by Nomer 10 » Sat Nov 03, 2007 10:33 am
Цагаасаа хоцрох шахам яарсаар Чикагогийн их сургууль дээр очиход нөгөө дэлхийн аварга болж байгаа шинж мэдэгдэхгүй байсан газар чинь хүн мал багширч байлаа. Гэхдээ өчигдөр энэ байдал эхэлсэн юм. Өнөөдөр мөнгөн медалийн төлөөх бүх тоглолт болж байгаа болохоор хүмүүсийн сонирхол эрс нэмэгджээ. Нэг том биетэй хар авгай хүртэл 3 хүүхдээ дагуулчихсан билетэнд оочерлож байсан. Би хамт яваа хүмүүстэйгээ цуг машины зогсоол уруу орох гэж хэрэндээ хөөрхөн хүлээлээ. Машиных нь зогсоол нь 12 төгрөгний үнэтэй. Нэг их сургууль дэлхийн аваргыг зохион байгуулсныхаа төлөө зөвхөн машиныхаа зогсоолоос л гэхэд овоо хэдэн бор юм салгаж байна шүү хэхэ. Гэхдээ долоон мянган хүний суудалтай гэхээр бүхэл бүтэн Монгол улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох Бөхийн өргөө, UB Palace зэрэг газруудаас хавьгүй том байгаа биз. За энэ ч яахав. Үүдэн дээр нь Томоо хэмээгддэг Энхбат гавьяат хэдэн хүнтэй юм яриад зогсож байлаа. Өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрж хальт мэндлэв. Яасан ч сайхан хүдэнд дулаахан хүн юм. Тэгээд цааш тоглолт уруу яарлаа. Явж оруутаа л хэвлэлийнхний өрөө уруу хар хурдаараа гүйлээ. Хуваарь хартал 2 тоглолтын дараа байна аа. Ходоодныхоо мухар луу хэдэн гоймон шидчихээд медиалоунж уруу яваад оров. 5 цагаригийн Америк дэх сурвалжлагч Энхтүвшин ах Бичлэг хийлгэхгүй гээд байна, гэхдээ оролдоод үзнэ дээ гэчихсэн сууж байна. Тэр доор Замдаан сэтгүүлийн эрхлэгч Цэрэндорж ах Каноны супер камераараа зураг авчихсан үзэж тарж харагдана. Мөн холгүйхэн Нью Жерси мужаас ирсэн Нью Прогресс телевизийн Ганхуяг ах сэтгэл нь догдолж байгаа нь харваас илт, тоглолтыг тэсч ядан хүлээж байх. Тэгж байтал Чандмань студийн Баяраа бас хяналт чанга байна, бичлэг хийхэд амаргүй байна шүү гэчихсэн тууж ирлээ. Тэгснээ мань эр үзэгчдийн суудлаас ч хамаагүй яаж ийгээд бичнэ дээ гээд харайлгаад алга болчихов. Овсгоо гаргаж л гэмээнэ нутагтаа очоод элэг нэгтнүүддээ үзүүлэх юмтай гэдэг нь ойлгомжтой байгаа тул мань эр дотроо нэгийг бодсон байсан. Дэвжээн дээр 48 кг-ийн нөгөө алдарт хужаа баллаж тавьж байна аа. Филиппиний тамирчинг илт илүүрхэж байлаа. Хэсэгхэн газар дарцаг барин шаагилдах хэдэн хужаа руугаа үе үе гараа явуулж ер нь л үнэн баавартай байв. Дэлхийн 2 удаагийн аварга гэсэн байх, 3 дахиа авах нь бараг ойлгомжтой байна. Америкийг мулталсан филиппин жаалыг будаа болгож байдаг. Орос мулт, Куба байхгүй. Нөгөө хужаа нар ч тэрүүхэндээ хөөрхөн дуу шуу гаргаж шаагилдаад л. Дотроо Бадар-Ууган ялаасай, энэ муусайн хужаа нарт монголчууд бас ялж чаддаг гэдгийг харуулаасай гэж асар их хүсч байв. Тэгээд дараа нь манай хүний жингийн нөгөө 2 гарч ирлээ. Дотроо Пуэрто Риког ялаасай гэж бодож байсан ч Оросын Водафонов илт илүүрхсэн. Уг тоглолтыг Баясгалан шүүгч шүүсэн юм. Монголын шүүгч Баясгалан гэж зарлаад л, манайхан орилолдоод л, үнэхээр гоё байсан шүү. Өнөөдрийн тоглолтоос эхлээд нөгөө дэвжээг хурааж, нэг дэвжээн дээр бүх тоглолт явагдаж байгаа аж. Ингээд дотор арзагануулаад байсан мөч ирж, Монголын тамирчин Бадар-Ууган дэвжээнд гарлаа. Монголын дэмжигчид тэр заалыг доргионо ч гэж үзүүлээд өглөө. Энд тэндгүй л том том Монголын далбаа. Өчигдрөөс хойш хальт танимхайраад байгаа америк зурагчин эмэгтэй Би танай улсаар бахархаж байна гэж хэлж байлаа(Энэ эмэгтэй өчигдрийн Бадар-Ууганы тоглолтыг энэ оройны шилдэг тулаан гэж тодорхойлж байсан). Үнэхээр ч хамгийн өргөн балиашигтай нь манайхан байсан юм. Тэмцээн эхэлснээс хойш зохион байгуулж байгаа улсынх нь балиашгаас ч сүр дуугаараа хол илүү байгаа билээ. Зээ тэгээд тоглолт эхэлвээ. Эхний оноог манай хүн аваадахлаа. Удалгүй дахин нэгийг. Монголын фэнүүдийн шуугианд чих дөжирч байлаа. Эхний үе 4-1-ээр дуусав. Манайхан Уугаа Уугаа гэж орилолдоод л. Дараагийн үед дахиад л манай хүн илүүрхлээ. 3-1-ээр хожив. Үүеэ гавьяат хөлсийг нь сэвж байх зуур Мөнхжаргал ах баахан л заавар өгч харагдана. 3-р үед Английн тамирчин овоо дайрч байсан ч Уугаа нэг их оноо алдсангүй 3-4-өөр дуусгасан. Ингээд шийдвэрлэх үе эхлэх үед 10-6-аар манай хүн ялж байлаа. Энхтүвшин ах Одоо нэг раунд тэсчихвэл болох гээд байна даа, эхлэнгүүт 2 оноо зулгаачих хэрэгтэй гэж суудал дээрээ байж ядан байна. Мань хүн амжуулаад тоглолтыг бичиж чадсан шүү. 4-р үе эхлэхэд дотроо түгшиж эхэллээ. Манайхан эхний 2 үе илүүрхээд эсвэл эн тэнцүү үзээд дараагийн 2 үед нам даруулаад байсан юм, бэлтгэл муугийнх юм болов уу. Гэтэл Бадар-Ууган тэгсэнгүй ээ. Өөртөө итгэж, маш сайхан бас ухаалаг тоглолоо. Английн тамирчин дайрч байгаад хүчиндээ унаж орхив. Гэхдээ манай хүний нэг эвгүй цохилт бас орсон л доо. Удалгүй дахин нэг хүчтэй цохилт хийж өнөөхийг чинь тоолууллаа. Гэхдээ нөгөөх чинь үзнэ ээ л гэж байна, үзээд яахав дээ, манай хүн илт илүү байгаа юм чинь. 10-5-аар хожлоо. Ингээд өчигдөр Англи, Америкийн сэтгүүлчдээр шавуулаад Маргааш Монголын тамирчныг ялна гэж пээдийж байсан нөхрийг 20-11-ээр будаа болгов оо гэж. Үзэгчдийн уухайд толгой мансуураад л. Энэ бичиж буйгаа интернэтэд бушуухан оруулья гээд прессийн өрөө рүү манаргаж явах зуур Германд Бундеслигийн тоглолтууд дээр таарч байсан Германы хэвлэлийн агентлагийн зүс мэдэх эр Маш гоё уур амьсгалтай байлаа гэж гар барив. Ингээд нэгэн гайхамшигтай дурсамжтай үдшийг үдэх гэж байна даа. Гадны дэвжээнд ийм олон монголчууд нутгийнхаа дүүг сэтгэл нэгтэйгээр уухайлан дэмжиж, Монголиа Монголиа гэж байхыг сонсож байхад өөрийн эрхгүй самсаа шархирч байсан юм. Бадар-Уугандаа маргаашийн тоглолтод өөдрөг сэтгэлээр орж, сэтгэл дотроо арслан барс архирах дууг хадаан тэмцэлдэхийг хүсье дээ.
Hup Holland Hup