Pep Guardiola: Another Way of Winning

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Pep Guardiola: Another Way of Winning

Postby Cule » Wed Mar 04, 2020 11:17 am

Баяраа ийшээ орчуулгаа хийгээрэй. Баярлалаа хө.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Cule » Wed Mar 04, 2020 11:18 am

Г.Баяраа wrote:Жилийн өмнө Пепийн "Another Way of Winning" номыг орчуулж байгаад талд нь хүргээд орхичихсон юм. Ажил төрөл, санхүү гээд янз бүрийн асуудлууд давхцаад үргэлжлүүлж чадаагүй юм. Саяхан юмнуудаа ухаж байхад гараад ирлээ. Хэрвээ нөхдүүд болно гэвэл цувралаа эндээ оруулж байя. Эсвэл Пепийн дэд сэдэв нээгээд оруулвал илүү эмх цэгцтэй байж болох юм.

Pep Guardiola: Another Way of Winning: The Biography
Image

...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Пеп орон дээр үсрэн гарч цонхоо онгойлгоод нүд нь орой дээрээ гарав.
«Хөөх, ээжээ энийг хардаа. Би өдөр болгон өрөөнөөсөө Камп Ноуг харж болох юм байна»

Эцэг эх нь хүүгийнхээ амьдрах газрыг үзэхээр Ла Масиагийн дотуур байранд хамт ирсэн нь энэ байлаа. Бага дүү Пере нь ч бас байв. Барселон хотын төвд, Камп Ноугаас тавхан минут алхах зайнд орших хоёр давхар хуучны чулуун барилгад амьдрaхаар бяцхан Пеп ачаа тээшээ баглан ирсэн байв. 300 жилийн тэртээ фермийн зориулалтаар боссон энэ байшинг клуб худалдан аваад 1979 оноос эхлэн Барселонд амьдардаггүй, холоос ирсэн академийн суралцагчдыг суулгах болжээ.

Харин 2011 оноос Хоан Гамперийн нэрэмжит орчин үеийн шинэ цогцолбор луу бүх хөвгүүдийг нүүлгэсэн юм. Үндсэн багийн бэлтгэлийн баазтай зэрэгцэн сүндэрлэх зургаан давхар шилэн барилга хичээлийн өрөө, сургалтын танхим, номын сан, фитнесс заал, ресторан, PlayStation гээд хүүхдүүдэд хэрэгтэй бүхнээр өвч тоноглогдож тохижуулагдсан. Таван одтой зочид буудал л гэсэн үг. Харин Пепийн үеийнхэн ийм тансаг, тохилог байгууламжид амьдарч байгаагүй. Хоёр давхар модон ор, ширээ, сандалнаас өөр тавилгагүй жижигхэн умгар өрөөнд дөрвүүлээ сууна. Тараг, агшаасан будаа, чанамал түрхсэн талх, сүү өглөөний хоолондоо идээд өөр дүүрэгт байх сургууль руугаа явцгаана. Үдээс хойш байрандаа буцаж ирээд бүрэнхий болтол Камп Ноугийн хажууд байх талбайд бэлтгэл хийнэ. Хувцсаа сольж оройн хоолондоо орчихоод тодорхой хугацаанд зурагт үзэж болно. Хөвгүүдэд гагцхүү хөлбөмбөгийн тоглолт эсвэл танин мэдэхүйн нэвтрүүлэг, баримтат кино үзүүлэх бөгөөд 23 цаг болмогц зурагт өөрөө автоматаар унтарна. Үүнээс хойш тэд орондоо орох журамтай боловч зөвхөн шөнө дундаас хойш эхэлдэг өөр нэгэн сонирхолтой үзвэрээ хүлээцгээнэ.

Гудамжны гэрэл бараадан ганц нэгээрээ зогсож, замаар өнгөрөх харчуудыг хоргоох богино банзал, өндөр өсгийттэй хүүхнүүд бол Пепийн хувьд өмнө нь харж байгаагүй өвөрмөц үзэгдэл. Хөвгүүд цонхон дээрээ цуглан шивгэнэлдэж, зоригтой нэгэн нь тэдэн лүү шүгэлдэх агаад яваандаа энэ харагдац тэдний нүдэнд дасал болж «хөршүүд» хэмээн хошигнон нэрлэдэг болжээ. Тариан талбай, ногоон зүлгээр хүрээлэгдсэн хөдөө тосгонд өссөн арван хэдтэй жаалын үзэж хараагүй, таньж мэдээгүй өөр олон зүйл их хотод байлаа. Ертөнц ямар уужим, амьдрал ямар баян болохыг ухаарах тусам Пепийн нүд нээгдэж, бодол тэлж, ойлгоц өргөжихийн зэрэгцээ төлөв суун байргашиж байв. Үүрэг хариуцлага, өрсөлдөөн, дарамт шахалтын талаар аавынх нь сануулж байсан үг ч үнэн болохыг ойлгов. Олны дунд аргаа олно гэдэг амаргүй аж. Сахилга бат, дэг журам, хатуужил, тэсвэр гээд Санпедорт дөнгөж зах зухаас нь амталж байсан зүйлсийнхээ ач холбогдлыг тэр Ла Масиад л жинхэнэ ёсоор ухамсарлаж, өөртөө батжуулан хэвшүүлэх ёстой гэдгээ ойлгосон юм. Төрөлхийн нөхөрсөг, нийтэч, эвсэг зан нь ч энд тус дэмээ өгч байлаа.

Image

Испаний өнцөг булан бүрээс цугласан долоогоос арван таван насны 60 гаруй хүүхэд Ла Масиагийн дотуур байранд хамтдаа амьдарна. Бүр алслагдсан хязгаар муж, хэдэн мянган километрийн цаана орших Мелилья, Балеар, Канарын арлаас ирсэн хүүхдүүд ч бий. Зул сарын баяр, зун өвлийн амралтнаас нааш тэдэнд аав ээжтэйгээ уулзах боломж байхгүй болохоор гэрээ санан бэтгэрч, орон дотроо нулимс унаган мэгшихэд Пепийн сэтгэл санаа ч гэсэн уруу татагдан уймарч, төрөлх тосгондоо үлдээсэн гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүсээ үгүйлэн гуниглана. Гэхдээ усан нүдэлж, уруу дорой царайллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг эрт ухаарч, өөрт нь өгсөн дасгалжуулагч, менежерүүдийн даалгаварт зуун хувь анхаарлаа төвлөрүүлэн ажиллахыг эрмэлзэж байлаа. Турь муутай, эмзэг биеийг нь хөгжүүлэхгүй бол ур чадвар, мэдрэмж хэчнээн сайн байлаа гээд мэргэжлийн хөлбөмбөгч болоход хэцүү гэдгийг тэд ойлгож байсан тул бие бялдрын хөгжлийн програмд Пепийг хамруулсан юм.

Өдөр болгоны хичээл, техникийн бэлтгэл, тактикын сургалтаас гадна ийнхүү нэмэлт хөтөлбөрт хамрагдах болсноор Гуардиолад гэрээ санан уйтгарлах зав үгүй болж хоног хугацаа харвасан сум мэт хурдан өнгөрч байлаа. Шинэ найз нөхөдтэй болж, орчиндоо дасан төвхнөж, арга эвийг нь олоод ирмэгц академийн амьдрал бас ч гэж тийм муугүй санагдах аж. Эцсийн эцэст мөрөөдөлдөө хүрэхийн тулд зайлшгүй туулах ёстой л зам учир гутарч гомдоллох эрх хэнд ч үгүй. Оройн хоолны дараа хүүхдүүд тус тусынхаа гэр лүү залгахаар үүдний өрөөнд байх таксофоны ард дугаарлан зогсоно. Пеп эхэндээ тэдэнтэй адил төлбөртэй утасны өмнө тэсэж ядан оочерлодог байсан боловч яваандаа ярих давтамж нь харьцангуй цөөрч онц шаардлагатай гэсэн үедээ л утасны бүхээг рүү очдог болсон. Амралтын өдөр болгон ганцхан цаг давхиад л гэртээ харьчихаж чадахаар байж аав ээжтэйгээ хэдэн сараар уулзаагүй хүүхдүүдтэй зэрэгцэж, хуншгүй зан гаргаад яах билээ гэх бодол ч түүнд нөлөөлсөн гэдэг. Харин Валенти тэр үеийг арай өөрөөр дурсдаг. «Дуу нь цаашаа орчихоод дуугарч ч чадахгүй утасны цаанаас уйлаад л байдаг байж билээ. Гэрээ л их санадаг байсан байх. Бидний санааг их зовоодог байж билээ»

Гэхдээ фермийн байшинд өнгөрүүлсэн өсвөр насныхаа он жилүүдээс Пеп гагц гэгээлэг, аз жаргалтай, эерэг мөчүүдээ эргэн дурсдаг агаад бусдыг нь мартчихсан гэж хэлдэг. Эсвэл мартахыг хичээдэг. «Том байшин» гэж нэрлэдэг клубын төв оффисын коридорт арга барагдан цөхөрч суусан өдөр ч түүнд бий. Авто-гоол оруулсан тоглолтын дараа хойшдын хамаг карьераа сүйтгэчихсан мэт сэтгэл хоосрон, шаналж байсан үе ч байгаа. Тэр бүгдийг ой санамжнаасаа ор тас арчиж хаяад, өчүүхэн төдий хир буртаггүй ариун тунгалаг хүүхэд насыг сэтгэл зүрхэндээ зүйж бий болгохыг хүссэн хэрэг. Тэгээд үймэрч, тавгүйтсэн бэрх цагтаа тэндээ зочилж, тайтгарал болоод амар амгалангаар өөрийгөө цэнэглэнэ гэж боджээ. Учир нь толгой өндийх зав үгүй дасгалжуулагчийн адармаатай амьдралаас эдгээрийг олж авна гэдэг туйлын хэцүү. Тамир шавхсан ажил. Тэгэхээр Санпедор, Ла Масиад үлдээсэн хүүхэд насных нь дурсамж түүнд урагш алхах урам зориг өгдөг ажээ. Бас клуб өөрт нь хэчнээн их зүйл өгснийг эргэн сануулдаг.

«Би Барсад төлж барахааргүй их өртэй хүн. Мөрөөдлийг минь тэд бодит болгосон. Тийм болохоор ачийг нь хариулах ёстой. Шантарсан үед энэ бодол л намайг хөл дээр минь босгодог. Тэдний төлөө хичээх ёстой гэсэн үзлээр би хурцлагддаг. Өмнө нь хүлээсэн үүрэг хариуцлага, унагаж болохгүй нэр төр байгаа учир бууж өгөх ёсгүй»

Хөлбөмбөгийн нүүр царай, ноён оргил хэмээн биширч, өрөөгөө чимдэг байсан Мишель Платинигийн зурагт хуудсаа Пеп Ла Масиа руу нүүхдээ авч яваагүй. Мартчихсан ч байж болно. Ямартай ч Камп Ноугийн хажууд амьдарч, Каталоны багийн академид харьяалагдаж эхэлснээр хайртай тоглоом нь түүний хувьд огт өөр утга агуулга, ахисан түвшний хэмжээс рүү шилжсэн юм. Хоногийн 24 цагийг тэр хөлбөмбөг тоглож, үзэж, ярилцаж, суралцан өнгөрүүлж байлаа. Дотоод болон олон улсын зэрэглэлийн тэмцээн уралдаанд тогтмол оролцож мэдлэг, туршлага хуримтлуулна. Зодог тайлсан цуутай агуу хөлбөмбөгч, дасгалжуулагчдаас номын дуу сонсож, лекцэнд хамрагдана. Хамт байрлаж, бэлтгэл хийдэг Б багийнхаа ах нарыг ажиглаж, дагаж, үлгэр дуурайл авна. Өсөн дэвжихэд нь хэрэгтэй бүхнээр клуб хүүхдүүдээ хангадаг байв.

Идэвх санаачилга гаргаж, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслахыг бас Ла Масиагийн сургалтын систем урьтал болгодог. Нэгэн удаагийн бэлтгэл дээр Пеп Б багийнхны ашиглаж байсан чөлөөт цохилтын хувилбарыг хэрхэн сайжруулж болох талаар хамтрагчидтайгаа зөвлөлджээ. Гэхдээ дасгалжуулагчдаа хэлсэнгүй. Тэгээд маргаашийнх нь тоглолт дээр өнөө хувилбараа туршиж хэд хэдэн удаа гоолын боломж алдсан боловч том толгой гарган тогтоосон заавар чиглэлийг дагасангүй гэсэн асуудалд хэн ч ороогүй. Харин ч хөвгүүдийн хичээл зүтгэлийг үнэлж, илүү цааш нь хөгжүүлж үр дүнг нь үзэхийг урамшуулан даалгаж байв. Энэ үед Пеп академийн U-15 багийн ахлагчаар томилогдоод удаагүй байлаа.

«Тактикийн хувилбар, стратегийн мэдлэг толгой руу нь чихлээ гээд хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Хөлбөмбөг тоглохдоо тэд юуны өмнө аз жаргал мэдэрч, сэтгэл ханамж авч байх ёстой. Ла Масиад ч үүнийг чухалчихдаг байв. Тэнд хүссэн үедээ хүүхдүүд хоёр хуваагдаад тоглох буюу томчуудын бэлтгэлийг харж, суралцаж болдог. Хүчилсэн, шахсан, хязгаар хэмжүүр тогтоосон уур амьсгал огт байхгүй. Одоо академиар зочилж багачуудтай уулзах боломж гарах бүрийд би тэдэнд ингэж захидаг юм. Орой болгон унтахынхаа өмнө толины урд зогсоод хөлбөмбөгт үнэхээр дуртай эсэхээ өөрөөсөө асуу. Хариулт чинь тийм бол өглөө нь бөмбөгөө аваад талбай руу гүй. Харин үгүй бол өөр дур сонирхолтой зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх цаг чинь болжээ гэсэн үг»

Камп Ноуд үнэгүй тоглолт үзэж, нэгдүгээр багийн бэлтгэлийг дэргэдээс нь харах боломж хүүхдүүдэд хааяа олдоно. Гэхдээ тэр эрхийг олж авахын тулд эхлээд цэнгэлдэхийн гол хаалганы өмнө зогсоод үзэгчдэд танилцуулга материал тараах ёстой. Харин албан ёсны тоглолтонд бөмбөг зөөгчөөр ажиллах завшаан тэр болгон олдоод байхгүй. Тодорхой шалгуурт тэнцэж байж л нэлээн урт жагсаалтын ард нэрээ бичүүлэх нөхцөл бүрдэнэ. Тэгээд хэр удаан хүлээхийг хэн ч мэдэхгүй. Үлгэр жишээ, онц сурлагатнууд эсвэл өмнөх долоо хоногт нь онцгой сайн тоглосон сурагчдыг урамшуулах зорилгоор заримдаа дарааллын урдуур оруулах нь бий. Пеп академи дахь ахлагч нарын нэг учир том, чухал тоглолтын үеэр бөмбөг зөөх давуу эрх эдэлнэ. Терри Венейблсийг тоглогчид нь мөрөн дээрээ суулган 1986 оны Европын цомын финалд шалгарсны баяраа тэмдэглэж буй түүхэн зурган дээр бөмбөг зөөгч хүү Гуардиолагийн дүр төрх үлдсэн байдаг.

Image

Бернд Шустер, Пичи Алонсо тэргүүтэй Барселона тэр өдөр Шведийн Гётеборгийг пенальтиар буулгаж авсан юм. Харамсалтай нь гурван долоо хоногийн дараа явагдсан шигшээ тоглолтонд Стяуа Бухарестийг «Рамон Санчес» цэнгэлдэхэд 120 минут илүүрхсэн ч 0:0-ээр тэнцээд, эцэст нь торгуулийн цохилтоор цомоо булаалгасан билээ.
Пепийн бөмбөг зөөгчөөр ажиллах хугацаанд тохиосон хамгийн мартагдашгүй болоод харамсалтай мөч мөн энэ улирлын европын цомд тохиосон. Шөвгийн наймд Барселона – Ювентус багууд оноолт таарснаар Гуардиолагийн хувьд шүтээнээ анх удаа амьдаар нь харах алтан боломж бүрдэв. Өдөр болгон Мишель Платини Камп Ноуд зочилж ирээд байхгүй шүү дээ. Хасагдах шатны сугалаа явагдсан цагаас л Пеп энэ тоглолтын бөмбөгийг зөөхөөр зохион байгуулагчдаас улиглан гуйсаар зөвшөөрүүлж чадсан төдийгүй Платинигийн гарын үсгийг зуруулах үзэг, цаасаа ч тусгайлан бэлтгээд байлаа. Харин хэзээ, яаж вэ гэдэг л гол асуудал байв. Ингээд удаан эргэцүүлж бодсоны эцэст бие халаалтаа хийхээр тоглогчдыг талбай руу гарахын өмнө л үзээд алдвал бүтэх магадлал хамгийн өндөр байна гэж тооцоолжээ.

Тоглолт эхэлж, дууссаны дараа хамгаалалт чангардаг болохоор Платини руу таван алхам ч ойртох боломжгүй. Хар-цагаан өмсгөлөөр жигдэрсэн Кабрини, Бонини, Брио эхлээд биеэ халаахаар туннелиэс гүйн гарч ирлээ. Араас нь багийн ахлагч Ширеа, хаалгач Таккони, Михаэль Лаудруп нар дагалдсан боловч Платини байсангүй. Тэр гарч ирсэнгүй. Пепийн төлөвлөгөө нурж, урам нь хугарав. Супер одууд хүсвэл багийнхантайгаа цуг бэлтгэл хийж, биеэ халаалгүй шууд тоглолтонд оролцох онцгой эрхтэй байдгийг тэр хэрхэн мэдэх билээ. Үзэг, тэмдэглэлийн дэвтэр нь түүний халаасанд үлдэж, үнэт нэгэн сургамжтай хоцров.

«Тоглогч болгон тэнцүү эрх эдэлдэггүй юм байна. Хүрсэн амжилтаасаа хамаарч хүн хүний түвшин өөр бололтой»

Ийнхүү Платини Пепийн хувьд Санпедорт үлдсэн зурагт хуудас шигээ хүрч халдах аргагүй, өөр ертөнцийн, сүсэглэж сүрдэм супер од хэвээр үлдсэн бөгөөд яваандаа тэр өөр нэгэн ойрхон тоглогчоос үлгэр дуурайл авч, хүндэтгэн биширч эхэлсэн. Гильермо Амор. Пепээс дөрвөн насаар ах, академийн ахлах ангийн сурагч. Хожмоо Йохан Кройфын «Мөрөөдлийн баг»-ийн тулгуур багана болсон энэ хүү тухайн үед Б багийн гарааны хагас хамгаалагч байлаа.

«Арван дөрвөн настайгаасаа би таны хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл болгоныг чинь нүд салгалгүй ажиглаж, өөртөө тусгахыг эрмэлзэж эхэлсэн» хэмээн Пеп түүний 2006 онд хэвлэгдсэн «Миний хүмүүс, Миний хөлбөмбөг» намтар номны оршил хэсэгт дурсжээ.

«Юу ч хийсэн амьдрал чинь түүнээс шалтгаалах мэт бүхнээ дайчилж, чин сэтгэлээсээ ханддаг зан төлөв, байр суурь, харах өнцгийг чинь би үлгэрлэн дагасан. Биеэ яаж авч явж байгаа, бусадтай хэрхэн харилцаж байгаа, бодол санаагаа ойлгуулж байгаа, багийн хамтрагчдаа зоригжуулж байгаа зэрэг чинь бүгд надад өөр хаанаас ч олж чадахааргүй тусгай хичээл, үнэт мэдлэг байлаа. Тоглолт, бэлтгэл гээд оролцож буй арга хэмжээ болгоныг чинь алдалгүй үзэхийг мэрийнэ.

Ямар сайндаа л оройн долоон цагаас эхлэх тоглолтоос хоёр цагийн өмнө хувцас солих өрөөнд ирчихээд биеэ яаж халааж, бэлдэж, төвлөрч, тайвширч байгааг чинь өрөө цэвэрлэх нэрийдлээр ажиж суух вэ. Ла Масиагийн талбай, дотуур байр, онолын кабинет, хоолны танхим, аялан тоглолт, автобус, онгоцонд ч гэсэн ялгаагүй. Бүр Камп Ноугаас явсны тань дараа ч гэсэн би тоглолтыг чинь үздэг зуршлаа орхиогүй. Үлгэрлэж сурах зүйл таньд үргэлж байдаг юм»

Барселонаг бусдаас онцгой, өвөрмөц клуб болгодог үнэт зүйл нь УЕФА-гийн дөрвөн одтой цэнгэлдэх, шил толь болсон оффис, сая саяын өмч хөрөнгө бус үнэлж хүндэлж, өндөрт өргөж явах учиртай нэр хүнд, өв соёл, түүх уламжлал, үндэсний бахархал болоод үүнийг үнэн цэвэр ариунаар нь хадгалан дэвжүүлэхийн төлөө үзүүр нэгэн сэтгэлээр тууштай тэмцэгч хүмүүс юм гэдгийг Аморын тусламжтай Пеп ойлгож ухамсарласан. Ла Масиаг дүүргэж нэгдүгээр баг руу дэвшсэн тоглогч болгоны тархинд хадагдаж, оюунд нэвчсэн байдаг тодорхой үзэл бодол, философи, хандлага гэж бий. Гагц Барсад харьяалагддаг энэ хөлбөмбөгийн ДНХ-г өөр хаанаас ч олох боломжгүй. Ла Масиагийн зүлгэн дээр л үе уламжлан өвлөгддөг.

Image

Энэ эрхэм гинжин хэлхээг бататгаж бэхжүүлэхийн тулд Гуардиола дасгалжуулагч болсон даруйдаа Аморыг академийн ерөнхий захирлаар томилсон. Улмаар Роналдиньо, Декү, Замбротта зэрэг тоглогчдыг явуулж Ла Масиагийн төгсөгчдөөр багийнхаа цөмийг бүрдүүлэх эхний алхмаа хийсэн. Мөн академийн бас нэгэн төгсөгч, Аморын Б багийн хамтрагч, Тито Вилановаг туслахаараа авчирсан юм. Хорин жилийн тэртээ сүүдэр адил сүслэн дагаж, түм буман асуултаар тоглолтын дараа булж шалгаадаг байсан ах нарынхаа ачийг Пеп марталгүй итгэл хүндлэл үзүүлсэн нь энэ. «Тэд байгаагүй бол би ч байхгүй» Пеп хэлэх дуртай. Гол нь Йохан Кройфын элдүүрийг дааж, онол зарчмыг нь өвч шингээсэн эрхмүүд л түүнд хэрэгтэй байсан хэрэг.

Ла Масиагийн нэрийг дурдахад хоёр зүйл төсөөлөгддөг. Алдар цуу нь түгсэн агуу шилдэг тоглогчид. Барсагийнх гэж шууд танигдах, батлагдсан хөлбөмбөгийн стиль. Сүүлийн 30 жилийн турш клуб энэ хоёр бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлж, баяжуулж, сайжруулсаар дэлхийд танигдсан том брэнд болгож чадсан. «Зарим нь үүнийг кока коланы жортой адилтгадаг» хэмээн Каталон сэтгүүлч Рамон Беса нотлов.

«Хожилд хөтөлдөг ямар нэгэн далд томьёо Камп Ноуд байдаг гэж харддаг»

Үнэн хэрэгтээ клубын баримталдаг зарчимд ямар ч нууц байхгүй. Бөмбөгөө барьж, байрлалаа нөхөж, газраар дамжуулж, довтолж хамгаалах гэсэн хамгийн энгийн агаад хялбар санаануудыг нэгтгэж зангидаад, уйгагүй ажилласнаараа л тэд хөлбөмбөгт хувьсгал хийсэн юм. Булчинлаг, бадриун, биерхүү байх ёстой гэсэн шалгуурыг Барса тоглогч сонгохдоо тавьдаггүй. Мэдрэмж, сэтгэлгээ, чадварыг л чухалчихдаг. Сурья, мэдье гэсэн дундаршгүй тэмүүлэлтэй л байвал ямар ч хүүхдийг хөгжүүлээд авч болно гэж тэд итгэдэг. Хүсэл эрмэлзлэл, итгэл найдвар, ирээдүйн зорилго дээр нь суурилсан сургалтын хөтөлбөртэй байдаг нь ч үүний илрэл. Техник, авьяас, тэмүүлэл бол Барсагийн философийн тулгын гурван чулуу.

«Ла Масиад элссэн анхны өдрөө би мартахын аргагүй нэг үгийг дасгалжуулагчаасаа сонссон» гэж Шави Эрнандез дурсдаг.
«Энд чи хэзээ ч бөмбөгөө алдах ёсгүй. Тэр бөөрөнхий зүйл бол бидний өмч»

Түүхийн хуудсыг сөхөх юм бол Барселона моделийн эх суурь бүр 1950-иад оноос тавигдсан. Сандор Кочиш, Ладислав Кубала, Золтан Цибор гэсэн Унгарын шигшээн «Алтан үе»-ийн шилдэг гурвалыг эгнээндээ нэгтгэснээр клубын хэв маягт шинэ салхи орсон. Харин жинхэнэ утгаар нь хөрс хагалж, хувьсгал хийсэн эрхмүүд бол Лауреано Руис болон Йохан Кройф.
1976 онд хэний ч үл таних Руис гэх эрхэм Барсагийн дасгалжуулагч болоод клубын төв хаалган дээрх «Метр наяаас доош нуруутай тоглогчийг бүртгэж авахгүй» гэсэн самбарыг хамгийн түрүүнд буулгуулсан. Өсгөлүүн, өндөр л байвал сайн гэсэн уламжлалт ойлголтыг тэр эвдэж ур чадвар, авьяас, техникт түлхүү ач холбогдол өгөх болсон нь чухам Ринус Михелс, Йохан Кройфын боловсруулж, Пеп Гуардиолагийн төгөлдөржүүлсэн философийн эхлэл байлаа. Мөн академийн бүтцийг өөрчилж, рондо дасгалыг нэвтрүүлэн, үндсэн багаас эхлээд өсвөрийн бүх насны ангилалд ижил бэлтгэл хийж байхыг үүрэг болгосон. Цагаасаа эртэдсэн түүний санаачилга тухайн үедээ дэмжигдээгүй боловч хөлбөмбөгийг өөрчилсөн системийн өвөг эцэг гэдгийг нь үгүйсгэх аргагүй. Харин дараа нь Кройф ирж дээрх санаануудыг улам сайжруулан хөгжүүлээд ерээд оны эхний хагасыг эзэгнэсэн «Мөрөөдлийн баг»-аа босгосон. Дөрөв дараалсан Ла лигийн түрүү, нэг Копа дель Рей болон клубын түүхэн дэх анхны Европын цом.

«Талбай дээр ганцхан бөмбөг бий. Түүнийг л алдахгүй хадгалж байхад бусад нь яваандаа бүтнэ» хэмээн тэр тоглогчдодоо захидаг байлаа. Рондог стандарт болгож, нэгийн хүрэлттэй богино дамжуулалтанд онцгой ач холбогдол өгнө. «Элдэв чамин ганган хууралт, хөдөлгөөн хэрэггүй. Зүгээр л дамжуул. Буцааж аваад дахиад л дамжуул». Энгийн байх тусмаа төгс гэсэн санаагаа тэр ингэж ойлгуулдаг байв. «Харин хөлбөмбөгийг энгийнээр тоглох л хамгийн хэцүү». 1979 онд түүний «Аякстай адил академитэй болох» хүсэлтийг ерөнхийлөгч Хосеп Нуньес хүлээж авснаар Ла Масиа анх үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Дараагийн гучин жилд нь 440 хүүхэд Камп Ноугийн дэргэдэх хуучин фермийн байшингаар хүмүүжсэнээс 40 нь Барсагийн нэгдүгээр багт дуудагдаж чадсанаар барахгүй 2010 оны ФИФА Баллон д’Орын финалын шатанд Ла Масиагийн гурван төгсөгч хамтдаа гарч ирсэн. Лионель Месси, Андрес Иньеста, Шави Эрнандез. Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өмнө нь өөр ямар ч академи ийм амжилтанд хүрч байгаагүй. Лауреано Руис болон Йохан Кройфын санаачлан эхлүүлж, үрийг нь хөрсөнд суулгасан хөлбөмбөгийн шинэ сортыг Пеп Гуардиола усалж арчилж тордоод үр шимийг нь хүртэж буй нь энэ. Тэр өөрөө ч гэсэн энэ сортын нэг хэсэг. Энэ тариан талбай дээр ургасан. Энэ гэр бүлийн нэг гишүүн. Фермийн байшинд өссөн хүүхдүүд үл үзэгдэх хүчтэй хүйн холбоогоор клубтэй холбогддогийг Шави ингэж тайлбарлав.

«Барсаг таних түлхүүр юу вэ гэж үү? Бидний ихэнх нь “энэ” байшинд амьдарч, гар ганзага хөл дөрөөнд хүрсэн. Камп Ноу сэтгэлд нэг л дотно сайхан байдаг юм. Тоглогчдоос гадна, дасгалжуулагч, эмч, илээч, арын албаныхан бүгд л ингэж мэдэрдэг. Бид бүгд culé. Барсагийн фэнүүд. Нэгдмэл нэг гэр бүл. Өөрийн гэсэн юмаа өнгөтэй өөдтэй авч явахыг хэн ч гэсэн хичээдэг биздээ»
2010 онд академи буурь сэлгэж Хоан Гамперийн нэрэмжит зургаан давхар комплекс рүү нүүсэн. Шинэ Ла Масиад өдгөө зуу гаруй хүүхдүүд амьдарч, суралцаж, хөгжиж байна. Цаг үе өөрчлөгдөж, нийгэм хувирсан ч гэсэн академийн чиг шугам, үндсэн зарчим, суурь бодлого, үнэт зүйл хөндөгдөөгүй. Сайн хөлбөмбөгч, шилдэг тамирчин бэлтгэхийн зэрэгцээ үнэнч шударга, төлөв даруу, тусч нийтэч, ёс зүйтэй иргэн төлөвшүүлэхийг л Руис, Кройф нар хүссэн юм. Нэр төр, хүн чанараа хөсөрдүүлж увайгүй буруу аргаар амжилт ялалт руу улайрахыг тэд эсэргүүцдэг байв.

«Үзэгч болоод өрсөлдөгчөө хүндлэлгүйгээр авсан хожилд үнэ цэнэ гэж үгүй»

Кройфын үлдээсэн энэ үгийг одоо ч гэсэн Ла Масиагийн сурагчид өдөр бүр сонсож, төгсөгчид нь үзэл баримтлал, үйл хэргээ болгохыг эрмэлздэг.

Image

Биеийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан ч гэсэн Гуардиола булчингийн массгүй, турь муутай хэвээр үлдсэн. Талбай дээр хурд, хүчээр ааглана гэдэг түүний хувьд боломжгүй зүйл байв. Дутуугаа нөхөх цөхрөл бухимдлаас урлагийн охь бүтээл үүсдэг. Бяр тэнхээгээр илүүрхэх боломж түүнд байгаагүй учир мэдлэг оюунаа шавхах шаардлагатай болсон. Бусдын хараагүй өнцгийг харж, үзээгүй зайг анзаарч, хүрээгүй хязгаар луу нэвтэрснээр тоглолтыг төвөггүй өөрчилж чадахаа тэр ингэж ойлгосон юм. Бөмбөг хэзээд хүнээс хурдтай. Тэгэхээр яагаад хөлсөө урсгаж, хөлөө сульдтал хойноос нь хөөх хэрэгтэй гэж. Цагаа олсон ганцхан хүрэлтээр айлын хамгаалалтыг ханартал нь хуурч болно. Эсвэл толгойгоо жаахан ажиллуулаад л талбайг хүслээрээ тэлж, агшааж, сунгаж, богиносгож болно. Асуудал байхгүй. Орчин тойрноо бага зэрэг анхааралтай ажиглаж, хаана хэзээ байхаа мэдэж байхад л хангалтай. Хар ажлыг бусад нь гүйцээчихнэ. Үүнийг ойлгосон мөчөөсөө Пеп хуурахад бус дамжуулахад ихэнх цагаа зарцуулж эхэлсэн. Хэрхэн өсөж буйг нь Кройф ч ажиглаж байлаа.

«Амьдралын минь хамгийн сайхан, мартагдашгүй он жилүүд Ла Масиад үлдсэн. Барсагийн нэгдүгээр багт дэвших гэсэн цорын ганц гуйвшгүй зорилгыг өвөрлөн би өглөө болгон сэрж, өдөр бүр хөдөлмөрлөж, орой унтахдаа залбирдаг байлаа. Үндсэн багт дуудагдахын тулд Йохан Кройфт үнэлэгдэх ёстой. Энэ хүчин зүйл ч биднийг биеэ дайчлахад том түлхэц болж байв. Кройфын нүдэнд өртөнө гэдэг л дангаараа бахархаж, омогшиж болохуйц үлэмж амжилт байлаа. Энэ дүрэлзсэн адгуу хүсэлгүйгээр бидний хэн нь ч өдий зэрэгт хүрч чадахгүй байсан. Нэр хүнд, цом шагналыг үүнтэй хутгаж болохгүй. Түүнээс давсан хүчтэй сэдлээр бид өрдөгдөж байсан. Хэн гэдгээ баталж, юу чаддагаа харуулах»

Залуу Пепийн чадамж, нөөц бололцоог Кройф дотроо аль хэдийн үнэлчихсэн байлаа. Камп Ноугийн хаяа дэрлэсэн мини-цэнгэлдэхэд явагдаж буй академийн нөхөрсөг тоглолт, бэлтгэлийг тэр ажиглаж, менежер Карлес Решактай санал бодлоо солилцдог уламжлалтай байв.

«Нэг удаа тэр надаас баруун захад тоглож байгаа өндөр хүүгийн нэрийг асуулаа. Пеп Гуардиола гэж хариултал хоёрдугаар хагасаас түүнийг хамгаалагчдын урд тоглуул гэв. Тэр үед испаний хөлбөмбөгт энэ байрлал ховор ашиглагддаг байсан. Тэгээд сүүлийн 45 минутанд Кройф нэг ч үг хэлэлгүй түүнийг харж байгаад явчихаж билээ» хэмээн Пепийн ирээдүйн хувь заяа шийдэгдсэн 1988 оны өвлийн нэгэн оройг Решак дурсдаг.

Кройф байсан хүнээ олсон нь тэр байлаа. Гэхдээ хүүд шинэ байрлалдаа дасах цаг хэрэгтэй гэдгийг ухаарч байв. Улмаар дараа жилийнх нь хавар, 18 насныхаа төрсөн өдрөөс хоёр сарын дараа, удаан хүлээсэн үндсэн багийн урилгаа Пеп хүлээж авсан юм. Каталоны умард нутгийн Баньолес тосгонд явагдах нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүнд түүнийг багтаасан байв. Пеп итгэж чадсангүй. Тэнгэрт нисэх нь холгүй хөөрч байлаа. Ухаан орсон цагаасаа хүсэж мөрөөдсөн мөч нь ингээд ирлээ гэхэд нэг л үнэмшмээргүй санагдана. Аав ээж, ах дүүстээ хэл хүргэж, үерхэж эхэлсэн найз охиндоо ч утас цохихоо мартсангүй. Ачаа тээшээ хам хум баглаж цэгцлээд багийн автобусанд суун Баньолесийг зорьжээ. Гэвч дебют тоглолт нь түүнд базаахгүй дурсамж үлдээсэн юм. Яагаад ч юм хөл нь хүндрээд, бодол ээдрээд болж өгсөнгүй. Тэгээд завсарлагааны үеэр Кройфт толгойгоо эргэтэл загнуулжээ.

«Чи миний эмээгээс ч удаан байна»

Дарийн утаа анх удаа үнэрлэж буй залуу тоглогчдын сэтгэл зүйг Нидерланд мэргэжилтэн ингэж хурцалдаг болохыг хожим Пеп ойлгосон. Гэхдээ л Кройфт зандруулсан мөч нь түүнд хар дарсан зүүд болон үлдсэн юм.
«Кройфоос хатуу үг сонсоход дотор харанхуйлах шиг болдог юм. Тэр шаардлага өндөртэй. Түүнд нь нийцүүлэхийн тулд байдгаа шавхахаас өөр аргагүй. Ингэж л тэр тоглогчдоо хөгжүүлдэг. Харин анх удаа тэгж аашлуулчихаад би унтаж чадалгүй хэд хонож билээ. Эрхэм чухал хүн чинь л ийм хүчтэй сэтгэгдэл үлдээж чадна»
«Эмээгээс минь удаан» - Энэ зэмлэлээр хөлбөмбөгийн ертөнцийг өөрчилсөн хоёр эрхмийн хорин жилийн нөхөрлөл болоод багш шавь болох эхлэл тавигдсан билээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Mon Mar 09, 2020 5:02 pm

...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

ХОЁРДУГААР ХЭСЭГ (ҮРГЭЛЖЛЭЛ)

1988 оны зун Луис Арагонесийн халааг залган Барсагийн менежер болсныхоо дараа Йохан Кройф олон шинэчлэлт хийсэн. Өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, зарчимдаа тууштай зогсдог нэгний хувьд тэрээр дасгалжуулагч багийнхантайгаа бат бөх шижмээр холбогдож, өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүлж байж итгэл, сэтгэл, хүндлэлийг нь олж авна гэдэгт итгэдэг байв. Менежер гэдэг талбайн хажуу талаас зандарч загнаад зогсож байдаг хүрч халдашгүй хэргэм зэрэгтэн байх ёсгүй. Тоглогчдынхоо хамгийн дотны анд нөхөр нь байх хэрэгтэй. Бэлтгэл, нөхөрсөг тоглолтонд Кройф өөрөө оролцож, юуг яаж хийхийг нь биечлэн харуулж, зааварлаж, зөвлөж, чиглүүлж, тайлбарлах байдлаар багаа удирддаг байв. Хэн нэг нь тактикийн алдаа, техникийн зөрчил гаргалаа гэхэд хажууд нь очин ярилцаж, тархинд нь суутал учир холбогдлыг нь ухуулан ойлгуулна. Үнэхээр өөрийг нь гэсэн сэтгэлээр ингэж халамж анхаарал тавьж байхад үл тоон, үгүйсгэх нэгэн үл олдоно.

«Кройфын бэлтгэл дээр хэлсэн ганцхан үг, самбарын өмнөх хэдэн цагийн ярианаас илүү үнэтэй» хэмээн Кройфыг Камп Ноуд найман жил ажиллах хугацаанд туслах нь байсан Карлес Решак баталдаг.

Өдгөө баг толгойлж буй Кройфын ихэнх шавь нар дээрх чиг шугамыг мөрдлөг болгон ажиллахыг мэрийдэг. Пеп ч ялгаагүй. Кройфоос сурсан бүхнээ өөрийн амьдралдаа хэрэгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг эрмэлздэг. 18 насандаа тэр анх Нидерланд эрхмийн харьяанд очсон. Зөвхөн зурагт, сониноос дүрийг нь харж, радиогоор нэрийг нь сонсдог байсан алдар цуу нь дэлхийд түгсэн агуу эрхэмтэй хамт ажиллана гэдэг академиа дөнгөж дүүргэсэн хорь хүрээгүй хүүд хэчнээн хүчтэй сэтгэгдэл төрүүлэх нь тодорхой. Өөдөөс нь эгцэлж харах, үг солих хүртэл эхэндээ хэцүү байсан хэмээн Пеп эргэн дурсдаг. Татсан улаан шугаманд нь хүрч, тавьсан шаардлагыг нь биелүүлэхийн тулд байгаа бүхнээ барагдтал шавхахаас өөр аргагүй.

Камп Ноу, Ла Масиагийн дундах жижигхэн талбайд нэгэн өдрийн бэлтгэл үргэлжилж байв. Пеп бөмбөг аваад урагшилж эхэлтэл Кройфын сүрдэм дуу хадлаа. «Хоёр хөлөөрөө» хэмээн хашгирч өөр лүү нь ойртож явааг хараад Пепийн хар хөлс цутгачихав. Цохиж, дамжуулахдаа заавал баруун хөлдөө тааруулах гэж залуу шавийнхаа цаг алдан мунгиаж байгааг хараад Йохан ийнхүү цухалдсан аж. «Солгой хөлөө ашиглаж чадахгүй л бол чи нөөц бололцооныхоо тавин хувийг шууд алдаж байна гэсэн үг. Ганцхан хөлтэй чи хөлбөмбөг тоглож чадахгүй». Хагас цагийн эрчимжүүлсэн сургалтын дараа Кройф талбайгаас гарч бэлтгэлээ цааш үргэлжлүүлэв. Пепт бөмбөг ирэхэд ахиад л талбайн захаас боссынх нь дуу хадлаа. «Хоёр хөлөөрөө. Хоёр хөлөөрөө гэж хэлээ биздээ». Пепийн амьсгаа давчдаж, Лаудруп, Куман, Феррер чимээгүйхэн жуумалзана. Кройфыг ирсэн эхний жилүүдэд иймэрхүү өдрүүд олон байсан. Гагц Пеп ч биш, багийнхаа бүх тоглогчдыг тэр ингэж чангалдаг байв. Ямар ч супер од, шилдэг тоглогч байсан хамаагүй. Одоо хэр зэрэг хичээж, хөлс урсгаж байгаа чинь л чухал.

1990 оны зун гэрээний маргаантай байсан Луис Милья Реал Мадрид руу шилжиж, Рональд Куман бэртэл авснаар Барсад шинэ төвийн хагас хамгаалагч хэрэгтэй боллоо. Кройфын хүсэж байсан Ливэрпүүлийн Дани эр Ян Мёльбю дэндүү өндөр үнэтэй байсан тул ерөнхийлөгч Нуньес айлаас эрэхээр авдраа уудлахыг зөвлөжээ. Ингээд Карлес Решакын санал болгосноор Пеп Гуардиола хэмээх Б багт тоглоод жил гаран болж буй хүүгийн юу чаддагийг Кройф үзэхээр болов. 18 сарын өмнөх Баньолесийн олиггүй дебютээс нь хойш тэрээр Пептэй ахиж уулзаагүй болохоор хэр зэрэг сайжирсныг нь хэлж мэдэхгүй байлаа. Б багийн тоглолтыг тогтмол үзэх зав зай ч байсангүй. Тэгээд нэг тохиол таармагц залуу халаагаа харахаар мини-цэнгэлдэхийг зорилоо.

Харамсалтай нь очсон өдөр нь Пеп гарааны арван нэгт багтсангүй. Бүр сэлгээнээс ч талбайд оролгүй бүтэн ерэн минут банз халаажээ. «Чиний өнөө шилдэг гээд байсан хүн чинь хаана байна. Нүдээ ширгэтэл ширтээд олж харсангүй. Нэг ч минут тоглуулахгүй хэрнээ тэгж хөөргөх хэрэг байна уу. Залуусаа та нар ингэж дэмждэг юм биздээ. Боломжийг нь өгөхгүй юм бол эд чинь хэдийдээ хөгжиж хөрөвжих юм» хэмээн Кройф, Решак болон Б багийн менежерүүдэд уурлалаа. «Энэ байрлалд Пепийн хурд, хүч гологдоод байгаа юм. Бусдынхаа хэмнэлийг гүйцэхгүй байна. Бид нар өөр байрлалд тоглуулахаар бэлдэж байгаа» гэж тэднийг хариулахад Кройф хэсэг зуур бодолхийлснээ «Сайн хөлбөмбөгч болгон том биетэй байх албагүй» хэмээжээ. Клубын шинэ эриний түүхийг тодорхойлсон ихэнх шийдвэрүүд чухам энэ харилцан ярианаас эхлэлтэй. Тэр өдөр тоглохыг нь хараагүй ч гэсэн Кройф Гуардиолаг нэгдүгээр багт дэвшүүлж итгэл хүлээлгэхээр шийдсэн. Туслахууддаа хэлсэн үгээ батлах гэсэндээ эсвэл зүгээр л жил хагасын өмнөх дебютийг эргэн санасан ч байж магадгүй. Ямартай ч Нидерланд мэргэжилтэн түүнээс хойш Гуардиолаг ахин Б баг руу буцаагаагүй юм.

Image

1990 оны 12 сарын 16-нд 19 настай Пеп Гуардиола Кадисийн эсрэг Ла лигийн детютээ хийлээ. Гильермо Амор торгуультай байсан тул тэрээр зөвлөгчийнхөө байрыг нөхөн Камп Ноугийн зүлгэн дээр блауграна өмсгөлтэй анх удаа гишгэсэн юм. Тэр өдөр яаж эхэлснийг Пеп нэг бүрчлэн тод санадаг. Өмнөх шөнө нь догдлоод бараг унтаж чадаагүй тул тэрээр өглөө эртлэн босож «Надаас өөр хүн ирээгүй байх» гэж бодсоор хувцас солих өрөөний хаалгыг таттал Кройф, Решак болон хэд хэдэн тоглогчид аль хэдийн ирчихсэн байлаа. Физик эмчилгээ хариуцсан эмч Анхель Мур ч тогтсон заншлаараа клубын түүх, уламжлал, зарчмын талаар хэн нэгэнд сургаал айлдаж харагдана. Пеп биеэ барин дотогш ороод юу хийхээ мэдэхгүй бишүүрхэн зогсож байтал Кройф эргэж харснаа «Тэр шүүгээ чинь. Очоод хувцсаа соль» хэмээв. Өөр юу ч хэлсэнгүй. Дараа нь бие халаалтанд гарч хөлсөө гаргаад хэд хэдэн довтолгооны хувилбар бэлдэж, тактикийн яриа хийсэн бөгөөд тэвдээд эхэлчихсэн сэтгэл зүйгээ тайван байлгахын тулд аль болох юм бодохгүйг Пеп хичээж байлаа. Ер нь нөхцөл байдал харьцангуй хяналтанд байв.

Гэтэл талбай руу яг гарахын өмнө зүрхнийх нь цохилт хурдсаж, чээж нь давчдан, алга нь хөлөрч эхэллээ. Бүр дотор муухайрч огиулаад бараг л бөөлжих нь үү гэлтэй болж ирэв. Аз болж илүү дор юм болоогүй. Туннелиэс гарсан дороо л тэр тайвширч төвлөрөөд анхны том шалгалтаа боломжийн гэсэн үнэлгээтэй өгч баг нь 2:0-ээр ялалт байгуулсан юм. Субисаррета, Нандо, Алешанко, Эусебио, Серна, Бакеро, Ираисос, Лаудруп, Салинас, Чики Бегиристайн гээд «Мөрөөдлийн баг»-ийн тулгуур баганууд бүгд тэр өдөр Пепийн хажууд байлаа. Өмнөө таарсан ямар ч саадыг үртэс ч үлдээлгүй үйрүүлэх чадалтай Йохан Кройфын хүчирхэг машин ийнхүү бүрэн угсрагдаж гүйцэх нь тэр. Төгс болоход дутагдаж байсан сүүлийн эд ангийг нь Пеп Гуардиола нөхөж багийн салшгүй нэг хэсэг болсон юм. Чадвар, нөөц бололцоонд нь үүнээс хойш хэн ч эргэлзээгүй. Харин тоглолт эхлэхийн өмнө утга учиргүй ихээр догдолж, хөлс дааварлан, гэдэс нь базалдаг зовлон л түүнийг орхиогүй юм. Зарим том тоглолтын өмнө бөөлжиж байсан ч удаатай. «Хөлбөмбөг түүний хувьд үхэл амьдралтай адил зүйл. Хэт их ач холбогдол өгдөг болохоор аргагүй» гэж Решак үүнийг нь тайлбарладаг.

Дебют улиралдаа Пеп дөнгөж дөрвөн л тоглолтонд оролцсон. Харин дараагийн улирлаас нь эхлэн Кройф түүнийг гарааны арван нэгтээ тогтмол багтаах болсон юм. Нидерланд эрхмийн итгэлийг Пеп хөсөрдүүлсэнгүй. Талбайг алган дээрээ тавьсан мэт ажиглаж, тоглолтын хэмнэлийг хүссэнээрээ тохируулж, багийнхаа довтолгоо болгоныг тэр эхлүүлж байлаа. Өгч байгаа дамжуулалтанд нь өө сэв байна гэж ярилтгүй. Тоглолтоос тоглолтонд туршлагажиж, өөртөө итгэлтэй болохын зэрэгцээ зарчимч, шударга, хариуцлагатай байдлаараа багийнхандаа ч гэсэн эерэг нөлөө үзүүлж байв. Үзэл бодолдоо туйлбартай, ухарч няцдаггүй занг нь бүгд үнэлж хүндэтгэнэ. Нэгдүгээр багт дэвшээд удаагүй байхдаа тэрээр төвийн шугамын ойролцоо эсрэг багийн гурван тоглогчийг хуурах гэж оролдсон Михаэль Лаудрупыг «Болиоч. Зүгээр л бөмбөгөө дамжуул» хэмээн загнаж байв. Аав шигээ ахмад дэлхийн супер одтой ингэж харьцах зориг хэр баргийн 20 настнаас гарахгүй. Дани эр тэгэхэд нь нүд ирмээд өнгөрсөн ч гэсэн хүүгийн зөв гэдгийг мэдэж байлаа. Тийм гүнд бөмбөгөө булаалгавал сөрөг довтолгоонд өртөх аюултай. Хийрхэж маяглахын хэрэгцээ байхгүй. Бөмбөгөө ав, буцаагаад дамжуул. Боломжтой бол цохь. Ийм л энгийн зарчмаар хөлбөмбөг тоглож байхыг заасан Кройф багшийнхаа үгийг тэр яс дагадаг байлаа. «Илүү дутуу бодол хэрэггүй. Хялбар хөлбөмбөг тогло». Мөн Карлес Решакын өгсөн өөр нэгэн зөвлөгөө түүнд тоглолтын хэлбэрээ тодорхойлоход нь тусалсан юм.

«Орчин тойрноо байнга ажиглаж анхаарал соргог бай. Бөмбөг аваад хаачихаа мэдэхгүй гацчих мухар булан руу бүү яв. Багийнхаа арван тоглогчийг бүгдийг нь харж болохоор сэлүүхэн зайг эрэлхийл. Тэгээд тэндээсээ хамгийн ашигтай байрлалд зогсож байгаа руу нь дамжуул»

Ла Масиагаар овоглодог өнөө цагийн шилдэг төвийн хагас хамгаалагчид бүгд дээрх хоёр онолоор тархиа цэнэглэж өссөн. Анализ, задлан шинжилгээ сайн хийвэл бүгдийнх нь тоглолтын арга барилд ижил төстэй онцлог шинжүүд байгааг олж харж болно. Бүтээлч, хянамгай, хөдөлмөрч, хараа хурц, сэтгэмж хурдан, хөл хөнгөн. Гол нь бөмбөг эзэмшихдээ гаргууд, дамжуулалтын нарийвчлал өндөр, хоосон сул зайг анч бүргэд мэт анзаардаг байхыг л төвийн хамгаалагчдад тавих үндсэн шалгуур үзүүлэлт болгон Ла Масиад сургасаар ирсэн. Шави, Иньеста, Фабрегас, Тиаго Алкантарагаас эхлээд Микель Артетад хүртэл энэ удамшлын ДНХ бий. Харин генетикийн гинжин хэлхээний эхлэл, гарааны цэг нь Кройфын анхны сурагч Пеп Гуардиола байлаа. Түүн дээр жишиглэн хойч үеийн тоглогчид нь хүрэх газар, очих өндөр, хийх зүйлээ баримжаалж харьцуулдаг бол Пепт тийм зүг чиг заагч алтан гадас байгаагүй. Барсагийн дөрөв дугаар (гүн сууж хамгаалах үүрэгтэй ч довтолгооны эхлэлийг тавьдаг тоглогч Аргентинд 5 дугаартай байдгаас үүджээ) ийм байх ёстой гэсэн өгөгдөл, жагсаалт, үнэлгээний тайлбар ч түүнд өгөөгүй. Аливаа анхдагч, зам гаргагч, шан татагчийн ёсоор алдаа эндэл гарган түүнээсээ суралцаж, туршлагажиж, хөгжиж , урагшилсаар хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэлж баршгүй өвийг бий болгосон юм. Тэгэхээр Пепийн халааг залгаж дөрөв дугаарыг өвлөсөн тоглогчдоос Барсагийн фэнүүд хүлээлт өндөртэй байх нь гарцаагүй.

Патрик Андерссон, Рафаэль Маркес, Сеск Фабрегас харин одоо Иван Ракитичийн нуруун дээр энэ дугаарын үнэ цэнийг унагалгүй авч явах амаргүй алба оногдоод байна. Пеп өөрөө ч эдгээр залгамжлагчдынхаа заримыг нь гардан сургасан. Түүний дебют клубын түүхэнд шинэ хуудас нээж, Пепээс өмнө – Пепээс хойш хэмээн ангилах онцгой нэгэн эриний эхлэл болсон юм. Академийн шинэчлэлт Лауреано Руисын санаачлагаас эхтэй боловч Кройф том санаа, философи болгон төгсрүүлж системийн хэлбэрт оруулсан. 1988 онд Аяксаас буцаж ирээд өрнүүлсэн түүний агуу өөрчлөн байгуулалтын ажлыг нь хэн нэгэн тоглогчоор төлөөлүүлэх аваас тэр нь Пеп Гуардиола болно. Хувь тавилан эсвэл бурхны зургаар Санпедорын хүү яг хэрэгтэй үед нь түүний мэдэлд ирж, хамтдаа тэд хөлбөмбөгийг өөрчилсөн хувьсгалын түүчээ болсон юм. Луис Мильяг эхлээд Кройф энэ байрлалд тоглуулж байсан нь үнэн боловч Гуардиола гарч ирээд илүү боловсронгуй дэвшилтэт түвшинд аваачсан юм.

«Толгойгоо ажиллуулахаас өөр сонголт тэр үед Пепт байгаагүй» гэж Кройф ярьдаг.

«Мөргөлдөж, түлхэлцэх бие бялдар түүнд байгаагүй. Яг надтай адилхан. Нэг мангарт манартлаа дэлсүүлчихгүйн тулд аль болох хурдан сэтгэж бөмбөг авахдаа л хаашаа хэнд дамжуулахаа бодчихсон байх ёстой. Үгүй бол оройтно. Энэ шаардлага л түүнийг хөгжүүлсэн. Бэртэж гэмтчихэлгүй, хөл гар бүтэн талбайгаас гарах хүсэл. Амьд үлдэх зөн совин. Байгалийн шалгарал. Би ч гэсэн ийм замыг туулсан. Мөрлөөд дийлэхгүй юм бол ёстой л муу санаагаараа үзэлцэх хэрэгтэй. Түрүүлж харж, түрүүлж сэтгэж, түрүүлж хөдлөхийг хичээ. Яваандаа тэр чинь дадал болчихно. Өлсгөлөн араатан шиг хэн хаана хөдөлж байгааг андахгүй болно. Арай өөр өнцгөөс харж эхэлнэ. Дасгалжуулагч болоод ч өөрчлөгдөхгүй. Пепт би мэддэг бүхнээ заасан. Намайг бодвол тэр азтай. Өөртэй нь адил өргөсөн дундуур туучсан менежер хажууд нь байлаа»

Эв хавгүй өндөр, болхи удаан байсныгаа Пеп өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Сул талдаа сэтгэл гутарч, өөрийгөө голох үе бишгүй гардаг байв. Гэхдээ хүний дор орохгүй гэх хор шар нь түүнийг буцаад дээш босгодог байлаа.
«Өөр лиг, өөр баг эсвэл өөр менежертэй байсан бол би мэргэжлийн түвшинд гарч чадахгүй байсан байх. Сайндаа л хоёр, гуравдугаар дивизионд хэдэн жил тоглоод зодог тайлах байсан биз. Зөв цагтаа, зөв газраа байж зөв хүний халамжинд очсон тулдаа л миний зам шулуудсан»

Пепийн арван тавтай байсан үеийнх шиг туранхай, турьхан, тамиргүй хүүхдүүд одоо ч Ла Масиад суралцаж байгаа. Бусад лиг, клубт тэднийг буруу доройгоор нь дуудан гоочилж мэдэх бол Барселонад өөр хандлагатай угтдаг. «Хөлбөмбөгийг том биеэр биш техник, мэдрэмжээр тоглодог. Итгэхгүй байна уу. Тэгвэл манай бүрэлдэхүүнийг хар. Манай түүхийг хар. Шави Эрнандес, Андрес Иньеста, Лионель Месси...» гэж хэлнэ. Бага, дутуу гэж биеэ голдог хэнд ч эдгээр тоглогчид урам зориг, итгэл найдвар, хүсэл тэмүүлэл өгдөг. Харин тэд өөрсдөө Пеп Гуардиолагаас үлгэр дуурайл авдаг байв. Зөвхөн тогтоож, дамжуулж, цохиж байгааг нь биш бусадтай яаж харилцаж, хүндлүүлж, нөлөөлж байгааг нь харж суралцдаг байсан. Пепийн тоглолтын нэг онцлог нь хамтрагчидтайгаа тогтмол ярилцаж, зөвлөлдөж, үл ойлголцол үүсгэхгүй байхыг эрхэмлэдэг байв.

Йохан Кройфын «Мөрөөдлийн баг» угсрагдаж гүйцээд Ла лигт дөрвөн улирал дараалан түрүүлсэн. 1991 – 1994. Харин түүхэн амжилтынх нь оройд гялалзах алтан титэм нь Уэмблид өргөсөн Европын цом болсон юм. 1992 оны 5 сарын 20-нд клуб Роберто Манчини, Жанлука Виалли, Жанлука Пальюка тэргүүтэй Италийн аварга Сампдорияг 1:0-ээр буулгаж авснаар түүхэн дэх анхны Европын цомоо өргөсөн юм. Тоглогч, хөгжөөн дэмжигчийн аль алиний хувиар Пеп энэ амжилтыг «амьдралынхаа утга учрыг гүйцээж, хүн болж төрсний хэргээ бүтээсэн үдэш» гэж дурсдаг. Зуун жилийн турш Камп Ноугаар овоглосон олон цуутай тоглогчдын хэний ч хүрч чадаагүй цомыг хорин нэгхэн насандаа хоёр гардан өргөсөн учир Пеп ингэж бардамнах эрхтэй. Дебютээ хийснээсээ арван долоохон сарын дараа тэрээр Уэмблигийн зүлгэн дээр 10 дугаартай гишгэсэн юм. Алтан шаргал өмсгөлөөр жигдэрч, фэнүүдийнхээ уухайлах дуунд догдолсон тоглогчдоо талбайд гаргахын өмнө Кройф товч бөгөөд тодорхой заавар өгсөн. «Гүйж гараад цагийг сайхан өнгөрүүлцгээ». Өөнтөгч, голомтгой нэгэнд нь ийм чухал учрааны өмнө хэлэхэд хэтэрхий энгийн, хэнэггүй ч гэмээр өгүүлбэр шиг санагдаж болох авч тунгааж сайн бодвол энэ тавхан үгэнд л Кройф өөрийнхөө үнэт зүйл, үзэл баримтлал, зарчим, философио бүхэлд нь багтаан хэлснийг ойлгох болно. Үхрийн махыг үнхэлцэгт нь багтаадаг эртний ухаантай адил.

Нэмэлт цагийн 112 дахь минутанд Рональд Куманы сум шиг чөлөөт цохилт Пальюкагийн хаалганд салхи татуулан орсноор энэ финалын хувь заяа шийдэгдсэн. Цэнгэлдэхэд цугласан 25 мянга, Plaça de Catalunya (Барселоны төв талбай)-г дүүргэсэн сая орчим Каталончууд тоглолтын сүүлийн шүглийн чимээг хүлээн бушуухан дуусаасай хэмээн түгшин залбирч байхад нэг л хүний толгойд огт өөр бодолж эргэлдэж байлаа. Багийн ахлагч Субисаррета тоглолтын өмнөх өдөр Гуардиола болон довтлогч Хулио Салинасын дунд ийм нэгэн маргаан өрнөж байсныг эргэн санасан аж.

«Үгүй ээ, тийм олон шат байхгүй»
«Байгаа. Уэмблигийн шагналын тавцан луу өгсөхөд яг 31 гишгүүр байдаг юм. Би бүр яг мэдэж байна»
«Чи өөрөө тоолж үзсэн юм уу?»
«Үгүй. Гэхдээ тоолсон хүнээс нь сонссон юм»

Энэ мэтийн хөлбөмбөгтэй холбоотой тоо баримт, үлгэр домог, үүх түүхэнд ухаанаа тавьдаг Пеп дүүгээ Салинас явуулж нэлээн удаан дуу шуу болоход нь Субисаррета тэсвэр алдан «Та хоёр чимээгээ аядаад өгөөч. Тэгж их мэдмээр байгаа юм бол маргааш хожоод тавцан луу өгсөхдөө л тоолчихгүй юу. Одоо боль» гэжээ.

Гэтэл шагнал гардуулах ёслол болоход нөгөө хоёр чинь юун шатны гишгүүрээ тоолохтой манатай үүлэнд хөвчихсөн өөрийн гэх ухаангүй байцгаав. Өчигдрийн маргаанаа санаж байгаа ч янз алга. Тэгээд Суби өөрөө тэдэнд туслахаар шийдсэн аж. Ийм боломж тэр болгон олдоод байхгүйг ч бодолцсон биз. Барсагийнхан нэг нэгээрээ мөнгөн цомны дэлдэн чихнээс өргөн баяраа тэмдэглэлээ. Пепийн ээлж ирэхэд цомыг толгой дээрээ тавиад таван настай хүүхэд шиг дороо дэгдчив. Дараа нь Суби түүнийг хажуу тийш нь татаж зогсоогоод «Чи андуурсан байна. Яг 33 гишгүүртэй юм байна. Би бүр нэг нэгээр нь тооллоо» гэжээ.
Баярын арга хэмжээ мэдээж хэдэн долоо хоног үргэлжилсэн. Баатарлаг хөвгүүдээ Каталончууд ёслол төгөлдөр угтан авч зохих хүндэтгэлийг үзүүлсний дотор үндэстний бэлгэ тэмдэг «Palau de la Generalitat» (Каталоны ерөнхийлөгчийн ордон)-д хийгдсэн хүлээн авалт хамгийн онцгой нь байлаа. Ордны гадна талбайд цугласан мянга мянган Каталончуудад хандан Пеп «Ciutadans de Catalunya, ja teniu la copa aqui!» (Каталончуудаа, та нар цомтой боллоо!) хэмээн тагтан дээрээс тунхагласан нь тохиолдлоор унагасан үг биш.

1977 оны 10 сард Каталоны ерөнхийлөгч Хосеп Тарраделлас 1975 онд Генерал Франкогийн цөллөгөөс буцаж ирээд ард түмэндээ хандан «Ciutadans de Catalunya, ja sóc aquí!» (Каталончуудаа, эцэст нь би эргэж ирлээ!) хэмээн яг энэ тагтан дээрээс зарлаад үлдсэн амьдралаа үндэстнийхээ эв нэгдэл, үнэ цэнэ, тусгаар тогтнолыг бататгахын төлөө зориулсан юм. Каталон даяараа мэддэг, сэтгэлдээ тээж явдаг явдаг түүний үгийг Гуардиола ахин давтсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Төрөлх газар нутаг, ард түмнээ гэх үндсэрхэг үнэнч үзлээ тэр энэ үгээрээ илэрхийлж, тэдний хүсэл зориг, горьдлого найдвар, итгэл тэмүүллийн бодит биелэл болон үзэгдэж, мөн чанарыг нь төлөөлж чадна гэдгээ баталсан. Хойшдоо ч энэ байр суурь нь улам батажсан. Европын хаан сэнтийд заларснаараа Кройфын хөвгүүд зөвхөн клуб төдийгүй Каталон үндэстний омогшил бахархлыг шинэ түвшинд аваачсан юм.

«Уэмблигийн үдшийг би хэзээ ч мартахгүй. Үргэлж тод, дотно, огшим хэвээрээ үлдэх болно. Нэг хэсэгтээ л шокноосоо гарч чадалгүй зүүд зэрэглээн дунд хөвж байснаа санадаг юм»

Европын цомын финалаас хоёр долоо хоногийн дараа Ла лигийн хувь заяа шийдэгдсэн. 38-р тойргийн өмнө Реал Мадрид хүснэгтийн оройд Барсагаас нэг онооны илүүтэй бичигдэж байлаа. Канарын арлуудын бяцхан Тенерифетэй тэнцэхэд л тэд аваргын болзлоо хангах байв. Энэ хооронд Барса Атлетикийн «Сан-Мамес»-т зочилсон. Эхлээд Йерро, дараа нь Хажи Реалаас гоол хийсэн тухай мэдээ ирж Барсагийн фэнүүдийг уйтгар гунигт автуулав. Бүх зүйл дуусчээ хэмээн цөхөрч цэнгэлдэхийг зарим нь орхиж байлаа. Гэтэл байзаарай... Завсарлагааны дараа Тенерифе довтолж эхэллээ... 1:2...удалгүй тооны харьцаа 2:2 болсныг радиогоор зарлалаа. «Арлын бялзуухайнууд минь овоодоо»
Сан-Мамес дахь тоглолт өндөрлөж Барселона гурван оноогоо халааслав. Харин хоёр мянган километрийн алс дахь аралд явагдаж байгаа тоглолт дуусаагүй учир хэн ч хаашаа ч хөдөлсөнгүй. Битүү түгшүүртэй, байж ядам дөрвөн минутын дараа Канарын аралд сүүлийн шүгэл дуугарсныг зарлалаа.

«Тенерифе 3:2 Реал Мадрид».

Нүргэлсэн уухай цэнгэлдэх даяар цуурайтаж, тоглогчид Кройфт баяр хүргэхээр талбайн зах рүү гүйлдэцгээв. Ингээд тэр Европын цом өргөсөн Барсагийн анхны дасгалжуулагчаас гадна хоёр улирал дараалан Ла лигт аваргалсан гурав дахь менежер нь болон түүхэнд нэрээ үлдээх нь энэ. Давхар цохилт.
Олон улсад танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн топ клуб гэгдэхийн тулд европын цомд аваргалах ёстой. Үгүй бол жижиг цүнхээлийн том загас л болон үлдэнэ. Энэ бичигдээгүй хууль ёсоор Барселонаг 1992 он хүртэл дэлхийд данстай, дээд түвшний баг гэх үндэслэл байгаагүй. Улмаар Уэмблигийн финал эргэлтийн цэг болсон юм. Лондоноос эргэж ирэхдээ клуб европын элитүүдийн эгнээнд нэгдсэн байлаа.

Гадны ажиглагчдаас гадна өөрсдийнх нь хөгжөөн дэмжигчдийн хандлага, сэтгэлгээнд хүртэл энэ үйл явдал өөрчлөлт оруулсан. Генерал Франкогийн дарангуйллын үеэс гадуурхал, мөрдлөгө, хавчлага, хатуу дэглэмийн бай болон дарамтлуулж, ад үзэгдэж байсан Каталончуудын хувьд айдас, түгшүүр, зовнил гэдэг амьдралынх нь нэг хэсэг болтлоо арилшгүй нөлөө, эдгэшгүй шарх үлдээсэн байв. Ззлэн түрэмгийллийн хохирогч, сүйдэгч, золиос хэмээн тэд өөрсдийгөө хардаг байлаа. Харин Кройфын амжилт хүч дутуу, түвшин доогуур, чадал хүрэхгүй гэх бугшсан айдсыг нь тэдний сэтгэлээс үлдэн хөөж, өөдрөг цогтой, ирмүүн уур амьсгалыг Иберийн хойгийн зүүн хойд хэсэгт авчирсан. Анх удаа тэд Мадридтай эн тэнцүү, ижил зиндаанд байгаагаа мэдэрсэн нь энэ.
Кройфын хувьсгал Барсагийн тоглолт, арга барилыг ахин шинээр тодорхойлж, үл тасрах авьяастнуудын ундаргыг нээсэн. Түүний босгосон «Мөрөөдлийн баг» өөр хаана ч байгаагүй үзүүштэй, үр дүнтэй, сэтгэл татам, сайхан хөлбөмбөгийг тоглож бас хожиж байлаа. Гэхдээ дундарч, мохож байсан итгэл найдварыг нь эргүүлэн сэргээж, олон зуун жилээр дарагдсан омог бардам, эрэмгий зоригийнх нь галыг ахин дүрэлзүүлж бадраасанд л каталончууд, culé-үүд түүнд хамгийн ихээр талархдаг.

Image

Гуардиолагийн 1992 оныг улам амттай, мартагдашгүй болгосон бас нэгэн үйл явдал бол Барселоны олимп байлаа. Хүн төрөлхтний 25-р спортын их наадамд тэрээр эх орноо төлөөлөн оролцож алтан медаль зүүсэн юм. Зуун мянган үзэгч чигжсэн Камп Ноугийн зүлгэн дээр талбайн эзэд Польшийг 3:2-оор буулган авахад Абелардо, Кико нар гоол хийж испаний хөлбөмбөгийн шинэ ирээдүй гэрэлтэй байгааг баталсан. Үнэхээр ч эдгээр залуус ганц, хоёрхон жилийн дараачаас үндсэн шигшээ багтаа дуудагдаж европ, дэлхийн аваргын бүрэлдэхүүний гол цөм нь болцгоосон. Дээрхи хоёроос гадна Сантьяго Каньисарес, Альберт Феррер, Луис Энрике (тэр үед Реал Мадридад байв), Альфонсо Перес нар дараагийн арван жилд «Армада»-гийн аян дайнд их бага хэмжээгээр хувь нэмрээ оруулсан. Яагаад ч юм Пеп эхэндээ тэднээс цэрвэн дөлж, өөрийгөө албаар шахуу тусгаарлан харилхаж байснаа харамсан дурсдаг. Олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүн наадам эхлэхээс сарын өмнө зарлагдаж Барселоноос өрнө зүгт 700 километрийн зайд орших Паленсиад бэлтгэл хийж байв.

«Би тэгэхэд **н** зан гаргасан. Үндэсний үзэлдээ хэт автчихаад өөрийгөө тэдний нэг биш гэж итгэдэг байв. Тэгээд үг яриа, үйл хөдлөлөөрөө үүнийгээ харуулахыг хичээнэ. Хорин хэдтэй залуугийн л хийрхэл байх. Хамт олны дунд орж, нөхөрлөх сонирхол надад огт байгаагүй. Тэд нар надтай эелдэг нийцтэй ханддаг байсан ч гэсэн дотроо биеэ тоосон, сэхүүн амьтан л гэж боддог байсан нь гарцаагүй. Тэгэх бүх шалтгааныг нь би өөрөө өгчихсөн юм чинь. Биеэ тойруулж тийм хана босгосноороо би өөрөө л хохирсон. Амьдралдаа ганц олдох боломжоо тултал нь ашиглаж чадаагүй. Гэхдээ тэмцээний төгсгөл рүү би ямар том алдаа гаргаж байгаагаа ойлгож багийнхантайгаа ойртож эхэлсэн. Испаний муж бүрийг төлөөлсөн хорин хэдтэй жинхэнэ шижигнэсэн галтай залуус тэр үеийн олимпийн шигшээг бүрдүүлж байлаа. Олонтой нь би хожмоо үндсэн шигшээд мөр зэрэгцэн тоглож, ойр дотно найзууд болцгоосон. Биднээс өмнө испани орон олимпийн хөлбөмбөгөөр алтан медальгүй байлаа»
Мэргэжлийн хөлбөмбөгчдийн хүрээлэл дунд Пепийг жаахан этгээд зантай хачин залуу гэсэн цуу яриа тэр зунаас хойш тархсан. Дасгалжуулагч болоод ч түүний талаарх энэ яриа тасраагүй юм. Муу үг модон улаатай гэдэг. Дээр нь Пепийн тоглолтын арга барил, бэлтгэлийн эрчим нь энгийн тоглогчидтай харьцуулахад дэндүү ширүүн, дасаагүй хүнд түрэмгий ч гэмээр харагддаг учир тэгж бодохоос аргагүй. Ойлгож таниагүй зүйлээсээ айж эмээдэг нь хүний араншин хойно. Гурван жил шигшээд хамт ажиллахдаа Хосе Антонио Камачо ч түүнийг бүрэн нээж чадаагүй.

«Гуардиола надад үргэлж нууцлаг, далд, учир битүүлэг санагддаг байсан. Хувцаслалт, биеэ авч яваа байдал, хэлж ярьж байгаа нь нэг л ер бусын. Байнга хар өнгийн хувцас өмсөнө. Ихэнхдээ дуугаа хураачихаад юм бодоод л суугаад байна. Хожсон ч, хожигдсон ч заавал дүн шинжилгээ хийж алдаа оноогоо цэгнэнэ. Өчүүхэн жижиг деталийг ч мартахгүй. Заримдаа бүр дэндүү гэмээр»

Хүн бүрт таалагдаагүй ч гэсэн энэ хэнээрхэл нь Пепт үр ашгаа өгсөн. Нэгдүгээр багт дэвшээд хоёрхон жилийн дотор тэр үеийнхнээсээ цойлж, топ зэрэглэлийн тоглогч хэмээн үнэлэгдэж эхэлсэн юм. 1992 онд гурван том тэмцээнд түрүүлэхдээ тэр тухай бүрт нь багийнхаа амин зүрх, хөдөлгөгч хүч нь болж байсан. Тоглолт бүрт мянган удаа бөмбөгөнд хүрч (нэг секундээс удаахгүй), дамжуулалтын оновчоо тогтмол ерэн хувьтай барьж, гоолын боломжийг санаанд оромгүй байдлаас үүсгэж байлаа. Энэ бүхэн нь аналист, мэргэжилтнүүдийн анхаарлын гадуур өнгөрөөгүй. Баталгаа нь Италийн «Гуерин Спортиво» сэтгүүлээс олгодог европын шилдэг залуу хөлбөмбөгчний «Браво» шагнал байв. Залуу насанд тэр бүрий олддоггүй хэрсүү ухаан, хашир туршлага нь түүнд гэрлийн хурдаар хөгжиж, байр сууриа бэхжүүлэхэд нь тусалсан юм. Кройфын элдүүрт орсноороо тэр өөрөө ч төсөөлөөгүй түвшинд хүрч, европт толгой цохих төвийн хагас хамгаалагчдын нэг болж чадсан.

«Бөмбөг надад хэзээ ирэх вэ гэж би хүлээж байгаагүй. Алхам тутамдаа анхаарлаа төвлөрүүлж, ашигтай сул байрлалыг олж харахыг мэрийдэг байлаа»

Амжилт ялалт ч ар араасаа цуварч байв. 92 оны дублиэс хойш Пепийн шагналын цуглуулганд Ла лигийн дөрвөн түрүү, Эзэн хааны хоёр цом, УЕФА-гийн цомтой багуудын цом болон испани, европын супер цом нэмэгдсэн. Гэхдээ эдгээр баяр хөөртэй өдрүүдээс илүү эндэж бүдэрсэн үеүүд нь түүнд илүү ихийг сургасан. Тэр тусмаа анхны том уналт нь Пепт томоохон цочроо өгч, амьдралын нэгэн чухал хичээлийг заасан юм.

«Өрсөлдөгчөө хэзээ ч битгий доогуур үнэл»

1994 оны 5 сарын 18-нд Афиний Олимпийн цэнгэлдэхэд орж ирэхдээ Барсагийнхан эртний энэ сургаалыг ор тас мартсан байлаа. Бүх тоглогчид бүр Кройф өөрөө хүртэл АС Миланыг төвөггүй шороодуулж аваргуудын лигийн анхны түрүүгээ хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байв. Тэд гэрийн даалгавраа дутуу хийсэн. Хангалттай бэлтгэж, төвлөрөөгүй. Тэгээд горыг нь амссан. Фабио Капеллогийн залуус тэднийг 4:0-ээр шүүрэн шанага болтол шүршээд, хөвж явсан үүлэн дээрээс нь хүчтэйхэн унагасан юм.
«Тэр ялагдал биднийг тэнгэрээс буулгасан. Миланыг дорд үзэж, басамжилснаараа бид асар том алдаа гаргасан. Талбайд гараагүй байхдаа л буугаад өгчихсөн байлаа. Бүх талаараа тэд биднийг бүрэн илүүрхсэн. Сүүлийн арван минутанд би зүгээр тоглолт дуусахыг л хүлээж байлаа»

Афиний финалд оролцоогүй Михаэль Лаудруп Кройфтой түнжин хагарч тэр зунаа Реал Мадрид руу нүүсэн бол багийн ахлагч Субисаррета мөн Валенсиа руу зарагдсан юм. Хойтон зун нь Куман, Стоичков, Чики Бегиристайн Камп Ноуг орхилоо. Амжилтандаа цадсан гэдгэр оддоос их зүйл хүлээгээд нэмэргүй гэсэн дүгнэлтэнд Кройф хүрсэн байлаа. Тиймээс «Мөрөөдлийн баг»-ийнхаа түлхүүр тоглогчдыг дараагийн хоёр жилд нь хайр найргүй явуулж эхэлсэн юм. Пепт хамгийн хүнд туссан нь Субисарретагийн шилжилт. 86 онд Бильбаогаас ирснээсээ хойш тэрээр Пепийг халамжиндаа авч, ахын ёсоор хэлж зөвлөдөг байсан. Хожмоо тэдний харилцаа үнэнч анд нөхөд болон өргөжсөн юм. Субид зориулсан үдэлтийн арга хэмжээний үеэр Пеп нулимсаа барьж дийлээгүй. Бүр хүүхэд шиг эхэр татан уйлж байлаа. Өмөг түшгээ алдаж, орь ганцаар үлдэж, сэтгэл нь хоосорч байгаа мэт санагдсан болохоор тэр уйлж байв.

Андони явснаар лидерийн хариуцлага Гуардиолагийн нуруун дээр ирсэн. Үүнд мөн Кройфын зааврыг багийнхандаа дамжуулж, талбай болон талбайн гадна тэднийг холбох үүрэг багтаж байв. Багийн ахлагч, манлайлагч болгон түүнийг хөгжүүлэхийг Кройф зорьж байсан нь гарцаагүй. Гэхдээ л Пеп хааяа хааяа хүүхэд шиг хөөрүү, хөвсөргөн зангаа барьж дийлдэггүй байлаа. Ялангуяа үзэгчдийг уулга алдуулж, өргөсөн дээр суусан мэт өндөлзүүлж чаддаг ногоон талбайн шидтэнүүдтэй уулзахдаа.
93 оны зун Ромариог Барсатай нэгдэхэд Пеп шиг баярласан хүн байгаагүй. Анхны хүлээн авалтынх нь үеэр Бразил эрээс бараг харцаа ч салгаж чадахгүй байлаа. Бөмбөгөөр гайхамшиг бүтээгчдийг Пеп туйлаас бахдан дээдэлдэг нь түүний хувьд энэ тоглоом хэчнээн эрхэм, нандин болохыг илтгэнэ. Зуун жилд ганц төрдөг шижир эрдэнүүд л хөлбөмбөгийн талбайг урлагийн тайз болгон хувиргаж чаддаг. Пеп тэр үдэш Ромариогийн араас сүүдэр мэт дагаж, хөлд нь сунан мөргөхөөс холгүй байв. Арга ядаад Кройф залуу дагалдандаа «Аяллаар яваа арван настай жаал шиг аашлахаа боль» гэж хэлэхээс өөр аргагүй болсон юм.

Георге Хажи, Роберт Просинечки, Луиш Фигүг авчирсан ч гэсэн багийн амжилт Афиний уналтаас хойш өөдлөөгүй. Үлгэн салган 3, 4-р байртай улирлыг өндөрлүүлж байлаа. Бүр хүснэгтийн хомоол хамж байсан багт дөрвөн гоолын зөрүүтэй ялагдаж байсан ч удаа бий. Ингээд 1996 оны таван сарын 18-нд Кройфын эриний цэг тавигдлаа. Бүх зүйл ганцхан өдрийн дотор л шийдэгдэх нь тэр. Улирал дуусахаас хоёр тойргийн өмнө ла лигт түрүүлэх найдвар тасармагц Бобби Робсон Кройфын оронд ирэх тухай цуу яриа тарж эхэллээ. Клуб хоёр дахь улирлаа дараалан аваргуудын лигийн эрх авч чадаагүйгээс гадна копа дель рейн финалд Атлетико Мадридад дийлдэж, УЕФА-гийн цомын хагас шигшээгээс Байерн Мюнхенд хожигдон хасагдаад байв. «Мөрөөдлийн баг» үгүй болсон нь илт байлаа. Камп Ноу дахь менежерийн карьер нь цааш үргэлжлэхгүй гэдгийг мэдсэн ч гэсэн Кройф улирлаа дуусгаад, нэр төртэйгөөр хөгжөөн дэмжигчид, хамтран зүтгэгчидтэйгээ салах ёс гүйцэтгэхийг хүсэж байсан юм. Гэвч Хосеп Нуньес аль хэдийн Англи эрхэмтэй холбоо тогтоож тохиролцоонд хүрснийг сонсоод тэр биеэ барьж чадаагүй. Барсагийн ерөнхийлөгч, менежерийн дунд үл ойлголцол, өширхөл, үзэн ядалт байдаг нь тэр үед хэн бүхэнд ил болоод байв. Ингээд Сельта Виготой хийх хаалтын тойргийн өмнө Кройф клубын дэд ерөнхийлөгч Хоан Гаспартай ширүүн маргалдаад Камп Ноугийн хаалгыг саван одсон. Эргэж ирээгүй. Барселоны түүхэн дэх хамгийн олон цомтой (хожим Гуардиола гүйцсэн), хамгийн урт хугацаанд ажилласан (хэн ч гүйцээгүй) дасгалжуулагчийн түүх ингэж харамсалтай төгссөн юм.

Image

Эзэнт гүрэн байгуулсан атлаа сүүлд нь хог шороо адил үзэгдэж хөөгдсөн. Удирдлагын түвшний энэ асуудалд оролцох эрх Пепт мэдээж олдоогүй. Бусад тоглогчдын жишгээр юу болохыг хараад, хүлээхээс өөр сонголт түүнд байгаагүй юм. Хоёр хоногийн дараа Сельта зочилж ирэхэд Камп Ноу тэр чигтээ Кройфт талархсан, үгүйлсэн, шударга бус хандсаныг нь эсэргүүцсэн утгатай баннераар дүүрэн байв. 3:2-оор Барса тэр үдэш ялалт байгуулахад хожлын гоолыг Кройфын хүү Йорди оруулсан. Эцэгтээ зориулсан түүний үдэлтийн бэлэгт Камп Ноу даяараа босон алга ташиж баяр хүргэсэн бөгөөд «Cruyff, si! Nunez, no!» хэмээх уухайнаас нь тэдний юу хүсэж байгаа нь тодорхой байв. Мэдээж юу ч өөрчлөгдөөгүй. Нэг нь явж нөгөө нь ирдэг ертөнцийн жамаар Барселонд амьдрал үргэлжилсэн. Гэхдээ клубын түүхийг өөрчилж, арчигдашгүй ул мөрөө үлдээсэн эрхмийн халааг залгаж, харьцуулагдаж ажиллана гэдэг хүсмээр зүйл биш. Хүндхэн даалгавар. Английн шигшээг удирдаж байсан Сэр Бобби Робсоны хувьд хүртэл. Хэлний бэрхшээл, соёлын ялгаа эсвэл арга барилын онцлогоос болсныг мэдэх аргагүй. Ямартай ч Камп Ноугийн хувцас солих өрөөнд тэр хөндлөнгийн гадны зочин байсаар нэг жилийн дараа хаалгыг нь гаднаас нь хаасан. Тоглогчид нь түүнийг «Grandad Miquel» (хямд дарсны рекламны од) хэмээн хочилдог байж.

Кройфын үлдээсэн том орон зайг Сэр Робсон нөхөж чадаагүй. Сүүдэрт нь дарагдсан. Дараа дараагийн дасгалжуулагчид нь ч гэсэн. Хүрч, давтахад бэрх хэт өндөр стандартыг тэр бий болгосон байв. Тэгээд эцэст нь өөрийнх нь чиг шугам, зарчим, философийг баримтлагч гарын шавь нь 16 жилийн дараа тогтоосон амжилтыг нь ахиулж, авирсан оргилыг нь өндөрсгөж, үйл хэргийг нь нэр төртэйгээр үргэлжлүүлсэн юм. Барсагийн дасгалжуулагч байх ямар нажидтайг Пеп Кройфтой хамт ажиллахдаа харсан. Толгой өвтгөсөн их ажлын хажуугаар удирдах зөвлөл, улс төрчид, хөгжөөн дэмжигчид, хэвлэл мэдээллийнхэн тал талаас ашиг сонирхлоо тулган дарамталж, эрх мэдэл сандал суудлын эрэлчид хөшигний ард хумсаа ирлэн хуйвалдаж, ил далд явуулга өдөр шөнөгүй өрнүүлнэ. Хэн ч энэ бүхний дунд удаан тэсэж чадахгүй. Бурхан мэт тахигддаг байсан Кройф хүртэл найман намраас цааш хэтрээгүй юм. Гэхдээ түүний үзэл санаа, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл нь Пеп Гуардиолагаар дамжин амь бөхтэй үргэлжилж, хойч үедээ өвлөгдсөн. Эхлүүлсэн ажлыг нь залгамжилж, хийж чадаагүйг нь гүйцээх үүрэгтэй гэдгээ Пеп Нидерланд багштайгаа салах ёс гүйцэтгэхдээ ухаарсан. Улмаар 2007 онд тэр зорилгоо өвөртлөн Камп Ноуд буцаж ирээд энэ алдарт үгээ хэлсэн юм.

«Йохан Кройф сүм босгосон. Түүнийг нь сэргээж, сайжруулах л бидний ажил»

(ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Mon Mar 16, 2020 3:01 pm

...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

ХОЁРДУГААР ХЭСЭГ (ҮРГЭЛЖЛЭЛ)

- СЭР БОББИ РОБСОН

Image

1996 оны 7 сар. Сэр Бобби Робсон хувцас солих өрөөний шалан дээр өвдгөлж суугаад тактикийн төлөвлөгөөгөө шохойгоор зуран тайлбарлах бөгөөд туслах Жозе Моуринью нь түүний Англиар хэлснийг Испани руу хэлмэрчилнэ. Тоглогчид төөрсөн харцаар шал руу ширтэн толгойгоо маажицгааж, зарим нь арга барагдсан янзтай харц буруулах аж. Буурал толгойтой Англи эрхмийн амандаа бувтнаж, шохойгоор сараачих зүйлс тэдний толгойд үнэндээ буухгүй байлаа. Ийм байдлаар бүтэн улирал ажиллана гэхэд итгэмээргүй санагдана.

Эхнээсээ л итгэл төрүүлээгүй Сэр Робсоны эрин үед Барсагийн тоглогчид өөрсдийгөө удирдах «хувийн менежмент»-тэй болсон. Бүрэн ойлголцож чадахгүй хэл соёл ондоо харь орны дасгалжуулагчаас их зүйл хүлээгээд нэмэргүй гэдэг нь илэрхий байлаа. Робсон хөгжилтэй, наргианч нэгэн боловч англи арга барил, ажиллах хэлбэр нь багийнханд нэг л наалдаж өгөхгүй байлаа. Гаргасан шийдвэр, заавар зөвлөгөөг нь Моуриньо төлөөлөн танилцуулж, тоглогчидтой ихэнхдээ харьцаж байв. Тэрээр мөн бэлтгэлийн хуваарь боловсруулж, өрсөлдөгчийн судалгаа хийж, академийн хөгжлийг сайжруулах үүрэг хүлээж байлаа. Багийн лидерийн хувьд түүнтэй ярилцаж зөвлөх зүйл Пепт бишгүй их гарна. Хөлбөмбөгийн гүнд нэвтэрч, хожмын дасгалжуулагч болох амбиц хүсэл нь тэднийг нэгтгэж, хамтран зүтгэгчдийн хувьд ойр дотно харилцаа тогтоосон. Одоо Пеп үгүйсгэж, Жозе хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн дөрвөн жил хамт ажиллахдаа тэд нэг нэгнээ хангалттай хөгжүүлж, хурцалсан. Ялангуяа үл ойлголцол, эргэлзээ, тодорхой бус байдал зонхилсон Кройфын дараах шилжилтийн үе тэдэнд ихийг сургасан юм.

«Миний хүмүүс, Миний хөлбөмбөг» номонд Пеп ийн бичжээ. «Сайн менежер хөлбөмбөгт 30 хувь, үлдсэн хүчээ баг тойрсон бусад асуудалд зориулдаг гэж Решакийн давтдаг байсныг би Робсонтой ажиллахдаа л ойлгосон. Тэр үеийг хүртэл надад Кройфоос өөр зааварлагч байгаагүй. Хөлбөмбөгийг би гагц түүний зарчмаар төсөөлж, дасгалжуулагч болгоныг түүн шиг гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж. Түүх соёл, орчноосоо хамаараад арга барил нь ч өөр байдаг юм байна. Робсоны үгийг дагаж өөрчлөгдөхөд бидэнд хэцүү байсан. Тэгээд арга эвээ олж зүгшрэх гэсээр байтал улирал талдаа орчихсон байв. Бүтэн дөрвөн сарыг бид манан дунд өнгөрөөсөн. Хөлбөмбөгт чи зоригтой, шийдэмгий байх ёстой. Үгүй бол сүйрнэ. Хөдөлж ядаад дүлэгнээд байвал юу ч бүтэхгүй. Барсагийн амжилтыг сайжруулах гэж Робсон ирсэн. Бидний хүсэл ч адилхан. Харин яаж гэдгээ тэр ойлгуулж чадаагүй. Учраа олох гэсээр байтал хугацаа алдсан. Тэр зуур нь бид чадах мэдэхээрээ урагшлахыг хичээж байв. Үүнийг л хүмүүс хувийн-менежмент гэж харсан байх»

Өөрчлөлт шинэчлэлтийн явцад зайлшгүй тохиодог түр зуурын зөрчлийг өнгөц дүгнэж хэтрүүлснээс «хувийн менежмент» гэх хэллэг үүссэн гэж Пеп нотолдог. Зарим нь бүр Робсоны удирдлагад тоглох хугацаанд тийм зүйл огт болоогүй гэдэг. Тэгвэл 1997 оны Испаний цомын шигшээ тоглолтын завсарлагааны үеэр Барсагийн хувцас солих өрөөнд орж үзсэн хүнд тэгж санагдахгүй. 20 жилийн дараа Эзэн хааны цомыг өргөхөөр Реал Бетис тэр өдөр ширүүн тэмцэл өрнүүлж эхний хагас 1:1-ээр өндөрлөсөн. Гэхдээ тэдний хамгаалалт зүүн талдаа хэврэг, сөрөг довтолгоо өрнүүлж болох сул зайтайг Барсагийнхан анзаарсан байлаа. Тэгээд энэ боломжийг ашиглаж хоёрдугаар үед тоглолтыг өөрсдийн болгохоор хувцас солих өрөөнд хэлэлцэж, хэн хаана хэзээ юу хийхээ тохирцгоов. Гуардиола, Энрике, Попеску зэрэг багийн лидерүүд энэ бүхнийг удирдаж, дэргэдээс нь Моуринью хэлж зөвлөж байлаа. Буланд сууж байгаа Бобби Робсоныг анзаарах хэн ч байсангүй. Фигү нэмэлт цагт хожлын гоолыг оруулснаар Барса уг тоглолтонд 3:2-оор илүүрхэж улирлын гурав дахь цомоо хүртсэн.

Image

Сантьяго Бернабеуд өргөсөн энэ цомоос гадна Испаний супер цом, Европын цомтой багуудын цомд клуб мөн түрүүлсэн юм. Үймээн будилаантай энэ улирлыг өдгөө эргэн дурсах гол шалтгаан нь Роналдо болдог. Бразил шидтэн Камп Ноуд ганцхан жил болохдоо 49 тоглолтонд 47 гоол бүртгүүлж европын алтан шаахайн эзэн болсноос гадна ФИФА-гийн оны шилдэг тоглогчоор өргөмжлөгдсөн билээ. Пепийн хувьд ч муугүй улирал өнгөрсөн. Багийн ноён нуруу, тулгуур багана гэдгээ Робсон болоод хамтран зүтгэгчдээрээ хүлээн зөвшөөрүүлж нэг ч тоглолт өнжилгүй 38 удаа талбайд гарсан. Өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, санал санаачлагаа зоригтой дэвшүүлж, алдаа дутагдлыг нь шүүмжлэн залруулж, асуулт эргэлзээгээ нэрэлхэлгүй илэрхийлж байлаа. Ирээдүйн амжилтынх нь үндэс болсон шүүмжлэлт сэтгэлгээ түүнд ингэж төлөвшсөн. Гол нь зарчим нь асуудлыг олон өнцгөөс харж, яагаад гэж байнга асуухад л оршино.

«Үүнээс өөр арга байхгүй гэж үү? Яагаад ингэж хийж болохгүй гэж? Илүү зөв шийдэл байгаа ч юм билүү! Тэр талаас нь бид нар бодолцож үзсэн билүү?»

Менежер болоод багийнхантайгаа ийн мэтгэлцэж, хөлбөмбөгийн талаар ном хаялцах нь Пепийн хийх дуртай зүйлсийн нэг байв. Хувь ойрынхонд нь бол мэдээж таатай байгаагүй. Лоран Блан тэр улирлыг тод санадаггүй нь ч үүнтэй холбогдож байж мэднэ.
«Хувцас солих өрөө, автобус, зочид буудал гээд хаа явсан газраа Пеп хэл ам сугалчих гээд эцэс төгсгөлгүй хэлэлцүүлэг өрнүүлдэг байлаа. Дуусна гэж байхгүй. Толгой эргэмээр»

Ла лигийн өрсөлдөөн тэр жил сүүлийн тойрог хүртэл өрнөж Реал Мадрид хоёр онооны зөрүүтэй аваргалсан. Барса 90 оноотой аман хүзүүдэж аваргуудын лигийн урьдчилсан шатны эрх авснаас гадна түүхэндээ анх удаа 100 давсан гоолтой улирлыг үдсэн юм. Чамлахааргүй амжилт боловч Бобби Робсон албан тушаалдаа үлдэж чадаагүй. Бүр дөрвөн сарын эхээр түүний халааг Луи Ван Гаалиар залгуулахаар клуб тохиролцоонд хүрчихсэн байв. Залуухан Нидерланд мэргэжилтэн тухайн үед Аяксыг удирдан аваргуудын лигт түрүүлчихээд байлаа. 1996 онд торгуулийн цохилтоор Ювентуст дийлдээгүй бол бүр хоёр жил дараалан европын аварга болох байв. Авьяаслаг залуу дасгалжуулагчтай хамт ажиллаж, суралцах энэ боломжийг Пеп алгаа дэлгэн хүлээж авсан. Аяксын тоглолтын онцлог, арга барилыг туйлаас сонирхон судалдаг байсны хувьд тэрээр Ван Гаалтай гар нийлнэ гэдэгтээ эргэлзэхгүй байв. Гэвч нэгэн харамсалтай явдал замд нь саад болсон юм.

Бэртэл.

Барселона 1997–98 оны улирлыг аваргуудын лигийн урьдчилсан шатнаас эхлүүлж Латвийн Сконто клубыг буулган авснаар хэсгийн шатны эрхээ авсан. Ригад явагдсан хариу тоглолтын дундуур бага зэрэг доголон талбайгаас гарахдаа Пеп өөрийгөө ужиг ноцтой бэртэл авснаа огт мэдээгүй аж. Хэсэг хугацаанд зовиурлаж байгаад гайгүй болмогц нь мартсан байна. Гэтэл хэдэн долоо хоногийн дараа улаан гэрэлнээс амжин зам хөндлөн гарах гээд гүйтэл баруун хөлийнх нь булчин тэсэхийн аргагүй өвджээ. Жаахан л хурд авах буюу биеэ хүчлэхэд хөндүүрлэн өвдөж байв. Цаг алдалгүй эмнэлэгт очиж үзүүлсэн боловч шалтгааныг нь яг таг тодорхойлоод оношлох эмч олдохгүй байлаа. Ийнхүү Пеп талбай дээр багтаа туслахын оронд таяг сугандаа хавчуулан догонцож, эмнэлгээс эмнэлгийн хооронд сажилдаг ажилтай болов. Сэтгэл санаа сийчсэн ийм хүнд сорилттой тэр өмнө хэзээ ч тулгарч байгаагүй. Дэлхийн аваргын өмнөх жил, багийн ахлагчаар дөнгөж томилогдчихоод байсныг ч хэлэх үү. Дэмий л багийнхаа тоглолтыг хөндлөнгөөс харж сүүрс алддаг байлаа.

Гуардиолагүй Барса тэр улиралд 4-3-3 систем рүү шилжиж, шинэ цэрэг Ривалдогийн ачаар Ла лиг, Копа дель рейд түрүүлэн дубль хийсэн юм. Түүнтэй хамт довтолгооны гурвалыг Сонни Андерсон, Луиш Фигү нар бүрдүүлж байв. Харин довтолгоо зохион байгуулах үүрэг Луис Энрикегийн нуруун дээр ирсэн юм. Пеп тэр улиралд ердөө зургаахан тоглолтонд оролцсон. Бэртлийнх нь бүрэн онош бүр таван сарын сүүлээр тодорхой болж хагалгаанд орсон болохоор дэлхийн аваргад тоглох тухай бодоод ч хэрэггүй байлаа. 1998 оны Дэлхийн аваргад Испаничууд хэсгээсээ гарч чадалгүй хомоол хаман хасагдахыг Пеп эмнэлгийн орон дээрээс үзэж байв. Хагалгаа амжилттай боллоо гээд Пеп шууд хөл дээрээ босчихоогүй. Шаналал, бачуурлаар дүүрэн бүтэн зургаан сар ахиад өнгөрч байж л тэр хөлбөмбөгтөө арайхийн эргэж ирсэн юм. 12 сарын 5-нд Депортиво Ла-Коруньягийн «Риасор» цэнгэлдэхэд. 1998/99 оны улирал талдаа орж байхад. Улаан гэрлээс өрсөх гэж зам хөндлөн харайлгасан тэр өдрөөс 15 сарын дараа. Ухаан орсон цагаасаа хөлбөмбөгөөс хэзээ ч ийм удаан хол байж үзээгүй гэж Пеп ярьдаг. Тиймээс ч амьдралынхаа хамгийн бүрхэг, баяр жаргалгүй, бэрх эдгээр өдрүүдийг эргэн дурсаж шархаа хөндөх дургүй.

Эдгэрч илаарьшдаггүй Пепийн удаан хугацааны нууцлаг бэртлийг хүмүүс янз бүрээр тайлбарлан, таамагладаг байв. Ван Гаалын харьяанд ажиллах хүсэлгүйдээ албаар арга заль хийж эргэж ирэх хугацаагаа хойшлуулж байна гэх зөн билэгтнүүд ч байв. Хурц, хатуу үгтэй Нидерланд менежер каталоны хэвлэлийнхэнтэй түнжин хагарч түр тар хийдэг байсан нь үнэн. Гурван жил Камп Ноугийн жолоог атгахдаа тэр сонин сэтгүүлээс хангалттай олон дайсан өөртөө бий болгосон юм. Тэглээ гээд үндэсний үзэл гаргаж, дасгалжуулагчдаа өрөөсгөл явцуу хандах үндэс Гуардиолад байгаагүй. Хүмүүжил, ёс суртахуунд нь ч харшлана. Кройфтой адил тэрээр Ван Гаалыг багшаа хэмээн хүндэлж, хаа явсан газар нь даган хөлбөмбөг, тактик, байрлал, бэлтгэлийн тухай яриа өрнүүлдэг байлаа.

«Ван Гаал надтай хэдэн цагаар ч хамаагүй ярилцаж, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцдаг байсан. Ялангуяа ирсэн эхний жилдээ. Олон зүйл дээр тэр нүдийг минь нээж өгсөн. Зодог тайлахынхаа өмнө би Мексикт очоод Хуанма Лильотой бас тийм ойр байлаа»

Image

Хоёр эрхмийн харилцааг хөндий хүйтэн гэсэн сул үгэнд итгэх хэрэггүй. Харин ч болбоос эсрэгээрээ. Экс тоглогч, шавийнхаа номонд зориулж ярилцлага өгөөч гэсэн хүсэлтийг минь Ван Гаал уриалгахан хүлээн авч гэртээ урьсан нь үүнийг гэрчилнэ. Ээлжит удаагаа хэвлэлийнхэнтэй дайн зарлаж, нэг ч сэтгүүлчтэй уулзахгүй хэмээн ам тангараг өгчихөөд байхдаа тэрээр надад ийн өгөөмөр хандсан юм. Гагцхүү ховор, тусгай тохиолдолд л Ван Гаал ийнхүү буулт хийж бусдад найр тавьдаг.
Пеп бусдын итгэлийг төрүүлж, хүндлэгдэж, араасаа дагуулан манлайлах төрөлхийн чадвартай болохыг тэрээр Камп Ноугийн босгыг давсан дороо л анзаарсан аж. Хал үзсэн хашир тоглогчид ч түүний үгийг анхааралтай сонсож байгаа нь нэгийг хэлж байв.
«Амор, Надаль, Бускетс гээд Пепээс ахмад, гуч гарчихсан тоглогчид багт маань байсан. Гэхдээ би түүнийг л ахлагчаа болгохыг хүссэн. Тактикийн мэдлэг, боловсролын түвшин, оюун ухааны цараараа түүнтэй эн зэрэгцэх хэн ч тоглогчдын дунд байгаагүй. Хуурч, дамжуулж, гоол хийж чаддаг тоглогч хэдэн зуугаараа бий. Харин менежерийн хэмжээнд бодож сэтгэдэг нь өдрийн од шиг ховор байдаг юм. Гуардиолаг бусдаас ангид, ахисан шатны тоглогч гэдгийг нь би анзаарч мэдээд өөрийнхөө ахлагч болгохоор шийдсэн.

Харин тэр өөрөө дурамжхан байлаа. Манай энд тэгдэггүй юм босс. Ахмад туршлагатай нь түрүүлж ахлагч болдог гэж хэлсэн. Би хариуд нь Үгүй, чамайг ахлагчаар тавина. Алдаа оноог минь хэлж, үнэлэлт дүгнэлт хийж чаддаг, өөрийн гэсэн тархитай чадалтай хүнээр би багаа ахлуулмаар байна гэж хэлсэн. Мэдээж Пеп миний итгэлийг алдаагүй. Үлгэр жишээ ахлагч болсон. Юманд ул суурьтай ханддаг, алсын хараатай, айхавтар чамбай залуу. Талбайн төвөөс тоглолтыг яаж найруулж, багийнхаа яаж удирдаж чиглүүлж өдөөж байгааг нь харахад л хангалттай. Жишээ нь Фигү ч юм уу Ривалдог бөмбөгөө хэт их нухаж, гоолын боломж хийсгээд байвал хойноос нь шууд хашгирч, саваагүйтэхээ болихыг шаардана. Талбайг бүхэлд нь ажиглаж, хаана юу болж байгаа, хэн юу хийж байгааг тэр байнга харж , багийнхандаа заавар, зөвлөгөө өгч тоглодог байсан. Хэнийг ч ятгаж, үнэмшүүлж, үгэндээ оруулж чаддаг нь Пепийн бас нэг давуу тал. Хүндлэл, итгэл, бишрэл төрүүлэхүйц хувийн зан чанар, байр суурь, ёс зүйтэй нэгэн л хүмүүст ингэж хүчтэй нөлөөлж чаддаг»

Хэлснийг нь тоть шиг давтан багийнхандаа дамжуулж, талбай дээр сүрийг үзүүлэн шүүгчтэй маргадаг ахлагчаас илүү гаран хөгжихийг Ван Гаал шавиасаа шаарддаг байв. Үүнийх нь ачаар Пеп менежерийн өнцгөөс сэтгэж, тоглолтыг илүү өргөн том хэмжээсээр харж чаддаг болсон. Асуудлаас ангижрах гарц боломжуудыг тэд хамтдаа хэлэлцэн зөвлөж хамгийн зөв гэсэн шийдэлд хүрэхийн төлөө оюун ухаанаа уралдуулан мэтгэлцдэг байв. Нэгэн үйл явдлыг Ван Гаал жишээ болгон дурдсан юм.
«Пептэй ярилцахад урамтай, сайхан байдаг юм. Санасан бодсоноо тэр сүр бадруулж, тулгалгүй даруухан эмх цэгцтэй байдлаар бусдад ойлгуулж, итгүүлж чаддаг. Миний бодоход ингэвэл зүгээр юм шиг гэж оршлоо тавиад л хөврүүлж өгнө. Нэг удаа Стоичковын авир хэрээс хэтэрч асуудал үүсгэсэн учир би талбайд гаргахгүй байхаар шийдлээ. Болгар залуу намайг огт сонсдоггүй байсан юм. Сахилга бат миний хувьд маш чухал. Талбайн гадна чи сахилга баттай байж чадахгүй бол талбай дээр ч тэгж чадахгүй. Овилгогүй авирлах тоолонд нь би Христог бүх тоглогчдын өмнө зандарч зэмлэдэг байлаа. Тэгээд нэмэргүй байхаар нь бүр сэлгээний багтай хүртэл бэлтгэл хийлгэж үзсэн. Мэргэн буучаа алдах нь мэдээж багийн амжилтанд сөрөг нөлөөтэй. Үүнийг бодолцож үзээд ахиад ганц боломж түүнд өгөхийг Пеп надаас гуйсан юм. Хамт олныхоо сайн сайхны төлөө хувийн мэдрэмжээ үл тоон золиослох нь байж болох зүйл гэж ятгасан.

Гэтэл Христо нэгдүгээр багт буцаж ирээд удаагүй байхдаа ахиад л сахилгын зөрчил гаргаад сэлгээний баг руу шилжсэн. Үг сонсдоггүй чихгүй толгойтой өөрөө яаж ярих билээ. Пеп ч гэсэн шийдвэрийг минь зөвшөөрч ахиад түүнийг өмгөөлж үг хэлээгүй. Хэдий сайн тоглогч байлаа ч гэсэн багийн нэг хэсэг гэдгээ ухамсарлаж, дүрэм журманд захирагдах ёстой. Юманд хэмжээ хязгаар гэж бий. Баг бүхнээс түрүүнд гэдэг зарчимтай минь Пеп санал нэгддэг байв»
Ван Гаалын энэ зарчимдаа хэр үнэнч, хөдөлшгүй хатуу болохыг нь Пеп 1999–2000 оны улиралд өөрийн биеэр мэдэрсэн. Базаахгүй формтой байсан ахлагчийнхаа оронд Ла Масиагийн 19 настай хөвгүүнийг гараанд гаргахаас тэр огт зүрхшээгээгүй юм. Пепийг тоглогчоос менежер болон өөрчлөгдөх үйл явцыг хурдлуулж, сэтгэл зүйн хувьд бэлэн болоход нь энэ шийдвэр томоохон нөлөө үзүүлсэн гэдэг. Аваргуудын лиг, Копа дель рейн хагас шигшээгээс хасагдаж, Ла лигт аман хүзүүдсэн энэ цомгүй улирлын дараа Ван Гаал ажлаа хүлээлгэж өгөөд Нидерландын шигшээ багийг зорьсон билээ.

«Гуардиола намайг ойлгож байсан. Хэцүү ч гэсэн ирээдүй хойчоо бодож ийм шийдвэр гаргах гарцаагүй шаардлага заримдаа байдаг юм. Цаг үеэ мэдэрч, орчноо анзаарч, эрсдэл гаргаж, зөв гэж бодсон зүйлдээ зоригтой шийдэмгий зогсохгүй бол ямар юмных нь удирдагч байх билээ.

Булавч бултайна гэгчээр Шави Эрнандесийн ур чадвар өдрөөр бус цагаар өсөж байсан болохоор өөр сонголт надад байгаагүй юм. Хуучин нь шинэдээ зайгаа тавьж өгөх нь орчлонгийн жам. Нэгнийх нь форм уруудаж, нөгөө нь өгсөж байхад зүгээр хараад суух дасгалжуулагч гэж байхгүй. Түрүүн хэлсэн ёсоор ямар ч нөхцөлд багийн эрх ашиг бүхнээс түрүүнд л тавигдана. Ил гаргаагүй ч гэлээ Пепт хэцүү байсан нь мэдээж. Гологдож, хаягдахыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ ухаантай хүн хэзээ ч барьц алдаж зорьсон замаасаа гаждаггүй юм. Эргэлт болгоныг шинэ боломж, шинэ завшаан гэж хардаг. Эцэст нь тэр ид чадалтай менежер болоод Барсад буцаж ирсэн. Тэгээд Пуойль, Шави, Инеста, Бускетсийг сургаж, хуримтлагдлуулсан туршлага мэдлэгээсээ хуваалцаж, дараагийн аялалд нь бэлдэж байна. Бүх юм эргэх зарчмаар явж дахин давтагддаг. Соёл уламжлалаа хадгалж, чиг шугамаа баримталж, үнэт зүйлсээ хожмын үедээ ингэж өвлүүлэн дамжуулж байгаа цагт Барсагийн амжилтын буухиа тасрахгүй. Зуу зуун жилийг дамнан үргэлжилнэ»

Сэтгүүлчдийн дургүйг хүргэж, араанд нь зуугдсаныхаа «шанд» Ван Гаал Барсагийн хөгжөөн дэмжигчдээс хүртэх эрхтэй хүндлэл, талархлаа авч чадаагүй. Тоглогчдоо дарамталж, хайр найргүй шахдаг, хүн чанаргүй, цэвдэг, мугуйд, харгислагчийн дүрээр тэр Камп Ноуг орхисон. Хамгийн гол нь Барселона жирийн нэг клуб биш, үндэстний бэлгэ тэмдэг, бахархал, нэр төр гэдгийг үл ойшоон, амжилтын төлөө амин хувиа хичээн улайрсан гэдгээр нь хэвлэлийнхэн түүнийг газар дор ортол нь чичилж байв. Гурван жилийн турш Ван Гаалтай хагаралдсан, хэл амаа ололцоогүй, өширхөж, үзэн ядсан бүхний үгийг тэргүүн нүүрэндээ тавьж, тодотгон дэвэргэж байснаараа тэд олон нийтийн хандлагыг Нидерланд эрийн эсрэг хандуулж чадсан. Стоичков, Ривалдо зэрэг фэнүүдийн дунд нэр хүндтэй ч хэрэг төвөгт их орооцолддог хэнэггүй тоглогчид энэхүү Ван Гаалыг унагах армийн үндсэн төлөөлөгчид байв. Тэдний зорилго биеллээ олсон. Камп Ноуд зарласан сүүлийн хэвлэлийн бага хурлаа Ван Гаал ийм үгээр хаасан юм.

«Amigos de la prensa. Yo me voy. Felicidades» (Сэтгүүлч найзуудаа, би явлаа. Баяр хүргэе)

Барселонагийн түүхэнд түүнээс илүү муу нэртэй мундар цолтой шаарлагдсан өөр менежерийг олоход хэцүү. Гэтэл хүрсэн амжилт, хийж бүтээсэн гавьяа, хадгалуулж үлдээсэн өвийг нь харах юм бол даанч тэгж өрөөсгөл хандмааргүй. Ван Гаалын боловсруулж, хөгжүүлсэн систем, схем, арга зүйнх нь ул мөр арилшгүй тодоор өвлөгдөн үлдэж, өнөө үеийн Барсагийн амжилтын үндэс суурь, эх код, навтраг цаас болсныг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр баталдаг. Пепийн хэлсэнчлэн арчилж тордох сүм дуганыг Кройф сүндэрлүүлж, гол нурууг нь босгосон боловч Ван Гаалын гараар илүү төгөлдөржин гүйцээгдэж, дэлхийн хөлбөмбөгт ноёрхох буурь нь батжин төвхнөгдсөн юм. Гэхдээ Гуардиолаг сургаж, баг удирдах дөртэй болгосон нь магадгүй түүнээс үлдэх хамгийн том өв болов уу.

«Өөрийг нь дэлхийн шилдэг дасгалжуулагч гэж нэрлэхэд тэр дургүй байдаг юм. Ямар ч байсан шилдгүүдийн нэг нь. Асар их эрдмийг би түүнээс олж авсан. Харин нэг юмыг асуух юмсан гэж бодогддог юм. Хоёр дахь боломж олдоход бүхнийг эхнээс ахин давтах ёстой юу?»

Жил гаруй бэртэлтэй байх хугацаанд нь хүмүүсийн хандлага, харилцаа яаж хурдан хувирч өөрчлөгдөж байгаа нь Пепийг цочирдуулсан. Эрүүл саруул, ид тоглож байхад нь тал засан зулгуйдаж тойрч хүрээлдэг байсан «найзууд» нь нэг л мэдэхэд усанд хаясан чулуу шиг ор мөргүй алга болсон байлаа. Авдгаа авчихсан, одоо чиний хэрэгцээ байхгүй гэсэн шиг багийн удирдлага гэрээг нь сунгахаас цааргалан удааж, цалинг нь хасах зэргээр нүд үзүүрлэн төмөр нүүр ч гаргаж байв. Өмнө нь мэдээгүй, эсвэл зүгээр л нүдээ анин дэргэдүүр нь өнгөрч байсан гашуун шорвог үнэнийг эдгээр өдрүүд түүнд яс маханд нь тултал ойлгуулсан. Бүхий л амьдралаа зориулсан, төрж өссөн гэр шигээ санадаг клубтээ ад шоо үзэгдэн алагчлуулж байгаадаа Пеп итгэж чадахгүй байлаа. Тэр тусмаа ерөнхийлөгч Хосеп Нуньесийн доромж үгс сэтгэл рүү нь хүйтэн ус цацаж, сийчсэн. Тоглогчдын эрүүл мэндийн үзлэгийн тайлантай танилцаж байхдаа Нуньес Пепийн тархи толгой зүгээр эсэхийг ахин дахин асууж лавлаж байсан нь эмч нарыг хүртэл гайхшруулсан юм. Тухайн үед Пеп бэртлээсээ эргэж ирээд удаагүй байв.

«Гуардиолагийн булчин асуудалгүй болсон. Талбайд гарахад бэлэн»

«Ойлгомжтой. Гэхдээ цаадах чинь толгойдоо жаахан юмтай биш биз? Надад тэгж санагдаад байдаг юм»
Энэ бүгдээс Пепт хамгийн анишгүй гүн шарх үлдээсэн аймшигтай доромжлол нь түүнийг ДОХ-оор өвчилснөөсөө болоод эргэж ирэхгүй удаж байна гэсэн цуу яриа байв. Хэн, хэзээ, хаана, ямар санаатай ийм гүтгэлэг үүсгэсэн нь тодорхойгүй авч муу үг модон улаатай болохоор нэг л мэдэхэд Барселон даяар энэ тухай ам дамжин ярилцаж байв. Пеп энэ явдлыг эргэж сөхөх дургүй. Өөрт нь хар санаж хорсдог олон хүн байдаг ч гэлээ ийм бузар булай цуурхал дэгдээх увайгүй зэхий зүрхтэн байхгүй гэж итгэхийг тэр хичээдэг. Харин ахлагчийнхаа нэр төрийг хамгаалж, ор үндэсгүй худал гүжирдлэгийн эсрэг хуруугаа ч хөдөлгөлгүй зүгээр хараад сууж байсанд нь багтаа, удирдлагадаа гомдож гутардаг юм.

Өөрийг нь үнэлж, хүндэлж, дэмжихээ больсон ерөнхийлөгч, удирдлагатай байгууллагын төлөө хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөх шаардлага байгаа эсэх тухай бодол Пепт энэ үеэс төрж эхэлсэн. Кройфын үеэс клубт үлдсэн гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бага багаар сарнин алга болж байгаа нь түүний санааг зовоож байв. 2000 оны зун Луиш Фигү Реал Мадридын талд нэгдсэнээр хямрал улам даамжирлаа. Үзэн ядалт, өшил заналтай харцаар Камп Ноу дүүрч, дайсагнаж давшилсан хараалаас өөр үг сонсогдохоо болив. Түлхүүр тоглогчоо хадгалж чадалгүй гол дайсандаа булаалгасан нь тэр үеийн удирдлагын алдаатай бодлогын үр дүн. Тэгээд ч нүглээс нуугдах гэсэндээ хамаг бурууг Фигү рүү чихэн, өширхлийн галыг улам өрдөн турхирч байлаа. Төлөвлөгөө нь ч бүтэж уур бухимдалдаа сохорсон хөгжөөн дэмжигчдийн зүхэл билинг Португал эр дангаараа идээд л өнгөрсөн. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харин клубээ тэд тамын тогооны үлгэр болгочихсон. Фигүг цагаан өмсгөлтэй анх буцаж ирэхэд нь Камп Ноуд зүлгэнээс уур манан савсаж, байж суухын аргагүй бүгчим байлаа. «Урвагч», «Бирд», «Тэрслэгч». Чих дөжрөм чимээн дунд явагдсан уг тоглолтын онооны харьцаа хэдээр дуусах нь цугласан зуун мянган хөгжөөн дэмжигчдэд огт хамаа байгаагүй. Фигүг нулимаж, хэмлэж, дэвсэлж, хэдэн хэсэг тасчин, бах таваа хангахыг л хүсэж байв. Хайр бахдал бишрэлийг нь төрүүлсэн таван жилийн дараа. Хүүгийнх нь загалмайлсан эцэг, гэр бүлийн хүрээний найздаа ямар хэцүү байгааг Пеп гадарлаж байсан. Тусалж чадахгүйгээ ч мэдэж байв. Сэтгэлээ хөвчилж, хаттай байхыг л сануулсан.

Нөгөө талаар үзүүштэй ялгуусан хөлбөмбөгийг эрхэм зорилгоо болгодог байсан багийнх нь үнэ цэнэ, үнэт зүйлс ингэтлээ доройтохыг харах Пепт тэсвэрлэшгүй байлаа. Ирээдүйдээ итгэх итгэл ч байсангүй. Мөхөл рүү хөтөлдөг гутранги, сөрөг сэтгэл зүй л байв. Тэнгэр бүрхсэн аадрын хар үүлэнд арилах төлөв алга. Ингээд Пеп шийдвэрээ гаргасан. Үүнээс цааш тэвчихийг хүссэнгүй.

«Буурь сэлгэх цаг минь болжээ»

2001 оны 6 сараар төгсгөл болж буй Барсатай байгуулсан гэрээгээ сунгахгүй гэдгээ, үлдээх гэсэн ямарваа ятгалгыг хүлээж авахгүй байхыг Пеп агент Хосеп Оробитгтоо өмнөх зун нь буюу 12 сарын өмнө үүрэг болгосон. Нэгэнт шийдсэн бол эргэж буцдаггүй үйлчлүүлэгчийнхээ занг мэдэх учир Оробитг өөр асуулт тавиагүй. Пепт тохирох шинэ багийн эрэлд гарсан юм. Амаргүй боловч зайлшгүй байсан энэ алхмаа Пеп ингэж зөвтгөдөг.

«Уужуу харж, өргөн сэтгэдэг болохын тулд нүд тайлах хэрэгтэй. Явснаараа надад үлдсэнээс илүү үр өгөөжтэй, өсөн дэвжихэд тустай байсан болохоор л би ингэж шийдсэн»

2001 оны 4 сарын 11-нд Гуардиола хэвлэлийн бага хурал зарлаж 17 жил үргэлжилсэн Барселонагийн замналдаа цэг тавих гэж байгаагаа зарлав. Удирдах зөвлөлийг төлөөлж ийм арга хэмжээнд хэн нэгэн оролцдог уламжлалтай боловч тэр өдөр хэн ч ирсэнгүй. Шинэ ерөнхийлөгч Хоан Гаспар ч байсангүй. Пепийг ганцааранг нь сэтгүүлчдийн өмнө суулгасан.
«Би 13 настайдаа гэр бүлээ орхин энэ багт ирж байсан. Харин одоо өөрийн гэсэн гал голомтоо бадраасан, удам залгах хүүтэй 30 настай эр хүн болоод орхин явж байна»

Пепийн хоолой чичирч, хэсэг зуур дуугаа хураан доош харав. Гэрэл зургийн аппаратны чимээ тасралтгүй тачигнана.
«Амьдрал, карьерынхаа олон сайхан боломжуудыг би алганыхаа завсраар урсгаад алдсан. Ахиад тэгж чадахгүй. Өөр оронд, өөр лигт, өөр багт тоглож, шинэ соёл шинэ орчинтой танилцахыг хүсэж байна. Дасаж ээнэгшсэн гэрээ орхих амархан биш. Энд би өсөн өндийсөн. Хэзээд талархаж, холбоотой явах болно. Ирж буй адал явдал, эрсдэл, эрэл хайгуулын амлалт намайг эргээд хүүхэд болсон шиг догдлуулж байна. Бас илүү тайван, чөлөөтэй, эрч хүчээр цэнэглэгдсэнээ ч мэдэрч байна»

Image

Хоёр сарын дараа, 6 сарын 24-нд Пеп сүүлийн удаа Барсагийн өмсгөлтэй талбайд гарч хөгжөөн дэмжигчидтэйгээ салах ёс гүйцэтгэлээ. 12 жилийн тэртээ Йохан Кройфын хараанд өртөж үндсэн багт дуудагдсанаар эхэлсэн Камп Ноу дахь түүхэн аяллынхаа турш тэрээр нийт 379 тоглолтонд оролцож, 16 цом өргөсөн юм. Зургаан ла лиг, хоёр копа дель рей, нэг европын цом тэгээд испани, европын супер цомууд. Багийн ахлагч, туг баригч, бэлгэ тэмдэг. 100 жилийн ойгоо тэмдэглээд удаагүй байсан Барселонагийн түүхэнд тэр хамгийн олон цом шагнал цуглуулсан тоглогч гэсэн тодотголтой (тус бүр 30 цомтой Месси, Иньеста одоо тэргүүлдэг) баяртай гэж хэлсэн. Нэгэн хэмээр зугуухан урагшилж байсан Барсагийн түүх Пепийг байх арван жилийн хугацаанд танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, бусдаас хоцорч алдсан бүхнээ нөхөн хурдалсан билээ. Улмаар Пепийн орхисон газраас Шави, Пуйоль, Иньеста шийрийг нь хатаан, үйл хэргийг нь үргэлжлүүлсэн юм. «Мөрөөдлийн баг»-ийн сүүлчийн төлөөллөө culé-үүд нулимстай үдсэн. Гадаад тоглогчдоор дүүрсэн эрин үед Каталон үндэстний сүр жавхлан, сүлд хийморийн бэлгэдэл болон тууштай үнэнчээр хүчин зүтгэсэн гавьяагаа тэр магтан дуулуулж дурсагдах зүй ёсны эрхтэй нэгэн.

Испаний цомын хагас шигшээд Сельтад хожигдсон үдэлтийн тоглолтынхоо дараа Пеп цэнгэлдэх хоосорч хүнгүй болтол нь хүлээсэн. Эхний бөгөөд эцсийн удаа Камп Ноутой ганцаарчлан уулзаж, энд үзэж туулсан мөчүүдээрээ эргэн нэг амьсгалж, амьдрахыг тэр хүсэж байлаа. Арван настайдаа хойд хаалганы араас анхны тоглолтоо үзэж байхдаа хэзээ нэгэн цагт энэ зүлгэн дээр блауграна өмсгөлтэй заавал гишгэнэ хэмээн найздаа амлалт өгч байсан тэр мөчээс эхлэн. Пеп хувцас солих өрөөнөөс гарч ижил дасал болсон хонгилоороо алхлан, элэгдэж хотойтол нь хөлөөрөө гишгэсэн шатны гишгүүрээр өгсөн ер бусын анир чимээгүй Камп Ноутой анх удаа уулзлаа. Сэтгэлээ ариусгаж тайтгардаг сүм дуганад орж ирсэн мэт. Пепийн төсөөлж байсанчлан нүдэнд нь нулимс хуралдсангүй. Нуруун дээрээс нь том ачаа алга болох шиг бие хөнгөрч, чээж тэнийн гэгээ татахыг л мэдэрч байв.

Карлес Решак: «Багийн амжилт уруудаж, тогтвортой байдал сулрахад гол буруутан нь Гуардиола болсон. Түүнийг хэлэх хэлэхгүй үгээр л хэмлэж байв. Ийм нөхцөлд багийн ахлагч, унаган тоглогчдын толгой дээр л хамаг хүнд нь буудаг юм. Түүнд тэсэхэд бэрх нажидтай байсныг би мэдэж байна. Шаналж байгаагаа тэр ил гаргадаггүй ч гэсэн харцнаас нь харагдаж байв. Асар их дарамт шахалтаас залхсандаа л тэр ийм шийдвэр гаргасан. Камп Ноуд сүүлийн тоглолтоо хийчихээд гарч явахад дотор нь уужирч, ойрын хэдэн жилдээ байгаагүйгээр чөлөөтэй амьсгалснаа надад хэлж байлаа»

Дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэгийг үнэгүй өөрийн болгох боломж тэр болгон олдоод байхгүй. Алдаж болохгүй алтан боломж гэдэг л энэ. Гуардиола Барселонаг чөлөөт агентийн хувиар орхино гэсэн мэдээ хөлбөмбөгийн ертөнцөд гэрлийн хурдаар тархаж, агент менежерүүдийн арааны шүлсийг асгаруулсан ч 2001 оны 6 сарын 25 хүртэл Оробитг хэний ч сайхан саналыг хүлээж аваагүй. Учир нь Пеп өөрийг нь Барсагийн өмсгөлөө тайлах хүртэл ямар ч багтай хэлэлцээ хийхийг агентдаа тас хориглосон байлаа. Тиймээс толгой эргэм их мөнгө, өндөр цалин, урамшуулал бонус амласан топ багуудын саналыг зөвхөн сонсоод, талархлаа илэрхийлж хойш тавихаас өөр сонголт байсангүй. Европын өнцөг булан бүрээс, өнгөтэй өөдтэй баг болгон үйлчлүүлэгчийг нь сонирхож буйгаа түүнд илэрхийлсэн.

Италиас АС Милан, Интер, Рома, Лацио. Англиас Ливэрпүүл, Арсенал, Манчестер Юнайтед, Тоттенхэм, Уиган, Уэст Хэм, Фулхэм. Францаас ПСЖ, Марсель, Олимпик Лион. Ар араасаа эгнэн жагсаж, Пепийн хүссэн нөхцлийг зөвшөөрөхөд бэлэн хэтэвчээ тэмтрэн байв. Хэн нь ч гэсэн түүний түвшний тоглогчийг 30 насанд нь сохор зоос заралгүй олж авна гэдэг хожоотой наймаа болохыг ухамсарлаж алгаа үрчиж байв. Реал Мадрид хүртэл азаа туршаад үзсэн. Агентаасаа «Эзэн хааны баг»-ийн тухай сонсоод Пеп «Чи чинь солиороо юу!?» гэснээр уг сэдэв хаагдсан юм.

Пепийн сэтгэл зүрх ганцхан баг руу л тэмүүлж байлаа. Санпедорын усан оргилууртай талбай дээр найзуудтайгаа бөмбөг өшиглөн гүйдэг байсан цагаас л тэр үүнийг мөрөөдсөн. Мишель Платинигийн адил хар-цагаан өмсгөлтэйгөөр алдарт «Гранде Торино»-д хөл тавьж нэрээ цуурайтуулах. Бага насных нь энэ хүсэл биелэх тун дөхсөн. Сонирхолтой нь Ювентус Пепийг авах гэж буйгаа ихэд чандалж, бараг л тагнуул, мафитай кинон дээр гардагтай адил нууц уулзалт зохион байгуулсныг нь каталон зохиолч Хауме Коллель «Санпепорын хүү» номондоо нэг бүрчлэн өгүүлсэн байдаг. Тэнд бичсэнээр Хосеп Оробитгт нэгэн үдэш үл таних дугаараас дуудлага ирж «Ювентус клубын төлөөлөгч тантай Гуардиолагийн талаар ярилцахыг хүсэж байна. Таныг авахаар арван минутын дараа машин очно. Хэнд ч юу ч хэлж болохгүй» гэжээ.

Хослол, хар нүдний шилтэй жолооч дагуул байхгүй эсэхийг шалган хэд хэдэн гудамжаар огцом эргэсний эцэст Туринийг зорин хөдлөх нь тэр. Найман цаг давхихдаа тэрээр Оробитгтой нэг ч үг сольсонгүй. Улмаар хотоос зайдуу байрлах нэгэн жижиг зочид буудалд түүнийг авчирч VIP өрөөний хаалгыг тогшин ороход Ювентусын захирал Лучиано Можи бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн дугуй ширээний ард сууж байлаа. Оробитгийг биеэ барьсхийн мэндлээд эсрэг талд нь суухад махлагдуу үйлчлэгч орж ирэн ширээ засаж дарс хундагалаад чимээгүйхэн гарч одлоо. Халзан толгой, хар шилтэй бие хамгаалагчид нь түүнтэй хамт өрөөнөөс гарч хаалгыг гаднаас нь хаахад Можи улаан дарстай хундагаа ширтэн хэсэг сууснаа яриагаа эхэлж Пеп Гуардиолаг Туринд авчрах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Оробитг өөрсдийн зүгээс тавих шаардлагаа танилцуулав. Хагас цаг гаран үргэлжилсэн далд уулзалтын дараа хоёр тал тохиролцоонд хүрч Пеп Ювентусын тоглогч болсон байлаа. Гэхдээ зөвхөн аман байдлаар. Нарийн ширийн деталь дээр ам нийлсний дараа бичиг цаас руу шилжихийг Можи хүссэн бөгөөд чухам үүнийг нь зөвшөөрч, цаг алдсанаараа Оробитг асар том алдаа гаргаснаа тухайн үедээ ухаараагүй билээ.

(ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Cule » Tue Mar 17, 2020 9:52 am

:eek: :-D :-D :-D
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby kayo » Tue Mar 17, 2020 2:45 pm

Мундаг, ёстой гоё.
Европын цомын финалаас хоёр долоо хоногийн дараа Ла лигийн хувь заяа шийдэгдсэн. 38-р тойргийн өмнө Реал Мадрид хүснэгтийн оройд Барсагаас нэг онооны илүүтэй бичигдэж байлаа. Канарын арлуудын бяцхан Тенерифетэй тэнцэхэд л тэд аваргын болзлоо хангах байв. Энэ хооронд Барса Атлетикийн «Сан-Мамес»-т зочилсон. Эхлээд Йерро, дараа нь Хажи Реалаас гоол хийсэн тухай мэдээ ирж Барсагийн фэнүүдийг уйтгар гунигт автуулав. Бүх зүйл дуусчээ хэмээн цөхөрч цэнгэлдэхийг зарим нь орхиж байлаа. Гэтэл байзаарай... Завсарлагааны дараа Тенерифе довтолж эхэллээ... 1:2...удалгүй тооны харьцаа 2:2 болсныг радиогоор зарлалаа. «Арлын бялзуухайнууд минь овоодоо»
Сан-Мамес дахь тоглолт өндөрлөж Барселона гурван оноогоо халааслав. Харин хоёр мянган километрийн алс дахь аралд явагдаж байгаа тоглолт дуусаагүй учир хэн ч хаашаа ч хөдөлсөнгүй. Битүү түгшүүртэй, байж ядам дөрвөн минутын дараа Канарын аралд сүүлийн шүгэл дуугарсныг зарлалаа.
«Тенерифе 3:2 Реал Мадрид».


Энэ үеийг тухайн үед нь үзсэн бол жинхэнэ галзуурах байсан байх даа. Сая тэгээд эргүүлээд харсан 92-94 оны 3н жилд жил болгон сүүлийн тоглолтоорхоцорч яваад аварга болсон юм байна. Тэгэхдээ 2т нь реал Тенерифе-д оноо алдаж, 1-д нь депор оноо алдаж, манайх ялснаар лийгээ авж байсан юм байна. Сүүлийн тойрогт эсрэг баг нь хожигдоод өөрсдөө хожиж авахаар ч ёстой аймшигтай кайфтай байсан байх даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Өсөхбаяр » Tue Mar 17, 2020 3:14 pm

:eek: :-D :-D
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Tue Mar 31, 2020 10:35 am

...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

(ҮРГЭЛЖЛЭЛ)


Италиас буцаж ирээд Оробитг баярт мэдээгээ Пепт дуулгаж, санал хүргүүлсэн бусад талуудад тодорхой хариу өгөв.

«Гуардиола сонголтоо хийсэн»

Ихэнх багууд үүнийг эцсийн зогсоол гэж үзээд Пепийн араас чаргууцалдахаа больсон бол Интер, Арсенал, Тоттенхэм, Манчестер Юнайтед багууд бууж өгөлгүй Оробитгийн утсыг хангинуулсаар байлаа. Ялангуяа Юнайтед нэлээн зүтгэл гаргаж тоглогчийн цалин, агентын урамшуулалд урьд хожид дуулдаагүй их мөнгийг амлаж байв. Сэр Алекс Фергюсоны арга туршлагаас суралцахыг Пеп өөрөө ч хүсэж байсан. Ганцхан Ювентустай байгуулсан аман гэрээ нь л «Олд Траффорд» руу нүүхэд нь саад болж байв.

«Улаан чөтгөрүүд» Пепийг эгнээндээ нэгтгэх гэж үнэхээр хичээсэн. Долоо найман сарын турш хошуу дэвсэж хөөцөлдөөд бүтэхгүй болохоор нь Фергюсон шууд Пептэй биечлэн уулзаж ярилцах урилга илгээсэн юм. Энэ үед Ювегийн хэлэлцээр үргэлжилж байсан учир Пеп Шотланд эрхэмтэй уулзахаас татгалзсан. Үүгээр асуудал цэгцэрч Юнайтед Хуан Себастьян Вероныг Лациогоос 29 сая фунтээр худалдаж аваад Рүүд ван Нистелрой, Диего Форланаар урд шугамаа хүчирхэгжүүлсэн юм. Арван жилийн дараа буюу 2011 онд аваргуудын лигийн цомыг булаалдахаар Уэмблид уулзахдаа Гуардиола, Сэр Алекстай ийн хуучилсан билээ.

«Магадгүй би цагаа буруу сонгосон байх»

«Манчестерт намайг аваачаагүй тань зөв алхам болсон. Английн хөлбөмбөгт идээших эсэх байсан минь их эргэлзээтэй шүү дээ»

Орчин цагийн агуу менежертэй нэгдэх боломжоо алдсандаа Пеп харамсдаг. Хэрэв Ювентус хэлсэн үгнээсээ буцаж увайгүй загнахыг мэдэж байсан бол Юнайтедийн саналыг үг дуугүй хүлээж авах байснаа тэр хүлээн зөвшөөрдөг. Даанч Умберто Аньелли (Ювентусын ерөнхийлөгч), Лучиано Можиг утсаа салгаад алга болох үед бүх зүйл оройтсон байлаа. Италичууд ямар ч уулзалт, оройн зоог, бие хамгаалагч, хар машин байгаагүй хэмээн улайм цайм мэлзэж үгүйсгэсэн. Асуудал ингэж эргэхийг мэдсэн юм шиг тэд нэг ч гэрч үлдээлгүй мэргэжлийн түвшинд бүхнийг гүйцэтгэсэн байв. Оробитгоос өөр баталж чадах хүн байгаагүй.
Ювегийн чиглэл 180 хэм эргэсэнд ийм хоёр логик тайлбар өгч болох юм.

Нэгт: Пепийг авчрах гол санаачлагыг гаргасан Карло Анчелотти халагдаж Марчело Липпи «Делле Альпи»-д буцаж ирсэн. Хоёрт: Зинедин Зиданыг Реал Мадридад рекорд тогтоосон 77 сая еврогоор зарснаар клубын наймааны бодлого өөр тийш эргэжээ. Халаас нь түнтийсэн Аньелли, Можи, Липпи гурав нас залуу цус шингэн тоглогчдоор багаа зузаалахыг илүүд үзсэн байна. Хүссэн авьяастнаа мөнгөөр зодоод авах хүч байхад гуч гарчихсан нэг муу каталоны хөлд суух хэрэг үү гэж гэдийж. Үнэтэй наймаануудаа ч хийсэн. Жанлуижи Буффоныг 47 сая, Лилиан Тюрамыг 37 сая, Павел Недведийг 37 сая, Марсело Саласыг 27 сая, Кристиан Зенониг 13 сая фунтээр тус тус худалдаж авчээ. Зиданы мөнгөөр босгосон шинэ баг нь Ювед хоёр дараалсан скудетто авчирсан ч Аваргуудын лигийн финалд (2003) нутаг нэгт АС Миланыг пенальтиар дийлдсэн юм.

Наймааны цонх хаагдах есөн сарын нэгэн ойртсоор атал Гуардиола шинэ багаа олоогүй л байлаа. Багууд аваргуудын лигийн бүрэлдэхүүнээ зарлаж, УЕФА баталгаажуулснаар түүнд топ багийн хаалгыг татах зам хаагдав. Уг нь Арсеналтай нэгдэж болох байсан. Даанч Патрик Виейрагийн Реал Мадрид руу хийх наймаа сүүлийн мөчид нурснаар Пеп Хойд Лондон руу явж чадаагүй.
Арай ядан олсон эрх чөлөө нь эзгүй цөлд хөсөр хаягдсанаар төгсөж байгаад Пеп гунигтай байлаа. Үйлс нь хазайсныг нь далимдуулан тавлаж бахаа хангах хүмүүс ч мундсангүй. Ахлагчаа эрт явуулж алдаа гаргалаа гэх шүүмжлэлээс зайлсхийхийн тулд Гуардиолаг хүсэх баг алга гэх явуулгыг Гаспар тэргүүтнүүд каталоны хэвлэлээр хөөргөж байв.

Ингээд улирал нэгэнт эхэлсэн тул Пепт олон сонголт байсангүй. Италийн умард зүгийн Брешиа хэмээх дундаж багийн саналыг хүлээн авч АС Миланыг зорьсон Андреа Пирлогийн үлдээсэн гүнээс найруулагчийн орон зайг нөхөхөөр болов. Домогт Роберто Бажо мөн энд карьерынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлж, Даниэле Бонера, Лука Тони нарын залуустай хамт Брешиаг доош унагахгүй байх үүргийг хүлээж байв. Пеп шинэ багийнхантайгаа 9 сарын 26-нд нэгдсэн ч бичиг цаасны асуудлаас болж гурван долоо хоногийн дараа л Кьевогийн эсрэг дебютээ хийсэн юм.

Найзыгаа шинэ нутагт хэр зэрэг хөлөө олон төвхнөж байгааг сонжихоор Брешиад зочилсноо Хуанма Лильо ийн дурсдаг.
«Карло Маццоне тэр үед Брешиаг дасгалжуулж байлаа. Үнэндээ тэр өөрөө хүссэндээ ч биш, ерөнхийлөгчийнхөө шахалтаар л Пепийг багтаа авчирсан юм билээ. Тэдний харилцаа эхэндээ зэврүүн байсан гэсэн. Гэхдээ Пеп хэний ч аргыг олж чадна. Дебютээ хийснээс нь сар гарангийн дараа намайг Марио Ригамонтид (Брешиагийн цэнгэлдэх) очиход өөрчлөлтийн салхи яалт ч үгүй сэвэлзэж байлаа. Пеп шууд л Маццонетой харьцаж, өөрийн саналуудаа танилцуулж эхэлсэн.

Жишээ нь өрсөлдөгчийнхөө судалгааг видеон дээр тулгуурлах. Өмнө нь тэд хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй гэсэн. Бас рондо дасгал, булан чөлөөт цохилтын хувилбар гэх мэт. Өөр нэрэлхүү хүн байсан бол Пепийн санаачлагыг үл тоож, эсэргүүцэх байсан байх. Харин Маццоне ухаантай хэрсүү хүн тулдаа юуг ч үгүйсгээгүй. Пеп ч гэсэн түүнээс их зүйл сурсан. Мөрөөдлийн багийн гишүүн, Аваргуудын лигт түрүүлсэн дэлхийд данстай супер од 200 мянган хүнтэй жижиг хотод ирээд эрдэж, их зан гаргамаар. Гэтэл Пеп тэгээгүй. Харин ч үүнийг суралцаж, сайжирч, өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харсан. Тэр хөлбөмбөгт хайртай. Түүнтэй холбоотой мэдлэгийн ундарга булаг бүхнээс нь ангаж цангасан адил уухыг хүсэж байв»

Image

Кройф, Ван Гаалын ачаар менежерийн анхан шатны дөртэй болсон Пеп мэдсэн сурснаа амьдрал дээр туршихийг адган тэмүүлж байлаа. Тэгээд ч Маццонегийн орон тооны бус туслах нь болохыг гуйж зөвшөөрүүлж чадсан. Эндээс олж авсан илтэс хэлтэрхий бүр нь зодог тайлсных нь дараа хэрэг болно гэдэгт тэр эргэлзэхгүй байв. Арриго Саккигийн төрсөн нутгаас илүү хамгаалалтын тактикт суралцах газар гэж хаана байх билээ. Эрдмийг өв тэгш сурья гэвэл өлгий нутагт нь л оч. Саккигийн Милан, Трапаттонигийн Интер, Липпигийн Ювен үзэж өссөн Пепт Сери А-гийн тактикийн тоглолт үргэлж үзүүштэй, сонирхолтой санагддаж байжээ. Харин одоо дэргэдээс нь, дотроос нь судалж шинжих боломж олдож байна. Тэр үүнийг алдах учиргүй. Эзгүй цөлөөс баянбүрд олсонтой адил эд эс бүрээрээ амтлан шингээж сүсэглэн ундаалах учиртай.


БРЕШИАГИЙН БЭЛТГЭЛИЙН БААЗ. 2001 ОНЫ 11 САРЫН ХҮЙТЭН ӨГЛӨӨ.


Онош нь тодордоггүй ужиг хүнд бэртэл ороогдож, олон оныг хамт өнгөрүүлсэн төрөлх дотно багаа орхиж эсвэл аварга болж түрүүлэх боломжоо эцсийн мөчид булаалгаж байхдаа ч Пеп Сери А-гийн сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн шигээ гүн гүнзгий хямарч, горь алдан гутарч цөхөрч байгаагүй. Амьдралынх нь аяныг донсолгож бүр хөмрүүлэх дөхсөн хар мэдээг түүнд Брешиагийн ерөнхий эмч 2001 оны 11 сарын 9-нд дуулгасан. Гуардиола тэр өдөр ердийн заншлаараа бэлтгэлдээ ирж, ирэх тойргийн тоглолтдоо бэлдэж байв.

«Нэг хартал багийн эмч гартаа хуудас цаас барьчихсан тэвдэнгүй талбайн хажууд ирээд Карло Маццонег дуудлаа. Юу ярьж байгаа нь сонсогдохооргүй хол зогсож байсан ч гэсэн тэдний царайных нь хувирлаар бас над руу байн байн харж байгаагаас нь нэг л муу совин төрөөд явчихсан. Ямар хүчтэй аянганд ниргүүлэх гэж байгаагаа даанч би тэр үед ухаараагүй»

«Тус багийн 28 дугаартай хагас хамгаалагч Хосеп Гуардиола нь Сери А-гийн 8, 10-р тойргийн Пьяченца, Лациогийн эсрэг хийсэн тоглолтуудад оролцохдоо WADA (Олон Улсын Допингийн Эсрэг Агентлаг)-гаас хориглосон бодисын солилцооны нийлэгжлийг идэвхжүүлэх үйлчилгээтэй анаболик стеройд болох нандролоныг хэрэглэсэн нь Ром дахь Үндэсний Допингийн эсрэг төвийн лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр тогтоогдсон болно» гэсэн агуулгатай факс Брешиагийн эмч нарт ирж түргэн авахуулсан нь энэ байв.

Өөрийг нь дайрч болох гамшиг, түйтгэр, зовлон дундаас үүнийг л ирнэ гэж Пеп зүүдэлж төсөөлөөгүй. Хар дарсан зүүд шиг л санагдаж байлаа. Гэнэтийн жинтэй цохилтонд орсноор тэр хамгийн эрхэм үнэнч анддаа хандаж тусламж хүсэхээс өөр аргагүй болсон юм.

«Чи сайн өмгөөлөгч таних уу? Надад хэрэгтэй болоод байна»

Мануэль Эстиарте найзынхаа дуудлагыг хүлээж аваад дөнгөж маргааш өглөө нь Брешиаг зорьсон бөгөөд замын турш Гуардиолаг яаж зоригжуулж, тайтгаруулахаа бодсоор явав. Арван жил нөхөрлөсний хувьд Пепийг хэр баргийн бартаанд барьц алдах нэгэн биш гэдгийг Мануэль гадарлах боловч тамирчны замналыг нь төгсгөж, хайртай спортоос нь бүрмөсөн хөндийрүүлж болох ийм ноцтой асуудалд нухацтай хандахгүй бол болохгүй байлаа. «Усан пологийн Марадона» хэмээн алдаршсан олимпийн аварга энэ эрхмээс илүү итгэж, сэтгэлээ уудалдаг хүн Пепт байхгүй. Өөрөөс нь илүү өөрийг нь мэдэх өмөг түшигтэй андыгаа Пеп хожим дэргэдээ авч Барса, Байерн, Ситид туслах дасгалжуулагчаараа томилсон билээ. Үүнийг удахгүй дэлгэрэнгүй өгүүлэх учир эргэн Брешиа руу буцацгаая. Мануэль найзыгаа гутарч, гундаж, гал нь унтарсан байдлаар төсөөлөөгүй боловч урмыг нь сэргээх хэдэн үг замдаа бодож амжсан байв. Гэтэл тэгэх шаардлагагүй байжээ.

Урьдын цог золбоотой жавхалзсан ажил хэрэгч, тэр байтугай өмнөхөөсөө ч илүү өдөөгдөж, дүрэлзэж, хурцлагдсан Пеп түүнийг угтаж авлаа. Хамгийн ойрын хүрээллийн хүмүүсээ ч Пеп хааяа гайхшруулж, өмнөө байгаа халзан толгойтой эрийг үнэхээр мэддэг эсэхтээ эргэлзэхэд хүргэдэг. Амьдрал, карьерынх нь мөхөл сэхэлтэй холбоотой ийм амин чухал хэргийг өмгөөлөгчид найдаад орхих хүсэл түүнд байхгүй байлаа. Тэгээд ч бүхнийг мэдэж, хянаж, ойлгож байх гэдэг зангаараа Мануэлийг ирэхийн өмнөх шөнө хуулийн зүйл ангиудыг уншиж, төстэй хэргүүдийг судалж, танил хүмүүстэйгээ зөвлөлдөж, боломжтой гарцуудыг тодорхойлж амжсан байлаа. Нэр төрөө сэргээж, гэм буруугүй гэдгээ батлах хүртлээ бууж өгөхгүй гэдэг нь илт. Бууж өгөөд шударга бус системийн идэш болж, нэрээ бохирдуулахыг тэр тэвчихгүй.

Энэ тэмцэлд нь Мануэль нэгдэж дуусан дуустал нь хажуунаас нь холдоогүй. Амласан ёсоороо таних хамгийн чадалтай өмгөөлөгчөө олж өгөөд зогсохгүй, бичиг цаас бүрдүүлж, хаалга үүд сахих улигтай үйл явцад нь оролцон чадах бүхнээрээ тусалж дэмжсэн. Италид олон жил амьдарч, хэл ус хүн ардыг нь мэдэх болсон Мануэльгүйгээр амаараа шороо үмхэх байснаа Пеп хүлээн зөвшөөрдөг. Амь насаа ч даатгаж болох чин сэтгэлт хүн хажууд нь байгаа нь түүнийг цөхөрч, арга тасрахаас аварсан.
2009 онд хэвлэгдсэн Эстиартегийн «Ах дүүстээ» хэмээх намтар номных нь өмнөтгөлөөс тэдний нөхөрлөлийн утга учир, үнэ цэнийг илүү тод ойлгож болно.

«Зургаан жилийн турш би өөрийгөө буруу зүйл хийгээгүйг баталж, хэлмэгдлээс хэлтрэх гэж хичээсэн. Замын дундаас зарим нэг нь надаас нүүр буруулж, зайгаа барьж, шүүмжлэгчдийн тал руу урвасан ч гэсэн та л ганцаараа эхнээс эцэс хүртэл нь ард минь зогссон. Ийм сэтгэлийг хэрхэн мартах билээ. Гуардиола сэргээш хэрэглэсэн, хүний үнэргүй зальдагч луйварчин гэж чичилж байхад, хэн ч надад үл итгэн хардаж сэжиглэж байхад ч та байр сууринаасаа сөөм ч хөдлөөгүй. Бас таны ачаар, хаврын тэр нэгэн ерөөлтэй өглөө телетекст уншиж мухардлаас гарах замыг минь зааж өгсний дэмээр би өөрийгөө болоод удам судраа аварч, олхиогүй нэрнээс хагацан, чээж бүтэн амьсгалах тэнхэлтэй болж билээ. Зургаан жилийн дараа, тоо томшгүй гүжир гүтгэлгийн төгсгөлд, таны нээлтийн үрээр хүмүүс Гуардиолаг байгаа чигээр нь, хэн гэдгээр нь, худалж хэлж, мэхэлж, хор хутгах нэгэн биш гэдгээр нь харж, хүлээн зөвшөөрсөн. Тийм ээ, энэ бол хувь тавилан. Эргэлзэхгүй байна. Та надад итгэж, хором ч эргэлзээгүй болохоор л намайг аз ивээсэн. Дайрсан биш ивээсэн. Бурхан тэнгэр харж үзсэн. Яг хэрэгтэй үед нь хүрч ирсэн аз хийморь. Үнэнч нөхөрлөл бол хүнд ирж болох хамгийн үнэ цэнэтэй бэлэг. Үүнээс илүү эрхэм, чухал цом шагналыг би хүсээд, хайгаад олж чадахгүй. Энгэртээ тэврэх адил үргэлж нандигнан энхрийлж, эрхэмлэж явна. Итгэж, найдаж, түшиж болох миний талын хүн хажууд минь хэзээд байгаа гэсэн бодлоор би цэнэгжиж, эрчимжиж, омогшиж явдаг»

Юун телетекст болоод явчихав гэж уншигч авхай та гайхаж байж магадгүй. Учрыг одоо тайлбарлая. Биен дэх тестостероных нь хэмжээ яагаад тэгтлээ өссөн, хэрэглэх нь байтугай нэрийг нь ч дуулж байгаагүй нандролон гэх бодис яагаад шээснээс нь илэрснийг учгийг тайлж чадалгүй Гуардиола Италийн Үндэсний Олимпийн Хорооноос (ИҮОХ) дөрвөн сараар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж, 50,000 еврогоор торгуулсан. Хөдөлшгүй баримтаар, А болон Б сорьцоор яах аргагүй Пепийн шингэнээс нандролон илэрсэн нь үнэн.
Харин Мануэлийн дээр дурдсан телевизийн мэдээнээс олж мэдсэнээр бол ачаалал ихтэй бэлтгэл хийж алдсан энергиэ нөхөхийн тулд нэмэлт хүнс, тэжээл хэрэглэдэг тамирчдын бие организм миллилитрт 9 нанограмм хүртэлх (Пепийн сорьцноос илэрсэн хэмжээ 9 нанограмм) нандролоныг эндогенийн байдлаар буюу дотроосоо ялгаруулах боломжтой гэдгийг эрдэмтэд шинээр баталсан байлаа.

Ингэсгээр Пеп миллилитрт 2 нанограммаас доош хэмжээтэй илэрсэн шээсэн дэх нандролоныг сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэж буруутгах хангалтай үндэслэл болж чадахгүй хэмээх WADA-гийн дүрмийн эсрэг сөргүүлэн тавьж буруугүй гэдгээ нотлох барьц, хууль ёсоор ялалт байгуулах түшиц, шинжлэх ухааны үндэслэл бүхий баттай баримттай болсон юм. Харьцуулахад 88 оны Сөүлийн олимпийн алтан медалиа хураалгасан Канадын ойрын зайн гүйгч Бен Жонсоны сорьцны миллилитр бүрт 2000 нанограмм нандролон агуулагдаж байсан гэдэг.

Зургаан жил хууль шүүхээр дамжиж, Гуардиолагийн сэтгэлийн тамирыг туйлдтал сорьсон утга учиргүй маргааны эргэлтийн цэг нь энэ байлаа. Дөрвөн сарын шийтгэлээ Пеп зохих ёсоор нь эдэлж гүйцээгээд хөлбөмбөгтөө эргэж ирсэн. Гэхдээ амьд яваагийнх нь утга учир, буртаг хиргүй хадгалж явдагтаа бахархдаг байсан нэр төрд нь халдаж, харлуулсны эсрэг тэмцлээ зогсоогоогүй. «Надад ямар ч буруу байхгүй. Хилс гүжирдэгдсэн. Худлаа гэвэл хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нь энэ байна» гэж хүний өөдөөс нүүр бардам хэлж чадах хүртлээ тэр дансан дахь сүүлчийн хөрөнгөө шавхахад ч бэлэн байлаа. Олны амны зугаа болж, хардаж сэрдсэн харцтай хаа явсан газраа тулгарснаас халаасандаа сохор зоосгүй ч нэр бүтэн, сэтгэл өег явахыг тэр илүүд үзнэ. Хуульч, өмгөөлөгч нар ч арга барагдаж, цөхөрсөн байдлыг нь ашиглаж хангалттай хөлс түүнээс салгаж чадсан.

Өрсөлдөгчөө хожихын төлөө өмнөх шөнүүдэд нь нойр хоолгүй махарч, мэрийдэг зангаараа Пеп худал яланд унаснаа баталж, шударга ёсыг тунхаглахад хамаг ухаанаа тавьж бүрэн төвлөрсөн байлаа. Өнөө л барьж авсан юмныхаа эцсийг нь заавал үзэх гэдэг хэнээрхэл нь. Найзынхаа ийм байдалтай байхыг Эстиарте олон удаа харсан. Заримдаа ятгаж түр ч атугай улайрсан зүйлээс нь холдуулж чадах боловч ихэнхдээ мугуйд занг нь сул орхихоос өөр аргагүй. Өөрийнх нь нэрлэснээр «Үнэний эрэх» аян замдаа Пеп ялна гэдэгтээ өчүүхэн ч эргэлзэхгүй байгаагаа хэвлэлээр хэлж, нүд рүү нь харахаасаа халиран харц буруулж буй Италийн Олимпийн Хороо, Допингийн эсрэг төв өөрсдөө үнэнд гүйцэгдэж шүүгдэх цаг удахгүй ирнэ хэмээн зарлаж байв.

«Больж үз. Одоо хангалттай. Хэн энийг чинь эргэж санах юм?»

«Би санана. Надтай хамт үлдэнэ. Худал гэдгийг нь мэдсээр байж би хүлээн зөвшөөрөөд орхиж чадахгүй. Энэ миний үүрэг»

2005 оны 5 сард Брешиагийн шүүхээс Гуардиолаг (тухайн үед Катарт тоглож байв) 2000 еврогоор торгож, долоон сарын хорих ялаар шийтгэсэн бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа учир тэнсэн харгалзах ялаар сольсон юм. Учир нь 2004 оноос Италид допингийг гэмт хэргийн шинжтэйд тооцох тогтоол батлагдаж хуулийн хариуцлага хүлээлгэдэг болоод байв. Дөрвөн жил өрнүүлсэн тэмцлийнх нь үр дүн гаралгүй нөхцөл байдал ийнхүү улам дордсонд Пеп цочирдсон ч ухарч няцаагүй.
«Эрүүл ухаанаар боддоо. Пьяченцагийн эсрэг тоглохдоо би яагаад допинг хэрэглэх ёстой билээ?» хэмээгээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн юм.

Шүүхийн шийдвэр гаргах үйл явцын үнэн, ичгүүртэй мөн чанарыг илчилсэн нэгэн үйл явдал Хауме Коллелийн номонд мөн дурдагдсан байдаг. Пепт оногдуулсан шийтгэлийг сонсгох хурлын завсарлагааны үеэр Пепийн агент Оробитг тамхи татахаар түр гадагш гарсан бөгөөд хэргийг хариуцсан ерөнхий шүүгч хажуугаар нь өнгөрөхдөө түүнд ийн шивнэсэн гэдэг.

«Том бооцоотой зарим тулаанд золгүй нэгэн нь золиослогдох явдал алийг тэр гэх вэ...»

Эцэст нь 2007 оны 10 сарын 23-нд Брешиагийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Пепийн гэм буруугүйг баталж, холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.

Шинжилгээний хариу нь түүнийг хориглогдсон бодис хэрэглэсэн гэж буруутгахад хангалттай бодит үндэслэл болж чадахгүй нь Эстиартегийн тэр нэгэн «ерөөлтэй» өдөр телетекстнээс олж мэдсэн шинжлэх ухааны шинэ нээлтийн ачаар нотлогдсон юм.
«Энэ хэрэгтэй холбоотой бүхий л бичиг цаас, баримт хавтсыг би нэг дор цуглуулаад хайрцганд хийж хадгалсан. Ахиж нээж, дурсахыг хүсдэггүй. Гэхдээ хэн нэгэн намайг сэргээш хэрэглэсэн эсвэл арын хаалгадаж байгаад ял шийтгэлээс мултарсан гэж бодож байгаа бол ирээд танилцахад нээлттэй» хэмээн сэтгүүлч найз Рамон Бесадаа Пеп ярьж байсан.

Сэтгэлийг нь шаналгаж, бодол санааг нь булингартуулж байсан хүнд агаад ичгүүртэй ачаанаасаа Пеп эцэст нь хагацаж чадсан. Брешиагийн эмчээс гол харлуулсан гэнэтийн мэдээ сонссон тэр өдрөөс хойш зургаан жилийн дараа түүнд магнай тэнэгэр, чээж хөнгөн, амар тайван унтах боломж анх удаа олдсон нь энэ. Дотрыг нь донсолгон үгүйрүүлж байсан үл хүсэм утил зэхий бараан мэдрэмж аажим аажмаар сарниж алга болсон. Гэвч гэмт хэрэгт холбогдож, шүүх цагдаагаар явсан хүний хувь заяаны хүрдэнд хүссэн хүсээгүй дарагддаг хар тамганы ором огт бүдгэрч бүрэн дүүрэн арилаагүй. Үнэхээр буруу зөрүү, хууль бус, хуудуутай үйлдэл хийсэн үгүй эсэхээс чинь үл хамааран хүмүүс чамайг үүнээс хойш хэзээ ч өмнөх шигээ харж, өмнөх шигээ хандаж, өмнөх шигээ дүгнэхгүй. Гашуун боловч гарцаагүй үнэн л энэ.

«Хүмүүс юу гэх бол?» гэсэн бодол л бидний сүнсийг зайлтал айлгаж, хийж болох болохгүй зүйлийнхээ зааг ялгааг үүн дээр суурилан тодорхойлоход хүргэдэг. Олон нийт, хамт олон, хань нөхөд, гэр бүлийнхнийхээ өмнө өөрийнхөө буруу үгүйг батлан цагаатгаж, хардаж сэжиглэсэн хүйтэн харцны бай болохыг хүсээгүйдээ л Пеп энэ асуудалд ингэтлээ ач холбогдол өгч, зөнд нь орхилгүй зургаан жил уйгагүй хэл ам болон зууралдаж байж санасандаа хүрсэн хэрэг. Өөр зорилго түүнд байгаагүй. Харамсалтай нь гавьяа зүтгэл, ололт амжилтаас нь илүү алдаж эндэж бүдэрснийг нь зориуд дурсан дэвэргэж бах таваа хангадаг нь хүний төрөлхийн араншин ажээ. Италийн хөлбөмбөгийн холбоо Брешиагийн шүүхийн шийдвэрийг дөнгөж 2009 оны 5 сард л албан ёсоор авч алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн юм. Эвэртэй туулай үзсэн мэт энэ хэргийг анх дэгдэхэд нь сүр дуулиан болгон нүүр хуудсандаа залж байсан сонин сэтгүүлүүд Пепийн гэмгүй гэдгээ батлан цагаатгагдсаныг хүний урманд хумсын чинээ ч тоож үзээгүй. Ганц хоёрхон сонин, сайтад л зурвас төдий дурдаад өнгөрсөн нь хийрхлээр гэдсээ тэжээдэг хоёр нүүртэй хэвлэл мэдээллийнхний үнэн төрхийг илтгэнэ.

Юутай ч Пеп сурсан зангаараа эхлүүлсэн ажлынхаа ард гарч, нэр төрөө ариутгаж цэвэрлүүлсэн. Өмнө нь хийж байсан тэмцлүүдээс нь хавьгүй хэцүү энэ зүтгүү аян түүнд асар их зүйлийг ойлгуулсан юм. Өөртэй нь адил нажид зовлонг битгий туулаасай гэсэндээ допингийн талаарх ойлголт, боловсролыг түгээх лекц, сургаал, зөвлөгөөг тэр хавь ойрынхондоо, ялангуяа залуу тамирчдад өгч мэдлэгжүүлэхийг Пеп зорьдог. Тэгэхээр түүний тэмцэл Брешиагийн шүүх хурлаар төгсгөл болсон боловч нөгөө талаараа одоо ч гэсэн үргэлжилсээр байна.

Эрх мэдэлтнүүдийн харалган бодлогын хоморгонд өртөж, амьдрал замналаараа хохирох явцдаа Пеп хашир болгоомжгүй, гэнэн бага залуусыг эцсийн ёсоор өмгөөлж, тэтгэх зөн совин дадлыг өөрөө ч мэдэлгүй олж авснаа Брешиа дахь ялалтынхаа дараа ухаарсан. Тухайн үед удирдаж байсан Б багийн тоглогчид нь түүнд чин сэтгэлээсээ баяр хүргэн, халамжилж, санаа тавьж байсан нь түүнийг ийн эргэцүүлэхэд хүргэсэн юм. Жилийн дараа үндсэн багийн менежер болохдоо Пеп эцэг хүүгийн нандин бат харилцаа тогтоосон эдгээр тоглогчдоосоо Педро, Бускетс, Алкантара, Хеффрен, Дос Сантос нарыг дэвшүүлэн дэргэдээ авч байв.
Бүтэл муутай нэг улирлын дараа Пеп Брешиаг 13 тоглолтонд оролцсон гэх үзүүлэлттэйгээр орхиж Рома клубтэй гэрээ байгуулав. 2002 оны зун. Том багт тоглох амбиц бус «Дон» Фабио Капеллогоос суралцах хүсэл нь түүнийг италийн нийслэлийг зориход түлхэц болсон.

Image

Сери А-гийн аварга болж, ид сэргэн мандалтын үедээ явсан шар-улаануудын гараанд багтах боломж өөрт нь өдрийн од шиг ховор олдоно гэдэгтэй анх ирэхдээ л эвлэрчихсэн учир Пеп «Мөнхийн хот»-д таван сарыг өнгөрүүлэхдээ наймхан тоглолтонд оролцсондоо гомдож гуньдаггүй. Харин ч сэтгэл хангалуун үлдсэн. Талбайд гарах цаг цөөн байх тусам түүнд Фабиогийн оффисоор эргэлдэх цаг их олдож байв. Үнэнийг хэлэхэд хэт хамгаалсан Доны философиос тэс өөр хөлбөмбөгийг Пеп эрхэмлэдэг. Тэглээ гээд түүнээс дөлж, арга барилыг нь үгүйсгэх утгагүй. Бүх зүйлд нээлттэй, прагматик хандах нь чухал. Тоглогчдынхоо чадвар, давуу талаа ашигласан схемийн уян хатан чанар, сахилга батад суурилсан эмх цэгцтэй тактик, улирлын өрнөл болоод өрсөлдөгчдийн явцыг харж оносон халаа сэлгээ хийдэг зэрэг нь Гуардиолагийн Фабиогоос биширдэг чанарууд байлаа. Пепээс үлдсэн сэтгэгдлээ Фабио доорх байдлаар дэлгэв.

«Гуардиолаг би хангалттай олон удаа талбайд гаргаагүй. Үнэндээ гаргая гэсэн ч гараанд зай байхгүй байлаа. Де Росси, Аквилани гэсэн академийн залуучууд гараад ирчихсэн байсан цаг. Пеп юм ойлгодог ухаантай эелдэг залуу. Яагаад өөрийг нь тоглуулахгүй байгаа тухай нэг ч удаа асууж байгаагүй. Байнга банз халаах бодвол хэцүү л байсан байх. Брешиагаас ирэхдээ форм нь нэлээн уначихсан бас бэртэл гэмтлийн асуудалтай байсан болохоор түүнд боломж олдоогүй. Байрлалаа зөв эзэлж, хурдан сэтгэж, бөмбөг өөрт нь ирэхээс өмнө юу хийхээ шийдчихсэн байдгийг нь би үнэлсэн. Удирдаж манлайлах авьяастай нь тодорхой байлаа. Уг нь жаахан удсан бол манайд их тус болж чадах байсныг нь үгүйсгэхгүй»

2003 оны өвлийн наймааны цонхоор Пеп Брешиад буцаж ирээд улирлын хоёрдугаар хагасын 16 тоглолтонд оролцож цагаан-цэнхэрүүдийг европын эрхтэй 8-р байранд оруулсан. Үүгээр түүний Итали дахь богино болоод барцадтай аялал өндөрлөж өөр багийн эрэлд гарсан юм. Эхний дуудлага Будант Альбионоос, Уиган Атлетикийн менжер Пол Жьюэллээс ирлээ.

«Би түүний тоглолтыг Барсад байхаас нь үзэж бахаддаг байсан. Гайхалтай тоглогч. 2003 оны хавар Италиас явах гэж байгааг нь дам сонсоод агентаас нь утсыг нь авч залгасан. Сайн уу Пеп, Уиганы дасгалжуулагч Пол байна гэх маягийн дуут мессеж үлдээсэн санагдаж байна. Арван минутын дараа Пеп над руу буцааж залгаад бид хоёр нэлээн удаан ярилцсан. Тэр манай багийг хоёрдугаар дивизионы аварга болсныг, дээд лигт дэвших гэж байгааг, Буллард-Каванагийн дундын шугамын хослол гээд бүгдийг нь мэдэж байлаа. Долоо хоногийн 10,000 фунт гэдэг бага мөнгө биш боловч Пепийн төлөө гаргахад бид бэлэн байсан. Даанч үүнийг хэд нугалсан, толгой эргэм өндөр цалинтай санал Катараас түүнд ирсэн юм. Пепийг авчихсан бол Уиганы амжилт өсөх байсан нь дамжиггүй. Арай жаахан эртхэн хөдөлсөн бол гэж харамсдаг л юм»

(ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby kayo » Tue Mar 31, 2020 3:35 pm

Пепийн тоглолтын хэсгийг одоо харахад нээрээ сонин болхи юм шиг харагддаг, удаан, хурд, хүч байхгүй, эвсэлгүй хөдөлгөөнтэй, олон ч гоол хийгээгүй, ёстой толгойгоороо тоглодог байсан юм шиг байгаан.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby 21Grams » Wed Apr 01, 2020 3:16 pm

Сэтгэл хөдөлгөж бахархал төрүүлсэн түүх юм. Манартал бичиж, гайхалтай орчуулжээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 07, 2020 6:49 pm

:eek: Янзын гоё орчуулга юм аа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Wed Apr 08, 2020 12:16 pm

...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

(ҮРГЭЛЖЛЭЛ)

2003 оны зуныг Пеп тун завгүй өнгөрөөсөн. Барселонагийн 38 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгууль хаяанд тулаад ирчихсэн хуучин багийнх нь эргэн тойронд хөл хөдөлгөөн ихтэй байв. Клубын түүхэн дэх хамгийн сул ерөнхийлөгчдийн нэг Хоан Гаспарын халааг залгах хүчтэй хоёр нэр дэвшигч байсан нь бизнесмен Льюис Бассат болон хуульч Хоан Лапорта. Йохан Кройфоор дэмжүүлсэн Лапортагийн сонгуулийн үндсэн амлалт нь Дэвид Бекхэмийг Камп Ноуд авчрах байлаа. Харин каталоны нөлөө бүхий улс төрч, баячуудыг өөртөө татсан Бассат клубыг өмнө нь хүрч байгаагүй шинэ түвшинд аваачна хэмээж байв.

Бассат өөрт нь спорт эрхэлсэн захирлын албан тушаалыг амлаж, багтаа нэгдэхийг урихад Гуардиола нэг болзолтойгоор хүлээж авсан. Авчрах од тоглогчоороо өгөөш хийж, санал авах сурталчилгааны хэрэгсэл болгохгүй байх. Өнөө маргаашаа аргацаасан ийм хямд аргаар ялалт байгуулахын оронд илүү том, алсыг харсан төслийг хөгжөөн дэмжигчдэд санал болгохыг тэр хүсэж байв. Рональд Куман эсвэл Хуанма Лильогоор удирдуулсан түүний цогцлоох шинэ Барсагийн цөмийг Иван Кордоба, Кристиан Киву, Эмерсон, Харри Кьюэлл нар бүрдүүлэх байв. Мөн Роналдиньог авахаар ПСЖ-тэй ярилцаж байлаа.

Ердөө Бразил шидтэний наймаан дээр дөрөөлж компанит ажлаа явуулахад л ялалт Бассатын гарт орох байсан боловч Пепийн шахалтаар авчрах тоглогчдынхоо нэрийг нууцалж, ил гаргаагүй нь түүний ялагдах үндсэн шалтгаан болсон. Эсрэг талд нь Лапорта Бекхэмд блауграна өнгө ямар сайхан зохихыг нүдэнд харагдаж гарт баригдтал ярьсаар байгаад л ерөнхийлөгч болчихсон юм. Энэ ялагдал Пепт чухал хичээл болсон. Гэхдээ цаг хугацааг ухраасан ч гэсэн сонгуулийн стратегиа өөрчлөхгүй байснаа, Бассатыг ахиж нэр дэвшвэл дэмжиж ажиллахаа тэр хэлдэг.

«Арай өөрөөр оролдоод бүтэлгүйтсэн маань үнэн. Тэглээ ч ахиад боломж олдвол өмнөх аргаасаа ухрахгүй»

Image

Мэдээж Бекхэм каталонд ирээгүй. «Галактикос»-той нийлж, оронд нь Рональдиног Лапорта авчирсан юм.
Юнайтедтай ойр ажиллаж байсан агент Пини Захавигийн задалснаар аваргуудын лигт тоглохгүй багт (Барса өмнөх улиралд нь Ла лигт 6-р байр эзэлсэн) очих сонирхол Бекхэмд анхнаасаа байгаагүй ажээ. Ердөө л сонгууль дуустал яриа хэлэлцээр явагдаж байгаа мэт харагдуулах л Лапортад чухал байж. Бүх зүйл түүний төлөвлөснөөр хэрэгжсэн. Мөн санал хураалт явагдах 6 сарын 15-ныг хүртэл аль хэдийн тохиролцоонд хүрчихсэн Реал Мадрид – Бекхэмийн наймааг далдлах даалгавраа амжилттай гүйцэтгэсэн Захавигийн шагналд төлөөлдөг нэг тоглогчийг нь Лапорта тэр зунаа худалдаж авсан юм. Турк хаалгач Рюштю Речбер.

Харамсалтай нь Фрэнк Райкард мань эртэй хэл амаа ололцож чадаагүй тул академийн төгсөгч Виктор Вальдесаа илүүд үзсэн юм.
Камп Ноуг шинэчлэх төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа Пеп Ойрх Дорнод руу явж Катарын Аль-Ахлитай нэгдсэн. Дөрвөн сая долларын цалинтай хоёр жилийн гэрээгээ Пеп мөнгөний төлөө гаргасан амьдралынхаа анхны бөгөөд сүүлийн шийдвэр гэдэг. Түүний адил гавьяаныхаа амралтыг эдэлж буй Габриэль Батистута, Фернандо Йерро, Клаудио Канижа, Сонни Андерсон зэрэг тоглогчид ч мөн Дохад байлаа. Эхний жилдээ Пеп ихэнх өдрүүдийг эдгээр хөршүүдтэйгээ хамт усан санд сэлэн, дэлгүүр хэсэж, ресторанд тухлан өнгөрүүлж байв.

Харин хоёр дахь улиралдаа Бразилын домог, 1958-62 оны Дэлхийн аварга Пепе буюу Жосе Масиагийн заавар зөвлөгөөг сонсож, хагас зуун жилийн турш хуримтлуулж цуглуулсан мэдлэг туршлагаас нь хуваалцах боломж олдсон билээ. Пепийн түүнээс хамгийн их асууж шалгаадаг сэдэв нь Дэлхийн аварга болоод агуу Пелегийн тухай байв. Катар Эмир цомд нэг удаа аваргалсныг эс тооцвол 18 тоглолттой Пепийн Аль-Ахли дахь карьерт онцгой үйл явдал байгаагүй. Хөлбөмбөгийн ертөнц ч нэг хэсэгтээ Пеп Гуардиола гэх нэрийг мартагнаж эхэлсэн байв.

2004 оны зун Итали сэтгүүлч Габриэль Маркотти сураг нь тасарсан цуутай хөлбөмбөгчдийн тухай нийтлэл бичих явцдаа Пептэй ярилцсан юм. Хөлс хүчээ урсган тэмцэж байсан бүхэн нь хэрхэн эсрэг зүгт өөрчлөгдөж байгааг харж харамссан ахмад дайчин түүнийг Катарт угтаж авсан.

«Биеийн хүч, хамгаалалт зонхилсон хэт тактикийн тоглолт руу хөлбөмбөгийн хөгжил чиглэж байна. Над шиг тоглогчид нүдний гэм болжээ. Бодож сэтгэх боломж өгөхгүй, бүгдийг нь нэг нэг байрлалд хөдөлгөөнгүй хадчихаар бүтээлч сэтгэлгээ нь яаж хөгжих билээ. Тэрүүхэн тэндээ л торонд орсон амьтан шиг эргэлдэхээс цаашгүй. Үзэж байгаа хүмүүст ч урамгүй»

Пепийн ярьсныг батлах жишээ нь сүүлийн хоёр жил дэх аваргуудын лигийн өнгө байв. Нягт хамгаалалт, хүчирхэг тоглогчид бүхий АС Милан-Ювентус, Порту-Монако багууд 2003, 2004 онуудад цомын төлөө өрсөлдсөн. Сонирхолтой нь дээрх хурд хүчний хөлбөмбөгийн философийн гол төлөөлөгч нь Пепийн эртний танил, экс хамтран зүтгэгч Жозе Моуринью байв. Челсид ирж «Онцгой нэгэн» болсноор Жозегийн үзэл баримтлал улам хүчээ аван алдаршсан ч гэсэн эхлээд Фрэнк Райкард, дараа нь Пеп Гуардиола түүнийг сөргөн зогсож, өөрөөр бас ялж болдгийг харуулсан юм.

2005 оны зун Манчестер Ситигийн шинэ менежер Стюарт Пирс Пепийг багтаа урьж зургаан сарын гэрээ санал болгосон. Арав хоногийн турш бэлтгэлд хамруулж, формыг нь сонжихдоо Пирс 34 настай Пепийг бүтэн улирлын ая дааж чадахгүй гэж дүгнэсэн бололтой. Мэдээж энэ дорд үзсэн гэмээр саналыг Пеп хүлээж аваагүй. Оронд нь дотны найз Хуанма Лильогийн удирдаж буй Мексикийн Дорадос де Синалоа багт карьерын сүүлийн улирлаа өнгөрүүлэхээр шийдсэн юм. Хорь хүрээгүй байхаасаа л дасгалжуулагчийн замналаа эхэлж, Ла лигийн түүхэн дэх хамгийн залуу менежер болсон Хуанматай Пеп анх 1998 онд танилцаж ойр шадар найзууд болцгоосон. Өөрөөс нь зургаахан насаар ахмад атлаа баг удирдах 20 жилийн туршлагагатай энэ хашир, хянамгай, ухаалаг эрийг Пеп «Маестро» хэмээн хүндэлж, арга барилаас нь суралцахыг үргэлж хүсдэг байсан. Үгүй бол юунд аюулгүй байдал, ая тухаа золиослон байж, хаа байсан газрын мухар дахь санхүүгийн хямралтай сураггүй багийг зорих билээ.

Ингээд хар тамхиний дайнтай, картелийн боссууд сүлжилдсэн Мексикийн баруун хойд хязгаар нутагт Пеп дасгалжуулагч болох сүүлийн шатны бэлтгэлээ базаасан юм. Хуанма түүнийг туслахаа болгон хамт багаа удирддаг байсан бөгөөд тавхан сарын дотор Пеп дотоод менежмент, санхүүгийн стратеги, наймааны бодлого, бэлтгэлийн хуваарь, хоолны дэглэмийн талаарх мэдлэгээ хэзээ ч байгаагүйгээр өргөжүүлж чадсан юм. Хөлбөмбөгт чин зүрхнээсээ хорхойтой, хэнээтнүүд болохын хувьд тэдний харилцан яриа заримдаа бүтэн шөнөжин ч өрнөдөг байлаа. Эхлээд тактик систем, дараа нь техник ур чадвар, тэгээд түүх уламжлал руу хальж явсаар үүр цайлгадаг байсан гэдэг.

МЕКСИК 2005

Image

Оройн хоолны дараах хундага дарсаар эхэлдэг Пеп, Хуанмагийн хууч хөөрөлт маргааш өглөө нь эрт ажилтайг ч эс харгалзан шөнийн турш үргэлжилдэг байлаа. Ам л нээвэл хөлбөмбөгийн сэдвээс хөндийрч чаддаггүй зуршлаараа хавь ойрынхноо уйдаах вий гэж биеэ барьдаг зангаа Пеп Лильотой уулзахдаа л зоргоор нь тавьж чаддаг байв. Йохан Кройфоос хойш Пепт хэзээ ч түүн шиг үнэнч туслагч, идэвхтэн сонсогч, итгэлт багш байгаагүй. Тоглогчоос менежер болох хувьслыг нь энэ хоёр эрхэмгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэдний сургаал, зөвлөмж л өнөөгийн Пепийг бүрэлдэн бий болоход хамгаас чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Кройф, Робсон, Ван Гаал, Капелло зэрэг агуу дасгалжуулагчдаас номын дуу сонсож, аваргуудын лигт хүртэл түрүүлэн нүд тайлсан ч гэсэн Пепт менежментийн тал дээр мэдэхгүй чадахгүй тулгамдах үе өчнөөн гардаг байв. Тэр болгонд хамгийн ойрын зөвлөгч Хуанма руугаа л залгана. Хамгаалалт, бэлтгэлийн арга зүйн мэдлэгээ Пеп хангалтгүйд тооцдог учир ихэнх асуулт нь түүнтэй холбоотой байна.

«Ийм нөхцөл байдлыг яаж зохицуулах вэ?», «Ингээд хийчихвэл үр дүн гарах болов уу?»

Өөр өөр улсад байхдаа тэд хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярилцдаг байсан. Харин Пеп Италид нүүж ирснээр амралтын өдөр бүр хундага тулгах боломжтой болсон юм. Ажлаа мэддэг, алсын хараатай, онол практикийн аль аль өнцгөөс өв тэгш боловсорсон дасгалжуулагч гэж Пеп найзыгаа үнэлдэг. Бужигнаад өнгөрөх нүд хуурсан өнгөц амжилт бус үлдэц далайцтай системийн үндэс суурийг нь тавихыг Лильо эрмэлздэг. Үүнээсээ болоод одоог хүртэл цом шагналгүй хэмээн том багуудад гологдон, дутуу үнэлэгдсээр явна.

Мексикт хагас улирал тоглоод Пеп 2006 оны 5 сард дасгалжуулагчийн курсээ гүйцээхээр Испанид буцаж ирсэн. Улмаар гурван сарын дараа УЕФА-гаар баталгаажсан А зэрэглэлийн гэрчилгээгээ гардан авч албан ёсоор менежер боллоо. Тэр жилийнхээ 11 сард Пеп Барселоны RAC1 радиод ярилцлага өгөх үеэрээ тоглогчийн замналаа төгсгөж байгаагаа зарласан юм. 26 жилийн турш Пеп мэргэжлийн хөлбөмбөгт алдар нэрээ дуурсгаж, авч болох бүхий л цом шагналыг өөрийн болгосон. Харин одоо огт өөр, илүү адармаатай аян зам түүнийг хүлээж байв.

Гэхдээ Пеп бусадтай адил шууд том багийн дасгалжуулагчаар томилогдохыг хүсээгүй. Мэдлэг боловсролоо ахиад ч баяжуулах шаардлагатай гэж үзсэн.

«Эрт орой хэзээ нэгэн цат би дасгалжуулагчийн замаа эхлүүлнэ. Ямар багаас гэдэг нь хамаагүй. Олдсон боломж бүрийг алгаа дэлгэн угтах болно. Өсвөрийн баг, хүүхдүүдтэй ажиллах санал ирвэл бүр ч баяртай хүлээж авна. Юм гэдэг алгуур, зугуухан, шат шатаар урагшлах ёстой. Бэлэн биш байж шууд өндөрт гарчихвал ачааллыг нь даахгүй дарагдаж мэднэ. Анхны алхам, ажлын гараагаа л зөв тавих нь чухал. Тэрнээс цааш бүх юм урсгалаараа өрнөчихнө»

Пүүзээ хананд өлгөсөн өдрөө Пеп тоглогчийнхаа замналаас олж авсан хамгийн үнэтэй хичээлээ ингэж тодорхойлсон юм. «Ялалт ялагдал байнга ээлжилж байдаг. Аль нэг нь мөнхөд үргэлжилнэ гэж үгүй. Тэгэхээр гутарч гуних хэрэггүй. Бас биеэ тоож бардамнах ч шаардлагагүй. Тууштай, уйгагүй, тэвчээртэй л бай. Ямар ч үед хөл дээрээ буцаад босож сур. Чамаас илүү авьяас чадалтай нэгэн байгааг хүлээн зөвшөөр. Алдаа гаргасан бол хариуцлагаа үүрч ахиад давтахгүйг эрмэлз. Суралц тэгээд хөгж»
Хөлбөмбөгийн эрдмийн оройд гарах хүсэл өвөрлөсөн Пепийн аяны дараагийн зогсоол нь Аргентин болсон. Энд тэрээр Рикардо Лавольпе (1978 оны Дэлхийн аварга хаалгач, Мексикийн шигшээ багийн экс менежер), Марсело Бьелса (Аргентин, Мексикийн шигшээ, Атлетик Бильбаог удирдаж байсан менежер), «El Flaco» Сесар Луис Менотти (Аргентинийг 1978 онд Дэлхийн аварга болгосон дасгалжуулагч) нартай танилцсан юм.

«Пеп надад асуулт тавьж хариултыг нь чих тавин сонсож байсан. Гэхдээ ярьж байгаа бүхнийг минь тэр аль хэдийн мэдэж байгаа шиг санагдаж байлаа» хэмээн Менотти ярьдаг.

Аргентинийг удирдах албанаасаа чөлөөлөгдөөд удаагүй байсан Марсело Бьелсатай уулзахаар Пеп Буэнос-Айресаас хойд зүгт 309 километрийн зайд орших Росарио руу найз Давид Труэбагийн хамт давхисан. Бьелса зочдоо гурван давхар харшдаа (charca) угтан авч мэнд усаа мэдэлцсэн мөчөөс л тэдний яриа үндсэн сэдэвтээ шилжиж бүтэн 11 цаг тасралтгүй үргэлжилсэн юм. Бьелса, Гуардиолад хэн хэнээсээ асууж тодруулах зүйл чамгүй их байлаа. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүсийн ёсоор тэдний дунд нөхөрсөг маргаан өрнөж, мэдлэгээ сорин мэтгэлцэж, уншиж судалснаа сонирхуулах зэргээр ам хуурайгүй ярилцсан. Байрласан хувилбарын тухай нэг яриандаа Труэбаг татан оролцуулж сандал барьж хамгаалуулсан удаа ч бий.

Өссөн орчин нөхцөл нь өөр, ондоо соёл уламжлалаар хүмүүжсэн, насны хол зөрүүтэй хоёр эрийн үзэл бодол, сэтгэлгээ ийм адилхан байхыг Труэба хараад гайхаж байлаа. Тэд хоёулаа талбай дээр ноёрхож, тоглолтыг хяналтандаа байлгахыг хүсдгээс гадна ямар ч нөхцөлд хойш сууж хашигналгүй эсрэг багийн хаалга руу довтлохыг гол зорилгоо болгодог. Хожил, оноо л авч чадахгүй бол хүний нүүр харахаас халшрам гутамшиг шившгийг тэд сэтгэлдээ мэдэрч, эрхэм дотно хүмүүсийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн шиг санагддаг. Энэ нажидаас алсуур өнгөрөхийн тулд ч өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийдэг. Гэхдээ яах ч аргагүй ялагдчихсан бол бусдаас буруу эрж шалтаг заахыг түүнээс ч дор мундарт тооцдог. Бас үнэт зүйл, ёс суртахуунаа уландаа гишгэн үр дүнгийн араас үхэн хатан хөөцөлдөхийг ч өршөөж боломгүй нүгэл гэж үздэг.

«El Loco»-гийн амнаас гарах үг бүрийг Пеп алдалгүй сонсож, тэмдэглэж авахыг хичээж байлаа.

«Дуулиантай ялалт, базаахгүй бүдрэлтийн аль нь ч тохиосон хувцас солих өрөөний уур амьсгалыг нэг хэмд барьж байх нь чухал. Хийж байгаа зүйлд чинь тэд бүрэн итгэж, ирээдүй нь найдвар гарт байгаа гэдгийг мэдэрч байх нь чухал. Үгүй бол тавгүйтэж, урам зоригоо алдана. Тоглогч болгоны хичээл зүтгэл, хожих эрмэлзлэл нийлж байж л багийг тогтвортой амжилтанд хүргэнэ. Бүгдэнд нь ижил хандаж, халамж анхаарлаа хүргэж байх нь чухал. Өөрийгөө ойлгуулж, нэг хэсэг нь болж чадахгүй байж баг хамт олон удирдана гэхэд хэцүү»

Росариогоос Пеп эрч хүч, шинэ санаагаар цэнэглэгдэн, үлдсэн насаараа холбоотой байх үнэнч найзтай болоод буцсан. Харин Бьелса хөлбөмбөгт хувьсгал эхлүүлэх хүчирхэг менежер гарч ирж байгаа гэдэгт итгэлтэй үлдсэн юм. Пепийг сорьж тавьсан сүүлийн асуулт нь түүний эцсийн эргэлзээг үгүй хийсэн.

«Аль ч спортын хөшигний цаана улс төрөөс дутахааргүй явуулга, хуйвалдаан, ашиг сонирхлын зөрчил өрнөж байдгийг чи эрхбиш мэдэх байлгүй. Арван хэдэн жил тоглохдоо энэ бүхнээс залхаагүй гэж үү. Яагаад заавал дасгалжуулагч болох гэж зүтгээд байгаа юм. Тулаан тэмцэлд тийм их дуртай хэрэг үү?»
«Дуртай. Өөрөөр амьдарч чадахгүй»

2011 онд Бьелса Ла лигт эргэн ирж Атлетик Бильбаогийн менежер болсноор тэдний харилцаа улам бэхжиж, ойр ойрхон нэгнийдээ зочлох боломж бүрдсэн юм. Зөвлөгөө авахаар ирсэн Маурисио Почеттино, Матиас Альмейда, Марсело Гальярдо зэрэг шавь нартай нь давхцан хамт ширээ тойрон суух ч үе гарна.

Image

Бьелсагийн баримталдаг зарчим, тактикийн шийдэл, сургаал философийг Пеп ажлынхаа арга барилд тусгаж, хэрэгжүүлж байгаа нь сэтгүүлч, судлаачдын анхаарлын гадуур өнгөрөөгүй. Магадгүй хэвлэлийн бага хурлын үеэр түүний үгнээс эш татаж, «дэлхийн шилдэг менежер» хэмээн нэрлэснээс ч үүдэлтэй байх. Юутай ч тэднийг харьцуулж, ямар харилцаатайг нь сонирхох хүмүүс яваандаа олшрох болсон. Харин Пеп ийм хариулт өгсөн юм.

«Хэн ч бүхнийг мэдчихсэн бүрэн мэдлэгтэй төрдөггүй юм. Ухаантай, чадалтай, түшигтэй нэгнийг дагаж хөгжиж боловсордог. Миний хувьд тийм хүмүүсийн нэг нь Марсело Бьелса»

Олж мэдсэн зүйлстээ хэзээ ч сэтгэл ханаж, хангалттай гэж хэлэхгүй байх нь Пепийн өөртөө тулгадаг дүрэм. Амжилт ялалт гэдэг бол тэр чигээрээ суралцаж хөгжих үйл явц. Аргентинаас буцаж ирээд Пеп хуримтлуулсан онолын мэдлэгээ практикт туршиж, ажлын гараагаа эхлэх цаг нь болсон гэж шийдсэн. 56 жилийн дараа ла лигт эргэн дэвшээд байсан каталоны «Химнастик Таррагона» клубээс анхны санал ирэв. Луис Энрикег ч хамт ажиллуулах тухай яригдаж байлаа. Гэвч эцэст нь дэндүү залуу, дээд лигт ажиллаж үзээгүй гэх үндэслэлээр саналаа буцааж авсан. Өөр ямар боломжууд байгааг судалж байтал Барселоноос дуудлага ирлээ. Төрөлх баг нь түүнийг мартаагүй байжээ. Яг л 22 жилийн өмнөхтэй адил Пеп сэтгэл догдлон ачаа тээшээ баглаад тэр өдөртөө л Камп Ноуг зорьсон юм.

(ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby kayo » Wed Apr 08, 2020 2:16 pm

Гоё шүү Баяраа. Хүлээгээл байгаа.

Лапортагийн сонгуульд Бассат нь гарсан бол яах байсан юм болдоо. Яг тэр сонгуулийг санадгийн, Бекхемийг авчирна гэж их ярьсан даа, ёстой гол хөзөр нь байсан, тухайн үед МЮ-гийн тоглолыг их хардаг байсан, ирчихээсээ гэж их хүсч байсан даа, тэгсэн Бек СЛ-н түвшний бус багт очихгүй гэхээр нь шал дургүй хүрч билээ. Бек тэгээд реалд очоод юүн СЛ, ганц л ла лийг авсан санагдаж байна. Тухайн үедээ даруухан байсан Ронни харин манайд ирээд СЛ, хэд хэдэн ла лийг авчихсан даа.

Ронийг биш Бекийг авчихсан бол манайх эсэргээрээ мяарах ч байсан байж магадгүй.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Цоомоо » Wed Apr 08, 2020 4:57 pm

Зүгээр нэг орчуулсан биш, бүр мэргэжлийн орчуулагч шиг үг сонголт, найруулгатай явжээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Devil 7 » Thu Apr 09, 2020 8:40 am

Гоё бнаа..Уншаад л бгаа шүү
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Wed Apr 15, 2020 12:48 pm

...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"

(ҮРГЭЛЖЛЭЛ)

МОНАКО

Гуардиолаг өөрийгөө олохоор Өмнөд Америкаар аялах хооронд Фрэнк Райкард уналтанд орсон Барселонаг буцаан хөл дээр нь босгож европын тэргүүн баг болгосон. Парист Арсеналыг хожиж өргөсөн Аваргуудын лигийн цом түүний гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн оргил үр дүн байлаа. Таван жил тасраад байсан Ла лигийн түрүүг ч бас хоёр улирал дараалан Камп Ноуд авчирсан. Барсагаар давамгайлуулсан ээлжит нэгэн эрин хөлбөмбөгт ирж байгааг амтай болгон шуугиж байв. Үүнийг батлах мэт 2006 оны УЕФА-гийн супер цомын өмнөх шагнал гардуулах ёслол дээр хаалгачаас бусад бүх шагналыг Барсагийнхан хамсан.

Карлес Пуйоль шилдэг хамгаалагч, Декү шилдэг хагас хамгаалагч, Самюэль Это’о шилдэг довтлогч, Роналдиньо шилдэг тоглогч тэгээд Фрэнк Райкард шилдэг дасгалжуулагч. Халгиж цалгисан авьяас, хашир туршлагыг төгс хослуулсан энэ багийн хурдыг сааруулж мэдэх ганцхан аюул байсан нь сахилга бат. Тоглогчдоо хатуу гараар барьж чадалгүй хэт зөөлөн хандсан нь чухам Райкардын Барсаг богино хугацаанд бутаргасан. Хананд ан цав гарч эхэлснийг Монакогийн үдэш ч харж болохоор байв. Каталон сэтгүүлч Льюис Канут тэнд байсан дурсамжаа «Els secrets del Barca» номондоо ийн үлдээсэн байдаг.

«Шагнал гардуулах ёслолын дараа Фрэнк Нидерландын поп хамтлагийг ширээндээ урьж олон хүнийг гайхшруулсан. Маргааш нь европын супер цомд Севильятай тоглохоо ор тас мартсан мэт. Тэндээс Барсагийн нэг ч тоглогч шууд зочид буудал руугаа буцаагүй. Хүссэн цагтаа харих зөвшөөрлийг Райкардаас аваад шөнө дунд болтол шоудсан. Өглөө эрт Роналдиньо ивээн тэтгэгчдийнхээ зураг авалтанд оролцохоор явж, бусад нь хоёр гурваараа хэлхэлдэн Монакогийн дэлгүүрүүдээр хэсэж байгаад үдээс хойш л дөнгөж бэлтгэлийн талбайд цугласан. Итгэмээргүй. Эсрэг талд нь Хуанде Рамос хий огт гаргаагүй. Урьдын адил нягт нямбай бэлдэж, багийнхнаа тултал нь шахаж байлаа»

Тоглолтонд Севилья 3:0-ээр хожсон. Хоёр сарын өмнө Европын цом өргөсөн Барсагийн сүүдэр л тэр үдэш «Луи II» цэнгэлдэхэд үзэгдэж байв. Ирж буй тааруу улирлын өнгийг сануулсан анхны түгшүүрийн дохио нь энэ болсон юм.
Райкардын туслах Хенк Тен Кате Аякс руу явснаар багийн дотоод тэнцвэр алдагдаж, дэг журам сулрах эхлэл тавигдсан гэж зарим мэргэжилтнүүд үздэг. Шаардлага тавьж ширүүлж чаддаггүй, туршлага нимгэн Нидерланд эрийн сул талуудыг нөхөж эмх цэгц сахиулахаас эхлээд тактик төлөвлөгөө боловсруулах үүргийг хүртэл Тен Кате гүйцэтгэдэг байсан.

«Би сонины нүүрэнд гардаг боловч багийн жинхэнэ тархи нь тэр байсан» гэж Райкард баталдаг.

Сахилга алдсан хэнийг ч Тен Кате илэн далангүй шүүмжилж, хамт олных нь өмнө буруутгахаас буцаж байгаагүй. Ялангуяа Роналдиньо жингийн дээд хязгаараа хэтрүүлснээсээ болоод түүний зэмлэлийг их сонсдог байлаа. Бразил эрийг анх ирсэн цагаас л хараандаа байлгаж, хөнгөн долгин занг нь хазаарлаж байх ёстойгоо Тен Кате ухамсарласан ажээ. Хянаж цагдаж, хэлж сануулах хүнгүйгээр Ронни формоо тогтмол хадгалж чадахгүй нь тодорхой байлаа. Самюэль Это’ог хөлөө олж, хөгжихөд ч Тен Кате онцгой нөлөө үзүүлсэн. Өчигдрийнхөө алдаанаас суралцаж, өмнө нь байснаасаа үргэлж өсөн дэвжихийг тэрээр Камерун эрээс шаарддаг байлаа.

Харин ингэж хүчилж тулгах хүнгүйгээр Барсагийн хувцас солих өрөө хэдхэн сарын дотор хөл толгой нь олдохгүй бужигнаан болж хувирсан. Райкардын дундаа орсон нөхөрсөг харьцаанд дулдуйдан дураар дургих том толгойтнууд олширч, Йохан Нескенс туслахаар томилогдоод ч нөхцөл байдлыг өөрчилж чадаагүй. Тэнгэр газар шиг тэс өөр ааш араншинтай Райкард, Тен Категийн муу цагдаа/сайн цагдаагийн арга барил нэг нэгнээ нөхөөд яваад байж болсон бол жингийн нэг туухай нь алга болсноор бүх зүйл буруу тийшээ эргэсэн нь энэ. Ажиггүй назгайрсан байдал удаж лавшрах тусам тоглогчдын урам зориг, хүсэл сэтгэл хумигдан суларч, хичээл зүтгэл нь багасаж байлаа. Хэт таргалж харвингаа унжуулсан Роналдиньогийн зураг Барсад юу болоод байгааг улирлын дундуур «Спорт» сонин илчилж шуугиан дэгдээсэн.

Каталоны хэвлэлүүд түүнийг Камп Ноугийн зүлгэнээс илүү Кастельдефельсийн (Барселоны шоу цэнгээний дүүрэг) бүжгийн тайзан дээр ихэнх цагаа өнгөрөөж байгааг шүүмжилж, элдвээр нэр хоч өгөн тохуурхаж байв. Сантьяго Бернабеуг ганцаараа шахам газартай тэгшилж, Мадридиста нараар алга ташуулж байсан тоглогч жил хүрэхгүй хугацааны дотор ингэж танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн нь хэн хүний гайхшийг барсан. Гоол хийж, дамжуулалт өгч байсан ч гэлээ урьдын ялах тэмүүлэлтэй тэмцэгч Ронниг үзэгчид олж харахгүй байлаа. Түлхүүр тоглогчийнх нь уналт Райкардын нүдний өмнө болсон үйл явдал. Том болж төлөвшсөн хүн өөрөө өөртөө хязгаар тогтоож, хариуцлагатай байж чадна гэх хандлагаар тэр энэ асуудалд хандсан. Маш том алдаа. Мөнхийн өөдрөг дэврүүн үзлээрээ бүх юмны учир өөрөө яваандаа олдчихно гэж итгэсэн хэрэг. Мэдээж тэгээгүй.

Улирлын дөнгөж эхэнд Самюэль Это’о өвдөгний мениск холбоосоо тасалж хагалгаанд ороод он гартал буцаж ирээгүй нь тэр улиралд (2006-07) Барсаг дайрсан бас нэгэн гай барцад байв. Эмчилгээ хийлгэж байхдаа Камерун довтлогч бараг дөрвөн сар гаран багийнхантайгаа ирж уулзаагүй. Үр дүнд нь клубын өдөр тутмын амьдралаас холдож, хамтран зүтгэгчдээсээ хөндийрчихсөн буцаж ирсэн. Багаас гадуур бэртлээ эдгээх зөвшөөрлийг Райкард түүнд өгөхдөө үүнийг бодолцож үзээгүйнхээ горыг эргэж ирснийх нь дараа амссан юм.

12 сарын дундуур Барселона клубын ДАШТ-д оролцож Алешандре Пато тэргүүтэй Интернасьоналд хожигдсон. 1–0-ээр өндөрлөсөн тус финалын өмнө Барсагийнхан ямар онцлог, ямар тактиктай багийн эсрэг тоглох гэж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Ердөө л талбайд гараад юу чаддагаа харуулахыг Райкард тоглогчдодоо даалгасан. Аз болоход багийн ахлагч Пуйоль Карлес Интернасьоналын өмнөх тоглолтуудыг үзэж байсан тулдаа өрсөлдөгчийнхөө сул талуудыг бусдадаа хэлсэн юм. Гэвч базаахгүй бэлтгэгдсэн Барсаг Бразилын багийн хамгаалалтыг сэтэлж чадалгүй байсаар цаг дуусахын өмнө гоол алдан цомоо булаалгасан юм.
Аргацааж аргалсан ийм үлбэгэр явцгүй байдалд өөрсдийгөө дэлхийн шилдэг баг гэж үнэлэх боломж тоглогчдод байгаагүй. Ирээдүйдээ итгэх итгэл нь алдарсан. Монако дахь европын супер цомын ялагдал ан цав гарч эхэлсний анхны шинж тэмдэг болсон бол клубын ДАШТ-аар хагарал хяналтаас гарсан нь батлагдсан юм.

Өвлийн амралтаар л гэхэд Роналдиньо, Декү, Рафаэль Маркес тусгай эрх эдэлж, илүү хоног зугаалж яваад бэлтгэлдээ хоцорч ирээд ямар ч зэмлэл хүртээгүй. Энэ мэтчилэн жижиг сажиг сахилгын зөрчилд ач холбогдол өгдөг хүн Барсад байхгүй болсон байлаа.

Хөлбөмбөг эрхэлсэн захирал Чики Бегиристайн энэ бүхнийг харж байсан. Гэхдээ бусадтай л адил оргилд гарсны дараах түр зуурын төөрөгдөл хэмээн үзэж хүлээхээр шийдсэн. Улирлын нэгдүгээр хагас өндөрлөхөд клуб Ла лигийн хүснэгтийн аман хүзүүнд бичигдэж байсан нь ч үүнд нөлөөлсөн. Тэргүүлэгч Севильягаас хоёр онооны ард, Реал Мадридаас гурван онооны урд. Аваргуудын лигт хэсгээсээ шалгарч, шөвгийн 16-нд Ливэрпүүлтэй оноолт таарчихаад байхад явцгүй байна гээд хөндлөнгөөс оролцох нь түргэдсэн хэрэг болно гэж Чики тооцсон хэрэг.

Image

Хоёр сарын эхээр Самюэль Это’о бэртлээсээ эргэн ирж сэлгээнээс талбайд гарч эхэллээ. Эзгүй байсан дөрвөн сард нь хувцас солих өрөөний уур амьсгал хэр зэрэг хувирсныг хараад тэр үнэхээр цочирдсон. Топ түвшний багт ийм тогтолцоо тохирохгүй, хэзээ нэг цагт сүйрэлд хүргэнэ гэдгийг ил тодоор хэлж байв. Райкардтай энэ сэдвээр ам мурийж ч үзсэн. Багаас явах тухай бодлоо ч эргэн тойрныхондоо цухуйлгаж байв. Гэтэл гал дээр тос нэмсэн үйл явдал 22-р тойрогт болж хоёр эрхмийн зөрчлийг улам хурцатган даамжируулах нь тэр. Расинг Сантандертэй хийсэн тоглолтонд Это’о өөрийнх нь үгийг үл ойшоон талбайд гарахаас татгалзсан тухай Райкард хэвлэлийнхэнд ярьж, араас нь Роналдиньо Камерун хамтрагчаа «Хувиа хичээж хамт олноо хохироосон» хэмээн буруутгасан юм. Харин Это’о хангалттай биеэ халааж амжаагүй байсан учир бэртэл авахыг хүсээгүй хэмээн өөрийгөө өмгөөлсөн. Түүний өнцгөөс энэ бүхэнд улс төрийн шинж чанар агуулагдаж байлаа.
«Ерөнхийлөгч (Лапорта) болон Розелийн талуудын дун дахь хүйтэн дайны нэг хэсгийг та нар харж байна. Нэлээн хэдэн жилийн өмнөөс дэгдсэн явдал. Удаан ч үргэлжлэх байх»

Барсаг хоёр талцан хуваагдахад хүргэсэн дээрх хүйтэн дайн нь клубын дэд ерөнхийлөгч Сандро Розель 2005 онд ажлаа өгснөөр эхэлж, Лапортаг анх ерөнхийлөгч болохдоо өгч байсан амлалт, зорилгоосоо ухарч гажсан хэмээх шүүмжлэл, дайралтуудаар өрдөгдсөн юм. Это’о ерөнхийлөгч Лапортатай ойр дотно харилцаатай байдаг бол Розель Роналдиньог найзын хувиар ятгаж каталонд авчирсан гол хүн. Үзэл баримтлалын энэ зөрүү нь Это’о, Ронниг талбайн гадна мэндлэхээ болих үндсэн шалтгаан болсон.

«Намайг хувиа хичээсэндээ тоглолтонд оролцоогүй гэж хэл амаа билүүдэхийн оронд тэр хүн өөрийгөө л хичээсэн нь дээр»

Это’огийн зөгнөж, анхааруулсан зайлшгүй ирэх ёстой бүтэлгүйтлүүд ч удаан хүлээлгэсэнгүй. Клубын цом өргөх боломжууд нэг нэгээрээ хорогдож эхлэв. Аваргуудын лигийн аялал дөнгөж шөвгийн 16-д Ливэрпүүлд ялагдсанаар дуусгавар болж, сарын дараа Эзэн хааны цомын хагас шигшээн хариу тоглолтонд 4:0-ээр бут ниргүүлэв. Хетафег эхний тоглолтонд 5–2-оор хожсоноо Райкард хангалттай гэж үзээд Месси, Роналдиьог сэлгээнд үлдээж нөөц багаа гаргасан нь ийм гутамшигт хөтөлсөн. Реал Мадридтай урд хойноо орж явсаар Ла лигийн сүүлийн тойрогт аз таараад түрүүлчихсэн бол магадгүй Райкардын байр суурь тэгтлээ хүчтэй ганхалгүй, ялалтын сүр дуулианаар далдлаад өнгөрч болох байсан байх. Улирлын дундуур Реал Мадрид Барсагаас зургаан оноо алдаж байсан боловч өрсөлдөгчийнхөө тогтворгүй, үлгэн салган байдлыг ашиглан дутуугаа нөхсөөр 38-р тойргийн дараа адил 76 оноотой улирлыг дуусгасан. Хоорондын хоёр тоглолтын нэгэнд нь Реал Мадрид хожиж, нөгөө нь тэнцээгээр өндөрлөсөн учир Ла лигийн түрүү Эзэн хааны Фабио Капеллогийнх болсон юм. Ийнхүү зургаан тэмцээнд аваргалах найдлагатай эхлүүлсэн улирлын эцэст Барсагийн шагналын цуглуулганд гагц испаний супер цом л нэмэгдсэн.

Лапорта яагаад Райкардыг халалгүй харж үзсэнийг хүмүүс олон янзаар тайлбарладаг. Үнэнд дөхөх таамаг гэвэл удаан хугацаанд тогтвортой ажиллаж, хүчирхэг багийн суурийг тавьж чадах чадалтай нэр дэвшигчийг олтлоо Лапорта түр хүлээхээр шийдсэн. Клубын түүхэнд европын цом өргөсөн хоёр дахь дасгалжуулагч болж үүрд дурсагдах гавьяа байгуулсных нь хувьд Райкардад ахин нэг боломж олгохыг ч мөн бодсон байх. Үнэндээ сахилга бат, системээ л сайжруулчихвал тэр үеийн Барсад авьяас чадалтнаар дутна гэх зовлон байгаагүй. Шави, Иньеста, Пуйоль, Вальдес ид хорин хэдтэй эр бяр нь тэгширч, Месси, Боян, Педро, Дос Сантос гэсэн академийн залуу халаа араас нь хүч түрэн гарч ирээд байлаа.

«Els secrets del Barca» номондоо Льюис Канут үргэлжлүүлэн бичсэн нь.

«Гол нь Нидерланд эрхмийн алдаагаа ухамсарлаж, ахиад нэг оролдоод үзэх чин сэтгэлийн хүсэлт тавьсан болохоор Лапорта халах тушаалаа хойш тавьсан байх учиртай. Бас явуулах тоглогчдын тоонд оруулчихсан байсан Роналдиньогийн ид шидийг эргүүлэн авчрах ам өчгийг ч Райкард өгсөн»

Энэ номонд ороогүй өөр нэгэн үйл явдал бол Лапорта биечлэн Роналдиньотой уулзаж шоу цэнгээнээ багасган тоглолтоо сайжруулахыг шаардсан ажээ. Кастельдефельс дахь Роннигийн гэрт зочлохдоо ерөнхийлөгч түүнээс ирэх улиралд юу юу хүлээж байгаагаа, итгэлийг нь алдвал ямар шийтгэл оногдуулахаа товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгсөн юм. Бразил эр ч өөртөө үнэлэлт дүгнэлт хийж, өмнөх формоо олохоо амласан.
Энэ хооронд Пеп Гуардиола Өмнөд Америк дахь аяллаа дуусган эх орондоо эргэж ирээд байлаа. Нэгэн үдэш утас нь дуугарч Чики Бегиристайны танил хоолой сонсогдов.

«Гэртээ буцаж ирэх цаг чинь болжээ»

* * *

Пептэй хамт тоглолт үзнэ гэдэг хөлбөмбөгийн ахисан түвшний түргэвчилсэн сургалтанд хамрагдаж байгаагаас өөрцгүй. Харж, ойлгож, сурч байгаа бүхнээ тэр хажуудаа байгаа хүнтэй хуваалцахыг хүсдэг.
«Ямар ч үед бөмбөг хүнээс хурдан. Тэгэхээр өөрийгөө биш бөмбөгийг гүйлгэ»
Хэмээн тэрээр өөрийнхөө амьдрал болоод ажлын үндсэн чиг шугам, үзэл санаа, гүн ухааныг аравхан үгэнд багтаан бүрэн илэрхийлж чаддаг.

«Хараач, түүнийг хардаа. Тэнд байгаа тоглогч хамтрагчдаасаа нуугдаад байна. Багийнхандаа үргэлж харагдахаар бөмбөг хүлээж авахад бэлэн байрлалд зогсож байх ёстой» гэж тэр суудлаасаа өндөлзөн дэлгэц рүү орчих шахан хашгична.

«Бөмбөг чамд ирсэн л бол хэнд, хэзээ дамжуулахаа эргэлзээгүй мэдэж байх хэрэгтэй. Үгүй бол битгий дамжуул. Өөртөө хадгал. Хаалгач руугаа буцаа. Ямар ч байсан хуумгай үйлдэл хийж бөмбөгөө эсрэг багт алдсанаас л хавьгүй дээр»

Энгийн энэ хар ухаан дээр л суурилж тэр бүх тактик, төлөвлөгөө, схемээ боловсруулж, ажил хэргээ амжуулдаг.
«Хөлбөмбөг бол хамгийн энгийн спорт тоглоом. Ердөө л хөл чинь толгойндоо захирагдах үүрэгтэй» гэж Пеп хэлэх дуртай боловч энгийн зүйлийг хийхээс илүү хэцүү даалгавар энэ дэлхийд заримдаа байдаггүй ч бас гадарлана.
Хөлбөмбөг үзэж байхдаа Гуардиолагийн давтдаг байсан өөр нэгэн амны уншлага бол «Нэг л өдөр би Барселонаг дасгалжуулах болно».

Магадгүй Мануэль Эстиартегээс илүү олон удаа энэ өгүүлбэрийг сонссон хүн Пепийн ойрын хүрээлэл дунд байхгүй байх. Адриатын тэнгисийн зүүн эрэг, Италийн төв зүрхэнд орших үзэсгэлэнт Пескара хотын халуун илчтэй наранд ээлгэн, алтан шаргал элсэн дээр нь хөлбөрөн үдсэн зуны дурсамжит тэр нэгэн өдрүүдэд. Хоёр найз жил бүрийн долоон сарыг тэнд гэр бүлийнхэнтэйгээ хамт амарч өнгөрүүлдэг уламжлалтай. Наяад оны дундуур Пескарагийн усан пологийн багт тоглож байхдаа Мануэль энд байшин худалдаж аваад, итали бүсгүйг эхнэрээ болгон суурьшсан цагаасаа хойш эндээс огт нүүгээгүй. Итали бол түүний хоёр дахь гэр. Тиймээс ч Пепийг Брешиад тоглохоор ирэхэд нь туйлаас баярлан угтаж, таньж мэдэхгүй оронд ая эвээ олон төвхнөхөд нь найздаа тусалсан юм.

Пескарад, Эстиартегийнд үлдээсэн зуны мартагдашгүй өдрүүдээ Пеп үргэлж инээмсэглэл тодруулан догдолж дурсдаг. Үнэхээр ч сэтгэл даллан зүрх чангаасан ид шидийн гэмээр эгэлгүй сайхан нутаг. Адриатаас үлээх үл ялиг чийгтэй зөөлөн салхинд илбүүлэн бүүвэйлэгдэж, цацрах туяа бүр нь тамир нэмэх төөнөсөн наранд ээлгэн өглөөнөөс үдэш хүртэл торго адил зөөлөн элсэн дээр эрхлэх юутай таатай. Хорвоо ертөнц тэнхлэгээ эргэн хувирдгийг мартагнуулам ийм нэгэн найман цагийн дараа хоёр найз гэр бүлийнхэнтэйгээ хамт амралтын харшдаа буцаж ирцгээнэ. Биеэ сэргээн усанд орж, хувцсаа солиод оройн хоолны өрөөнд цуглацгаана. Өдрийнхөө үлдээсэн яриаг тэнд үргэлжлүүлэх агаад шөнө дунд өнгөртөл халуун дулаанаар хууч хөөрөнгөө Эмилия-Романьягаас тусгайлан авчирсан тансаг улаан дарсыг шимнэ. Амралт гэдэг чухам ийм л байдаг хойно.

Үзэл бодол нийлдэг, үнэт зүйлс нэгтэй найзаасаа Пеп нэг ч зүйлээ нууж байгаагүй. Зорилго мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, харамсал гэмшил, итгэл найдварынхаа эрхэм чухал бүхнийг тэдгээр өдрүүдэд уудлан ярилцдаг байв. Олон нийтийн газар ч гэлээ хоёр найзын ярианд саад болж сарниулах тохиолдол Пескарагийн наран шарлагын газарт бараг гардаггүй байлаа. Хөлбөмбөг сонирхогч тэнд ховор байдаг ч юм уу, бусдын тав тухыг алдагдуулж хөндлөнгөөс ярианд нь оролцохыг цээрлэсэн хүмүүжил ёс суртахууны дэгтэйдээ ч тэрүү, Пеп тэнд хэнд ч анзаарагдалгүй уусан алга болж энгийн нэгэн шиг байж чаддаг байв. Эсвэл ердөө л Пеп Барса дахь дасгалжуулагчийн замналаа эхэлж амжаагүй байсан болоод л тэр байх. Ямартай ч Пескарагийн элсэрлэг эрэг тэдгээр өдрүүдэд Гуардиолагийн хувьд авралын сүм, амар амгалангийн ариун гонхон байв.
Одоо бол мэдээж түүнийг тэнд таван минут тайван алхуулахгүй. Гарын үсэг, гэрэл зураг хүссэн хөгжөөн дэмжигч, жуулчин, хүний хэрэгт дурлагчид тал талаас нь тойрчихно.

2017 оны 7 сар. Пескарагийн эрэг. Мексик, Аргентин дахь эрдмийн эрэл хайгуулын аяллаа Пеп дуусгаж, европт дөнгөж буцаж ирээд байсан үе. Тоглогчийн өдрүүдээ албан ёсоор өндөрлүүлж, хойшид хэрхэхээ эргэцүүлэн тунгааж байсан цаг. Тэнгисийн эрэг дагуу хэсэг зуур чимээгүй хамт алхаж байснаа Пеп найздаа нэгэн сонин мэдээ сонсгов.

«Барселона надад ажлын санал тавьсан. Буцаж ирээч гэж байна»
«Хөөх тийм үү»
«Тийм. Өсвөрийн багууд хариуцсан захирлын албан тушаалд»
«Яг болох юм бишүү. Чи төлөвлөж зохион байгуулахдаа сайн. Бас хүүхдүүдтэй ажиллах дуртай шүү дээ»
«Тийм ээ. Гэхдээ мэдэхгүй. Нэг л эргэлзээд байна...»
«Юунд нь эргэлзэх гэж. Төрөлх баг чинь чамайг дуудаж байна шүү дээ»
«Ийм юм л даа. Би Барсагийн Б багт ажилламаар байна. Дасгалжуулагчаар. Ажлын анхны шангаа тэндээс л татах нь зөв юм шиг»
«Гэхдээ Б баг чинь доошоо унаад бүр терсера дивизионд тоглож байгаа биздээ»

Учир зүй, логикоор бодох юм бол дээд лигт ч өлхөн ажиллачих нэр хүнд, мэдлэг чадвар хуримтлуулчихаад дөрөвдүгээр дивизион руу хараална гэдэг бол өөрийгөө дэндүү доогуур үнэлж, үнэ цэнээ унаж байгаа ухаангүй буруу явдал. Ядаж л хүний урманд хүмүүс тоож ярилцдаг, үр дүн нь сонин сэтгүүлийн хойд нүүрэнд ч болтугай хэвлэгддэг түвшнээс менежерийн гараагаа эхлэхийг алсын хараатай, амбиц тэмүүлэлтэй хэн бүхэн бодолцох байсан. Харин Пепт бол энэ бүх бясалгал, зэмлэл, шүүмж огт падлийгүй. Тэр шийдсэн л бол шийдвэртээ бат зогсдог. Хийх хэрэгтэй, хожмын өдөр үр дүнг нь амсана гэж итгэсэн л бол хэн ч түүнийг зогсоож, замаас нь буцааж чадахгүй. Нөхрийнхөө энэ зөрүүд занг эрхбиш мэдэхийн хувьд Мануэль тэр үдэш, тэнгисийн эргээр алхалж байхдаа энэ сэдвээр өөр юм яриагүй. Үгүйсгэж, буруутаж болох өчнөөн олон үндэслэл, өнцөг, тайлбар толгойд нь түм бумаараа уралдан орж ирж байсан ч гэсэн. Учир нь тэр Пепийг хэнээс ч илүү мэднэ.

Камп Ноуд ямар ч дүрээр эргэж очлоо гэсэн «Мөрөөдлийн баг»-ийн хуучин хамтрагчид, менежертэйгээ харилцаагаа сэргээж эвлэрэхгүйгээр үр дүнд хүрч чадахгүй гэдгээ Пеп мэдэж байв. Хоёр асуудлаас болоод Йохан Кройф болоод Пеп Гуардиолагийн дунд хагарал үүсэж, хоорондоо үг дуугарахаа болиод байлаа. Бүтэн дөрвөн жилийн хугацаанд тэд нэг ч удаа уулзах эсвэл утсаар яриагүй. Багш шавийн барилдлага холдон хөндийрөхөд нөлөөлсөн эхний үйл явдал нь Ван Гаалын наймааны бодлоготой холбоотой. Халааг нь аван Барсагийн жолоог атгасан даруйдаа Ван Гаал өсвөрийн академийн төгсөгчдийг (Оскар, Рожер Гарсиа, Альберт Селадес, Тони Веламасан, Франсиско Руфете г.м) баруун солгойгүй багаасаа явуулж эхэлсэнд Кройф туйлаас эгдүүцсэн. Тэгээд Ла Масиагийн залуустаа туслаж, Нидерландын эрхмийн наймааны бодлогод нөлөөлөхийг даалгасан боловч Гуардиола татгалзсан хариу өгчээ. Менежерийн ажилд хөндлөнгөөс хутгалдаж, хэл аманд ороогдох сонирхол түүнд байхгүй байлаа.

Харин хоёр дахь шалтгаан нь өнөөх 2003 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эсрэг талд нь орж ажилласан явдал. Хоан Лапортагийн гол өрсөлдөгч Льюис Бассатын багт нэгдэж, түүнийг ялалт байгуулбал хөлбөмбөг эрхэлсэн захирлаар нь ажиллахаар Пеп амлалт өгснөөрөө Кройф болоод Чики, Амор, Эусебио зэрэг «Мөрөөдлийн баг»-ийн бусад хамтрагчдынхаа хувьд улс төрийн сөрөг хүчин болж хувирсан юм. Сонгууль явагдахын өмнө дээрх тоглогчид, Йохан Кройфтой зөвлөлдөөд, нэр дэвшигчдийн хэнийг ч ил тодоор дэмжиж компанит ажилд нь дуу хоолой нэмэхгүй, харин олонхийн санал авч ерөнхийлөгч болсон нэгэнд хожим хүчээ өгөн хамтран зүтгэхээр тохиролцоод байлаа. Гуардиола энэ уулзалтанд оролцоогүй боловч хуучин багийнхан нь түүнийг өөрсдийнх нь жишгийг дагана хэмээн тооцож байв. Тиймээс Бассатыг дэмжих шийдвэрийг нь нөхдөөсөө нүүр буруулж, урвасан хуншгүй алхам гэж хүлээж авсан. Тэгээд дараагийн жилүүдэд нь дөлж, холбоо бараг бариагүй.

Пеп Гуардиолаг Алешанкогийн (Мөрөөдлийн багийн гишүүдийн нэг) хамт академийн захирлаар томилох тухай төлөвлөгөөгөө Чики Бегиристайн 2007 оны 6 сард явагдсан клубын удирдах зөвлөлийн хурлын үеэр анх танилцуулсан юм. Мөн Луис Энрикег Б багийн менежерээр тавих тухай асуудлыг өргөн дэвшүүлэв. Удирдах зөвлөлийн гишүүдээс үүнд татгалзсан, эсрэг байр суурьтай хүн байсангүй. Ганцхан Эварист Муртра л хуралд хоцорч орж ирсний хувьд уучлалт хүсээд Гуардиолад ямар албан тушаал товлоод байгааг нь тодруулж асуув. Тэрээр эртний андаа дасгалжуулагчийн гэрчилгээгээ гардаад удаагүй буйг бас Б багаас ажлын гараагаа эхлэх хүсэлтэй нь мэдэж байв. Чикигийн өөрт нь зориулж зурсан заяа төөрөгтэй эвлэрэх эсэх нь юу л бол. Ингэж бодсоор Муртра хурлын дараа Бегиристайныг даган гарч цахилгаан шатанд орохоос нь өмнө амжиж уулзлаа.

«Чики, сонсооч. Пеп өөр бодолтой байгаа. Чи түүнтэй ярилцах хэрэгтэй. Чин сэтгэлээсээ гуйж байна»

Ингээд Камп Ноугийн ойролцоох «Принцеса Софиа» зочид буудлын ресторанд удаан хүлээгдсэн уулзалт товлогдов. Экс ахлагчаа уучлахын зэрэгцээ, клубын хойч ирээдүй болсон хүүхдүүдийг хариуцаж ажиллаач гэж ятгахаар Чики бэлдсэн байв. Хөлбөмбөг эрхэлсэн захирлын албаа залгамжлуулж үлдээхэд ч бэлэн байлаа. Харин менежер л лав биш. Пеп бул чулуу шиг байрнаасаа хөдөлсөнгүй.

«Баярлалаа. Гэхдээ би дасгалжуулагч л болмоор байна»
«Хаана? Тийм боломж байхгүй шүү дээ. Райкард өөрийн гэсэн туслахтай. Чамайг дэргэдээ авахгүй»
«Тэгвэл надад Б багийг өгчих л дөө. Доор байгаа»
«Юу, чи чинь солиороо юу? Утгагүй хэрэг. Одоо тэднийг буцааж дэвшүүлнэ гэдэг чинь нэгдүгээр багтай аварга авахаас ч хэцүү»
«Би юу хийхээ мэдэж байна. Надад итгэ. Элдэв юм бодож эргэлзэх хэрэггүй»
«Бодолгүй яах юм. Чамд хаа байсан ертөнцийн ёроолд байгаа сэлгээний багийг биш бүхэл бүтэн академийн хөлбөмбөгийг тэр чигт нь өгье гэж байна. Авах цалин, ажиллах орчин, олох нэр хүндээ ч бод, эрүүл саруул ухаанаар»
2007 онд Б баг одоогийнхтой адил байсангүй. 34 жилд анх удаа дөрөвдүгээр дивизион буюу английнхаар «Лиг 2» луу уначихаад байлаа. Эргэж сэргэх магадлал нь мянгад нэгээр үнэлэгдэж байсан цөвүүн цаг. Гэсэн ч Пеп өөрийнхөөрөө зүтгэв.
«Найз минь сонсооч. Би өдий болтол дасгалжуулагч болох гэж л дэвэн дэлхийгээр хэрж хичээл ном заалгалаа. Одоо тэрнийхээ ид шид, үр ашгийг гаргамаар байна. Надад ямар ч хамаагүй түвшний, аль ч насны хамаагүй баг өгчих. Нялх, бага, балчир, өсвөр, идэр, залуучууд гээд аль нь ч байсан болно. Бүр хөлд орж байгаа хүүхдүүдтэй төмсний талбайд ажилласан ч болж байна. Хамаа алга. Гардаж ажиллах практикийн боломж л байг»
«Огт шаардлагагүй байхад л чи сайн дураараа хударганд орох гэж хүчлээд байх юм. Одоо Б багийг буцааж босгоно гэдэг чинь бөөн хөлс, хүч, хөрөнгө, нервний гарз. Шатаад дуусчихсан байшин руу орж хуруу гараа түлж буйгаас өөрцгүй. Бас биднийг хэн болгож харагдуулах вэ? Клубын домог, багийн ахлагчаа хонгилын оёор, хог шавхруун дээр хөөж гаргалаа гээд хэвлэлийнхэн ноцчихно. Больж үзье, чинь минь»

Хариуд нь Пеп Б багийг яаж шинэчилж, өөрчлөхөө нүдэнд харагдаж гарт баригдтал детальчлан ярьж өгөв. Шинэ бүрэлдэхүүн, шинэ бүтэц, шинэ тактик, шинэ арга барил, шинэ бэлтгэл.
«Би тэднийг хоёр жилийн дотор сегундад (Испаний дэд дивизион) гаргаж чадна. Хөл дээр нь босгоно. Энэ залууст юу дутагдаж, үгүйлэгдэж байгааг би мэдэж байна. Түүнийг нь өгч чадна» хэмээн Пеп өөртөө итгэлтэй давтав.
Сүүлийн өгүүлбэр нь Чикигийн сэтгэлийг хөдөлгөж чадсан. Гэхдээ дан ганц итгэлтэй, зоригтой, шийдэмгий байснаараа болчихдог хорвоо биш. Ул суурьтай, нухацтай, нарийн хандах нь зүй. Пептэй цуг дасгалжуулагчийн курст сурсан тоглогчид, шалгалт авсан багш нар, таньж мэдэх хүмүүсээс нь судалгаа авч ур чадвар, мэдлэг боловсролд нь мадаггүй итгэж үнэмшсэнийхээ дараа л Чики эцсийн шийдвэрээ гаргасан. Түүнд Б багийг өгөхөөр болов.

«Яах аргагүй л Пеп юм даа» гэж удирдах зөвлөлийнхөн энэ гэнэтийн эргэлтийг толгой сэгсрэн хүлээж авсан. Зоригтой бас таамаглашгүй. Захирлын, зүгээр ч нэг биш бүр өсвөрийн багуудыг бүхэлд нь толгойлох эрх мэдлээс татгалзаж доод дивизионд сураг нь алдарсан сэлгээний багтай зууралдах гэж гуйж гувших хүн хэр олон бол. «Аргагүй л Пеп»
«Ямар ярвигтай дөнгөнд дөрлүүлж байгаагаа чи ойлгож байна уу?!» гэх гайхаж балмагдсан харцтай Пеп дараагийн өдүүдэд нь тоймгүй олон таарсан. Ихэнх танил нь түүнийг ийм зүйл хийсэнд итгэж чадахгүй байлаа. Цэцэрхэж, дүрэмдэх нэгэн ч байв.
«Бүтэн гурван дивизионы доор гэдэг чинь үндсэндээ там. Хөлбөмбөг ч биш. Тэнд чинь юу ч байхгүй. Эзгүй цөл л гэсэн үг. Үзэгч, сэтгүүлч, үнэлгээний алийг ч олж харахгүй. Харамсана даа. Шороо тоос, донсолгоо ихтэй уулын зам л гэж мэд»
Пепийн хариулт бэлэн.
«Би зүгээр дасгалжуулагчаар л ажилламаар байна»
Алдаа гаргаж, эрсдэл үүрч, амаргүй замаар бэдрэхгүйгээр амьдралаас хүссэн зорьсноо авах боломжгүй гэдэгтэй Пеп санал нийлдэг. «Алдаж эндэх нь гарцаагүй учир бусдын үгээр бус өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч явахыг тэр илүүд үздэг» гэж Давид Труэбагийн бичсэн ч зарчимч занг нь гэрчилнэ.
Пепээс гадна Б багийг эрхэлж авахаас эмээгээгүй, бүр авна гэдэгтээ итгэчихсэн байсан, өөр нэгэн эрхэм байсныг хүмүүс тэр бүрий мэддэггүй. Барсагийн ахлагч, домогт тоглогч Луис Энрике. «Удирдах зөвлөл саналыг минь зуун хувь хүлээн зөвшөөрч 2007-2008 оны улиралд Б багийг чамд даатгаж өгнө» гээд Чики түүнд ам алдчихсан байлаа. Гэтэл Гуардиола гарч ирснээр нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдсөн. Энрике харин үүнд уужуу, хүлээцтэй хандаж, нэг улирал хүлээгээд Пепийг үндсэн багийн менежер болонгуут Б багийг хүлээж авсан.

Image

2007 оны 6 сарын 21-нд клуб хэвлэлийн бага хурал хийлгэж Пеп Гуардиола Барселона Б багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдож байгааг албан ёсоор зарлав. Хөлбөмбөгөөс зодог тайлаад долоохон сарын дотор тэр ийнхүү хайртай ертөнцдөө эргэн ирлээ. Зүгээр ч нэг багт биш өөрийн, миний гэж өрлөг эрхэм сэтгэлээр хүндэтгэн дээдэлдэг тэр газраа. Амьдралын хүрдийг бүтэн нэг тойроод Пеп анх эхэлсэн цэгтээ буцан ирсэн нь энэ байв. Түүний аян зам хөрөөт уулсын хөндий Санпедороос эхэлж Ла Масиа, Камп Ноу...цаашаа Итали, Катар... гээд дэлхийн өнцөг булан бүрээр дамжин 20 жилийн турш үргэлжилсэн. Гэхдээ нэг л газрыг гэрээ хэмээн нэрлэж, сэтгэл зүрх нь үргэлж татагдаж, хэзээ нэгэн цагт ачлалт хүүгийн ёсоор эргэн очно гэдгээ мэдэрдэг байв. Энэ бол Камп Ноу. Хэсэг хугацаанд Барселоноос хөндийрч, салан одсоноороо Пеп алдаагүй. Үлдсэнээсээ илүү их өгөх зүйлтэй болоод босгыг нь ахин давсан.
Магадгүй бүр хэний ч төсөөлөөгүй ихийг өгөхөөр.

(ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Цогоо » Fri Apr 17, 2020 8:29 am

Парист манайх уул нь хожиж явсан юмсан даа. Муу Ларссон орж ирээд л баллачихсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Заанаа » Fri Apr 17, 2020 11:13 am

Гоё бичжээ. Баяраа хүлээж байгаа шүү. :)
There is only One United...
User avatar
Заанаа
 
Posts: 680
Joined: Sun Jun 05, 2011 12:52 pm

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Devil 7 » Fri Apr 17, 2020 1:48 pm

Цогоо wrote:Парист манайх уул нь хожиж явсан юмсан даа. Муу Ларссон орж ирээд л баллачихсан.

Тэр тоглолт үнэн харамсалтай..10 уулаа байж нэгийг хийгээд бас Анри гоё юм алдаж бсан..
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Г.Баяраа » Fri Apr 17, 2020 6:12 pm

Цогоо wrote:Парист манайх уул нь хожиж явсан юмсан даа. Муу Ларссон орж ирээд л баллачихсан.

Барсад хийсэн сүүлийн тоглолт нь байсан тэ. Тэгээд швед рүүгээ яваад сураг алдарсан. Гоё тоглогчдоо.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Devil 7 » Fri Apr 17, 2020 11:50 pm

Сүүлд манайд өвөл зээлээр ирээд 2 сар сайн үр дүнтэй тоглоод буцсан..Фэрги үлдэх үү гэж санал тавиад мань хүн Швед дэх гэрээгээ хүндлээд татгалзаж бсн..Хамгийн их харамсдаг зүйл нь гэж яринлээ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Цогоо » Sat Apr 18, 2020 8:02 am

Зээлээр тоглож байхдаа бас манайд гай тарил уу яалаа би бүр нээх дургүй болчихсон байсан. Уг олон долоон юм ярьдаггүй, лаг дажгүй хүн л байх шиг байдаг. Юнайтедад богинохон мөртөө аймаар үр дүнтэй тоглосон байх аа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Villa_Bayaraa » Sat Apr 18, 2020 9:50 am

Devil 7 wrote:Сүүлд манайд өвөл зээлээр ирээд 2 сар сайн үр дүнтэй тоглоод буцсан..Фэрги үлдэх үү гэж санал тавиад мань хүн Швед дэх гэрээгээ хүндлээд татгалзаж бсн..Хамгийн их харамсдаг зүйл нь гэж яринлээ


07 онд билүү? ФА-д таараад манай эсрэг нөхөр гоолдоод нөхрийн оронд сэлгээгээр Сулшеар орж ирэхэд за энэ лай бас гоол хийнээ гэж бодож байтал яг хийж билээ... нэг хэсэг ФА-н 3-р шатанд ёс юм шиг МанЮ-тай таарч нухуулдаг байж билээ... 3 билүү 4 жил дараалж таарсан даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Devil 7 » Sat Apr 18, 2020 11:43 am

Тхх 07 онд..Тэр үед нээрээ танайхыг завсар зайгүй бавдаг бсн шүү кк...Танайд бил үү Рууни нэг хэмжиж тасархай гоол хийж бсан фа-д..
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Pep Guardiola: Another Way of Winning

Postby Villa_Bayaraa » Sat Apr 18, 2020 12:14 pm

Devil 7 wrote:Тхх 07 онд..Тэр үед нээрээ танайхыг завсар зайгүй бавдаг бсн шүү кк...Танайд бил үү Рууни нэг хэмжиж тасархай гоол хийж бсан фа-д..


Рүүнийг сайн санахгүй байна... харин талбайн голоос Рүүний урагш дээгүүр хаяад Ван Перси урагшаа сугарч гарч гүйгээд, гүйдэл дундаа 16-н гаднаас шууд газар буулгалгүй саваад аймар гоол хийж байсныг бол мартдаггүй юм... аймар гоол...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Next

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests