F1 2023

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:38 pm

Мерседес, Рэдбуллын ноёрхолоос болоод сонирхол буурч хэдэн жил үзээгүй байж байгаад энэ жилээс эргэж үзэж байна. Фэйсбүүк дээрээ гараануудыг тоймлоод яваад байгаа, цонхруугаа оруулъя гэж гэнэт саналаа.

Энэ жилийн Формула1 "уламжлал бус"-аар Бахрэйнд нээлээ. 1996 оноос Ф1-д нэгдсэнээс хойш Австралийн Гранпри оны нээлтийг 20 удаа хийсэн билээ. Энэ жилийн хувьд Рамадан сар эрт эхэлж буй тул Бахрэйн, Саудын гарааг тэрнээс өмнө календарт оруулжээ. Мөн энэ жил 2 гараа нэмэгдэж байгаа ч нөлөөлсөн бололтой.
Эхний гарааны төлөв байдлаас харахад Улаан бухнууд аанай л түрэмгийлсээр улирлыг тэргүүлж дуусгах бололтой. Улирал хоорондох амралтаар гол өрсөлдөгчид болох Феррари, Мерседесийнхэн олигтой ахиц дэвшил гаргаж чадаагүй гэдэг нь Шарль Леклегийн машин эвдэрч уралдаанаа дуусгасан, Хамилтон, Рассел нар урагшаа биш Астон Мартин, Алфа Ромео зэрэг багуудтай тэмцэлдсээр дууссан зэргээс дүгнэж болохоор.
Астон Мартин харин мэдэгдэхүйц сайжирч алдар цуут Фернандо Алонзо 21 оны 1 подиумыг эс тооцвол 14 онд Феррарид байхдаа гарсан подиумаас хойших ган гачигаа тайлж гутгаарт орлоо. Уралдааны турш Хамилтоныг дарамталсаар урд хойноо хэд ч орж гарав. Хамаг сонирхолтой өрсөлдөөн тэнд л боллоо.
Австрали шинэков Пиастри дэбютдээ 10 хэдхэн тойрог уралдаад замаас гарав.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:39 pm

Улирлын хоёр дахь гараа Саудын Арабын Жэдда авто тойруулгад адал явдлаар дүүрэн болж улаан бух Серхио Перезийн ялалтаар өндөрлөлөө. Хүснэгт тэргүүлэгч Макс Верстапен гэдэс нь өвдсөний улмаас Саудруу хоцорч ниссэн төдийгүй байрлал тогтоох уралдаанд машинд нь асуудал гарч зогссоноор 15-р байрнаас уралдаанаа эхлүүлэх болсон юм. Ферраригийн Шарль Лекле Бахрейнд уралдаанаа дуусгаж чадаагүй асуудлаа шийдэхээр нэмэлт төхөөрөмж суурилуулсан тул байрлал тогтооход 2-р орсныгоо 10 байраар ухраалгах торгууль хүлээлээ. Астон Мартин энэ жилийн нээлт болох нь гарцаагүй гэдгээ баталж хөгшин бурхи Алонзо Чекогийн араас гарах болсон бол багийн хамтрагч Ланс Строл 5-аас гарах болов.

Эхний эргэлт өөрийнх нь талруу байгааг хашир Фернандо гаргууд ашиглаж гараан дээр Перезийн урдуур дайрч тэргүүлээд эхлэх нь тэр. Зам дээрх хамгийн хөгшин нисгэгч шүү дээ. Гэвч мань хүнээс гарч боломгүй алдааг гаргаж эхлэхдээ байрлалын дөрвөлжиндөө хазгай зогсож эхлүүлснийг тогтоож пит стопт 5 секунд зогсох торгууль хүлээлээ. Энэ хооронд Стролын машинд асуудал гарч зогссон тул Аюулгүйн машин зам дээр гарч ирснээр 15-аас эхлүүлсэн Макст урагш огцом ахих сайхан боломж олгосноор уралдаан ердөө талдаа орж байхад хоёрлуу ороод ирэв. Рэдбулл хэтэрхий тасархай байгааг дахиад л нотлов. Дарамтлах ёстой Феррари, Мерседес нь хоорондоо үзэлцэх далимд Астон Мартин хажуугаар нь сүнгэнэсэн улирал болох нь дээ.

Алдар цуут Фернандо Алонзо дахин гутгаарт орсон ч нөгөө 5 секундын торгуулиа хүлээх зуур багийн механикч нь машинд нь хүрсэн гэдэг шалтгаанаар 10 секунд торгуулахаар болж шагналын цомоо Мерседесийн Жорж Рассэлд алдахаар болох нь тэр. Гэхдээ багийнхан нь заргалдснаар дүрэмд яг тодорхой заагаагүй юм байна гээд торгуулиа цуцалснаар мань эр 100+ удаа подиумд гишгэсэн 6 дахь нисгэгч болж мөнхөрлөө.

Хамилтон, Лекле нарын багийнхандаа сэтгэл хангалуун бус байгаа мэдэгдэл, амбиц ихтэй Максын хоёрт орсондоо дурамжхан байгаагаа илэрхийлсэн зэргээс адал явдал үргэлжлэх төлөвтэй дэг ээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:40 pm

Австралийн ГранПри 3 дахиа улаан туг намирч нохойн баас болж нэг юм дууслаа.
Байрлал тогтооход Серхио Перез эргэлт дээр тормозонд асуудал гарч замаас гарч элсэнд зоогдоод хамгийн сүүлд гарахаар болсноос өөр сүртэй сенсаац дэгдсэнгүй. Макс Верстапен тэргүүлж Мерседесийн 2 удаалж Астон Мартин, Ферраригийн 4 сөөлжлөн араас нь гарахаар болсон.
Гараа эхлэхэд эхний эргэлт дээр Жорж Рассел Максын урдуур дайрч чадсан бол 3 дахь эргэлт дээр Хамилтон бас дайрч чадах агшинд Шарль Лекле Ланс Стролтой хавиралцаж нөгөө гацаадаг элсрүү орж уралдаанаас гарлаа. Гараанаас 8д хөдөлж 6-руу дэвшиж чадсан Тайландын нисгэгч Албон 7-р тойрогт удирдлагаа алдаж осолдсоноор Аюулгүйн машин 2 дахиа гарч ирлээ. Жорж үүнийг ашиглаж питэд дөнгөж ороод гартал зам дээр Албоны машины хэлтэрхий аюултай хэмжээнд байна гэж үзсэн тул улаан туг намирч уралдаан завсарласнаар Мерседес, Жоржын төлөвлөгөө нурж тэргүүллээ 7-р байраар сольж орхив. Тэдний бүтэлгүйтэл үүгээр өндөрлөсөнгүй, хэдэн тойргийн дараа мань хүний хөдөлгүүрээс утаа савсаж гал тургилснаар замаас гарахаас аргагүйд хүрлээ.
Алберт паркийн тойруулгыг 58 тойрох уралдаан өндөрлөх шатандаа орж 3-4хан тойрог үлдээд байтал Кевин Магнуссен дугуйгаараа хана гуядан осолдож замаас гарсан ч зам дээр салсан дугуй, хэт их хэлтэрхий байсан тул 2 дахь улаан туг намирч бүгд питрүү орлоо. Уг нь аюулгүйн машин дагуулж 2 тойроод л тэр чигээр нь дуусгачих газар зохион байгуулагчид дэмий шийдвэр гаргачихав уу гэж санагдсан. Машинууд дугуйгаа сольж нисгэгчид нуруугаа тэнийлгэн зарим нь 00 ч гүйж амжаад уралдаан дахин эхлэхэд ердөө эхний эргэлт дээр Алонзо Саинцтай хавиралцаад 360° эргэж орхив. Үймээнээс зайлаад замдаа эргэн орсон Алпины 2 ягаан машин хоорондоо мөргөлдөж хоёул яйрав. Дараагийн эргэлт дээр Строл бас замаас гарсан ч буцаж орж чадав. Харамсалтай, бүгд подиум, онооны байрлалд байсан, хоосон хоцрох гэж үү? Хамгийн арын 2 ч үймээнээс бултаж, тормослож чадалгүй золгоод элсрүү орцгоов. Хэмх мөргөлдсөн хоёрын хэлтэрхий замаар нэг тарсан тул 3 дахь улаан туг, ганц тойргийн өмнө, солиотой. Оноо авах боломжтой байсан 2, боломжгүй 2 машиныг замаас гаргаж Астон Мартины 2-ыг хамгийн хойно оруулсан золигийн шийдвэр 1 тойрог байтугай 3 эргэлт ч өнгөрсөнгүй дахих гэж. Зохион байгуулагчид уралдааныг өмнөх улаан тугны байрлалаас эхлүүлж аюулгүйн машинтай дуусгах шийдвэр гаргаснаар Верстапен Австралид анхны түрүүгээ хүртэж Хамилтон улирлын анхны подиумдаа гарч, Алонзоо 3 дахиа 3т орлоо. Саинц 4-өөр бариалсан ч Алонзог мөргөсөн гээд 5 секундын торгууль хүлээх бололтой. Хамгийн хойноос эхлэсэн Чеко 5-д дуусгасан бол Мелбурны унаган хүү, шинэков Пиастри улаан тугны буянаар анхны оноогоо авлаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:41 pm

4 долоо хоног завсарласны дараа Формула 1-ийн энэ улирлын 4 дэх Гранпри Азербайжанд эргэн ирлээ. Ойрын 2-3 жил олигтой үзээгүй байснаас Спринт гараа гэж шинэ формат 21 онд нэмэгдсэнийг сая л мэдлээ. Өнгөрсөн 2 улирал тус бүр 3 Спринт гараа болсон бол энэ улирал бүр 6-г төлөвлөсний анхных нь ийнхүү Бакуд боллоо.
Уг Спринт гарааны формат нь энэ жил өмнөхөөсөө мөн өөрчлөгдөж буй бололтой, Баасан гарагийн уламжлалт 3 бэлтгэлийн уралдааныг ердөө 1 болгосон бөгөөд түүний дараа бүтэн сайны үндсэн гарааны байрлал тогтоох уралдааныг шууд явуулж Ферраригийн Шарль Лекле полыг авч араас нь 2 улаан бух, Ферраригийн Карло Саинц, Хамилтон, Алонзо удаалав. Мерседесийн Жорж Рассел Q3-руу орж чадалгүй 11т тасдуулав.
За тэгэнгүүт Бямба гарагт нөгөө Спринт нь боллоо, эхлээд тэрнийхээ байрлал тогтоохыг бас 3 үетэй, дугуйны хатуу нөхцөлтэй хийдэг юм байна. Шарль аанай л тэргүүлж, 2 улаан бух харин байраа солин араас нь жагсаж өмнөх өдөр бүтэлгүйтсэн Жорж дөрвөллөө. Спринт нь 17 тойргоор (эсвэл 30 мин) уралдах богино гараа л юм билээ. Богинохон болохоор айхтар өөрчлөлт болсонгүй, Серхио Перез Леклег гүйцэж түрүүлсэн бол Алонзо жаахан байр ахиж бусад нь бараг гарсандаа дуусах шиг болно лээ. Эхний 8 байрт 8-1 оноо өгөхөөрөө бас онцлог юм гээч.
За тэгээд сая үндсэн гараа 51 тойргоор явагдлаа. Шарль түрэмгий 2 улаан бухыг ихдээ л 6 тойрог ардаа торгоож дөнгөлөө. 4 дэх тойргоос тэргүүллийг авсан Макс 12 дахь тойрогт питрүү орж явтал хойгуур нэг нөхөр эргэлтэн дээр чигээрээ туугаад хананд тулаад зам хөндөлссөн тул шар туг намирч бүр аюулгүйн машин гарч ирснээр тэргүүллээ багийн хамтрагч Чеко, Ферраригийн Лекле хоёрт алдваа. Гэхдээ Шарлийг гүйцэх ч юухан байхав, Перезийнхээ урд гарч чадахгүй явсаар бариалав. Чеко улирлын 2 дахь түрүүгээ хүртсэн бол Шарль анхны подиумдаа одоо л нэг юм гарснаар хашир Алонзогийн подиумны цувралыг зогсоолоо. Хот дотор болдог цөөн хэдэн гарааны нэг гэхэд осол аваар харьцангуй гайгүй, драм багатай өндөрлөлөө. Спринт гээд хоёр хуваагаад богиносгосны ч нөлөө биз. Хамгийн хурдан тойргийг Жорж Рассел гүйцэтгэж 1 оноо нэмж халааслалаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:42 pm

Формула 1-ийн 5 дахь гараа Маямид өндөрлөлөө. Гараанаасаа илүү хагас сайны байрлал тогтоох сонирхолтой, сенсаацтай боллоо.
Алонзогийн багийн хамтрагч Ланс Стролл Q2-луу орж чадалгүй мултарсан бол Хамилтон Q3-ын босго давсангүй 13т үлдэв. Алпины Гасли, Окон 2, Хаасын Магнуссентай хамт Q3-руу ороод явчихав. Q3-т Верстаппен, Боттас 2 сүүлийн минутанд ганц тойрох тактиктай гаражтаа суусаар байв. 2 минут үлдээд байтал Шарль Лекле 1 дүгээр хэсгийн эргэлт дээр гулгаад вальсдаад алга болов. Өргөн уудам сул талбай байсны ачаар яйрчихалгүй зөөлхөн хана гуядаад зогссоноор бүр улаан туг намирч уралдааныг үргэлжлүүлэхгүй зогсоох шийдвэр гарч ганц тойрох тактиктай 2 цаг байхгүй 9,10-т орсонд тооцогдож өндөрлөвөө. Чеко полыг авч, Алонзо удаалав. Эхний 6-д 6 өөр багийн нөхдүүд орсон нь сонирхолтой байлаа.
Гараа осол авааргүй, бүгд барианд орсон, нам тайван гэж болохуйц л өндөрлөлөө. 9-р байрнаас эхлүүлсэн Макс хамтрагчийнхаа ард очиход 15 тойрог л хэрэгтэй байлаа. Зарим нөхдийг давхраар нь гүйцэж Рэдбулл ямархуу эзэрхэг давуу байгааг дахин нотоллоо. Эдний DRS үнэхээр анги юмаа. Тэрийгээ залгалаа гэнгүүт л огцом сугараад л гүйцэх юм. DRS нь юу вэ гэвэл Drag reduction system буюу гулсалт бууруулах систем гэх нэмэлт хэрэгсэл бөгөөд 2 нисгэгчийн хооронд 1 секундээс бага зайтай болсон үед замын тогтоосон бүст идэвхижүүлж гулсалтыг бууруулснаар хурдаа нэмэх боломж олгодог эд билээ. Ихэнх гараанд шулуун голдуу 2 DRS бүс бий, Бахрэйнд лав 3 байдаг юм байна.
Перез питэд орж Верстаппен тэргүүллийг аваад сүүлийн 12 дахь тойрог хүртэл хатуу дугуйнхаа ачаар питэд оролгүй хадгалаад дугуйгаа солиод гарахад Чекогийнхоо яг ард гарч ирэв. Шинэ дугуйтай хүн гүйцэж ядах юу байхав, 2 тойроод гүйцэж тэр чигээрээ түрүүллээ. Хамгийн хурдан тойргийн 1 оноог ч авав. Алонзо гайхамшигтай улирлаа үргэлжлүүлж подиумд гарлаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:43 pm

https://www.facebook.com/reel/2118619765014504?s=yWDuG2&fs=e
Формула 1-ийн Монакогийн ГранПри явагддаг хотын гудамж уралдааны зориулалтаар засахаас өмнө ямархуу харагдахыг дүрсэлсэн хийсвэрлэлийг харна уу. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тусгай авто тойруулгад бус, хот дотроо уралдуулчихдаг цөөхөн гарааны хамгийн ахмад нь болох Монакогийн ГранПри (ер нь бусад гараанууд дотроо ч ахмаддаа орно, анхны жилээс эхэлсэн, дундаа жаахан завсартай) явагдаж өнгөрлөө.
Бямбын байрлал тогтоох уралдаан Рэдбуллын Серхио Перез хана гуядан осолдож хамгийн араас уралдааныг эхлүүлэх болсон сенсаациар эхлэв. Маяамигаас оноо зулгаасан Хаасын Кевин Магнуссен 1 давсангүй бас мултрав. Q2т Макларены Ландо Норрис мөн л хана гуядан питрүү орсон ч үзүүлсэн цаг нь 2 давуулчихав. Өнгөрсөн гараанд давхраараа оноо халаасалсан Альпины Себастиан Окон, Пьер Гасли нар Q3-т шалгарсан нь тохиолдол биш байж таарлаа. Сүүлийн тойргоо ихэнх нь хийгээд дуусахад Окон полыг авах цаг үзүүлж шуугиулав. Гэхдээ Феррарийн Лекле, Астон Мартины Алонзо, РэдБуллын Верстапен 3 барианд ороогүй байж, ар араасаа нэгнийхээ цагийг эвдэж багийнханых нь баяр хөөрийг дор дор нь унтрааж орхив. Макс кареерийнхаа 23, Монакогийн анхныхаа полыг ийнхүү авлаа. Алонзо түүнээс энэ улирлын хамгийн ойрхон полын зөрүүг үзүүлж хоёрлов. Уг нь манлайлсан бол кареерийнхаа мөн 23 дахийг хүртэхээр байж. Гэхдээ 2007 оноос хойших энд урд нүүрнээс гарч чадаагүй цувралаа зогсоов. Шарль нутагтаа пол авах зорилгоо биелүүлж чадаагүйн дээр хурдан тойргоо хийж байсан Норрист туннельд зам тавьж өгөөгүй саатуулсан хэргээр 3 байр ухрах торгууль хүлээж 6-аас Окон, багийнхаа Саинц, Мерседесийн Хамилтон нарын араас хөдлөхөөр болсон бол ард нь Гасли, Мерседесийн Рассел жагсав. Алфатауригийн япон нисгэгч Цүнода 9, Норрис 10-аас эхлүүлэхээр болов.
Нарийхан гудамж, хурдыг бүрэн саадаг олон огцом эргэлттэй Монакод гүйцэж түрүүлнэ гэдэг амь өрссөн ярвигтай ажил билээ. Энэ ч ёсоор том жижиг хавиралцаан, мөргөлдөөн, гулгаа арвин байсан ч Астон Мартины Ланс Стролл, Хаасын Магнуссен хоёроос бусад нь бариалсан юм. Уралдааны дундаас эхэлсэн бороо ширүүсч хаа сайгүй гулгаа, вальс, хана үнсэлт... Хатуу дугуйтай эхлүүлсэн Макс ханатай золгох хүртлээ питэд оролгүй тултал гүрийснээр ганц питтэй бараг 30 секундын илүүрхлээр түрүү хүртэж хүснэгтэд багийн хамтрагч Чекогоос тасарлаа. Нөгөөх нь хамгийн араас эхлээд хавиралцаж нудралцсанаа засуулах гэж питрүү бүр 5 удаа орсноор оноо дашин шог. Алонзо улирал эхэлснээс хойш дан гуравт, нэг удаа дөрвөлсний эцэст аман хүзүүдэв. Франц нисгэгч Окон улирлын анхны подиумдаа гишгэж оргилуун дарс амсав. Мерседесийн 2 удаалж Ферраригийн Лекле, Саинц 2 дундаа Гаслиг хавчуулан араас нь бариалсан бол сүүлийн 2 ба 1 оноог Норрис, багийнх нь шинэков Пиастри нар зулгаалаа.
Нөхдүүд амралтгүй ирэх 7 хоногт Барселонад уулзахаар болзоод тарав.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:44 pm

Формула 1-ийн улирлын долоо дахь гараа Испаний Гранпри урд шөнө өндөрлөлөө. Хагас сайны байрлал тогтоох уралдаан нилээн драмтай боллоо. Ферраригийн Шарль Лекле Баасан гарагийн 3 дахь туршилтаар машинаа гэмтээснийг олигтой засаж чадаагүй бололтой Q1-аас уралдаанаа зогсоож сүүлээсээ 2-оор гарааг эхлүүлэх болов. Q1-ийн үер бороо орсон нь хальтиргаа үүсгэж 5-6 нисгэгч баахан уран гулгалтын үзүүлбэр толилуулав. Үр дүнд нь Чеко Перез Q3-руу орж чадалгүй мултарсан бол Жорж Рассел шулуун замд багийнхаа Хамилтонтой хавиралцаж машинаа эвдээд 12-т үлдэв. Улаан бух Макс Верстапены түрэмгийлэл үргэлжилсээр, 3 шатыг итгэл төгс тэргүүлсэн бөгөөд Q3-т бүр ганц л тойроод дугуйгаа гамнаад улирлын 4 дэх, Барселонад анхныхаа полыг ийнхүү авлаа. Ферраригийн Карло Саинц аман хүзүүдэж Макларены Ландо Норрис гурвалж гайхшруулав. Эхний 7-д 7 өөр багийн нисгэгч багтсаны дотор Хаасын Хюлкенбэрг, Альпины Окон содон байлаа. Альпины нөгөө нисгэгч Пьер Гасли уг нь дөрвөлсөн ч хурдан тойргоо хийж байсан 2 ч нисгэгчид зам тавьж өгөөгүй саатуулсан тул 6 байраар ухарч 10-аар гарах болов.
Гараа айхтар адал явдалгүй бүгд бариалж нэг ч шар, улаан туг намирсангүй, аюулгүйн машин гарч ирсэнгүй өндөрлөх шив. Макс эзэрхийлсээр, гараанаас гараад ортлоо урдаа улаан хөлт алдсангүй 24 секунд тасарч бариалснаар улирлын 5 дахь түрүүгээ хүртлээ. Замналынх нь 40 дэх түрүү бөгөөд бүх цаг үеийн жагсаалтын 6-д агуу Айртон Сеннагаас ердөө ганцаар дутуу жагсаж байна. Льюс Хамилтон аман хүзүүдсэнээр Макстай хамтдаа подиумд 35 дахиа гарлаа (үүнээс 20-д нь Льюс түрүүлсэн). Энэ хоёрын багийн хамтрагч Рассел, Перез нар хэдий хойноос эхэлсэн ч хожуу пит стопын тактикийн ачаар 3, 4-өөр айрагдлаа. Феррари улам уналтанд орсоор, Саинц урд эгнээнээс эхэлсэн ч Мерседес, Рэдбуллд хүүхэд шиг гүйцэгдсээр арайчүү таваар дууссан бол Лекле 19-өөс арайчүү 11-ээр бариалж оноогүй хоцров. Астон Мартины 2 удаалж Окон, Гасли 2 дундаа Алфа Ромеогийн хятад нисгэгч Жоу Ганьюг хавчуулан оноо хүртэв. Урдаас гарсан Норрис гараан дээр Хамилтонг тоншиж эвдрээд илүү питэд орсноор 17-оор дуусгав. Азийн 2 төлөөлөл Алфа Тауригийн Юки Цүнода Жоутай хэд хэд урд хойноо орж үзэлцээд, сүүлд нь 1 шахсан хэргээр торгууль хүлээж ухарсан юм. Мерседес давхраараа подиумд гарснаар багийн хүснэгтэнд Астон Мартиныг гүйцлээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:44 pm

F1 улирлын 8 дахь гараа Канадын Монреальд өндөрлөж аваргууд цугтаа подиумд гишгэлээ. Баасан гарагийн бэлтгэл бороотойд вальс эргэсээр таарсан бол хагас сайны байрлал тогтоох Q1 хатаж амжаагүй нойтон зам дээр үргэлжилж Q2 эхлэхэд бороо шивэрч улмаар дунд хавьд нь бүр ширүүссэнээр эхний тойрогтоо олигтой цаг үзүүлж чадаагүй нөхдөд ахиулах боломж олгосонгүй, Лекле, Перез, Стролл гурав Магнуссен, Боттастай дөрөө харшуулан мултрав. Q1,2-т 1:18-тай цаг үзүүлж байсан нөхөд Q3-т бээцрэлдсээр 1:27-той л тойрч байв. Макс 1:25-тай цаг толилуулж полыг авсан бол Хаасын Хюлкенбэрг аман хүзүүдэж гайхшруулсан ч дараа нь бусдыг саатуулсан хэргээр Саинц, Стролл, Цүнода нартай хамт 3 байрны торгууль тус тус хүлээсэн юм. Ингэснээр Верстапен, Алонзо, Хамилтон, Рассел нар урд эгнээнээс бүтэн сайныг эхлүүлэхээр болов.
Уралдаан эхлэхэд эхний эргэлт дээр л Хамилтон Алонзогийн урдуур дайрч орхив. Гэхдээ Алонзо 23 дахь тойрогт хариугаа авсан. Хашир 2 уралдааны турш их тэмцэлдсэн, бүр пит стопт ч мөргөлдөнгөө алдсан. 12 дахь тойрогт Рассел хана гуядаж яйраад Аюулгүйн машин гаргаадахлаа. Бүгд питэд орох хойгуур Ферраригийн 2, Чеко, Боттас нар байраа ахиулж чадлаа. Рассел машинаа сэлбэж гарч ирээд 55 дахь тойрог хүртэл дориун явж байтал тормос их халж байна гэсэн мессеж радиогоор ирж уралдаанаа өндөрлүүлсэн юм. Урд хэсгээр айхтар өрсөлдөөн гарсангүй, голланд нисгэгч Верстапен улирлын 6 дахь түрүүгээ зовлонгүй хүртэж Рэдбуллын 100 дахь түрүүг авчирсан юм. Түүхэнд 100 түрүү хүртсэн 5 дахь баг болж байгаа нь энэ. Макс 3 гараа дарааллан гараанаас бариа хүртэл уралдааныг хошуучилсан нь 2012 оны Феттелээс хойш үзэгдээгүй үзүүлэлт юм байна. Алонзо замналдаа хамгийн их бүтэлгүйтдэг Монреальд аман хүзүүдсэн бол Хамилтон энд 10 дахь удаагаа тавцанд гишгэлээ. 1 пит стоп тактикийн ачаар Ферраригийн Лекле, Саинц нар 4,5-аар бариалсан бол ард нь Чеко орлоо. Перез мөн хурдан тойргийн 1 оноо нэмж халааслав. Энэ хэдийн ард харин жинхэнэ алаан барианд орон ортол болов. Уиллиамсын Албон мөн ганц пит стопын ачаар 7-д орсон бол Ландо Норрис гайхалтай довтолгооныхоо ачаар 8-аар бариалсан ч нөгөө Аюулгүй машины питийн үеэр багийнхаа хамтрагчтай давхар зогсолт хийхдээ санаатай удаан явж хүмүүс саатуулсан хэргээр 5 секундын торгууль хүлээж бүр 13руу шидэгдлээ. Окон, Стролл, Ботасс 3 байр огшиж оноо зулгаалаа. Стролл Ботассыг бүр барианы шугам дээр гүйцэж байдаг шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:45 pm

7 сар Формула1-ийн 4 гараатай, маш шахуу, завгүй байх нь ээ. Өнөөдөр Британид Силверстөүний гарааны чөлөөт бэлтгэл эхэлж байгаа бол өнгөрсөн 7 хоногт Австрийн гранпри өндөрлөснийг тоймлоё.
Рэдбулл авто тойруулгад улирлын 2 дахь Спринт гараа явагдлаа. Баасан гарагт ганц чөлөөт бэлтгэл яваад шууд бүтэн сайны үндсэн гарааны байрлал тогтоохыг шийдээд, хагас сайнд Спринтийн байрлал тогтоох буюу Шүүтаут, залгуулаад шууд Спринт нь яваад бүтэн сайндаа үндсэн гараа явдаг гэдгийг өмнө нь тайлбарлаж байсан билээ.
Энэ удаа Австрид Трак лимитийн дүрмийн маш нарийн хяналт явагдаж байрлал тогтооход Чеко Перез 3 удаагийн шилдэг цагаа хүчингүйд тооцуулснаар бүтэн сайныг 15-аас эхлүүлэхээр болов. Замын гадна ирмэгийн цагаан шугамыг (зурагт үзүүлэв) машины 4 дугуй бүгд давж гарвал энэ дүрмийг зөрчсөн гэж тооцон торгууль оногдуулдаг бөгөөд ихэнхдээ эргэлт дээр нисгэгчид даялж ороод гарах тохиолдол их билээ. Харин шахцалдаанаар шахуулаад гарчихвал ашигтай байрлал эзлэхгүйгээр буцаж замдаа орвол харж үздэг. Мерседесийн Жорж Рассел Q2-оо давж чадсангүй 12-т үлдсэн бол Q3-т Ферраригийн 2 гайхалтай байсан ч Макс Верстаппен урдаа алдсангүй манлайлав. Макларены Ландо Норрис онцгой байж 4-өөр бариалсан бол араас нь Льюс Хамилтон, Астон Мартины Стролл, Алонзо нар удаалав.
Хагас сайнд Спринтийн Шүүтаут эхэлж Хамилтон хойноосоо 3-т орж дараагийн шатнаас мултарсан бол Рассел нь дараагийн шатанд гарсан ч үгүй 15-аар дуусгаж Мерседес Спринтээс оноо зулгаах найдлага бараг байхгүй болов. Рэдбуллын 2 манлайлж, Ландо Норрисын гайхамшиг үргэлжилж 3-т орлоо. Ферраригийн Карло Саинц болон Астон Мартины 2 өмнөх өдрийн эсрэг дарааллаараа оров. Шарль Лекле 6-аар орсон ч Оскар Пиастрийн хурдан тойрогт садаа болсон хэргээр 3 байр торгуулж 9-рүү шидэгдэв.
Хэсэг амраад Спринтийн 24 тойрог шал нойтон зам дээр эхэллээ. Хоёр Улаан бух эхний эргэлтээс л хоорондоо үзээд 4 дэх эргэлт дээр бүх замыг тэгнэн ардаа овооролдоон үүсгээдхэв. Гарааны шулуун, энэ гацааг Мерседесийн 2 овжин ашиглаж 7-8 байр ахиж чадсан бол нөгөө гайхал Норрис 6 байр алдлаа. Богинохон гараа тул тэгэс ингэсхийж байгаад гялс дуусч Макс, Чеко, Саинц, Стролл, Алонзо, Хюлкенбэрг, Окон, Рассел нар эхний 8д орж 1-8 оноо халааслав.
Бүтэн сайны гараа 71 тойроод Максын аанай л давамгайллаар өндөрлөж Рэдбулл аренад 5 дахиа түрүүллээ. 42 Гранпри авсан амжилтаар агуу Айртон Сеннаг гүйцэж бүх цаг үеийн 5-руу орж ирлээ. Спринтийн Леклегийн бүтэлгүйтлийг эс тооцвол Феррари энэ удаа тун дажгүй уралдаж Шарль хэсэгхэн ч гэсэн тэргүүллийг авч Максын Маяамигийн Гранпригээс хойших урдаа улаан хөлт гаргаагүй дараалсан 248 тойрог тэргүүллийг зогсоож Ферраригийн 800 дахь подиумыг авчирсан бол өөрөө Австрид 4 дэхээ шагналын тавцанд гишгэлээ. Чеко Перез 15-аас дайрсаар, сүүлд Саинцтай ширүүн өрсөлдөж хэд хэд урд хойнот орсоор гурвалсан юм. Ферраригийн 2 пит стопт давхар орж Саинц хохирчих шиг болсон. Саинц дөрвөлсөн ч уралдаан дуусаад бүтэн 5 цагийн дараа нөгөө трак лимит дүрмийн хяналтаар 8 нисгэгч давхардсан тоогоор 12 торгууль (тус бүр 5 секунд) хүлээснээр Карло 6-руу, 7-д орсон Хамилтон 8-д орсон багийн хамтрагчтайгаа байраа сольж, 9, 10-т орсон Пьер Гасли, Ланс Стролл нар мөн байраа солив. Норрис 5-руу, Алонзо 6-руу огшсон юм. Трак лимитийн дүрэм бөөн л маргаан болж байх шиг байна. Байх нь буруу гэхгүй байгаа ч, нисгэгчид тухайн үедээ мэдрэгдэхүйц баймаар байна гэсэн гомдол их байгаа бололтой.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2023 6:47 pm

Энэ жилийг Алонзо маань Астон Мартинд гайхалтай эхлүүлж, сая Австрид Феррари Рэдбуллтай овоо өрсөлдөөн үзүүлж хонгилийн үзүүрт гэрэл асаалаа шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 14, 2023 7:50 pm

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Британий Силверстөүний авто тойруулгад Формула 1-ийн улирлын 10 дахь Гранпри явагдлаа. Бямбын байрлал тогтоох уралдаанд Рэдбуллын Серхио Перез Q1 давсангүй, бүтэн сайнд 16-аас уралдааныг эхлүүлэхээр болсон нь энэ улирлын 3 дахь бүтэлгүйтэл нь болов. Q2-т Астон Мартины Ланс Стролл бас үлдэж хоцров. Q3-т Макларены 2 давхар цохилт хийх шахсан ч Рэдбуллын Макс Верстаппен эцсийн мөчид цагаа ахиулж полоо алдсангүй. Ферраригийн Шарль Лекле, Карлос Саинц 4,5-аар удаалсан бол Мерседесийн Жорж Рассел, Льюс Хамилтон нар араас нь жагслаа.
Тэмцээний үеэр сюрприз болох мэдээ цацагдсан нь Формула 1-ийн шуугиант залуусын нэг Австралийн Даниэл Риккиардо замдаа эргэн ирэхээр болсон явдал байв. Мань эр өмнөх 2 улиралд Макларенд санаснаа гүйцээж чадалгүй байсаар гэрээгүй хоцорсон ч Рэдбуллын туршилтын нисгэгчийн орон тоонд явж байсан юм. Улмаар энэ улиралд ганц ч оноо авч чадаагүй яваа Алфа Тауригийн Ник де Вриг үлдсэн Гранпринүүдэд орлохоор зарлагдлаа.
Бүтэн сайны гараа сонирхолтой өрнөв. Гараан дээр эхний эргэлт өөрийн талд байгааг британи нисгэгч Норрис овжин ашиглаж шууд л уралдааныг тэргүүлж эхлэх нь тэр. Өмнөх 7 хоногт тасралтгүй олон тойрог тэргүүлсэн амжилтаа пит стопод байхдаа зогсоолгосон Максын хувьд зам дээр гүйцэгдэж урдаа улаан хөлт гишгүүлнэ гэдэг ойрд үзэгдээгүй хэрэг билээ. Гэхдээ энэ удаан үргэлжлэхгүй гэдгийг бүгд гадарлаж байсан ёсоор 5-р тойрогт л гүйцэж тэр чигээрээ 52 дахь тойргийг дуустал давхисаар цоохор туг намирууллаа. Хувийн дүнгээр арын хүнээсээ 99 оноо тасарч, ганц өөрийнхөө оноогоор зохион бүтээгчдийн хүснэгтийг ч тэргүүлж чадахаар болов. Арай л даам юмаа. Ландо аман хүзүүгээ хадгалж чадсанаар Макларены анхны подиумыг хүртлээ. 7-р байрнаас эхлүүлсэн Хамилтон нутаг дээрээ тавцанд гишгэж оргилуун дарс буудуулж чадав. Ганц манай үндэсний бөхөд нутгийн бөх сайн барилддаггүй л юм байна, 2 британи подиумд гарав. Ландогийн хамтрагч, австрали шинэков Оскар Пиастри замналынхаа 10 дахь Гранприд 4-т орсон ховор амжилтын эзэн болов. Макларен 30 оноо авсан нь энэ улирлын бусад гараанд авсан нийт онооноосоо ч ихийг хүртэв. Уралдааны тэг дунд Кевин Магнуссений машин эвдэрч зам дээр зогссоноор аюулгүйн машин гарч ирсэн нь тэрнээс хэдхэн тойргийн өмнө питэд орсон Ферраригийн 2-ын тактикийг сүйрүүлж орхив. Улмаар 44 дэх тойрогт 7-д явсан Саинц харьцангуй шинэ дугуйтай арынхаа 2 нисгэгчид давхар гүйцэгдээд, дараагийн эргэлт дээр хамтрагчдаа ч гүйцэгдэж орхив. Дараагийн тойрогт нь арын хоёр нь ч шахаж явснаа хоорондоо хавиралцан хоцорсны ачаар арайчүү ганц оноо зулгаалаа. Мерседесийн Рассел 5-аар айрагдсан бол нөгөө улаан бух Чеко 16-аас үлэмж урагшлан зургаалав. Улирлыг гайхалтай эхлүүлж дарааллан подиум гишгэж байсан алдар цуут Алонзо жаахан суух маягтай болчлоо, долоолов. Британи аав, Тайланд ээжтэй, хос иргэншилтэй ч Тайландын далбаан дор уралддаг Уилиамсын Алекс Албон Ферраригийн 2-ын урд бариалж 4 оноо хүртэв.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 24, 2023 6:59 pm

Формула1-ийн улирлын 11 дэх гараа, Унгарын гранпри урд шөнө өндөрлөлөө. Хагас сайны байрлал тогтоохоос эхэлье. Мерседесийн Жорж Рассел дугуйны температурын асуудлаас болж Q1-ээ давж чадалгүй 18 дээр гацсан нь эхний сенсаац байв. Q2-т Ферраригийн 2 тааруухан байж эцсийн мөчид Шарль Лекле цагаа ахиулснаар өмнө нь байсан хамтрагчаа Q3-аас мулталлаа. Сүүлийн шатанд Алфа Ромеогийн хятад нисгэгч Жоу Ганью 5-д орж сюрприз барьсан бол хамтрагч Валтери Боттас нь долоолов. Рэдбуллын Серхио Перез 6 гараа дарааллан байрлал тогтооход бүтэлгүйтсэн цувралаа нэг юм зогсоож 9-р байрнаас уралдах эрх авлаа. 7 хоногийн өмнө Силверстөүнд гайхалтай байсан МакЛарены 2 ч янзын байж 3,4-өөр гарахаар болоодохов. Мэдээж Макс Верстапен л пол аваа биз гэж бодож байвал хашир аварга Льюс Хамилтон 0.003 секундээр хурдан байж урд нь гишгэсэн юм. Нарийн хэмжиж байгаа юм шүү. Ингэснээр мань хүн 21 оноос хойш анх удаа пол аваад зогссонгүй, 1 автотойруулгад 9 удаа пол авсан үзүүлэлтээр Формула1-д шинэ рекорд тогтоолоо.
Бүтэн сайны гараа дутахгүй сонирхолтой боллоо. Эхний эргэлт өөрийнх нь талд байгааг Макс сайн ашиглаж тэргүүллийг авлаа. Хамилтон шахагдаж даялах хойгуур Максын хойноос 4-өөс хөдөлсөн австрали шинэков Оскар Пиастри 2-луу дэвших нь тэр. Яг энэ эргэлт дээр хойно бөөн мөргөлдөөн болж 2 ч нөхөр замаас халин одов. 5-аас гарах эрх авсан урд хөршийн гайхал маань гараанаас хөдөлж чадахгүй гацаж сүүлийн хэдэн машинтай ханьсаад бантсандаа хурдалж эхний эргэлт дээр хожимдож тормослоод Ф1-т эргэн ирж буй Даниэл Риккиардогийн хойноос ороод өнөөх нь Альпины Оконыг хусаад өнөөх нь багийнхаа Гаслиг гөвөөд, улмаар Альпины 2 буцаж замдаа гарах найдлагагүй уралдаанаа өндөрлүүлэв. Жоугийн гацаа яг араас нь эхлүүлсэн багийнх нь Боттасыг ч хөөдөж орхисон бөгөөд 2 талаар нь гүйцэх олон машинуудтай хавиралдчихгүйг хичээсээр 5-6 байр ухарсан юм.
Рассел, Перез 2-оос бусад нь зөөлөн эсвэл дундын дугуйгаар эхлүүлж мань 2 хатуу дугуйтай гарсан нь зөвдөж хожуу пит орох тактикаар үзээд Чеко подиумд гишгэсэн бол Рассел 18-аас 12 байр ахиж 6-д орсон юм. Уг нь 7-д орсон л доо, өмнө нь орсон Ферраригийн Лекле питэд хурд хэтрүүлж 5 секунд торгуулаад байр ухарсан юм. Макс эхний эргэлтээр Хамилтоноо гүйцэж аваад цааш саадгүй ниссээр 7 дараалсан түрүүгээ хүртлээ. Энэ нь Рэдбуллын 12 дараалсан түрүү болж тэртээх 1988 оны агуу Айртон Сенна, Айлен Прост нарын хамтарсан МакЛарены 11 дараалсан амжилтыг эвдэж бас л рекорд тогтоолоо. Гараан дээр 2-луу ахисан Пиастри питэд удаж цаг алдсаны улмаас 5-руу ухарсан бол багийн хамтрагч Ландо Норрис дарааллан аман хүзүүдэж шуугиуллаа. Сүүлийн оноог Ферраригийн Карло Саинц, Астон Мартины Фернандо Алонзо, Ланс Стролл нар түүлээ. 5 багийн 10 нисгэгчид хосоороо оноо зулгаасан өвөрмөц тохиолдол боллоо.
Энэ долоо хоногт Бельгид уралдаад нөхдүүд зуны урт амралт авна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Fri Aug 04, 2023 1:39 pm

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Фррмула 1-ийн энэ улирлын 12 дахь гараа Бельгийн Спа-Фганкохшам авто тойруулгад болж улирлын эхний хагасын дараах урт амралт эхэллээ. Улирлын 3 дахь Спринт гараа гэдгээрээ бас онцлог байлаа. Ингээд уламжлал ёсоор Баасан гарагт ганц бэлтгэл хийгдээд үндсэн гарааны байрлал тогтоох уралдаан эхэлсэн юм. Q1 эхлэхэд зам шал нойтон, нисгэгчид бараг 2 минутын тойрог хийж байсан ч зам аажим хатсаар Q3-т 1:46 гэсэн цаг үзүүлж дуусгасан юм. Q2-т Макс Верстапен мултрангаа алдаж 10-р байраар арайчүү Q3-руу орсныг эс тооцвол айхтар сенсаац гарсангүй. Макс шарандаа полыг тэргүүлсэн ч хурдны хайрцагаа сольсон тул 5 байр ухрах торгууль хүлээснээр Ферраригийн Шарль Лекле замналынхаа 20 дахь полыг хүртэх эрхтэй болсон юм. Энэ нь Ферраригийн Спад авсан 12 дахь пол болж түүхэнд бичигдлээ. Рэдбуллын Серхио Перез, Мерседесийн Льюс Хамилтон, Ферраригийн Карлос Саинц, МакЛарены рүүки Оскар Пиастри нар тус бүр нэг байр огшсон бол Максын араас Ландо Норрис, Жорж Рассел, Фернандо Алонзо, Ланс Стролл нар жагсахаар болсон юм.
Бямба гарагт Спринтийн байрлал тогтоох Шүүтаут бас дахиад нойтон замд болж Астон Мартины Стролл вальсдаж хашлага мөргөөд бутарснаар SO2-ыг баллаж тойрог хийж амжаагүй 4-5 нисгэгч цаггүй мултрав. SO3-т Верстапен эцсийн мөчид 0.011 секундээр Пиастригаас тэргүүн байрыг булаалаа. Ферраригийн 2 удаалж, Норрис, Алпиний Пьер Гасли, Хамилтон, Перез, нөгөө Алпин Себастиан Окон, Рассел нар араас нь гарахаар болов.
За Спринт эхлэхэд зам бүр шал ус болж Аюулгүйн машинтай, бүгд заавал борооны арзгар дугуйтайгаар 3-4 тойрсны эцэст нар цухуйж эхэлсэн тул уралдаан эхэллээ. Хамгийн урт тойрогтой гараануудын нэг Спад ердөө 11 тойроод Спринт дуусахаар болов. Аюулгүйн машин ормогц баг болгоны нэг, нэг нисгэгчид борооны дугуйгаа холимог дугуйгаар солихоор питэд овоороод, дараагийн тойрогт үлдсэн хэд нь бас дугуйгаа солив. Энэ завшааныг Пиастри сайхан ашиглаж тэргүүллийг авсан бол Гасли 3-руу дэвшээдэхэв. Хамилтон, Перез 2 хавиралцаад Перез уралдаанаа дуусгасан бол хяналтынхан Хамилтоныг 5 секунд торгож 4-өөс 7-руу унав. Верстапен түрэмгийллээ үргэлжлүүлж 6 дахь тойрогт Пиастриг идэж тэр чигээрээ түрүүлж 8 оноо халааслав. 42 дахь насны төрсөн өдөр нь тохиосон домогт Алонзо вальсдаж замаас гарч өөртөө "бэлэг" барьснаар Спринт өндөрлөлөө.
Ням гарагт үндсэн гараа харин хуурай зам дээр эхэллээ. Эхний эргэлт дээр 4,5-аар эхэлсэн Пиастри, Саинц 2 хавиралцаж Пиастри тэр дороо уралдаанаа дуусгасан бол Саинц хэдэн тойрог салгалж үзээд нэмэргүй болж гарав. Чеко дөнгөж 4 дэх эргэлт өнгөрөөд л Шарлийг гүйцэж манлайллыг гартаа авлаа. Яг энэ мөчид Макс мөргөлдсөн Саинцыг бас гүйцэж байлаа. Үргэлжлүүлэн Хамилтон, Шарль 2-ыг ч ядах юмгүй орхиж 17 дахь тойргоос багийн хамтрагч Перезээ ч гүйцэж тэр чигээрээ түрүүлэн улирлын 10 дахь түрүүгээ хүртлээ. Улирал талдаа орж байхад аварга болох нь тодорхой шахуу л болчлоо, аймшигтай. Мөн 13 дарааллан шагналын тавцанд гишгэсэн үзүүлэлтээр түүхэнд 4-т орж ирлээ. Арын хэдэд өөрчлөлт бараг орсонгүй, Перез, Лекле, Хамилтон, Алонзо, Рассел, Норрис нар бариалж мөргөлдөөд гарсан хоёрын орон зайг Окон, Алфатауригийн самурай Цүнода нар нөхөж 8, 10-т орж оноо зулгаасан юм. 9-т Стролл орсон.

http://www.motorsport.com сайтад МакЛарены сүүлийн 3 гараанд огцом сайжирч фаворит болоод байгаа шалтгааныг машиндаа нэвтрүүлсэн 11 шинэчлэлт гэж онцолсон байна. Зарим зүйлс нь Рэдбуллыг шууд копидсон ч гэсэн яриа байгаа гэнэ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: F1 2023

Postby kayo » Sat Aug 05, 2023 12:44 am

Нетфликсийн Ф1 үзээд буцаад гоё үзэж эхлээд уржнан жилийх жинхэнэ гоё Ф1 болсон чинь буцаад өөр нэг багийн давамгайлалд ороод уйтгартай болчихын. Одоо энэ янзаараа энэ Рэд булл дахиад 2 жил тэргүүлэх байх даа. Ред булл - Мерседес хоёр хоорондоо алалцдаг байхдаа л гоё юм, аль нэг нь хэт давамгайлчихаар л уйтгартай болгоод.

Мерседес яагаад гэнэт ингээд муудчихав, шинэ жижиг машин хийж чадахгүй байна уу? Энэ Феррари гэж өөдлөхгүй тэрэг байна, уг нь жолооч нар нь авъяастай юм шиг байхын, даанч тэгээд бас бүтэлгүй.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: F1 2023

Postby Takanohana_Nowitzki » Sat Aug 05, 2023 8:48 am

kayo wrote:Нетфликсийн Ф1 үзээд буцаад гоё үзэж эхлээд уржнан жилийх жинхэнэ гоё Ф1 болсон чинь буцаад өөр нэг багийн давамгайлалд ороод уйтгартай болчихын. Одоо энэ янзаараа энэ Рэд булл дахиад 2 жил тэргүүлэх байх даа. Ред булл - Мерседес хоёр хоорондоо алалцдаг байхдаа л гоё юм, аль нэг нь хэт давамгайлчихаар л уйтгартай болгоод.

Мерседес яагаад гэнэт ингээд муудчихав, шинэ жижиг машин хийж чадахгүй байна уу? Энэ Феррари гэж өөдлөхгүй тэрэг байна, уг нь жолооч нар нь авъяастай юм шиг байхын, даанч тэгээд бас бүтэлгүй.

Рэдбулл утгагүй бна өө. Макс бүр ч аймаар бна. Илүү дутуу алдаа байхгүй, нягт нямбай, аваргын зангараг суучихаж. Ядаж Чеко нь өрсөлдөөн үзүүлж чадахгүй юм. Росбэрг Хамилтонтойгоо алалцдаг шиг байж чадахгүй байнга бүтэлгүйтэх юм. 2-р байрын төлөө Мерседес, Феррари 2 үзэх нь гэтэл улирлын эхэнд Астон Мартин айхтар орж ирээд суух маягтай болчлоо. Дундуур нь МакЛарен харин янзын орж ирлээ. Феррари, Мерседес 2 хөгжүүлэлт л тааруу байх шиг байна. Хамилтон, Лекле 2 үе үе гомдоллоостой. Багийн ажиллагаа ч тиймэрхүү бна уу даа. Энэ жил Рэдбуллын пит стоп 1.9 сек нтр, аймаар. Өмнө нь идэвхитэй үздэг байхад 3 сек гарантай нь шилдэг байсан санагдана.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц


Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron