Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн Польшид болж, 2006 оны Дэлхийн аварга, 2007 оны Европын дэд аварга, 2008 оны Олимпийн дэд аварга Испаний шигшээ баг түрүүллээ. Тэд тэмцээн эхэлснээс хойш хамгийн хүчирхэг шилдэг баг байсан, үүнийгээ ч амжилтаараа баталсан болно.
Испани аваргын төлөө Катовиц хотод Сербитэй тоглож 85:63 харьцаагаар хожсоноор тивийнхээ аваргаар анх удаа тодорч байна. Испани эхний үед л 15 оноогоор хошуучилж, улмаар эхний хагасыг 23 онооны илүүтэй өндөрлүүлж, сүүлийн хагаст тооны давамгайллаа хадгалсаар амархан хожил авчээ. Уг нь тэмцээний эхний өдөр эдгээр багууд Варшавт тоглоход Сербийн баг хожиж байв.
По Газоль аваргын төлөө 18 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийсэн төдийгүй энэ тэмцээний Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон юм. “Энэ жил миний хувьд итгэмээргүй сайхан жил болж байна. Эхлээд НБА-ын аварга болсон, дараа нь тивийн аваргад түрүүллээ” гэжээ.
Хэдий түрүүлж чадаагүй ч Сербийн багийн хувьд энэ нь муугүй амжилт. Сагсан бөмбөгийн уламжлал сайтай тэд 2 жилийн өмнө юун тивийн аваргын шигшээ тоглолтонд шалгарах манатай явж байсан юм.
Европын аваргын төлөөх тоглолт:Испани – Серби 85:63 (24:14, 28:15, 15:15, 18:19)Испани: П.Газоль (18), Фернандес (13), Наварро (12), Рубио (10), Рейес (7), Кабесас (7), М.Газоль (6), Льюль (5), Гарбахоса (3), Клавер (2), Лопес (2), Мумбру
Серби: Трипкович (15), Величкович (15), Крстич (12), Радулица (6), Теодосич (5), Перович (4), Тепич (2), Маркович (2), Попович (1), Паунич (1), Бьелица, Макван
Европын аваргын хүрэл медалийн төлөөх тоглолтонд Грекийн баг Словенийг тал бөмбөгний зөрүүгээр хожлоо. Тэд 2005 оны Еврод түрүүлж байжээ. Харин Словений баг түүхэндээ анх удаа тивийн аваргаас медаль авах дөхсөн ч аз дутлаа.
Хүрэл медалийн төлөө тоглолт:Грек – Словен 57:56 (16:13, 15:11, 11:13, 15:19).5-р байрын төлөө Францын баг Хорватыг 69:62-оор хожжээ. Эдгээр 6 баг ирэх жил Туркт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Харин манай хойд хөрш ОХУ-ын баг тэмцээнд 7-р байр эзэлснээр ДАШТ-ын эрх авч чадсангүй.
Европын аварга шалгаруулах тэмцээний Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Испаний По Газоль тодорсон байна. Газоль энэ тэмцээнд дундаж оноо (18.6), блок шотоор (2.2) бүх тоглогчдыг тэргүүлж, самбараас авалтаар (8.3) удаалсан байна.
Тэмцээний билэгдлийн багт Газолоос гадна түүний багийн Руди Фернандез, Сербийн хамгаалагч Милос Теодосич, Словений төвийн тоглогч Еразем Лорбек болон Грекийн хамгаалагч Василейос Спанулис нар багтжээ.