Улсын цолтнуудыг аймгаар нь судалвал
Монголын ард түмэн 1921 онд ялсан ардын хувьсгалаас хойш энэхүү хувьсгалын баярыг цэргийн наадам, улсын наадам, үндэсний их баяр наадам нэртэйгээр 85 дахь удаагаа тэмдэглээд байгаа билээ. Энэхүү 85 удаагийн баяр наадамд 256-1024 хүчит бөхчүүд барилдан дархан аварга, даян аварга, аварга, арслан, заан, начин, 2003 оноос далай аварга, гарьд, харцага цол авч байна. Энэ 85 удаагийн наадамд нийтдээ 51858 бөх барилдаж уран мэх уралдуулан хүчийг үзсэнээс дархан аварга 7, даян аварга 3, далай аварга 2, аварга 7, арслан 45, заан 150, гарьд 4, харцага 29, начин цолтон 330 гаруй төрөн гараад байна. Эдгээр цолтнууд бүх аймаг (Дархан-Уул, Орхон аймгаас бусад)-аас төрөн гарсан байх бөгөөд эдгээрээс хамгийн олон улсын цолтонтой аймаг бол Архангай бөгөөд баттай мэдээгээр тус аймгаас 113 улсын цолтой бөх төрөн гарчээ. Харин хамгийн цөөхөн цолтонтой нь Баян-Өлгий, Дорноговь аймгууд юм. Аль аймаг хэд хичнээн улсын цолтой бөхтэй, тэдгээр нь чухам хэдийд цол авч, цолоо ахиулж байсныг сонирхон үзье. Архангай. Тус аймаг баттай мэдээгээр 113 улсын цолтой бөхтэйгээс даян аварга 2, далай аварга 1, у/ ав 1, у/а 13, у/з 33, у/х 7, у/н 56-тай ажээ. Архангай аймаг нь ардын хувьсгалын анхны (1922 он) наадмаас л у/з цол (Д.Далантай үзүүрлэж у/з цол хүртсэн)-тон бөх төрүүлснээс хойш эдүгээг хүртлэх 85 удаагийн наадмын 63-т нь шинээр цол хүртсэн болон хуучин цолтон нь цолоо ахиулж байсан байна. Эдгээрийн дотроос 1954-1963 оны хооронд 10, 1998-2006 оны хооронд 9, 1922-1929, 1931-1938, 1986-1995 онуудын хоорондох 8 жилүүдэд жил дараалан улсын цолтон төрөн гарч, хуучин цолтон нь цолоо ахиулж хийморьтойхон наадацгааж байжээ. Харин 1964-1969 оны хоорондох 5, 1939-1942 оны хоорондох 4 жил нь Архангайчуудын төрийнхөө их наадмаас шинэ цол хүртээгүй болон хуучин цолтон нь цолоо ахиулж чадаагүй өнгөрсөн их завсарлагын жилүүд болон үлджээ, Эдгээр онуудаас гадна 1930, 1948, 1949, 1952, 1953, 1973, 1978, 1979, 1983, 1984, 1985, 1994, 1997 онуудад шинэ цолтон төрөөгүй ажээ. Архангайчуудын бас нэг онщюг бол сүүлийн 9 жил дараалан шинэ цолтон төрөн гарсаар байгаа явдал юм. Үүнийг он дараалан дурдвал: 1998 онд П.Моломжамц, 1999 онд Г.Батбаатар, 2000 онд Д.Дашцэрэн, Ц.Цэрэнчимэд, 2001 оны Г.Батбаяр, Д.Рагчаа, 2002 онд Д.Пэрэнлэйдорж нар тус тус у/н цол хүртсэн бол
2002 онд Г.Өсөхбаяр у/а болж цолоо ахиулсан билээ. 2003 онд Г.Өсөхбаяр арслан у/ав болж цолоо дахин ахиулсан бол 2004 онд Т.Мөнгөнцоож у/х, 2005 онд Г.Өсөхбаяр дал/ав, Д.Рагчаа у/х, М.Цанлиг у/н цолтон болжээ. 2006 онд Д.Рагчаа у/з цол хүртэн цолоо ахиулсан бол М.Батжаргал у/х болоод байгаа билээ. 1946 онд 1 аварга, 1 арслан, 3 заан, 4 начин цолтон Архангайгаас төрөн гарсан нь зөвхөн Архангайн төдийгүй бусад бүх аймгийн үнэмлэхүй дээд амжилт болсон байдаг. Мөн олон олон он жилүүдэд 3-7 цолтон төрж байсан нь аргагүй л Архангай бол бөхийн өлгий нутаг болохын баталгаа юм. Баян-Өлгий. Тус аймаг одоогоор улсын цолтой 5 бөхтэй байгаагаас заан, харцага тус бүр 1, улсын начин 3 байна. Хамгийн анхны улсын цолтон нь 1942 онд 5 давж у/н цол хүртсэн
Д.Мөнхбүрэн бол 1946 онд Д.Авдигааш у/з, 1949 онд Б.Хожигапан, 1951 онд Д.Нурхадал нар тус тус у/н цол хүртсэнээс хойш яг 30 жилийн дараа буюу 1981 онд О.Бахыт у/н цол хүртсэн билээ. Энэ наадмаас хойш эдүгээ 25 удаагийн наадам өнгөрөөд байгаа боловч Өлгийчүүдээс улсын цолтон төрөн гараагүй л байна. Сүүлчийн хоёр цолтон төрөн гарсан мөчлөг (30 жил)-өөр бол 2011 онд дараагийн цолтон төрөн гарах магадлалтай гэмээр. Баянхонгор. Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандид хутагтын Ламын гэгээн шавийн алдарт ногоон зодогтнуудын удам болох Хонгорчуудаас у/а 1, у/г 1, у/з 2, у/н 15 төрөн гараад байгаа нь тийм ч цөөн бус юм. 1961 онд Ч.Баасанхүү у/ н цол хүртсэнээс хойш 12 жил өнгөрч байж 1974 онд Г.Батсүх у/н цол хүртсэн бол 1934 онд Ц.Готов у/з цол хүртсэнээс хойш 11 жил өнгөрч байж П.Аюуш 1946 онд улсын заан цол хүртсэн нь хамгийн их завсар гарсан он жилүүд юм. Баянхонгор аймгаас сүүлийн 2 жил (2005, 2006 он) дараалан улсын начин цолтон төрөн гараад байгаа нь тус аймгийн хувьд ижил дараалан улсын цолтон төрөн гарсан цорын ганц тохиолдол болоод байгаа ажээ. Энэ бол тус аймагт алдарт арслан П.Аюушийнхаа бүтэн биений хүрэл хөшөөг 2005 оны наадмын өмнөхөн босгож монгол бөхөө хүндэтгэн дээдэлсний хаялга гэлтэй.
Ш.Гоохүү