ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаатар

Moderator: Бөхийн модууд

ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаатар

Postby hosko » Fri Mar 16, 2012 5:40 pm

Image

Image


Нэр: Оюунбилэгийн Пүрэвбаатар
Төрсөн огноо: 1973.11.23
Төрсөн газар: Улаанбаатар
Иргэншил: Монгол Улс
Спортын төрөл: Чөлөөт бөх
Барилддаг жин: 60
Гэр бүл: Эхнэр, хоёр охины хамт амьдардаг.
Спортын карьер: 2009 онд зодог тайлсан.



Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар 1973 оны арваннэгдүгээр сарын 23-нд төржээ. Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг тэрбээр 1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд 8-р байр эзэлж байсан бол 1997 онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний 58 кг-д алт, мөн тэр бил болсон Зүүн Азийн наадамд алтан медаль хүртэж байжээ. Улмаар 1998 оны Азийн тоглолтод мөнгө, 1999 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11-р байр эзлэн, Сиднейн олимпод оролцох эрхтэй болж байсан юм. Үүнээс хэдэн жилийн дараа буюу 2001, 2002 онд тэрбээр гайхалтай амжилт үзүүлж, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртэж байлаа. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2009 оны нэгдүгээр сард их спортоо орхиж, зодог тайлсан бөгөөд өдгөө даян аварга А.Сүхбатын “Олимп” дээд сургуульд чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Гол амжилтууд:

1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 8-р байр /52 кг/
1997 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн: Алтан медаль /58 кг/
1997 оны Зүүн Азийн наадам: Алтан медаль /58 кг/
1998 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 9-р байр /58 кг/
1998 оны Азийн наадам: Мөнгөн медаль /58 кг/
1999 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 11-р байр /58 кг/
2001 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: Мөнгөн медаль /58 кг/
2002 оны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн: Хүрэл медаль /60 кг/
- 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: Мөнгөн медаль /60 кг/
Last edited by hosko on Fri Mar 16, 2012 5:47 pm, edited 1 time in total.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ДАШТ-ий хошой мөнгө медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаат

Postby hosko » Fri Mar 16, 2012 5:44 pm

Ийм нэгэн сайхан ярилцлага өгчээ манай хүн...

Image

2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг алан хядагчдын халдлагад өртсөн билээ. Түүхэнд үлдсэн энэхүү террорист үйл ажиллагааны улмаас есдүгээр сарын 27-нд эхлэх байсан чөлөөт бөхийн ДАШТ хойшилж, арваннэгдүгээр сард Болгарын Софи хотод болсон юм. Ингэснээр Сиднейн олимпод сэргээш хэрэглэж, барилдах эрхээ 2001 оны аравдугаар сарын 1 хүртэл хасуулаад байсан О.Пүрэвбаатарт ДАШТ-д оролцох боломж олдсон. Тэрхүү “Алтан” боломж монголчуудын хувьд сураг тасраад байсан чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медалийн барааг 16 жилийн дараа харуулсан юм. Ард олондоо “Ооска” хэмээн алдаршсан Монголын шилдэг бөх, ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, Ази тив, Азийн наадам, Зүүн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатартай ярилцлаа. Түүний нэрэмжит залуучуудын (22 хүртэлх насны) олон улсын тэмцээн энэ сарын 16-17-нд Спортын төв ордонд болно.



Би гол амжилтуудаа хожуу гаргасан



-Та 1994 онд Стамбулд болсон ДАШТ-д 21 настайдаа оролцсон. Болгарын алдарт бөх Валентин Йордановын зүүн хөлийг аваад толгой дээрээ гаргаж ирсэн ч оноо болгож чадаагүй. Анхны ДАШТ-ий тухай эхлээд ярих уу?

-Миний анхны том тэмцээн ДАШТ байлаа. Эхний тойрогт Йорданов гэж мундаг бөхтэй барилдсандаа их баярладаг. Бидний жин, бяр адилхан тул урьдын амжилт нь хамаагүй гэж бодоод дэвжээнд гарсан. Би багш нартаа “Йорданов л гэх юм. Ямар барилдаж үзсэн биш, айхгүй” гэж хэлж байлаа. Тэр барилдаанд Йордановын хөлийг нь авч, толгой дээрээ гаргаж ирсэн ч оноо болгож чадаагүй. Дараа нь хойно нь гарч нэг оноо аваад, дахин нэгийг авах гэж байгаад даруулаад хожигдсон. Йорданов тэр ДАШТ-д зургаа дахиа түрүүлж билээ. “Миний хөлийг чамаас өөр толгой дээрээ гаргаж ирсэн хүн байдаггүй” гээд надад их сайн байдаг юм.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд 1997 онд ганцхан удаа оролцсон. Яагаад дахиж зодоглоогүй юм бэ?

-Тухайн үед сарвуугаа гэмтээчихсэн тул шохойтой чигээрээ 15 хоног бэлтгэл хийгээд Тегеран явсан. Би өөрөө зууралдаж биш, зайнаас дайрч барилддаг болохоор тэмцээний үед зовиурлах нь гайгүй байлаа. Аваргын төлөө Ираны Мохаммед Талайг нутагт нь ялж түрүүлсэн болохоор дараагийн тэмцээнүүдэд миний жингийн бусад бөхчүүд оролцоосой гэж бодсон. Нэгэнт алтан медалийг нь авчихсан болохоор дахиж явах шаардлагагүй. Хэрвээ 1997 онд түрүүлээгүй бол дараагийн тэмцээнд оролцох л байлаа.

-Тухайн үед О.Мөнхбат багш Тегеран руу Азийн аварга шалгаруулах тэмцээн явуулахгүй гэж байсан юм билээ. Харин та зөрсөөр байгаад явж, түрүүлсэн байдаг?

-Яг ч зөрөх биш л дээ. Өөртөө итгэлтэйн шинж. Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа БНСУ-ын Пусанд Зүүн Азийн наадамтай байсан. Манай жингийн Д.Батнамсан ч ид байсан үе. Хэрвээ намайг Азийн аварга шалгаруулах тэмцээнд муу барилдвал Д.Батнамсанг Пусан руу явуулах гээд байсан л даа. Зүүн Азийн наадамд цөөн орны тамирчин оролцдог тул медаль хүртэх өндөр магадлалтай. О.Мөнхбат багш маань Тегеранд муу барилдаад Пусан руу явахгүй болчих вий гэсэндээ л тэгсэн юм. Харин Азийн аварга болсон тул намайг дахиж явуулахаас өөр арга байгаагүй. О.Мөнхбат багш ч “Чи сая Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн болохоор явах хэрэгтэй. Манайхнаас алт авах хүн ховор байна” гээд Пусан явуулсан юм. Хүзүүн дээр том хатиг гарчихсан тул аваргын төлөө барилдахгүй гэдгээ хэлсэн. Хариуд нь О.Мөнхбат багшид зад загнуулаад, хөлдөөгч цацуулаад гарсан. Багш маань хатуу хүн, одоо болтол намайг “зоддог” шүү (инээв). Аварга болсон орой Э.Энхбаяр эмч миний хүзүүнд зүсэлт хийж, идээг нь авсны дараа хавдаад, толгойн дээр дахиад толгой наачихсан юм шиг болчихсон байж билээ. Далайн усанд ортол хавдар нь буугаад хурдан эдгэсэн.

-Та томоохон амжилтуудаа хожуу гаргасан. Ид үедээ өндөр амжилт үзүүлж чадаагүй нь ямар учиртай байв?

-1997 онд 25-ны жил орчихсон, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Зүүн Азийн наадамд түрүүлчихсэн, хүмүүс “О.Пүрэвбаатар дэлхийн аварга болно” гэж ярьдаг байсан үе. Красноярскт болсон ДАШТ-д Ираны Мохаммад Талайд ялагдаж, тэр дэлхийн аварга болсон. Би уг нь түүнийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд, нутагт нь ялаад байсан юм шүү дээ. Одоо бодоход манайхан бэлтгэлийг шинжлэх ухааны үндэстэй хийдэггүй байж. Тэр жил би гарцаагүй медаль хүртэх байсан ч миний бэлтгэл гарцаагүй цөмөрсөн. Биеийн үзүүлэлт маш өндөр гарч байсан. Тэр үед намайг жаахан татах байсан байхгүй юу. Би уулын кросст гүйж байхад нүд харанхуйлж, ухаан алдаж байсан.



Шарлаагүй бол надад боломж байсан



-Таныг 1998 онд шар өвчин тусахад монголчууд нэгэн сайхан бөх маань барилдахаа болилоо гэцгээж байлаа?

-Би тэр жил Европын дөрвөн цуврал тэмцээнд оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн юм. Манай чөлөөтийнхөн гадагшаа явахдаа бие биеэ тарьдаг. Ингэж байгаад бохир оруулчихсан байх. Энд ирээд УАШТ-д барилдахдаа шарлачихсан байсан юм билээ. Бие шарлаад, нүд ногоорчихсон байв. Хамаг бие сулраад, арай гэж түрүүлсний маргааш эмнэлэгт сар хэвтсэн. Эмч нар “Барилдаж болохгүй” гэсэн. Багш нар ч дахин зодоглохгүй гэж бодсон байх. Би тэр үед “Ингээд барилдахаа больчихвол удахгүй мартагдана. Хожим охин минь аав ийм хүн байсан юм” гэхэд таних хүн гарахгүй. Тиймээс охиноо бахархах зүйлтэй байлгая гэж бодоод, эрүүл мэндээ золиослоод Би тэр жил Тегеранд болсон ДАШТ-д шагналт наймдугаар байрт орсон. Шарлаагүй бол надад боломж байсан.

-Хүмүүс таны 1998 оны Бангкокын Азийн наадмаас хүртсэн мөнгөн медалийг нэг их дурсдаггүй юм билээ?

-Тийм шүү. Бараг аварга болчих байсан газар өөрөөсөө болоод алдсан. БНАСАУ-ын Ри Ён Самыг гурван оноогоор унагаачих байсан газар нэг оноогоор унагаад 1:1 болсон. Цаг дуусахын алдад оноо алдаж ялагдаж байсан. Үүнд харамсдаг юм. Би тэр жил БНСУ-аас “Эксель” зөөж машины наймаа хийж байгаад долоо хоногийн бэлтгэлтэй л Бангкокт очсон.

-Таны мөнхийн өрсөлдөгч Ираны Али Реза Дабирын тухай асуухгүй өнгөрч болохгүй. Анх түүнтэй хэрхэн гар зөрүүлэв?

-1996 оны Ясар Догугийн олон улсын тэмцээнд таарахад ялж байлаа. Тэгэхэд Дабир залуучуудын ДАШТ-д түрүүлчихээд байсан үе.

-Тэгвэл 1999 оны ДАШТ-д таардаг нь та хоёрын хоёр дахь барилдаан байх нь ээ?

-Тийм ээ. Уг нь ялж болох байсан юм. Би 1:4 харьцаатай хожигдож явахдаа Дабирын тохойг сөхөж, давхар хамаад унагаахад дэвжээний шүүгч гурван оноо өглөө. Барилдаан 4:4-өөр өндөрлөсөн ч шүүгч нар миний авсан гурван оноог нэг болгоод, 2:4-өөр хожигдчихсон. Хэрвээ гурав биш шууд л нэг оноо өгсөн бол би дайрч барилдах ч байсан юм бил үү. Шүүгч оноо андуурч өгөх нь ийм хортой байдаг. Бусад шүүгч санал нийлэхгүй байсан ч оноог засчихаж болох л байсан. Би залуу байсан болохоор үүнийг тооцож чадаагүй. Тамирчин хүн ийм зүйлийг мэдэрч байх ёстой. 1999 оны Анкарагийн ДАШТ-д хүртэл надад боломж байсан. Би том боломжуудаа дандаа өөрөө алдаж явсан. Хүнд хор шар гэж байдаг. 2000 оны Сиднейн олимпийн дараа тэр хор шарандаа зүтгэж амжилт үзүүлсэн дээ.



Болохгүй юм болдоггүй л юм билээ



-Сиднейн олимпийн тухай ярилцъя. Монголын тамирчид үзэгчдийн суудалд шилжээд, олимпийн медалийн буухиа тасрах эсэх нь танаас л шалтгаалах болоод байсан?

-Эхний тойрогт Австралийн Кори О`Брайныг, хоёрдугаар тойрогт хийлээд, гуравдугаар тойрогт Беларусийн Александр Гузовыг хожсон. Ингээд хэсгээс гарсан ч беларусьчууд эсэргүүцэл бичээд, дахин барилдахад Гузовыг 6:0-ээр хоёр дахиа буулган авсан юм. Ингээд л нөгөө Дабиртайгаа таарсан даа.

-Дабирын эсрэг ямар тактик боловсруулдаг байв?

-Би түүнд ихэвчлэн хэвтээ байрлалаас оноо алддаг байлаа. Үүний эсрэг хамгаалалт их бэлтгэдэг байсан ч олимпод яалт ч үгүй чац дутаад хожигдсон. Хүмүүс “Тэгсэн бол хожих байсан” гэж ярьдаг ч болохгүй юм болдоггүй л юм билээ. Барилдааны дараа заалнаас уйлж гараад гадаа жаахан суулаа. Медаль авахгүйгээс хойш тавдугаар байрын төлөө барилдахгүй ч байсан яахав гэж бодогдсон. Гэвч буудлагын О.Гүндэгмаа зургадугаар байрт орчихсон тул амжилтаа жаахан ч гэсэн ахиулмаар санагдаад. Гүржийн Давид Погосяныг ялах нь тодорхой гэж бодоод дэвжээн дээр гарсан. Ингээд л тавдугаар байр эзэлсэн түүхтэй.

-Үүний дараа сүрхий хэрэг мандсан шүү?

-Сэргээшийн төрлийн фурсамид гэх эм хэрэглэсэн гээд барилдах эрхээ хоёр жил хасуулсан. Надад хэн сэргээш өгснийг би мэднэ, тэр хүн ч өөрийг нь хэлж байгааг гадарлаж байгаа биз. Эхний таван байрт орсон бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан л даа. Хэрвээ би сэргээш санаатай хэрэглэсэн бол тавдугаар байрын төлөө барилдахгүй байсан шүү дээ. Дабирт ялагдаад уйлаад гарсан хүнд хэн ч “Барилд” гэхгүй байсан. Фурсамид гэж хавангийн эмийг жин хасч чадахгүй хүн ууж, жиндээ ордог юм билээ. Би ихдээ л зургаан кг хасдаг тул яалаа гэж уух вэ. Бөхчүүд тэмцээн эхлэх өдөр жинтэйгээ ноцолдож байхад би өмнөх өдөр нь жиндээ орчихдог. Орой нь нойртой хонохын тулд жаахан юм идээд унтана, маргааш нь аяга цай уугаад л жиндээ орчихдог тогтсон зуршил надад бий.

-Сиднейн олимпийн дараа таныг зодог тайлах нь гэсэн яриа гарсан. Хүндхэн цаг үеийг хэрхэн өнгөрөөсөн бэ?

-Эрхээ хасуулчихсан болохоор хүмүүс дахиж барилдахгүй гэж бодсон байх. Тухайн үед архичин боллоо гэж сонинд айхтар бичүүлж байлаа. Хүн чинь цагаа тулахаар наашаа гэсэн рүү нь хандаад “Архи ууя” гэвэл дагаад л уудаг юм билээ. Хийх ажилгүй хүнд архи уухаас өөр хийх зүйл олдохгүй. Гадагшаа гараад явахаар хүмүүс муухай хараад байгаа юм шиг санагдана. Хүнтэй уулзах гэхээр энэ намайг юу гэж бодож байгаа бол гэж бодогдоод ичнэ. Тэгээд гэрээс гарахгүй. Харин хүн архи бариад ороод ирэхээр ууна, согтоно, ичихээ байгаад гарна. Ингээд л хүний нүдэнд өртөөд сонинд бичүүлнэ шүү дээ. Тэр жил архи их уусан. Гэхдээ бөхийн спортоо хаячихалгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдынхаа барилдааны бэлтгэлийг хангалцаад явж байлаа. Энэ нь 2001 оны ДАШТ-ээс медаль хүртэхэд нөлөөлсөн шүү.



Уг нь дэвжээний шүүгч оноо өгсөн юм



-Таныг барилдах эрхээ хасуулсан үед Улаанбаатарт Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Гараад барилдчихмаар санагдаж байсан биз?

-“Миний эрхийг сэргээгээд өгвөл авч чадахгүй байгаа ДАШТ-ий медалийг чинь аваад ирье” гэсэн ярилцлага өгч байлаа. Сиднейн олимп 2000 оны есдүгээр сарын 30-нд өндөрлөсөн тул миний барилдах эрх 2002 оны аравдугаар сарын 1-нээс сэргэх байлаа. Одоогийн Ерөнхий сайд С.Батболд ах тухайн үед Гадаад хэргийн сайд, МЧБХ-ны ерөнхийлөгч байсан бөгөөд Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо руу удаа дараа өргөдөл гаргасны хүчинд миний торгуулийн хугацааг нэг жил болгож багасгасан юм. Би С.Батболд ахын өрөөнд ороод дахиж итгэл алдахгүй, ДАШТ-ээс гарцаагүй медаль авна гээд уйлж билээ.

-Эр хүн долоо дордож, найм сэхдэгийг харуулсан Софигийн ДАШТ-ээ дурсаач?

-Манай жингийн барилдаан арваннэгдүгээр сарын 23-нд буюу миний төрсөн өдөр таарсанд ихэд билэгшээсэн. Одоо л медаль авахгүй бол хүн гэж хүзүү, толгой нийлүүлж яваад яах вэ гэж бодоод байдгаа шавхсан. Сугалаагаар хамаг шилдгүүд манай зоонд орж, нөгөө талаас Канадын Гия Сиссаури зовлон багатай гарч ирсэн. Би эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Беларусийн Александр Карницкийг, гуравдугаар тойрогт Эстонийн Янек Липсийг ялсан. Ингээд Туркийн Харун Догантай барилдана гэж тооцож байтал тэрбээр Казахстаны Абиль Ибрагимовт хожигддог юм. Ингээд Ибрагимовтой учраа таарав. Энд их сонин зүйл боллоо. А.Басхүү багш “Үдээс хойш барилдаангүй” гэхээр нь өрөөндөө амраад хэвтэж байтал О.Мөнхбат багш, “бүдүүн” Л.Батбилэг ах, Г.Ганхуяг гурав орж ирээд “Явж тэмцээн үзье” гэлээ. Би “Барилдаангүй юм чинь явж яах юм бэ” гэхэд “Чи ганцаараа юу хийх юм бэ” гэсэн. Нээрэн ганцаараа юу хийх билээ гэж бодоод цуг явлаа. Хэрвээ тэгэхэд өрөөндөө үлдсэн бол тэмцээнээс хасагдаад, муу дээрээ муухай болохгүй юу.

Буудал дээр очиход хоёр автобус зогсч байлаа. Эхнийх нь дүүрэн хүнтэй тул манайхан хоосноор нь ард талынхад нь суух гэхэд би “Эртхэн очъё” гээд урдах руу нь чихтэл манай гурав дагаад суусан. Автобусанд нэг дасгалжуулагч таараад намайг “Одоо барилдах хүн сууж амар” гэлээ. “Би маргааш барилдана” гэхэд “Үгүй. Чи одоо барилдах хуваарьтай” гээд надад суудал тавьж өгсөн. Би аль улсын дасгалжуулагч гэдгийг нь мэдээгүй ч тэр хүнд баярлаж явдаг юм. Сандал дээр суугаад жаахан дугхийчихжээ. Ингээд ордонд очиход монголчууд намайг хайгаад бөөн юм болж байна. Надтай барилдах Ибрагимов хэдийнэ дэвжээнд гарчихсан хүлээгээд, харин надад бэлтгэлийн хувцас байдаггүй. Ингээд эрэлд гарч, Маулен Мамиров гэж таньдаг казахстанаасаа гуйтал өгдөггүй. Юу гэж нутгийнхаа бөхтэй барилдах хүнд өгөх вэ. Аз болж тэр өдөр амрах байсан Сиссаури хөлсөө гаргахаар иржээ. Түүнээс трико, борцовкаг нь гуйж өмсөөд дэвжээнд гартал Канад гэсэн хаягтай байна гээд хасах шахсан. О.Мөнхбат багш нөгөөхийг нь шархны лентээр дарж байж нэг юм барилдаад ялж байв. Барилдааны дараа Ибрагимов надад ирээд олон юм ярихаар нь “Би чамайг халаалтгүй барилдаад 3:0-ээр хожлоо. Халаалттай байсан бол 10:0-ээр хожих байлаа” гэж хэлсэн. Дараа нь Кубын Мигель Яндро Кинтана Рибалтаг 6:2, зооны аваргын төлөө Гүржийн Давид Погосяныг 5:1-ээр хожоод аваргын төлөө Сиссауритай барилдсан.

-Луйвардуулаагүй бол та дэлхийн аварга болчих л байсан даа?

-Уг барилдааны цаг дуусахаас найман секундын өмнө оноо 2:2 байхад би нэг оноо авснаас гадна дэвжээний шүүгч Сиссаурид торгууль өгсөн юм. Барилдаан хэвтээгээс үргэлжлэх тул би оноогоо хамгаалаад л түрүүлчих байлаа. Гэтэл хажуу талд шүүсэн АНУ, Армений шүүгчид надад оноо өгөөгүй. Сиссаури Канадын нэр дээр барилддаг гүрж гаралтай хүн. Америк нь Канад, Армен нь Гүрж гэдгээрээ тэгж заасан болов уу. Тэнцээд шодоход, би хутгах гээд давж унаад ялагдсан даа. Уг нь дэвжээнд гарсан польш шүүгч гарцаагүй оноо өгсөн юм шүү.

-Таны Сиссауриг ялдаг Дэлхийн цомын тэмцээн 2002 оных бил үү?

-Тийм ээ. Бид АНУ-д их ядарч очсон юм. Монголд өдөр болж байхад тэнд шөнө. Тэгээд нэг өрөөнд орсон Б.Наранбаатар бид хоёр барилдааны өмнөх шөнө унтаж чадаагүй. “Та унтсан уу?”, “Чи унтсан уу?” гэж бие биеэсээ асуусаар өглөө болгосон. Дэлхийн цомд зургаан бөх тойргоор барилдсан юм. Эхний өдөр хоёр барилдах байлаа. БНСУ-ын Хван-Вүн Хваныг ялсны дараа зохион байгуулагчид биднийг хоолны газар луу дагуулаад явчихлаа. Автобусаар явах, хоол идэх, буцаж ирэхэд тус бүрт нь цаг гаруй явсан байх. Ингээд л нойргүй хоносон дээрээ ядарсан хүн Америкийн Эрик Геррейрод хожигдсон. Тэр шөнөө сайхан амарч хоночихоод ОХУ-ын Рамил Исламов, Германы Даниэль Вилде нарыг яллаа. Сүүлчийн тойрогт Сиссауриг цэвэр хожсон ч ялалт өгөөгүй. Адаглаад 5:0-ээр ялах байсан, тэгсэн тохиолдолд би Дэлхийн цомын аварга болох байв. Гэтэл цаг дуусахын алдад оноо хамгааллаа гэж торгуулаад 5:1-ээр ялсан. Ингээд дөрвөн ялалт, нэг ялагдалтай гурван бөхөөс Сиссаури алт, Геррейро мөнгөн медаль авч, би хүрэл рүү шидэгдсэн дээ.



Талайг 16 мянган үзэгчтэй нь хамт ялах ямар сайхан байсан гээч



-ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа 2002 онд хүртсэн ч гэсэн таны хувьд харамсалтай тэмцээн болж өнгөрсөн байдаг?

-Эхний тойрогт Энэтхэгийн Сунил Кумарыг хожоод, хоёрдугаар тойрогт хийлж, гуравдугаар тойрогт Украины Александр Хавелов, дөрөвдүгээр тойрогт Германы Даниэль Вилдег ялсан. Ингээд хагас шигшээд туркийн Харун Догантай таарсан юм. Энэ бол миний хамгийн их харамсч явдаг барилдаан. Би 5:3-аар ялж явлаа. Дайраад байвал оноо авахаар байсан ч урагш явалгүй, оноогоо хамгаалаад цаг дуусгачихъя гэж бодсон нь тактикийн том алдаа болсон. Ингээд би 5:6-гаар ялагдсан. Нөгөө талд Армений Арам Маргарян Ираны Мохаммед Талайг хожоод аваргын төлөө гараад ирсэн. Би барилдааны дараа нервтээд ер амарч чадаагүй. Маргаряныг аваргын төлөө үлдсэнийг бодохоор бүр ч харамсалтай. Би түүнтэй барилдсан бол дийлэх байсан. Өмнө нь Красноярскт 10:0-ээр хожсон байхгүй юу. Тэр ДАШТ-ий үеэр Г.Өсөхбаяр, Т.Зүүнбаян бид гурав сууж байхад тэр жин үзүүлэх гээд явж байсан. Тэгэхэд надад “Арменд үүнээс өөр бөх олдохгүй байгаа юм байх даа” гэж хэлүүлж байсан хүн шүү дээ. Уг нь би Талайтай алт, Доган, Маргарян хоёр хүрлийн төлөө барилдах байсан юм. Маргарян Талайд 1:3-аар дийлдэж явахдаа цаг дуусахаас зургаахан секундын өмнө гарыг нь татчихсан чинь өмсөх мэх ороод, гурван оноо авч ялсан. Тэр армен их азтай байсан шүү.

-Таныг хүрэл медалийн төлөө тун хүнд барилдаан угтсан шүү?

-Намайг бие халаалтаа хийж байхад 16 мянган үзэгч “Мохаммед Талай” гэж зэрэг орилолдоод, сэтгэл зүй рүү минь бөмбөгдөж өгсөн. Барилдаан гурван дэвжээнд зэрэг явагддаг ч хоёрыг нь эвхээд, голын дэвжээн дээр биднийг барилдуулсан юм. Ираны бусад бөх тойрч суун шаагилдаад. Би амьдралынхаа хамгийн хүнд барилдааныг тэгэхэд хийсэн. Гэхдээ Талайг нутагт нь, 16 мянган үзэгчтэй нь хамт ялах ямар сайхан байсан гээч.

-Х.Доганы сэргээш хэрэглэсэн нь хэдийд илэрсэн юм бэ?

-ДАШТ-ээс сарын дараа Пусаны Азийн тоглолтод барилдаж байхад Ираны нэг тамирчин гүйж ирээд намайг мөнгөн медаль авна гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь “Юу яриад байгаа юм. Би одоо алт авах гэж байна” гэлээ. Азийн тоглолтыг яриад байна гэж бодохгүй юу. Гэтэл нөгөөх чинь Х.Доган сэргээш хэрэглэсэн гэх утгатай зүйл ярилаа. Энэ тухай Ж.Отгонцагаан ахад хэлэхэд интернэтээс хараад “Доган сэргээш хэрэглээд хасагдчихсан тул чи мөнгөн медаль хүртэх боллоо” гэсэн.

-Хүрэл медалиа яаж солиулав?

-Шийдвэр гараад, миний хүрэл медаль Швейцарийн Лозанн руу шуудангаар явсан юм. Дараа жилийнх нь ДАШТ-ий нээлтийн үеэр бид гурвыг шагналын тавцанд зогсоогоод, медалийг сольж гардуулсан. Би 2003 онд хүртэх байсан медалиа тэмцээн эхлэхээс өмнө авчихав уу гэж боддог шүү (инээв).



Олимп гэж үнэхээр агуу зүйл



-Бидний ярилцлага цаг хугацааны дарааллаар явсаар Афины олимпод тулж ирлээ. Танд олимпийн эрх амар олдоогүй шүү дээ?

-УАШТ-д барилдаж байхдаа гэмтээд. Миний гар хойшоо санжганахад Ч.Дамдиншарав багш ялалтаа тэмдэглэж байна гэж бодсон гэнэ лээ. Афины олимпийн эрх олгох хоёр тэмцээн үлдээд байхад гар гэмтчихдэг. Эхнийхэд нь жингийнхээ нэг дүүг “Ахдаа эрх аваад ир. Ах нь олимпод барилдъя” гээд явуулсан ч чадаагүй. Тэгээд сүүлийн тэмцээн Болгарт болоход өөрөө явлаа. Шилдэг тамирчдын олонх нь эрхээ авчихсан байсан тул гайгүй өрсөлдөгчидтэй таарсан. Гэхдээ нэг гараараа барилдаад эрх авсан гэдгээрээ өөрийгөө онгироодог юм (инээв). Эрх авсан өдрийнхөө маргааш нь шууд хагалгаанд орсон. Болгарын алдарт бөх В.Йорданов “Эмчилгээний төлбөрийг чинь төлье” гэж байлаа. Гэхдээ манай нутгийн ах зардал өгсөн болохоор Йордановоос тусламж аваагүй.

-Гарын гэмтлийн улмаас таван сарын турш бэлтгэл хийгээгүй нь олимпийн барилдаанд нөлөөлчих шиг санагдсан?

-Мэс заслын дараа зүссэн булчин болгон дотроо эдгэх, тохой тэнийхэд цаг хугацаа их орсон. Уг нь би Афины олимпод сугалаагаар Энэтхэг, Болгарын бөхтэй таарсан юм. Гэтэл манай жингээс хоёр бөх хасагдаж, нөгөө хоёр дээшээ яваад, би доороос АНУ-ын Геррейро, Гүржийн Погосян хоёрыг татчихсан. Уг нь манай жингээс бөх хасагдаагүй бол эхний хоёр тойргоо аятайхан хийгээд, барилдаан болоод явчихгүй юу. Погосянд хожигдоод миний олимп дууссан даа. Олимп гэж үнэхээр агуу зүйл. Би медаль хүртэж чадаагүйдээ харамсч, өөрийгөө зүхэж явдаг.

-Олимпоос мултарсны дараа юу бодогдох юм бэ?

-Тамирчин хүн хожигдсоны дараах хоёр минутад их хүнд байдалд ордог. Дэвжээнээс буух их хүнд байдаг. Хэрвээ нүүр хагарчихвал гайгүй. Дараа нь онгоцны буудал дээр буух гэж хэцүү даалгавар бий (инээв). Өмнө нь Погосянтай гурав барилдахдаа ганц л оноо алдсан. Тиймээс дийлдэг байсан хүнээ дийлэлгүй харьж байгаа юм байна даа гэж гутарсан. Дараа нь өмнө нь ялагдаж байсан Геррейрог ялчихаад бас ч болоогүй байгаа юм байна гэж бодсон шүү (инээв).

-Олимпийн дараа та хэсэг чимээгүй явсан?

-Зодооны тэмцээнд оролцоод хэсэг завгүй явлаа шүү дээ (инээв). Дүү нартаа зааж зөвлөөд, багш-тамирчин маягтай явъя гэж бодсон. Гэвч манай жингийн дүү нар Азийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнд яваад медаль авчирдаггүй. Тэгэхээр нь сорилт барилдаан хийсэн чинь би хожоод болдоггүй. Ингээд л 2005 оны ДАШТ-д явсан.



Хоёр дүүгийнхээ гараар ороод дууссан



-Будапештэд болсон тэр ДАШТ таны хувьд сүүлчийнх нь байсан?

-Эхний тойрогт Македоны Мурад Рамазановыг, хоёрдугаар тойрогт Казахстаны Баурзан Оразгалиевыг ялаад Кубын Кинтанатай таарсан. Оноо тэнцүү явахдаа хүлээсээр байгаад шодолцож, азаа үзэж болох байлаа. Гэвч залуучуудад явж барилдаад ялагдаж сурахыг үзүүлэх гээд дайрсан чинь миний толгойг уургалаад хоёр эргүүлчихсэн. Ингээд л дөрвөн оноо алдаад эхний үед хожигдсон юм. Намайг хоёрдугаар үед барилдуулалгүй шууд ялагдуулсан.

-Ямар учраас ингэсэн юм бэ. Та хоёрдугаар үед ялбал гуравдугаар үе гарах байсан. Дүрмийн бус юм хийсэн гэж тэгсэн юм болов уу?

-Үүнийг манай багш нар ч ойлгоогүй. Дүрмийн бус юм хийсэн гэвэл тэр намайг боосон шүү дээ. Би боолгочихоод дэвжээ алгадсан юм. Аягүй бол жүдогийнх шиг цэвэр ялагдъя гэж байна хэмээн бодсон юм байгаа биз. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Ингээд дагах барилдаанд Японы Юмито Кеничитэй таарсан. Халаалтаа хийж байхад дасгалжуулагч Такахира Вада нь ирээд миний насыг асуулаа. Би 33-тайгаа хэлэхэд толгой сэгсэрч байж билээ. Надтай таардаг япон жаахан хүүхэд хэрнээ их онгироо, ялагдсаныхаа дараа “Хоёулаа дахиж таарна аа” гэсэн (инээв). Хөгшин надаар оролдоод яах нь вэ, ингэж хэлэнгүүт багш нь толгой руу нь цохиод авч билээ. Би хариуд нь “Дахиад таарсан ч чамайг хожно” гэж хэлсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны Сайед Мурад Мохаммади Пахнекалаейд ялагдсан нь миний ДАШТ-ий дэвжээнд хийсэн сүүлчийн барилдаан байлаа.

-Та 2006 онд Дохагийн Азийн наадамд барилдахаар очсон ч зодоглоогүй?

-Дүү нараа явуулчихъя гэж бодсон юм. Гэвч Эрдэнэтэд болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнээр жингийнхээ дүү П.Өнөрбатыг 4:0, 6:0-ээр ялаад Доха руу явахаас өөр аргагүй болсон. Тэгээд ч олимпод чаддаггүй юм бол Азийнхаа олимпод ноёрхоё гэж бодлоо. Харамсалтай нь Дохад очсон өдрөө Б.Батзоригтой бэлтгэл хийж байгаад зовхио сэтлүүлж, оёо тавиуллаа. Жин үзэхийн өмнөх өдөр нь Б.Наранбаатартай барилдаж байхдаа хөлд нь орох гээд мөрөө эвгүй даруулсан. Би хүний хөлд ороод байдаггүй ч тухайн үед гай нь таарсан юм байгаа биз. Ямар ч ажиллагаагүй мөртэй хүн юун тэмцээнд орох, бараг түүнээс болоод зодог тайлсан. Хоёр дүүгийнхээ гараар ороод л дууссан даа (инээв).

-Барилдсан бол Азийн наадмын гурван медальтай болох боломж өндөр байсан шүү?

-Тийм ээ. Доха руу түрүүлж чаддагүй юм аа гэхэд мөнгө биш, хүрэл медаль хүртэх зорилготой очсон. Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальтай гэхээр гоё сонсогдоно биз дээ.

-Та гавьяат тамирчны тэмдгээ Төрийн ордонд бус Спортын төв ордонд гардсан нь ямар учиртай юм бол?

-Ерөнхийлөгч асан Н.Багабанди 16 жилийн дараа ДАШТ-ээс мөнгөн медаль авчирсныг минь үнэлсэн болов уу. “Энэ хүний хөлс хүчээ гаргасан ордонд нь гавьяатын тэмдгийг нь хүргэж өгнө” гэж хэлснийг хүнээс сонсоод баярлаж байлаа. Бэлтгэл хийж байх үеэр авчирч өгөх гэж байсан ч О.Мөнхбат багш “Хувцсаа сольж ир” гээд гэр рүү явуулсан. Гавьяат тамирчин болсон орой манай найзууд гэрт ирсэн юм. Зочид явсны дараа тэмдгээ гартаа атгачихаад өөрийн мэдэлгүй уйлаад, “Мөн ч их хүлээлээ” гээд өөртэйгөө яриад л байлаа. Тэр тэмдэг их гоё, хүнд санагдаад байсан шүү.



Багшийн минь хөдөлмөрийг төр засаг үнэлээсэй



-Та О.Мөнхбат, Х.Баянмөнх гэсэн хоёр сайхан багштай. Яг хэдэн онд аль багш дээрээ анх ирсэн юм бэ?

-Би 1986 онд Спорт сургалтын төвд О.Мөнхбат багш дээр ирсэн. О.Мөнхбат багш маань бас “Шонхор” клубийн туслах дасгалжуулагч байсан болохоор Спортын сургалтын төвийг залгамж халаа нь байсан гэж хэлж болно. Би 1990 онд “Шонхор”-т орсон юм. Манай “Шонхор”-т сайхан хамт олон бүрдсэн байсан. Эндээс Монгол Улсын гавьяат тамирчин гурав (О.Пүрэвбаатар, А.Сүхбат, Б.Гантогтох), Тува улсын гавьяат тамирчин нэг (Д.Бумбаяр) төрлөө. Удахгүй О.Мөнхбат багш маань гавьяат дасгалжуулагч болох байх. Бидний хэдэн залууг тэжээх, цалин тавих гэж Баянаа багш минь их зовсон. Зах зээл гээд мөнгө төгрөг хэцүү байхад бид намар ажил хийж, тэмцээний үеэр идэх хоолны мөнгөө цуглуулдаг байлаа.

-Таныг 1990-ээд оны үед “Есөн туг”, “Алтайн барс”-аар овоглож байсныг мэдэх юм?

-Баянаа аварга бидний төлөө хамаг юмаа шавхаад дуусахгүй юу. Биднийг тэжээж чадахаа байгаад яалт ч үгүй тараасан. Ингээд би “Алтайн бүргэдүүд”, “Есөн туг” клубийн тамирчин явсан. 1998 оны Бангкокын Азийн наадмын дараа “Алтайн бүргэдүүд”-ийг “Алтайн барс” болсных нь дараа эргэж очсон юм. Би гэр бүлтэй болоод, хадмынхаа хаяанд амьдардаг байлаа. “Алтайн барс” надад байр авч өгч байсан.

-Та О.Мөнхбат багшийнхаа тухай ярихгүй юу?

-Манай “Шонхор” клубийн бүх амжилт багштай минь салшгүй холбоотой. Багшийн маань энэ их хөдөлмөрийг үнэлээд гавьяат цолыг нь өгвөл өгөх цаг болсон. Багш маань их шийдэмгий, хэлсэндээ хүрдэг. Хааяа нэг бор дарс хүртчихдэг байсан. 2004 онд БТСУХ-нд ажиллаж байхдаа “Миний шавь Афины олимпоос медаль хүртэхгүй бол ажлаа өгнө” гэж хэлж байсан юм билээ. Ингээд намайг медальгүй ирэхэд ажлаа хүлээлгэж өгсөн. Үүний дараа Лаост дасгалжуулагчаар ажиллаж байхдаа осолд ороод ирсэн. Одоо группт байж байгаа. Нэг тамирчин дэлхийгээс медаль авахад багш нь гавьяат болдог. Гэтэл би дэлхийгээс хоёр медаль зүүчихээд байж байна. Төрүүлсэн шавь нараас нь А.Сүхбат улсын наадамд гурав түрүүлж, Б.Гантогтох гурав үзүүрлэж, хоёулаа гавьяат тамирчин болсон. Манай “Шонхор”-оос хамгийн бага амжилттай нь чөлөөт бөхөөр спортын мастер, үндэсний бөхөөр улсын начин цолтой. Ийм хүн амжилтаа үнэлүүлэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Үүнээсээ болоод спорт руугаа орох жаахан дургүй байх шиг байгаа юм. Энэ хүний толгойд маш их юм байгаа шүү.

-Та нэгэн удаа “Багш маань одоо ч гэсэн намайг зоддог” гэж хэлж байсан?

-Хүн чинь багшдаа насан туршдаа зодуулж явна. Багш гэдэг хүн чинь төрүүлээгүй л болохоос аав, ээж байхгүй юу. Багш заримдаа хүн амьтны нүдэн дээр намайг дууддаг. Ирэхээр “Гэдсээ чангал. Нэг шанаадъя” гэдэг юм. Заримдаа суниалгадаг. Харин би сүүлийн үед “Ээ багшаа. 40 хүрч байгаа хүнийг ингэж болохгүй шүү дээ” гэхээр инээгээд “Одоо ч миний хүү хөгширчихлөө” гэнэ. “Гэдсээ чангал” гэхээр нь “Би хүнд шаралсан шүү дээ. Та намайг нэг амбаардчих” гэдэг юм (инээв).


Ярилцсан Д.НАНЖИД (Өдрийн шуудан)
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаа

Postby Наагий » Fri Mar 16, 2012 6:57 pm

гоё ярилцлага !
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаа

Postby champion » Tue Aug 13, 2013 3:42 pm

хамгийн сүүлд 2007 онд улсын аваргаас хүрлийн төлөө бил үү дээ нэг залууд хожигдоод бууж байсныг нь бүүр түүрхэн санаж байна. Аргагүй л залуу үед дийлдээд дэвжээнээсээ нулимстай бууж байгааг нь хараад их өрөвдөж билээ. үнэхээр ганган байсан даа Ооска гавьяат.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаа

Postby Болдгэрэл » Sun Sep 15, 2013 2:14 pm

Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаа

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:10 pm

О.Пүрэвбаатар: Би гадаадад гарч ажиллахыг хүсдэггүй: http://hiimori.mn/4wr
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаа

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:13 pm

Оюунбилэгийн Пүрэвбаатар: http://sport.news.mn/content/15273.shtml
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаа

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:14 pm

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар: Би чөлөөт бөхөд их өртэй хүн: http://pbatjargal.wordpress.com/2009/11 ... %A9%D0%BB/
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаа

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:16 pm

О.Пүрэвбаатар: Гудамжныхаа эмээ, өвөө нарт усыг нь авч өгдөг байлаа: http://pbatjargal.wordpress.com/2010/04 ... A9-%D0%BD/
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаа

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:16 pm

О.Пүрэвбаатар: Яваандаа өөрийнхөө амьдралааар ном бичнэ гэж бодож байгаа: http://www.sonin.mn/news/sport/22850
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаа

Postby BuG » Sat Sep 12, 2015 1:25 pm

Нэг гоё яриа байсан шд. Гадаадын аль тэмцээн ч гэлээ... Ганхуяг Харцага Өсөхөө аварга хоёр сугалаа татчаал 2 лаа хатуухан сугалаатай жоохон шаналсан маягтай байцгааж байсан юм даг. Тэгээд тэр 2 Ооска гавьяатаас чи ямар сугалаа татав гэсэн цаадах нь орон дээр хэвтээстэй зурагт үзэнгээ аа хэн мэдхэв... Монголын Пүрэвбаатартай таарчлаа гээл та 2 шиг муухай царайлсан нэг юм байгаа биз гэсэн гэдэг хэхэ... баавартай байгаам шүү
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia


Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests