by Мэргэн » Wed Oct 30, 2013 11:33 pm
ЛОС АНЖЕЛЕС КЛИППЕРСИЙН ЭСРЭГ ЛОС АНЖЕЛЕС ЛЭЙКЕРС
НБА-ийн нээлтийн өдөр Лос Анжелес хотын хоёр багын тулаан боллоо. Клипперс гарааны таван тоглогч дээрээ нэмээд өнөө цаг үеийн шилдэг 6 дахь тоглогч Жамал Кроуфордын хамтаар Стэплс центр бол бидний талбай, энэ цаг үеийн ЛА хотын шилдэг баг бол бид гэсэн тунхаглалаа батлахаар тэмцсэн ч багийнхаа нийт 116 онооны 76-г нь авсан Лэйкерсийн сэлгээний тоглогчдын өмнө хүчин мөхөстлөө. Тиймээ ЛА хот, Стэплс центр одоо ч Лэйкерсийнх хэвээр гэдгийг ягаан-шарууд, Клипперсийнхэн бөмбөг авахад бүүлж, “хамгаалалт” хэмээн уухайлж байсан дэмжигчдийнхээ хамтаар баталлаа. Бид түрүүлэх хэмжээний баг болсон хэмээн зарлаад байсан Клипперсчүүд бүрэн хүчин чадлаараа ажилласан ч эсрэг багийнхаа сэлгээний тоглогчдоор “хичээл заалгуулсан” нь нэгийг бодогдуулж, магадгүй цаашид гаргах амжилтынх нь үндэс болох биз ээ.
Үнэндээ өнөөдөр Лэйкерст хожих боломж байгаа гэдэгт маш цөөн хүн итгэж байсан. Коби байхгүй, Ховард байхгүй, хөгширсөн, дээр нь гэмтлээ бүрэн эдгээгээгүй 18 дахь улиралдаа тоглож, багаа нэгтгэхийг хичээж буй Стив Нэштэй тэднийг хожино гэж нээрээ хэн ч итгэх билээ. Гэвч Лэйкерс хонгилын үзүүрт гэрэл болон ассан залуу, эрч хүчтэй, нөөц тоглогчдыг нээж чадсанаар тэдний гайхалтай гүйцэтгэлийн ачаар Стэплс центртээ 116-103 харьцаатайгаар хожиж чадлаа. Нэг тоглолт юу ч хэлэхгүй ч, магадгүй Лэйкерс хувь заяагаа “эрч хүчнүүд”-ийн найдвартай гарт атгуулчихаж ч байгаа юм бил үү, сэлгээний залуус багийнхаа сүүлийн 48, дөрөвдүгээр үеийн бүх 41 оноог авсан нь зүгээр нэг тохиолдол биш ч юм бил үү хэн мэдлээ. Өнөөдрийн гол нээлт байж карьерийн хамгийн их 22 оноогоо авсан Завиер Хэнри ч яг тэгж бодож байгаа бололтой тоглолтын дараа “Бид энэ жил үзүүлээд өгнө” хэмээн хэлсэн байна.
Хоёрдугаар хагасын эхний 6 оноог авч 63-55 харьцаатайгаар хамгийн их онооны давамгайллаа авсныхаа дараа Клипперсчүүд яг л эцсийн цохилтоо хийсэн юм шиг харагдаж байлаа. Энэ үеэс л Лэйкерсийнхэн талбайн бүхий л хэсгээс оноог түүж эхлэсэн. Мийкс 3 оноог авч, түүнийгээ бусдадаа халдаах нь тэр. Бүх одод хослол болох Крис Пол, Блэйк Гриффин нар Хэнри, Жонсон нарын дараалсан 3 оноо, Д.Жордан, Жордан ФармарыН оролтыг зогсоож хүчрэхгүй байлаа. Эцэст нь
Пол багийн лидерийн үүргээ гүйцэтгэж, эргэн ирэлт хийх гэж хичээсэн ч Жордан Хилл, Фармар нар дор бүр нь хариуг нь барьж боломж олгоогүй. Тийнхүү Клипперсийн хувьд байдал нэгэнт ойлгомжтой болсон юм.
Шинэ багтаа эхний тоглолтоо хийсэн Завиер Хэнри нийт 22 оноо авч карьерийн хамгийн өндөр амжилтаа үзүүлсний дотор 4 дүгээр үед авсан 12 оноо нь багтана. Фармар 16 оноо авсан нь багийнхаа аль ч гарааны тоглогчийнхоос их байсан бөгөөд Хилл 12 оноо, 8 самбараар нэмэр болсны 7 нь довтолгооных байлаа. Клипперс эхний хагаст 58,5 хувьтай довтолсон ч 2 дугаар үеийг дөнгөж 2 онооны давамгайлалтай л дуусгасан юм.
Жамал Кроуфорд энэ улиралд багийнхаа гол сэлгээний тоглогч байх хэрэгтэй байгаа ч өнөөдрийн хувьд магадгүй бараг 6 юм уу 7 дахь шилдэг нөөц л байсан болов уу. Тэр эхний 7 шидэлтийнхээ 6-г алдсан бөгөөд Лэйкерс аль хэдийн 2 оронтой тоогоор давамгайлж, хожих нь тодорхой болсон үед л хэдэн шидэлтээ хийснээр тоглолтыг 5-13 довтолгоотойгоор дуусгасан. Пол түүнтэй адилхан оноо авсан ч 11 оновчтой дамжуулалт өгсөн. Реддикийн хувьд эхний үед гайхалтай байж 5-7 довтлон 12 оноо авсан ч түүнээс хойш багийнхан нь түүнд боломж олгохгүй байсаар 2, 3 дугаар үед тус бүр ердөө ганц шидэж, алийг нь ч хийгээгүй. 4 дүгээр үед 11 минут тоглосон ч мөн л гуравхан шидэж нэгийг нь ч оруулаагүй.
Майк Ди Антони нэгэнт сайн тоглож байгаа сэлгээнийхнээ 4 дүгээр үед бүтэн тоглуулсан нь маш зөв шийдвэр байлаа. Ингэснээрээ 2 дараалсан тоглолттой өдөр Нэшийг амрааж чадсан юм. Тэгээгүй бол магадгүй маргаашийн тоглолтыг ахмад тоглогч маань амарч өнжиж мэдэхээр байлаа.