by ider » Fri Aug 12, 2011 5:00 pm
ноднингийн ярилцлага нь бүрэн эхээрээ:
Увс нутгийн бөхчүүд сүүлийн хоёр жил одтой наадаж байна. Өнгөрсөн жил тус аймгаас хоёр шинэ цолтон мэндэлсэн бол өнөө жил улсын наадмын түрүү бөх тодорч, мөн хоёр шинэ харцагатай боллоо. Ноднин улсын цолтны өнөр бүлд анх багтсан Баруунтуруун сумын харъяат шинэ начин С.Мөнхбат өнөө жил наадамчин олны итгэлийг даан барилдсаар харцага цолд хүрсэн билээ. Уран хурц барилдаанаараа бөх сонирхогчдын хайр талархалыг хүлээж буй отгон харцагыг бөхийн "Алдартан" клубт бэлтгэлээ базааж байх үед нь уулзаж ярилцлаа.
-Бэлтгэлдээ хэзээнээс оров?
-Саяханаас л бэлтгэлдээ орж байна. Одоохондоо хөнгөн бэлтгэл хийсэн маягтай.
-Танай нутгийнхан ер нь энд цуглаж бэлтгэлээ хийж байна уу?
-Янз бүр дээ. Өмнө нь Ж.Ганболд зааны спорт цогцолборт голчлон бэлтгэл хийдэг байсан. Заримдаа энд ирнэ. Д.Бумбаяр зааны клуб байгаа юм. Энд голдуу өсвөрийн бөхчүүд бэлтгэл хийдэг. Сая зааны шавь нар үндэсний бөхийн УАШТ-д багаараа хоёрт орсон байна лээ.
-Та наадмаас хойш хаагуур амрав?
-Ерөнхийдөө нутгаараа л амарлаа.
-Нутгийнхан чинь цолны мялаалга хийсэн үү?
-Саяхан Баруунтуруун сумын нутгийн зөвлөлөөс арслан цолны хүндэтгэлийн наадам хийсэн. Энэ үеэр шинэ цолтнуудаа мөн хүлээж авсан юм.
-Харцага цол авснаасаа хойш наадмуудад барилдсан уу?
-Улаан-Үдэд болсон Монгол туургатны наадамд барилдсан. Би буриад барилдаанд нь үзүүрлээд, туургатны наадмын шөвгийн наймд үлдсэн. Бас Эрдэнэт, Баян-Өлгийд барилдлаа. Хамгийн сүүлд Прокурорын байгууллагын 80 жилийн ойн барилдаанд зодоглож түрүүлсэн.
-Буриад барилдаанаар нь үзэж болмоор юм байна уу?
-Зүгээр юм билээ. Би тэгэхэд арслан Д.Ганхуяг, заан Д.Рагчаа нарыг хаясан.
-Энэ жилийн улсын наадмын талаар ярилцах уу? Наадмын бэлтгэлээ хаана, хэрхэн базаасан бэ?
-Бэлтгэл сайн байлаа. Ер нь суурь бэлтгэлээ сайн базаасан. Энэ жил манай Увсын бөхчүүд нэгдэж, нэг гал болон гарсан юм. Эхлээд гаалийн ерөнхий газрын амралтад О.Балжинням аваргын удирдлагад гол бэлтгэлээ хийгээд дараа нь Харзтайд сэргэлтийн бэлтгэл хийсэн.
-Нутгийн бөхчүүд нэгдсэн гэхээр олон бөх цугласан уу?
-Ер нь манай нутгийн барилддаг залуус олон. Тэр бүгдийн наадмын галд хамруулна гэдэг хэцүү. Тиймээс улс аймгийн цолтой голдуу 40 гаруй бөх их галд гараад бусад залуу бөхчүүд нь Д.Бумбаяр зааны удирдлагад тусдаа галд гарсан юм.
-Улсын цолгүй залуус наадамд барилдахаар биеэ бариад өөрийн барилдаанаа гаргаж чадахгүй байх тохиолдол элбэг.Харин таны хувьд нэгэнт улсын цол авчихсан болохоор сэтгэл санаа тайван байв уу?
-Нэг талаар тийм. Хүсэж, тэмүүлж байсан улсын цолоо авчихсан болохоор элдэв юм бодогдохгүй сайхан байлаа. Гэхдээ нөгөө талаар би энэ цолыг хамгаалж барилдах ёстой, адаглаад л цолоо батлах хэрэгтэй гэсэн шаардлага өөртөө тавьж байсан.
-Наадмын өмнө цолоо батална, ахиулна гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Ямар ч байсан цолоо ахиулах боломж бий гэж өөртөө найдаж л байсан. Бэлтгэл ханаад, бие хаа сайхан болоод ирэхээр хүн өөртөө итгэлтэй болдог юм билээ. -Наадмын барилдаануудаа эргээд нэг дурсах уу?
-Начин цол авчихсан болохоор хоёрын давааны оноолт гайгүй таарсан. Харин гурав дээр шижигнэсэн аймгийн арслангуудын нэгийг амлахаас өөр аргагүй болсон. Тэгээд аймгийн хурц арслан Б.Одгэрэлийн амлаж давсан. Одгэрэлтэй барилдсаны дараа бие тавираад сайхан болсон. Дөрвийн давааны оноолтод Ж.Оргил начинтай таарсан. Харин тавд Г.Эрхэмбаяр начинд амлуулчихаад нэлээд бэргэж байлаа. Улсад хоёр шөвгөрчихсөн, цолоо ахиулна гэж үнэлэгддэг бөх шүү дээ. Бид хоёрын барилдаан нэлээд удсан. Сүүлд барьц шодолцохоос өмнө шийдсэн мэхээ хийе гээд давхар шуудагнаас хутгаж тэнцвэр алдуулаад тэр чигт нь түрж хөөгөөд давсан. Шуудагнаас сайн барилддаг хүнийг тийм барьцнаас хаячихаар өөртөө итгэх итгэл нэмэгдэж л байлаа. Бас сайн бөхтэй бүх юмаа шавхаж үзээд цолоо баталсандаа их баярласан.
-Цолоо баталсны дараа хамгийн түрүүнд юу бодогдох юм?
-Ноднин цол авсны дараа "Найрааны начин" гэсэн яриа сонсогдож л байсан. Тиймээс би өөрийнхөө чадлаар улсын цол авсан юм шүү, одоо энэ цолоо баталж байна гэж бодохоор бардамнах сэтгэл төрж байсан. Мөн өөртөө "Наадам дуусаагүй байна шүү. Дараагийн даваанд хичээх хэрэгтэй" гэж хэлсэн.
-Зургаагийн даваанд М.Баяржавхлан зааныг нэг их удалгүй орхиж байгаа харагдсан?
-Чацтай, бяртай хүнтэй барилдах гэж байгаа болохоор барьцанд хүрэхээс өмнө мэхээ хийх төлөвлөгөөтэй гарсан. Хэрвээ баглуулчихвал хаяхад хэцүү болно. Тэгээд дайрч сугадаад урдуураа хөнтөрч унагаад давсан. Яг миний өмнө А.Бямбажав Д.Ганхуяг арсланг давж харцага болохыг хараад зориг орж, ингэж давах юмсан гээд дайрчихсан хэрэг. Харин Баяржавхлан зааныг хаясны дараа баярлаад ханачихсан юм болов уу гэж одоо бодогддог юм. Үүнээсээ болж долоогийн даваанд Д.Рагчаа заантай ёстой муу барилдсан. Би дан золгоод хутгасан. Хашир заан яг тэр үед хутгасан талын дал руу нь алгадаад унагачихсан. Болохгүй байгаа мэхийг олон хийсэн нь миний буруу л даа.
-Долоогийн даваанд Б.Ганбат заан өөрийг чинь амлалгүй тунаасан. Тухайн үед хэн амлана гэж бодож байсан бэ?
-Х.Мөнхбаатар арслан амлахгүй бол тунана гэж тооцож байсан. Ганбаа арслангийн хувьд намайг амлахгүй гэдгийг нь мэдэж байсан. Хамт бэлтгэл хийдэг нэг нутгийн дүү болохоор амлалгүй үлдээсэн байх.
-Сүүлийн хоёр жил Увсын бөхчүүд сайхан наадлаа шүү...
-Одоо Увсаас нэгэн шинэ үеийн бөхчүүд төрөн гарч байна. Бидний үеийн хэдэн залуус хоорондоо эвтэй сайхан нөхөрлөж, хамт бэлтгэлээ базаадаг юм. Мөн биднийг дэмждэг нутгийн ах нар байна. Ийм хүмүүсийн буянаар манай нутгийн залуус эхнээсээ цол авч байна. Ялангуяа энэ жил цолоо ахиулна гэж олон жил хүлээсэн А.Бямбажав, Б.Ганбат хоёр маань сайхан барилдлаа. Үзүүр түрүүний барилдааны үеэр цэнгэлдэх дүүрэн хүмүүс тэр чигээрээ Б.Ганбат арсланг дэмжиж байсан. Тэр олон хүний эерэг энерги ч нөлөөлсөн байх. Сониноос энэ жил манай галын наадамд Ганбаа ах түрүүлж, би үзүүрлэн, А.Бямбажав гуравт орсон юм. Тэр бөхчүүд бүгд наадмаар сайн барилдаж цолоо ахиуллаа. Ноднин бас галын наадамд Ө.Бат-Орших түрүүлж байсан. Тэгээд наадмаар харцага цол авсан.
-Анх бөхөөр хичээллэж эхлэхдээ ямар цол авахыг мөрөөддөг байсан бэ?
-Анх жижиг юм л мөрөөднө шүү дээ. Хүүхэд байхдаа сумын заан цолтой бөхчүүдийг хараад "Эдэн шиг бөх болох юмсан" гэж хүсдэг байлаа. Сумын заан гэхээр нэг их гоё том хүмүүс. Харин өөрөө сумын заан болсныхоо дараа аймгийн цол авахыг хүсэх болсон. Тэгээд сүүлд нь улсын цол л авч байвал хүсэл маань биелэх нь тэр гэж бодож эхэлсэн. Харин нэгэнт улсын цолтны эгнээнд багтсаныхаа дараа зүгээр нэг улсын начин биш, ард түмэндээ хайрлагдсан гоё бөхчүүд шиг болох юмсан гэж хүссэн. Нэг үе зургаан залуу заан гэж байлаа. Ард түмэн ч тэднийг их хайрлана. Энэ бөхчүүд шиг ард түмэндээ хайрлагдаж, цолондоо эзэн болж явахыг хүсдэг дээ.
-Наадмын үеэр бөхчүүд таныг нэгэнт цол авчихсан юм чинь тэрэнд өгчих гэх зэргээр гуйж байсан уу?
-Тийм зүйл байгаагүй ээ. Ингэж гуйлаа ч гэсэн яалаа гэж зөвшөөрөхөв. Ил барилдаж байх үедээ хүнд бууж өгвөл азанд муу биз дээ. Сүүлд харамсах сэтгэл төрнө. Тиймээс нас залуу дээрээ дахиад хэдэн жил сайхан барилдаж, өөрийгөө хаа хүрэхийг үзмээр байна.
-Ер нь анх яагаад бөхтэй холбогдсон юм бэ?
-Манай аав сумын заан цолтой хүн. Тиймээс багын л бөхөд дуртай хүүхэд байсан. Би доороо гурван эрэгтэй дүүтэй. Тэд нартайгаа өдөржин ноцолдоно. Аавтайгаа нийлээд таван мундаг бөх гэр буулгачих гээд үзнэ шүү дээ. Харин бөхөөр тууштай хичээллэсэн үе гэвэл 2004 он. Уг нь манайхан намайг өөр мэргэжилтэй болгох гээд ТИС-д оруулсан юм. Гэсэн ч эцэст нь өөрийн сонирхол дийлээд сургуулиа орхиж, бөх болсон. Хичээл хийхийн хажуугаар барилдана гэдэг хэцүү юм билээ. Би хэрвээ ТИС-ийг төгссөн бол өдийд бөх сонирхдог жирийн нэг инженер болох байсан байх.
-Барилдаж эхлэхдээ хэр биерхүү байв?
-Би ер нь бөхчүүд дундаа жижиг биетэйд орно. Анх барилдаж эхлэхдээ 73 кг жинтэй байсан. Тэгээд жилд 2-3 кг нэмсээр байгаад одоогийн хэмжээндээ хүрсэн.
-Одоо жин хэдтэй вэ? Наадмаас хойш нэлээд жин нэмсэн харагдана?
-Одоо 110 кг гараад явчихсан. Наадмаас хойш жин нэлээд нэмэгдчихэж. Би бие жижигтэй болохоор хурдаар барилддаг. Харин жин нэмэгдэхээр хурд саараад хүн хаяхад хэцүү болно. Тиймээс жингээ хасч, гэдсээ багасгах бодолтой.
-Таны барилдааны онцлог юу вэ?
-Ямарч хүнээс айж бэргэлгүй санасанаа хийгээд барилдчихдаг. Ер нь хэнтэй ч таарсан ухарч гишгэмээргүй санагддаг юм. Унавал унаад, хаявал хаяна биз гээд шуурхай барилдахыг боддог. Гэхдээ улсын цол авснаасаа хойш илүү болгоомжтой барилддаг болсон байна лээ. Улсын цолтой хүн хамаагүй доор унаж болохгүй гэж боддогоос болсон байх.
-Үндэсний бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Нэг үеээ бодвол үндэсний бөх эрчимтэй хөгжиж байна. Өмнө нь чөлөөтийн 70 гаруй кг-тай тамирчин ирээд улсын цол авч байсан. Мөн ямар ч бэлтгэл хийлгүй тээвэрт явж байгаад ирж барилдаад цол авдаг байлаа. Харин одоо байнгын бэлтгэлтэй л байхгүй бол өндөр амжилт гаргана гэж саналтгүй болж. Хэн сайн бэлтгэл хийсэн нь л дээгүүр барилдаж байна. Бөхчүүд ч ард түмнийхээ буянаар сайхан амьдарч байна. Одоо хувийн машингүй улсын цолтой бөх бараг алга. Бэлтгэлээ л сайн хийгээд, сайн барилдаад байвал бөхөөр амьдралаа залгуулаад явах боломж байна. Мөн нөгөө талаар бөхийнхөө хөгжлийг дагаад уран хурц барилдаан алга болоо юу гэж бодогддог. Бөхчүүд барьц сонгох дүрмэндээ тааруулаад жингээ нэмэх болсон нь үүнтэй шууд холбоотой. Гэхдээ барилдааныг шуурхайлуулах өөр сайн арга одоохондоо алга. Ямар урьдынх шиг хоёр бөхийг гурав, дөрвөн цаг барилдуулалтай биш.
-За сайхан ярилцсанд баярлалаа. Цолоо баталж, ахиулсны чинь дараа эргээд уулзъя.
-Энэ дашрамд танай сониноор дамжуулаад Монголын ард түмнийг бөхийн босоо цагаан хийморь ивээж явах болтугай гэж ерөөе.
Г.Баярсайхан.
Зохиогчийн эрх: "Таван цагариг" сонин