Теннис - Өнгөрсөн 10 жилийн шилдэг 10 эмэгтэй тамирчид

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Энэ жагсаалт таны санаанд нийцэж байна уу ?

1. Тийм
4
67%
2. Үгүй
1
17%
3. Зарим нэгийг нь эс тооцвол
1
17%
 
Total votes : 6

Теннис - Өнгөрсөн 10 жилийн шилдэг 10 эмэгтэй тамирчид

Postby Г.Баяраа » Wed Jan 27, 2010 12:57 pm

10. Светлана Кузнецова (ОХУ)
Image
Уг нь Светланад энэ жагсаалтын дээгүүр байранд бичигдэх хэмжээний ур чадвар, авьяас байгаа юу гэвэл байгаа, Гагцхүү шийдвэрлэх тоглолтонд бүрэн хүчээ гаргаж чаддаггүй нь түүний өдий болтол дэлхийн чансааг тэргүүлж байгаагүйн учир билээ. 2006 оны 10 сараас 2009 оны 4 сар хүртэл Кузнецова 11 тэмцээний финалд шалгарсан ч 10-т нь ялагдсан харамсалтай үзүүлэлттэй. Энэ бүхнийг нь эс тооцох юм бол Светлана яах аргагүй сүүлийн жилийн шилдгүүдийн нэг. Шарапова, Динара зэрэг нутаг нэгтнүүдээ бодвол ямар ч гадаргуун дээр жигд тоглолыг үзүүлдэг, хөлийн ажиллагаа сайтай, урд гарын цохилт болон эхний давуулалтаа оноо болгохдоо гарамгай гээд магтах чанар түүнд олон бий. Жинхэнэ спортын хүнд л байхаар бие бялдартай гэж мэргэжилтнүүд түүнийг дүгнэдэг. Спортын гэр бүлд өссөн тэрээр 2000 оноос ITF-ийн тэмцээн уралдаанд оролцож эхлэн жилийн дараа анхны олон улсын тэмцээндээ түрүүлсэн юм. 2004 оны Америкийн нээлттэй тэмцээнд карьерийнхаа анхны Их Дуулгын түрүүг нутаг нэгт Елена Дементьевагаар авч байлаа. Үүнээс хойш дээр өгүүлсэн ”азгүйтэл” нь эхэлсэн ч 2009 оны Ролан Гаррост өөрийгөө хэн гэдгээ харуулж 2 дахь Их Дуулгаа хүртсэн билээ. Одоогоор Светлана чансааны 3-р байранд эрэмбэлэгдэж байна. Теннисчдийн хувьд 24 гэдэг бол ид амжилт гаргах эрч үхчтэй үе байдаг. Тийм учраас энэ онд Кузнецова гурав, магадгүй дөрөв дэх Их Дуулгынхаа төлөө хүчтэй тэмцэл өрнүүлэх биз ээ.

9. Мартина Хингис (Швейцарь)
Image
Хингисийн карьерийн ихэнхи оргил амжилтууд өнгөрсөн арван жилд бус тэрний өмнөх 10 жилд харьяалагдана. Гэхдээ өнөө үеийн хамгийн авьяаслаг теннисчдийн нэгийг энэ жагсаалтад багтаахгүй орхих юм бол шударга бус хэрэг болох байх. 1996 онд Хингис, Елена Суковатай хамт Уимблдоны хос төрөлд түрүүлэхдээ дөнгөж 15-хан настай байлаа. Энэ амжилтаараа тэрээр бүх цаг үеийн түүхэнд хамгийн залуу Их Дуулгын эзэн болж үлдсэн юм. Мэргэжлийн теннисний тогоонд чанагдаад хоёрхон жил болохдоо Мартина энэ амжилтыг үзүүлсэн тул дараа жил нь ганцаарчилсан төрөлд ”томчуудыг” өвдөг сөхрүүлж эхлэхэд нь хэн ч гайхаагүй нь юм. Хос ганцаарчилсан төрөл ялгаагүй Хингис өмнөө хөндөлссөн хэнийг ч гэсэн бутниргэсээр шинэ зуун, шинэ мянган гарахад альхэдийнэ 14 (хос&ганцаарчилсан) Их Дуулгатай болоод байв. Гэхдээ энэ 21-р зуун Хингисийн хувьд цаанаасаа л нэг ”ёозгүй” эхэлсэн гэж хэлж болно. 2000 оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээний хос, ганцаарчилсан төрлийн финалд шалгарсан ч аль алинийг нь хүртэж чадсангүй. Тухайн үед хэвлэлийнхэн Хингисийн 3 жил дараалсан Мельбурний ялалтын цуврал төгсгөл боллоо гэж бичиж байснаас ”Хингисийн эрин” төгсгөл болж байгаа гэдгийг тааварлаж чадаагүй юм. 2001 онд дасгалжуулагчтайгаа ам мурийж сэтгэл санааны хүнд байдалд орсон бол дараа жил нь маш хүнд шагайны хагалгаанд орж жил гаран теннисний курт бус гэмтлийн эмнэлэг хавиар ”эргэлдсэн”. Ингээд 2003 онд ердөө 22-хон насандаа талбайн теннисний хамгийн хурц оддын нэг зодог тайлж байгаагаа зарлаж спорт сонирхогчдыг шоконд оруулсан. Оргил үедээ Хингис дэлхийн чансааг 209 долоо хоног тэргүүлж байсан нь түүхэнд Крис Эверт, Штеффи Графф, Мартина Навратилова нарын дараа орох үзүүлэлт. 2005 онд дэлхийн нэр хүндтэй Теннис сэтгүүл Мартинаг бүх цаг үеийн агуу теннисчдийн жагсаалтанд 22-4 байр эзлүүлжээ. Хэтэрхий эрт зодог тайлсан шилдэг тамирчид хэсэг хугацааны дараа их спортдоо эргэн ирдэг заншил ёсоор Хингис 2005 оноос теннисний талбайдаа үзэгдэх болсон. Гэхдээ урьдын гал цогтой тоглолт нь алга болсон нь хэн бүхэнд тодорхой байсан юм. Эцэст нь Хингисийн теннисний ертөнцийг эзэгнэх гэсэн оролдлого сэргээшийн асуудлаас болж нэгмөсөн сүйрсэн бөгөөд 2008 оны хавар теннис тоглох эрхээ хоёр жилээс хасуулснаэр энэ агуу тамирчны түүх өндөрлөсөн юм. Хингисийн тоглолт ерөнхийдөө өрсөлдөгчийнхөө сул тал дээр суурилдаг бөгөөд хүчний тоглолтоос илүү арга мэхийг ашигладаг байсан юм. Үүнээс гадна хоёр гараараа хойд гарын цохилтыг чадмаг гүйцэтэж өрсөлдөгчийнхөө тоглолтыг эвдэж, дэмий алдаа бага гаргадаг зэрэг нь түүний амжилтын нууц байсан юм. Шилдэг тоглолтоосоо гадна хэл амаараа Хингис хэнийг ч дагуулахгүй. Тухайлбал 2001 он The Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үеэр эгч дүү Уильямсыг ”Тэдний амжилтын нууц нь хар арьстайд л байгаа юм. Үргэлж л арьс өнгөний үзэл энээ тэрээ гэж ярьсаныхаа хүчинд л Уильямсууд спонсор олж, нэр хүндтэй болдог” гэж доромжилсон бол 1999 онд өөрийнхөө хамтрагч Яана Новотнаг ”Болхи хөгшин авгай” гэж ”доош нь” хийж байсан удаатай.

8. Женнифер Каприати (АНУ)
Image
Каприати Америкийн мэргэжлийн спортын түүхэнд хамгийн гайхалтай ”эргэн ирэлт”-ийг хийсэн гэдгээрээ олны танил болсон юм. Тэрнээс биш түүнд эгч дүү Уильямсууд шиг “овойж оцойтлоо” цуглуулсан олон цом шагнал байхгүй. Мэргэжлийн теннисний ертөнцөд 10 гаран жилийг өнгөрүүлэхдээ ердөө гуравхан удаа л Их Дуулгын тэмцээнд түрүүлсэн бөгөөд нэг удаа олимпийн наадамд магнайлж байжээ. Гэхдээ эдгээр цомнуудынх нь хооронд нилээд хэдэн жилийн зааг бий. 1990 онд Каприати 14 настайдаа мэргэжлийн теннисчин болж тэр жилдээ Ролан Гарросын хагас шигшээд хүртэл шалгарч шуугиан тарьж байлаа. Улмаар 1992 оны Барселоны олимпийн наадамд алдарт Штеффи Граффыг өвдөг сөхрүүлэн түрүүлэхдээ дөнгөж 16 настай байсан болохоор амтай болгон энэ охиний өмнө сайхан ирээдүй хүлээж байна вэ хэмээн ярилцаж байв. Гэвч амьдралын амтыг дөнгөж мэдэрч яваа өсвөр насны охиний хувьд энэ бүх магтаал, өргөмжлөл сөргөөр нөлөөлсөн юм. 1993 оны өвөл хулгай хийсэн хэргээр саатуулагдаж, үүнийхээ дараа 1994 онд хар тамхиний хэрэгтэй орооцолдсоноор Каприатигийн нэр хүнд үндэнэдээ газарт унав. Хэвлэлийнхний хурц шүүмжлэлийг дааж чадалгүй сэтгэл санаагаар унаж, согтууруулах ундаад донтох болсон Женниферийг теннис сонирхогчид бага багаар мартаж эхэллээ. 1993 – 1999 оны хооронд Их Дуулгын ганц ч тоглолтонд Каприати ялалт байгуулж чадсангүй. Амжилт ялалтыг зовж байж олж авдаг ч харин алдахад ямар ч саад байдаггүй гэдгийн жишээ Каприати болжээ. Бүтэлгүй нэгэн нь энэ чигээрээ уруудсаар савангийн хөөс адил спортын ертөнцөөс замхарах байсан ч Каприати тэгэхийг хүссэнгүй. 1999 оноос амьдралдаа эрс шинэчлэл хийж муу зуршлаа хаяж чадсанаар барахгүй амьдралынхаа зорилго чиглэлээ тодорхойлж түүнийхээ төлөө тэмцэж эхэлжээ. Тэр нь Их Дуулга. Байгалиас заяасан авьяас нь түүнд энэ бүхнийг хийхэд тусалж 2001 он гэхэд Женнифер мөрөөдлийн цомоо хүртэж чадсан гэвэл та итгэх үү. Австралийн нээлттэй тэмцээний финалд дэлхийн чансаагтэргүүлж байсан Мартина Хингисийг буулган авч түрүүлэхдээ Каприати 25 настай байв. Таван сарын дараа Ролан Гарросын финалд ид үедээ байсан Ким Клийстерсийг ялж хоёр дахь цомоо ч хүртлээ. Дараа нь Уимблдон, Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд үлдэж өөрийнхөө амжилтыг тохиолдлынх биш гэдгээ нотолсон тэрээр 2001 оны 10 сард дэлхийн чансааны тэргүүн байран заларсан билээ. Хэдийгээр 2004 оны сүүлээр хүнд бэртэл авч дахин теннисний талбайд гараагүй ч Каприати хүсэж мөрөөдөж бүхнээ авч чадсан. Өөрийнхөө туулсан он жилүүдийхээ талаар 2007 онд New York Daily News сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэрээр ”Теннис тоглохоо больсоноос хойш миний амьдрал ямар ч утгагүй болж эхэлсэн. Бүр амиа хорлодог ч юм билүү гэж боддог байлаа. Хэрвээ теннис байгаагүй бол би амьд байхгүй байсан ч байж мэднэ. Энэ тоглоомыг би зөвхөн ялалт байгуулах гэж биш амьдралын сайхныг мэдрэх гэж тоглодог” хэмээн ярьжээ. 2002 онд Австралийн нээлтэй тэмцээний аваргаа хамгаалсныхаа дараа Женнифер 2003, 2004 онуудад US open-ий хагас шигшээд үлдэж байсан юм.

7. Линдсей Дэвенпорт (АНУ)
Image
Эгч дүү Уильямсууд байгаагүй бол Дэвенпортын хүртсэн Их Дуулга хэдэн арваар тоологдох байсан гэж зарим мэргэжилтнүүд дүгнэдэг. Энэ нь ч үнэний ортой. 2001, 2004 , 2005 онуудад Линдсей дэлхийн чансааг тэргүүлж байхдаа ганц ч удаа Их Дуулгад түрүүлж чадаагүй нь Уильямсуудын ”гавьяа”. Карьерийнхаа туршид нийт 4 удаа Их Дуулгад түрүүлэх боломжоо Дэвенпорт ”эгч дүүст” алдаж байсан байна.. Мэдээж хэрэг энэ бол финалд өрсөлдсөн тоо нь. Үүнээс өмнөх шатанд тэдэнд ялагдсан ч тоог нь нэмбэл бараг 10 хүрэх байх. Дэвенпорт 1976 онд Америкийн волейболын шигшээ багийн тамирчин Винк Дэвенпортын гэр бүлд мэндэлжээ. Гэр бүлийнхнийхээ өндөр нурууг өвлөсөн учир эхэндээ түүнд теннисээр хичээллэхэд хүндрэлтэй байдаг байлаа. Гэвч удалгүй Дэвенпорт өөрийнхөө биеийн онцлогт тохирсон тоглолтын хэв маягийг олж чадсанаар амжилт нь огцон дээшилж ирсэн юм. 1996 оны Аталантагийн олимпийн ганцаарчилсан төрлийн алтан медаль бол түүний олон улсын тавцан дахь анхны томоохон түрүү байв. Харин Их Дуулгын ганцаарчилсан төрлийн анхны түрүүгээ үүнээс хоёр жилийн дараа мөн л нутагтаа хүртэж байжээ. Хагас шигшээд ирээдүйн хүчтэй өрсөлдөгч Венус Уильямсыг мулталж финалд Мартина Хингисийг хоёр сетэд буулган авсанаар Дэвенпорт дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой болсон юм. Ганцаарчилсан төрлөөс гадна хос төрөлд Линдсей өндөр амжилт үзүүлсэн. Нийт 3 удаа хос төрлөөр Их Дуулгын түрүү хүртсэн бөгөөд хамгийн харамсалтай нь Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд 6 удаа үлдээд ганц ч ялж чадаагүй аж. 2000 онд ганц ч сет алдалгүй Мельбурний дэвжээнд түрүүлснээсээ хойш Дэвенпортын амжилт уруудаж тур тэмцээнүүдээр ”голоо зогоох” болсон гэхэд болно. Тогтвортой тоглолтынхоо ачаар дэлхийн чансааны эхний арваас буугаагүй ч цом шагналаар Линдсей дутагдаж байв. 2006 онд тэрээр анхныхаа хүүхдийг төрүүлж ээж болсон тул теннист зарцуулах цагаа багасгаж гэр бүлийнхэнтэйн гээ ихэнхи цагийг өнгөрүүлэх болсон юм. Өнгөрсөн жил тэрээр хоёр дахь хүүхдээ төрүүлж дахин теннисний талбайд эргэн ирэхгүй гэдгээ зарласан билээ.

6. Амеле Моресмо (Франц)
Image
Өнгөрсөн оны 12 сард зодог тайлж байгаагаа зарласан энэ Франц бүсгүйд ярих зүйл их бий. Талбайг гайхалтай мэдэрч эгзэгтэй мөчид зөв шийдвэр гаргаж чаддагаас гадна ямар ч гадаргуу ”голдоггүй”, хүчтэй цохилттой, давуулалт сайтай, үзэсгэлэнтэй гээд магтах чанар түүнд дэндүү олон. Харин ийм шилдэг тамирчин 27 нас хүртлээ Их Дуулгад түрүүлж чадаагүй гэхэд итгэмээргүй. 2006 оны Австралийн нээлттэй тэмцээнийг хүртэл Амелагийн нэрийг Их Дуулгад түрүүлж үзээгүй шилдэг теннисчдийн гэсэж ”цол” дагаж явдаг байсан юм. Харин уг тэмцээнд Моресмо өөрийнхөө тухай бүх бараан түүхээ төгсгөл болгож Жюстин Энинээр анхны түрүүгээ хүртэж чадсан бөгөөд хэдэн сарын дараа Уимблдонд түрүүлэхдээ мөн л Энинийг ялж 2 дахь цомоо гардсан юм. Энэ түрүүг хүртсэнээр Амеле 1925 оноос хойш Уимблдонд түрүүлсэн анхны Франц теннисчин болсон юм. Теннисээс гадна хувийн амьдралаараа Моресмо олны анхаарлын төвд байдаг. 1999 онд 19 настайдаа тэрээр өөрийгөө лесби гэдгийг олон нийтэд албан ёсоор зарлаж бүр найз бүсгүйгээ хүртэл танилцуулсан бөгөөд үүнээс өмнө түүнийг манин гэх зэргээр доромжлох явдал гардаг байсан юм. Энэхүү дуулиант хэвлэлийн бага хурлын дараа охиноо лесби гэдгийг бусдын адил хэвлэлээр сонссон түүний эцэг эх нь түүнтэй гэр бүлийн харилцаагаа таслах хүртлээ уурлаж байсан гэдэг. Гэхдээ Моресма энэ бүхнийг эерэг талаас нь зохицуулж чадсан бөгөөд олон нийт ч удалгүй Моресмогийн өвөрмөц амьдралыг элдвээр сонжихоо больсон юм. Амеле нэгэнтээ ”Би багаасаа л өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэддэг байсан. Бүр ангийнхаа нэг охиний зургийг цуглуулж байнга харж явдаг байсан юм. Гэр бүлийнхэн маань намайг зөвөөр ойлгосонд баяртай байна. Хүн болгонд бурхан адилхан хувь тавиланг заяадагүй учраас би бусдаад өөр гэдгээсээ огтхон ч санаа зовдоггүй” хэмээн ярьжээ. Моресма карьерийнхаа туршид нийт 25 түрүү хүртсэн амжилт үзүүлжээ. 2004 оны нэг сард тэрээр 1922 оноос хойш анх удаа дэлхийн чансааг тэргүүлсэн Франц тамирчин болсон бөгөөд энэ байран дээр 5 долоо хоног бичигдсэн юм.

5. Мария Шарапова (ОХУ)

Image
Гоо үзэсгэлэнт бүсгүйн талбайн гаднах амьдрал үргэлж папараззи нарын дуранд байдаг. Энэ нь нэг талаараа түүнд дарамт болдог нь дамжиггүй. Мариа бага байхдаа эх орноо орхиж гэр бүлийнхэнтэйгээ Америкт суурьшсан бөгөөд тийм ч учраас бусад оросын теннисчдээсээ илүү нүүрэмгий, чөлөөтэй зан чанартай гэгддэг. 7 настай байхдаа Маша Андре Агасси, эгч дүү Уильямс зэрэг шилдэг теннисчдийг төрүүлэн гаргасан ”Ник Боллеттьеригийн академ”-д элсэн орж ирээдүйн од болох эхлэлээ тавьжээ. Карьерийнхаа эхнээс Мария давуулалт хийхдээ бөмбөгөө өндөрт хаяж цохих техникийг чадмаг эзэмшиж үүнийгээ өөрийнхөө гол зэвсэг болгон ашиглаж эхэлсэн. Үүнээс нь улбаалаад домогт Крис Эверттэй түүнийг харьцуулах хүмүүс олон байсан юм. Мария мөн хөлийн ажиллагаа сайтай, хөдөлгөөнтэй тоглолттой учир зүлгэн болон хатуу талбайд бусад гадаргуунаас илүү амжилт гаргадаг. Анхны их дуулгаа 2004 онд 17-хон настай байхдаа Лондонд хүртэж байлаа. Уимблдоны өмнө Мария хэд хэдэн жижиг тэмцээнд түрүүлж өсөх ирээдүйтэй тамирчин гэгдэж байсан ч ийм хурдан шилдгүүдийг бут цохино гэж тэр үед олон хүн төсөөлөөгүй юм. Финалын тоглолтонд тэрээр аваргаа хамгаалж байсан, чансааны номер нэг Серена Уильямсыг 6 : 1 6 :4-өөр буулган авч теннисний ертөнц нэгэн шинэ гүнжтэй болж байгаа гэдгийг дэлхий нийтэд зарласан юм. Өмнө нь Мартина Хингис, Лотти Тод гэсэн хоёр бүсгүй л ийм залуудаа Их Дуулгын түрүү хүртэж байсан бөгөөд Шараповагийн амжилт түүхэнд 3-рт бичигджээ. Дараа жил нь хэдийгээр Их Дуулгад түрүүлж чадаагүй ч Тур тэмцээнүүдэд тогвортой амжилт үзүүлснийхээ ачаар 2005 оны 8 сард анх удаагаа дэлхийн чансааны эхний байранд бичигдэж оросын тенисний түүхэнд анхны дэлхийн номер болон бичигджээ. 2006 оны Америкийн нээлттэй тэмцээн, 2008 оны Австралийн нээлттэй тэмцээнд Мария Жюстин Энен, Ана Ивановичийг тус тус ялж Их Дуулгын 3 түрүүтэй болсон. Гэвч сүүлийн Их Дуулгаа хүртсэний дараа Мариягийн карьер бэртэл гэмтлээс болж зогсолтгүй уруудах болсон юм. 2008 оны Уимблдонд 2-р шатнаас хасагдаж шүүмжлэлийн бай болоод удаагүй байтал мөрний бэртэл авч удаан хугацаагаар теннисний талбайдаа эргэн ирэх боломжгүй болсон юм. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр энэ бэртлээ эмчлүүлж байхдаа тэрээр нүднийх нь нулимсний булчирхай үрэвсэж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг мөн эмч нараас дуулжээ. Мариягийн хожмын карьерт маш их хор учруулсан энэ бэртлээс болж Бээжингийн олимп, Америкийн нээлттэй тэмцээн болон 2009 оны эхний Их Дуулгыг оролцолгүй өнжсөн. Дээр өгүүлсэн баруун мөрний бэртлээс болж Мариягийн хүчтэй давуулалт суларч өрсөлдөгчдөдөө аюул тарихаа больсон гэдэг нь 2009 оны тэмцээнүүдэд хангалттай харагдаж байлаа. Одоо ч гэсэн Мария энэ бэрхшээлээ давж чадахгүй л байна. Хамгийн сүүлд Австралийн нээлттэй тэмцээний эхний шатанд хос төрөлд хамт тоглодог Мария Кириленкод ялагдал хүлээгээд байгаа юм. Энэ бүх азгүйтлээс болж Марияг зодог тайлахвий гэсэн яриа сүүлийн үед теннис сонирхогчдийн дунд гарах болсон. Орос бүсгүй ч өөрөө энэ талаар ам алдаж байсан бөгөөд 2008 онд Жюстин Эненийг зодог тайлсны дараа ”Хэрвээ би түүний насан дээр Их Дуулгын олон түрүүтэй байсан бол бас л ийм шийдвэр гаргах байсан” хэмээн ярьжээ.

Их Дуулгын 2 удаагийн аварга Треси Остин Шараповагийн дутагдлатай талыг тайлбарлахдаа тоглолтын үеэр маш олон хэрэггүй алдаа гаргадаг, үүнээсээ болоод өөрийнхөө давуу байдлаа алдаж өрсөлдөгчдөө боломж олгодог гэжээ. Мөн ихэнхи тоглолтдоо давхар алдаа гаргаж сул оноо бэлэглэдэг, шороон талбайд тааруу тоглодо гэж түүнийг шүүмжилдэг.

Хэдийгээр сүүлийн хоёр жилд амжилт нь уруудаж, чансаа доошилсон ч Мария хамгийн өндөр орлоготой теннисчдийг тэргүүлсэн хэвээр байна. Дэлхийд алдартай Nike түүнийг теннисний ертөнцөд орж ирсэн цагаас хамтран ажиллаж байгаа бөгөөд саяхан тэд Мариятай 8 жилийн 70 сая долларын гэрээ байгуулаад байгаа юм. Өмнө нь Венус Уильямс Reebok-той 43 сая долларын гэрээ байгуулж байсан амжилтыг ийнхүү тэрээр 2 дахин их мөнгөөр ахиулсан юм. 2006 онд Максим сэтгүүлээс Марияг 4 дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн халуухан тамирчнаар нэрлэсэн юм.

4. Ким Клийстерс (Бельги)
Image

Клийстерсийн карьерийг хоёр хэсэгт хувааж болох юм. Эхний хэсэгт нь тэрээр теннисний шинэ үе эхэлснээс Их Дуулгын финалд шалгарсан анхны Бельги теннисчин болж, Их Дуулгын финалд гурван ч удаа шалгарсан ч түрүүлж чадаагүй. Гэхдээ 2003 онд дэлхийн чансааны тэргүүнд бичигдэж Бельгийн теннисний түүхэнд нэгэн өөр шинэ хуудсыг нээж чадсан юм. Ямар ч гадаргуун дээр тогтвортой амжилт үзүүлдэг хэрнээ анхны их дуулгаа хүртэх гэж Ким бүх л бүтэн 8 жил хүлээсэн. Үүнийг теннисний мэргэжилтнүүд түүний сэтгэлзүйтэй холбон тайлбарладаг. Анх 2001 онд Женнифер Каприатид Ролан Гарросын түрүүгээ алдахдаа тэр 18 настай байсан учир бага зэрэг туршлага дутсан байх болох. Харин 2003 онд ид ирэн дээрээ байх үедээ Ролан Гарросын түрүүгээ Жюстин Эненд алдахдаа гарцаа байхгүй сэтгэлийн тэнхээ дутсан гэдэг. Эхний гэймээс л Жюстин өөрийнхөө нэрийн хуудас болсон эмх цэгцтэй тоглолтоороо оноо түүж эхэлсэн. Харин Кимд түүн шиг тактик нарийн төлөвлөгөө ерөнхийдөө байдаггүй учир эмх замбараагүй алдаа гаргасаар 6 : 0 6 : 4-өөр ялагдал хүлээсэн юм. Энэ бүх азгүй ялагдлууд нь Кимийн дараа дараагийн финалд дарамт болж ялагдах эх нь болсон. Улмаар 2004 оны Австралийн нээлттэй тэмцээнд бас л Жюстинд ялагдаж 3 удаа финалд ялагдсан анти амжилт тогтоосон юм. Тэр жилдээ баруун гарын бугуйндаа хүнд бэртэл авч томоохон тэмцээнүүдийг бүгдийг нь Ким өнжиж 2005 оны 4 сараас WTA-гийн тур тэмцээнүүдэд дахин оролцож эхэлсэн. Эргэж ирсэн даруйдаа тэрээр жижиг тэмцээнүүдэд тун сайн тоглож 22 дараалсан ялалтыг байгуулж байлаа. Энэхүү гайхалтай амжилтынхаа үеэр Ким хос, ганцаарчилсан төрөлд аль алинаар нь өмнө нь авч чадаагүй цомнуудаа цуглуулж эхэлсэн юм. Тэдгээрээс хамгийн онцгой нь мэдээж хэрэг гурван ч удаа атгаад алдаж байсан Их Дуулгын цомоо Америкийн нээлттэй тэмцээнээс авсан үйл явдал. Сонирхолтой нь шигшээ тоглолтонд Жюстин Эненийг 4-р шатанд мулталсан Францын Мэри Пиерсийг тэрээр ялж анхныхаа Их Дуулгыг хүртэж байв.

Тухайн үед Ким Америкийн сагсчин Бриан Линчтэй болздог байсан юм. Тэдний энэхүү Их Дуулгын улам дотносож 2007 оны зун хуримаа хийсэн. 2008 оны эхэнд хосууд хүүхэдтэй болсон бөгөөд нэгэн хүсэж мөрөөдөж байсан тэмцээндээ түрүүлсэн болохоор Ким үргэлж завгүй байдаг тамирчны амьдралдаа эндээс цэг тавихаар шийдсэн юм.

Клийстерсийн карьерийн эхний хэсэг ингэж өндөрлөсөн бол хоёр дахь хэсэг нь өнгөрсөн жил Штеффи Графф, Андре Агасси нартай хамт хандивийн тоглолтонд оролцсоны дараа эхэлсэн юм. Хоёр жил гаран хүүхдээ асарч гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай амьдарсан буржгар Ким теннисний талбайдаа эргэн ирэхийг хүсжээ. Гэхдээ тэр ердөө өмнө нь теннисээс авч байсан мэдрэмжээ мэдрэхийн тулд эргэж ирсэн гэдгэээ хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байлаа. Өнгөрсөн жилийн дотор Ким өөрийнхөө хамгийн сул тал болох амархан сэтгэлээр унаж, тоглолтын темпээ алддаг дутагдлаа засаж тэр чинээгээ төгс болсон байлаа. Энэ бүхэн нь Америкийн нээлттэй тэмцээнд тодорхой харагдсан бөгөөд цагаан картаар оролцсон Ким өрсөлдөгчдөө ээлж дараалан ялсаар финалын тоглолтонд үлдэж чадсан юм. Түүхийг шинээр бүтээх дуртай Кимд дахин нэг амжилт тогтоох боломж энэ тоглолтонд бүрдсэн юм. Их Дуулгын түүхэнд өмнө нь чансаанд эрэмбэлэгдээгүй эрэгтэй теннисчин түрүү хүртэж байсан тохиолдол байсан эмэгтэйчүүдийн төрөлд ийм амжилтад хэн ч хүрж байгаагүй. Харин Ким шинэ амжилт тогтоож цагаан картаар Их Дуулгад оролцоод түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин болжээ. Мөн 1980 онд Ивонн Гулагонг-Коулигоос хойш Их Дуулгад түрүүлсэн анхны ээж болсон байна. Магадгүй бяцхан Жада Элли ээждээ энэ тэмцээнд түрүүлэх эрч хүчийг бэлэглэсэн ч байж мэдэх юм.

3. Венус Уильямс (АНУ)
Image
Өнгөрсөн 10 жилийн теннисний ертөнцийн түүхийг эгч дүү Уильямсгүйгээр төлөөлөхийн аргагүй. Тэд хамтдаа Их Дуулгын ганцаарчилсан төрлийн 18 түрүү хүртсэн байдаг нь өөр ямарч теннисчдэд наалдахааргүй үзүүлэлт. Мэдээж хос төрлийг нь нэмэх юм бол бараг 30 гараад явна.

Теннисний ертөнцөд орж ирсэн цагаасаа эгч дүүс бие биенийхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчид болсон. Тэд хоорондоо 21 удаа тулж байснаас 10-т нь Венус ялалт байгуулж байсан байна. Тэд 8 удаа Их Дуулгын цувралын финалд өрсөлдөж байсан нь түүхэнд 2-рт бичигдэх үзүүлэлт бөгөөд домогт Крис Эверт – Мартина Навратилова нар 14 удаа тулж байсан амжилтаараа бүх цаг үеийг тэргүүлдэг аж. Эгч Уильямсын хувьд дүүгээсээ ялгаатай нь бүх талбайд жигд тоглолт үзүүлдэг хэрнээ Ролан Гаррос болон Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байгаагүй. 2002, 2003 онуудад түүнд эдгээр тэмцээнд түрүүлэх боломж олдсон хэдий ч дүүдээ ялагдаж 2-р байранд орж байсан юм. Венусын хамгийн хүчтэй зэвсэг нь хүчтэй давуулалт. 2003 оны Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймын үеэр Венусын давуулалт дунджаар 201 км/ц байсан бол 2007 оны Ролан Гарросын хоёрдугаар шатанд 200 км/ц-ийн хурдтай давуулж байсан гэдэг. Венусын дундаж давуулалтын хурд Рожер Федерер, Рафаель Надалиас ч илүү гэдэг нь судалгаагаар нотлогдоод байгаа бөгөөд Их Дуулгын дөрвөн цувралд хамгийн хүчтэй давуулалт хийсэн амжилтыг ганцаараа эзэмшдэг. Түүний цахилгаан мэт давуулалт хамгийн үр өгөөжөө өгдөг гадаргуу бол Уимдлдоны зүлгэн талбай. Венус энэ талбайд 2000, 2001, 2005, 2007, 2008 онуудад түрүүлж байсан.

Мөн дүүтэйгээ хамт хос төрлөөр 4 удаа магнайлж байлаа. Венусын энэ гайхалтай карьерийн эхлэл 1994 онд тавигдсан. Тухайн үед 14 настай байсан Венус анхныхаа оролцсон тэмцээндээ дэлхийн чансааны 2-рт эрэмбэлэгдэж байсан Аранча Санчес Викариотой тоглож ”туршлага” судалжээ. Хоёр жилийн дараачаас л Венус Их Дуулгын их шөвөгт үлдэх хэмжээний тоглолт үзүүлэх болж 1999 онд анхны Их Дуулгаа Серенатай хамт Америкаас хүртжээ. Гэхдээ Венус зөвхөн олон Их Дуулгын түрүүгээрээ теннисний ертөнцөд алдаршаагүй юм. 2005 оноос тэрээр Их Дуулгад түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдийн шагналын хэмжээ ялгаатай байгааг шүүмжилж, мөнгөний хэмжээг адил болгох талаар тэмцэл хийж эхэлсэн юм. 2006 онд The Times сэтгүүлд Венусын бичсэн энэ талаарх нийтлэл томоохон дуулиан тарьж олон хүнийг юм бодоход хүргэсэн юм. Удалгүй түүний тэмцэлд WTA, UNESCO хүртэл нэгдэж Их Дуулгын зохион байгуулагчдийг гарцаагүй байдалд оруулсан бөгөөд 2007 оноос Их Дуулгын цувралын ялагчдийн шагнал эрэгтэй, эмэгтэй ялгаагүй тэнцүү байхаар болсон юм. Энэ бол яах аргагүй теннисний ертөнцийн хөгжилд оруулсан Венусын гавьяа гэж үнэлэгдэх ёстой үйл явдал. Хувийн амьдралынх нь хувьд Венус мэргэжлийн гольфчин Хэнк Нойнтой олон жил үерхэж байгаа. Найз залуугийнхаа талаар Венус ”Тэр бол гайхалтай залуу. Намайг маш сайн ойлгож үргэлж хамт байдаг. Тэрнийг үзэгчдийн суудалд байхийг харах надад үнэхээр сайхан байдаг” гэжээ. Теннис тоглохоос гадна Уильямс “V Starr Interiors” дизайны компаний захиралаар ажилладаг юм. Карьерийнхаа туршид Венус Олимпийн наадмас 3 алтан медаль хүртсэн амжилт үзүүлжээ. 2000 оны Синдэйн олимпод хос болон ганцаарчилсан төрөлд 2008 оны Бээжингийн наадамд хос төрлөөр аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан аж.

2. Жюстин Энен (Бельги)
Image
Энэ бяцхан бүсгүйн амжилтын үндэс нь хүчтэй давуулалт ч биш, хөлийн ажиллагаа ч биш харин сэтгэлийн асар их тэвчээр хатуужилтай нь холбоотой. Теннисний ертөнцөд орж ирсэнээсээ хойш Энен шантарч бууж өгөхөөр олон хүнд үеүүүдийг туулсан бөгөөд тэр болгонд өөрийнхөө тэвчээр хатуужлаараа бусдаас ялгарч байсан юм. Магадгүй багаасаа хүнд хэцүү амьдрал туулж зовлон амссан нь түүний зан чанарт нөлөөлсөн байх. Эненийг 12 настай байхад эх нь нас барж тэрээр хоёр ах эгчийнхээ хамт бага насаа өнгөрүүлсэн юм. 1996 онд Жюстин өөрийнх нь амьдралын замыг заасан Карлос Родригез хэмээх дасгалжуулагчттай учирсан бөгөөд 2008 онд зодог тайлах хүртлээ энэ эрхэмтэй хамтарч ажиллажээ. Родригезийн удирдлаган дор ”Жужу” өөрийнхөө тоглолтын арга барилийг олж ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьсан юм. Давуулалтдаа найдаж гүйх дургүй тамирчдийг Энен шүүмжилдэг бөгөөд өөрөө жижиг биетэй учир талбай дээр идэвхтэй гүйж чөлөөтэй тоглодог онцлогтой тамирчин юм. Тийм ч учраас ойлт сайтай хатуу талбай дээр карьерийнхаа оргил амжилтуудаа үзүүлсэн байдаг. Тухайлбал 2003, 2005, 2006, 2007 онуудад Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, шороон талбай дээр явагддаг тур тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн байдаг. Ялангуяа 2005-2007 онуудад гурван жил дараалан ялсан амжилтыг нь өнгөрөн 10 жилд өөр ямар бүсгүй давтаж чадаагүй юм. Тэрээр мөн 2004 нд Афиний олимпийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн бөгөөд олимпийн тоглолт хатуу талбайд явагддаг нь Жюстинд түрүүлэх боломжыг олгосон нь дамжиггүй. 2007 оны Ролан Гарросын финалын үеэр Мартина Навратилова ”Хениний довтолгоог юутай зүйрлэх аргагүй, Эмэгтэй Федерер л гэсэн үг. Түүний мөрний ажиллагаа үнэхээр төгс юм” гэж дуу алдаж байлаа. Теннисний судалгаа хийдэг олон мэргэжилтнүүд Жюстиний баруун гарын хойд гарын цохилтыг төгс гэж нэрлэдэг. Өөрийнхөө бренд болсон энэ цохилтоо хийхдээ Жюстин цохиураа яг нэг хэмд барьж хүссэн газар луугаа чиглүүлж чаддаг гайхалтай авьяастай.

Зүлгэн талбай дээр түүнийг амжилтгүй тоглодог гэдэг боловч хоёр удаа (2001, 2006 )финалд үлдэж ямарч талбайд өрсөлдөх чадвартай гэдгээ нотолсон юм. Жюстинийг нутаг нэгт Ким Клийстертэй харьцуулах хүмүүс олон байдаг. Бельгийн теннисний хөгжлийн шинэ түвшинд аваачсан энэ хоёр бүсгүй нэг талаараа эрс ялгаатай мэт боловч хувь заяаны төөргөөр олон зүйлээрээ холбогдсон байдаг. Кимд байдаг шиг бие бялдрын хөгжил Жюстинд дутагдалтай ч чухал үед зөв шийдвэр гаргадгаараа ”Жужу” Кимийг дагуулахгүй.

1998 онд хоёр бүсгүй анх хоорондоо нүүр туулж байсан бөгөөд өнгөрсөн 10 жилийн дотор 23 удаа хоорондоо оноолт таарч байсан. Тэдний хамгийн сүүлчийн тулаан энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний өмнө болсон Брисбэйн интернешнлийн финалд тохиож 3-6, 6-4, 6-7(6). гэсэн харьцаагаар Ким ялалт байгуулсан юм. 2003 оны 10 сард Хенин Клийстерсийн ноёрхлыг унагааж дэлхийн чансааны тэргүүн байранд бичигдэж байлаа. Номер нэгийн хэргэмээ Хенин дараа жилийн Америкийн нээлттэй тэмцээн хүртэл нийт 45 долоо хоног тасралгүй хадгалж чадсан байна.

2008 оны 5 сард Энен зодог тайлж байгаагаа зарлахдаа дэлхийн номер нэгт эрэмбэлэгдэж байсан. Ролан Гарросын гол фаворитоор нэрлэгдэж байсан шилдэг теннисчин ийнхүү гэнэт их спортоо орхисон нь мэдээж тухайн үедээ маш том шуугиан дэгдээж байв. Хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа Жюстин ”Би зодог тайлж байгаадаа харамсахгүй байна. Өнгөрсөн жилүүдэд би хангалттай амжилтанд хүрсэн. Одоо өөрийнхөө теннисний сургуульдаа анхаарлаа хандуулж ажиллана ” хэмээн ярьжээ.

2007 оноос ”Жужу” өөрийнхөө дасгалжуулагч Родригезтэй хамт ”Зургаа дахь мэдрэхүй” теннисний академийг ажиллуулах болсон. 2009 оны Америкийн нээлттэй тэмцээний охидийн ангилалд түүний академийн сурагч Марина Заневська түрүүлж багшдаа том бэлэг барьжээ.

Зодог тайлсныхаа дара Хенин реалити нэвтрүүлэгт оролцож телевизийн карьер хэсэг хөөсөн. Ингээд эцэст нь 2009 оны 9 сард тэрээр дахин теннис тоглох болсноо зарласан. Зарим мэргэжилтнүүд түүний энэ шийдвэр Ким Клийстерсийн Их Дуулгын түрүүтэй холбоотой гэж бичиж байлаа. 2010 оны Австралийн нээлттэй тэмцээнд Хенин цагаан картаар уригдан тоглож байгаа. Одоогийн байдлаар Бельги бүсгүй шөвгийн дөрөвт нэг их олон гэйм алдалгүй шалгараад байна. Хэрвээ Хенин энэ тэмцээнд түрүүлж чадвал хоёр дахь цагаан карттай Их Дуулгын ялагч болох боломжтой. Ингэхийн тулд тэр эхлээд Хятадын Жен Зег, дараа нь эгч Уильямсын нэгийг буулган авах шаардлагатай юм.

1. Серена Уильямс (АНУ)
Image
Ямар ч үзүүлэлтээр авч үзсэн Серена Уильямс бол өнгөрсөн 10 жилийн манлай теннисчин гарцаагүй тодрохоор байна. Зөвхөн Их Дуулгын түрүүг нь тоолоод үзэх юм бол хос ганцаарчилсан нийлээд 23 болно. Дээрээс нь WTA турын тэмцээнүүдийг нэмэх юм бол толгой эргэм тоо гарах байх. Карьерийнхаа туршид Серена нийт 28 сая ам.долларын ашиг олоод байгаа нь зөвхөн өнгөрсөн 10 жилд ч бус бүх цаг үеийн түүхэнд нэгдүгээрт орох үзүүлэлт юм. Эдгээр рекорд амжилтаасаа гадна сэтгэлийн хөдлөлөөрөө Серена олны анхаарлыг үргэлж татдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн оны Австралийн нээлттэй тэмцээний үеэр шугамын шүүгчийг хэл амаар доромжилж томоохон хэмжээний мөнгөн торгуулийг хүлээсэн. Мөн 2010 оны Америкийн нээлттэй тэмцээний өнжих шийтгэл хүлээсэн байгаа. Мөн 2004 оны Америкийн нээлттэй тэмцээний үеэр ч Серена ийм асуудалд ороолцолдож байсан удаатай. Эдгээр таагүй явдлыг эс тооцвол Серена бол үнэхээр төгс теннисчин. Түүнийг карьераа эхлүүлж байхад арьс өнгөөр ялгарлах явдал цөөнгүй тохиолддог байсан гэдэг. Шазруун зантай Серена энэ явдлыг хүндээр тусгаж авдаг байсан бөгөөд цаашид өөрийгөө хөгжүүлэхэд нь том түлхэц болсон байна. 1999 оны Францын нээлттэй тэмцээнд Амела Моресмаг ялж түрүүлж карьерийнхаа анхны түрүүг хүртсэн бөгөөд тэр оныхоо намар Их Дуулгын анхны цомоо Мартина Хингисийг ялж түрүүлжээ. Ийнхүү Серена 1958 оноос хойш Их Дуулгад түрүүлсэн анхны Африк гаралтай тоглогч болсон юм. Уильямс Их Дуулгын дөрвөн цувралд бүгдэд нь түрүүлсэн гэдгээрээ эгчээсээ илүүтэй. Хэдийгээр Серенагийн тоглолтын арга барил хатуу талбайд төдийлөн сайн зохицдоггүй боловч 2002 онд Венусыг 7 : 5 6 : 3-аар буулган авч түрүүлж байсан юм. Ролан Гарросоос бусад Их Дуулгад Серена доод тал нь 3 түрүүлж байсан. Мельбурний талбай бол Серенад хамгийн ээлтэй нь бөгөөд (2003, 2005, 2007, 2009 онуудад Австралийг эзэгнэж байв. Ид үедээ байсан 2003 оны Серена өвдөгний хүнд бэртэл авч жил гаран олигтой амжилт үзүүлж чадаагүй бөгөөд үүнээс хойш 2006 оныг хүртэл хэд хэдэн удаа томоохон хагалгаанд орж байсан. Ялангуяа 2006 онд удаан хугацаагаар теннисний талбайгаас хөндийрч чансаагаа 140 хүртэл уруудуулсан удаатай. Гэвч 2007 оны эхний Их Дуулгад Серена Шараповаг ялан түрүүлж дахин дэлхийн шилдгийн төлөө тэмцэж эхэлсэн. 2009 оны намар Серена номер 1 хэргэмээ эргүүлэн авч 2010 онд ч энэ чансаагаа хадгалсаар байна. Олимпийн наадамд Серена 2000, 2008 онуудад хос төрлөөр магнайлж байсан.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Теннис - Өнгөрсөн 10 жилийн шилдэг 10 эмэгтэй тамирчид

Postby Sticky.BK » Thu Jan 28, 2010 4:15 pm

Үнэхээр гоё нийтлэл байна... Баярлалаа Баяраа.. Энэ Форумийн Теннисний сэдэвт өнөөдөр л орж ирж үзлээ одоо байнга орж ирж байнаа...

Жагсаалтын хувьд байх ёстой хүмүүс л гэж бодож байна.. Серена яалтчгүй нэгт..
Гэхдээ миний хувьд бол Жюстин Хенин Арданне бол агуу теннисчин..
Удахгүй АНТэмцээнийн түрүүг авч баярлуулах байх...

GO.JUSTINE.GO...!!!
ЮвентуСелтикс
User avatar
Sticky.BK
"Nike & Bianconeri Фен"
"Nike & Bianconeri Фен"
 
Posts: 475
Joined: Wed Oct 24, 2007 2:42 pm
Location: 34+5+21

Re: Теннис - Өнгөрсөн 10 жилийн шилдэг 10 эмэгтэй тамирчид

Postby sound of CFC » Sun Apr 04, 2010 12:47 pm

гоё сэдэв байнаа
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Теннис - Өнгөрсөн 10 жилийн шилдэг 10 эмэгтэй тамирчид

Postby nandin_cole » Sun Apr 04, 2010 5:03 pm

за миний аватарыг харсан биздээ ...
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...


Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests