2008 оны хөлбөмбөгийн топ 10 үйл явдал

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2008 оны хөлбөмбөгийн топ 10 үйл явдал

Postby Nomer 10 » Sun Jan 11, 2009 1:51 am

За ингээд он дамнасан ажлаа дэлгэе. Зул сарын баяраас өмнө эхэлсэн ч дуусгаж амжихгүй байсан ч бага багаар явуулсаар дөнгөж одоо л гараас гаргалаа. Чамгүй их цаг орлоо шүү. Вээлкоом :mrgreen: :sup:

10. Михаил Баллак буюу мөнхийн хоёрдогч
Онцлох 10-д түүнийг оруулах болсон нь дэлхийн хөлбөмбөгийн нэгэн их гүрэн болох Германы хамгийн том тоглогчид цаанаасаа ингэж заяагдсан юм уу гэлтэй 2-р байр эзлэх явдалтай холбоотой. Түүний азгүйтэл нь 2002 оны Аваргуудын лигээс эхтэй. Зиданы гайхамшигт гоол орсон тэр тоглолтод тэр дэд аварга болсон. Бундэслигт мөн л Байерны ард гишгэсэн. ГХХолбооны цомын тэмцээний финалд Шалькед хожигдон мөн л 2-р байр. Сарын дараа дэлхийн аваргад дахиад л дэд аварга. Дараа нь харин тэр дотоодын лигидээ хүчтэй өрсөлдөгчгүй Байернд ирж 3 удаа аваргаллаа. Эндээсээ залхсан уу яасан Английн лиг рүү тэр очив. Очоод дахиад л аман хүзүү. 2008 онд тэр дахиад л лигидээ 2-т оров. Аваргуудын лигид бас л аман хүзүү. Сарын дараа тэр Европын аваргаар мөн л дэд аваргаар тодорсноор „Мөнхийн хоёрдогч” нэрийг зүүсэн юм. Сар хагасын хугацаанд гурван ч дэд байрыг хүртсэн нь түүн шиг чадварлаг багтай чадварлаг тоглогчийн хувьд харамсалтай мэт.

Түүнийг Челси рүү явахад Германы фэнүүдийн 99 хувь нь Английн лигт Челсиг дэмждэг болсон нь нууц биш. Энэ жил тэр дахин мөрөөдөлдөө хүрэхийн төлөө аваргын тавцан луу мацаж явна. Харж л сууя. Дашрамд сонирхуулахад 2002 онд түүнтэй хамт сар хүрэхгүй хугацааны дотор 3 том тэмцээнд аман хүзүүдсэн Лусиотой тэр дэлхийн аваргаар финалд таарсан. Тоглолтын өмнө тэр 2-ын хэн нь арай гэж нэг цом өргөх вэ гэдэг дээр олон хүн бооцоо тавьсан гэдэг. Эцэст нь Лусио аваргалж, Баллак өнөөдрийн энэ хочоо зүүх эхлэлийг тавьсан ажгуу.

9. Хямралын давалгаанд өртөн буй хөлбөмбөг
Наадмын дараагаас эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал нь спортод хар сүүдрээ тусгах боллоо. Багуудын ивээн тэтгэгчид толгой дараалан нүүр буруулж эхлэв. Хугацаанаасаа өмнө гэрээгээ сунгах гэсэн багуудын санаархал амжилт олохгүй байсаар. Зарим багууд ивээн тэтгэгчгүй болсноор хувцсан дээрээ ямар ч логогүй тоглох болов. Цэнгэлдэх доторхи реклам самбарууд эрс цөөрч эхэллээ. Өртэй багуудын өр зузаарсаар. Дахин зээл аваад хөл дээрээ тогтоё гэтэл банк нь өөрөө хэтэвч нимгэн болсон тул эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийх болсон. Багууд ч эхнээсээ эхлээд бүсээ чангалах болсон. Бэлтгэлдээ ирж очих зардлыг нь нийтийн тээврийнхээр бодож олгох болсноор зогсохгүй ирээд идэх хоолыг нь хүртэл халааснаас нь гаргуулахаар болоод байгаа баг нэлээн хэд гараад байгаа.

Энд харин ганцхан асуудал л тун их сонирхол татаж байгаа юм. Эдийн засаг дэх түүхий эдийн үнэ эрс унах болсон болон багууд бүсээ чангатгаж байгаатай холбоотойгоор хөлбөмбөгийн түүхий эд буюу тоглогчдын наймааны үнэ, цалин хөлс багасах уу гэдэгт хариулт олох хэрэг гарч байгаа. Одоогийн энэ толгой эргэм пүнлүү, өндөр үнэтэй худалдан авалтанд орос эрхмийн нөлөө багагүй. Нэгэнт бий болсон энэхүү гажуудал хямралын „буян”-аар эргээд хэвэндээ орох болов уу. Магадгүй энэ нь жижиг тоглогчдод хамаарч болох юм. Багууд сайн тоглогчид нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болсон орчин цагийн мөнгөний хөлбөмбөгт том тоглогчдод том үнэ санал болгож, том цалин амласаар л байх болов уу даа.

8. Сборная хөл дээрээ босов.

Тэртээ нэгэн цагт хөлбөмбөгийн аварга улаан машинууд хэмээгдэж байсан Оросын хөлбөмбөг сураггүй болоод олон жил өнгөрсөн билээ. Яшинаас эхлээд Блохин, Дасаев хүртэл хөвөрсөн мундаг тоглогчид нь хааччихав аа. 89 оны Перестройкагээс эхэлж хямарсан хөлбөмбөг нь 90-ээд оны сүүлээр дахин жаахан өндиймөр аядсан ч эргээд хэдэн жил бөх унтсан. 3 жилийн өмнө ЦСКА УЕФА цомд түрүүлсэн нь аварга улаан машинуудын мотор эргээд асаж эхэлж буйгийн дохио байлаа. 2008 онд Зенит үүнийг бүр баталж өглөө. УЕФА-ын цомын хагас шигшээд Байерныг бут ниргээд улмаар аваргалж байсан тэд Супер цомд МанЮ-г хожсон. Хөлбөмбөгийн зах дээр тэд шургуу ажиллах болсон. Хэзээ нэг Оросын 2 баг хоорондоо 30 саяар наймаа хийдэг байлаа даа. 2 жилийн өмнө Тимощук(14,5 сая) тэргүүтэй тоглогчдод 40 гаран сая евро зарж байсан Зенит энэ удаад бүр галзуурч Данниг Динамо Москвагаас 30 саяар цохьсон. Тэд сүүлийн жилүүдэд Бразил болон зүүн Европын сайн тоглогчдод шавар хаах болсонд баруун Европын клубүүд илт ундууцах болсон. Тэд тоочиглосон зарим тоглогчдоо нэг бол бодож байснаасаа илүү үнээр авдаг, үгүй бол оросуудад алддаг. Чадаж байгаа юмыг яаая гэхэв дээ. Дотоодын лигтээ Зенит анх удаагаа түрүүлэн Аваргуудын лигт орсон бол энэ жил дахиад л шинэ баг түрүүллээ. Рубин хэмээх Казанийн багийн тоглолт харж байхад тун таалагдсан шүү.

Багууд нь тоглогчиддоо цалин сайн амлаж, лигийн өрсөлдөөн эрс ширүүссэн нь шигшээгийн тоглогчдод ч сайн нөлөөг үзүүлж тэдний ур чадвар өдрөөс өдөрт ахих болсон. Еврогоор энэ нь бүр ч тод харагдаж тэд техник өндөр Швед, титмээ хамгаалагч Грекүүдийн өмнө гишгэж хэсгээсээ итгэл төгс шалгарсан. Улмаар таарсан болгоноо хуйхалж байсан улбар шаруудыг шөвгийн 8-д яг өөрсөд шиг нь тоглолтоор илт илүүрхэн хожсон. Испанитай харин тэмцээний турш 2 удаа тоглолт нь огт таараагүй юм. Испани л биш байсан бол өөр ямар ч багийг нухчин дарах байсан гэж тэр үед нэгэн нэрт эксперт хэлж байсан. Хэдий тийм ч Оросын тоглогчдыг тэмцээний дараа бүгд л мэддэг болсон. Тэдний үнэ ханш ч гэж зах дээр талийж өгсөн. Хэд хэдэн тоглогч нь бүр нэртэй төртэй багуудтай холбогдоод эхэлсэн. Эхнээсээ очсон. Эдийн засгийн өсөлтөө дагаад ассан улаан машины мотор нэгэнт унтрахгүй болжээ.

7. Бэкс ба Ронни
Энэ 2 эрхмийг наймаа гэсэн хэсэгт оруулж болох байсан авч одоо цагийн грандууд, 2 агуу брэнд гэсэн утгаар нь тусад нь онцоллоо. Хэдий Роналдиньо одоо нэр хүндээрээ урьдны Ронни биш болсон ч тэр ердөө 2-хон жилийн өмнө Р10 гэсэн брэндээр дэлхийг тойрсон шүтэн бишрэгчдээ галзууруулж байсан даа. Хэдэн жилийн өмнө Роналдиньог Барсатайгаа Брэмэнд ирэхэд би Брэмэнээс 400 км-ын зайтай байсан. Тэгэхэд л тэнд хүртэл доргилт нь асар хүчтэй доргиж байсансан. Дээхнэ үед Марадонаг Наполитайгаа Брэмэнд ирэхэд ийм савалгаан болж байсан гэж тухайн үед уур амьсгалыг нь мэдэрч байсан нэгэн танил маань хүүрнэж байсан. Хаана Роналдиньо байна, тэнд хуй салхи хуйларч байна гэдэг тийм л үе нэг хэсэг байлаа. Гэвч мань эр оддын өвчнөөр маш хурдан өвчилсөн. Барсагийнхны дунд нэг хэсэг хар хонины хэрэг гараад намжсан билээ. Тэр үед олон хүн хэн нь хар хонь юм бэ, Ронни юу Райкаард юм уу эсвэл Это юу гэж толгой нь эргэж байсан. Роналдиньо тэр цагаас хойш багийн удирдлагын толгойг байнга л шаналгах болсон. 120 саяар сонирхож байсан багт Роналдиньо хэзээ ч зарагдахгүй гэж байсан боссууд нь сүүлдээ бууж өгч түүнийг Милан луу маш хямдхан буюу 21 саяар өгсөн. Ямар ч л байсан бөмбөгийг өөрийн нэгэн эрхтэн мэт удирдан биеийн дуртай хэсгээрээ хүссэн газартаа дамжуулалт өгдөг байсан орсгой нэгэн бразил залуу хүн төрөлхтөнд хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлж, амьд явахын сайхныг амсуулж байсан нь юутай ч маргашгүй үнэн. Түүнээс өмнө буруу тийшээ харж байгаад пасс өгдөг тоглогч сагсан бөмбөгт байдгаас биш хөлбөмбөгт байдаг гэж би л лав дуулж байгаагүй. Барсагийн фэнүүд түүнийг үеийн үед сайнаар дурсаж явах болно. Тэр тэдэнд удаан хүлээсэн цомуудыг нь авчирч өгсөн гавьяатан. Энэ эрхэм гэтэл нэгэн нартай өдөр нөгөө нэгэн брэнд болох Бэкхемтэйгээ мөр зэрэгцэн тулалдах болжээ.

Оны сүүлээр нэгэн мэдээ дэлхий нийтээр тархсан нь тэр ЛА Галаксигээс Миланд 2009 оны 1 сарын 1-нээс 3 сарын дунд хүртэл зээлээр тоглох мэдээ байлаа. Ингэснээр хүмүүс 2 том одын нэгэн зэрэг тоглохыг харах боломжтой болсон. Яг одоо бол Бэкхем алдар суугаараа Роналдиньог дарж буй нь зөвхөн Дубай дэх бэлтгэлийн баазаас л харагдаж байгаа. Тэнд фэнүүд зөвхөн түүнийг л онцолж дуудна. Тэр хөлбөмбөгийн түххэнд байгаагүй өндөр хөлсийг авч байгаа тоглогч. Түүнийг сүүлийн 10-аад жил хаана ч очсон шүтэн бишрэгчид нь шавааралдан байх нь ердийн үзэгдэл болсон. Тоглогчийн хувьд ч тэр гайхалтай. Сэнтиметрийн зөрүүгүй пасс, хаалттай цохилтын урлагийг төгс эзэмшсэн. Роналдиньо тэр 2 хөлбөмбөгчнийхөө шилдэг үеийг ардаа өнгөрөөсөн. Гэхдээ л зэрэгцээд тоглоно гэхээс түүнийг нь үзэх гэсэн хүмүүсийн сэтгэл нь гижигдэн буй. Милан өөрөө бас нэгэн агуу брэнд. 3 том брэнд хослоно гэдэг нь тэр бүр олон тохиохгүй ховорхон явдал бөлгөө.

6. Лигийн тэмцээнүүд
2006 оны Испаний лигийг би сайн санадаг юм. Капелло нэг фэн рүүгээ дунд хуруугаа гозойлгож, Райкаард гараараа суудлын хананы шил цохиж хагалж байсан тэр жилийн лиг эцсийн өдрөө ялагч нь хэн нь болохыг шийдсэн билээ. 2008 онд түүн шиг хурц өрсөлдөөн топ лигүүдэд гараагүй ч өрсөлдөөн байсан уу гэвэл байсан. Айхтар ширүүн тоглолтууд харин ч нэг гарсан даа. Олон жил эхний өдрөөсөө л тасарч эхэлдэг Лион энэ удаад тэгтлээ цоорсонгүй. Марсель Бордо 2 тэдэнд яггүй түвэг удсан. Гэхдээ л эцэст нь ялагч нь мөнөөх л Лион болсон. Лионы хэт давамгай байдлаас болоод олон улсад Францын лигийг сонирхох сонирхол нь сүүлийн жилүүдэд эрс багасаад байгаа билээ. Германд өмнөх жил нь бүр Аваргуудын лигид ч багтаж чадаагүйдээ дүгнэлт хийж Рибери, Тони, Клозэ гэх мэт топ тоглогчдыг авчирсны хүчээр Байерн дахин аваргалсан. Тэд мөн холбооны цомыг авч давхар цохилт хийсэн. Цомын финал гэхдээ үнэхээр суудлаас өндөлзүүлсэн тоглолт болсон сон. Лигтээ дундаас хойгуур бичигдсэн Дортмунд тэдэнд маш ширүүн эсэргүүцэл үзүүлсэн юм. Италид сүүлийн жилүүдийн Италийн хөлбөмбөгийн хямралаас өөрт нь бий болсон таатай байдлыг ашиглаж Интер дахин аваргалсан бол Англид улаан чөтгөрүүд хөхүүдийн тэмцэл их хол явсан ч хөхүүд нь замдаа сөхөрсөн билээ. Испанид Реал цагаасаа эрт аварга авах болзлоо хангачихсан. Лигийн төгсгөл рүү Реал Барса 2 хоорондоо таарч тоглосон. Энэ үед Барсагийн тоглогчид Реалчуудыг дундуураа гарган баяр хүргэж байсан билээ. Барсагийн фэнүүдэд энэ бол гутамшигтай явдал гэдгийг юун хэлүүлэх. Тэд энэ үедээ ирэх жилийн тооцоогоо дотроо бодон зогссон ч юм билүү.

Топ 5-ын дараагийн лигүүдийг эргэн нэг дурсвал Португалд Порто заналт дайсан Бенфикагаасаа бараг 20-иод оноогоор тасарч аваргалсан бол Туркт Галатасарай нөгөө 2-оосоо буюу Фенербахче Бешикташ 2-оосоо 6 оноогоор илүү гарч магнайдсан. Холландад аварга нь сүүлийн өдөр тодорсон. Аякс өрсөлдөгчөө 5 гоолоор бөмбөгдсөн ч алсын дуэлд Айндховен шаардлагатай 1 гоолоо хийж чадсанаар түрүүлсэн. Грект АЭК Атен сүүлийн өдөр өрсөлдөгчөө хожсон ч нөгөө талд Олимпиакос бас хожсоноор тэд улсынхаа аварга болсон. Оросод нөгөө Зенит бүр сураггүй, харин татаарын Рубин хэмээх баг эхнээсээ л тодорсоор эцэст нь аваргалсан.

Бразилын хаврын эхнээс эхлээд халуун зун дамнан өвлийн эхэнд өндөрлөдөг урт удаан лигид Сао Паоло сүүлийн жилүүдэд чанга байгаа Порто Алегретэй ширүүн тэмцэлдсээр эцэст нь аваргаар нэрлэгдэж чадсан. Аргентинд харин лиг нь Өмнөд Америкийн ихэнх улсуудын нэгэн адил Бразилээс ондоо системээр явагддаг. Хаврын лиг буюу Клаусурад нь Ривер Плэйт мөнхийн дайсан болох Бока Хуниорсоос 4 оноогоор илүү гарч түрүүлсэн бол намрын лиг болох Апертурад жинхэнэ алаан болсон. Улирлын дараа хүснэгтэд 3 баг адилхан 39 оноотой бичигдсэн. Тэнд гоолын зөрүүг тооцдоггүй тул хоорондоо шатарчлах болсон. Энэ 3 баг нь Бокагаас гадна Сан Лоренцо болон Тигре багууд байлаа. Сүүлийн тойрогт нь Бока хэдий Тигред хожигдсон ч гоолын зөрүүгээр илүү гарч 23 дэх удаагаа Аргентины аваргын цомыг өргөсөн билээ.


5. Анхаарлын төвд дасгалжуулагчид
Ёстой л гарын бээлий сольдог шиг халаа сэлгээтэй он жил байлаа. Хамгийн дуулиантай нь мэдээж домогт Марадона Аргентины шигшээг удирдах болсон явдал. 2010 оны дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад удаа дараа бүтэлгүйтсээр ирсэн Базилтэй удирдлага нь эцсийн эцэст хариуцлага тооцож, багаасаа явуулах нь тодорхой болсон.Оронд нь хэн болох вэ гэдэгт олон хүний нэр яригдаж байсан, түүний дотор амьд домгийн нэр ч цохиж явсаан. Гэхдээ түүнийг тийм хурдан болчихно хэн ч санаагүй. Нэг л үдэш зурагтаа санамсаргүй асаахад суваг болгон дээр түүний зураг хөвөрч байлаа. Тэр дасгалжуулагчийн ямар ч туршлагагүй. Түүний хамгийн гол давуу тал нь тоглогчид болон фэнүүддээ өөрөөсөө цацарсан эерэг энергиэр тэдэнд дутагдаад байсан сэтгэл санааны хоосролыг дүүргэх явдал. Энэ нь ч эхнээсээ үр дүнгээ өгч буй. Тоглогчид түүнтэйгээ уулзангуут л ялан дийлэхийн хүслэнг мэдэрлээ хэмээн ам амандаа дурьдан буй. Энэ нь сайн зүйл. Багийн спортын хамгийн чухал зүйл нь баг доторхи уур амьсгал байдаг. Дасгалжуулагчийн туршлагагүй ч том амжилтад хүрч болдгийг Барселоны Гуардиола яруу тод харуулж байгаа билээ. Жосэп хүүхдийн багт байснаас томчуудын баг яаж залдгийг бас мэддэггүй л хүн байсан. Тэр 2-т гэхдээ адилхан чанар нэг бий. Энэ нь өөрийн авч байгаа багаа А-гаас нь Я хүртэл нэвт шувт мэддэг явдал. Энэ нь тэдэнд их боломжийг бий болгож байгаа. Аль аль нь л багтаа хар залуугаасаа зүтгэж, багаа ямар гэдгийг нь хэнээс ч илүү мэднэ. Энэ жил Аргентины шижигнэсэн залуус Марадонагийн удирдлаган дор хэр тоглохыг харах л бидэнд үлдлээ.

Аргентины шигшээгийн дасгалжуулагчийн солионоос нэг их дутахааргүй халаа солио Испаний лигийн мөнхийн дайснууд болох Реал Барселон багуудад явагдсан. Барселон Франк Райкаардын дор 5 жил болохдоо 2 удаа лигийн аварга авснаас гадна нэр хүнд бүхий Аваргуудын лигийн цомыг тэнгэрт өргөсөн билээ. Ингэснээр тэр Каталоны домогт багийн түүхэн дэх тоглогчоор бас дасгалжуулагчаар тивийн клубүүдийн хамгийн том цомыг өргөсөн 5 дэх хүн болсон билээ. Сүүлийн 2 жилд харин тэр урагштай байж чадсангүй. Баг дотроо уур амьсгалыг эвдэхэд өөрийн биеэр оролцсон хэмээн тэр буруушаагдсан. Мөн тоглолтын арга барилаа өөрчлөхгүй нэг хэвээр явсаар байгаад бүх өрсөлдөгч нь тэднийг нэвт шувт мэддэг болсон нь явах бас нэг шалтаг болсон гэсэн яриа ч байдаг. Түүний оронд мөн л Барсагийн төлөө өшиглөж явсан Пэп Гуардиола ирсэн. Тэр ирэнгүүтээ л лигийн эхний 2 тоглолтоос ердөө ганцхан оноо авч гараа тун муу байлаа. Шүүмжлэгчид ч дуугүй суусангүй. Энэ нөхөр хэзээ бас хаалга гаднаас нь хаах вэ гэх мэтээр элдэв янзаар яриад л. Тэр харин өөрийн шүүмжлэгчиддээ дараахнаас нь хариуг нь хангалттай өгч эхэлсэн. Бараг тоглолт болгондоо гоолын хур буулгасаар оны зааг дээр ирэхэд Реалаас 12 онооны зөрүүтэй боллоо.

Тэдний өрсөлдөгч Реал Мадрид хэдий лигийн аварга болсон ч хамгаалсан тактик биднийх биш хэмээн Капеллог явуулж ноднин тэд Хэтафэгээс Шустерыг авчирч байсан. Герман эр Реалыг дахин лигийн аварга болгосон ч намраас эхлээд паакт гаргах болсон Эцэст нь түүнийг үдэж, оронд нь Севильяг дасгалжуулж асан Хуанда Рамосыг ацарлаа. Тэр одоогоор эхлэлээ давгүй л хийж байна. Тэр гэхдээ цэвэр нэгэн биш ээ. Английн Тоттэнхэмээс хамаг байдаг муугаа хэлүүлэн барин хөөгдөж ирсэн этгээд. Тоттэнхэм түүнээс өмнө Ёолыг хөөсөн. Ёол тэгтэл Хамбургт ирээд амжилт арвинтай байгаа.

Европын аваргын дараа 2 хөгшин цэрэг шигшээ багаасаа урваж клуб удирдах болсон. 44 жилийн дараа Испанид аваргын алтан медалийг авчирч улс даяар баатрын ёсоор хэлэгдэж байсан Арагонес өвөө Фенербахчед ирээд харин зөвхөн ухрах араандаа орчихсон бол Португалийн шигшээгээс Челсид ирсэн Сколари өвөө яахав лигийн тэргүүн байрын төлөө чаргууцалдан явж байгаа. Гэхдээ түүний тактик, тоглолтын дундуурх сэлгээ зэрэг нь жирийн хүнд ч ойлгогдохоор дэндүү энгийн. Залуу хүний зоримог зан ямар байдгийг Барсагийн жишээнээс фэнүүд нь харж байж ч болох.
Энэ мэтээр дасгалжуулагчдын халаа сэлгээ хачин ихтэй жил байлаа.


4. Бухын баасаар бяруу бааж болдог л юм байна.
Бяруу гэж юу билээ. Хариулт нь маш амархан. Хамгийн том жишээ нь Хоффэнхайм. 2-хон жилийн өмнө Бундэслигийн 3-р лигид байсан энэ баг ноднин 2-р лигидээ ганцхан улирал тоглоод л дээд лигид гарч ирсэн билээ. За одоо ч элдүүрнийх нь сур ханаа биз дээ, доошоо буулгүй дээсэн дөрөөн дээр дэнжигнээд тогтож чадах болов уу даа гэж олон хүн бодож байсан. Гэтэл тэд эдгээр хүмүүсийн бодлыг орвонгоор нь эргүүлж орхив. Бундэслигт тэр бүр харагдаад байдаггүй маш хурдтай, комбинацаар арвин хөлбөмбөгийг тэд эхний өдрөөсөө л харуулсаар лигийн намрын аваргаар тодорсон билээ. Лигийн түүхэнд намрын аварга лигийн аварга болдгийг өнгөрсөн 40 гаран жилийн түүх гэрчилнэ. Тэд магадгүй энэ хуулиар аваргалж болох юм. Харин ийм юм боллоо гэхэд гайхах юм огтоос үгүй. Учир нь тэд үнэхээр лигид шинэ салхи оруулж, нэгэн хэвийн уйтгартай хөлбөмбөгийг халж байгаа билээ.

Энэ жил бараг лиг бүхэнд л Хоффэнхаймууд тодорч буй. Хатуу хэрцгий Английн лигид тэмцээн эхэлснээс хойш л доороос дэвшин ирсэн Халл сити хэмээх баг шуугианыг тарьсаар байгаа билээ. Тэдний олон сайн тоглолтын оргил нь яах аргагүй Арсеналын талбайд хийсэн тоглолт. Хожигдож яваад хожсон тэр тоглолтоос бусад бүх баг нь санаа авч, тэдний эсрэг тоглохдоо тун чиг хянуур хандах болсон.

Бразилд доороос ирсэн багуудаас бүр 2 нь 20 багаас эхний 10-т жагссан бол Перуд доороос орж ирсэн 4 багийн 3 нь 7, 8, 9-р байрт орсон байлаа. Сербийн лиг талаасаа өнгөрөөд явж байгаа, энд Иваника гэдэг баг 3-т бичигдэн УЕФА цом дээр бууж байгаа. Их даварвал Аваргуудын лигийн урьдчилсан шатанд орно гээд зүтгэчих байх. Францад Жренобле Фүүт 38 хэмээх баг хүснэгтийн тэхий дундуур тууж явах юм. Нэрэндээ таарсан мэт 38-тай болон 38 руу дөхөж яваа олон тоглогчтой гэх. Хоффэнхаймын гарааны тоглогчдод 25-тай хүн ховор бол эдний гарааны 11 бүгд 30-аас дээш настай аж. Туршлагаараа дээд лигид үлдчих нөхөд бололтой. Оросод Рубин анх удаагаа түрүүлж, аваргын цом өргөсөн. Тэднийг хэн ч түрүүлнэ гэж санаагүй байх.

Зөвхөн улсын лигүүд гэлтгүй бусад тэмцээнүүдэд ч гэсэн бухын хүзүү гаргасан бяруунууд тодорсон жил байлаа. Аваргуудын лигид өмнө нь огт сонсож байгаагүй Фамагуста, Клуж, Батэ гэсэн нэрнүүд дуулдсан. Шалны алчуур болно доо гэтэл эхний өдрөөсөө л энэ бодлыг няцаасан, тэд. Клуж алдарт Ромаг талбайд нь хожчихсон бол Брэмэний эсрэг Фамагуста нутагт нь тэнцсэн.Батэ домогт Юветэй 2 удаа тэнцчихсэн гэж байгаа. УЕФА цомын эзэн Зенитийн талбайд бас тэнцэж дөнгөсөн. Эдгээр багууд бүгд хэний ч санаагүй тоглолтыг үзүүлсэн. Шведийн лигийн Аальборг хэмээх нэр ч гэсэн хөлбөмбөг сонирхогчдод төдий л танил бус. Тэд МанЮ, Вильяреал, Селтик гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт таарсан ч Селтикийн өмнө гишгэж, УЕФА-ын цомд орох эрхийг олж чадсан. Сүүлийн тоглолтоо МанЮ-ын талбайд хийж 2-2-оор тэнцсэнээр тэд өөрсдийгөө зөөлөн боорцог биш байсан гэдгийг мэдрүүлсэн. Шүгэл үлээнгүүт дасгалжуулагч нь фэнүүд рүүгээ эргэж, симфони удирдаачийн үйлдлийг хийн мэхийж байсан нь ажлаа сайн хийсэн хүний тайлан байлаа.

УЕФА цомд ч гэсэн шуугиан тарьсан баг гарсан. Энэ бол Бельгийн Стандарт. Нэг хэсэг энд тэнд чангахан үзчихдэг байгаад уналтад орсон Бельгийн хөлбөмбөг эргээд сэргэж байна уу гэлтэй. Тэд Аваргуудын лигийн урьдчилсан шатанд Ливерпүүлийг эгээтэй л хожчихоогүй. 120 минут шүүсээ шахуулсны эцэст улаанууд нутгийн дэвжээнийхээ хүчээр арайхийн хожсон билээ. Стандарт гэсэн ч гудийсэнгүй ээ. Европын хөлбөмбөгийн дээрээсээ 2 дэх тэмцээнд ороод Ливерпүүлийн нөгөө багаас нь хариугаа авав. Эвэртонг мулталсныхаа дараа хэсгийн тоглолтыг Севильяг хожиж эхлээд л, тэр эрчээрээ хэсгээсээ нэгээр гарах эрхээ эрт авсан юм.

Ер нь сонирхоод үзвэл энэ жил бөмбөрцгийн бөөр болгонд сенсаац дэгдсэн жил байлаа. Аргентины лигид Тигре тэргүүн байрын төлөө эцсийн өдөр хүртэл тэмцэлдсэн байхад аваргаа хамгаалагч Ривер Плэйт лигийн 20 багийн хамгийн сүүлд бичигдсэн байх жишээтэй. Тигре нь 4-хөн жилийн өмнө 3-р лигид өшиглөж явсан баг гэж байгаа. Эквадорын Куйто гэсэн баг өмнөд Америкт тодорч тивийнхээ аваргуудын лигийн түрүүг хүртээд зогссонгүй клубүүдийн дэлхийн аваргын шувтаргын тоглолтод шалгарч улмаар МанЮ-д ихээхэн хүчтэй эсэргүүцэл илэрсэн билээ. Копа Либертадоресын хагас шигшээд 4 баг шалгарсны 3 нь битүү морь гэж байгаа. Тэднээс Куйто нь цоорсон.
Ингээд оны босгоноос харахад шинэковууд чангарсан жил байжээ.

3. Хөлбөмбөгийн хүн зах дэх процессүүд, үнэгүй таваар бүхэн чанаргүй биш.
Уламжлал ёсоор тоглогчдын арилжаа солилцоо дээгүүрт заларч байна. Өнгөрсөн өвлийн цонхоор олон тоглогч нааш цааш болсон ч Челси Анелькаг авсан нь хамгийн их анхаарал татаж байсан. Том цонхны оргил үе нь 9 сарын 1 байлаа. Юу гэнэ ээ, яагаад.

Тийм ээ, 8 сарын 31 бүтэн сайн өдөр байсан тул 9 сарын 1-ийг сүүлийн өдөр болгон зарласан. Энэ л өдөр энэ жилийн хамгийн том наймаануудыг Манчестерийн багууд хийсэн. Робиньог ситизенүүд 43 сая еврогоор авсан бол Бербатовыг улаанууд 38 саяд цохисон. Манчестер Ситиг авсан замбараагүй баян араб эрд харамсалтай нь наймаа хийхэд ганцхан өдөр л үлдсэн байсан. Тэр зөвхөн Робиньог л авч чадсан. Челсигээс тэр хамар доороос нь сэмхэн суга татчихсан билээ. Энэ өвлийн наймаа дээр тавигдаж буй анхаарал хамгийн ихээр энэ баг дээр л төвлөрч буй. Магадгүй тэдний ирэх зуны наймаа ирэх жилийн тэргүүн үйл явдлаар тодорч болохыг одоо хэн ч үгүйсгэж чадахгүй. Сүүлийн хэдэн жилийн турш хамгийн их хөдөлгөөнтэй наймааны улирал нь Ювентусын хямралтай жил байсан. Энэ удаа мөн тэр хэмжээнд очихоор нүсэр наймаанууд хийгдээгүй ч том гэж болохоор юм болсон уу гэвэл болсоон. Тоймтойгоос нь дурдвал:

Деко - Барсагаас Челсид
Хлеб – Арсеналаас Барсад
Фламини – Арсеналаас Миланд
Роналдиньо – Барсагаас Миланд
Бербатов – Тоттэнхэмээс МанЮ-д
Кийн – Тоттэнхэмээс Ливерпүүлд
Насри – Марселиас Арсеналд
Куарешма – Портогоос Интерт
Робиньо – Реалаас МанСитид
Ван дер Ваарт – Хамбургээс Реалд
Замбротта – Барсагаас Миланд
Алвес – Севильягаас Барсад
Жо – ЦСКА-гаас Ситид
Шоон – Челсигээс Ситид
Барцальи ба Заккардо – Палермогоос Вольфсбургт
Хунтэлаар – Аяксаас Реалд гэх мэтээр нэрлэвэл жагсаалт бас ч гэж чамгүй урт хөвөрнө. Нэг зүйлийг мөн тодотгож өгмөөр санагдлаа. Энэ нь нэгэн цагт дэлхийн хамгийн шилдэг тоглогч байсан Роналдо ажилгүй удаан байсны эцэст нутгийнхаа Коринтианс багт очсон явдал. Харамсалтай нь энд түүнийг тийм ч таатай угтсангүй. Багийн фэнүүд түүнийг ирэх сургаар зургийг нь шатааж байхыг нь зурагтаар олон хүн харсан. Тоглогч өөрөө л ухаантай байхгүй бол алдар хүнд гэдэг хормын зуур хийсэн оддог гэдгийг бразил тоглогчид тод жишээгээр харуулж байна даа. Өмнө нь ч тэдэнд тийм түүх бий.

2008 онд хамгийн их мөнгө наймаанд цацсан нь одоогийн хамгийн хүчирхэг лигийн оргил өөд мацахаар шулуудсан Манчестер сити, Тоттэнхэм болон Испаний Барселон багууд байлаа. Сити 102 мянган еврог ердөө 6-хан тоглогч авахад зарцуулсан. Энэ нь Робиньо(43), Жо(24), Шоон(11,25), Бэн Хайм(6,4), Компани(8,5), Забалета(8,7) нар байлаа. Удаад нь орсон Барса Тоттэнхэм нар тус бүр 90 саяыг зарлагадсан. Хамгийн их орлоготой багаар Бербатовыг МанЮ-д 38, Кийнийг Ливерпүүлд 24 саяар шахсаныхаа хүчинд 77 саяыг олсон Тоттэнхэм тодорсон. Удаад нь Италийн топ багуудыг чанартай бараагаар хангаж байдаг нэг бааз болох Палермо 61 саяар орсон. Тэд энэ удаад гэхдээ Бундэслигийн Вольфсбургийг тэтгэсэн нь туйлын сонирхол татаж байсан юм. Барцальиг 14, Заккардог 7 сая еврогоор зарчихсан. Гэхдээ эдний топ орлогыг Амаури авчирсан. Тэр Ювентуст 23 саяар одсон билээ.

Энэ жил олон баг цонхын сиймхийгээр давгүй тоглогчдыг огт мөнгө заралгүйгээр багтаа элсүүлсэн. Бундэслиг энэ тал дээр толгой цохих байх. Лэвэркузэн Көлнөөс Патрик Хэлмэс хэмээх залуухан довтлогчийг авсан нь өдгөө багийн тоглогчдоо оруулсан гоолоороо тэргүүлж, тайтлын төлөө тэмцэлд багаа уриалан дуудсаар явна. Байерн Брэмэнээс Тим Боровскиг авсан. Туршлагатай довтолгооны хагас тэрээр сэлгээнээс тоглолтод оролцдог ч багтаа дандаа хэрэгтэй гоол хийдгээрээ бусдаас ялгарч буй. Байерн өдгөө хүснэгтийн магнайд Хоффэнхаймтай зэрэгцэн бичигдэж буйд түүний гүйцэтгэсэн үүрэг асар их. Байерн мөн Миланаас Оддог үнэгүй зээлдсэн нь нүдээ олсон хэрэг болж буйг бүгд харж байгаа. Тэд бас Бенфикагийн Батт хэмээх дажгүй хаалгачийг нь үнэгүй аваад ирсэн. Бундэслигийн бусад багуудын талаар сонирхуулбал Боровскигоо алдсан Брэмэн Нантад Клашничаа бас л бэлэглэсэн, Штуттгарт Арсеналаас Лэманныг авчирч хаалган дээрээ зоосон, Хамбург Сориныг нутаг руу нь буцаасан, Ханновер Хашемианыг Бохумд, Хэрта Ливерпүүлээс Воронинг зээлдсэн нь багтаа том тус хүргэж байгаа гээд л нэрлэвэл жагсаалт урт болно. Тэрчлэн топ лигүүдийн үнэгүй чанартай бараануудаас заримаас нь дурьдвал:

Фламини – Арсеналаас Миланд
Саха – МанЮ-гаас Эвэртонд
Жиованни – Портсмаутаас Халл ситид
Шварцер – Борогоос Фулхэмд
Макелеле – Челсигээс ПСЖ-д
Кевелл – Ливерпүүлээс Галатасарайд
Шевченко – Челсигээс Миланд(зээлээр)
Меллберг – Астон Виллагаас Ювентуст
Кассано – Реалаас Сампдорид
Эдмилсон – Барсагаас Вильяреалд
Томассон – Вильяреалаас Файеноордод
Уяфалуши – Флоренцоос Атлетикод
Миста – Атлетикогоос Депортивод
Аурелио – Фенербахчегээс Севильяд
Рекоба – Интерээс Паниониост
Обинна – Кивугаас Интерт
Виери – Флоренцоос Аталантад гэх мэт. Эд бүгд олонд чадвараа таниулсан тоглогчид. Зарим нь бүр шинэ багийнхаа гарааны баттай хүн нь болсон. Энэ жилийн наймаа донсолгоо ихтэй болсоон.

2. Улаан чөтгөрүүдийн гурвалсан амжилт болон Роналдогийн галзуурал
Манчестер Юнайтед 1999 оны Аваргуудын лигийн финалд алдарт Бавари Мюнхенд 1-0-оор хожигдож яваад нэмэлт цагт 2 гоол хийн түүхт ялалтыг авч байсан юм. Тэр жилдээ тэд лиг болон цомын түрүүг мөн хүртэн трипл хийж байсан. 9 жилийн дараа тэд амжилтаа дахин бататгав. Лигидээ улирлын төгсгөл хүртэл хүчирхэг Челситэй өрсөлдөж байсан ч өрсөлдөгч нь сүүл рүүгээ бүтэлгүйтсэнээр тэдний аваргалах зам нээгдсэн. Аваргуудын лигид хагас шигшээд Барселоныг ялж, финалд очих замаа зассан. Шигшээ тоглолтод дахиад л нөгөө лигийнхээ хэцүү өрсөлдөгчтэйгээ таарсан. Лужники цэнгэлдэхэд тэдэнд азын тэнгэр ивээж дахин Челсигийн урд гишгэсэн юм. Ингээд бодохоор энэ хэсгийг улаан хөхийн тэмцэлдээн гэж болох ч мэт. 3 дэх цом нь энэ удаад холбооны цом биш харин Блаттерыг ФИФА-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ихээхэн нэр хүндийг олж, Блаттерээр „Чухал ач холбогдол бүхий тэмцээн“ гэж нэрлэгдсэн Клубын дэлхийн аваргын цом байлаа. Хагас шигшээд тэд Азийн аварга Гамба Осакаг, шигшээд өмнөд Америк тивийн аварга Эквадорын Куитог хожин аваргалсан. Энэ бүх амжилтад өдгөө дэлхийн хөлбөмбөгийн хар зах дээр хамгийн өндөр үнэлэгдэн буй Криштиано Роналдогийн нөлөө үлэмж.

Лиг болон ЧЛ-ийн түрүүг авахад түүний хийсэн 42 гоолын ач асар их. Иймдээ ч тэрээр Франс Футбол сэтгүүлийн газраас гаргадаг Европын шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн. Хэд хоногийн дараа дэлхийн шилдгээр шалгарах магадлал маш өндөр. МанЮ-ийн португал залуутай хэр удаан хослохыг цаг хугацаа харуулна. Тэр өнгөрсөн хавраас хойш хэд хэдэн удаа Реал Мадридтай холбогдон баг дотроо асуудал босгож байсан. Өнгөрсөн улиралд нэг л юм хэзээ ч үнэнээс хазайхгүй. Энэ бол МанЮ ба КР гайхамшигтай хосолсон. 2008 онд МанЮ ийнхүү трипл хийснээрээ тэртээ 50 жилийн өмнө онгоцны ослоор өнгөрсөн багийнхныхаа дурсгалд маш том хүндэтгэл үзүүлсэн билээ.

1. 13 дэх удаагийн Европын аварга
Оны онцлох үйл явдлыг нэрлэж эхэлснээс хойш 3 дэх удаагийнхаа буюу 2008 оны манлайгаар 6-р сард 2 улсын нутаг дамжин, дэлхий ертөнцийг доргиосон Европын аварга яахын аргагүй бичигдэнэ. Олон юм энд хэлэх илүүц. Зүгээр л хамгийн хамгийнийг дахин нэг саная.

Хамгийн сонирхолтой тоглолт. Цөс ихт түрэг залуусын тоглосон 5 тоглолтын 4 нь буюу Швейцар, Чех, Хорват, Германы эсрэг тоглосон тоглолтууд. Эхний 3-д нь тэд хожигдож яваад дандаа цаг дуусах мөчид гоолдож илүүрхсэн. Цаг дуусах мөчид гоол алдахын харууслыг тэд эцэст нь Германы эсрэг өөрсдөө амссан билээ.

Хамгийн төгс тоглолт. Энэ бол тэмцээний эхэнд хүн бүрийн анхаарлын төвд байсан улбар шаруудын дэлхийн аваргуудын эсрэг хийсэн тоглолтод үзүүлсэн үзүүлбэр. Оновчтой цөөн дамжуулалт, тэсрэлттэй хурд, өршөөлгүй гүйцээлт, хаалгандаа харин 0. Дашрамд дурьдахад эхний гоол болох ван Нистелройгийн гоол отон тоглолтын дүрмийн талаар сая сая хөлбөмбөг сонирхогчдын мэлмийг нээж өгсөн гоол байсан юм.

Хамгийн тогтвортой баг. Түүхийн нэгэн үеийг элээн нүдээ чилээсний эцэст 44 жилийн дараа дахин том тэмцээний цомыг гардсан испани залуус тэмцээний эхнээсээ л ямар ч гажилт хазайлтгүй тоглосоор аваргалсан билээ. Эргээд бүрэлдэхүүнийг нь харахад аргагүй л аваргын энтэй цогц бүтээгдэхүүн байжээ.

Хамгийн сэтгэл хөдөлгөсөн агшин. Италийн Испаний эсрэг хийсэн тоглолтыг Венгертэй өвдөг зэрэгцэн сонирхож агуу Зиданы модон сандал дээр суусан мөч. 2 жилийн өмнө тэр Италийн эсрэг харамсалтайгаар талбайгаас хөөгдөж, Алтан дагинаас атгаад алдсан билээ. Гэтэл тэр энэ удаад Италийг онцолж суусан байсан. Хөлбөмбөгийн түүхийн цөөхөн агуу хаадын нэг хэзээний л даруухан зангаараа инээвхийлэн сууж байсан мөчийг мартахын аргагүй.

Хамгийн хөгжилтэй гоол. Турк Швейцар 2 тоглоход орсон Якины гоол. Нээх аймаар усан дунд болж билээ. Нутгийн индиануудын нэгэн довтолгооны үед баруун жигүүрээс хаалганы урд руу гүйлгэсэн дамжуулалт чигээрээ жирийсээр Якины хөл доор хов хоосон хаалганы өмнө ирээд зогсчихсон. Хөлд орж байгаа хүүхэд ч чихэх мөч.

Хамгийн хөгжилтэй агшин. Финалын тоглолтод хожлын гоол хийж байхтайгаа зэрэгцсэн Торресын хөдөлгөөн. Лаамыг биеийн тэнхээгээрээ илүүрхэн барин бөмбөгийг булаан аваад өөдөөс нь харуулдан ирж байсан Леманнаас өрсөн хажуугаар нь бөмбөгөө гялс өнхөрүүлэнгүүтээ Леманны дээгүүр харайлган гарсан. Ингэхдээ түүнд ялимгүй тээгэлдэн цаашаа тэнцвэр алдсан. Хамгийн гоё нь тэр яг хөлд орж байгаа хүүхэд шиг унан тусан цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ харц нь зөвхөн хаалга руу өнхөрч явсан бөөрөнхий шир дээр тогтож байсан юм. Хамгийн хөгжилтэй, испаний фэнүүдийн хувьд хамгийн амттай агшин.

Хамгийн сүрлэг фэнүүд. Мэдээж улбар шаруудын фэнүүд нэрлэгдэнэ. Тэдний сэтгэл доторх бүхнээ гарган задгайрсан хэрнээ эв найрамдалтай уухайлал хотын даргын сэтгэлийг ч хөдөлгөж, тэрээр дор нь гэрлэн дохионы ногоон гэрлийг улбар шараар солих шийдвэр гаргасан гэдэг. Хөөрлөж баярсан улбар шарын давалгаа замаар дуулалдан явахдаа гэрлэн дохион дээр Хэрэв чи улбар шарын фэн бол улаан гэрэл дээр зогс гэж дуулалдан байсан гэнэм.

Хамгийн их уйтгар гуниг. Будант Албион гэхээр бүгд мэднэ. Хөлбөмбөгийн эх орон сон доо. Бусад грандуудын хамаг адреналин буцлан байх үед тэд гэртээ нам гүмхэн зурагтынхаа өмнө сууж байсан. Еврод 24 баг оролцох сураг сонссон Английн фэнүүдэд энэ мэдээ чихэнд чимэгтэй сонсогдсон буй заа.

Хамгийн шилдэг тоглогч. Каталоны алдарт багийн хослол үнэхээр гялалзсан. Үүний ч хүчээр тэдний аваргалах нөхцөл бүрдсэн. Гэхдээ Шави нь Иниестагаасаа толгой илүү байсан гэж бодож байна.

За ингээд хамгийн хамгийнаа зогсооё доо. Нэрлэвэл нэрлээд л байх юм байна. Дахин хэзээ ч давтагдахгүй гайхамшигтай Евро байсан юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2008 оны хөлбөмбөгийн топ 10 үйл явдал

Postby ТӨӨГӨӨ » Sun Jan 11, 2009 2:20 am

10 үзэгдэхгүй харагдахгүй байж бгаал шөнө дөлөөр зангарагтай бичлэг хийдэг бна шд :mrgreen:
нээрээ манай муу капитан СЛ авчаасай л гэж хүсэхийн
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: 2008 оны хөлбөмбөгийн топ 10 үйл явдал

Postby Г.Баяраа » Sun Jan 11, 2009 2:25 pm

яаая лайтай л гэхээс өөр юу гэхэв дээ... :eek: .өнгөрсөн оны бүх үйл явдлыг нүдэнд харагдтал бичиж .... үнэхээр түүх нэг юм хэлээд байгаам бишүү .....Хоффенхэйм урагшаа .....амжилт :beer
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 2008 оны хөлбөмбөгийн топ 10 үйл явдал

Postby Mojul » Sun Jan 11, 2009 2:51 pm

гайхалтай........ :-D :eek:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: 2008 оны хөлбөмбөгийн топ 10 үйл явдал

Postby Цэнгүүн » Sun Jan 11, 2009 7:05 pm

:eek: :-D :)(
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: 2008 оны хөлбөмбөгийн топ 10 үйл явдал

Postby Чуугий » Mon Jan 12, 2009 9:44 am

10 good job :-D :)(
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2008 оны хөлбөмбөгийн топ 10 үйл явдал

Postby Captain » Wed Jan 14, 2009 12:52 am

:-D
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: 2008 оны хөлбөмбөгийн топ 10 үйл явдал

Postby sanjka » Sat Jan 31, 2009 3:02 pm

:gold
User avatar
sanjka
 
Posts: 4
Joined: Mon Sep 24, 2007 5:12 pm
Location: Greater Manchester


Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest