НЬЮ ОРЛЕАНС ПЕЛИКЭНСИЙН ЭСРЭГ ЛОС АНЖЕЛЕС ЛЭЙКЕРС
Жордан Хилл улирлын анхны гараанд гарсан тоглолтондоо карьерийн хамгийн их 21 оноо, 11 самбар авч, Пау Газол 14 оноо, 8 самбар нэмэрлэснээр Лэйкерс талбай дээрээ Пэликэнсийг бут ниргэлээ. Тэднийг буулган авахын өмнө өнгөрсөн долоо хоногт Пэликэнст хожигдсон тоглолтыг оруулаад сүүлийн 7 тоглолтынхоо 5-т нь хожигдоод байсан Лэйкерсээс Ник Яанг 17, Жөүди Мийкс, Завиер Хэнри нар тус бүр 15 оноо авсан юм. Лэйкерс эхний хагасыг 20 онооны давамгайлалтай дуусгасан бөгөөд ийнхүү Нью Орлеанстай таарсан улирлын сүүлийн 13 тоглолтынхоо 12-т хожоод байна.
Пэликэнсээс Эрик Гордон 17 оноо авсан ч баруун эргээр хийх 3 аялан тоглолтынхоо эхний 2 зогсоолоос ялагдал амслаа. Хэдийгээр Пэлинкэнс өнгөрсөн долоо хоногт талбай дээрээ Лэйкерсийг буулган авч хоорондын цувралд 11 дараалан хожигдоод байсныгаа зогсоож чадсан ч өнөөдөр дахин хожигдоход 4-13 шидэж 11 оноо авсан Т.Эванс, хожсон тоглолтонд карьерийн хамгийн их 32 оноо авсан ч өнөөдөр 15ханыг цуглуулсан А.Дэвис нарын муу тоглолт нөлөөлсөн нь мэдээж. Тэрээр тоглолт нэгэнт шийдэгдсэн 4 дүгээр үед нийт онооныхоо дийлэнх буюу 9-ийг нь авсан юм. Лэйкерс самбарт 53-31-ээр илүүрхсэн бол 33 оновчтой дамжуулалтынх нь 10-ийг шинэ гарааны холбогч С.Блэйк өгсөн. Мөн багаараа 56 хувьтай шидэж 5 ч тоглогч 10+ оноо авсан.
Стив Нэшийн нурууны, Кобигийн ахиллисийн гэмтэл Блэйк, Хилл нарт боломж олгож байгаа бөгөөд энэ улирлын 9 тоглолтын 6 дахь гараанд гарсан тоглогч болсон Хилл боломжоо ашиглаж Блэйкийн адил гялалзаж чадлаа. Өмнөх улирлын ихэнхийг гэмтлээс болж өнжөөд байсан түүний хувьд боломжийг шүүрэн авч, чадмаг ашиглан багтаа хувь нэмрээ сайн оруулж, 3 дугаар үеийн эхэн гэхэд аль хэдийн карьерийн хамгийн их оноогоо авчихсан байлаа. 5 дахь улиралдаа тоглож буй том залуу маань эрч хүч, самбараас авалтын хувьд урьдын адил хийдгээ л хийж, дээр нь шидэлтээ тун нямбай гүйцэтгэж, самбарын доор тогтвортой сайн тоглож байснаараа багийнхан нь түүнийг олж харан оноо авах боломжийг үүсгэж чадаж байсан юм.
Хоёр хоногийн өмнө Миннесотад эхний үед л 47 оноо алдаад байсан Лэйкерс өнөөдрийн хувьд бүр эхнээсээ л тоглолтыг удирдаж, санаачлагыг гартаа авсан гэхэд болно. Хоёрдугаар үе эхэлсний дараа тэд 22-5 онооны давамгайлал үүсгэж, 20 онооны илүүтэй гарсан бөгөөд Хилл багаа тэргүүлсээр эхний хагасыг 55-39 харьцаатай дуусгасан. Лэйкерс 2 дугаар үед 26 оноог дараалан авахад Яанг, Хэнри, Мийкс нар гадна талбайд тогтвортой тоглож, Газол, Хилл нар самбар дор онцгой байсан юм. 4 дүгээр үед Пэликэнс 15 оноо авч бага зэрэг илүүрхэж эхэлсэн ч Хилл, Мийкс нар тэр дор нь хариуг нь барьж 11-1 онооны давамгайлал үүсгэснээр тоглолт нэгэнт ойлгомжтой болсон билээ.
Өнөөдрийн тоглолтод Пэликэнстэй дөнгөж өчигдөрхөн гэрээ байгуулсан Жош Чайлдризийн нөгөө нэг нь болох Лоу Амундсон багийнхаа төлөөх дебют тоглолтоо хийж, 17 гэсэн дугаартай, нэрээ ч бичүүлж амжаагүй өмсгөлтэй талбайд гарч ирсэн нь Дэвис эрт алдааны асуудалд орж тоглоно гэж тооцоолоогүй байсантай нь холбоотой болов уу. Тэрээр 3 оноо авсан юм. UNLV-ийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн сард Клипперс багаасаа хасаад байсан билээ.
Хэнри гуравдугаар үеийн төгсгөлд Пэликэнсийн шинэ цэрэг 213 см өндөртэй Жефф Уитнигийн дээрээс нэг гараараа хүчтэй тохож үзэгчдийг шуугиулаад амжсан бөгөөд тэдний хувьд 2009-10 оны улиралд Канзас Жэйхаукс багт хамтдаа хүчин зүтгэж байсан аж....... Пэликенсийн сэлгээний төвийн тоглогч Грег Стиемсма эхний хагаст өвдгөө гэмтээж дахин талбайд гараагүй....... Лэйкерсийн Райн Келли тоглолт дуусахад 2:52 секунд үлдээд байхад 3-аас алдаатай хийсэн ч чөлөөт шидэлтээ оруулаагүй. Түүний хувьд НБА-ийн карьертаа аркны араас 66,6 хувьтай шидэж байна /2-3
/ ..... Клипперсийн дасгалжуулагч өөрийн хүү Остин Риверсийн тоглолтыг ирж үзсэн бөгөөд хүү нь 15 минутад 7 оноо авсан юм..... Нэг таагүй мэдээ байгаа нь эх сурвалжууд Газолийг улирлын эхнээс л зүүн хөлний гэмтэлтэй байгаа ч түүнийгээ нуусаар байгаа гэсэн мэдээлэл тараад байна....
Эцэст нь Завиер Хэнригийн галзуу тохолтыг толилуулж байна.
http://www.youtube.com/watch?v=1WnUuCHfow0