Тур де Франс уралдааны хамгийн хүнд гэгддэг 10 дахь гараа өнгөрсөн шөнө явагдлаа. Францын үндэсний баяр энэ өдөр тохиосон бөгөөд дугуйчид 179 км замыг туулж Чамбери хотоос Гап хот хүртэл өрсөлдсөн юм. Энэ гараа бол Альпийн нурууны төгсгөл бөгөөд дараачийн уралдаанаас эхлэн дугуйчин тал нутгаар жийх болно.
Уралдааны эхнээс тасрах оролдлогууд хийгдэж байсан боловч аль нь ч амжилтанд хүрээгүй. Харин 36 дахь км-ийн үеэс Бельгийн Марио Аертс, Драйс Девенюнс, Беларусын Васіль Кірыенка болон Португалын Серхио Паулиньо гэсэн дугуйчид бусдаасаа тасарч зугтааж эхэлсэн байна. Удалгүй энэ бүлэгт Францын Максим Боует, Пьерре Роллан нар нэгдсэн. Ийнхүү Францын баярын өдөр нутгийн дугуйчин Тур де Франсыг тэргүүлэх боломж бүрдэж ирлээ. Гэвч Боует хамгийн түрүүнд энэ хэсгээс хоцорсон тамирчин болсон.
Удалгүй Роллан ч тэмцлээс хасагдаж хойшоо суух болсноор Францын төлөөлөл үлдсэнгүй.
Энэ тасарсан хэсэгт багтсан дугуйчдаас шар цамцны эзэн Энди Шлектэй ойр яваа тамирчин байгаагүй нь нэг талаараа уралдааныг сонирхолгүй болгож байлаа.
Гэхдээ мэдээж уралдаанд түрүүлэх гэсэн тэмцэл сүүлийн 10 км-ээс эхлэн ширүүн өрнөж эхэлсэн нь ойлгомжтой. Эхний дайралтыг Девенюнс хийсэн ч удалгүй Паулиньод гүйцэгдсэн. Гэхдээ бусад тамирчид ч тийм хол хоцроогүй.
Ингээд барианы зурвасыг хамгийн түрүүнд Португалын дугуйчин Паулиньо давснаар 2 дахь удаагаа Тур де Франсын гараанд түрүүллээ. Өнгөрсөн жил тэр 4 дэх гараанд аваргалж байсан юм. Түүний харьяалагддаг Team RadioShack баг энэ улиралд анх удаа шагналын тавцанд гишгэж байна.
Үндсэн ангилалыг Саксо банк багийн Энди Шлек тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас өнгөрсөн жилийн аварга Алберто Контадор 41 секундын алдагдалтай нэхэх ажээ.
Энэ хоёр тамирчин бусдаасаа хол тасарсан. Хамгийн ойр яваа Испаний Самуел Санчез л гэхэд 2 минут хоцорсон байгаа.
Тиймээс Энди Шлек анх удаа түрүүлэх үү эсвэл Контадор аваргаа хамгаалах уу гэдэг асуулт бидэнд үлдэж байна. Шар цамцыг эзэмшиж байгаа Энди Шлекийн хувьд мөн залуу дугуйчны цагаан цамцыг эзэмшиж байгаа. Энэ ангилалд одоохондоо түүнтэй өрсөлдөх тамирчин алга байна.
Багийн ангилалд Испаний Caisse d’Epargne баг 147 цаг 07′ 02″ гэсэн амжилтаар тэргүүлж байна. RadioShack 31 секундээр хоцорч байгаа.
Өнөөдөр 11 дэх гараанд тамирчид Sisteron -ээс Bourg-lès-Valence хүртэл 184.5 км зам тал нутгаар уралдана.
10 дахь гарааны үр дүн1 – Sérgio Paulinho – (POR) – RadioShack – (5:10:56)
2 – Vasil Kiryienka – (BLR) – Caisse d’Epargne – (same time)
3 – Dries Devenyns – (BEL) – Quick-Step – (+1:29)
4 – Pierre Rolland – (FRA) – Bbox-Bouygues – (+1:29)
5 – Mario Aerts – (BEL) – Omega Pharma-Lotto – (+1:33)
6 – Maxime Bouet – (FRA) – AG2R – (+3:20)
7 – Nicolas Roche – (IRL) – AG2R – (+12:58)
8 – Rémi Pauriol – (FRA) – Cofidis – (+13:57)
9 – Mark Cavendish – (IOM) – HTC-Columbia – (+14:19)
10 – Alessandro Petacchi – (ITA) – Lampre – (+14:19)
Үндсэн ангилал :
1 – Andy Schleck – (LUX) – Saxo Bank – (49:00:56)
2 – Alberto Contador – (ESP) – Astana – (+41)
3 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+2:45)
4 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+2:58)
5 – Jurgen Van den Broeck – (BEL) – Omega Pharma-Lotto – (+3:31)
6 – Levi Leipheimer – (USA) – RadioShack – (+3:59)
7 – Robert Gesink – (NED) – Rabobank – (+4:22)
8 – Luis León Sánchez – (ESP) – Caisse d’Epargne – (+4:41)
9 – Joaquim Rodríguez – (ESP) – Katyusha – (+5:08)
10 – Ivan Basso – (ITA) – Liquigas – (+5:09)