За юутай ч эхний цомоо аваадахлаа
Шинэ улирлын “бараг” албан ёсны эхний тоглолт болох Коммюнити шилд цомын тоглолтод МанСитиг торгуулийн цохилтоор хожлоо. Бараг л нөхөрсөг шахуу тоглолт л доо, гэхдээ Английн төдийгүй дэлхийн хамгийн шилдэг гэж санаа амар хэлж болохуйц багийг хожсон л бол хожсон. Өрсөлдөгчийн улирал манайхаас сүүлд дууссан, шинэ улирлын бэлтгэлдээ манайхаас хойш гарсан гэх мэт бодит шалтгууд бол байгаа. Яахав, яахав, чанар нь хаачхав дээ.
Тоглолтын хувьд шинэ улирлын дүрмийн өөрчлөлтүүдийг танилцуулсан ач холбогдолтой юм болов. Хамгийн том өөрчлөлт нь тоглолтын цаг. Катарт болсон Дэлхийн цомоор хэрэгжүүлж байсан шүүгчийн мэдлийн нэмэлт цагтай ижилхэн. Эхний үед гурван минут сунгасан боловч хоёрдугаар үед найман минут сунгасан нь арай л урт санагдсан. Яахав манайх хожигдож байсан болохоор таатай байсан боловч улирлын турш тоглолт болгон бараг 100 гаран минут үргэлжилнэ гэж бодохоор бас л аргуун санагдлаа. Яахав сайн тал нь тоглогч нарын цаг барих явдал багасч, яг цэвэр тоглолтдоо анхаарал хандуулж эхлэх биз.
Цаг барих гэснээс тоглогч нарын хэрэггүй гэмээр жижиг сажиг үйлдлүүдийг бас хорьсон байна. Шүгэл үлээгээд тоглолт зогсоож эсрэг талд чөлөөт цохилт заасан үед бөмбөгийг тоглолтод хурдан оруулахаас зайлсхийж тоглогч нар бөмбөгийг хол өшиглөх гэх мэт аргууд байдгийг шууд таслан зогсоожээ. Уг нь эсрэг багийн хэмнэлийг эвдэхэд их хэрэгтэй эд байдаг байсан, ингээд алга болчих бололтой.
Бас тоглогч ямар нэг байдлаар худлаа гэмтсэн дүр үзүүлж цаг барьсан тохиолдолд талбайгаас гаргаад, тоглолтод шууд оруулалгүй 30 секунд болсны дараа эргэж орох зөвшөөрөл өгдөг болсон гэж өчигдөр тайлбарлагч хэлж байна лээ. Энэ бол бас боломжийн хөөрхөн зохицуулалт шиг санагдсан. Хагас минут хүн дутуу гэдэг чинь яг тулсан үед хэцүү шийтгэл л дээ.
Бас нэг шинэ өөрчлөлт нь менежерүүдийг шүүгчидтэй хамаагүй ойртож харьцахыг хориглосон байна. Артэта аль хэдийн шар жавтий хүртээд амжсан. Айлын тоглогчид шар өгөөч гэж туслах шүүгчид гомдол гаргаснаас болсон гэнэ. Энэ бараг зүгээр хүмүүст үзүүлэх зориулалтаар л өгсөн байх. Гэхдээ шүүгч нар луу чаг чаг гээд байдгийг бас таслан зогсоож байгаа юм байх. Буруу ч юм бас биш байх л даа. Ноднинжингоо гарууд Артэтаг өөрийнхөө бүсээс гарч гүйгээд байна гээд олон долоон юм яриад байсныхаа хэргийг ингэж гаргаж байгаа юм болов уу гэж бодоод байна. Манай хүн ч халуун цустай испани эр л дээ.
Нэмж хэлэхэд улаан хуудас хүртсэн менежер шууд үзэгчдийн суудал руу суучихдаг байсныг болиулжээ. Хувцас солих өрөө руу шууд цөлөгдөх юм байна. Олд Траффордод Вэнгэрийн зогсож байдаг шиг үзэгдэл ахиж гарахгүй.
Нэмэлт цаг сунгав уу үгүй юу Партэй айлын тоглогчтой мөргөлдөөд хэвтчихсэний ачаар гэх үү бас нэг шинэ өөрчлөлтийн тухай сонслоо. Тоглогчдын тархины гэмтлийн асуудал нэлээн хурцаар тавигдаж байгаа тул ямар нэгэн байдлаар мөргөлдсөн, эсвэл толгойтой холбоотой гэмтэл гарсан тохиолдолд тоглолтыг шууд зогсоож эмч физио нар яаралтай үзлэг хийдэг болж байгаа юм уу даа. Өмнө нь ч адилхан байсан гэхдээ өчигдрийн тоглолт дээр бол бас л нэлээн нухацтай үзэж харагдана лээ. Толгойг нь боож энэ тэр. Бараг тав, зургаан минут үзсэн байх.