Эхлээд Өрнөд Дивизионийг сонирхуулая.. удку Дорнодыг оруулна...
Өрнөд конференц Төв дивизион
ДЕТРОЙТ РЕД УИНГЗ
Байгуулагдсан он: 1926
Байршил: Мичиган мужийн Детройт хот
Хойд Америкийн хоккейн хамгийн алдартай багуудын нэг. Тиймээс ч Детройтыг “хоккейн хот” гэх нь бий. Тус багийн анхны ерөнхийлөгч Жеймс Норрис WHL-ийн хүчирхэг багуудын нэг “Викториа Коугэрс”-ийг худалдан авч, NHL дэх эхний улиралд Детройтод хараахан ордонтой болоогүй байсан учир “Детройт Коугэрс” нэрээр хил дээр орших Канадын хот Уиндсорт тоглуулжээ. Дараа жил нутагтаа ирэхэд Норрис “Montreal Winged Wheelers”-т тоглож байсан үеэ дурсан “Улаан жигүүрүүд” нэрийг өгсөн байна.
ЧИКАГО БЛЭКХОУКС
Байгуулагдсан он: 1926
Байршил: Иллиноис мужийн Чикаго хот
NBA-гийн “Атланта Хоукс” багийн нэр өгсөн түүхтэй адилхан. Багийн анхны эзэн Фредерик Маклолин Дэлхийн I дайнд мото-буудлагын 333 дугаар ангид салаан даргаар дайтаж явсан аж. Өөрөө дайчин хүн байсан учир Иллиноис мужийнхны бахархал болсон Саук омгийн ахлагч Хар харцагын нэрийг ийнхүү багтаа авчээ. 1986 оноос хоёр үгийг “Blackhawks” болгон нийлүүлж бичих болсон.
СЕНТ-ЛУИС БЛЮЗ
Байгуулагдсан он: 1967
Байршил: Миссури мужийн Сент-Луис хот
Багийн эзэн “бага” Сид Саламон тухайн үед алдаршиж байсан Ви.Си.Хэндигийн “Сент-Луис Блюз” дууны нэрийг багтаа өгчээ. Өөрөө энэ талаар “Олонд алдаршсан, хотын нэрийн хуудас болсон дуугаар багаа нэрлэсэн нь уг дуу шиг хурдан нэр хүнд олж аван, хүчирхэгжихийг бэлгэдсэн юм. Мөн тоглогчид ч энэ дууг сонссоноор нэрийнхээ утга, учрыг ойлгож, урам зориг нь нэмэгдэх биз ээ” хэмээн тайлбарласан байна. Баг байгуулагдах үед сансар, огторгуйн судалгаа ид хүчээ авч байсан болохоор “Аполло”, “Меркури” гэсэн нэрийг санал болгосон ч хоттой ямар ч холбоогүй хэмээн дэмжигдээгүй аж.
Нэшвилл Предаторс
Байгуулагдсан он: 1998
Байршил: Теннесси мужийн Нэшвилл хот
1998 онд NHL хүрээгээ тэлэхэд нэшвиллчүүд багтаа хэдийнэ өгөх нэртэй болчихсон байжээ. Археологичид Теннесси мужаар малтлага хийж яваад Нэшвилл хотын орчмоос дор хаяж 10 мянган жилийн өмнөх байх магадлалтай сэлмэн соёот барын чулуужсан гавал олжээ. Энэ нь тус хотынхны бахархан ярих зүйлийн нэг болсон байна. “Предаторс” (Араатан)-ын онцлох тэмдэгт сэлмэн соёот барыг дүрсэлсэн байдаг.
КОЛАМБУС БЛЮ ЖЭКЕТС
Байгуулагдсан он: 2000
Байршил: Охайо мужийн Коламбус хот
Багийн удирдлагууд хотын оршин суугчдын дунд нэрний санал асуулга явуулахад “Justice”, “Blue Jackets” хоёр тунан үлджээ. Эцэст нь “Хөх хувцастнууд”-ыг сонгосон байна. Энэ нь тус мужийн түүхтэй холбоотой аж. Иргэний дайны үед Охайогийн иргэд бусад мужийнхнаас илүүтэй Нэгдсэн улсын армийг дэмжиж, хөх өнгийн дүрэмт хувцсыг нь оёдог байсан гэнэ. Коламбусчууд баг нь NHL-д хөл тавихаас гурван жилийн өмнө энэ нэрийг сонгожээ.
Баруун хойд дивизион
КАЛГАРИ ФЛЭЙМЗ
Байгуулагдсан он: 1972
Байршил: Канадын Алберт мужийн Калгари хот
Иргэний дайны үед үнс нурам болтол шатаад эргэн боссон Атлантаг тус хотынхон дурсан хоккейн багтаа “Флэймз” (Дөл) гэсэн нэр өгчээ. 1980 онд “Дөлнүүд” Калгари руу шилжихэд тус хот харьяалагддаг Алберт муж нефть олборлолтоороо улсдаа тэргүүлдгийг бодолцон нэрийг хэвээр үлдээсэн байна.
МИННЕСОТА УАЙЛД
Байгуулагдсан он: 2000
Байршил: Миннесота мужийн Сент-Пол хот
8000 гаруй хөгжөөн дэмжигчээс ирсэн 2800 хувилбарын саналаас “Blue Ox” (Хөх шар үхэр), “Freeze” (Хөлдөөгч), “Northern Lights” (Умардын гэрэл), “Voyageurs” (Далайгаар аялагч), “White Bears” (Цагаан баавгай), “Wild” (Зэрлэг) гэсэн зургаан нэрийг эцсийн шатанд үлдээжээ. Үүнээс мужийнхаа үзэсгэлэнт онгон дагшин байгаль, араатан амьтдыг бүхэлд багтаасан гэж үзэн “Уайлд” нэрийг сонгосон байна.
ВАНКУВЕР КЭНАКС
Байгуулагдсан он: 1945
Байршил: Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хот
Америкчуудыг янк гэдэг шиг кэнак нь канадуудын хоч нэр ажээ. 1800-аад оны сүүлчээс 1900 оны дунд үе хүртэл Канадад амьдарч байсан Жонни Кэнак гэдэг шог зураач нацизм, Гитлерийг эсэргүүцсэн улс төрийн бүтээл олныг гаргасан ба хожим түүний арга барилаар Сэм авга гэсэн комик бүтээгджээ. Зураач Кэнак нь тэшүүрээр сайн гулгаж, хоккей муугүй тоглодог байсан гэдэг.
КОЛОРАДО АВЕЛАНШ
Байгуулагдсан он: 1972
Байршил: Колорадо мужийн Денвер хот
“Квебек Нордикс” (Умардынхан) баг 1995 онд Денвер лүү нүүхэд колорадочууд хуучин нэрийг халахыг хүсэн, нэрний олон хувилбартай хүлээж авчээ. Энэ дундаас “Цасан нуранги”-ийг олонхийн саналаар сонгосон. Сүр бараат Хадат уулаараа бахархдаг Колорадо мужийнхан байнга заналхийлж байдаг, ямар ч аюул авчирч мэдэх цасан нурангийг байгалийн их хүчээ багт нь өгөхийг бэлгэджээ. Энэ нэр нь оносон уу, “Авеланш” анхны улиралдаа л аварга болсон билээ.
ЭДМОНТОН ОЙЛЕРС
Байгуулагдсан он: 1972
Байршил: Канадын Алберт мужийн Эдмонтон хот
Алберт муж Канадын нефтийн төв гэдгийг Калгари хотын тухай өгүүлэхдээ дурдсан. Тэр дундаа Эдмонтон хотын орчимд нефтийн эх булаг байдаг ажээ. Тиймээс энэ баг яагаад ийм нэр авсан нь шууд ойлгогдоно. Эдмонтончууд анхны жилдээ “Алберт Ойлерс” нэрээр тоглоод, хоёр дахь улирлаас хотоороо овоглох болсон байна.
Номхон далайн дивизион
ДАЛЛАС СТАРС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Техас мужийн Даллас хот
Техас бол Америкийн хамгийн цөөн од үзэгддэг муж. Нэрний тухайд анх байгуулагдсан Миннесотатай холбоотой юм. Миннесота мужийн нэрийн хуудас нь “Etoile du Nord” (Star of the North) гэсэн үг ажээ. 1993 онд “Умардын Одод” өмнөдийг зорьж, Техаст суурьшихдаа нэрийнхээ “Умард” гэсэн үгийг авсан байна.
Анахайм Дакс
Байгуулагдсан он: 1993
Байршил: Калифорни мужийн Анахайм хот
“Walt Disney” компани тус багийг байгуулсан гэхээр яагаад ийм нэр авсныг шуудхан ойлгох биз ээ. “Walt Disney”-гийн гүйцэтгэх захирал Майкл Эйшер компанийнхаа нэрийн хуудас болсон “Хүчирхэг нугас” хүүхэлдэйн киноны баатрын нэрийг багтаа өгчээ. 2005 онд “Анахайм”-ыг Самуэлийн гэр бүл худалдан авснаар “хүчирхэг” гэсэн үгийг нэрнээс авсан байна.
САН-ХОСЕ ШАРКС
Байгуулагдсан он: 1991
Байршил: Калифорни мужийн Сан-Хосе хот
Сан-Хосе бол Номхон далайн эрэгт оршдог хот. Энэ эрэг орчимд долоон төрөл зүйлийн аварга загас нутаглаж, байнга л хүн осолдож, хэлмэгдэж байдаг учраас “Улаан гурвалжин” гэж нэрлэдэг байна. Тиймээс “Fog” (Манан), “Waves” (Давалгаа) гэсэн санал цөөнгүй ирсэн ч “Шаркс” нь илүү оновчтой хэмээн сонгожээ.
ФИНИКС КОЙОТС
Байгуулагдсан он: 1972
Байршил: Аризона мужийн Глендэйл хот
Анх Виннипег хотод тус баг байгуулагдахад багийн эзэн нь америк хөлбөмбөгийн “Нью-Йорк Жетс” багийн удирдлагуудтай ойр дотно харилцаатай байдгаа илэрхийлж “Виннипег Жетс” нэрийг сонгожээ. Харин 1996 онд “Жетс” Аризонад очиход хөгжөөн дэмжигчид “Койотс” (Талын чоно) болгон өөрчилсөн байна. Нэрний уралдаанд Аризонад олон үзэгддэг талын чонотой цөлийн аюултай амьтдын нэг Хилэнцэт хорхой (Scorpions) ойрхон өрсөлдөөд ялагджээ.
ЛОС-АНЖЕЛЕС КИНГЗ
Байгуулагдсан он: 1967
Байршил: Калифорни мужийн Лос-Анжелес хот
“Лос-Анжелес Лейкерс”-ийн эзэн, Канадын уугуул Жек Кент Күки хоккейн багтай болох хүсэл тээж яваад NHL-ээс тус хотод эрх олгоход “Кингз”-ийг байгуулжээ. Энэ үед байгуулагдсан олон багийн адилаар сансартай холбоотой нэр өгөх гэсэн авч эцэст нь сансрын хаад нь болъё гэсэн утгаар “Кингз” гэсэн нэрийг сонгосон байна. Харин Күки тоглогчдодоо онцлогт нь тохируулан “пуужин”, “тийрэлтэт хөдөлгүүр” гэх зэрэг нэр, хоч өгч байжээ.