Үндэсний Хоккэйн Лийгийн /NHL/ багуудийн нэрний учир утга...

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

Үндэсний Хоккэйн Лийгийн /NHL/ багуудийн нэрний учир утга...

Postby Г.Баяраа » Tue May 27, 2008 11:16 pm

Эхлээд Өрнөд Дивизионийг сонирхуулая.. удку Дорнодыг оруулна...

Өрнөд конференц Төв дивизион

Image
ДЕТРОЙТ РЕД УИНГЗ
Байгуулагдсан он: 1926
Байршил: Мичиган мужийн Детройт хот
Хойд Америкийн хоккейн хамгийн алдартай багуудын нэг. Тиймээс ч Детройтыг “хоккейн хот” гэх нь бий. Тус багийн анхны ерөнхийлөгч Жеймс Норрис WHL-ийн хүчирхэг багуудын нэг “Викториа Коугэрс”-ийг худалдан авч, NHL дэх эхний улиралд Детройтод хараахан ордонтой болоогүй байсан учир “Детройт Коугэрс” нэрээр хил дээр орших Канадын хот Уиндсорт тоглуулжээ. Дараа жил нутагтаа ирэхэд Норрис “Montreal Winged Wheelers”-т тоглож байсан үеэ дурсан “Улаан жигүүрүүд” нэрийг өгсөн байна.

Image
ЧИКАГО БЛЭКХОУКС
Байгуулагдсан он: 1926
Байршил: Иллиноис мужийн Чикаго хот
NBA-гийн “Атланта Хоукс” багийн нэр өгсөн түүхтэй адилхан. Багийн анхны эзэн Фредерик Маклолин Дэлхийн I дайнд мото-буудлагын 333 дугаар ангид салаан даргаар дайтаж явсан аж. Өөрөө дайчин хүн байсан учир Иллиноис мужийнхны бахархал болсон Саук омгийн ахлагч Хар харцагын нэрийг ийнхүү багтаа авчээ. 1986 оноос хоёр үгийг “Blackhawks” болгон нийлүүлж бичих болсон.

Image
СЕНТ-ЛУИС БЛЮЗ
Байгуулагдсан он: 1967
Байршил: Миссури мужийн Сент-Луис хот
Багийн эзэн “бага” Сид Саламон тухайн үед алдаршиж байсан Ви.Си.Хэндигийн “Сент-Луис Блюз” дууны нэрийг багтаа өгчээ. Өөрөө энэ талаар “Олонд алдаршсан, хотын нэрийн хуудас болсон дуугаар багаа нэрлэсэн нь уг дуу шиг хурдан нэр хүнд олж аван, хүчирхэгжихийг бэлгэдсэн юм. Мөн тоглогчид ч энэ дууг сонссоноор нэрийнхээ утга, учрыг ойлгож, урам зориг нь нэмэгдэх биз ээ” хэмээн тайлбарласан байна. Баг байгуулагдах үед сансар, огторгуйн судалгаа ид хүчээ авч байсан болохоор “Аполло”, “Меркури” гэсэн нэрийг санал болгосон ч хоттой ямар ч холбоогүй хэмээн дэмжигдээгүй аж.

Image
Нэшвилл Предаторс
Байгуулагдсан он: 1998
Байршил: Теннесси мужийн Нэшвилл хот
1998 онд NHL хүрээгээ тэлэхэд нэшвиллчүүд багтаа хэдийнэ өгөх нэртэй болчихсон байжээ. Археологичид Теннесси мужаар малтлага хийж яваад Нэшвилл хотын орчмоос дор хаяж 10 мянган жилийн өмнөх байх магадлалтай сэлмэн соёот барын чулуужсан гавал олжээ. Энэ нь тус хотынхны бахархан ярих зүйлийн нэг болсон байна. “Предаторс” (Араатан)-ын онцлох тэмдэгт сэлмэн соёот барыг дүрсэлсэн байдаг.

Image
КОЛАМБУС БЛЮ ЖЭКЕТС
Байгуулагдсан он: 2000
Байршил: Охайо мужийн Коламбус хот
Багийн удирдлагууд хотын оршин суугчдын дунд нэрний санал асуулга явуулахад “Justice”, “Blue Jackets” хоёр тунан үлджээ. Эцэст нь “Хөх хувцастнууд”-ыг сонгосон байна. Энэ нь тус мужийн түүхтэй холбоотой аж. Иргэний дайны үед Охайогийн иргэд бусад мужийнхнаас илүүтэй Нэгдсэн улсын армийг дэмжиж, хөх өнгийн дүрэмт хувцсыг нь оёдог байсан гэнэ. Коламбусчууд баг нь NHL-д хөл тавихаас гурван жилийн өмнө энэ нэрийг сонгожээ.


Баруун хойд дивизион

Image
КАЛГАРИ ФЛЭЙМЗ
Байгуулагдсан он: 1972
Байршил: Канадын Алберт мужийн Калгари хот
Иргэний дайны үед үнс нурам болтол шатаад эргэн боссон Атлантаг тус хотынхон дурсан хоккейн багтаа “Флэймз” (Дөл) гэсэн нэр өгчээ. 1980 онд “Дөлнүүд” Калгари руу шилжихэд тус хот харьяалагддаг Алберт муж нефть олборлолтоороо улсдаа тэргүүлдгийг бодолцон нэрийг хэвээр үлдээсэн байна.

Image
МИННЕСОТА УАЙЛД
Байгуулагдсан он: 2000
Байршил: Миннесота мужийн Сент-Пол хот
8000 гаруй хөгжөөн дэмжигчээс ирсэн 2800 хувилбарын саналаас “Blue Ox” (Хөх шар үхэр), “Freeze” (Хөлдөөгч), “Northern Lights” (Умардын гэрэл), “Voyageurs” (Далайгаар аялагч), “White Bears” (Цагаан баавгай), “Wild” (Зэрлэг) гэсэн зургаан нэрийг эцсийн шатанд үлдээжээ. Үүнээс мужийнхаа үзэсгэлэнт онгон дагшин байгаль, араатан амьтдыг бүхэлд багтаасан гэж үзэн “Уайлд” нэрийг сонгосон байна.

Image
ВАНКУВЕР КЭНАКС
Байгуулагдсан он: 1945
Байршил: Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хот
Америкчуудыг янк гэдэг шиг кэнак нь канадуудын хоч нэр ажээ. 1800-аад оны сүүлчээс 1900 оны дунд үе хүртэл Канадад амьдарч байсан Жонни Кэнак гэдэг шог зураач нацизм, Гитлерийг эсэргүүцсэн улс төрийн бүтээл олныг гаргасан ба хожим түүний арга барилаар Сэм авга гэсэн комик бүтээгджээ. Зураач Кэнак нь тэшүүрээр сайн гулгаж, хоккей муугүй тоглодог байсан гэдэг.

Image
КОЛОРАДО АВЕЛАНШ
Байгуулагдсан он: 1972
Байршил: Колорадо мужийн Денвер хот
“Квебек Нордикс” (Умардынхан) баг 1995 онд Денвер лүү нүүхэд колорадочууд хуучин нэрийг халахыг хүсэн, нэрний олон хувилбартай хүлээж авчээ. Энэ дундаас “Цасан нуранги”-ийг олонхийн саналаар сонгосон. Сүр бараат Хадат уулаараа бахархдаг Колорадо мужийнхан байнга заналхийлж байдаг, ямар ч аюул авчирч мэдэх цасан нурангийг байгалийн их хүчээ багт нь өгөхийг бэлгэджээ. Энэ нэр нь оносон уу, “Авеланш” анхны улиралдаа л аварга болсон билээ.

Image
ЭДМОНТОН ОЙЛЕРС
Байгуулагдсан он: 1972
Байршил: Канадын Алберт мужийн Эдмонтон хот
Алберт муж Канадын нефтийн төв гэдгийг Калгари хотын тухай өгүүлэхдээ дурдсан. Тэр дундаа Эдмонтон хотын орчимд нефтийн эх булаг байдаг ажээ. Тиймээс энэ баг яагаад ийм нэр авсан нь шууд ойлгогдоно. Эдмонтончууд анхны жилдээ “Алберт Ойлерс” нэрээр тоглоод, хоёр дахь улирлаас хотоороо овоглох болсон байна.


Номхон далайн дивизион

Image
ДАЛЛАС СТАРС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Техас мужийн Даллас хот
Техас бол Америкийн хамгийн цөөн од үзэгддэг муж. Нэрний тухайд анх байгуулагдсан Миннесотатай холбоотой юм. Миннесота мужийн нэрийн хуудас нь “Etoile du Nord” (Star of the North) гэсэн үг ажээ. 1993 онд “Умардын Одод” өмнөдийг зорьж, Техаст суурьшихдаа нэрийнхээ “Умард” гэсэн үгийг авсан байна.

Image
Анахайм Дакс
Байгуулагдсан он: 1993
Байршил: Калифорни мужийн Анахайм хот
“Walt Disney” компани тус багийг байгуулсан гэхээр яагаад ийм нэр авсныг шуудхан ойлгох биз ээ. “Walt Disney”-гийн гүйцэтгэх захирал Майкл Эйшер компанийнхаа нэрийн хуудас болсон “Хүчирхэг нугас” хүүхэлдэйн киноны баатрын нэрийг багтаа өгчээ. 2005 онд “Анахайм”-ыг Самуэлийн гэр бүл худалдан авснаар “хүчирхэг” гэсэн үгийг нэрнээс авсан байна.

Image
САН-ХОСЕ ШАРКС
Байгуулагдсан он: 1991
Байршил: Калифорни мужийн Сан-Хосе хот
Сан-Хосе бол Номхон далайн эрэгт оршдог хот. Энэ эрэг орчимд долоон төрөл зүйлийн аварга загас нутаглаж, байнга л хүн осолдож, хэлмэгдэж байдаг учраас “Улаан гурвалжин” гэж нэрлэдэг байна. Тиймээс “Fog” (Манан), “Waves” (Давалгаа) гэсэн санал цөөнгүй ирсэн ч “Шаркс” нь илүү оновчтой хэмээн сонгожээ.

Image
ФИНИКС КОЙОТС
Байгуулагдсан он: 1972
Байршил: Аризона мужийн Глендэйл хот
Анх Виннипег хотод тус баг байгуулагдахад багийн эзэн нь америк хөлбөмбөгийн “Нью-Йорк Жетс” багийн удирдлагуудтай ойр дотно харилцаатай байдгаа илэрхийлж “Виннипег Жетс” нэрийг сонгожээ. Харин 1996 онд “Жетс” Аризонад очиход хөгжөөн дэмжигчид “Койотс” (Талын чоно) болгон өөрчилсөн байна. Нэрний уралдаанд Аризонад олон үзэгддэг талын чонотой цөлийн аюултай амьтдын нэг Хилэнцэт хорхой (Scorpions) ойрхон өрсөлдөөд ялагджээ.

Image
ЛОС-АНЖЕЛЕС КИНГЗ
Байгуулагдсан он: 1967
Байршил: Калифорни мужийн Лос-Анжелес хот
“Лос-Анжелес Лейкерс”-ийн эзэн, Канадын уугуул Жек Кент Күки хоккейн багтай болох хүсэл тээж яваад NHL-ээс тус хотод эрх олгоход “Кингз”-ийг байгуулжээ. Энэ үед байгуулагдсан олон багийн адилаар сансартай холбоотой нэр өгөх гэсэн авч эцэст нь сансрын хаад нь болъё гэсэн утгаар “Кингз” гэсэн нэрийг сонгосон байна. Харин Күки тоглогчдодоо онцлогт нь тохируулан “пуужин”, “тийрэлтэт хөдөлгүүр” гэх зэрэг нэр, хоч өгч байжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Үндэсний Хоккэйн Лийгийн /NHL/ багуудийн нэрний учир утга...

Postby Г.Баяраа » Thu May 29, 2008 11:07 pm

Image

Дорнод конференц

Атлантик дивизион


Image
НЬЮ-ЖЕРСИ ДЕВИЛЗ
Байгуулагдсан он: 1974
Байршил: Нью-Жерси мужийн Ньюарк хот
Анх Канзас-Ситид байгуулагдахдаа “Скаутс” (хайгуулчид, тагнуулчид) нэртэй байсан бол хоёр жилийн дараа Колорадо руу нүүхдээ “Рокис” болжээ. 1982 онд одоогийн байраа олоход хөгжөөн дэмжигчдийн 30 гаруй хувь нь “Девилз” нэрийг санал болгосон байна. Энэ нь тус нутгийн нэгэн домогтой холбоотой аж. 1700-аад оны эхээр араатан цээжтэй, хүн хөлтэй амьтан Нью-Жерсигийн Хопатконг нуурын орчмоор үзэгдэн, хүн, мал руу халддаг байжээ. Үүнийг нуурын савдаг хэмээх нь байхад цыганчуудад хараалгасан бүсгүйн 13 дахь хүүхэд гэлцэх нь бий аж.

Image
НЬЮ-ЙОРК РЕЙНЖЕРС
Байгуулагдсан он: 1926
Байршил: Нью-Йорк мужийн Нью-Йорк хот
Техаст хуульчаар ажиллаж байгаад хожим “Мэдисон Скуэр Гарден”-ы эзэн болсон Текс Рикард Нью-Йоркийн хоккейн анхны баг “Американс”-ыг худалдаж авчээ. Тухайн үед хөгжөөн дэмжигчид, хэвлэлийнхэн Техасаас ирсэн Тексийг гоочлон багийг нь “Тексийн Рейнжерс” (морьт цагдаа) хэмээдэг байж. Энэ хоч нь явсаар “Американс”-аас илүү олонд алдаршиж, албан ёсны нэр нь болжээ. Тус баг өдгөө бэл бэнчингээрээ NHL-д толгой цохидог билээ.

Image
НЬЮ-ЙОРК АЙЛЕНДЕРС
Байгуулагдсан он: 1972
Байршил: Нью-Йорк мужийн Юниондейл хот
MLB-ийн баг “Нью-Йорк Метс” анх байгуулагдахад хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар “Айлендерс” (арлынхан) гэсэн нэр аман хүзүүджээ. Харин Лонг-Айландын оршин суугчид NHL-д багтай болохдоо өөрсдийнхөө хүссэн нэрийг өгсөн байна. “Нью-Йорк Айлендерс”-ийн эзэн Рой Боэгийн эхнэр нь шинэ багтаа заавал арлын оршин суугчдын баг гэдгийг тодотгох нэр өгөхийг шаардаж байсан гэдэг. Хатагтай Боэ үүгээр зогсохгүй тус багийн анхны логог өөрөө зохиож байжээ.

Image
ПИТТСБУРГ ПИНГВИНС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Пенсильвани мужийн Питтсбург хот

Image
ФИЛАДЕЛЬФИ ФЛАЙЕРС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Пенсильвани мужийн Филадельфи хот
1967 онд Пеннсильвани мужаас NHL-д хоёр баг элсэв. Энэ хоёр баг аль аль нь ямар нэгэн утга, учир агуулаагүй, зүгээр л сонсголонтой байдлыг нь бодоод тус бүрийн нэрээ сонгожээ. Хотын нэртэй хамт дуудахад эвтэйхэн, эхний үсэг, үеийн дуудлага ойролцоо үг сонгосон нь энэ ажээ. Питтсбургчууд Пенсильвани мужид харьяалагддаг хэмээн ПИНгвинс нэрийг авсан ба хүйтэн, мөстэй газар амьдардаг гэхээс өөрөөр оцон шувуу Питтсбургийн хоккейн багтай холбогдох утга үгүй юм.
Мөн “Филадельфи”-гийн эзэн Эд Снайдер, ерөнхий менежер Бад Пойл нар 25 мянга гаруй хөгжөөн дэмжигчээс ирсэн саналаас хотын нэртэй хоршиж дуудахад сонсголонтой хэмээн “Флайерс”-ыг сонгожээ.


Зүүн хойд дивизион

Image
БОСТОН БРЮИНЗ
Байгуулагдсан он: 1924
Байршил: Массачусетс мужийн Бостон хот
NHL-ийн ууган багуудын нэг “Бостон”-ы эзэн Чарльз Адамс багаа байгуулахдаа нэрнээс илүүтэй хувцас, онцлох тэмдэгний өнгийг чухалчилж байжээ. Хотынхоо том дэлгүүрийн эзэн тэрбээр бизнест нь хэрэг болно гэж үзэн шар, хүрэн өнгөнд тулгуурласан нэр, логоны уралдаан зарлахад “Брюинз” (Хүрэн баавгай) сонгогдсон байна. Хүний гарт ордоггүй, зэрлэг, догшин, хүчтэй гэсэн онцлог нь их амжилтыг зөгнөнө гэж үзжээ.

Image
БАФФАЛО СЭЙБРЗ
Байгуулагдсан он: 1970
Байршил: Нью-Йорк мужийн Баффало хот
Одос үхэр гэсэн нэртэй тус хотын мэргэжлийн спортын багууд дандаа үүнтэйгээ холбоотой “Бизон” гэх мэт нэртэй аж. Тиймээс “Сэйбрз”-ийн анхны эзэн Сеймур Нокс бусдаас ялгаатай нэр бодож олохыг хүсч, олон санал дундаас “сэлэм”-ийг сонгосон байна. Энэ нэр багийн эздэд гойд таалагдсан нь хожим байгуулсан фарм-клубтээ “Цинцинатти Свордс” (Илд) гэсэн нэр өгснөөс тод харагдана. Хэдий ийм нэртэй ч багийн логонд хотынхоо нэр Баффалог дүрсэлсэн байдаг билээ.

Image
ТОРОНТО МЭЙПЛ ЛИВЗ
Байгуулагдсан он: 1917
Байршил: Канадын Онтарио мужийн Торонто хот
Агч навч бол Канадын төрийн далбаанд орсон зүйл. Тиймээс Торонтогийн хоккейн багийн нэрний утга учир шууд ойлгогдоно. Үүнээс гадна тус багт ийм нэр өгөх өөр нэг шалтгаан буй ажээ. Багийн анхны эзэн Конн Смайт Дэлхийн I дайнд “Марle leafs” нэртэй хороонд алба хашиж байсан бөгөөд үүнийгээ дурсан хоккейн багаа нэрлэсэн байна.

Image
ОТТАВА СЕНАТОРС
Байгуулагдсан он: 1992
Байршил: Канадын Онтарио мужийн Оттава хот
1901 онд тус хотод ийм нэртэй баг байгуулагдсан бөгөөд лиг NHL хэмээн нэрлэгдэхээс өмнө зургаан удаа Стэнлийн цомыг хүртжээ. 1992 онд NHL-ээс Оттавад хоккейн багтай болох шийдвэр гаргахад цөөн жил оршин тогтоносон ч нэгэн үеийг эзэгнэн гарамгай амжилт гаргасан хотын ууган багийн нэрийг авсан байна. Мөн Канадын нийслэлийн баг учраас засаг, захиргааны төв нь гэсэн утгыг агуулж буй.

Image
МОНРЕАЛЬ КАНАДИЕНС
Байгуулагдсан он: 1909
Байршил: Канадын Квебек мужийн Монреаль хот
Монреалийн уугуул Амброз О’Брайен гэгч эр хотынхоо “Монреаль Уондерерс”, “Монреаль Шэмрокс” багуудтай хүчтэй өрсөлдөх клубийг байгуулна хэмээн “Канадиенс”-ийн үндсийг тавьжээ. Франц гаралт, мөн энэ хэлээр ярьдаг тоглогчдоор багаа бүрдүүлнэ гэсэн утгаар ийм нэр өгсөн байна. Гэвч CHA (Canadian Hockey Association) тус багийг лигтээ элсүүлсэнгүй. Тиймээс О’Брайен СНА-тэй өрсөлдөх лигтэй болохоор шийдэж, NHA-г байгуулжээ. 1927 онд NHL байгуулагдахад “анхны зургаа”-гийн нэг болов.


Зүүн өмнөд дивизион

Image
Атланта трэшерс
Байгуулагдсан он: 1999
Байршил: Жоржиа мужийн Атланта хот
Анхны баг “Флэймз” нь 1980 онд Канадын Калгари руу нүүснээс хойш бараг 20 жилийн дараа атлантачууд дахин NHL-д багтай болжээ. Ингэхдээ Атланта хотынхон анхны багтаа нэр сонгох үед “Флэймз”-ийн араас удаалж байсан үг “Трэшерс”-ийг нэрээ болгосон. Жоржиа мужаар нутагладаг, муж улсынхаа сүлдэнд орсон трэшер шувуугаар атлантачууд хоккейн багаа нэрлэсэн байна.

Image
Каролина харрикэнс
Байгуулагдсан он: 1972
Байршил: Хойд Каролина мужийн Рэли хот
Анх Бостонд байгуулагдахдаа “Нью-Инглэнд Вэйлерс” (Халим агнуурын онгоц) нэртэй байжээ. 1979 онд Хартфорд руу нүүхдээ энэ нэрээ хадгалж үлдсэн бөгөөд 1997 онд одоогийн байраа олоход “Харрикейнс” (Хар салхи) хэмээн нэрлэсэн байна. Каролина муж нь Америкийн хамгийн их хар салхи дэгддэг нутгийн нэг бөгөөд багийн эзэн Питер Карманос шуурганы их хүч, хурдыг хоккейн баг нь авахыг бэлгэдэн ийн нэрлэжээ.

Image
ФЛОРИДА ПАНТЕРС
Байгуулагдсан он: 1993
Байршил: Флорида мужийн Санрайс хот
Амьтан судлаач Чарльз Коури анх 1896 онд Флорида мужид шар ирвэс харжээ. Хожим 1982 онд Флорида мужийн бүх дунд сургуулийн сурагчдын дунд явуулсан санал асуулгаар шар ирвэс тус мужийн онцлох амьтнаар тодорч, сүлдэнд нь мөнхөрсөн байна. 1992 онд Санрайс хотод NHL-ийн баг байгуулах шийдвэр гарахад хөгжөөн дэмжигчид санал нэгтэй нэрийг нь өгчээ. Багийн эзэн Уэйн Хуйзинга “Шар ирвэсний догшин, ширүүн байдлыг бэлгэдэж багаа нэрлэсэн ч манай багийн онцлох тэмдгийг харж, нэрийг сонссон хүн бүр түүний аюулаас болгоомжлохыг сануулсан давхар утгатай” хэмээн өгүүлжээ.

Image
Тампа-Бэй лайтнинг
Байгуулагдсан он: 1992
Байршил: Флорида мужийн Тампа хот
Баг байгуулагдаж, удирдах зөвлөл хуралдан дүрэм журам, гэрээ заалтаа тогтсон ч ямар нэр өгөхөө шийдэж чадахгүй маргалдаж суужээ. Яг энэ үед Тампа хотод хүчтэй аадар бороо орж, цахилгаан цахиж байсан аж. Хоёр ч удаа нүд гялбуулсан хүчтэй цахилгаан цахиж, хурал хийж байсан өрөөнд айдас авчирсан байна. Энэ үед багийн ерөнхий менежер Фил Эспозито “Аянга гэж нэрлэе” гэсэн санал гаргаж дэмжигджээ. Зөвхөн энэ өдрөөр зогсохгүй байнга шахам Тампагийн эрэг орчмоор аадар бороо шаагиж, цахилгаан цахилж байдаг ажээ.

Image
Вашингтон кэпиталс
Байгуулагдсан он: 1974
Байршил: Нийслэл Вашингтон хот
АНУ-ын засаг захиргаа байрладаг нийслэл хотын хоккейн багийн нэрний утга нь харангуут л ойлгогдох биз ээ. Анхны эзэн Абе Поллин “нийслэлчүүд” гэсэн нэр өгөх саналтай байсан ба хөгжөөн дэмжигчдээсээ өөр шилдэг санаа гарч магадгүй хэмээн санал асуулга явуулахад ихэнх нь түүнтэй адил байжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !


Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests