрдгаараа дайраад л, Дүвчин багшийнхаа заасан хөл мэхүүдийг тулгуухан хийгээд туушиндчихна биз ээ. Гол нь Санжаа Содномоосоо болгоомжлох нь зүй. Хамаа замбараагүй дайрч байгаад уурыг нь хүргэж гар хуруугаа хөшүүлэх вий.
Д.Бумбаяр заантай саяхан уулзахад түрүүлэх магадлалтай бөхчүүдэд Содномдорж, Гон­чигдамба, Мөнхбат, Бүрэнтөгс, Санжаадамба нарыг нэрлэсэн. Монгол бөхийн дэвжээнд зургаан залуу зааны үед ид гарч ирсэн хүчит зааны үг ончтой байж таараа.
Өнөө жил Увс аймгийн галыг Баянмөнхийн Гантогтох гарьд ахалж байгаа. Балжаа аваргын нууц төлөвлөгөөг үргэлжлүүлж буй Ганаа гарьдад бодсон юм байгаа. Ааваасаа асууж, зөвлөлдөж буй нь ч мэдээж. Сүүлийн гурван ч жил дараалан төрийн наадмын түрүү хүртсэн, бөхийн өлгий болсон Увс нутгийнхны галыг Баянаа аваргын хүү ахалж байгаагийн хэрэг юу билээ. Бас нэг түрүү гэж л ярина. Мөнхбат аварга, Бүрэнтөгс арслан хоёроос гадна Увс аймгийн Ховд сумын харьяат Намсрайжав харцагын хүү Батсуурь гэж харцага цолтой залуу бий. Түүнийг их дээшээ барилдах болов уу гэх таамаг манайханд байгаа. Хэнээс ч бэргэж, хулчийдаггүй, эрс шийдэмгий барилдаантай залуу харцагыг түрүү үзүүр булаалдах гээд хоёр Дамбын нэгтэй, эсвэл Содномтой, өөр хэнтэй ч юм бэ дээ зогсож байхыг үгүйсгэх аргагүй. Түрүү жил аварга цол зүүдэлж ирсэн Бүрэнтөгсийгөө дөрвийн даваанд шороодуулж өгөөд тавын даваанд харцага Т.Өсөх-Ирээдүйг, зургаад Говь-Алтайн Л.Цэрэнтогтохыг тунаж даваад долоод Б.Батмөнх заантай тунаж барилдаад унасан. Төрийн наадмын зургаа, долоогийн даваанд дараалж тунана гэдэг шийртэй аавын хүү гэдгээ харуулж буй явдал. Батсуурь тийнхүү харцага болчихоод дараахан нь Завхан аймгийн 90 жилийн ойд очиж Гончигдамба гарьдтай түрүү үзүүр булаалдаж байсан. Тэрээр удамтай бөхчүүдийн нэгэн. Аав нь улсын харцага цолтой бөх. Аавынх нь ах Гилэгийн Даваасамбуу гэж улсын начин бий. Наян хоёр онд Жамбалын Хайдав арслангаар тав давж улсын цол хүртэж байлаа. Тэгвэл өвөө нь Жотойн Гэлэг гэж улсын начин цолтой бөх байжээ. Тавин оны наадамд гэдэг шиг санагдана, Шаравын Батсуурь аваргыг ид үед нь өвдөглүүлж начин болж байсан түүхтэй юм билээ. Тэгэхээр Батсуурь гурван үеэрээ барилдаж байгаа бөх юм. Өлзийсайханы Эрдэнэ-Очир арслан шиг л бөх юм даа. Жаахан хүүхэд томчуудын аманд гарч байх үедээ хэзээний билээ дээ цагаан сарын барилдаанд Өсөхөө аваргыг дөрвийн даваанд өвдөглүүлж, Бөхийн өргөөнд цугласан олны хөөрлийг дээд цэгт нь хүргэж байсан. Сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг төрийн наадамд зодоглоно хэмээн сэвж явахад хандыг нь хага дарсан аавын хүү дээ. Тэр тухай өмнөх тэмдэглэлд өгүүлсэн билээ.
“Увс нуур” галынхан Мөнхбат аваргаа дээшээ явна гэж харж байгаа. Мөнхбатын хувьд түрүү дахиад байж л байгаа. Далай аварга цол хасагдчихсан, ахиад хоёр түрүүлэхэд дархан аварга цолонд хүрнэ. Тэгэхээр мань эр их л нигууртай үзнэ дээ. Өсөхөө, Сүхбат аваргууд зүүн барууныг магнайлбал манай хүн сүрд дарагдаж магадгүй юм. Гэвч аварга аваргаараа төрдөг гэж сайхан үг бий шүү дээ. Мөнхбатад, Эрхэмбаярт ч ялгаагүй дөрвийн давааны оноолт гэж тааварлах аргагүй хэцүү юм байна. Тэр жил Ц.Цэрэнпунцаг гарьд Увсын Элбэгбаяр гэж залууд гурвын даваанд унаад өнөөх чинь дөрвийн даваанд Д.Цэрэнтогтох аваргатай оноолт таараад давчихаж билээ. Уул нь Цэрэнтогтох аварга дөрвийн даваанд учраа таарах бага цолтой залууг Өвөрхангайн Ганбаатар арслангаар гурав давуулаад байсан. Гэтэл Пунцагаа гэж золиг гурвын даваанд залуу бөхөд тахимаа өгч Цээнээ аваргын төлөвлөгөөг будлиулж байсан. Энэ мэтчилэн дөрвийн давааны оноолт урьдчилан тааварлах аргагүй байдаг. С.Мөнхбат аварга ерэн жилийн түүхт ойн түрүү хүртсэнийхээ дараа жил нь дөрвийн даваанд Бүрэнтөгст унаж байсан. Өнөө жил яах юм байгаа. Өвөрхангайн аймгийн начин Хүрэл-Очирын Гантулга, Ховд аймгийн Зэрэг сумын бөх аймгийн харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Баянхонгор аймгийн харьяат аймгийн заан Нацагсүрэнгийн Золбоо гээд хэдэн яггүй “аваргууд” бий. Тэд дөрвийн давааны оноолтод аварга, арслангуудтай таарна. Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн чансаа өндөр 128 бөхийн барилдааны хоёрын даваанд аймгийн харцага Бат-Өлзий, арслан Бүрэнтөгсийг ганцхан дайрчихаад л яваад өгсөн. Наадмаар таарвал тун эвгүй.
Дээшээ барилдах магадлалтай бөхчүүдийн тоонд Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат орж байгаа. Тэрээр жин багатай ч тун чиг уран барилдаантай нэгэн. Саяхан даа, зургадугаар сарын эхээр болсон Чингэлтэй хайрханы хишиг 256 бөхийн барилдаанд Энхбат начин Архангайн Пүрэвдагва, Төв аймгийн Батмөнх гээд энэ цаг үеийн шилдэг хүчтэнүүдтэй тунаж орхиод түрүү үзүүрт Эрхэмбаяр аваргаа гарын үзүүрээр хөнгөхөн аргалчихаад л түрүүлчихнэ билээ. Наадмаар дээрх бөхчүүдтэйгээ хүч үзэж бүгдийг нь хаяад нимгэн хээр үрээ нүүрэнд гараад ирдэг шиг долоо, наймын даваанд зогсож элбэгхэн чадах хүн дээ. Начин цолоо гурван удаа батлаад байгаа эрэмбэтэй бөх одоогоор байхгүй байх. За тэгээд Өмнөговийн Одбаяр гэж хэцүү “амьтан” байнаа, тавын давааны тунаанд л очно. Увсын Төрөөгийн Баасанхүү гэж аварга, арслангуудын баруун зүүн сугаар ороод гараад явчихдаг ёстой нөгөө манайхны хэлдгээр барьцгүй бөх бий. Аймгийн цолтой байхдаа “Нутгаа дуурсгана” бөхийн шилдэг дэвжээ шалгаруулах хүчтэнүүдийн барилдаанд хамгийн олон давсан бөхөөр тодорч байсан. Түрүү жил өөрөөс нь хамаагүй өндөр Ганбаатар гарьдтай дөрвийн даваанд таарч, суганд нь хэд хэд эргэж байснаа тонгорчихоод яваад өгсөн. Өнөө жил бас л шуугиулж таарна. Баасанхүү шиг аварга, арслангуудын зүрхэнд шар ус хуруулсан хатуу боорцгуудыг нэрлэж барахгүй ээ. Хэний ч санаанд ороогүй залуу хүчтэн цоройгоод гараад ирэхийг ч үгүйсгэхгүй. Өнөө жилийн наадам дуулиан шуугианаар дүүрэн болно доо.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 26, 2014 11:35 am

Энэ с** Болор цомдоо орвол таарна, худлаа юм шаагаал явдын. Энэний өмнөх дээр Хангай Санжааг өргөөд ар зоогоор нь шидсэн нтр гэсэн байсан, одоо болсон бөгсөөрөө суусан болоол явчих юм. Содном 6 дээр ам авч амжихгүй биз. Зүгээр цээжний пангаар шааж өгөх юмаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 11:41 am

Takanohana_Nowitzki wrote:Энэ с** Болор цомдоо орвол таарна, худлаа юм шаагаал явдын. Энэний өмнөх дээр Хангай Санжааг өргөөд ар зоогоор нь шидсэн нтр гэсэн байсан, одоо болсон бөгсөөрөө суусан болоол явчих юм. Содном 6 дээр ам авч амжихгүй биз. Зүгээр цээжний пангаар шааж өгөх юмаа.


Харин жаахан худлаа бичээд байх юм. Ноднин Баасанхүү Ганбаатарыг 2 суганд нь сэжиж байгаад тонгорсон гэнүү. хэхэхэхэ
Халз хутгасан шиг санаад байх юм.

Би энэ жил Гончиг гарьд бараг түрүүлчих байх хэмээн харж байгаа, гэхдэ өөр хүмүүс ч бас байна. Ганбаатар, Санжаа, Мөнхбат, Эрхэмбаяр гэх мэт
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 12:23 pm

Увсын галын тэмдэглэл байна. Үндэсний бөх сайтаас авлаа

Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Хүчит бөхчүүд хэдийнэ тус тусынхаа галд гарч, бэлтгэл нь жигдрээд байгаа аж. Энэ жилийн зуншлага сайхан болж байгааг хэлэх үү, ногоон тэрлэг дэлгээд тавьсан мэт уулсын дундуур сүлжилдэх замаар өгсөн явсаар Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүдийг бэлтгэл сургуулилтаа хэрхэн чамбайруулж буйг сурвалжлахаар Улаанбаатараас 60 км-ийн зайтай “Цонжин Болдог” жуулчны баазаас холгүй орших Харзтайг зорьсон юм.

Үзэсгэлэнт байгальтай Харзтайн амны амралтын баазад улсын гарьд Б.Гантогтохын удирдсан, ОУХМ Д.Энхболдоор ахлуулсан “Увс нуур” галын 70 орчим бөх наадмын бэлтгэлээ ид хийж байна.

Гарьд Б.Гантогтох бөхийн галыг анх удаа ахлан гарч буй боловч тэрээр өмнө нь чөлөөт бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Мэдээж наадмын бэлтгэл удирдана гэдэг амаргүй ажил. Бэлтгэлийн үеэр бөхчүүдийн унтах, босох, хооллох нь хүртэл цаг минутаар хэмжигдэх нарийн дэг жаягтай.

Тэр бүхнийг гүйцэтгэдэг Д.Энхболдод бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг хэдийд хийж, хэзээ хооллож амрахыг нарийвчлан гаргасан зузаан дэвтэр байх. Тэрээр бөхийн галд дөрвөн жилийн өмнөөс дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн ажээ. Д.Энхболдыг ажлаа дөнгөж аваад байхад зургаан залуу зааны нэг гэгдэж байсан улсын арслан Б.Ганбат Ардын хувьсгалын 89 жилийн баяр наадамд түрүүлж байсан юм. Дараа жил нь буюу 2012 онд энэ галаас төрсөн улсын аварга С.Мөнхбат, 2013 онд улсын арслан П.Бүрэнтөгс нар баяр наадамд дараалан түрүүлсэн амжилтын буухиаг өртөөлөгчийн нэг нь Д.Энхболд багш.

Бидний очсон өглөө бөхчүүд 3-4 км-ын зайд гүйж хөлсөө гаргаад байрандаа дөнгөж цуглаад байлаа. Увсын бөхчүүдийн бэлтгэлд гарсан Харзтайн амны “Шүтээн” амралтын баазад арав гаруй дүнзэн байшинтай бас таван цагаан гэр барьжээ. Хамгийн баруун талын том гэрт ойртон очиход үхрийн шагай шиг биерхүү залуу тосч аваад уг гэрийн үүх түүхийн талаар ярьж гарав. Манай улс орныг 40 гаруй жил удирдсан маршал Ю.Цэдэнбалын гэр юм гэнэ. Энэ түүхэн гэрийн авдар, ор гээд бүх тавилга, эд зүйл нь бүрэн бүтнээрээ хадгалагдан үлджээ.

Харин хажуу талын гэрт улсын арслан Б.Ганбат, заан О.Одгэрэл, начин Н.Мөнхжаргал нарын хашрууд амарч байв. Тэдэнтэй яриа өдөхөд залуу бөхчүүддээ туршлагаасаа хуваалцахын сацуу өөрсдийн бэлтгэл сургуулилтаа хангаж байна гэцгээж байлаа. Төв аймгийн Эрдэнэ сумын энэ сайхан уул, ус тэгширсэн газарт “Увс нуур” галынхан 1998 онд анх гарчээ. Тухайн жилийн наадмаар Б.Ганбат арслан өөрийн багш, дархан аварга Х.Баянмөнхөөр тав давж улсын цолтны эгнээнд бүл нэмж байсан тухай сонирхолтой түүхийг Н.Мөнхжаргал начин сөхөв. Үүнээс хойш тус галынхан Гачууртын аманд хоёр, Төр Хурхын аманд нэг удаа наадмын бэлтгэлд гарчээ. Харин бусад жилүүдэд Харзтайд гардаг болсон байна.

“Увс нуур” галын бөхчүүд шинэ зуун гарснаас хойшхи 13 наадмын зургаад нь түрүүлж, гуравт нь үзүүрлэсэн нь үнэхээр бахдам амжилт юм. Түүнчлэн тэгш ойн баяр наадмаар зөвхөн Увсын бөхчүүд түрүүлж байсан нь монгол бөхийн түүхийг улам баяжуулж иржээ.

“Увс нуур” дэвжээнийхэн энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор гарсан байна. Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, улсын заан О.Одгэрэл, улсын харцага Ө.Бат-Орших, Б.Батбаатар, А.Бямбажав, Н.Батсуурь болон энэ жил улсын цол авах магадлалтай гэгдэж буй аймгийн хурц арслан О.Гантулга, цэргийн арслан Б.Ганзориг, аймгийн арслан Н.Ганзориг нарын бэлтгэл жигдэрчээ. Тэднээс гадна энэ жил аймаг, сумын цол горилж яваа залуу хүчтэнүүд Увс аймгаас ирж, бэлтгэлд хамрагдаж байгаа аж.

Бөхчүүдийн байрлаж буй өрөөтэй танилцах үед дэвжээний ахлах дасгалжуулагч, гарьд Б.Гантогтох манай сурвалжлах багийнхныг уриалгахан хүлээн авч, өдрийн хоолонд урьсан. Тэрээр, “Удахгүй эхлэх олс таталтын бэлтгэлийн үеэр та бүхэн тэнд бөхчүүдийн зураг хөргийг авна биз ээ” гэсэн юм. Нэг сайхан мэдээ дуулгахад гарьд маань энэ жилийн наадамд зодоглох ажээ. Мөн наадмын гоёлоо зэхэж эхэлснээ ч дуулгав.

Гал тогооны өрөөнөөс ойр орчмыг ажваас энэ жил цолоо ахиулах бөхөөр зүй ёсоор нэрлэгдэж буй улсын харцага Ө.Бат-Орших улсын арслан П.Бүрэнтөгстэй ярилцаж зогсоо нь харагдсан. Хоёр хүчтэн олс таталтын цаг болтол бараг цаг гаруй буу халах шиг болов.

Биднийг очсон өдөр улсын начин Б.Эрдэнэбилэг, Н.Мөнхжаргал нар нутгийнхантайгаа нэгдээд байлаа. Удсан ч үгүй сэтгүүлч бидний хүсэн хүлээсэн мөч ирж, бөхчүүд өдрийн бэлтгэлдээ гарсан юм. Хонь цаг болоход бөхчүүд бэлтгэлдээ гарч эхэндээ хөнгөн мэх давтаж биеэ халаав. Үүний дараа галын дасгалжуулагч Д.Энхболд тоо авч бөхчүүдийг зургаан хэсэгт хуваариллаа. Улсын арслан Б.Ганбат, заан О.Одгэрэл нар харагдсангүй. Учрыг лавлавал хоёр бөхийн бие нь чилээрхүү байгаа аж.

Мөн цэргийн арслан Б.Ганзориг, Давстын н.Элбэгбаяр нар хотод яваа гэж байлаа. Энэ хоёрыг хэдэн жилийн өмнө шаггүй барилдаж улсын цол авах бөхчүүдийн тоонд багтаж байсныг бөх сонирхогчид андахгүй сайн мэднэ. Сүүлийн үед заал танхимын барилдаанд гураваас дээш давахгүй байгааг ч бас харж л байгаа. Хэдхэн хоногийн өмнө болсон Бүх цэргийн наадамд тэр хоёрыг шөвгөрөх болов уу гэсэн итгэлийг тэд хөсөрдүүлж, доогуур даваанд унасан билээ.

Тэд энэ өдөр бэлтгэлээсээ чөлөө авч авчээ. “Увс нуур”-ынхан нөгөөдөр галынхаа наадмыг хийх аж. Үүнтэй наадмын сорилго барилдаан давхцаж таараад байгаа. Гэхдээ галынхаа наадамд зодоглох бөх нэлээд олон байгаа гэж байна. Энэ галаас хоёр ч бөх цолоо ахиулах магадлалтай. Бөх сонирхогчид ч ийм таамгийг дэвшүүлж буй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jugder_08 » Thu Jun 26, 2014 12:48 pm

Энэ жил манай хүн түрүүлнэ ээ. Хаалтаа засуулсан...
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Thu Jun 26, 2014 3:38 pm

Танай хүн хэн бэ?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 3:40 pm

jugder_08 wrote:Энэ жил манай хүн түрүүлнэ ээ. Хаалтаа засуулсан...


хэхэ, яг хэнийг хэлээд байна?
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 26, 2014 3:41 pm

Санжаа байхаа даа. Бэлтгэл хийж байгаам уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Thu Jun 26, 2014 3:51 pm

Гочоосүрэн заан лав хийж байгаа, бэлтгэлд гарсан л гэсэн байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Jun 26, 2014 3:57 pm

Takanohana_Nowitzki wrote:Энэ с** Болор цомдоо орвол таарна, худлаа юм шаагаал явдын.


сайн уянгалуулж
нэг юмаа хэд бичдэг байнаа бүүр сүүлдээ толгой эргэв
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Jun 26, 2014 4:02 pm

Цагаан сараас хойш бөхчүүд Содномтой барилдахдаа машид анзааргатай болсон харагдана лээ. Гар хурууг минь хугалчих вий, сээр нурууг минь гэмтээчих вий гэж болгоомжилдог болж, зөв л дөө. Тэгэхгүй бол манай хүн инээж байгаад баллана, сураагүй юм биш.- хахаха зэвүүн баагий вэ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 26, 2014 4:11 pm

Харин Содномыг бүр гамгүй авч, дурсах болгондоо чимхээстэй. Ноднин Өсөхөө зааныг наадамд босоо түрүүлнэ гэж самарсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Jun 26, 2014 4:14 pm

бөхийн ертөнцийн ванга юмуу хаашайн лол
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Брон » Thu Jun 26, 2014 4:18 pm

jugder_08 wrote:Энэ жил манай хүн түрүүлнэ ээ. Хаалтаа засуулсан...


Түвшинбаяр уу?
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Jun 26, 2014 4:25 pm

хаалт гэдэг нь юу байсан юм?
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 5:03 pm

Takanohana_Nowitzki wrote:Харин Содномыг бүр гамгүй авч, дурсах болгондоо чимхээстэй. Ноднин Өсөхөө зааныг наадамд босоо түрүүлнэ гэж самарсан.


хэхэ, ноднин бол нөхөр зүгээр л өөрийнхөө бодлыг согтуу байхдаа бичсэн юм шиг байгаам.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 5:04 pm

Dondogoo wrote:хаалт гэдэг нь юу байсан юм?


Хараасан гээд байгаам болуу санаа нь
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron