Энэ жилийн шинэ тоглогчдын дундаас миний анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Брэндон Женнингс гэх залуу. Тэрээр драфтын номер 10-аар сонгогдож, Милоуки Бакст очсон.
Женнингс НБА-ын анхны тоглолтондоо 17 оноо авч, 9 оновчтой дамжуулалт, 9 самбараас бөмбөг авалт хийжээ. НБА дэх анхны тоглолтондоо трипл-дабл хийж, Оскар Робертсоны амжилтанд хүрэх шахсан. Оскар Робертсон бол лигийн түүхэнд НБА-ын гараагаа трипл-даблаар эхэлж байсан ганц тоглогч. Гэхдээ Женнингс 1974 оноос хойш шинэ тоглогч багаа оноо, самбар, оновчтой дамжуулалтаар анхны тоглолтондоо тэргүүлсэн ганц тоглогч гэсэн юм сонсогдсон.
Женнингс дунд сургуулиа төгсөөд коллежэд ороогүй. НБА-д тоглох Америк тоглогчийн насны хязгаарыг нэмсэн тул Женнингсд дунд сургуулиасаа шууд НБА-д орох боломж олдоогүй аж. Тиймээс тэрээр нэг жилийг Италийн лигт өнгөрөөжээ. Гэхдээ Италийн лигт сүртэй гоц гойд ялгараагүй. 27 тоглолтонд оролцохдоо 11-т нь л гараанд гарч, дунджаар 5.5 оноо авч байв. Энэ амжилтыг дунд сургуулийнх нь үзүүлэлттэй харьцуулшгүй. Женнингс 2007-20008 онд ОАК Хилл Академид байхдаа 35.5 оноо, 6.8 оновчтой дамжуулалт, 3.2 бөмбөг таслалт хийж, оны шилдгээр олон удаа нэрлэгдэж байж. Боннер Академийн эсрэг 13 удаа холын шидэлтээ амжилттай болгож, нийт 63 оноо авснаар 27 жил болсон ахлах сургуулийн дээд амжилтыг эвдэж байсан байна.
Бакс түүнийг сонгож авсан нь нүдээ олсон хэрэг гэж хэлнэ. Женнингс одоогоор ердөө 3-хан тоглолтонд оролцоод байгаа ч 17, 24, 25 оноонуудыг аваад байгаа. Майкл Редд гэмтэлтэй энэ үед Женнингс бараг л Баксын лидерийн хэмжээнд яригдах эхэлжээ.
“Бүтэн жилийн турш Европт тоглохдоо би өөрөөсөө ахмад тоглогчдын эсрэг, ихэвчлэн 30 настай залуусын эсрэг тоглож байсан. Тэд надаас хүчтэйн дээр маш их авьяаслаг төдийгүй ухаалаг тоглогчид байсан...Бүгд л намайг Европ явах хэрэггүй. Харин коллежэд орвол драфтын топ 5-д багтана гэж хэлж байсан. Гэхдээ тэд бүгдийг мэдэхгүй. Бэлтгэл гэж ямар хэцүү байдгийг огт гадарлахгүй...Би үнэхээр хурдан өсөн дэвжсэн. Европын лиг бол залуу тоглогчдыг НБА-д коллежоос илүү сайн бэлдэж өгдөг” гэж Женнингс хэлжээ. Европт тоглосон нь Женнингсийг илүү ухаалаг болгож, сайнаар нөлөөлсөн байх.
Хэдий 3 тоглолтоор бүхнийг дүгнэж болохгүй, урт улирал, олон жилийн кареер байгаа ч Женнингс үнэхээр сайн тоглогч болох байх. НБА-ын аналист Рик Камла ч хэлж байна лээ. Энэ залуу хамгийн муугаар бодоход Кенни Андерсон, сайнаар бодоход Айверсон шиг тоглогч болно оо гэж.
Би лав ч фантазигийн багтаа энэ жилийн рүкинүүдээс нэг ч тоглогч аваагүй, энэ нөхрийг л авдаг байж. Рүки тоглогч эхний тоглолтонд трипл-дабл хийх шахсан нөхөр. 17-9-9. Оскар Робертсон л лигийн түүхэнд трипл-дабл хийж байсан.
Түүний тоглолтыг харахад Айверсон л лигт дөнгөж орсныхоо дараа иймэрхүү тоглодог байсан болов уу гэмээр.
Юу ч гэсэн та бүхэн Брэндон Женнингс гэх нэрийг тогтоогоод аваарай.
www.sportsnews.mn