by munkhbayar_AC » Fri Aug 03, 2012 3:42 pm
Монгол бөхийн мөхөл ба БҮСИЙН НААДМУУД
Монголчуудын үндэсний спорт гэгдэх монгол бөх ард түмнийхээ нүдэн дээр мөхөл рүүгээ явж байна. Явах юу байхав, шуудхан хэлэхэд мөхөж байна. Тэр нь хэдхэн хоногийн өмнө болоод өнгөрсөн бүсийн наадмуудын барилдаанаар бүрэн баталгаажлаа. Бүсийн наадам өндөрлөхтэй үгүйтэй манай сонины редакци руу хөдөө орон нутгийнхан холбогдож, бухимдсан сэтгэлээ илэрхийлэн наадмыг нь найр, найраа болгон хавтгайруулсан бөхчүүдийг нэртэй устай нь хэлсэн юм. Сонсоод байх нь ээ, арай ч дэндүү зүйл болжээ. Ер нь энэ удаад биш л дээ. Бөхийн найраа хэдийнээс л хэргээ барсан шүү дээ. Аймаг, бүсийн байтугай сумын наадам ч улаан найраа болдог болсныг хүн бүхэн мэднэ. Ингээд бүсийн наадмууд хэрхэн найраатай болсныг сонордуулъя. Дөрвөн бүсийн наадам дөрвөн аймагт болсноос Дундговийн говийн бүс, Баян-Өлгийн баруун бүсийн наадмууд бүр улаан цагаандаа гарсан байна. Дундговь аймагт улсын цолтой дөч гаруй бөх зодогложээ. Үндсэндээ 512 бөх барилдаж улсын наадмын дайтай наадам болсон юм байх. Гэтэл өнөө улсын цолтой дөч шахам бөх чинь барилдах биш дор бүрнээ найраа хийж, өөрсдийнхөө авчирсан үндсэндээ мөнгө төгрөгөө ярьчихсан залуусаа цолонд хүргэх гэж бөөн асуудал үүсчээ. Үүнээс үүдэн нутаг усныхан хоорондоо санаа оноо таарахгүй би чи-дээ, ална шудна даа тулжээ. Тодруулбал, Архангай аймгийн бөхчүүд болох улсын харцага М.Батжаргал, Т.Мөнгөнцоож нар ам зөрж, сүүлдээ наадамчдын өмнө хэн нэгэн рүүгээ салаавч гарган олны түмнийг доромжилсон байна. Архангайнхан эртнээс бөхийн өлгий болсон сайхан нутаг юм сан. Луу гүний Вандан аварга, Буур Жамьян аварга гээд халхын цуутай хүчтэнүүд тэр л нутгаас төрж монгол бөхийн дэвжээнд ид хаваа гайхуулж байсан түүхтэй.
Гэтэл тийм л сайхан хүчтэнүүдийн өлгий нутгийнхан монгол бөхийн ариун дэвжээг хэдхээн халтар төгрөгийн төлөө бузарлаж, хэн нэгэн рүүгээ олны нүдэн дээр салаавч гаргаж наадамчдыг доромжилдог болжээ. Тэрхүү байж боломгүй үйлдлийг бид дуугүй өнгөрөөх үү. Бөхчүүд нь хэдхэн халтар төгрөгийн төлөө салаавч гаргасан наадмын 512 бөхийн барилдаан зүгээр л жүжиг болжээ. Дундговь аймгийн арслан Алтангэрэлийн Алтанхуяг л үнэнчээр барилдан хатуухан учраануудыг давж долоогийн даваанд улсын начин Б.Амарзаяад өвдөглөжээ. Бусад нь бүгд найраа, зүгээр жүжиг. Д.Баасандорж, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр гээд хүчтэй заанууд хүрэлцэн очиход наадамчин олон ихэд баярлаж ёстой нэг галтайхан барилдаан гарах нь дээ гэж хүлээж суусан аж. Гэтэл юун гал гарах, мөнгөөр бороо ороод л олон түмэн өөрсдийгөө доромжлуулаад дуусчээ. Тавын даваа шувтрахад өнөө хүчтэй заанууд, өндөр цолтой бөхчүүд нь шар үстэйгээ хатсан даага шиг шаврай банди нарт савж унаад л элэг бүсээ тайлаад байсан байгаа юм. Мөн хөөрхийлөлтэй еэ. Говь-Алтайн Б.Соронзонболд гэж залуу зааныг улаан найраачин гэж наадамчид тодорхойлдог болоод байгаа. Үзэгч олон тодорхойлох юу байхав, мань нөхөр өөрөө л ийм байдлыг үүсгэдэг бололтой. Залуу хүн байж арай хэтэрхий гэдэг. Тэрээр очсон наадам бүртээ найрааг гардан хийдэг байна. Шударга сайхан барилдъя гэхээсээ шунаг сэтгэл өвөрлөн очдог болжээ. Ийм залуугаар, бөхийнхөө торгон ирэн дээрээ байж шүү дээ. Ямар эмгэнэлтэй вэ.
За тэгээд Д.Баасандорж, М.Өсөхбаяр гэж ах дүү хоёр заанд хүмүүс уул нь ам сайтай байдаг. Жинхэнэ хүчээ сорьж барилддаг бөхчүүд гээд барагтайд муу үг унагадаггүй. Гэвч уг хоёр заан сүүлийн үед цэвэр найраанд явж, мөнгөний хойноос улайрах болжээ. "Энэ жилийн наадмаар хоёулаа л начин төрүүлсэн. Гайгүй өндөр үнээр өгсөн байж таарна. Цадаагүй л юм байх даа. Аймгийн наадамд найраанд орохыг бодоход" хэмээн наадамчид илт дургүй байна. Залуу заанууд энэ бүхнийг анхаарах байлгүй дээ. Дундговийн ганц хүчтэн М.Пүрэвжав нь өөрөө найрааг бас л гардан хийдэг юм байна. Тэрээр дор даваанд, үндсэндээ аймгийн начин, харцага цолтон төрүүлж жижгэрдэггүй гэж байгаа. Болж л өгвөл үзүүр түрүүнд үлдэж өөрийнхөө хүчээр бус мөнгөнийхөө хэмжээгээр дээшээ гараад ирсэн залуугийнг бярыг бус бядыг шалгадаг гэж байгаа. Өргөж тавиад л үнээ өсгөөд байдаг муу зантай гэсэн. Тэр нь өнөө жилийн бүсийн наадамд ч давтагджээ. Дэрэн сумын аймгийн начин гэх нэг залуутай үлдсэн юм байх, үзүүр түрүүнд. Төрийн наадамд баттай түрүүлнэ гэж байсан Ч.Санжаадамбыг өнөө жилийн наадмын тавын даваанд унагасан тэрээр аймгийн цолтой, дээр хэлсэнчлэн шар үстэйгээ хатсан даага шиг залууг дийлээгүй нь сонин. Ингэж л Дундговийн наадам өрнөжээ. Баян-Өлгийн баруун бүсийн наадам бас л найраа. Японы сумод барилдаж бага сага мөнгөтэй болоод авсан, хэн ч үл таних залуу найм, ес даваад түрүүлчихэж. Олны нүдэн дээр л бараг цүнхтэй мөнгөө тараах нь холгүй юм болж. Өнөө жилийн наадамд тун дээгүүр барилдана гэж наадамчин олон хүлээж суусан, тэр хэрээр нь гайгүй ч барилдсан шилдэг залуу харцагууд болох Увсын Ө.Бат-Орших, Хөвсгөлийн Ц.Содномдорж нар өнөө сумоч нөхрийн мөнгөнд явчихаж. Ил цагаан л хэвтээд өгч. Ингэж монгол бөхийг, энэхэн цаг үеийг эзэлж байгаа залуучууд нь мөхөөж байна. Монгол бөх зүгээр жүжиг, ард түмнийг мунхруулдаг гадныхны нохой зодоон шиг шоу болжээ. Гадныхан нохойн зодооноо шоу гэдгийг нь мэдэрдэг хэрнээ мөнгө төлж үзээд, орилж хашгираад түүнээсээ кайф авдаг. Яг үүнтэй ижил монгол бөх нэгэнт шоу үзүүлбэр болсон нь тодорхой. Юун үндэсний спорт, монголчуудын язгуур уламжлал, олон жилийн түүхтэй өв соёл оо хадгалах үрэгжлүүлж үр хойчдоо өвлүүлэх вэ. Ёстой лөөлөө байлгүй.
Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын аваргуудын үед монгол бөх ийнхүү мөхлөө. Монгол бөхийн мөхөл дээрх аваргуудтай хамаатай. Ёстой нөгөө хамгийн их хамаатай гэдэг чинь болно. Тэд монгол бөхийн төлөө юу ч хийсэнгүй. Зүгээр л мөхөхийг нь хараад, харин бөхөөр далимдуулж алдар нэр албан тушаалын төлөө зүтгэсэн хүмүүс. Маргашгүй үнэн гэвэл тэр л биз дээ. Баагий аварга бөхийнхөө буянаар л Их хурлын гишүүний зөөлөн суудалд хичнээн жил суув. Араас нь Сумъяабазар, тэгээд Өсөхбаяр. Энэ хэдэд албан тушаал алдар нэр л хэрэгтэй. Монгол бөхийг ерөөсөө албан тушаалын гүүр гишгүүр болгож яваа хүмүүс. Баянаа аварга бөхийг дандаа л салган бутаргаж, талцуулж халх, дөрвөдөөр нь хувааж ирсэн хүн. Төрийн наадамд сүүлийн гурван жил Увсын бөх түрүүллээ. Бахтай сайхан л түрүүллээ. Харин "Увс нуур" дуу яахаараа төв цэнгэлдэхэд эгшиглэдэг билээ. Энэ жил яав, төрийн есөн хөлт цагаан тугний дэргэд Увсын хэдэн **н** хар юмнууд зэрэгцэж зогсож байгаад "Увс нуур"-аа дууллаа шүү дээ. Увсынхан л баярлаж догдлон хүлээж авахаас үнэнийг хэлэхэд бусад нь зэвүүцсэн. Баянаа аваргын халх, дөрвөдөөр нь талцуулж ирсэн угшил ийнхүү залуу үедээ хүчтэй нөлөөлж газар авчээ. Магадгүй ирэх жилээс төрийн наадмын нээлт "Увс нуур"-аар эхлэх нь холгүй болоод байна даа. Мөөеө, Цэрэнтогтох хоёр яав. Монгол бөхийг ерөөсөө л архи уух, мөнгө олох хэрэгсэл болгосон. Түүнийгээ гэрчлэх гэж төрийн наадамд олныхоо өмнө дандаа согтуу гарч ирдэг. Хоёр жилийн өмнө Цэрэнтогтох аварга есөн хөлт цагаан тугийг налаад унаж байсныг бүх монголчууд харсан. Мөөеө өнөө жил мөн л шал согтуу гарч ирээ биз дээ. Монгол бөхийнхөө дэвжээг аваргууд нь ингэж доромжилж байхад залуучууд нь улаан цагаан найраа хийж, барилдахаар өрөхдөө мэх бус мөнгө бодох болсон нь арга ч үгүй юм уу даа. Мэх гэснээс өнөөдөр чинь монгол бөхөд уран хурц мэх хийж байгаа бөх харагдахаа байжээ. Үнэндээ маш ховор үзэгдэл болж. Гарч ирээд өрөнгүүтээ залгуулаад мэх хийдэг гэдгийг зарим нэг бөхчүүд бүр мартсан байна лээ. Ерэн нэгэн жилийн наадмаас харахад шүү дээ. Ухаандаа, түрүүлдэг өнөө Увсын залуу Баяржавхлан гарьдыг өрөөд л хөл рүү нь дайрахад өвс шиг хийсээд явчихсан. Томтой жижигтэйгээ ийм л болсон. Яаж дайчин барилдах бус ямар нэгэн аргаар тэнгэр харчихалгүй байж байгаад шодооны барьц сонгох вэ гэдгээ боддог болжээ. Энэ гаргалгаанаас харахад ч монгол бөх аргагүй мөхсөн нь мэдрэгдээд байгаа юм.
Уул нь угсраа олон мэхтэй Бээжин, уран гараат Баттогтох, өмсдөг Дамдиндорж, дүүгүүр Гомбосүрэн гээд л уулс дайваж, ус цалгилах мэт барилддаг хүчтэнүүд төрийн наадамд зодоглодог байсан нь саяхан даа.
Бөхчүүд гэж хүч тэнхээндээ эрдэж ихэрхсэн бардам тэнэгүүд. Тэд бол нийгэмд хэзээ ч сайн сайхан үйл бүтээж, ямар ч баялаг бий болгоогүй хүмүүс шүү дээ. Юун ёс жудаг, монгол эрийн шинж чанар. Ёстой холоо хэвтэнэ. Хүн чанар мөн чанар гэдгийг мэдэхгүй адгийн шаарнууд бол бөхчүүд гэдгийг ухаантай хүмүүс мэддэг л байхгүй юу. Гэвч ард түмэн тэр тэнэгүүддээ байгаа бүхнээ барьж өмнө нь бөхөлзөхийг хараад үнэндээ дургүй хүрэх юм. Хар хиртэй хөлснөөс нь амталж ч байх шиг. Үнэндээн сэжиг хүрмээр. Монголын бизнесмэн мөнгөтэй хүмүүст хандаж хэлэхэд, баялаг бүтээж яваа залуусаа дэмжихийг уриалж байна. Оюун ухаан авьяас билгийг дээдлээч. Дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байгаа шатрын мастерууд, төгөлдөр хуурчид, тоо, физик, шинжлэх ухааны залуу эрдэмтдээ анхаарах цаг болсон юм биш үү. Хүний тусыг мэддэггүй **н** харуудаас одоо түр ч болов зайгаа авахгүй бол ард түмэн бөхтэйгээ хамт мунхарч гүйцэх нь байна. Тэдний улаан нүдэнд нь мөнгө эргэлдсэн найраатай барилдааныг үзэх хэрэг байна уу. Тэртэй тэргүй өнөө мангарууд чинь өөрсдөө монгол бөхөө бүр мөсөн мөхөөчихлөө шүү дээ.
Forza Milan