Евро 2008 миний нүдээр

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Евро 2008 миний нүдээр

Postby Nomer 10 » Fri Jul 18, 2008 12:24 pm

Дэлхийн аваргын дараа нэг ийм сэдэв нээгдээд Хөлбөмбөгч эхлэлийг нь тавьж байсан санагдаж байна. Миний хувьд тухайн үедээ зав гарахгүй байсаар тэгээд дараа нь хуучраад бичлэг оруулж амжаагүй. Энэ удаад дахин цалгардахыг хүссэнгүй. Хүн болгон төрсөн сэтгэгдлээ бичвэл сонирхолтой байна байх даа. Гэхдээ нөгөө хэрүүл маргаан руугаа татагдаад бүү орчихоорой. Зарим нэгэн хэтэрхий эмзэг хүмүүс бий шүү :grin:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Евро 2008 миний нүдээр

Postby Nomer 10 » Fri Jul 18, 2008 12:28 pm

Евро 2008-ыг эргэн дурсахуй


Газар газрын гоёлоо өмссөн фэнүүдээр хүрээлүүлж, гайхамшигт гоолуудаар арвин байсан Европын аварга өндөрлөөд хагас сар өнгөрчээ. Энэ хугацаанд дээдэс түшмэдийн оролцсон сонгуулийн будлиан, дэнж хотойлгосон монгол наадам зэрэг сүр дуулиан ихтэй үйл явдлууд болсон ч гэсэн хөлбөмбөг сонирхогчдын хувьд Евро 2008-ын дурсамж өчигдрийнх юм шиг амьдарсаар л. Үнэнч фэнүүд нь үнэн зүрхнээсээ сэтгэл нь догдолж байсан энэ удаагийн тэмцээнийг хамтдаа дахин нэг дурсая.

Нийтлэлээ яахын аргагүй „Үхлийн хэсэг“-ээс эхэлмээр санагдах юм. Энэ хэсэг дээр 12 сард сугалаа татагдахад л хүн болгон суудлаасаа босч харайх нь босч, сэртэсхийх нь сэртэсхийж байсан билээ. Дэлхийн аварга Итали, дэлхийн дэд аварга Франц, уран тоглолтоороо шагшигддаг Холланд, уран тоглолтнуудыг урьдчилсан шатанд илүүрхсэн Карпатын Румын гэсэн нэрсийг хараад хөлбөмбөг сонирхогч бүр өөрийн эрхгүй тоглолт хурдан эхлээсэй хэмээн шүлсээ залгин хүлээх болсон. Удаан хүлээлгэсний эцэст тэмцээн эхэллээ. Доменекын францчууд шар хувцастангуудыг баралгүй тэг тэгээр тэнцлээ. Энэ тоглолт бүх л тэмцээний турш дэх магадгүй хамгийн уйтгартай тоглолт болсон байх. Залгуулаад болсон Итали Холландын тоглолт харин хүн болгоныг алмайрууллаа. Донадонигийн багийг улбар шарууд 3-0-оор бут ниргээдэхэв ээ. Катеначчио хэмээх 1940-өөд оноос эхлэлээ тавьж, 1960-аад оноос бүрэн хэрэгжиж эхэлсэн хамгаалалтын нэгэн тактик байх. Үүнийг төгс эзэмшдэгээрээ зартай италичууд тэр цагаас хойш өөрсдийн энэхүү хүчирхэг системээ ягштал барьж, олон олон ялгуусан ялалтыг байгуулж байсан билээ. Гэтэл энэ өдөр тэдний катеначчио өөрсдөөс нь ул мөргүй арилан одсон өдөр байлаа. Эсрэгээр харин улбар шаруудын хувьд „Нийтийн хөлбөмбөг“ нь эргэн ирсэн өдөр байв. ФИФА-ын 100 жилийн ойгоор „Зууны дасгалжуулагч“ хэмээн өргөмжлөгдсөн домогт Ринус Михелс тэртээ жараад оны дунд үеэс катеначчио хэмээх аймшигт тактик таарсан болгоноо нидэрч байх үед „Фөтбал тотаал“-ыг гарган ирж катеначчиог дарж байсан түүхтэй. „Нийтийн хөлбөмбөг“-ийн зарчим нь тун энгийн. Хүн болгон хамгаална, хүн болгон довтолно. Гэхдээ энэ нь тоглогчдоос асар өндөр ур чадвар болон хүчирхэг фитнессийг шаарддаг. Алдарт Кройфф тэргүүтэй Аякс тухайн үедээ „Нийтийн хөлбөмбөг“-ийг анхлан дэлхий нийтэд таниулж, Аваргуудын лигийн дараалсан 3 түрүүг авч байсан бөлгөө.

Италичуудыг бахдам тоглолт гарган хожиход улбар шарууд энэ удаад „Нийтийн хөлбөмбөг”-ийг төгс харуулж чадсан билээ. Энэ тоглолтоос нэгэн бяцхан түүхийг авч үлдэхгүй бол горьгүй. Энэ бол тоглолтын анхны гоол болох Рүүд ван Нистелройгийн гоол байлаа. Түүнийг гоолдох мөчид тоглолтыг үзэж байсан хүн бүр хаалганы өмнөх Буффон, түүний урд цор ганцаар байсан Рүүдийг харсан. Тиймдээ ч бүгд л яалт ч гүй отон гэж харсан. Гэтэл үгүй байжээ. Талбайн гадна талд Пануччи уначихсан байсан санж. Шүүгч шүглээ үлээгээгүй байхад тухайн тоглогчийг тоглолтод байгаагаар тооцдог ажээ. Гэхдээ нэг нөхцөл байдаг гэнэ. Тухайн тоглогч нь хамгаалагчаас өөр байрлалын тоглогч байсан бол Рүүдийг отоонд тооцож, түүний гоолыг хүчингүй болгох учиртай гэнэм. Энэ гоол мөнхийн маргаантай байдаг отон тоглолтын талаар сая сая хүнд нэгэн тодорхой ойлголтыг өгсөн ачтай буянтай гоол байлаа. Уг гоолын дараа Германы Хөлбөмбөгийн Холбооны шүүгчдийн байрны утас дэлхийн өнцөг булан бүрээс учрыг нь тайлбарлаж өгөхийг хүссэн гуйлтаар дарагдсан гэдэг. Америкийн ХХолбооноос авахуулаад дээхнэ үеийн нэгэн Бундэслигийн шүүгч хүртэл асуусан гэхээр хөлбөмбөгт үргэлж л мэдэхгүй ойлгохгүй зүйл тохиолдож байдаг гэдэг нь үнэний хувьтай ажгуу.

Улбар шаруудын удаах учраа нь дэлхийн дэд аваргууд байлаа. Хөлбөмбөг сонирхогчид дахиад л „Нийтийн хөлбөмбөг“-ийг үзлээ. Ван Нистелрой хамгаалалтын зоо уруу явж байхад Койт эсвэл Шнайдер зөрөөд довтлох, де Ёнг атаканд орох үед Ооер эсвэл Матайсен араас нь очиж байрлах гэх мэт. Тэд Францыг 4-1-ээр бут ниргэсэн. Нөгөө талд мөн л маш сонирхолтой тоглолт гарч дэлхийн аваргууд Румынтай 1-1-ээр тэнцлээ. Ингэснээр ихийг санаж Альпийн нуруунд ирсэн До амбангууд яагаа ч үгүй гэр лүүгээ амбаардуулах нөхцөл үүслээ. Үлдсэн тоглолтод Румын Холландыг хожсон тохиолдолд 2-уулаа гэрийн зүг дуртай ч дургүй ч гэлдрэх болсон. Уг нь Муту цаг дуусах мөчид олдсон пеналтигээ Буффоны хаалганд чихэж чадсан бол бүх юм тодорхой болох байсан. Ингээд хэсгийн сүүлийн тоглолтын өдөр боллоо.

Франц Италиас даагаа нэхэхээр тоглолтоо эхэлсэн ч багийн хөдөлгүүр Рибери удалгүй гэмтээд араас нь төдөлгүй Абидал улаан авч гарснаар тэдний зорилго талаар болсон юм. Тэдэнд шинэ Зидан бүх л тэмцээний турш үгүйлэгдэж байсан билээ. Гэхдээ хамгийн гол буруутан нь До амбан. Тэр Сери А-ийн мэргэн бууч болон Арсеналын шижигнэсэн залуусыг багтаа аваагүй, харин Анелка, Виера, Макелеле зэрэг үе нь өнгөрсөн тоглогчдыг зөрүүдлэн байж авсан. Тэд нь ч нэмэр биш нэрмээс болсон, бас жигүүрийн хамгаалалт нь маш муу байсан. Хэдий сайн залуусыг аваагүй ч гартаа байгаа хөзрөөрөө тоглоход Доменекэд боломж бас муугүй л байсан. **н** гэж болохоор гараануудыг эхлүүлж, хөлдүү гэж болохоор сэлгээнүүд хийгээд байсан юм. Францын фэнүүдийн гутралын хажуугаар Италийн фэнүүдийн хөөрөл зэрэгцсэн юм. Нөгөө талд Холландын 2-р баг Румыныг 2-0-дсоноор Италид цаашаа шалгарах боломж олдсон. Бүх 4 хэсгийн багуудын гарааны 3 тоглолтыг харахад Холланд үнэхээр ялгарч байсан билээ.

А хэсэгт дэлхийн аваргаар шилдэг 16-д үлдэж байсан талбайн эзэн Швейцар, Европын Бразил хэмээгддэг Португал, цөс ихт Турк болон хамаг одод нь харьчихсан Чех гэсэн улсууд багтсан байсан. Энэ дундаас түрэг залуусыг онцлохгүй бол алдас болно. Эхний тоглолтдоо Португалд хэдий хожигдсон ч дараагийн өрсөлдөгч болох талбайн эзэдтэй Европын аваргын түүхэнд бичигдэн үлдэх алдарт усан бороон дунд тоглож, хожигдож байгаад цаг дуусах мөчид бариад улмаар хожсон. 3 дэх тоглолтоо Чехтэй хийж, бараг л хожигдож байлаа. Гэтэл мөн л цаг дуусах мөчид хувь заяа тэдний талд эргэсэн. Чехийн хаалгач Чехийн бөмбөгтэй харьцсан хайнга байдлаас болж чехүүд цааш шалгарах боломжоо алдсан билээ. Бөмбөг гэснээс дурсах зүйл бас бий, гэхдээ энэ талаар хойно өгүүлсү. Чех агаараар ирсэн бөмбөгийг барьж авлаа гэтэл тэр нь гулсаад түргүүдэд өгөөш болсноор өмнөх Еврогийн хагас шигшээтнүүд баяртай болсон юм. Түргүүд хэсгийн тоглолт дуусаад Хорваттай учирсан. Хорват хэдий илүүрхсэн ч Турк тэмцэгч чанараа хадгалсаар, харуулсаар дахиад л цаг дуусах мөчид гоолдож, цаг сунгасан билээ. Ялагч нь пеналтигээр тодрох болоход Туркийн хаалгач гайхалтай мэдрэмжтэй бас азтай байсны ачаар тэд шөвгийн 4-т үлдэж чадсан. Дараагийн шатанд Германтай таарсан ч гэмтэл, торгууль гээд үндсэн бүрэлдэхүүнээс 9 тоглогч жагсаалаас гарсан байлаа. Гэхдээ тэд тоглолтын хувьд маргаан байхгүй ялагч нь байсан юм. Энэ удаад гэхдээ тэд өөрсдийнхөө мэхэнд унаж, цаг дуусахтай зэрэгцээд Лаамын гоолыг алдан мултарсан. Би хувьдаа түргүүдэд маш дургүй ч 3 дараалан гайхамшигт комбэк хийсэн, мөн өрөвдөлтэй бүрэлдэхүүнээр дэлхийн 3 удаагийн аваргуудын эсрэг дийлсэн тоглолт хийсэн зэргийг нь хараад өөрийн эрхгүй алгаа хорстол ташиж байсан билээ.

А хэсгээс эхний 2 тоглолтоо хожиж, хэсгээсээ гарах болсон Португал 3 дэх тоглолтдоо Б багаа тоглуулж, үндсэн багаа амраасан. Хувийн ур чадвар асар өндөртэй португалчууд гэхдээ дараагийн шатанд Хөлбөмбөгийн машин гэгддэг Германы багт үг дуугүй нам даруулснаар гэртээ харих болсон. Нөгөө 2 багийн хувьд гэвэл талбайн эздийн ахмад мөн гол довтлогч Фрай эхний тоглолтдоо гэмтэж тэмцээнийг орхисон нь тэдэнд хүнд цохилт болсон. Мөн одоогийн багийн хамгийн хурц од болох Барнеттагийн тоглолт төдийлөн сайн гараагүй нь түүний бэртэлтэй холбоотой байсан болов уу. Чехийн хувьд энэ баг үнэхээр хөөрхийлөлтэй болжээ. Недведийн орон зай үнэхээр үгүйлэгдэж байна. Ахмад Росицки гэмтээгүй байсан бол их л хэрэгтэй байсансан. Коллер Барош гээд 2 гол довтлогч нь хоёул хөгширчээ. Энэ хөгширсөн багаа одооноос эрс залуужуулж, 2010 ондоо бэлтгэж эхлэхгүй бол горьгүй нь ээ.

Б хэсгийн багуудаас хөлбөмбөг сонирхогчдын анхаарал хамгийн ихээр Хорват дээр төвлөрч байлаа. Учир нь энэ багийн олон тоглогчдын нэрс ирэх улирлын наймаанд толгой дээгүүр цохиж яваа билээ. Фэнүүд тэдний тоглолтыг харж, тэдэнтэй танилцахыг туйлаас их хүсэж байлаа. Гэтэл эхний тоглолтод тэд талбайн эзэн Австритай хүлээж байсан шигээр төдийлөн сайн тоглосонгүй. Багийн хувьд ядруухан тоглолт үзүүлж байсан хэдий ч тоглогчдын хувьд ур чадвар муугүй нь мэдрэгдэж байлаа. Дараагийн тоглолт нь Германтай таарав. Энд л харин тэдний жинхэнэ тоглолт гарлаа. Хорватын бүрэлдэхүүнд Бундэслигийн олон тоглогч байдгийг ч хэлэх үү, тэд Германы тоглолтыг асар сайн мэдэж байх шиг. Германыг амаа хамхитал нь буулгаж авлаа. Германы хувьд өмнөх Польштой тоглосон тоглолтоосоо шалтгаалж, сэтгэл ханасан байж болох талтай. Гэхдээ л тэд Хорваттай тоглолт таарахгүй болоод их л удаж байна даа. Ирэх улирлаас Тоттенхэмд хүчин зүтгэх болсон Модрич өөрийгөө хэн гэдгийг дэлхий нийтэд таниулсаан. Бие бялдар ихээр шаарддаг, хүч чадлыг бусад лигээс илүүтэйгээр чухалчилж үздэг Английн лигид энэ шавилхан бие хэрхэн дасах нь асар сонирхолтой байна даа. Бөөрний дутагдалд ороод эцэг эхийнхээ бөөрнүүдийг ээлжлэн тавьснаар эргэн хөлбөмбөг тоглох боломжтой болж, улмаар Еврогоор гоолдсон Клашничийг ард нийтээр биширч байсан бөлгөө. Тэр ирэх улирлаас Францын лигид тоглохоор болоод байгаа. Хорватын тоглогчид ер нь л мундаг. Энэ бүрэлдэхүүнээрээ 2010 онд хол явахад гайхах зүйл огтоос үгүй.

Энэ хэсгийн нөгөө багаар Хорваттай хир тааруу тоглосондоо дүгнэлт хийж, Австри дээр анхаарлаа төвлөрүүлсэн Герман шалгарсан. Австрийн хөгшин баг тив дэлхийн тавцанд жул хэвээр байгаа гэдэг нь дахин харагдсан бол Польшийн тоглолт төдийлөн сайн харагдсангүй. Уг нь хуучин соц тивийн багуудаас гайгүй хэдэд нь орох багийн нэг дээ. Дортмундын фэнүүдийн хайртай Куба нь тэмцээний өмнө жагсаалаас гарсан нь багт ихээхэн гарз болсон болов уу.

Д хэсгээс Испаничууд итгэл төгс нэгээр гарсан бол эхний тоглолтдоо Испанид уншуулсан ч үлдсэн 2 тоглолтдоо яван чангарсаар ирсэн Гуус Хиддинкийн Орос цааш шалгарах үлдсэн нэг эрхийг өвөлтөлж чадсан. Тив дэлхийн аваргад үргэлж л битүү морь гэгдэн шуугиан тарьж байдаг Швед Чехийн нэгэн адил бүрэлдэхүүндээ шинэ агаар зоригтойгоор оруулах цаг нэгэнт тулжээ. Титэм хамгаалагч Грек харин нэгэн шившигтэй рекордын эзэн болов. Аваргаа хамгаалах гэж ирээд ганц ч оноо авч чадсангүй ээ. Тэмцээний дараа Отто Рехагелыг Грекийн ХХолбоо дасгалжуулагч хэвээр нь үлдээсэн байна лээ. Энэ нь Евро 2004-ын цом тэдний хувьд өнөө хэр нь асар өндрөөр үнэлэгдсээр буйгийн илрэл буй заа.

Хэсгийн тоглолт дуусаад ч сенсаац багадсангүй ээ. Мөнөөх гялалзуур Холландыг гайхал оросууд яг өөрсдийнх нь мэхээр далаар нь цэвэр тавьлаа. Оросын хамгийн сайн довтлогч Погребнякыг Павлюченко бүрэн мартагнуулж чадаж байлаа. Аршавины гайхамшигт тоглолт нь түүнийг Барселон Челси зэрэг аварга клубүүдийн анхаарлыг татахад хүргэв. Жигүүрийн хамгаалагч Жирков солиотой байлаа, төвийн хамгаалагч Колодин мундаг байлаа, багийн ахмад Семак ганган байлаа, найдвартай хаалгач Акинфеев гайхамшигтай байлаа. Үгүй ер нь тэр энэ гэхгүй бүгд л онцгой сайн тоглосоон. Гуус Хиддинк үнэхээр төгс дасгалжуулагч юм. Удирдсан баг болгоноо ухаалгаар залж чадаад байдгийнх нь нууц юунд байдаг юм бол доо. Холландын хувьд үндсэн баг нь хэтэрхий удаан амраад формоо бага зэрэг алдсан байж ч болох, мөн бүхэл багийн хувьд сэтгэл санаа таагүй байсан юм. Энэ тоглолтын дараа Европын хэвлэлүүдээр „Копи нь оригиналаасаа илүү байлаа“ гэж ёжилж байлаа(Дашрамд дурдахад, монголчууд аа энэ канондох гэдэг онигоотой хэллэгнээсээ татгалзах хэрэгтэй).

Холландын ачаар 8-д үлдсэн Итали Испанийг цаашаа барсангүй. Испани бүтэн тоглолтын турш илүү ухаалаг байж чадсан юм. Каморанезигийн цохилтыг Касильяс гайхамшиг гээчийг үзүүлэн хаасан нь өнөө ч нүдэнд харагдсаар. Евро 2008 эхэлсэн эхний өдрөөс л Испаний фэнүүд „Хэсгээсээ гараад Хэнтэй таарах нь Хэнд ч хамаагүй“ гэсэн бичигтэй подвоолкоор ижилссэн байсан нь тоглогчдод илүү мотивац өгсөн болов уу. 1984 онд түрүүлснээсээ хойш тэд томоохон тэмцээнд хэсэгтээ гялалзаж гялалзчихаад хэсгээсээ гараад унтарчихдаг байсан юм. Энэ удаад тэд хэсэгтээ гялалзчихаад, хэсгээсээ гараад дахиад гялалзаж чадлаа. Тэр тусмаа дэлхийн аваргуудыг хожлоо.

Нөгөө 2 тоглолтын тухайд дээр дурьдсан тул энд бөмбөгний болон бөмбөгийг үйлдвэрлэгч орны талаар хэд гурван үг хэлье. Адидас ФИФА, УЕФА-ын хүсэлтийн дагуу энэ удаад гоолыг ихэсгэх зорилгоор цоо шинэ бөмбөг бүтээсэн юм. 2 жилийн өмнө дэлхийн аваргаар хэсгийн тоглолт дуусангуут гоол гэдэг юм өдрийн од болсон билээ. Гоол үгүй бол хөлбөмбөг сонирхогчдын хүрээ багасна, дагаад дэлхийн хамгийн ашигтай спортын бизнес хумигдах тул холбоод ийнхүү болгоомжлон, Германы фирмд хүсэлт гаргасан хэрэг. Адидас ч олон жилийн хамтын ажиллагаандаа сэв суулгахгүйн тулд хүсэлтийг хүлээн авч, гадна талдаа ямар ч оёосгүй, илүү хөнгөн шинэ төрлийн бөмбөгийг бий болгожээ. Туршиж үзсэн нөхдүүд, нөхдүүд ч гэж Буффон, Леманн, ван дер Сар зэрэг олон хаалгачид энэ бөмбөг холоос чиглээд ирвэл гоол болох магадлал зуун хувь, замдаа инээдтэйгээр чиглэлээ өөрчлөх юм гэж гомдоллоод байлаа. Гэтэл яг тоглолтууд дээрээс хараад байхад бөмбөг хэт хөнгөн болохоор холын цохилтууд байндаа очихгүй, ихэвчлэн дээш хөөрөөд байсан юм. Хаалгачид цохилтыг дандаа 2 дэх хүрэлт дээрээ аюулгүй болгож байлаа. Энэ бөмбөгний хамгийн том золиос нь Чех болсныг дээр цухас дурьдсан. Ер нь л үзэгчдийг өндөлзүүлсэн алсын буудалт бараг л харагдаагүй дээ.

Бөмбөгийг үйлдвэрлэгч орны тухайд гэдэг нь үнэн хэрэгтээ Германы тухай биш харин Германы лигийн тухайд гэсэн санаа юм. Үнэхээр Евро 2008-ыг Бундэслигийн тоглогчид чимж байсан билээ. Хамгийн олон буюу 56 Бундэслигийн тоглогч Евро 2008-д орсон нь Бундэслигт үнэлэмж бага өгдөг хүмүүст нэгийг хэлсэн болов уу. Дараагийнх нь болох Испани, Англи, Италийн лигүүд даруй арав гаран бага тоглогч Евро 2008-д илгээсэн байсан. Дортмундын Петрич, Смоларек, Фрай, Шалькегийн Ракитич, Хамбургын ван дер Ваарт,де Ёнг, Матайсен, Хэртагийн Симунич, Байерны Рибери, Саньол, Тони, Алтинтоп, Лэвэркузены Гекас, Нюрнбергийн Харистеас, Коллер, Галасек, Брэмэны Клашнич гээд л маш олон хөлбөмбөг сонирхогчдын танил нэрс бий. Дээрээс нь Германы шигшээ тэр чигээрээ Бундэслигийнхэн.

Шөвгийн дөрөвт Испани Оросыг өөрийнхөө хэмнэлд оруулсаар байгаад хожин, шигшээд шалгарсан. Ийнхүү тэд сүүлийн 24 жилд анх удаагаа том тэмцээний хэсгээ даваад цааш явж чадсан төдийгүй бүр финалд тулаад ирэв ээ. Оросууд харин Холландыг хожсон баяр хөөрөө дарж чадсангүй юу огт тоглолт нь гарсангүй. Финалд нөгөө талаас нөгөө л Герман. Тэдний финалд тоглож байхыг нь харахад Английн алдарт тоглогч Линекерын „Хөлбөмбөгийг 22 хүн тоглодог, эцэст нь ялагч нь Герман байдаг“ гэсэн домогт үг өөрийн эрхгүй санагдах. Гэхдээ тэд энэ удаад 2006 оных шиг итгэлтэй бус, үлгэн салган тоглосоор финал хүрсэн юм. Финал хүртэлх бүх тоглолтыг нь харахаар нэг сайн тоглоод л, нэг яачихав аа гэмээр тааруу тоглоод байсан. Ямар сайндаа Бэкэнбауэр „Энэ баг улам бүр л оньсого шиг болж байна“ гэж дүгнэж байхав.

Финалд тэдний сайн тоглох ээлж нь байсан ч Испани тэднээс илүү сайн байж чадсанаар аваргалж чадсан билээ. Гол довтлогч Вилья нь гэмтэлтэй учир тоглоогүй ч багийн нөгөө супер довтлогч Торрес нь тоглолтын ганц гоолыг гайхамшигтай мэдрэмжээр хийсэн юм. Тэд тэмцээний эхнээс л тогтвортой тоглолт үзүүлж байсан нь тэднийг аваргын алдарт аваачсан. Өөр ямар ч баг ингэж тогтмол амжилттай байгаагүй юм. Тэдний сэлгээний тоглогчдын чадвар нь баг сайн тоглоход том түлхэц болсон. Ямар ч байсан бараг тааралдсан болгондоо ад үзэгдэж байсан Арагонес өвөө испаничуудад дахин баяр хөөрийг авчирлаа. Раул, Мориентес, Гути зэрэг хөгшин тоглогчдыг гэрт нь үлдээсэн нь түүний зөв байсныг амжилт нь батална. Энэ залуу баг Өмнөд Африкт хол явж мэдэхээр болчихсон. Германы хувьд 2002 оны дэлхийн аваргын финалын дараа дахин нэг том тэмцээнд аман хүзүүдлээ. Багийн ахмад Баллак л хамгийн их хөөрхийлөлтэй байна. Ди Каприог Оскарын хар дансанд орсон хүн гэдэг шиг түүнийг том тэмцээнийн хар дансанд орсон хүн гэлтэй.

Гурван долоо хоног зүгийн зүгийн фэнүүдийн зүүд нойрыг нь мартагнуулсан Евро 2008 ингээд санаанд оромгүй зүйлүүдээр арвин байж, хур олон гоолтой хур бороо бас ихтэй болж өнгөрлөө. Хүн төрөлхтөний хамгийн том баяр наадам 2 жилийн дараа болно. Энэ удаагийн тэмцээнээс хөлбөмбөг сонирхогчид тэнд юу болох тухайд нэгийг гадарлаж зочлох буй заа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Евро 2008 миний нүдээр

Postby Gooner » Fri Jul 18, 2008 2:30 pm

Миний хувьд товчоор хэлэхэд Испанийг түрүүлнэ ч гэж бодсонгүй, Германыгаа ийм тааруу байж финалд үлдчихнэ ч гэж бодсонгүй. Үнэнийг хэлэхэд сюрпризтэй боловч жоохон онцгүй л тэмцээн болох шиг болов. Томчуул бүгд л замаасаа хазайж сэтгэл хүргэсэн тоглолт хэн нь ч үзүүлж чадаагүй.
Итали, Франц, Герман маш муу, Голланд сайн байсан ч тэгээд Оросхоныг аргалж чадаагүй гэхээр юу ч гэмээр юм бэ дээ зайлуул...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Евро 2008 миний нүдээр

Postby Deck » Sat Jul 19, 2008 12:10 am

Миний хувьд яахав Оросууд маань гайгүй тоглоллоо. Ингэж тоглож байсныг би гэрийхэн ахмадуудаас л сонсож байсан юм.
Грек түрүүлдэг тэмцээнтэй харьцуулахад энэ удаагийн Евро сайхан боллоо. Зарим багуудад үнэхээр нэг цус сэлбэх цаг нь болсон байлаадаа.
Deck
 

Re: Евро 2008 миний нүдээр

Postby che » Sat Jul 19, 2008 6:40 am

Турк, Орос 2-ыг ингэж сайн тоглоно гэж бодоогүй. Герман арай л муудсан санагдсан. Голланд Оросуудад хожигдоход тиймэрхүү бсандаа, Испанийг дэмжиж бсан, түрүүлсэн сайхан бсан даа. Тэр тусмаа Торрес маань хожлийн гоал хийгээд сайхан л блаа. :spain
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle


Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests