НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Postby avarga » Mon Sep 24, 2007 5:42 pm

Арслангийн энтэй гарьдаа дурсахуй

А.ТЭГШЭЭ (2007.09.24)
Хотлыг цэнгүүлсэн наадмын дуулиан намжаагүй л байна. Олон жил үерхэн нөхөрлөж явсан Их бөх ах маань тэнгэрт халиад удаагүй үе үе зүүдэнд үзэгдэж сэтгэлд бодогддог. Нэртэй хүний зүстэй хүү нээрээ чи баатар хүн шүү гэдэг шиг аварга бөхийн үсэрсэн цус, тасарсан мах та байжээ. Дархан аварга Дамдингийн Баяраа 70-80 оны үед төрийн наадмын дэвжээнд идэр хүчтэнүүдтэй хөлс урсган барилдаж хэн дуртай бөхийн аваад байдаггүй начин, заан, гарьд цолыг дараалан хүртсэн арслангийн энтэй хүчтэн. Хэрвээ ид үедээ бөхийн чөлөөт барилдаанаар барилдаж жин хасаагүй бол аварга болох магадлал өндөр байсан бөх.

1979 оны наадмаар юмсан тэр үед миний бөхийн багш Д.Нэгдэл улсын начин цол хүртэх үеэр Д.Баяраа ах маань уран барилдаант улсын аварга Ч.Бээжингээр тав давж улсын цолны эгнээнд багтсан сан. Энэ цаг мөчөөс хойш насан элтэл нь би нөхөрлөж найзалж ах гэж хүндэлж явжээ. Бид хоёр 1980 оны олон улсын бөхийн чөлөөт барилдааны “Интернационал” тэмцээний үеэр “Баянгол” зочид буудалд 10 давхрын нэг өрөөнд улсын начин А.Норов ахын хамт байрлаж байлаа. Би энэ үед залуучуудын улсын аваргаас самбо бөхөөр медаль авчихсан өөрийгөө их л том бөхөд тооцож явсан үе л дээ.

Спортын төв ордны хоёр давхрын бөхийн бэлтгэлийн зааланд бэлтгэл хийнэ. Заалны зүүн буланд ганцхан хүчний аппараттай Баяраа ах маань тэр хүчний дасгалын хэрэгслийг бүрэн ашиглаж дөрвөн мөч тэр дундаа хоёр шуундаа бяртай болсон гэж би боддог. Бэлтгэлийг үнэн голоосоо хүч шавхан хийнэ. Багш 100 суниагаарай гэсэн бол 150 суниах жишээтэй кросс, спорт тоглоомд эрэмгий барилдах учраа бөхөө хоёр шууны бяраар буулгаж авна. Дархан суйлаа мэхэнд нь нэг орсон бөх унаж л таарна.

1987 оны намар Хэнтий аймгийн Өндөр хаан хотод болсон намын бага хурлын төлөөлөгчдөд зориулсан үндэсний бөхийн барилдаанд хотоос тэр үед улсын начин байсан Д.Баяраа цэргийн арслан байсан одоо улсын начин П.Эрдэнэбаяр бид гурав уригдан очиж барилдсан. Энэ үеэр гурван удаа барилдаан зохиогдож эхний хоёр нь Баяраа, Эрдэнэбаяр хоёр маань түрүүлж би дөрөвт үлдсэн юм. Маргаашын барилдаан болохын өмнө Д.Баяраа ах хотоос гурвуулаа ирчихээд хоёр нь түрүүлээд нэг нь түрүүлэхгүй буцах эвгүй байна гэхээр маргаашийн барилдаанд айхтар бөхчүүдийг нь бид хоёр амлаад хаячихъя чи түрүүл гэдэг байгаа. Би хэллээ хүн итгэхгүй байхаа больё гэхэд Зүгээр зүгээр Хэнтийд нэг түрүүлж байлаа гэж ярьж байхгүй юу гээд наг наг инээж байна.

Дотроо бол би дуртай л байв. Ингээд маргааш нь барилдлаа. Баяраа ах аймгийн арслан Болдбаатар Болд-Эрдэнэ хоёрыг амлаад хаячихлаа. Би улсын начин А.Норов, Д.Баяраа, П.Эрдэнэбаяр нартай дөрөвт үлдэв. Намайг Норов ах авч нөгөө хоёр маань тунаж би түрүүлж Баяраа ах үзүүрлэж их баяртай дипломат цүнх халуун саваар шагнуулав. Тэгсэн хэрэг бишдлээ, тун удсангүй аймгийн сонины Ожгоош гуай үзэгчдийг гомдоосон барилдаан гэж төвийн сонинд том мэдээ бичиж орхижээ. Баяраа ах маань муу бөхтэй явах ийм л гайтай байдаг юм гэж инээж байсан сан.

Тэр үеэр бид гурав аймгийн төвд сүндэрлэх бөхийн хөшөөний өмнө дурсгалын зураг татуулж явсан минь сайхан санагддаг юм. Бас болоогүй бид гурав буцахдаа онгоцоор буцсан бөгөөд бидний сууж явсан онгоц Налайхын дээгүүр нисэж явахдаа баруун талын сэнс нь огт ажиллахаа болив. Юм үзээгүй миний айсан гэж жигтэйхэн. Баяраа ахад энэ байдлаа хэлтэл чимээгүй яв. Энэ онгоцонд сууж яваа олон хүүхэд мэдэх юм бол айж сандарч орлилдоод аюул болно гэлээ. Биднийг Буянт-Ухаад газардахад эмнэлэг, гал, сэргийлэхийн машинууд бүгд ирчихсэн байж билээ. Урьдчилаад холбоо дохиогоор мэдэгдсэн юм шиг байна лээ.

Бид гурав буугаад тэврэлдэж амьд гарсны баяр гэж нэг лонх юм задалсан сан. Би гарьдтай олон газар цуг явж байлаа. Хүнд их түшигтэй хаялага сайтай хүн. Харин өдсөн оролдсон хүнд хариуг нь өгсөн шиг өгнө дөө. 1979 оны дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод явагдаж энэ тэмцээнээс Д.Баяраа, Ж.Бор нар хүрэл медаль хүртэж байлаа. Түүний дараах нь Баяраа ах бид хоёр Дархан хотын Хараа буудалд байрлаж байхдаа бага насаа дурсаж ярьсан нэгэн тэмдэглэл байдаг юм.

Үүнийг бүрэн эхээр нь уншигч танд толилуулья. Ах нь эхээс төрөөд 10 сартай байхдаа Хөвсгөл аймгийн Цагаан үүр суманд Дарь эмээгийнхээ гар дээр очиж тэнд өссөн. Би аав, ээж дээрээ эрхлэж өсөөгүй хүн шүү. Манай Дарь ээж амьдралын хүнд хэцүүд нухлагдаж эмэгтэй хүн гэхэд ихээхэн чанга хатуу болсон. Хойно Заганскийн хавьд хоёроос гурван хүүхэдтэй байж байгаад наад талын Буриадтай сууж орж ирсэн шиг байгаа юм. Тэгээд манай аавыг таван настай байхад нөгөө хүнээсээ салжээ. Араас нь ах дүү нар нь буцаад ир гэсэн боловч тэр чигээрээ Монголдоо үлдэж амьдралын хүндийг үүрч аавыг морин дээр дүүрч гэрт орж эм, гадаа гарч эр болж өсгөсөн юм гэдэг. Тэгээд аав маань ах бид хоёрыг эмээд хань болгосон хэрэг.

Ах бид хоёр нялх амьтад. Дараа болохоос тус болно гэж юу байхав. Хадлан түлээгээ эмээ л бэлдэнэ, одоо бодож байхад яаж хийж амждаг байсан юм бол. Нэг их түлээг үүрээд ирдэг сэн. Намайг хайрлахдаа хайрлаж ер нь хатуу гараар өгөсөн дөө. Жаахан буруу юм хийвэл түлээний модтой “уулзана”. Хатуу хүмүүжлээр өссөн хүн хатуу л зантай болчих юм. Ах нь хөгшин эмээгийнхээ толгойг түшиж өнгөрүүлсэн. Миний хариулсан ач гэвэл тэр л байх. Манай Хөвсгөлийнхөн тэр дундаа буриадууд их ажилсаг. Долоон настай хүүхдэд нэг хадуур бариулаад урдаа оруулаад туучихна. Заримдаа зүрх халирмаар. Наадам өнгөрмөгц хадланд гараад хоёр сар цаг наргүй хөдөлж байж жаахан өвстэй болно.

Сүүлд би цэрэгт явтлаа хөрөө раамд ажиллаж байсан маань их тус болсон. Нэг дурсамжтай сайхан тохиолдол байдаг юм. Би Хөвсгөлөөс цэрэгт татагдаж 107-р ангид ирсэн. Тэнд М.Хойлогдорж гуай жолооны курст сууж байв. Тэгсэн нэг өдөр үстэй дээл үнэгэн лоовууз өмссөн монгол гуталтай том хүн ороод ирлээ. Би ч хүүхэд байсан болохоор “Тунгалаг тамир” киноны “Цахиур” Төмөр ороод ирэх шиг санагдаж билээ. Тэгээд Булганы Ж.Бор, Төвийн Б.Даваадорж, Увсын Г.Буянтогтох, Өвөрхангайн С.Дамдинбазар бидний таван цэргийг хөнжил пүүгээг минь үүрүүлж, автобусанд суулгаад Улсын нийтийн номын сангийн үүдэнд бууж байгаа юм.

Өнөө “Цахиур” Төмөрийг маань хүн болгон харж шивнэлдээд нэг л биш ээ. Гэтэл УАЗ-469 ян хийтэл тооромзлоод биднийг аваад “Алдар” нийгэмлэгт очих нь тэр. Тэгсэн нөгөө том эр маань Хад аварга байж билээ. 1976 онд улсад түрүүлж байсан жил нь. Бор бид нарыг чармай нүцэглэж байгаад адуу мал шинжиж байгаа юм шиг үзээд “Алдар”-т авлаа. Ёндон генерал бөхөд их элэгтэй бидэнд нэмэгдэл хоол өгдөг байсан. Манай Бор шагай шүүрэхдээ гаргууд 25-ыг л хамна би. 22-ийг шүүрч дээр дэвхэрч явлаа. Одоо дурсамж яриагаа өөрчилж өөр хэсэг рүү оръё.

Баяраа ах бид хоёр нэг удаа гандан орлоо. Гэтэл үүдэн дээр Чойжамц хамбатай таарав. Би ч адис авлаа. Манай хүн харин адис авсангүй, би асуулаа Та чинь бурхан шүтдэггүй юм уу, би таныг их шүтлэгтэй байх гэж бодсон. Үгүй ээ манайхан шүтлэг муутай улс. Ер нь шарын шашин Хөвсгөлд орох гэж 200 жил болсон шүү дээ. Бөөгийн шашныг дийлж орох гэж удсан байх. Одоо ч манай аймаг харьцангуй чөлөөт сэтгэлгээтэй, ардчилал талдаа. Хөдөөнийхнөөс хамгийн их сонин сэтгүүл захиалдаг газар. Та ер нь 100 кг татаж үзсэн үү гэхэд үгүй ээ үгүй. Жин хасч 79 кг-д барилдаж байлаа.

Тохирсон хэвийн жингээ авах гэж муу нөлөөлсөн байх. Гэхдээ дуртай юм чинь долоо хоног бэлтгэлд нүдүүлчихээд бүтэн сайны заалны барилдаанд монгол гутал, зодог шуудгаа чирээд л Спортын төв ордон руу зүтгэж байлаа. Харин 1984 оноос 82 кг-д барилдах болсон. Багш дасгалжуулагч нар үндэсний бөхөөр барилдаад бэртчихнэ гээд хориглодог байсан хатуу шаардлага өндөр сахилгатай байсан даа. Тэр үед дасгалжуулагчийн үг хууль байлаа. Насаараа зүтгээд өөдтэй амьжиргаагүй болсон мань мэт хэдэн төмөр хэнхэг ам л үлдэх юм. Одоо ч харин бөхийн бай шагнал өсөөд сайхан болжээ. Ид байсан бол бөхөөрөө амьдраад байх боломж өргөн байна.

Гадаадын тамирчид дэлхийн дэвжээнээс нэг медаль аваад л насныхаа хоолтой залгадаг, манайд тийм юм алга. Харин яаж энэ үндэсний бөхөөр барилдсан юм бол? Үүнийхээ нүүрээр явж байна. Ах нь эрүүл мэнд, эр чадлаа эх орондоо зориулсан. Зодог шуудгаа аваад гарахад баталгаатай үзүүр түрүүнд үлдэнэ гэж боддог байлаа. Үлддэг ч байсан. Одоо өвгөрчээ. Гэхдээ бөхөө хүндэлдэг олны хайр халамж хаачихав Би хэзээ ч явгарахгүй, хэзээ ч хүндлэлээр дутахгүй энэ л сайхан даа.

Ингэж ярьж хөөрч суусан сүүн сэтгэлтэй ах маань одоо алга ингэж бодохоор хорвоо хуурамч юм шиг. Би Баяраа ахыг заан болдог жил гарсан хүүгээ Баяраа гэж бэлэгшээж нэрлэсэн. Тэр жил Баяраа ах маань хүүтэй болж хүүгээ Төрмагнай гэж нэрлэж, манай хүү гарьдын хүү хоёр Баянзүрх дүүргийн эмнэлэгт хамт хэвтэж эмчлүүлж байхад эргэлтээ ээлжлэн оруулдаг байлаа. Унгарын дэлхийн аваргаас ирээд удаагүй байхад байхад нь улаан хуаранд байсан гэрт нь очлоо, ах унтаж байна. Замын ядаргаа гарахгүй байна гээд босч ирлээ. Алимаа эгч хоол, цай хийж сайхан дайллаа. 1988 он байх намайг хүндэлж виски задлахад би их ичиж том цолтой бөх биш хэрэггүй гэсэн юм. Анх удаа архи амсаж байгаа нь тэр. Алимаа эгч хүүхдэд яах нь вэ гээд болиуллаа. Тийм л сайхан хүнийг алагчлалгүй үздэг хүн байлаа.

Бид хоёр хөдөө хамт явж байгаад Тэрхийн Цагаан нуурын хөвөөнд очиж хэд хоног амарсан. Тэр үед Баяраа ахын усанд сайн сэлдгийг гайхаж билээ. Усчин хүн усандаа шингэдэг юм байна. Нарны даллагатай монгол түмний заяа их болохоор энэ жил наадмаар Хөвсгөлөөс шинэ арслан төрж ахын маань орон зайг бөхийн түүхэнд нөхлөө. Хайрлаж өсгөсөн охидоос нь, харамлаж хайрласан хүүгээс нь өвөөгийнхөө зодгийг хэлбэх эзэн байгаад би эргэлзэхгүй байна. Даян аваргын зээ гэдэг шиг гартаа бүлтэй гарьдын зээ удахгүй төрийн наадмын ногоон дэвжээг чимнэ гэдэгт Монгол түмний итгэл алдралгүй хүлээж сууна. Дахан доор эр даахин доор хүлэг гэдэг.

Бурхан болохоосоо өмнө “Хийморь” сонины 100 дахь дугаарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр уулзахад “Ах нь Сүүж уулын амралтад Хөвсгөлийнхөө хэдэн бөхчүүдийг ахлаад бэлтгэлээ базааж байна. Тэгээд ч энэ жил Хотгойдын их хурдтай нутагтаа наадна Манай галаас харцага Г.Ганхуяг, Г.Элбэг нарыг заан болчих болов уу, заан Мөнхбаатарыгаа дээгүүр барилдах байх гэж бодож байна. Турснаас сурсан нь их гэж энэ хэдэн залуучууддаа мэдэх чадах зүйлээ сэтгэл харамгүй зөвөлж сууна”.

Бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт энэ байлаа. Гарьдынхаа тэнгэрт хальсан мэдээг долдугаар сарын 9-нд сонсож чихэндээ ч итгээгүй. Хайр даасан халхын их гарьд маань бурханы орноос биднийгээ харж залбирч суугаа. Үйлс өөдрөг мөр цагаан бөх ахаа дурсаж үгэн хөшөө босгосноо та бүхэндээ барилаа. Ум сайн амгалан байх болтугай.

Tavan tsagarig
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Aagii_03 » Wed Jun 04, 2008 2:26 pm

Иртэй, бяртай начныг эргэн дурсахад...

Монголын бєхийн тvvхнээ Булган нутгийн хvчтэнvvд олон. Тэдний нэг нь харахад сvрдмээр том бие хаатай биш атлаа олон мэхний хувилбартайгаараа бєхчvvдийг эмээлгэдэг нэгэн байсан нь улсын начин Ж.Даваажав агсан.
Булган аймгийн Тэшиг сумын уугуул тэрбээр спортын гялалзсан амжилт, бєх хvний гvндvvгvй сайхан зан чанараа хэзээд дурсахаар улдээж чадсан билээ. Ж.Даваажав агсан чєлєєт бєхєєр улсын шигшээ багийн шилдэг тамирчны нэг байлаа. Улс, хотын аваргаар олон удаа шалгарч байж. Улмаар 1980 онд Москвад болсон олимпийн 22 дугаар их наадамд оролцохдоо ид ир нь ханасан байж. Нэг, хоёр, гуравдугаар тойрогтоо єрсєлдєгчєє тvвэггvйхэн ялж шигшээд шалгараад байхдаа дасгалжуулагчдаа "Би заавал медаль авнаа" гэж хэлж байсан гэдэг.Тэр зоригоороо гялалзтал барилдсаар тухайн vеийн ЗХУ-ын дэлхийн аварга бєхтэй vлдэж ялагдаад мєнгєн медаль хvртэж улсынхаа алтан соёмбот далбааг Москвагийн тэнгэрт мандуулсан нь єнєєдєр тvvх болон vлджээ. Олимпийн мєнгєн медалийг урьд нь Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, З.Ойдов нар авсан байв. Тvvнээс хоёр жилийн дараа улсын баяр наадмаар зургаан начин тєрсний нэг нь Ж.Даваажав. Ямар ч бєхєд бярдуулдаггvй, цэрвvv барьцнаас голдуу мэхээ хийдэг, тун нягт барилдаантай нэгэн байсан тухай vеийнх нь бєхчvvд дурсан ярьдаг билээ. Даваажав vнэхээрийн сайн бєх байсан юм. Тэр бэлтгэл сургуулилтыг єєртєє тохируулж хийх талаар гайхамшигтай. Нэг vгээр хэлэхэд єєрєє єєрийгєє дасгалжуулчихдаг тамирчин байж билээ гэж тухайн vед Монголын багийг олимпод ахалж очиж байсан доктор Г.Лхагвасvрэн ярьж байна.
оллоо.мн
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby 21Grams » Sat Jun 21, 2008 2:11 am


Олимпод Монголоо дуурсгасан мөч буюу ТӨМӨРИЙН АРТАГ

Image

(2008-06-20)

Мехикогийн олимпоос медаль авчирсан анхдагчдын нэг бол Т.Артаг агсан. 1967 онд Польшид болсон “Олимпийн найдвар” тэмцээнд түрүүлж, дэлхийн бөхийн мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн тэрбээр “Мехико-68”-д 78 кг-ын жинд зодоглон хүрэл медаль хүртсэн билээ.

19 орны бөхчүүд зодоглосон тус жингийн эхний барилдаанд Болгарын А.Сотировт оноогоор дийлдсэн ч хоёрын даваанд Английн бөх А.Шакладюг баруун тонгорч, гуравт Канадын В.Хефелийг өөрийн дархан зүүн тонгордог мэхээрээ 4 мин 38 секундэд тус тус цэвэр ялав.

Дөрөвдүгээр тойрогтоо 1967, 1968 оны Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Унгар улсын спортын гавьяат мастер К.Бойкотой удаан тэмцэлдсэний эцэст 7:2-оор хожсон бөгөөд дараагийн даваанд түүнийг олимп, дэлхийн аварга Туркийн М.Аталай хүлээж байлаа. Хариуцлагатай тэрхүү барилдаанд манай бөх хянуур үзэн 2:2-оор тэнцэн хамгийн амттай гэгддэг хүрэл медалийг хүртсэн түүхтэй.

Гэвч Төмөрийн Артаг энэхүү амжилтаа 22 жилийн дараа л үнэлүүлсэн юм Тэрбээр идэрхэн 50 насан дээрээ хорвоог орхисон ч амгалан тайван, хэрсүү, хүдэр эрийн төрх монголчууд бидэнд мөнхрөн үлджээ.


eh survalj: tsavan tsagirag
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby 21Grams » Sat Jun 21, 2008 2:15 am

Өнөөдөр » ТЦ-ийн бөхийн өргөө
Улсын арслангийн эрэмбэтэй Баяраа гарьд
Ш.ГАЛСАНБААТАР (2008-06-20)

Image

ЦЕГ-ын үүдэнд зогсож байтал хажууд жижиг тэрэг ирээд, Баяраа гарьд хаалга нээж

-Суу гэлээ. Би завгүй, боломжгүй гэж цааргалав.
-Чацуут тэгж новшрохгүй шүү. Аавыг сайд нарын II эмнэлэгт хэвтүүлэх гэсэн юм. Цөсний хагалгаанд орох гэнээ гэв. Би яахин татгалзах билээ. Дамдин аваргыг гавьяат эмч Д.Цэдэн-Иш найрсгаар хүлээн авч

-Би аваргыгаа өвтгөхгүй ээ. Айхгүй биз дээ. Нэг муу уйланхай шиг цөс юу байх вэ дээ.
-Тийм ээ гэж сулхан хэлээд нүд нь дүрлэгнээд айгаад байх шиг байж билээ.

Баяраа гарьд:
-Цаад өвгөн чинь айгаад байна шүү дээ. Олон бөх унагаасан нүгэл нь ирж байгаа юм гээд шоолоод инээгээд байх юм.

-Ийм үед илүү үг яриад гэж намайг түгшүүрлэн хэлэхэд
-Өвгөн нь тоглосон юм. Миний аав ч дажгүй л дээ. Даанч нас нь өндөр болчихсон болохоор шарх нь удаан аних байх даа. Би ч ааваас илүү айгаад Өмнөговь руу Багахүү найздаа хэл хүргүүлсэн юм сан гээд санаашран өгүүлж билээ. Ер нь Баяраа гарьд бид хоёр бага насандаа хамт Сансарын тунелийн хойно өсч, цуг баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургуульд сурч, ээж нь миний монгол хэл-уран зохиолын багш байсан юм. Хожим нь бүүр ч дотносон ойртсон. Баяраа гарьд бөх болсон тухайгаа ингэж ярьсан юм.

-Би хотод сургуульд сурчихаад зуны амралтаар Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд аавын ээж Дарь эмээ дээрээ очно доо. Тэнд ёстой сайхан. Намайг 10-хан сартай байхад ээж надад онгоцны буудал дээр сүүлчийн удаа мөөмөө хөхүүлээд эмээ рүү минь явуулсан гэдэг. Тэнд найман нас хүртлээ өсч хүмүүжсэн хүн шүү дээ би. 18 нас хүрээд Хөвсгөлөөс цэрэгт татагдаж 107 дугаар ангид ирлээ. Тэнд ирээдүйн чөлөөт бөхийн гавьяат мастер Мэгдийн Хойлогдорж жолоочийн курст суралцаж байв. Тэгтэл нэг өдөр үдийн хоолон дээр үстэй дээл, үнэгэн лоовууз өмссөн монгол гуталтай их том хүн ороод ирлээ. Би хүүхэд байсан болохоор “Тунгалаг Тамир” киноны цахиур Төмөр л ороод ирэх шиг санагдав. Нөгөө хүн Булганы Ж.Бор, Төвийн Б.Даваадорж, Увсын Г.Буянтогтох, Өвөрхангайн С.Дамдинбазар бидний таван цэргийн хөнжил пүүгээг үүрүүлж, автобусанд суулгаад улсын нийтийн номын сангийн үүдэн дээр Сталины хөшөөний дэргэд буулгав. “Хамаагүй явж болохгүй, төөрнө шүү” гэж анхааруулав. Гэтэл нөгөө цахиур Төмөр шиг аварга хүнийг маань хүмүүс хараад шивнэлдээд нэг л биш ээ.

Удалгүй “УАЗ-469” машин хажууд ирээд янхийтэл тооромослоод биднийг чихэж аваад “Алдар” нийгэмлэгт очих нь тэр ээ. Тэгсэн нөгөө том эр маань Хадбаатар аварга байжээ. 1976 онд түрүүлсэн жилээ тэгж биднийг авчирч, Бор бид хоёрыг онцгойлон чармай нүцгэлж байгаад адуу мал шинжиж байгаа юм шиг эргүүлж тойруулж, элдэвлэж байгаад

-“Алдар”-ын хоол зохих болтугай гээд далан дээр чанга алгадав. Би ингэж л монгол бөхийн зүлэг ногоон дэвжээтэй амь амьдралаа холбосон бөх дөө гэж хуучилсан сан. Дамдин аваргын хүү Баяраа бол монголчуудын хэлж заншсанаар яахын аргагүй удам дамжсан бөх гэж хэлж болно. Баярааг би 1977 онд Монголын Ардын арми сурталчлах сарын ажил Архангай аймагт зохиогдоход анх бөх болсныг мэдэж их баярлаж гэртээ аваачиж цайлан Сансарын дош довныхоо тухай хуучлан сэтгэлээ сэргээсэн юм.

-Чи хотын хүүхэд байж юугаа хийж энд ирсэн юм бэ гэж намайг зэмлэхэд нь би мөчөөгөө өгөлгүй
-Чам шиг л эмээ өвөөгийн хүүхэд байсан болохоор ийшээ зүтгэсэн юм гэвэл
-Хөгшчүүд ч тос даагаад нүнжигтэй шүү гээд санаа алдаж байсан. Тэр орой, нутгийн бөхчүүд армийн бөхчүүдтэй нөхөрсөг барилдаан зохион байгуулахад би Баяраагийн платкан малгайг барин
-Миний багын найз гэж сумынхаа залуучуудад бахархаж хөөрөлхсөн сөн. Тэр аймгийн начин Цэдэн-Ишийн Бадамжавыг хаяж түрүүллээ. Нормын хоолны годгор цэрэг ийнхүү нас бие гүйцсэн аргил эрийг салтаадаад шидчихийг манай Хайрхан сумынхан хараад
-Айхавтар золиг гэцгээж байснаа удалгүй л
-Дамдин аваргын хүү юм гэнээ, тэгвэл ч аргагүй гэцгээж байсан.

Баяраа бол харгис хэрцгий юм уу гэмээр дүр төрхтэй боловч яг наалдаад ирвэл хүний дээд, сэтгэлийн хайлан байсан юм. Өтгөвтөр хар хөмсгөө зангидаад
-Наад мууг чинь далаар нь цэвэр тавинаа гэвэл санасандаа хүрнэ шүү. 1983 онд Болгарын бөх Валерий Поповыг ялахад нь би цуг байсан юм. “Надтай тал нийлэх юм байна. Эхний гурван минутад л багтаана” гэдэг юм байна.
-Наадах чинь Балканы орнуудын хошой алтан медальтай гэж зарлуулаад байна. Хашир барилдаарай гэхэд над руу нэг цоргиж харчихаад гарлаа. Нээрэн л эхний гурван минутад дэвжээний зах дээр цэвэр тавьчихаад ирэхэд нь

-Чи ч мундаг юм аа гэж баярлан хэллээ.
-Нүд, сэтгэл хоёрт багтаад байсан юм гэсэн дээ. Баяраа гарьд МНТ-ны 750 жилийн ойн амжилтаар улсын арслангийн болзол биелүүлсэн гэж олон бөх судлаач, сонирхогч ярьдаг юм. Тэнд 768 бөх барилдахад гуравт үлдсэн Дамдингийн Баяраа заан долоод Д.Цэрэнтогтох аваргыг, наймд улсын арслан М.Мөнгөнийг тунаж даван “Үлэмж бадрах” чимэг хүртсэн байдаг. Тэнд түрүүлсэн Б.Бат-Эрдэнэд дархан аварга цол хүртээж үзүүрлэсэн Х.Баянмөнх аваргад “Үлэм хэтэрхий” чимэг олгожээ. Нэгэн цагийг эзэлсэн их аварга, айсуй цагийг эзлэхээр шинэ үеэ эхэлж буй дархан аваргатай үлдсэн улсын заан цолтой Баяраагийн амжилт бол үнэхээр шинэ үзүүлэлт байсан билээ. 1979 онд начин, есөн жилийн дараа дөрөвт үлдэн Мөнгөн арслангаар долоо даван улсын заан цол, Хэрлэнгийн хөдөө аралд гаргасан амжилтыг үнэлэн гарьд цол олгосон юм.

Баяраа гарьдын хэр зэрэг хүнлэг болохыг илтгэсэн ганцхан жишээ дурдъя. 1987 оны намар Хэнтий аймгийн Өндөрхаан хотод болсон Намын бага хурлын төлөөлөгчдөд зориулсан хүчит бөхийн барилдаанд урилгаар Д.Баяраа болон улсын начин П.Эрдэнэбаяр, цэргийн начин А.Тэгшээ нар очиж оролцов. Энэ үеэр гурван удаа барилдаан зохион байгуулж эхний хоёрт нь Баяраа, Эрдэнэбаяр нар түрүүлж Тэгшээ дөрөвт үлдсэн юм байх. Сүүлчийн барилдаан эхэлж байхад Баяраа гарьд:
-Хотоос гурвуулаа ирчихээд хоёр нь түрүүлээд нэг нь хоосон буцах эвгүй юм. Бид хоёр сайн бөхчүүдийг түүж амлаад хаячихъя! Тэгээд чи түрүүл. Хэнтийд нэг түрүүлж байлаа гэж ярихгүй юу гэжээ. А.Тэгшээ нь ичингүйрхэж:

-Ээ, гарьд минь, хүмүүс итгэхгүй байх аа. Хэрэггүй, хэрэггүй гэж хэлсэн мөртлөө дотроо бол дуртай л байжээ. Тэгээд Тэгшээ нь түрүүлж Баяраа гарьд үзүүрлэж, цэргийн начин маань дипломат цүнх, халуун саваар шагнуулж гэнээ. Тэгсэн чинь хэрэг бишдэж, сурвалжлагч Лувсангийн Ожгоош гуай төвийн сонинд Хөдөө орон нутагт очоод худлаа барилдаж хөдөлмөрчин олныг тохуурхсан гэх маягтай том шүүмжлэл нийтлүүлжээ.

-Муу бөхтэй явах ийм гайтай байдаг юм гээд Баяраа гарьд наг наг хөхөрч байсан гэж А.Тэгшээ гэгээнээр дурсдаг.
Дамдин аваргын ээж Дарь гуай Оросын буриад байсан гэдэг. Түүнийг баталж болмоор нэг баримт байна. ОХУ-ын Буриадын Улаан-Үдийн Хөц Намсраевын нэрэмжит театрын найруулагч асан Лазер Лувсанович Чимэд бол их аваргатай эгч дүүсийн хүүхэд юм гэнэ. Нэг үгээр хэлбэл үеэл аж. Тэрбээр Москвад ВГИК Новосибирскийн театр урлагийн дээд сургууль, Владивостокийн хөгжмийн дээд сургууль тус тус төгсгөсөн боловсрол өв тэгш өвгөн буриад явжээ. Лазер Лубсанович Уралд суралцаж байхдаа нэгэн монгол оюутантай танилцан улмаар Дамдин аваргын гарал үүсэл, удам судрыг санамсаргүйгээр сонсч мэдэж авсан байна. Нөгөө монгол нь түүний халамжид нэг жил зургаан сар болохдоо Л.Л.Чимитов гуайд:

-Хөвсгөл далай үзүүлнэ. Дамдин гуайтай холбоо барьж бичиг захидлаар харилцуулж холбоо тогтоож өгнө гэж амлажээ. Хожим нь Буриад-Монголын соёлын өдрүүд ОХУ-д болоход мөнөөх Чимитов гуай
-Танай Монголын Тэх бил үү, Ухна бил үү эр ямааны нэртэй хүү намайг Дамдин баавайтай уулзуулна гэсэн алга. Одоо нас өндөр боллоо доо гэж гомдоллон өгүүлжээ.
-Улсын филармонийн Ухнаа гуай байлгүй дээ гэвэл
-Өө тийм тийм, яг тийм. Чёрт возьми, мэнд амар уу гэсэн гэдэг. Хэдэн жилийн дараа Дэлхийн аварга Борис Будаевын нэрэмжит тэмцээн Буриадад болоход Баяраа гарьд оролцжээ.

-Миний дүү Баярав, Баярав гэж баахан үнсэж үлгэн дайлж цайлаад өглөө үүрээр өвөрт нь унтаад явсан гэдэг. Харин Баяраа гарьд Хөвсгөл аймгийн Цагааннуурын Засаг дарга байхдаа авга ах Л.Л.Чимитов гуайд хил худалдаагаар дамжуулан хоёр торх давсалсан загас явуулж байжээ. Үндэсний бөхийн арслангийн дайтай гарьдын гэгэн дурсгалд зориулж түүний төрх дүрийг мөнхжүүлэх үүднээс зөвхөн монгол бөхийн дэвжээ тойрсон сониноос уншигч танд түүвэрлэн хүргэлээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby 21Grams » Thu Mar 05, 2009 12:42 am

Санжаа заан, Лундаа начин хоёрын тухай санаандгүй өрнөсөн хууч

2009/03/04 • Сэдэв нь: Бөх, Спорт

Саяхны нэг өдөр алдарт бөх З.Ойдов, “Алтан шүгэлт” А.Басхүү бид хэдийн дунд ажил төрлийн яриа болсны дараа Ойдов аварга “За алив, сайхан юм ярыдгаая” гэсэн санал гаргахад яриаг улс төр, хямрал энэ тэр рүү алдчихалгүй бөх рүүгээ хандуулахын тулд миний бие эхэлж салхи хагалав. Би:

-Том Санжаа заан өнөөдөр МҮБХ -нд цолны хишгээ авахаар Түргэний голоос ирсэн юм. Манайх 45-аас дээш настай улсын цолтнууддаа цолны хишиг олгохын дээр 70-аас дээш настай ахмадууддаа cap шинийн өмнө тавгийн идээ боов, чихэр, архи тэргүүтэн өгдөг юм л даа. Энэ жилийнхийг 18-нд өгөхөөр товлоод байсан тул заан хоёр хоног хүлээж байгаад аваад явах янзтай болохоор нь “Гэр орон, авгай хүүхэд чинь юу болдог бол” гээтэхсэн чинь мань заан “Саяхан авгай хот ороод 3 хоноодхарьсан, хариуг нь авдаг хэрэг” гэснээ нэг их чангаар паржигнуулан инээдэг байна шүү гэж ярив. Ойдов аварга залган авч:

-Санжаа гуай аргагүй аварга хүн шүү. 1973 онд бид шигшээгийнхэн Сөгнөгөрт бэлтгэлд гараад байхдаа Санжаа гуай , Сосорбарам гуай гээд хэдэн ахмад бөхчүүдээ хэдэн хоног амраасан юм. Нэг өдөр багш биднийг кросст явуулах болоход Санжаа гуай бас явна гэлээ. Уул өөд гүйгээд хамгийн дээд талын овоонд түрүүлээд очиж явтал ардхан нэг “cap cap” гэсэн чимээ гарахаар нь эргээд хартал Санжаа гуай ойрхоон ирж байна шүү. Би ч овоо тойрч цаг алдалгүй хурдхан нэг чулуу шидчихээд доод овоо руу чавхадлаа.
Бодох бодол минь “Бид шигшээгийн тамирчид гэж байх. Чөлөөт бөхөө хаяад 6-7 жил болчихсон хүний ард ирвэл шившиг” гэсэн л бодол. Би уруу гүйхдээ муухан л даа. Эргээд харахад Санжаа гуай овоо тойрч алхаад ер яарсан шинж алга. Гэвч кросс дуусахад Санжаа гуай миний ард надаас 20-иодхон метр зайтай бусад нөхдийг минь бараагүй хаяад л ирж байгаа юм даа хэмээгээд “Би тэгэхэд овоо тойрч Санжаа гуай шиг тухалсан бол гүйцэгдэж мэдэх байсан шүү. Аргагүй л аварга хүн юм даа гэж бодсон доо” гэхэд Басхүү:

-Санжаа гуай кросст үнэхээр мундаг, бага жингийнхэнтэй л ана мана ирдэг, хөл нь адуу малных шиг л чанга байдаг байсан гэнэ лээ. О.Цэрэндагва багш бид хоёр 1982 онд Ленинградад тэмцээнд очихдоо Лосик багштай уулзсан. Тэгэхэд Лосик багш энэ тухай ярьж байсан. Манайд 1960-аад оны дундуур ажиллаж байх үед нь Цэрэндагва багш Лосик багшаас “Ойрдоо манайхаас дэлхийн аварга болох бөх байна уу” гэж асуухад Лосик багш Санжаа гуай руу заагаад “Энэ л байна даа. Дэлхийн хүнд жингийнхэн дотор ийм үзүүлэлттэй бөх байхгүй. Толгойнд нь юм хийх хэрэгтэй” гэсэн гэдэг гээд Ойдов аваргад хандан “Та ч мөн мундаг гүйдэг байсан шүү. Араас нь гүйж явахад хоөр том гуя чинь савлаад хэцүү харагддагсан” гэхэд аварга:

-Гуя гүйхэд саад болохгүй, харин хоёр хас хоорондоо хавирч шалбараад цоорчихдог нь хэцүү дээ.Биднийх бараг бүгд тэгдэг байсан гэж байна. Би:

-Кросс хэдэн километрт гүйх вэ хэмээн асуутал хоёул нэгэн зэрэг шахам “Дээд тал нь 20, за ерөнхийдөө 18 км” гэцгээв. Ойдов аварга:

-Одоо кросст явах хүн байхгүй болж, тэгэхээр яаж тэвчээр сууж, амьсгаа задрах вэ гэхэд Басхүү:

-Би шигшээгийн дасгалжуулагч байхдаа 1990 онд “Ойн булаг”-т багаа аваад бэлтгэлд гарсан байлаа. Ж.Даваажав, Б.Болд, Л.Ням гурав миний туслах. Гадаадын мэргэжилтэн байхгүй тул өөрөө бэлтгэлийн төлөвлөгөө хийсэн байлаа. Гэтэл Ж.Даваажав, А.Баатархүү, Д.Баяраа, П.Сүхбат, Д.Хишигдорж, Ло.Эрхбаяр тэргүүтэй улсын цолтнууд наадмын бэлтгэлд тусдаа гарах санаатайгаа Ж.Даваажаваараа дамжуулаад хэлж байна. Би төлөвлөгөөгөө гаргаж тавиад “Хол, дунд, ойрын кросст гүйнэ, сагс, хөл бөмбөг тоглоно, штанг өргөнө, зодог шуудагтай бэлтгэл хийхгүй. Гэхдээ та нарыг наадамд барилдуулна. Дан чөлөөтийн бэлтгэлээр найраагүй начин болсон А.Баатархүү энэ сууж байна. Үүнийг зөвшөөрөхгүй бол рдоо Улаанбаатар яв, буцаж бүү ир, биднийг дэлхийн дэвжээ хүлээж байна” гэлээ.
Тэр жил 7 дугаар сарын 28-29-нд АНУ-д Дэлхийн сайн санааны тоглолт, 9 дүгээр сард Токиод ДАШТ, 14 хоногийн дараа Бээжинд Азийн спортын их наадам болох байсан юм. Тэд маань мөн ч дуулгавартай байж. Сүхбат “Багшаа би том цолны төлөө барилдана шүү дээ. Ядаж нэг удаа кроссоос чөлөөлөөч” гэх. Би”Тэр тусмаа кросст гүй. Чи наадамдаа ч цол ахина, Токиогоос ч медаль авна” гэдэг байлаа, бөхчүүдээ 9-нд хотод авчирч буудалд хонуулаад 10-нд гэр гэрт нь явууллаа. “Баавгай” Сүхбат багийн ахлагчийн хувьд асууж байна. “Бид жин нэмсэнгүй, бүгд сэнсэрчихлээ. Доогуур даваанд бүгдээрээ унавал яах вэ?” гэж. Бодлоо. Тэгээд “Бэлтгэл сайн хийсэн хүн л давдаг юм бол та нар сайн барилдана. Эхний 2-3 дайралтыг нь л өнгөрөө, тэгээд удах тусмаа та нар чангарна” гэлээ.
Тэр наадмаар шавь нараас П.Сүхбат улсын заан О.Балжиннямтай тунаж барилдан даваадзаан цол, Р.Гансүх З.Дүвчин заанаар 6 давж, Ло.Энхбаяр ихэртэйгээ тунаж даван, Лу.Энхбаяр Ч.Гочоосүрэн зааныг давж найраагүй начин цол хүртэцгээгээд , улмаар П.Сүхбат маань Токиод болсон ДАШТ-ээс хүрэл медаль туусан даа…
Энэ бол “Кросс гэгч сонгомол бэлтгэлийн өгөөжийн тухай яриа юм. Энэ бол бас спортын “дарангуйлал” буюу хагас ардчиллын тухай яриа юм. Энэ бол бас эх оронч үзлийн тухай яриа юм. Өнөөдөр энэ гурав үнэхээр их үгүйлэгдэж байгаа юм байна” гэж бивээр бодож суулаа. Тэгж байтал мань хоёрын яриа гэнэт Лундаа начин руу ороод явчихлаа. Ойдов гуай:

-1970 онд байх, СТО-д болсон нэг барилдаанд барилдчихаад гутлынхаа түрийний боолтоор ордны шатны хашлага шавхуурдаад өгсөж явахаар нь “Юу болов” гэтэл “Халзан аваргыг нэг суулгачихая гэсэн чинь болдоггүй юм байна. Дээшээ харж хэвтчихээд л босч ирээд дарчих юм, уулаасаа илүүтөрчихсөн юм чинь яаж ч болдоггүй юм байна аа” гэж байна. Тэгэхнээ нь мань хүн халз дэгээ ороогоод дайрахад нь Мөнхбат аварга арагшаа сууж, хойноо гараараа тулснаа түлхэж өндийж ирээд дарчихсан юм байна л даа.
Аварга “Чимэдийн “модон хамарт” ард нь нэг юм ураад хаячих шиг боллоо” гэж байсан нь сүүжний нь далбан, ууцхоёрын холбоосыг нь 1,5 см салгасан нөгөөх бэрх гэмтэл байсныг бараг жилийн дараа Орос эмч тогтоож эмчилсэн гэдэг шүү дээ гэхүйд Басхүү:

-Лундаа гуай үнэхээр мундаг бөх байсан. 1971 оны ДАШТ-нд ЗХУ-ын бөх, урьд жил нь дэлхийн аварга болсон Страховтой таарчихжээ. Хэн нь ч оноо авалгүй сүүлчийн 3 минутанд барилдаж байхад нь шүүгч манай хүнийг торгуулиар хассан байгаа юм. Үхтлээ ядарч шүүгчийн үзэмжээр ялсан Страхов “Чөтгөр ав, энэ юун Монгол вэ?” гээд нөгөө хэлэх хэлэхгүй хараалаа урсгаж байсан гэнэ лээ гэж ярихад Ойдов аварга:

-Уртын дуу сайхан дуулна. Ядарна гэж байхгүй. Мөөөө, Баянаа хоёрыг хааяа бэлтгэл таслаад ирэхэд Лундаа гуайтай тулгачихна. Тэгэхэд ядраагаад л байдаг байсан даа. Гэхдээ аваргуудаас дутуу л даа. 1968 онд “Олимпийн найдвар” гэж тэмцээн Европт болоход мөнгөн медаль аваад л ирсэн. Тэр жил бас их хөгтэй. Магсар багш Тэрэлжийн барилдаанд 2 удаа 4-өөс дээш давж чадаагүй бөхчүүдийг наадамд явуулаагүй юм.
Нэг бодлын хатуу ч юм шиг, нэг бодлын **н** ч юм шиг л хэрэг л дээ. Артаг гуай, Лундаа гуай хоёр мань мэтийн хэдэн жижиг юмтай наадмаас үлдэж байлаа шүү дээ. “Хоёр Мөнх” түрүү, үзүүрт үлдчихээд байхад биднийг бөх үзүүлэхгүй 18 км-ийн кросст гүйлгэхэд Лундаа бидний хойно нэг гарч, урд нэг гарч биднийг шавхуурдаад л бараг 30 км гүйчихээд огт ядарсан шинжгүй байдагсан… Бөхийн тухай бидний энэ удаагийн энгүүн хууч ийнхүү монголын хоёр сайхан хүчитний тухай санаандгүй өрнөсөн нь надад уншигчиддаа дуулгах нэгэн том олз болов.
“Том олз” гэхийн учир нь энэ хоёр эрхэм хэн нэгнийг муулсангүй, харин хоёр сайхан бөхийн хэн хүн мэдээд байдаггүй сайн чанарын тухай дуу дуугаа аван магтсанд, бэлтгэл гэж юу байдаг, түүнд кросс гэгч ямар их үүрэгтэй байдгийг эргэн сануулсанд орших юм. Бас улсын цол авах эрэмбэтэй хоёр том бөхийг улсын наадамд барилдуулаагүйгээр барахгүй, наадмын түрүү үзүүрийн барилдаан ч харуулалгүй, бэлтгэлийнхээ хуваарь төлөвлөгөөний дагуу кроссонд гүйлгэсэн багшийгаа ардчиллын энэ өндөрлөгөөс “дарангуйлагч” гэх нь холгүй муулж болох байтал тэгсэнгүй нь ч олз байлаа. “Тэр жил 25 настай Т.Артаг, 22 настай Ч.Лундаа хэмээх идэр хоёр хүчтэн начин цол хүртэх ч байсан юм бил үү” гэсэн бодол үүнийг тэрлэгчид төрсөн бөлгөө…

2009 оны 2 дугаар сарын 16.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby 21Grams » Sat Apr 04, 2009 8:59 am

Энгүй хүчтэнүүдийн эр бярын бахархал
(2009-04-02)

Саяхны нэг дугаарт хүчит бөхчүүдийн хөвчийн эзэн хүрэн баавгайтай хүч үзсэн тухай сонирхолтой нийтлэл гарсныг уншаад эрт эдүгээгийн хүчтэнүүдийн эр бяраа сорьсон олон сайхан барилдааныг цухас дурдан бичлээ.


Булигаар богцыг тас татсан нь
Их аварга Ш.Намхай нутгаас гараад наадамд явахдаа хээр хоногложээ. Гэтэл шөнө нэг хүн ирээд аваргын дэрлэсэн богцыг авахаар татжээ. Аварга нэг гараараа богцоо татаж цаад хүн ч татаад булигаар богцыг тастаж орхиж. Аварга “Өө, энэ чинь хулгар нохой юу даа” гэхэд нөгөөх нь “Чи Намхай юу“ гээд инээлдэж байсан гэдэг. Тэр хулгар нохой гэж дуудуулдаг нь Халхын нэрт арслан шилийн сайн эр Нацаг байсан аж.

Үхрийн шаант хуга мушгисан нь
Аварга Ш.Намхай үхрийн шаант чөмгийг ганцхан мушгиад чөмгийг нь сордог тэнхээтэй байснаас хүмүүс шаант чөмөг өгч мушгиулах гэж оролдох болсон гэдэг.

Тэмээ өргөж тавьсан нь
Нэгэн цасан шуурганаар аварга Ш.Намхай арслан Нацаг нар босохгүйгээр хэвтсэн тэмээдийг дамжлан өргөж майхны хаяагаа дарж, дулаан хоносон гэдэг.

Эр хар суран чөдрийг тас татав
Даншигийн их аварга О.Дугар Аюур зайсан гэдэг эмнэг догшинтой айлд буудаллаж гэрийн эзний зангидаж буй чөдрийг үзээд нэлээн голонгуй байжээ. Аюур зайсан үүнийг хараад “Эр хар сурыг дөрөв дарж сумласан давхар суран алгатай, дөрвөн давхар хаатай ийм чөдөр хаа ч байхгүй, чи татаад үзэхгүй юу” гэж шаралхаж. Аварга ч ганцхан татаад тасалж үүнийг харсан гэрийн эзэн бахархан бахдаж нэр усыг мэдэлцэн танилцаж байжээ.

21 муугийн худаг
Урьд Сан бэйсийн хошуу Хөгнө хавийн бөхчүүд тэр үеийн долоон хошуу даншигт бөөнөөрөө морин хөсгөөр аялан ирэх замдаа нэг нэг өдрөөр урьдчилан ус олж аргал түлшээ базаадаг байж. Нэг өдөр Дугар аваргын ээлж болж явж байтал худагт толгойгоороо унаж үхсэн үхрийг татаж ноцолдож байгаа баахан хүмүүстэй тохиож. Тэдгээр хүмүүсийн гаргаж чадаагүй үхсэн үхрийг худгийн хашлага модтой мулт татан гаргаж. Цугласан хүмүүс нэр алдрыг асуухад аварга тэнд байсан хүний тоогоор 21 муу гэж хэлсэн гэдэг.

Морио үүрч хүрээ оров
Сүхбаатарын Мөнххаан сумын уугуул аварга Буянтогтох хүрээ орж явтал морь нь эцэж. Ингээд морио чирч гулдарч Туул ба Улиастайн голыг гаталж Наймаа хотын хойгуур явтал нэгэн баян лам таарч их л танимхайрхан “За Буянтогтох чиний нөгөө бяр тэнхээ чинь хаачсан наад муу морио ингэж чирч гулдарч байхаар үүрээд явахгүй яагаав” гэхэд аварга “Бяр ч яахав байна. Үүрээд явбал та юу хайрлахсан бол” гэхэд “Би энэ унаж яваа морио өгье” гэж. Тэгэнгүүт аварга “Эмээл, хазаартай нь өгнө биз дээ” гэхэд лам “Тэгвэл хүрээний баруун талд байгаа манай гэрийн үүдэнд очно шүү” гэж.

Аварга “Таны нэр алдар хэн бэ” гэвэл Өрлүүдийн Бүтэмж гэлэн гэдэг дээ гэж. Аварга угаас сэргэлэн хүн тул орлого олз олох эх үүсвэр энэ гэж дотроо бодоод хормойгоо шууж бажгар дурдан бүсээрээ морио боож үүрээд алхаж гарч. Богдын хүрээний дундуур орж Батгүний урдуур Сэлбийн улаан модон гүүрээр гарж алхсаар Гандангийн зүүн хүрээ өөд өгсөж ламын үүдэнд очин морио буулгаж мөрийгөө авсан аж. Гандангийн өөд өгсөж явахад цээжнээс нь цус амтагдаж байсан гэж хожмоо амьд сэрүүндээ дурсан ярьж байжээ.

Бухыг номхруулсан нь
Буянтогтох аваргатай бяр сорьсон бас нэг явдал таарч. Нутгийн баян айлд зочилж дараа нь гадаалж байтал айлын догшин бух ирж, тэдний бухтай мөргөлджээ. Үүнд гэрийн эзэн их сандарч “Бухыг минь гэмтээчих вий. Энэ хоёрыг чинь яаж салгадаг юм билээ дээ. Буянтоо чи ч салгаж чадахгүй биз” гэхэд Буянтогтох үзье байз гээд тэр хоёр бух руу ойртон дунд нь малгайгаа хаяж орхиж хоёр бух ч орилон өөд өөдөөсөө ухасхийтэл аварга хажуугаас нь ухасхийн дайрч хоёр бухын нэг нэг эврээс ёзоордуулан барьж аваад хоёр тийш нь (гэдрэг) алдлан татжээ.

Аварга хоёр тийш ухруулан татаж гүйцээмэгц хоёр бух ч Буянтогтохын гарыг дийлэн өөд өөдөөсөө зүтгэж хариугүй хүрдгийн даваан дээр дахиад л Буянтогтох нь дийлж хоёр тийш татаж салгасаар нэлээд удаж. Эцэст нь аваргын гар цуцан хаяж орхиж. Харин хоёр бух эргэж мөргөлдсөнгүй, хоёр тийшээ салан оджээ. Ингэхээр аваргад хоёрын зэрэг бухны тэнхээ байжээ.

Шавраас үхэр гаргав
Төв аймгийн Баян Рэнчин гэж (нутгийнхан хөмсөг Рэнчин гэх) нэлээд хүдэр эр айлд очоод явж байтал нуурын хөвөөний хаяанд морио сойчихсон нэг хүн байж байхыг хараад очжээ. Очтол Буянтоо аварга байна гэнэ. Аваргын нэг үхэр нуурын шаварт шигдэж. Аварга Рэнчинг харж бөөн баяр болж “Ашгүй чи ирлээ, би ийм л азтай золиг байгаа юм” гээд олзуурхаж. Ингээд үхрээ татан гаргах болж. Авара Рэнчинг “За чи олигтойгоороо урьд нь ор би араас нь татья гэсэн гэнэ.

Ренчин угаас бяртай ч залуу ч хүн байж. Сэтгэлд нь багтаад татаж. Гэвч хөдөлгөсөнгүй. Аварга араас нь татаж байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Тэгтэл аварга ганцаараа би нэг үздэг юм уу гээд татсан чинь шууд чирж гаргаад ир. Тэгээд Рэнчинд “Би чамайг овоо тэнхээтэй юм байж гэж бодсон хариугүй эр шив дээ” гэж ёжилжээ.

Орсон буурыг номхотгов
Сэцэн ханы алдарт аварга М.Дашрэнцэн нэг өвөл адууны эрэлд явж дээ. Говирхог нутагт ороод явж байтал хэсэг тэмээний захад орсон буур цээжээ хүржигнүүлэн шавж байснаа өөрийг нь чиглээд ирж гэнэ. Дашрэнцэн мориноосоо бууж, чирсээр яваад гадас шиг шовх болсон уурганыхаа ёзоороос тохой хиртэйг хугалан эмээлийнхээ тохмыг авч зөөлөвч болгон цээжиндээ барьж нөгөө модоор тулан хүн барьдаг догшин хар бууртай халз тулаанд оржээ.

Хоёр хүчтэн бие биенээ тулан тийш тийш түлхэлцэн хэсэг байжээ. Уурганы шовх ёзоор буурын цээжинд агших агшинд М.Дашрэнцэн гэнэт үсрэн зайлбал нөгөө буур хүчиндээ газарт налан унахдаа мөнөөх модонд сүлбүүлэн үхсэн гэдэг. Гэрийн эзэнтэй замдаа таарч “Таны замд нэг хар буур таарав уу. Хүн барьдаг айхавтар буур байгаа юм” гэхэд “Таарсан, би барилдаад давлаа” гэхэд алдар нэрийг нь сонсон биширсэн аж.

Эгэлгүй хүчтэн
Увс аймгийн нутагт арван Баядын Гонгио гэгч их том биетэй, эгэлгүй хүчтэй сайн бөх байж. Түүний бяр тэнхээний талаар олон домог ард түмний дунд үлджээ. Гонгио нүүх гээд ачлага олдохгүй болохоор гэрээ баглаж үүрээд ээжийгээ дээр нь суулгачихаад огт түүртсэн шинжгүй хол саахалт хиртэй нүүж байсан гэдэг. Бас нэг өвөл хээр хөдөө явж байтал араатан мэт хүн барьдаг айхавтар бууртай учирч гэнэ.

Буур ч Гонгиог харчихаад захлан зогсож байснаа дайраад ирлээ гэнэ дээ. Тэгэхээр нь мань эр урд хоёр хөлийг нь давхар хамж унагаад хойд нэг хөлийг нь хүчлэн татаж ирээд борвиор нь соёо шүдэнд нь тээглүүлж орхиод яваад өгсөн гэдэг.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Sun Apr 19, 2009 9:47 am

Малига бүргэд Бат-Очир арслангийн дунд хүү Дагва: Манай удмаас улсын цолтой бөх төрнө гэдэгт итгэдэг…

- Та эцгийнхээ тухай манай уншигчдад дурсан яриач?

-Миний эцэг Малига бүргэд Бат-Очир Түшээт хан аймгийн Шавь отог одоогийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баянхошуу Тэрэмийн шавь гэдэг газар 1898 онд Пэлжээгийн ууган хүү болж мэндэлсэн. 4 настай байхдаа эмэг эхийнхээ хамт Шанхын хийдэд очиж шавилан сууж тэнд шашны номоор боловсорч тэндээсээ баньд нартай дээлээ урагдтал барилдаж бөх болох гараагаа эхэлж түүгээрээ үргэлжлүүлэн ноцолдсоор баруун хүрээний малига бүргэд Бат-Очир гэж нэрлэгдэж явсан.

Их Монгол Шаравжамц гуай дээр очиж гараа, дэвээгээ заалгаж бөхийнхөө гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр хүнийг бөхийнх нь хувьд ааваа гэж авгайлж дууддаг байсан гэж 1932 оны улсын их баяр наадамд 1024 бөх барилдахад түрүүлж улсын арслан болж байсан үе ярьдаг юм.

1924 оноос 1932 он хүртэл Цэргийн наадам гэж байхаас эхлэн Улсын наадамд 10 гаруй жил барилдсан байдаг юм билээ. Энэ хугацаандаа олон удаа шөвгөрч 1932 онд Улсын баяр наадамд 1024 бөх барилдахад улсын заан Долгорын Содномтой үзүүр түрүүнд үлдэж барилдаад анх удаа түрүүлж улсын арслан цол хүртсэн. Тэрнээсээ хойш хойтон жил нь бяр чадал ид орж цол дагаж бяр ордог гэгчээр сайхан барилдахаар наадамдаа ирэхэд нь хүмүүс энэ жил бас түрүүлж ч магадгүй гэж ярьж байсан гэдэг. Гэтэл хоёрын даваанд Их Монгол Шаравжамц гуайтай барилдаж унахыг Чойбалсан гуай шаардахаар нь:

-Тэр холоос морь биеэ зовоож ирчихээд эрийн чадал үзэхгүй юм бол дэмий юм байна аа гээд ахиж ирж барилдаагүй гэж хүмүүс ярьдаг. Бас нэг наадамд тугийн өмнө очиж мөргөснөөсөө болж шашны үзэл гаргалаа гэж Чойбалсанд зэмлүүлж энэ хоёр үйл явдлаасаа болоод Улсын наадамд олон очиж барилдаагүй юм билээ.

-П.Бат-Очир арслан маань хэдэн хүүхэдтэй байв. Одоо үр хүүхдүүдээс нь хэдэн хүүхэд амьд сэрүүн байна вэ. Ач зээ нараас нь бөх болсон хүүхэд бий юу?

-Миний эцэг зургаан хүүхэдтэй. Хамрийн том ах маань Мягмар гэж байгаад нас барсан. Одоо амьд сэрүүн хоёр охин, гурван хүү нь байж байна. Манай эцгийн том охин Лхагваас гарсан зээ хүү а/а А.Алтанхуяг улсад гайгүй барилдаж байгаа. Миний бага дүү Лхагвадорж а/а цолтой. Бид хэдийн үр хүүхдүүдээс бөх болж магадгүй гэж харж явдаг хүүхдүүд байгаа.

-Та аль аймагт төрж өссөн бэ. Дундговь аймгийн үндсэн иргэн үү?

-Миний эцэг гурван аймгийн гурван сумын заагт төрсөн хүн. Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баянхошуу хэмээх уулын бэлд мэндэлсэн. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт айлд өргөгдсөн хүн. Эрдэнэдалай суманд ирээд бага, дунд сургууль төгсөж Улаанбаатар хотод Багшийн сургуулийг 1968 онд төгсөж улмаар мэргэжлээ дээшлүүлж Улсын багшийн дээд сургуулийн Түүхийн багшийн ангийг төгссөн. Энэ мэргэжлээрээ 30 гаруй жил багшлаад тэтгэвэртээ гарсан.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Танай хүүхдүүдээс бөх болох хүүхэд бий юу?

-Манай эхнэр эх барих бага эмчээр олон жил ажилласан. Одоо тэтгэвэртээ гарсан. Манайх хоёр хүү, хоёр охинтой. Том хүү маань Баянмөнх аваргын Шонхор дээд сургуульд сурч байгаад өөрөө гачигдлын байдлаас болж сургуулиас гарсан. Одоогоор хоёр хүүхдээс маань барилдаж цол хэргэмд хүрсэн хүн алга. Том охины маань хоёр хүү бий. Тэр хоёрыг бөх болж магадгүй гэж боддог. Хүргэн маань Увсын хүн. Бөхтэй газрын хүн болохоор хүүхдүүдий нь бөх болж магадгүй гэж харж байдгиймаа.

-Танай ээж аль аймгийн аль сумын хүн байсан бэ?

-Миний эх одоогоор бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнгөт багийн нутаг Ар Жанчив (хуучнаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Дөрөлж) гэдэг газар төрсөн. Дээр үеийн Засаг захиргааны зохион байгуулалтын хуваариар Тэрэм шавийн отгийн хүн, Миний ээжийг Дэжид гэдэг. Үйлэнд уран хүн байсан. Манай хоёр эмэгтэй дүү ч бас уран хүмүүс бий. Миний эхнэр ч гэсэн бас уран. Эхнэрийн маань ээж ч уран хүн байсан. Манай хүний хийсэн зүйлүүдээс улс, аймгийн үзэсгэлэнд гарч байсан бүтээлүүд бий.

-Бага дүү а/а Б.Лхагвадоржийнхоо тухай ярина уу?

-Миний отгон дүү Лхагвадорж 1984 онд Архангай аймгийн шигшээ барилдаанд барилдаж а/а цол хүртсэн. Анх аймгийн начин цолыг Дундговь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод авсан. Дараа жил нь аймгийн заан цол авч цолоо баталж байсан. Би дүүгээ арал бярын хувьд гайгүй боловч мэхний хувьд дутуу дулимаг учраас өшөө өндөр цолонд хүрч чадаагүй гэж боддог. Одоо дүү мань Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт амьдардаг.

-Та өөрөө барилдаж байв уу?

-Би өөрөө спортын ихэнх төрлөөр хичээллэдэг. Манай эхнэр ч спортын хүн. Хүүхэд байхдаа барилдаж байсан. Сургууль соёлын мөр хөөгөөд бөхөөрөө үргэлжлүүлэн барилдаж чадаагүй.

-Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Чамд ч гэсэн баярлалаа. Та бүхэнд ажлын их амжилт хүсэн ерөөе.

mongolbukh.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby greenfield » Fri May 08, 2009 2:49 pm

малига гэдэг нь хамрыг нь хараад бургэд хамартай болохоор нь лам нар єгсєн гэсэн. заяын хурээнд гэлуу сууж байсын гэнэ лээ
эрдэнэ засгийн унага
greenfield
 
Posts: 28
Joined: Fri May 08, 2009 2:20 pm
Location: Эх дэлхий

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Wed May 20, 2009 11:16 pm

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.

-Саяхан болж өнгөрсөн Монгол туургатны бөхийн наадмаас ярилцлагаа эхлэх үү. 400 жилийн дараа болж байгаа гэдэг утгандаа дүйх том наадам болж чадсан уу?

-Ийм наадам хоёр, гурван жилийн өмнө болж байсан. Өвөрмонгол, Буриад, Якут, Тувагаас бөхчүүд ирж байлаа. Саяын барилдаан бөхчүүдийн байнд өгсөн мөнгөнийхөө хэмжээгээр л өөр байсан. Харин 400 жилийн дараа анх удаа гэдгийг би сайн ойлгоогүй. Тийм судалгаа байгаа юм уу, мэдэхгүй. Шуугиан тарьж, сенсаацлах орчин үеийн бизнесийн арга ч хэрэглэсэн байж магадгүй юм.

-Магадгүй гэж, Бөхийн холбоо зохион байгуулахад оролцоогүй юм уу?

-Оролцоогүй. Уг нь хоёр залуу ирсэн. Ийм барилдаан зохион байгуулна гэж. Тэр хоёр эхлээд Монголд урьд өмнө хамгийн өндөр байтай ямар барилдаан болсныг сонирхсон. “Моннис” групп машин өгч байсныг хэлэхэд, тэгвэл тэрнээс өндөр, бэлэн мөнгө өгсөн барилдаан хийнэ ээ. “Хөх сүлд” гэж группээс зохион байгуулна гэсэн. “Хөх сүлд” группийг нь судлаад үзэхэд БНХАУ-ын иргэн Журамт гэж хүний эзэмшлийн, Сүхбаатар аймагт Соронзон толгой гэдэг газарт ашигт малтмалын лицензтэй, Монголын 400 гаруй оюутны сургалтын төлбөр төлсөн, монголчуудтай нийлж кино хийсэн групп байсан. Бай шагналын 50 сая төгрөгийг Журамт гэж хүн өөрөө гаргана гэж танилцуулсан. Бид энэ тухай холбооны Тэргүүлэгчдийн хурлаар ярьж, хамтарч зохион байгуулахаар шийдээд нэлээд боловсруулалт хийж өгсөн. Эхний өдөр Монголын 256 бөх барилдуулах, гадаадын 64 бөхөө хооронд нь барилдуулах, дараагийн өдөр гадаадын 48, Монголын 16, нийт 64 бөхийг амлуулж барилдуулах боловсруулалт хийсэн. Гэтэл нэг өдөр гүйцэтгэх захирал нь гэж залуу над руу утасдаж “Бид Бөхийн өргөөнд биш, Циркт хийхээр боллоо” гэсэн. Тэгээд л Бөхийн холбооны оролцоо дууссан. Бидний хийж өгсөн загвар, процедураар барилдаан болсон л доо. Гэхдээ оролцоогүйдээ бид нэг их харамсахгүй байгаа.

Яагаад?

-Нэгдүгээрт, бид уг барилдааны учрыг сайн олоогүй. Хоёрдугаарт, та нар үнэхээр Монгол бөхийг хөгжүүлье гэж барилдаан хийж байгаа бол 50 сая төгрөгийнхөө тодорхой хэсгийг бөхийн хөгжлийн үндсэн хэсэгт зарцуулаач гэсэн бидний санал цаад талд таалагдаагүй юм шиг байна лээ.

-Та нар Бөхийн өргөөний түрээс гэж өндөр төлбөр нэхсэн юм биш үү?

-Түрээс нэхээгүй. Тасалбарын орлогоо хуваана гэсэн юм билээ. Манайх тасалбарын орлогоо хуваадаггүй. Яагаад гэвэл Бөхийн холбоо бол Монгол бөхийн барилдааныг зохион байгуулах монополь эрхтэй байгууллага. Манай дүрэмд байдаг юм. Бөхийн барилдааныг хэн нэгэн хувь хүн, хэсэг бүлэг хүний эрх ашигт үйлчлүүлэхгүй гэж. Зөвхөн бөхөд нь зориулдаг. Барилдааны орлогыг бай шагнал, цолны хишиг, Бөхийн өргөөний засвар үйлчилгээ зэргээр Монгол бөхийн хөгжилд л зориулдаг. Тэндээс хэн нэгэн хувь хүн ашиг хүртдэггүй. Үүнийг л сайн ойлгоогүй юм билээ.

-Уг нь иймэрхүү өндөр байтай барилдаан зохион байгуулах нь олон түмний сонирхлыг татах, бөхчүүдийнхээ санхүүг бодсон ч сайн талтай биз дээ?

-Сайн л даа. Гэхдээ гурав дөрвөн жилд нэг удаа болдог тавь жаран сая төгрөгийн байтай барилдаанаар Монгол бөхийн тасралтгүй хөгжлийг тодорхойлохгүй. Тэр бүр цаад бодлогыг ойлгохгүй гүйж очоод байж ч таарахгүй. Энэ бол манай холбооны бодлогын байр суурь. Ер нь өндөр бай шагналтай барилдаан бол мэргэжлийн талдаа байх учиртай. Мэргэжлийн гэдэг чинь хуулийн үг. Нэг талаас өөрийн ур чадвараа эдийн засгийн утгаар үнэлэх сонирхолтой тамирчин, нөгөө талаас уг тамирчны ур чадвараар мөнгө олох сонирхолтой эзэн хоёрын хооронд байгуулсан хатуу гэрээний үндсэн дээр явдаг спортыг мэргэжлийнх гэдэг. Мэргэжлийн бөхтэй болохыг би огт эсэргүүцдэггүй. Мэргэжлийн спорт бол тухайн төрлийнхөө оройд байгаа, өндөр ур чадвартай цөөн тооны тамирчдын дунд явдаг тэмцээн. Жишээ нь сүмо байна. Япон 120 сая хүн амтай. Бараг бүх эрчүүд нь сүмогоор барилддаг. Хүүхдийн, идэрчүүдийн, оюутны, залуучуудын, сонирхогчдын сүмогийн тэмцээн гэж болдог. Ийм олон сая сүмочдын оройд, мэргэжлийн сүмод 800 гаруй бөх бий. Тэдэн дундаасаа жүрёогоос дээш зиндааны 70-80 бөх л цалинтай. Гэтэл манайхан мэргэжлийн гэдэг үгийг хуульзүйн утгаар нь ойлгохгүй, долдугаар сарын 11, 12-нд улсын наадамд барилддаг нийт 32 мянган бөхөө бүгдийг нь мэргэжлийнх гэж нэрлэж алдаа гаргаад байгаа юм.

-Мэргэжлийн, сонирхогчдын аль ч төрлийн бөхөд өндөр бай шагнал хэрэгтэй шүү дээ?

-Хэрэгтэй байлгүй яах вэ. Уг нь бөх гэдэг мөнгөөр хэмжигдэхгүй хөрөнгө оруулалт л даа. Гэхдээ өөртөө хамгийн ойр, хүү дээрээ харж байхад л мөнгө хэрэгтэйг бүр илүү мэдэрсэн. Миний хүү Ганбаатар ноднин гарьд болоод “Туушин” компани, найз нөхөд, нутгийн зөвлөлөөс өгсөн мөнгөөрөө хотын ойролцоо өвөл зуны алинд ч суучих аятайхан байшин бариулчихсан.

Нэг ухаантай хүний үг байдаг юм. Бөх бол мянган хүний бах, нэг хүний хохь гэж. Мянган хүн үзээд л, бахдаад л байдаг. Тэгсэн хэрнээ мянга мянган цаас аваад өгөхгүй. Нэг хүний хохь гэдэг нь одоо эрүүл бөх тун ховор. Нервийн хувьд ямар хэцүү гэж бодно, чи. Жишээ нь, аваргууд аймгийн арсланд уначихаад зүгээр гараад явж чадахгүй шүү дээ. Унасандаа өөрийгөө буруутгахаас илүү ард түмэн намайг юу гэж байгаа бол, цолныхоо хэмжээнд барилдаж чадалгүй үзэгчдийнхээ итгэлийг алдчихлаа, яадаг бол гэж байнга бодно. Бие болоод оюун санаа, сэтгэлзүйн ийм ачаалал ихтэй явдаг бөхөд бай шагнал хэрэггүй, чи зүгээр л барилдаад үзэгчдийг бахдуулаад яв гэж болохгүй.

-Ойрмогхон ийм өндөр байтай барилдаан болох уу?

-Байхгүй. Би тийм их мөнгө олж чадахгүй. Барилдаан бүгд алдагдалтай явдаг. Сая болсон арслангуудын нэрэмжит барилдааны зардлыг жишээ болгож хэлье. 10 сая төгрөгийн зардалтай барилдаан болсон. Дөрвөн сая төгрөг байнд, арслангуудын шагнал гэж хүн тус бүрт 100.000, нийт хоёр сая төгрөг өгсөн. Дээр нь телевизийн сурталчилгаа, телевизээр шууд дамжуулах төлбөр, хүлээн авалт гээд 10 сая төгрөг болж байгаа юм. 590 билет борлуулсан. Билетийн орлогоос гурван сая төгрөг л олсон. Үлдэгдэл долоон сая төгрөгөө яаж нөхөж байна гэхээр “Хаан” банкаар таван сая төгрөг гаргуулж байгаа юм. Тэд өөрсдөө гүйж ирээд гаргахгүй шүү дээ. Бид уйгагүй гуйна, албан бичиг өгнө, сурталчилгаа явуулж байж ивээн тэтгүүлнэ.Тэгээд ТВ-9-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр шууд дамжуулах төлбөрөө бартераар хийж нөхөж байх жишээтэй. Хэрвээ бид нэг, хоёр жилд ганц удаа барилдаан зохион байгуулъя гэвэл арван банкинд зэрэг хандаад зуун сая төгрөг ч олж болно. Гэтэл бид сард тогтмол гурван барилдаан хийж байна. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нэг, улс, аймгийн цолтой бөхчүүдийн хоёр, нийт гурван удаагийн барилдаантай тохиолдолд тавин сая төгрөг гаргаж байлаад байх чадал боломж тэр болгон алга.

-Нийгмийн өнөөгийн төвшин, эдийн засгийн чадавхитай холбоотой байж болох л юм. Тэгэхдээ л Монгол бөх өөрөө өрсөлдөөнгүй, сонирхолгүй болсон нь үзэгчгүй болгож байгаа юм биш үү?

-Бөх үзэгчгүй болчихсон юм биш шүү. Би ийм үгэнд дургүй. Монголын хүн амын 90 гаруй хувь нь бөхөө үзэж байгаа. Зурагтаар үзэж байгаа хүмүүсийг бөх сонирхдоггүй гэж болохгүй. Социализмын үетэй харьцуулбал бүр ч олон хүн бөхөө үзэж сонирхож байгаа. Тэр үед хэзээ зурагтаар бөх гарч байсан юм. Би хүүхэд байхдаа Говь-Алтай аймгийн Чандмань суманд продуктор чихэндээ наагаад л сонсохтой, үгүйтээ дуулснаа бусдадаа хэлж өгөөд л явж байсан. Би Улаанбаатарт 18 настай орж ирээд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат гэж хоёр хүнийг нүдээрээ харж, Д.Цэрэнтогтох гэж начин Ч.Бээжин аваргыг давахыг биеэрээ үзсэн нь тэр үеийн миний шинэ ертөнц байлаа. Гэтэл өнөөдөр зурагтаар байнга үзчихээд хотод ирж байгаа өнөөгийн залууст тэр үеийн миний дайны сэтгэгдэл төрөхгүй шүү дээ. Тэгэхээр бөх үзэхээ больсон гэдэгтэй би санал нийлдэггүй.

-Бас аварга, арслангууд наадам, Цагаан сараас өөр барилдаанд ирж барилддаггүй, том цолтнуудын дунд дээр үеийн зургаан зааных шиг өрсөлдөөн байдаггүй зэрэг нь үзэгчдийн тоог цөөрүүлж байна. Аварга, арслангуудыг барилдуулах талаар холбооноос ямар нэгэн эдийн засгийн хөшүүрэг хэрэглэдэггүй юм уу?

-Үзэгчдийн тоо барилдаж байгаа бөхчүүдийн бүтцээс хамаарна. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ялангуяа тэдний хоорондын өрсөлдөөнийг илүүтэй сонирхдог. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдөр бөхийн масс, бөхийн сонирхолтой төвшин нь дээд цолтнуудын дунд биш, шинэ залуу бөхчүүдийн дунд ороод ирчихсэн. Хуучин бол Х.Баянмөнх, Ж.Мөнхбат хоёр, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, эсвэл зургаан залуу заан хоорондоо барилдах нь илүү сонирхолтой байсан. Өнөөдөр тэр хэсэгт биш, аймаг, цэргийн арслан цолтой бөхчүүдийн барилдаанд жинхэнэ Монгол бөхийн өрсөлдөөн, урлаг төвлөрчихсөн. Чи одоо бод, Санжаадамба, Бямбажав, Жаргалсайхан, Содномдорж, Отгонбаатар, Бат-Орших, Чулуунбат зэрэг олон сайхан залуучуудын хэн нь улсын цолд хүрэх бол гэдэг их сонирхолтой болчихсон. Эд нар бүгдээрээ улсын цол аваад ирэхийн цагт өнөөх Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Б.Ганбат нарын зургаан зааны түүх давтагдана. Ер нь монголчуудын олонхид том цолтой бөхчүүдийн барилдаан сонирхолтой, бага цолтой бөхчүүдийнх сонирхол багатай гэсэн сэтгэхүй байдаг шиг байна. Энэ ойлголтоосоо салмаар байгаа юм. Том цолтой нь ч, бага цолтой нь ч адилхан л Монгол бөхөөр барилдаж байгаа. Гол ньМонгол бөхийн гайхамшгийг үзүүлсэн урлаг хаана гарч байна, тэнд л сонирхол өрсөлдөөн явж байх ёстой юм. Зургаан зааны үе гэдэг бол цаг хугацааны л үзэгдэл. Түүнээс бус, Монгол бөхийн мөн чанар биш. Цаг үеэрээ л төрнө. Аварга арслангуудаа барилдуулах талаар хөшүүрэг хэрэглэдэг л дээ. Жишээ нь, улсын аваргад 100 мянга, арсланд 70 мянга, гарьдад 50 мянган төгрөгийн нэмэгдэл өгдөг. Тэд ирээд хэдийн даваанд унах нь огт хамаагүй, бай мөрийнөөс нь гадна санхүүгийнхээ боломжийн хэмжээгээр нэмэгдэл өгдөг. Энэ нь агуулгаараа эдийн засгийн хөшүүрэг мөн боловч, өнөөдрийн мөнгөтэй хүнд ирж барилдах хэмжээний хөшүүрэг болж чадахгүй л байна л даа.

-Таныхаар өнөөдрийн бөхийн хөгжил, урлагийг том цолтнууд бус, аймаг цэргийн арслангууд тодорхойлж яваа юм байна, тийм үү?

-Ер нь бол Монгол бөхийн хөгжил маш өндөр хэмжээнд очсон. Энийг ганцхан Нямдорж хэлээд байгаа юм биш. Жишээ нь, олимпийн медальт, гавьяат Ц.Дамдин “өнөөдөр Монгол бөхөөр барилдаж байгаа бөхчүүд бөхийн бусад төрлийн мэдрэмжийг бүгдийг давхар эзэмшсэн байна. Өмнө нь ийм байгаагүй юм аа” гэж хэлсэн байсан. Хөгжил гэвэл улсын цолтнууд барилдсан, өндөр байтай барилдаанд хэзээ аймгийн арслан цолтой хүн түрүүлж байсийм. Хэзээ улсын наадамд Далай аваргыг аймгийн цолтой бөх хаячихаж байсан юм. Тэгэхээр бөх нь хөгжөөд байдаг, харин үзэгчдийн сэтгэлгээ хоцрогдоод байгаа байхгүй юу. Өндөр цолтой бөхчүүдийн л барилдаан сонирхолтой гэдэг уламжлалт сэтгэхүйгээсээ бүрэн салж чадахгүй байна.

-Сая болсон 20 сая төгрөгийн байтай барилдаанд аймгийн арслан Санжаадамба түрүүлсэн нь бөх сонирхогчдын хуучин сэтгэхүйг өөрчлөхөд ямар нэгэн хэмжээгээр хувь нэмэр оруулсан байх аа?

-Монгол бөх хөгжиж байгаагийн нэг илрэл энэ шүү дээ. Өмнө нь бол жар хүрчихээд л дэвээд гардаг байлаа. Одоо бол 35 нас хүртлээ л амжилттай барилдана. Тэрнээс цааш чадахгүй. Амьдрал дээр харагдлаа, А.Сүхбат зодог тайллаа, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох болилоо, ноднингийн наадмаар гэхэд хоёр залуу аварга маань хоёулаа үзүүр, түрүүнд үлдэж чадсангүй. Миний хүү ч 35 нас хүртлээ л амжилттай барилдана. Хоёр залуу аварга гэхэд энэ жил 35, 36 хүрч байна. Тэдний хувьд бөхийн карьерын оргил үеэсээ бууж явна. Одоо эд нараас биш, доор барилдаж байгаа шинэ залуучуудаас гоё барилдаан гарна. Тэднээс хэн нь улсын цолонд хүрэх бол, хэн нь улсын наадамд түрүүлэх бол гэж харах хэрэгтэй юм.

-Аймгийн арслангуудын ур чадвар яагаад ингэж сайжирчихав аа, эсвэл улсын цолтнууд нь амжилтдаа ханаад муудчихав уу?

-Бөхөд хийсэн шинэчлэлтэй холбоотой. Дөрвийн давааг оноолттой болгочихсон. Одоо залуу бөхчүүдийн толгойд ганцхан бодол бий. Би дөрвийн даваанд өндөр цолтой хэнтэй ч таарч болно, тэрийг үнэн хүчээр хаяж байж л улсын цолонд хүрнэ гэсэн. Ийм бодлоор бэлтгэлээ хийж, чадавхиа дайчлахаар хамаагүй өндөр төвшинд гараад ирлээ. Түүнээс бус, дөрвийн даваанд амладаг байх үеийнх шиг би тийм хүнээр амлуулна, өгөх мөнгөө бэлдье гэдэг юм байхгүй болсон.

-Гэхдээ л үзэгчдийн тоо нэмэгдэхгүй байна. Бүр мэргэжлийн бөхийн холбоо хүртэл байгуулж үзлээ?

-Бид бүх барилдаанаа зурагтаар шууд дамжуулдаг. Орон нутагт байгаа хүмүүс үзэг гэж. Тэгэхээр нийслэлд бөх үзэгчдийн тоо цөөрчихсөн. Өнөөдөр хотынхонд таван мянган төгрөг хайран байна. Зурагтаараа үзчихсэн нь дээр гэж бодож байна. Гэтэл бөхийг зурагтаар үзэх, зааланд ирж үзэх хоёрын хооронд дэндүү ялгаатай. Зааланд ирж үздэг хүмүүсийг бид бөх шимтэн үзэгсэд гэж нэрлэдэг. Тэр хүмүүс зааланд нь орж ирээд, бөхчүүдийн халуун хөлсний үнэрийг аваад мэдрээд, олон хүний уухайн дууг сонсч, олон бөхийн дундаас дуртай барилдаанаа сонгож үздэг. Зурагтаар бол зөвхөн телевизийн операторын авсан дүрсийг л үзнэ. Гэтэл сүмод мөнгө өгөхгүй ч гэсэн Эзэн хаан нь, Засгийн газар нь дэмждэг, ард түмэн нь 100-1000 доллар төлж үздэг. Энэ хоёр харьцуулалт бол нэг талаас Монгол, нөгөө талаас Японд байгаа бодит байдал. Улс орны эдийн засгийн чадал, хүмүүүсийнх нь амьдралын төвшин ийм байхад Монголд мэргэжлийн спорт хөгжих болоогүй. Тийм ч учраас чадвартай тамирчид голдуу гадагшаа гарч байна шүү дээ.

-Сүмо шиг, Монгол бөхөд гаднын бөх барилдуулж өрсөлдөөнөөр хөгжүүлье гэх хүмүүс байдаг?

-Энд хоёр хандлага байдаг. Нэг хэсэг нь Монгол бөхийг дэлхийд гаргах ёстой гэдэг. Сая Монгол туургатны бөхийн барилдааны үеэр “Монгол туургат ардуудын бөхийн нэгдсэн холбоо” ч бил үү нэг холбоо байгууллаа. Нөгөө талд нь Монгол бөх зөвхөн Монголдоо байх ёстой гэж үздэг хэсэг бий. Миний үзэл бодлын дийлэнх нь энэ талдаа явдаг. Яагаад гэвэл улсын наадам гэж ганцхан Монголд л байдаг. Бөх, морь, сур гурваа оруулсан энэ наадмаараа Монголын бүх ард түмэн баярлан цэнгэдэг. Энэ нь Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан бүрэн эрхэт, ард түмэн нь эв нэгдэлтэй цул юм гэдгийг харуулдаг баяр. Ийм агуу баярыг хоёр сар тутам болдог сүмотой зүйрлэж болохгүй. Монгол төрийн наадамд гадаадын бөх барилдаж түрүүлэх нь улсынхаа тусгаар тогтнолоор бахархдаг, төрөө дээдэлдэг монгол хүний үндэсний бахархалд харш. Харин сард гурван удаа болдог барилдаанд гадаадын бөх ирж барилдаж, бүр түрүүлж ч болно. Энэ бол тэмцээн. Гагцхүү тусгаар тогтносон улс байгаагаа, төр байгаагаа тэмдэглэж байгаа төрийн наадамд ийм үзэгдэл байж болохгүй л гэж үздэг хүн дээ, би. Монгол бөх бол ард түмний өмч, ард түмний бүтээл. Тийм учраас ард түмэн өмчөө, бүтээлээ тасралтгүй хөгжүүлж авч ирсэн уламжлалтай. Цаашдаа ч тэгнэ.

-Зөвхөн ард түмний инерцэд найдаад үлдээхгүй, танд танай холбоо ч гэсэн хийх менежмент байгаа байлгүй дээ?

-Би Их сургуулийн багш байхдаа л бөхийн шинэчлэлийн талаар бичиж, дараа нь Бөхийн холбоог байгуулахад оролцож, өнөөдрийг хүртэл зүтгэж явна. Би Монгол бөхийн шинэчлэлд 30 зүйл хийсэн. Одоо нэг зүйл хийхэд Монгол бөх тасралтгүй эрчимтэй, өнөөдрийнхөөс илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа.

-Тэр юу вэ?

-Товчхон хэлье. “Нутгийн салхи” гэж том хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн дараа Монгол бөх алдрахгүй хөгжих нөхцөл бүрэн бүрдэнэ. Зарим хүн Монгол бөхийг хоёр нүцгэн хүний ноцолдоон гэж ойлгодог. Тийм биш юм. Монгол үндэстэн алдаж болохгүй өв соёлоо бөхдөө шингээж мянган үеэрээ хадгалж ирсэн. Энэ утгаараа Монгол бөх бол соёл, Монголын ард түмний өмч. Хэдэн мянган хүн бөхөөр барилдаж байна. Олон хүн сайнтай муутай. Тэдгээрээс ганц нэгхэн янз бүрийн зан гаргасныг хэтэрхий дөвийлгөж бөх гэдэг утгаар нь хараад байгаа болохоос жинхэнэ эр хүнийг харъя гэвэл монгол эрчүүдийг л харна. Амьдралаа алдчихсан бөх гэж байдаггүй л байхгүй юу. Монгол бөхийн барилдаан бол хатуужилт чанар, ажлын гар даах чадвар, оюун ухааны тэвчээр гэж гурван юмыг хүнд өгдөг. Тийм учраас бүх эрэгтэй хүүхэд барилдах ёстой. Бөхчүүд төрөн гарч, ард түмэн бөхөө гэсэн чин сэтгэлтэй байх нь Монгол бөх мөнхөд оршихын үндсийн үндэс. Би ийм сэтгэхүй, ухамсрыг л бүрдүүлэхийн төлөө зүтгэж яваа.

-Өндөр цолтой бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан, Хасуу барилдаан, сүүлд Мэргэжлийн бөхийн холбооны барилдаан ч гэж боллоо. Бас л сайн явсангүй. Энэ нь санхүүжилтээс л болоод байна уу?

-Санхүүжилтээс гадна мэргэжлийн спорт хөгжих боломж нөхцөл Монголд үнэхээр байхгүй нь харагдаж байгаа юм. Энийг ганц би, зөвхөн нэг удаагийн барилдаанаар хэлээд байгаа юм биш. Хасуу бөх гэж явлаа, сая мэргэжлийн бөх гэж үзлээ. Ер нь аливаа юм бодит учир шалтгаантай. Цаг нь ирэхээр л бүтдэг. Улс оронд баян чинээлэг, завтай иргэдийн давхарга үүсээгүй байна. Жишээ нь, сэтгүүлчийнхээ ажлыг орхиод 15 хоног бөх үзээд суух цаг зав, санхүүгийн боломж өөрт тань байхгүй биз дээ. Хэзээ ийм боломж үүсэх вэ гэхээр сард 3-5 сая төгрөгөөр бөх үзэхэд тэр нь санхүүгийн орлого, гэр бүлийн чинь амьдралд огт нөлөөлдөггүй. Дээр нь чи яаж өдөр өнгөрөөх вэ гэсэн хязгааргүй завтай хүн байх ёстой. Ийм давхарга Монголд үүсээгүй байна. Японд бол үүсчихсэн. Хангалттай орлоготой, өдөрт хийх ажилгүй хүнд 15 хоног сүмо үзнэ гэдэг жаргал байхгүй юу. Баянаа аваргын алдаад байгаа юм нь энэ. Мэргэжлийн бөхийг сонирхогчдын бөхтэй холиод, мэргэжлийн бөхөд байдаг юмыг энд хийхийг шаардаад байгаа юм. Мэргэжлийн бөхтэй болох хүсэл надад ч байна. Даанч бодит байдал нь алга. Чинээлэг болоод завтай иргэдийн давхарга бий болж байж тэдний санхүүжилтээр мэргэжлийн спорт хөгждөг.

-Гэхдээ нөгөө талд нь Монгол бөхийн өргөө, Бөхийн холбоог булаацалдсан давхар санаа нь зорилгоо замын дунд унагаад байна уу гэсэн хандлага олон хүнд байдаг?

-Тийм юм бас байгаа. Жишээ нь, дайраад, гааздаад, хаалга үүдийг нь эвдээд нохой тавьж байгаа чинь Бөхийн өргөөг авах гэсэн тэмцэл шүү дээ. Ийм хүч хэрэглэсэн, механик тэмцэл нь болохгүй болохоор зэрэгцүүлж, өөр холбоо байгуулж, бөхгүй болгохоор Үндэсний бөхийн холбоо унана, тарж бутарна, тэгээд Бөхийн өргөөг авна гэсэн зорилго байсан. Тэр бүхэнд нь бид хэлдэг. Та нар байгуулсан юмаа үнэхээр сайхан аваад явчих аа, тэгвэл бөхчүүд аяндаа та нарыг дагана гэж. Жишээ нь, Мэргэжлийн бөхийн холбоо байгууллаа л гэж байна. Мэргэжлийн бөх гэдэг чинь улсын наадамд барилддаг 32 мянган бөх биш ээ. Тэдний оройд байгаа, өндөр ур чадвартай 32 юм уу, 16 бөхөө тасалж авч барилдуулаад, сард тав, арван саяар цалинжуулаад ядаж хагас жил ч гэсэн яваадах. Хэрэв тэгж чадвал бөхчүүд аяандаа танай холбоо руу орно. Түүнээс бус, сонгуульд нэр дэвшиж байгаа юм шиг хоёр гурван жилийн дараа тэгнэ ингэнэ гэж амлаад хэрэггүй ээ гэдэг. Цаана нь Бөхийн өргөөг авах хувийн сонирхол байгааг мэдсээр байж Монгол бөхөд үнэхээр шинэ менежмент гаргаад ирэх юм биш биз дээ гэж бид ч гэсэн хараад л байсан. Тэгтэл гуравхан удаа барилдаан зохион байгуулаад л алга болж байгаа юм.

-Бөхийн өргөөний эзэмшигч нь одоо хэн байна аа. Та юу, төр үү?

-Бөхийн өргөө барихыг Монголын үндэсний бөхийн холбоо санаачилж менежмент хийгээд хэсэг мөнгө олсон юм. Төгсгөл рүү нь Р.Гончигдоржийг УИХ-ын, Ц.Элбэгдоржийг Олонхийн бүлгийн дарга байхад “Бөхийн өргөөг барьж дуусахад одоо ард түмэн хандив өргөж чадахгүй нь ээ, та нар туслаач” гэж хандсан. Тэгж байгаад 800 сая төгрөг авсан. Бөхийн өргөө 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад орохдоо хоёр тэрбум гурван зуун хорин сая төгрөгийн үнэлгээтэй гэж Улсын комисс бүртгэж авсан. Энэ мөнгөний 800 сая, ханшаараа өсөөд бараг нэг тэрбумыг төр өгч, үлдсэнийг Бөхийн холбоо босгосон юм. Төр энэ мөнгийг өгөхдөө Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлж олгосон. Ингэхээр Бөхийн өргөө өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны өмч. Холбоо нь Монгол Улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага.

-Таныг арван хувийг авчихсан гэдэг дээ?

-Яг авчихсан ч гээгүй байх аа. Авах гэсэн гэдэг яриа бол байдаг юм. Энэ яриа яаж гарсан гэхээр Төрийн өмчийн хорооны зарим албан тушаалтан 800 сая төгрөг нь төрийн өмч учраас хувьцаат компани болгож, Бөхийн өргөөний 51 хувийг хувьчлах замаар энийг булаацалдсан хүмүүст авч өгөх бодлого явуулсан юм. Би тэрнийх нь эсрэг зогсч, тэгвэл өргөөг бариулсан хүмүүс 10 хувийг нь эзэмшинэ гэдэг асуудлыг сөргүүлж тавьсан. Төр 45 хувьтай, Бөхийн холбоо 45 хувьтай дунд нь өргөөг бариулсан Нямдорж тэргүүтэй менежментийн баг 10 хувийг эзэмших санал оруулсан. Ингэхээр Бөхийн өргөөний хувь заяаг цаашид менежментийн баг шийдэх боломжтой гэж тооцоолоод, бид 10 хувьдаа мөнгө авахгүй, саналын эрхээ эдэлнэ гэсэн. Ингээд Бөхийн өргөөг авах гэсэн хүмүүсийн санаархал бүтэхгүй болохоор л намайг 10 хувийг нь авах гэсэн гэж мушгидаг байхгүй юу. Энэ үйл явдлаас нэлээд хойно, Төрийн өмчийн хорооны удирдлагууд намайг дуудаад “Та хэд л бол хэдэн хувийг эзэмш ээ, тэгээд энийгээ хувьцаат компани болгоё” гэсэн. Би үгүй л гэсэн.

-Яагаад?

-Яагаад гэвэл хөрөнгө бол надад ял. Хамгийн энгийн хэрэгцээгээрээ амьдарвал хүн зөв амьдарч, зөв үхнэ гэж би ойлгодог. Хүний анхдагч хэрэгцээ бол хоол, орон байр, хувцас. Тэр гурав нь надад байна. Надад илүү хөрөнгө хэрэггүй. Үр хүүхэддээ ч ингэж захидаг. Хэрвээ одоо төр 800 сая төгрөгтөө тохирсон хувиа авна гэвэл би бас “үгүй ээ” л гэнэ. Яагаад гэвэл тэр бол төрөөс Төрийн бус байгууллагад хуулийн дагуу өгсөн мөнгө. Бөхийн өргөөг танд зуун хувь зүгээр өгье гэсэн ч би авахгүй.

-Мөнгө бол амьдралд хэрэгтэй. Та хэрэгцээгээ хангачихсан, үл хөдлөх хөрөнгөөс татгалзах хэмжээний тийм баян хүн үү?

-Мөнгөнөөс илүү үнэтэй цэнтэй зүйл байдаг гэдэгт би итгэдэг. Тэр нь сэтгэл. Мөнгө бол төлбөрийн л хэрэгсэл. Мөнгө дангаараа жаргал авчрахгүй. Сэтгэл бол жаргал авчирдаг. Их мөнгөтэй л бол сайхан амьдарна, амжилтад хүрнэ гэдэг эндүүрэл. Үнэнч сэтгэл, их зүтгэлээр л сайхан амьдрах амжилтад хүрдэг. Жишээ нь Бөхийн холбоог ердөө таван хүн зуу зуун төгрөг гаргаад л таван зуун төгрөгөөр л байгуулчихсан юм шүү дээ. Одоо гурван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болчихоод явж байна. Энэ бол зөв сэтгэлээр, олон түмний дэмжлэгээр амжилтад хүрч болдгийн тод жишээ. Надад мөнгөн хадгаламж гэж байхгүй. Би байртай, зуслангийн байшинтай. Гэхдээ хаус энэ тэр биш. Ердийн л байр. Өмсөх хувцас байна, үүнээс илүү хөрөнгө надад хэрэггүй. Бүх шашны үзэл санаа нийлдэг цэг нь хүн сэтгэлээ л номхотгох гэж сургасан. Сэтгэлээ номхотгож явбал хүн зөв амьдарна гэж би ойлгодог, итгэдэг.

-Цаашид тэгээд Бөхийн өргөөний эзэмшигч тодорхойгүй хэвээр үлдэх үү?

-Одоо бол би нэг зүйлийг хатуу хэлнэ. Түүнийхээ төлөө хатуу ч тэмцэнэ. Энийгээ харин танай сониноор, энэ ярилцлагаараа ард түмэндээ зарлачихъя. Бөхийн өргөө хэзээ нурж унадаг юм, тэр хүртлээ зуун хувь Монголын бөхчүүдийн л өмч байна. Энийгээ баталгаажуулахын төлөө би тэмцэнэ. Хурал зөвлөлгөөн дээр үргэлж энийгээ ярина. Монголын бөхчүүдийн өмч л байна. Монголын бөхчүүд гэдэг нь улсын наадамд барилддаг том цолтой бөхчүүд ч биш. Монгол бөх өөрөө тасралтгүй шиг ертөнцийн жамаар өтөлж байгаа 80 настай ахмад бөх ч, найман настай бөх болох бяцхан үрс ч энэ өргөөний эзэн, эзэмшигч байх болно. Гэхдээ бөхчүүд нийлээд зараад хуваагаад идчихэж болохгүй. Энэ өргөө зөвхөн Монгол бөхийн үйл хэрэгт л зориулагдсан байна.

-Та түрүүн Бөхийн өргөөний эзэмшигч нь Үндэсний бөхийн холбоо гэсэн. Гэтэл таныг энэ санаагаа хэрэгжүүлэхээс өмнө Бөхийн холбооны удирдлагад бага оврын эргэлт хийгээд шинэ удирдлагууд таны санааг өөр зүгт эргүүлчих боломжтой юм биш үү?

-Энэ санаагаа гүйцэлдүүлэхийн тулд заавал би энд, тэргүүн байх албагүй. Би одооноос зарлаад л явна. Бөхийн өргөөний асуудлыг Бөхийн холбооны Их эеэр шийддэг байхаар дүрэмд тусгачихна. Эсвэл аймаг цэрэг, улсын цолтой бүх бөхчүүдийн санал асуулгаар шийднэ ч гэдэг юм уу, ямар ч гэсэн зуу гаруйхан хүн хуйвалдаад авчих, эсвэл Монгол бөхийн үйл хэргээс салгачих хэмжээний хориглолт хязгаарыг хууль дүрэмд тусгачихна. Энэ бол нэг их ухаан зараад байх ч ажил биш. Угаасаа бөхөд хайртай ард түмний дэмжлэгээрээ бараг өөрөө бүтчихнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь Монгол бөх бол хүн бүрийн сайн мэддэг, нүдэн дээр ил байдаг учраас тэнд юм хийхэд маш хэцүү. Нарийндаа яривал харахад л нэг бөхийн малгай дүрсэлсэн байшин болохоос Бөхийн өргөөг барихад ямар нөр их хөдөлмөр, зүтгэл орсон гэж бодно, чи. Энэ утгаараа над шиг ийм юм хийчихсэн хүн бараг байхгүй шүү. Би хүн болж төрснийхөө хувьд маш бахархалтай явдаг. Жишээ нь барилгын компаниуд үүнээс том гоё гоё байшингууд олноор барьж байна. Тэдгээрээс юугаараа ялгаатай юм гэвэл би Бөхийн өргөөг баяжих гэж, зарах гэж бизнесийн зорилгоор бариулаагүй. Ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн бөхчүүдийнхээ төлөө, тэднийг үздэг ард түмнийхээ төлөө бариулсан. Энэнийхээ буяныг эдэлж миний гэр бүлийн ажил үйлс үргэлж бүтдэг. Тийм учраас би амьдралдаа туйлын баяртай явдаг. Энэ бол аав ээжийн минь надад өвлүүлсэн зөв сэтгэлийн үндэс. Гэтэл булингартай нүдэнд булингартай л харагдана гэдэг шиг өөрсдөө шуналтай, идээд сурчихсан улс чинь ийм том савнаас хувьдаа мөнгө идэж л байгаа гэж хардаад хараад байгаа байхгүй юу.

-Ер нь Бөхийн өргөө тэгж их ашиг олдог уу. Янз бүрийн тоглолт их л болох юм?

-Бөхийн өргөөний олдог орлогыг хүн болгон хянах бүрэн боломжтой. Манайх их тодорхой. Бөхийн холбоо нэг тоглолтоос хоёр сая төгрөгийн л түрээс авдаг. Энд тасалбарын үнэ хэд байх нь огт хамаагүй. Харин барилдаануудыг ивээн тэтгэгчдийн санхүүжилтээр явуулдаг. Тэгэхээр Бөхийн өргөөнд болж байгаа тоглолтын тоог хоёр сая төгрөгөөр үржүүлэхэд бидний олдог орлогыг сар, улирал, жилээр гаргаад ирнэ. Эндээс бид бүх төрлийн татвар, шимтгэлээ төлж, дулаан, цахилгаан гэх мэт ахуйн хэрэглээний төлбөрийг төлөхийн зэрэгцээ ажилчдаа цалинжуулдаг. Мөн бөхчүүдэд цолны хишиг, урамшуулал олгож, бензин шатахуун зэрэг урсгал зардлыг ч төлдөг. Үндсэндээ ихэнхдээ орлогоороо зарлагаа нөхөж чаддаггүй.

-Бөхийн өргөөг, холбоог булаацалдсан тэмцэл, хэл амнаас залхаж, шантарч байсан үе танд бий юү? -Хэл ам бол байсан. Одоо цаг хугацааны шалгуураар шударга үнэнд дарагдаж байна даа. Сүүлийн үед, 2006 оноос сайхан тайван болсон. Шантрах эрх надад байгаагүй ээ. Би өөрөө зорилготой, бөхчүүдийн хүлээлгэсэн итгэлтэй яваа. Дээр нь нөгөө талын тэмцэл бол худлаа, тэд юм хийхгүй, зөвхөн Бөхийн өргөөг хувааж идэх л зорилготой гэдэг нь олон түмэнд ил байсан. Монгол Улсад бий болгосон бүтээн байгуулалтуудаас ард түмнийхээ өмчид үлдсэн, луйварчдын гарт очоогүй хамгийн сүүлчийнх нь Бөхийн өргөө байсан. Бусдыг хуваагаад бараг дууссан. Жишээ нь, Спортын төв ордон гэхэд улсынх. Гэтэл ар талынх нь байгууламжуудыг хуваагаад авчихсан. Ийм хүмүүсээс би бүх үеийн Монгол бөхчүүдийн өмчийг хамгаалж үлдсэнийгээ гавьяа гэж боддог.

-Бөхийн өргөөг булаацалдсан та бүхний талцлаас болж Монгол бөхийн нэр хүнд уналаа, аварга заанууд барилдахаа больсныг хүртэл зарим хүн энэ талцалтай холбодог. А. Сүхбат аварга зодог тайллаа, Б.Гантогтох гарьд барилдахаа болилоо. Энэ бүхэн бөхчүүдийн өмч булаацалдсан талцлаас л боллоо. Танд яг ингэж бодогдож байсан үе бий юү?

-Хүүхэд нь аавыгаа шүүмжилж болно оо доо. Та хоцрогдсон байна, аав гэдгээрээ дарангуйллаа гэж. Аав бас нэг юм бодно оо доо. Хүү маань халуун залуу насынхаа аагаар ингэж байна. Ийм илэрхий бодитой юманд ингэж буруу хандаж байгаа юм чинь энэ ер нь олигтой хүн болохгүй нь дээ гэж аав бодно оо доо. Би тийм л байр сууринаас хандаж ирсэн. Би Их сургуульд сэтгэл судлал зааж байсан учраас аливааг бодитой дүгнэх чадвартай гэж өөрийгөө жаахан тоодог хүн л дээ. Тийм учраас тэдний тэмцэл шударга үнэн дээр үндэслээгүйг мэддэг. Шударга үнэн дээр үндэслээгүй л бол амжилт ба нэр хүнд ямагт тогтворгүй гэсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цитат байдаг. Тэр л зарчмаар би ханддаг. Жишээ нь, А.Сүхбат биеийн байдлаас болж барилдахаа больсон. Энийгээ өөрөө ч ард түмэндээ зарласан. Наадмын долоогийн даваанд унасныхаа дараа “би өмнө нь үзүүлсэн амжилтынхаа төвшинд барилдаж чадахгүй учраас зодог тайллаа” гэж ярилцлага өгсөн. А.Сүхбатын энэ үйлдэлд нь баяр хүргэж үнсмээр санагдсан. Жинхэнэ монгол эр хүний илэрхийлэл болсон бөх хүн бол тэгж ухаарах ёстой юм. Өөрийгөө ингэж ухаарсан хүн Монгол бөхийн түүхэнд миний мэдэхээр хоёр л байдаг юм.

-Нөгөө нь хэн юм?

-Ж.Цэвээнравдан аварга. Энэ түүхийг надад Д.Цэрэнтогтох аварга ярьсан. Бид хамтдаа Бөхийн холбоог байгуулалцсан, нас ойролцоо их найзууд байлаа. Ж.Цэвээнравдан аварга улсын баяраар өмнөх жилийн наадамд хаяж байсан бөхөө амалж аваад унаж. Тэгээд л “за би ерөөсөө больё, хаядаг хүнээ дийлэхээ больж, дахиж барилдахгүй ээ” гэсэн гэж байгаа юм. Одоогийнхоор бол зодог тайллаа гэсэн юм билээ. Надад их сайхан санагдсан, ер нь бөх хүн өөрийгөө тэгж мэдэрмээр юм билээ гэж Д.Цэрэнтог¬тох аварга ярьсан. Яг ийм зүйлийг Монгол бөхөд 30-40 жилийн дараа А.Сүхбат аварга давтсан. Гэтэл энийг нь Бөхийн өргөөг булаацалддаг нөгөө хүмүүс шал өөр утгаар ашиглаад эхэлсэн л дээ.

-Ер нь миний шахалт, хавчилтаас болоод байна уу гэж эргэцүүлж бодож л байсан юм байна, тийм үү?

-Бодолгүй яах вэ, би үнэхээр энэ хүмүүсийг хавчаад байна уу, шахаад байна уу гэж бодсон. Тэгсэн үгүй юм аа. Баянмөнх аварга өөрөө надад хэлж байсан. “Би 1960-аад оноос, багаасаа хавчигдсан хүн. Баяд гээд намайг хүн болгон хавчиж байсан. Тийм учраас би хартай болчихсон хүн. Би тэр сэтгэлээрээ хандаад өөрт чинь муухай муухай үг хэлчихлээ уучлаарай, Нямдорж оо. Нямдорж бол бөхчүүдээ үнэхээр ялгаварлан гадуурхдаггүй хүн шүү гэж Дэжимбээ бид хоёр, ярьдаг юм аа” гэж. Энэ бол надтай муудалцаж янз бүр болсныхоо дараа МҮБХ-ны тэргүүний энэ өрөөнд, Баянмөнх аваргын өөрийнх нь хэлсэн үг. Надад атгаг жижиг санаа ерөөсөө байдаггүй. Би шударга үнэн дээр л амьдрах хүсэлтэй ард хүн. Энэ зарчмаараа Монгол бөхөд шударга үнэнийг тогтоох шинэчлэл хийсэн. Монгол бөхөд хоёр цол бий болгож, дөрвийн давааг оноолтоор барилдуулж, амжилтаар эрэмбэлэх болсон. Энэ бол Монгол бөхөд үнэхээр ус агаар шиг хэрэгтэй том шинэчлэл болсон. Хэрвээ ийм шинэчлэл хийгээгүй бол Монгол бөх чиний хэлснээр үзэгчгүй болж, магадгүй бүр устаж болох аюулд ойрхон байсан. Бүх юм нь найраа, худлаа болж, үзэгчгүй болсон, хөгжил нь тэглэж эхэлж байхад би удаан бодсон, боловсруулсан шинэчлэлээ хэнд ч хэлэлгүйгээр Цэцдийн зөвлөлийн хуралд танилцуулаад л шууд хийж эхэлсэн. Энийг дагасан маш том эсэргүүцэл ирнэ гэдгийг ч мэдэж байсан. Гэхдээ минийх шударга үнэн гэдэгт итгэж байсан учраас аливаа эсэргүүцэл, бослогоос айгаагүй. Даваад гарсан. Миний хийсэн шинэчлэлийн үр дүн өнөөдөр ард түмэнд ил харагдаж байгаа. Ер нь монголчууд амжилт гаргачихсан, сайн юмаа сайн гээд хэлчихэж чаддаггүй. Тэгсэн мөртлөө муу муухай юмыг мартдаггүй, байнга асуудаг. Жишээ нь Баянмөнх аварга та хоёр чинь хэрэлдсээр л байгаа юу гэж зарим хүн асуудаг. Гэтэл бид аль хэдийнэ больчихсон. Атгаг санаа надад байдаггүй. Энэ надтай үзэж байсан юм гэж өш санадаггүй. Хүмүү¬сийн нэг алдаа нь муудалцахаараа цаад хүнийхээ бүх сайн юмыг харлуулчихдаг. Жишээ нь, надтай муудалцаж байсан гээд Баянмөнх аваргын агуу бөх гэдгийг үгүйсгэвэл би **н** харагдана шүү дээ. Надтай муудалцсан гээд “Баянмөнх бид хоёрын барилддаг гэж юу байсан юм” гэж хэлэх ёс суртахуун, зан төлөв надад огт байхгүй. Жишээ нь, би А.Сүхбат аваргын тухай хоёр юм хэлдэг. Аваргын найран дээр нь ч хэлсэн. А.Сүхбат бол Монгол бөхөд хоёр гайхамшгийг үзүүлсэн хүн. Нэгдүгээрт энэ хүн Монгол бөхийг урлагийн төвшинд эзэмшсэн. Зүгээр нэг барилддаг хүн биш, бөхийг урлаг болгож ард түмэндээ харуулж, мэдрүүлж чадсан хүн. Хоёрдугаарт, энэ хүн үеийнхнээсээ харьцангуй жижиг, жин багатай. Ийм хүн спортод яаж хөдөлмөрлөж, яаж тэвчээр гаргаж, яаж амжилтад хүрч болдгийн жишгийг харуулсан гэж хэлсэн. Энэ үгээ би цаашид ч хэлнэ.

-Сүхбат аварга өөрийнх нь зодог тайлсныг хүмүүс мушгиад байгааг тантай уулзаж тайлбарлаж, уучлалт гуйсан уу танаас?

-Бид хоёр янз бүрийн барилдаан дээр уулздаг л даа. Гэхдээ тайлбарлаж, уучлалт гуйгаагүй ээ. Надад, Бөхийн холбоонд дотроо санасан юм байдаг болов уу даа.

-Допинг хэрэглэсэн гэдэг асуудал уу?

-Магадгүй.

-Допинг хэрэглэсэн гэж зарлуулсан нь ганц А.Сүхбат аварга биш шүү дээ. Рагчаа, Эрхэмбаяр гээд нэлээд хэдэн бөхийн нэр гарч байсан. Ирэх наадмаар ч ийм шин¬жилгээ авах бололтой. Шийтгэхгүй байж допингийн шинжилгээ авч олон түмэнд зарлаж бөхчүүдийнхээ нэр төрийг сэвтээх хэрэг байна уу?

-Допинг илэрсэн тохиолдлыг нуугаад үлдэж байгаа юм байхгүй. Зарлаад, хурлаар оруулаад л явж байгаа. Харин шийтгэхгүй байгаа нь үнэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгд, допинг гэж юу юм, ямар хор хохиролтойг нийт массаараа, бөхчүүд ч ойлгоогүй явсан үе бий. Хоёрт, допинг хэрэглэснийг тогтоовол ямар шийтгэл ногдуулах дүрэм журмаа төгс хийж чадаагүй. Гуравт, урьд өмнө ийм практик байгаагүй. Одоо харин нөхцөл байдал өөр болж байна. Допингийг эсэргүүцэх хандлага, санаачилга бөхчүүдийн дундаас гарч эхэл¬лээ. Сая надад Б.Бат-Эрдэнэ аварга, Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй 80 гаруй бөх гарын үсгээ зурсан албан бичиг ирүүллээ. Допингийн шинжилгээг шударгаар хийе, ганц наадмаар бус, бусад барилдаанд ч үе үе хийдэг болъё, хэрэглэсэн бол барилдах эрхийг хасъя, хэрэглэдэггүй бол түүнийгээ зарлаж, ард түмний дунд байгаа харыг арилгаж, бөхчүүдийн нэр хүндийг хамгаалъя гэсэн утгатай бичиг ирүүлсэн. Энэ асуудлыг би Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, Үндэсний олимпийн хороонд танилцуулсан. Одоо журам боловсруулах ажилдаа ороод явж байна.

-Тэгэхээр ирэх жилийн наадмаас эхлээд шийтгэнэ гэсэн үг үү?

-Тэгж таарна. Өнгөрсөн хугацаанд бид цоорхойтой эрхзүйн актаа цоорхойгүй болгосон. Ард түмний ч, бөхчүүдийн ч сэтгэл зүй бэлтгэгдсэн. Одоо арга хэмжээ авахад саадгүй, эсэргүүцэлгүй болсон. Энэ ерөөсөө хүний мууг үзэх гэж байгаа хэрэг биш шүү дээ. Ганц Монгол биш, дэлхий нийтээрээ допингтой тэмцэж, олимпийн медалийг хүртэл хурааж байна. Допингтой тэмцэх нь тухайн хүний эрүүл мэнд, удам судрыг устахаас хамгаалж байгаа юм. Зарим хүн монгол бөхөд допинг хамаагүй гэдэг. Энэ чинь монгол хүн эрүүл мэндгүй, монгол эр хүн хүүхэдгүй болж л байг гэдэгтэй адилхан.

-Зарим бөхөд цолны маргаан байдаг. Жишээ нь Д.Мөнх-Эрдэнэ түрүүлээгүй байж арслан цол авсан. Гэтэл наадамд гурван удаа үзүүрлэсэн Б.Гантогтоход арслан цолыг нь өгөхгүй байна гэж Баянмөнх аварга ярьдаг. Энэ маргааныг тайлах үзүүрийг бас л та атгаж байдаг?

-Цолыг одоо Бөхийн холбоо биш, Ерөнхийлөгч олгодог болсон. Б.Ган¬тог¬тохын тухайд ийм учиртай. Бөхийн цол олгох дүрэм журам гэж бий. Тэнд улсын наадамд түрүүлбэл арслан цол олгоно. Дүйцүүлэх аргаар цол олгохгүй гэсэн заалт байдаг юм. Тэгэхээр Гантогтох гурван удаа битгий хэл, таван удаа үзүүрлэсэн ч, энэ дүрмийг л өөрчлөхгүй бол арслан болох боломжгүй. Яах ч арга байхгүй. Таваас дээшхи даваа болгонд цол олгох нь дүйцүүлж цол олгохгүй гэдэг дүрмийн заалтыг баталгаажуулж байгаа юм. Өмнө нь бол үүнээс ч илүү хохиролтой байсан. Гурван удаа найм давсан Б.Гантогтох өөрөөс өмнө ганцхан удаа найм давсан бөхийн дор зогсч, дараа нь л ам авдаг байсан. Харин амжилтаар эрэмбэлэх болсноор одоогоор хамгийн олон буюу гурван удаа найм давж үзүүрлэсэн Б.Гантогтох шууд арслан цолтонгуудын дор эрэмбэлэгдэж байгаа. Энэ бол дүрмийн заалт, Нямдорж хааж боогоод цол олгуулахгүй байгаа юм биш. Хэрвээ дүйцүүлж цол олгоно гэх юм бол дөрвөн удаа дөрөв давсан бөхөд дүйцүүлээд начин цол олгож болж байна. Эсвэл гурван удаа найм, таван удаа шөвгөрсөн, арван удаа тав давсан гэж баахан юмнуудыг дүйцүүлээд ганц ч түрүүлээгүй хүнд аварга цол олгох тухай яриа ч гарч болно. Тийм учраас дүйцүүлж цол олгохгүй гэдэг бол хатуу. Д.Мөнх-Эрдэнэ арслангийн тухайд чи бид хоёрын яриад байгаа, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм гараагүй үеийнх. 1995 оны асуудал. Одоо үйлчилж байгаа дүрмийг 2002 онд баталсан.

-А.Сүхбат аварга бас даян аваргаа авах гэж нэлээд тэмцсэн?

-Харин А.Сүхбатынх шударга тэмцэл байсан. А.Сүхбат 2001 онд арслан цолтой арав давж түрүүлээд аварга, дараа нь 2004 онд гуравдахиа түрүүлж далай аварга болсон байсан. Гэтэл Д.Сумъяабазарыг арав давж түрүүлэнгүүт гарьдаас арсланг алгасуулаад шууд аварга цол өгчихсөн. Тэгэхээр нэг түрүүлсэн бөх арслан болдог байтал, арав давж түрүүлэхэд алгасуулж цол олгодог жишгийг Ерөнхийлөгч бий болгочихсон. Тэгэнгүүт А.Сүхбат арав давснаа үнэлүүлж цол авна гэдэг нь шударга тэмцэл байсан. Д.Сумъяабазарын арав давсныг үнэлчихээд А.Сүхбатын арав давсныг үнэлэхгүй байж болохгүй шүү дээ. Тийм ч учраас А.Сүхбатад арав давсных нь цолыг олгохын тулд УИХ хуралдаж хуульдаа өөрчлөлт оруулсан. Улсын наадамд ес давсан бөхөд арслан, арав давж түрүүлсэн бөхөд аварга цол олгоно. Аварга цолтой хүн арав давж түрүүлбэл даян аварга цол олгоно гэж өөрчилсөн. Тэгээд А.Сүхбат Даян аварга болсон. Ийм илэрхий юмыг өөрөө зодог тайлчихаад байхад, Р.Нямдоржоос болоод барилдахаа болилоо гэдэг шиг Р.Нямдоржийн олгохгүй байсан цолыг өөрөө тэмцэж байж авлаа гэж ярьдаг юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ, шударга үнэн нь тухайн үед үйлчилж байсан хууль, дүрэмд арав давахад даян аварга цол олгоно гэсэн заалт байгаагүй л байхгүй юу.

-Одоо танаас хувийн чанартай ганц нэг зүйл асууя. Та өөрөө барилддаг байсан уу?

-Би сумын начин. 18 хүртлээ сумд, аймгийн зааланд хэд барилдсан. Тэгээд номын мөр хөөгөөд явчихсан. Аав маань миний дүү Даваанямыг жаахан бяртай юм байна, энэ ноцолдог. Чи номоо үзсэн нь дээр байх аа гэсэн. Тэгээд л аавынхаа хэлснээр ном үзсэн.

-Цааш барилдсан бол амжилтад, улсын цолд хүрэх байсан болов уу?

-Би бяр муутай. Жаахан эвтэй л байсан байх. Давааням бид хоёр цуцаж унатлаа барилддаг байлаа. Өдөржингөө тоосго цохиж цөхөртлөө ядарчихаад л харих замдаа цууямбуу цамцаа мөрөн дээрээ тохчихоод л барилдаж гарна шүү дээ. Би таван мэх хийнэ. Давааням ганцхан мэх хийнэ. Таван мэхээрээ дандаа би хаяна. Би дүүгээ бараг долоо төгстлөө хаясан. Намайг ес, Даваанямыг долоо төгсөх зун манай аав өөрөө харж байгаад бид хоёрыг барил¬дуулсан. Тэгсэн би ганц ч хаяагүй. Тэгээд л аав намайг номоо хөө гэсэн.

-Ер нь бол бөхийн удам бол байсан юм уу?

-Байна аа. Ээжийн талынхан сумын наадамдаа түрүү үзүүр алдаагүй улс байсан. Энэ удмын үргэлжлэл одоо ч бий. Аав маань бяр ихтэй, цэргийн албанд 12 жил болсон боловсролтой хүн байсан. Манай ээжийг 17 настай байхад нь аваад суучихсан. Насны зөрүү ихтэй учраас гайгүй хүүхдүүд төрсөн. Ээж маань төрөлхийн ардын цэцэн билиг ухаантай, ноднин өөд болох хүртлээ биднийг залж явсан. Ухаан хүрэхгүй юмаа ээжээсээ асуудаг байлаа. Жишээ нь, Бөхийн холбоог байгуулж дарга цэрэг нь болъё гэсэн бодол Д.Данзан (МҮБХ-ны дэд тэргүүн) бид хоёрт ерөөсөө байгаагүй. Холбоогоо байгуулчихаад барилдаан хийх гэтэл Бадамдорж гэж хүн Спортын ордон цоожилчихоод болж өгөөгүй. Тэгээд л тусгай ордон хэрэгтэй юм байна гээд Бөхийн өргөө барих ажлыг санаачилсан. Зүтгүүлж өргөөгөө дуусгачихаад л, за одоо болъё хоёулаа, эрдэм шинжилгээний ажлаа хийе гэж ярилцсан. 1998 онд шүү дээ. Тэгсэн ах дүү, найз нөхөд “чи ийм юм босгочихоод замын дундаас хаялаа” гэж байна. Ээжээсээ асуулаа. Дэмий юм биш үү гэж байна. Тэгэхээр нь бараг анх удаа ээжээсээ зөрж “би гарна аа л” гэлээ. Бөхийн өргөөг ашиглалтад хүлээж авах болоод, хурал хуралдах боллоо. Ээж дээрээ очлоо. Чи гарах гээд байна уу л гэж байна. Гарна аа л гэлээ. Тэгсэн за хүү минь хүний буян хэмжээтэй байдаг юм даа. Уг нь бол олон түмэн хүрээлдэг буянтай ажил байна лээ дээ. Үнэхээр гармаар санагдаад байгаа бол чиний буяны хэмжээ болоо юм байлгүй дээ, гарахгүй юу даа гэсэн. Тэгэнгүүт л би гэнэт больсон. Буянаа дуусгаагүй хүн болох гээд л Бөхийн холбоондоо үлдсэн. Энэ мэтээр л ээжтэйгээ харилцаж ирсэн дээ. Бид ах дүү арвуулаа. Ээж маань бидэнд мөнгө төгрөг, эд хөрөнгө яах вэ, та нар хийж байгаа ажилдаа л үнэнч, эзэн шиг нь яв гэж 1990-ээд онд чиглэл өгсөн хүн дээ.

-Хэрвээ гарсан бол юу хийх байсан бэ. Сонголт байсан уу?

-Хоёр гурван сонголт байсан. Би чинь Ардчилсан холбоог эхэлж бай¬хад С.Зориг нарыг Их сургуульдаа өмгөөлж хамгаалдаг, өрөөндөө цуглуулдаг нэр хүндэд хүрчихсэн багш байлаа шүү дээ. Д.Лүндээжанцан бид хоёр нэг тэнхим, Цэцийн Ж.Бямбадоржтой багын найз, Шадар сайд Н.Алтанхуяг болон Р.Гончигдорж гээд бүгд манай Их сургуулийнхан шүү дээ. С.Зориг намайг “та нэр хүндтэй хүн, бидний өмнө ил гараад ажиллаач, энэ үйл хэрэгт идэвхтэй оролцооч” гэдэг байлаа. Манайд Баттөмөр гэж мундаг ухаантай багш байсан юм. Тэрнээс асуулаа. Тэгсэн “хөлийг нь сайн даах уу, үгүй юү гэдгээ сайн бодмоор юм билээ дээ хө” гэсэн. Тэгээд л би больсон. Хэрвээ би тэднийг дагасан бол өдийд энэ хэдийнхээ дайнд л явах байсан болов уу. Хоёрдугаарт нь би бизнес хөөсөн бол сэтгэл судлал, хуулийн хичээл заадаг, физикийн анги төгссөн болохоор ньюансыг нь олоод гайгүйхэн бизнесмэн болчихсон байсан байх болов уу.

-Улс төрд ороогүйдээ, Бөхийн холбоонд үлдсэндээ ганц удаа болов харамсч байсан уу?

-Нэг ч харамсч байгаагүй. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж надад нэг удаа хэлж байсан юм Хүүхдээ нэр бүтэн, нүүр бардам хүний нүүр хардаг байлгахын тулд би улс төрд ордоггүй юм гэж. Үнэхээр ийм үзэл бодолтой, улстөрчдийг нам бараадан амьдрагсад, хүн бараадан амьдрагсад гэж ялгадаг, тэдний өмнөөс ичдэг улс байдаг юм. Би тэдний нэг л дээ. Ийм юманд оруулчихаагүйд нь ээждээ одоо болтол баярладаг. Харин манай дүү Давааням нэг удаа тэгж дуугарч байна лээ. Ерөөсөө Бөхийн холбоо руу манай дүү намайг оруулчихсан хүн л дээ. Хуулийн багш учраас эхлээд дүрэм энэ тэр дээр туслуулах гэсэн байх. Тэгсэн л нэг өдөр хурал болоод шууд л намайг тэргүүнээр сонгочихсон юм. Тэгээд дүү маань нэг өдөр “ би ер нь таныг баллажээ. Танай үеийнхэн бүгд сайд дарга, сайн бизнесмэнүүд болчихлоо” гэсэн. Мань хүн миний найзуудыг хараад нэг их гутарсан юм шиг байна лээ. Тэгэхэд нь би “ах нь харин хамгийн зөв замаараа яваа, чи тэгж бодож болохгүй. Нам, хүн бараадахгүйгээр өөрийнхөөрөө ажиллаж амьдрах боломжийг чи надад нээж өгсөн” гэж үнэнээ хэлж дүүгийнхээ удаан бодож явсан гутралыг тайлсан даа.

-Гэхдээ та улс төрд л орох гэж УИХ-д нэг удаа нэр дэвшсэн биз дээ?

-2000 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэн. 1998 онд Бөхийн өргөөг ашиглалтад өгчихсөн. Дараа жил нь намайг хөдөлмөрийн баатарт тодорхойлох юм болоод л, нутгийн бараг нохой нь хүртэл таниад л аюул болж байлаа шүү дээ. МАХН-аас бусад бараг бүх нам ирж дэвш гэж гуйгаад л. Тэгээд байхаар хүн өөрийгөө сонгогдчихно гэж боддог юм билээ. Улс төрийн орчны тухай ойлголт маань одоогийнхыг бодвол арай ч гэгээлэг байлаа. Сонгогдоод юуны төлөө багш байлаа, бусад гишүүнээ ухуулаад л шударга ёс бий болгочихно гэж бодлоо. Тэгээд бие даагаад дэвшлээ. Алтайд очтол бараг хүн болгон л та сонгогдохгүй бол хэн сонгогдох вэ гээд л. Тэгсэн тэр сонгуульд ялж гишүүн болсон Цогтбаатар уулзаад “МАХН-ын фон 45 хувьтай байхад бие дааж байгаа та яаж ялах вэ” гэж байсийм. Намын фон энэ тэрийг нь ч мэдэхгүй, зүгээр сайхан нэр хүндтэй хүн л давхиад байлаа. Тэр үед мэдрэмжгүй байсан байна лээ. Тэгсэн сонгуулийн дүн гарахад Цогтбаатар 40, би 20 хувь, АН-аас нэр дэвшсэн Лодойдамбын Галбадрах 16 хувь авсан. Энд юу харагдаж байна гэхээр Цогтбаатар намын фоноороо гарч байгаа юм байна. Хэрвээ би тэр фонон дээр нь, МАХН-аас дэвшсэн бол 65-70, АН-аас дэвшсэн бол 35-40 хувь авах байж. Тэгээд л би улс төрийг сонирхохоо больсон. Нам гэж хов хоосон юманд хүмүүс яагаад итгээд байдгийг, манай нутгийн улсын сайн малчин Найданд нам ямар хамаатайг би одоо болтол ойлгодоггүй. Үгүй тэр сонгуулиар манай садангийн хөгшин хүртэл, за намдаа л өгдөг юм шүү, Нямдорж бид хоёрын садан хамаагүй шүү гээд явсан байдаг юм.

-Ганбаатар гарьдыг та бөхөд оруулсан уу, эсвэл таны дүү Давааням уу?

-Давааням л даа. Дүү маань гурван хүүтэй. Нэгдүгээр хороололд гурван өрөө байртай. Нэг өрөөгөө суллаад битүү эсгий дэвсчихсэн. Тэгээд л гурван хүү нь, дээр нь манай Ганбаа очиж барилддаг байсан юм билээ. Энэ дөрөв төдийгүй тэр байрны олон хүүхэд барилддаг байсан байна. Бөх болоогүй ч гэсэн бөхөд сэтгэлтэй, бөх шимтэн үзэгчийг тэгж бэлтгэж байсан байгаа юм. Би уг нь хүүгээ 16-тайд нь Их сургуулийн физикийн ангид оруулчихсан. Сурлагадаа сайн байсан болохоор дараа нь ямар сургуульд оруулна даа л гэж боддог байсан. Гэтэл өөрөө энд тэнд барилдаад л явдаг байсан. Лхагвадорж (Давааням зааны хүү, улсын начин) энэ хоёрыг Давааням л дагуулаад явдаг байсан. Аймгийн начин боллоо л гэдэг юм. Дараа нь Боржигон наадамд гайгүй барилдлаа гэдэг юм. Дараа нь Төв аймгийн наадамд барилдаад луйвардуулчихлаа гээд Даваанямд загнуулаад л. Цаадахь нь хохь нь чи, хүний нутагт гүйцэд хаядаг юм, энэ чамд том сургамж боллоо гэж загнаад л. Дараа нь Өмнөговийн наадамд түрүүллээ. Тэгээд Давааням дагуулж яваад Хүч нийгэмлэгт Лхагвадоржтой хамт өгсөн. Тэгээд л миний эрдэм ном хөөлгөх санаа өнгөрсөн. Гэхдээ би номын хүн гэдгээ толгойдоо байнга авч яваарай гэж үргэлж захидаг.

-Юуны төлөө Бөхийн холбооны тэргүүн билээ, хүүгээ ингэж тэнүүлэхгүйгээр улсын цолд хүргэчихэж болоогүй юу?

-Найраагаар уу. Би угаасаа шударга үнэн дээр амьдрахыг хичээдэг. Тиймээс би хүүдээ найраагаар начин болсноос насаараа аймгийн арслан яваарай л гэж хэлдэг байсан.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Sat May 30, 2009 9:36 pm

Монгол улсын аварга, ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням: Сайн сайхан яваа минь спортын л ач буян

-Та энэ албыг авсаар багагүй хугацаа өнгөрч байна. Амжилт, бүтээл нэлээд байгаа байх аа?

-1997 оноос хойш Алдар спорт хорооны даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд манай Алдарын тамирчид МБАТ-ний спартакиадад 3 удаа түрүүллээ. Мөн тамирчдаас маань дэлхийн аварга, азийн аварга, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат цолтнууд төрлөө. Одоо топ гэгддэг төрлүүдээр шигшээ баг барьж байна. Энд 30 гаруй тамирчдыг сонгон шалгаруулаад бэлдэж байгаа. БХЯ-наас тамирчдын материаллаг бааз, бэлтгэл сургууль хийх нөхцөл боломж зэргийг байнга анхаарч байдаг. Сая 2008 оны Бээжингийн олимпоос манай тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн бол 2012 оны Лондонгийн олимпод энэ амжилтаа бататгах, ахиулах, тоог нь нэмэх зорилт тавин шинэ залуу тамирчдаар баг бүрдүүлэн ажиллаж байна даа.

-Алдарын тамирчидийн нэлээд хувийг манай бөхчүүд эзэлдэг үү?

-Тийм шүү. Манай нэрийн емнөөс барилддаг 50 гаруй бөх бий. Далай аварга Г.Өсөхбаяр гэхэд 089-р ангийн биеийн тамирын дарга, дэд хурандаа цолтой. Гарьд Доржсамбуу, заан Ганбат нар хошууч цолтой, мөн биеийн тамирын албыг хариуцан ажилладаг. Ганбаатар арслан, залуучуудаас у.х Мөнгөнцоож, ц.а Бямбажав, а.а Мөнгөнбаатар гээд олон бөх .байна даа. Бөхчүүд маань байнга эндээ цуглаад бэлтгэл сургууль хийгээд байхгүй ч, өөр өөрсдийн үүргээ гүйцэтгээд цалин мөнгөө аваад явдаг. Үндэсний бөхийн бэлтгэлийг хоёр дахь, тав дахь өдрүүдэд улсын харцага Ч.Өвгөнхүү хариуцан хийлгэдэг.

-Танайх бөхчүүдээ яаж шалгаруулж авдаг вэ?

-Спортын төрлүүдээр гаргасан амжилтыг нь голлон харж сонгодог юм. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Алдар спорт хороо, тамирчин гэсэн 3 талт гэрээ байгуулдаг. Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд тухайн тамирчин тодорхой хэмжээний амжилт гаргасан тохиолдолд гэрээ сунгагдаж, амжилт буурсан тохиолдолд цуцлагдаад дараагийн шинэ залуу үеэс сонгон шалгаруулж авах гэсэн байдлаар явж байгаа. Үндэсний бөхөөс гадна спортын 12 төрлөөр секц дугуйлан хичээллүүлж, тамирчдынхаа залуу халааг байнга бэлдэж байна.

-Цэрэгт явж байгаа залуус Алдарт орно гэж бөөн яриа болдог байсан. Одоо танайх цэргээс тамирчин шалгаруулж авдаг уу?

-Хуучин Алдар нийгэмлэг гэж байхад биеийн тамирын тэргүүн, тусгай роттой байлаа. Бөх, хөнгөн атлетик, сагс гээд олон төрлөөр тамирчин авдаг байсан. Одоо тэр рот байхаа больсон. Учир нь цэрэг 1 жилээр алба хааж байгаа болохоор. Гэхдээ бид цэрэг татлагын үеэр хөдөөнөөс ирсэн бие бялдарын хөгжил сайтай, барилдах хүсэл сонирхолтой, авъяастай залуусыг сонгон авч өөрийн харъяа ангид хуваарилуулах, тэнд нь бэлтгэл сургууль хийлгэх зэрэг бол байна аа, байна.

-Наадмын бэлтгэлд гал болж гардаг биз дээ?

-Гарна аа. 1997 оноос хойш би ахалж гарсан. Сүүлийн 2 жил Өсөхбаяр аваргаар ахлуулан гаргаж байгаа.

-Өсөхөө аварга өнгөрсөн жил Архангайхнаа аваад цэргийн амралтанд гарсан гэж байсан. Танайх цуг гарсан юм уу?

-Тийм. Хамтдаа цэргийн амралтанд гарсан. Манайд Архангайн нэлээд хэдэн бөх байдаг юм. ЗХЖШ-аас журмынхаа дагуу бүх зүйлийг бэлдэж, тусгай тогоочтой, гэр бариад, платик майхантай гаргадаг юм.

-Эндээ тэмцээн уралдаан бол байнга зохиогдох уу?

-Тэгэлгүй яахав. Манайх спортын 13 төрлөөр Армийн аварга шалгаруулах тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг. Намар үндэсний бөхийн нээлтийн барилдаан, 3-р сарын 18-нд Зэвсэгт хүчний ойд зориулсан 128 бөхийн барилдаан болдог. Одоо наадмын бэлтгэлд гарахын өмнө хаалтын барилдаанаа хийнэ. Түрүүчийн долоо хоногт марш тактикийн тэмцээн болсон. Одоо 6-р сарын 1-нд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүчний байгууллагуудын хооронд тэмцээн болно. Цэрэг, цагдаа, тагнуул гээд дандаа хүчний байгууллагууд оролцдог юм.

-Одоо хоёулаа таны бөхийн амьдралын тухай ярилцъя. Та одоо зөвхөн наадмаар л зодоглож байна уу?

-Тийм ээ. Нэгдүгээрт ажил ихтэй, хоёрт нас ахиад байнга бэлтгэл сургууль хийгээд барилдах боломж бага болсон байна. Тийм болохоор зөвхөн наадмаар л зодоглож хийморио сэргээх юм даа.

-Өмнө байнгын бэлтгэлтэй байсан тамирчин хүн бэлтгэл сургуулиа их үгүйлнэ биз?

-Тэгэлгүй яахав. Байнгын өндөр ачаалалтай бэлтгэл хийж байсан хүн чинь бэлтгэлээ бүр орхиж болохгүй л дээ. Наад зах нь долоо хоногт наад зах нь долоо хоногт нэг удаа бэлтгэл хийж хөлсөө гаргахгүй бол болдоггүй юм.

-Та бөхийн спорттой холбогдсоор олон он жил өнгөрлөө. Дурсамж, бахархал гээд мэдээж зөндөө зүйл байгаа даа?

-Би 5-р ангиасаа барилдаж эхлээд одоог хүртэл барилдаж явна. Манай аав барилддаг хүн байсан. Аймгийн начин цолтой надаас өндөр биетэй, спорт их сонирхдог, волейбол их тоглодог хүн байлаа. Аавтайгаа хамт цагаан сарын барилдааныг радиогоор их сонсоно. Их сайхан санагддаг сан. Одоотой адил телевизор гэж байх биш.

Тэр бүхэн намайг энэ бөхийн спорт руу татсан даа. Тамирчин тэр дундаа бөх болсон минь миний амьдралын бахархал. Өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч яваа минь спортын л ач буян. Самбо бөхөөр дэлхийн 3 удаагийн аварга болж, жүдо бөхөөр дэлхийн аваргыни анхны мөнгөн медалийг авч ирлээ. Дасгалжуулагч болоод шавь нараас минь Атлантийн олимпийн хүрэл медаль, шагналт байр, Ази тивийн анхны аварга зэрэг төрлөө. Энэ бүхэн бол миний амьдралын баяр баясгалан, амьдрах урам зориг минь юм даа. Нөгөө талаараа спорт гэдэг эрүүл мэндэд их тустай зүйл. Ямар ч олон дээд сургууль төгссөн, сайхан мэдлэг мэргэжил эзэмшсэн байлаа гээд эрүүл мэндээ анхаардаггүй бол ямар хэрэг байхав. Спорт гэдэг чинь өөрөө хөдөлгөөн, хөдөлгөөн бол эрүүл байхын үндэс гэж боддог хүн дээ.

-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

-Бат-Эрдэнэ аварга байлаа. Бат-Эрдэнийг давна гэсэн ойлголт бараг байсангүй. Төрийнхөө их баяр наадамд 10 гаруй трүүлсэн ийм агуу бөхтэй нэгэн үед барилдаж явсандаа их бахархаж явдаг. Бас Мөнх-Эрдэнэ арслан байна, Баярсайхан, Ганболд заанууд, Цэрэнтогтох аварга ч тэр үед ид барилддаг байлаа шүү дээ.

-Та өөрийнхөө санасанд хүртэл барилдсан уу, ер нь боломжийг бүрэн ашиглаж чадсан уу?

-Боломжийг бол бараг ашигласан даа. Гэхдээ нэлээд хожуу улсын начин цол авсан, зааны тааварт ордог, заал танхимд түрүү, үзүүрт үлддэг байхдаа улсын наадмын 3, 4-ийн даваанд унаж явсан үе байдаг. 2-3 удаа түрүүлэх боломжоо алдсан байж магадгүй гэж боддог л юм. Би чинь Бат-Эрдэнэ аваргаас дөрөв ах хүн. Түрүүлээд гараад ирэх боломжоо алдсан тийм үе бий. Бас жүдо бөхийн дэлхийн аваргын төлөө барилдаад оноо илүү авчихсан байснаа цаг дуусах үед алдчихсан үе ч бий. Ернь алдсан, оносон зүйл олон доо.

-Та нээрээ ноднин жил ахмадын жүдогоор дэлхийн аварга болсон шүү дээ. Тэр алдсан алтыг зүүх учиртай байж дээ?

-Жүдо бөхийн ахмадык холбоо гэж байгуулагдсан. Мастеруудын холбоо ч гэж гэж нэрлэдэг. Тэнд 35-аас дээш насны спортоор хичээллэдэг хүмүүс тэр тэмцээнд оролцдог юм. Би ноднин 40-50 насны ангилалд барилдаад түрүүлсэн. Энэ жил 6-р сард Германд тэр тэмцээн болно. Манайхан явах гээд бэлдэж байгаа. Миний хувьд өвдгөндөө жаахан гэмтэл авчихсан, энэ удаа оролцож чадахааргүй болсон. Дараа дараагийн тэмцээнд нь оролцох бодолтой байгаа.

-Энэ жил Түвшинбаярыг олимпийн аварга болох үед танай хүү “аавын минь барилдаж байсан жинд олимпийн аварга төрлөө” гэж байсан?

-Би голдуу 86, -95 кг-д барилддаг байсан юм. -95-ийг одоо -100 гэж нэрлэдэг болчихсон. Энэ жинд дэлхийн анхны мөнгөн медаль би авсан. Энэ амжилт минь давтагдахгүй яваад л байсан. Тэгсэн энэ жил яг энэ жинд анхны аварга төрсөнд бэлгэшээгээд хүү минь тэгж хэлсэн байх. Ер нь бол тухайн жинд дэлхийн хэмжээний сайн тамирчин бол тогтмол балансаа барьж явдаг болохоор би өөрийгөө бас ч үгүй гайгүй тамирчин явсан юм болов уу гэж бодож явдаг. Тийм ч болохоор миний жинд аварга төрөхөд их сайхан байсан шүү.

-Та саяхан “Ардын багш” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн. Энэ шагналд мэдээж таны олон жилийн хөлс хөдөлмөр шингэсэн байгаа байх?

-1986 онд би спортын гавъяат мастер цолыг хүртсэн. Тэрнээс 23 жилийн дараа ийм эрхэм хүндтэй цолыг гардаж авлаа. Мэдээж энэ хугацаанд Атлантын олимп, Азийн анхны аварга, тив дэлхий, азийн гээд олон медалийг тамирчид маань зүүсэн. Энэ бүх хүч хөдөлмөрийг минь төр засгаас үнэлж надад өгсөн гавъяа шагнал болов уу гэж бодож байгаа.

-Таны барилдаж эхэлсэн үе, өнөөдөр барилдаж байгаа залуусын хооронд ялгаа хэр байна?

-Бидний үед бол хангамжийн хувьд гайгүй байсан. 365 хоногийн 200 гаруй хоногт нь байрлаад, хооллоод, гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцоод явдаг байлаа. Тэр утгаараа бэлтгэл сургууль ч сайн байсан. Дараа нь зах зээлийн үе эхлээд нэг хэсэг хүндхэн болсон. Одоо харин харьцангуй гайгүй болж байгаа. Компаниуд ивээн тэтгээд, төр засгаас ч нэлээд анхаардаг болж. Тамирчид амжидлт гаргаад ирлээ гэхэд шагнал урамшил нэлээд өгдөг болсон. Тэгэхээр зөвхөн спортод бүх зүйлээ зориулаад явах боломжтой болсон байна. Харин үндэсний бөхийн хувьд жаахан зогсонги болчихсон. Мэх гэхэд тун цөөхөн хувилбараар хийгдэж байна. Жаахан тулж байгаад шуудагдалцдаг, тэгээд нөгөө барьц сонгох асуудал руу ордог. Зөвхөн үндсээр дагнасан залуус олон болж. Ерөнхийдөө хурд, тэвчээр, уян хатан гэсэн зүйлүүд бага болсон байна. Аль нэг их спортоор давхар хичээллэвэл олон мэхтэй, хурд сайтай, уян хатан болдог юм шүү дээ. Зөвхөн үндэсний бэлтгэл, штанг хоёр хийгээд байдаг. Тэгээд нэг л хатуу байдалтай болцгоочихсон. Иймэрхүү ялгаа ажиглагдаж байгаа.

-Увс аймаг бөхөөрөө алдартай нутаг. Харин сүүлийн үед нэг л чимээгүй болоод байх шиг?

-Манай Увс 2 аварга, 3 арслан, заан начин бол олон бий. Харин сүүлийн хэдэн жил начин төрөхгүй л байна. Гэхдээ цол авчихаар хэдэн сайхан залуу байгаа. Бямбажав, Бат-Орших, Мөнхбат, Батсуурь гээд, бас Бүрэнтөгс гэж нэг өндөр хүү бий. Энэ залуус маань удахгүй начинаар тогтохгүй аварга болохыг ч үгүйсгэх газаргүй. Эд нартаа нэлээд итгэл тавьж сууна. Манай нутаг их эрс тэс уур амьсгалтай болохоор тэсвэр тэвчээрийг нэлээд суулгаж өгдөг. Тэр утгаараа бөх төрдөг гэж ярьдаг юм.

-Таны төрж өссөн Наранбулаг сум хэдэн цолтонтой вэ?

-1 аварга, 1 заан, 1 начинтай. Сүхбаатар заан гэж их сайхан уран гараа дэвээтэй, сайн заан байлаа. Бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Дараа нь Батаа гэж начин төрсөн дөө.

-Таны хөвгүүдээс барилдаж байна уу?

-Одоогоор барилдаж эхлээгүй л байна. Том Японд жүдогийн сургууль төгсөөд ирсэн. Одоо дасгалжуулагчаар ажиллах байх. Дараагийн хүү 9-р анги, бага хүү 10 настай. Тэд маань секц дугуйлан, хөнгөн атлетик, сагсан бөмбөг гээд ер нь спортын л хүмүүс болох юм шиг байна. Яваандаа барилдах байх аа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Sat May 30, 2009 9:44 pm

Аймгийн арслан Даш-Очирын Энхбат:Бэлтгэлээ сайн хийсэн байхад тэр өдрийн аз, од мэдэх хэрэг

-Саяхан нэг барилдаан дээр хөлөө гэмтээчих шиг болсон, лав хоёр гурван барилдаанд гарсангүй, одоо гайгүй болж байна уу?

-Эртээд Ховдын нэрэмжит аймаг цэргийн барилдаан дээр өвдгөндөө жаахан гэмтэл авчихаад ойрд барилдсангүй. Одоо эмчилгээ хийлгээд гайгүй ээ, Бэлтгэлдээ орчихсон байгаа. Ойрноос барилдана аа.

-Наадам ч дөхлөө, бэлтгэлээ нэлээд эрчимтэй хийж байна уу?

-Намар, өвөл ямар байдлаар хийсэн тэр байдлаараа л хийдэг. Нэг их эрчимжүүлсэн ч юмгүй, алдагдуулалгүй ерөнхийд нь бэлтгэлээ бариад л хийнэ. Наадам дөхөхөөр бэлтгэлээ жаахан сэргээгээд, тэгээд барилдана даа.

-Танай Баянхонгорын бөхчүүд одоо “Шонхор” сургууль дээр бэлтгэлээ хийж байна уу?

-Тийм ээ. Хоёр дахь, дөрөв дэхьд энд ирж үндэсний бэлтгэлээ хийгээд нэг дэхь, гурав дахь, тав дахь өдөр хүчний бэлтгэлээ хийдэг юм.

-”Хонгор нутаг” гэж дэвжээтэй билүү?

-Тэр дэвжээг аймгийн арслан Дамдин байгуулаад, манай нутгийн хэсэг залуучууд хамрагддаг. Тэд нар энд нэг их бэлтгэл хийгээд байдаггүй. Батболд ах бид нар бол энэ дэвжээнд хамааралгүй л дээ. Ах онцгой байдлын албаны, би Хилчин спорт хорооны бөх. Бид хоёроос гадна манай Батбаяр арслан гээд хэсэг залуучууд энд цугларч бэлтгэлээ хийдэг юм.

-Гэхдээ сардаа нэг цугларч барилдаан зохиож байгаа гэсэн үү, саяхан зураггаар гарч байсан?

-Хоёр удаа л барилдаан зохиосон. Нутгийн маань улсын цолтой бөхчүүд санаачлаад, зохион байгуулаад залуучуудаа барилдуулсан. Ер нь Хонгор нутгаас барилдаж байгаа бөхчүүд бүгд л барилдсан даа. Гурван начин, хэд хэдэн аймгийн арслан байна. 64 бөх бол элбэг хүрнэ шүү. Хэнийг ч хаячихаар сайн, сайн залуус олон байгаа.

-Таныг улсын начин Д.Батболдын дүү гэдгийг хүмүүс нэлээд мэддэг байх. Танайханд бас аймгийн цолтой барилддаг хүмүүс байдаг гэж сонссон юм байна?

-Төрсөн дотроо гэвэл ах бид хоёр л байна. Харин манай ээжийн талд аймгийн заан.начин цолтой бөхчүүд бий. Бас ээжийн ээж буюу буурал ээжийн минь ах дүү нар дотор барилддаг хүмүүс байсан гэдэг. Аавын талд бас аймгийн цолтой бөхчүүд байдаг. Ер нь хоёр талын л удамтай.

-Таныг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн гэвэл мэдээж ах тань уу?

-Бид багадаа бөхийн орчинд л өссөн дөө. Зун амралтаараа хөдөө өвөө, эмээ дээрээ очоод хоорондоо их ноцолдоно. Нөгөө барилддаг ах нар маань биднийг хооронд нь их барилдуулна. Сумынхаа бөхчүүдийг их харна. Гэхдээ бөхөд хичнээн дур сонирхолтой ч гэсэн 10 жилдээ нэг их барилдаагүй ээ. Харин ах маань хотод ирээд бөхийн сургуульд орсон. Тэр үед аав ээж минь “хүүхдээ дагая” гээд биднийг аваад бүгд хотруу орж ирсэн юм. Тэгээд л ахыгаа дагаж бөх болъё гэж зориод, ахаараа бүх л ном эрдмээ заалгаад одоо болтол явж байна даа.

-Таныг бас Шонхор дээд сургуулийг төгссөн гэж байсан, ажилладаг уу?

-Тийм ээ. 2005 онд төгссөн. Төгсөөд Хилчин спорт хорооны тамирчин болсон. Миний үндсэн ажил гэвэл одоо Дорнод аймгийн хурандаа Наранбат захирагчтай Хилийн цэргийн 0132-р анги, мөн Ганзориг захиралтай “Нийслэл өргөө”компани хоёрынхоо нэрийг гаргаж, тэр сайхан сэтгэлт хүмүүсийн надад итгэсэн итгэлийг алдалгүй сайн барилдаж, нэрийг нь өргөж явах том хариуцлага юм даа.

-Арслан болохоосоо омнө аймгийн начин цолтой барилддаг байсан, хэзээнээс аймгийн наадамд зодоглов, цол авсан барилдаанууд гээд…?

-2004 онд аймагтаа очиж барилдаад аймгийн начин болсон. Дараа жил нь дахиж очоод цолоо баталсан. 2006 онд Их Монгол улсын 800 жил, аймгийнхаа 65 жилийн ойгоор барилдаад түрүүлж арслан цол хүртсэн дээ. Тэр жилээсээ эхлээд улсын наадамд гурван жил барилдсан.

-Сүүлийн хоёр жил гурав даваад дөрвийн оноолт нэлээд чанга таарсан байсан, харин эхний жил яаж барилдсан бэ?

-Эхний жил арслан болж ирээд улсын наадмаар Нямсүрэн начинг а.а байхад нь гурвын даваанд тунаж барилдаад би унасан юм. 2007 онд дөрөв дээр Ганбат заантай таарсан, ноднин мөн Баяржавхлан заантай таарч унасан. Оноолт эхний нэг хоёрт жагсдаг манлай заануудтай таараад байгаа.

-Дөрөв дээр уначихаад хэр их харамссан, дараа жилийн наадмаа л бодсон уу?

-Унангуут юунаас болж унав, дараа жил энэ алдааг давтахгүй юмсан гэж их бодогдсон. Га заанд унахдаа шуудган дээрээс морьдуулсан ийм том хүнийг шуудгандаа хүргэлгүй, хамгаалж барилдмаар юм байна” гэж бодсон. Дараа жил нь Баяржавхлан зааныг хамгаалж барилдсаар барьц сонгуулаад унасан. Шодсон чинь Жавхаа зааны талаар буусан. Өндөр хүн чинь барьц сонгохоороо арай л чацархдаг юм билээ. Тэр бүх алдаан дээрээсээ суралцаад, засаад л явж байна даа. Тэрнээс биш юу ч хийхгүй байж байгааД улсын цол авчихна гэж болохгүй л дээ.

-Дахиж аймгийн наадамд барилдав уу?

-Аймгийн наадамд дахиж барилдаагүй ээ. Харин цэргийн наадамд аймгийн начин байхдаа нэг барилдаад дөрөв дээр унасан. Дараа нь арслан болчихоод дахиж нэг барилдсан. Өнгөрсөн жил хөдөө явж байгаад барилдаж амжаагүй.

-Төрсөн ахтайгаа нэгэн цаг дор, нэгэн дэвжээнд барилдаж яваа бөхчүүд тийм ч олон биш байх. Ахынхаа түшиг, нөмрийг их мэдэрнэ биз?

-Тэгэлгүй яахав. Ахынхаа туулсан замаар л би одоо явж байгаа. Ах минь оносон зүйлээ илүү зааж сургаад, алдсан зүйлээ давтуулахгүй юмсан гэж их хэлж зөвлөнө. Ер нь бүх л зүйлээ бид хоёр ярилцана, зөвлөлдөнө. Тэгээд хамтдаа бэлтгэнэ, давтана.

-Батболд начин таныг нэлээд шахаж бэлтгэл хийлгэдэг сураг байсан?

-Тэгнэ ээ. Ах минь их ч шахна, би ч гэсэн өөрөө их мэрийлттэй бэлтгэлээ хийдэг. Ах минь л энэ бүхнийг надад зааж сургасан хүн. Энэ бэлтгэлийг ингэж хий, тэгвэл үр дүнтэй болно, тэр мэхийг тэгж хий гээд бүх л зүйлийг минь хэлж өгдөг. Би тэр бүхнийг олон хэлүүлэхгүй, болж өгвөл нэг хэлүүлээд л ном горимоор нь хичээл зүтгэлтэй хийхийг боддог. Маш сайн бэлтгэл хийж байж амжилт гарна шүү дээ. Тэрнээс биш ойр зуурын юм хийчихээд явах юм бол юунд ч хүрэхгүй. Нэгэнт энэ спортод бүх зүйлээ зориулаад явж байгаа хүн чинь өмнөө зорилго тавиад хичээх ёстой гэж боддог. Бүх хүн л тэгж боддог байх. амжилт гарна шүү дээ. Тэрнээс биш ойр зуурын юм хийчихээд явах юм бол юунд ч хүрэхгүй, Нэгэнт энэ спортод бүх зүйлээ зориулаад явж байгаа хүн чинь өмнөө зорилго тавиад хичээх ёстой гэж боддог.

-Улсын цолны тааварт таны нэр аль хэдийн орчихсон байгаа, ер нь цол хэр их бодогдож байна?

-Барилдаж байгаа хүн болгонд л цол бодогддог биз дээ. Бүгд л ямар нэг цол авчихаад дараагийн цолыг боддог гэдэг. Би аймгийн начин болчихоод одоо аймагт түрүүлнэ дээ гээд бараг маргаашаас нь эхлээд бэлтгэлээ хийсэн. Арслан болчихоод одоо бэлтгэлээ сайн хийгээд улсын цол авах хэрэгтэй гэж бодсон. Ямар ч байсан бэлтгэлээ сайн хийгээд өөрийнхөө хэмжээнд тултал явна гэж бодож байгаа. Тэрнээс биш өдөр шөнөгүй улсын цол бодоод, яаж ийгээд начин авчих юмсан гэж нэг их айхтар мөрөөдөөд явдаггүй ээ. Бэлтгэлээ сайн хийгээд явахад болно доо л гэж боддог. Гэхдээ өөртөө итгэлтэй байна гэх нь хаашаа юм. Ямарч байсан өмнөө том зорилго болгож тавиад зүтгэж явна. Бэлтгэлээ сайн хийсэн байхад ёстой тэр өдрийн аз од л мэдэх хэрэг.

-Таныг харахад хүчний бэлтгэл нэлээд давамгай хийдэг болов уу гэмээр байдал анзаарагддаг?

-Хүчний бэлтгэлийг бол давамгай хийнэ шүү. Долоо хоногийн гурван өдөр нь хүч, хоёр өдөр нь үндсээ хийдэг. Барилдааны өмнө салхинд гарч гүйж, харайна. Барилдаанууд голдуу хагас бүтнээр болно. Тэгэхээр заримдаа 7 хоногийн бүх өдөр бэлтгэл хийх үе ч байна. Зарим нэг хагас бүтнээр л амрах юм даа.

-Хүчний бэлтгэлийг суулт, шахалт зэргээр нь дүгнэдэг бололтой, та одоо хэдэд сууж, шахаж байна?

-Суулт, шахалт, таталт гурвыг бөхийн гол бэлтгэл гээд “хүчний гурван төрөлт” гэж нэрлэдэг. Энэ гурван дасгал хүчийг их суулгаж өгдөг юм билээ. Би энэ гурван дасгалаа бусад туслах дасгалуудаа ном горимоор нь л хийдэг. Одоогоор шахалт 180-190-ийн хооронд, хааяа 200 хүрнэ. Суулт болохоор 160-170, таталт 250 хавьцаа л байна.

-Хүчний бэлтгэл их хийхээр бие хатуу болох, мэдрэмж багасах зэрэг жаахан сөрөг тал байдаг уу?

-Мэдрэмжийг оруулаад тэрийгээ алдалгүй яваад байхад гайгүй ээ. Гэхдээ зарим үед хүчний бэлтгэл жаахан ихдэхээрээ мэдрэмж багасчихдаг тал бий. Тэр болгоноо өөрөө аяндаа мэдэрдэг болчихдог юм. Би жаахан хатуурчихсан байна, суллах, сунгах хэрэгтэй юм байна гээд. Ер нь зохицуулаад л бэлтгэлээ хийдэг дээ. Хүчний бэлтгэл зөв хийж байна уу, буруу хийж байна уу гэдэг нь энгийн хүн харахад ч ялгагдахаар байдаг. Бас хүн болгонд барилдааны онцлог гэж байдаг. Угийн мэдрэмж сайтай барилддаг хүмүүс байна. Зарим нь явж барилддаг байхад зарим нь хүлээж, мэдэрч барилддаг байх жишээтэй.

-Хүчний бэлтгэлийг хэдэн жил хийж байна вэ?

-Анх барилдах үедээ бол хийдэггүй байсан. Жирийн л гар хөлний дасгал, гүйлт гээд суурь бэлтгэлээ л хийнэ. Би чинь 18-тай барилдаж эхэлсэн. Багаасаа шууд хүчний дасгал хийхээр их хатуу болчихдог гэх юм билээ. Суурь бэлтгэл, барилдааны бэлтгэл зэргээрээ уян хатан чанараа эхэлж бий болгоод дараа нь хүч хийх хэрэгтэй гэдэг юм. Би 22-тойгоосоо хүчний бэлтгэл хийсэн. Одоо 25-тай, гурван жил хичээллэж байгаа юм байна.

-Барилдааны өмнө нервтдэг үү?

-Гайгүй ээ. Бэлтгэл сургууль таарчихсан. Адилхан л бэлтгэлтэй хүмүүс, сайхан барилдчихъя л гэсэн бодолтой. Тийм болохоор ер нь тайван шүү.

-Наадмаар ч тайван уу?

-Наадам дөхөхөөр жаахан юм бодогддог л юм. Гэхдээ барилдааны өмнө нэг их сандраад, догдлоод байдаггүй болохоор гайгүй дээ. Нэг их зүйл бодож өөрийгөө зовоогоод яахав гээд тайвширчихдаг юм аа. Адилхан барилдаж, хөдөлмөрлөж яваа залуус цол авах нь аваад л явдаг юм чинь.

-Барилдаануудад бараг алгасалгүй оролцдог байх аа, амжилт ч нэлээд сайн яваа?

-Би том, жижиг гэлгүй бүх барилдаанд барилддаг. Энэ жил голдуу наймаас дээш гарч барилдлаа. Аймаг цэргийнхний барилдааныг бол бараг алгасаагүй шүү. Наймд, дөрөвт, үзүүр, түрүү гээд л муугүй л амжилттай барилдах юм. Сая Ховдын барилдаан дээр уг нь наймд үлдчихсэн байсан. Хөл эвгүйтээд, эмч барилдаад яахав гэхээр нь барилдаагүй.

-Барилдааны үед гэмтэл бэртэл авах үе нэлээд байдаг уу?

-Хуруу гарнаас эхлээд жижиг бэртэл бол зөндөө шүү дээ. Гар булгарах зэрэг бол наад захын л асуудал. Тийм болохоор өөрөө өөрийгөө зөв авч явах, уналт энэ тэрээ хүртэл тохируулах, хэрэгтэй болдог.

-Магадгүй зарим үед өрсөлдөгчийн санамсаргүй байдлаас болж гэмтэх үе ч байдаг байх, тийм үү, буруу халах, буруу барьц авах гээд л..:?

-Тийм шүү. Мэдэхгүйгээсээ эсвэл санаандгүйгээс болоод элэг бүс, сэнжигнээс буруу халах зэргээс болж бэртэнэ. Яахав тэр үедээ буруу халлаа, энэ тэр гээд хэлээд өнгөрнө. Тэр хүн алдаагаа заслаа гэхэд нэгэнт гэмтсэн эрхтнийг засч залруулах хэцүү л дээ. Гэхдээ одоо ихэнх залуус бөхийн сургуулиар дамжиж байгаа болохоор харьцангуй гайгүй шүү. Бөхийн сургуульд уналтаас эхлээд мэх, техник, гараа дэвээ гээд бүгдийг заадаг болохоор…

-Танай нутгийнхан наадмын бэлтгэлд тусдаа гал болж гардаг уу?

-Баянхонгорын гал гэж сүүлийн 3 жил тусдаа гарч байгаа. Батболд ах, Сэр-Од ах хоёр ахлаад гардаг. Өнгөрсөн жил гарьд Сүхбат ах маань Америкаас ирээд бид хамтдаа гарсан. Бугын САА-д хилийн цэргийнхэн, манайхан, Сумъяа аваргаар ахлуулсан Өвөрхангайн хэсэг бөхчүүд гээд 10-аад галын 100-аад бөх гардаг юм.

-Үеийнхнийхээ барилдааныг хараад ямар сэтгэгдэл төрж байна?

-Биднийг анх барилдаж эхлэх үед заалны барилдаанд шууд ирж бүртгүүлчихээд барилддаг байлаа. Харин одоо бол урьдчилсан барилдаанд хоёр, гурав давж байж аймаг, цэргийн барилдаанд оролцож байна. Бас бүгд л бэлтгэлээ сайн хийж байгаа болохоор заал танхимын барилдаанд улсын цолтонд нэг их ааглуулж унах нь ховор болсон шүү. Энэ нь бэлтгэл асар өндөр түвшинд хүрснийх байх. Өмнөө зорилго тавиад барилдаж байгаа энэ олон залуусыг харахад цолны ялгаа л байна уу гэхээс бие бялдрын хөгжил, бэлтгэлжилт талаараа бол ялгаа бараг гарахаа больсон шүү дээ.

-Таны барилдааны онцлог гэвэл?

-Голдуу золгож барилддаг. Шуудган дээрээс золгоод бяралхаж барилдахыг боддог. Хааяа сэрвүүгээс хонгодно, тахимдана, хавирна. Гэхдээ ихэнхдээ л шуудган дээрээс шахаж татах, хавирах, мөргөөд мордох зэрэг мэхийг хийж барилдана даа.

-Мэхийг ихэвчлэн ахаасаа сурах уу?

-Ахаас сурна. Бас багаасаа хийдэг байсан ганц нэг унаган мэх байна. Хүмүүсийн хийж байгаа мэхийг их хардаг. Тэгээд бэлтгэл дээр давтана, хичээллэнэ. Ер нь ямар ч мэхийг хийчихдэг байхыг хүсдэг. Харж байхад заавал томчуудын гэлтгүй залуучуудаас ч гэсэн гоё барилдаан гардаг

-Таны хундэлж явдаг, үлгэр дуурайл авдаг бөх гэвэл?

-Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар аваргууд байна. Цаанаа л нэг өөр. Аварга хүн ийм л байдаг байх гэж бодогдмоор нуруутай, буйртай суурьтай сайхан бөхчүүд. Бас Доржсамбуу гарьд байна. Хүн чанар, даруу төлөв гээд их жудаг сайтай бөх гэж хүндэлж явдаг. Шинэ арслан Ганхуяг ах бас сайхан бөх шүү. Барилдааны хувьд гэвэл бүх хүмүүсийн барилдаанаас харах, авах, сурах зүйл их байдаг юм.

-Бөхийн бусад төрлөөр хичээллэдэг үү?

-Би Шонхорт элсэхдээ чөлөөт бөхийн ангид орж, багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Харин жүдогоор 2 жил бэлтгэл хийсэн. Ойр зуурын тэмцээн уралдаанд бол орж байсан. Суүлийн 2, 3 жил үндэсний бөхөө л дагнаж байгаа.

-Их спорт их хэрэгтэй л гэх юм билээ. Чөлөөт, жүдогоор барилдахаа болихоор үгүйлэгдэх, дутагдах зүйл мэдрэгдэх юм уу?

-Адилхан бөхийн төрлөөр хичээллэж байгаа болохоор гайгүй ээ. Үндсээ дагнаад энэ төрлөөрөө цол авах зорилго өмнөө тавьчихсан, өөрөө бас энэ спортдоо их дуртай болохоор үгүйлэгдэх нь гайгүй байгаа. Яваандаа аль нэгээр нь барилдана аа.

-Барилдааны тэмдэглэл хөтөлдөг үү?

-Тэмдэглэл нэг их хөтлөөд байхгүй ч бичлэг бол их үзнэ шүү. Өөрийнхөө барилдааныг дүү юм уу, ахаараа бичүүлээд авчихдаг. Би чинь 3 ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Дүү маань барилдааны үеэр ах бид хоёрын барилдааныг их бичдэг юм. Тэрийгээ дараа нь үзээд тэр үед би тэгчихсэн байна, уг нь тэгэх ёстой байж гэдэг ч юм уу, ийм үед ингэвэл зүгээр юм байна гэсэн санаа оноо их орж ирнэ.

-Танайхаас Батболд начин та хоёроос бусад нь барилдахгүй байна уу?

-Манай бага дүү 8-р ангид сурдаг. Энэ жилээс чөлөөтөөр хичээллэж байгаа. Олимп сургуульд дээр бэлтгэл сургуулиа хийдэг. Барилддаг нь хоёулаа байсан, одоо гурвуулаа болох юм шиг байна. Нөгөө хоёр ах бол барилдахгүй ээ, зүгээр сонирхогч.

-Зун нутагтаа очиж амрах уу?

-Явна аа. Наадмын дараа аав ээжийгээ аваад нутагтаа очиж сайхан амраад ирдэг.

-Ахынхаа барилдааны талаар ямар бодолтой явдаг вэ, Батболд начинг зааны энтэй бөх гэж үнэлэхийг олон удаа сонсож байсан юм байна?

-Өнгөрсөн өвөл жаахан бэртэл гэмтэлтэй байж байгаад наадмаар гурвын даваанд уначихсан. Өмнөх хоёр жил нь тавын даваанд унасан. Олон ч хүнтэй барилдаж үзлээ. Манай ах чинь ер нь их бяртай. Бэлтгэл сургууль хийхэд хүртэл их хэцүү шүү дээ. Ингэж ахаасаа зууралдсаны хүчинд би жаахан тамир суусан байх. Би ахыгаа хүмүүстэй л адилхан үнэлдэг. Тийм болохоор улсын заанаас дээш явж барилдах бөх л гэж боддог. Энэ жил бэлтгэл нь ч сайн байгаа.

-Та хоёр том барилдаанд таарч байсан уу, хэзээ билээ ах чинь нэг амалсан байсан санагдана?

-Том барилдаанд ёстой таарч байгаагүй. Цагаан сарын өмнө нэг барилдаан дээр би ханиад хүрчихсэн, халуураад болдоггүй. Тэгээд гурав дээр ахыг “намайг авчих” гэж байгаад авахуулсан.

-Бөхөөс өөр спорт сонирхдог уу?

-Регби гэдэг спортоор хичээллэдэг. Америк хөл бөмбөг гээд зууван бөмбөгтэй нэг спорт байдаг даа. Ерөнхийдөө тэрэнтэй адилхан. Ялгаа нь гэвэл америк хөл бөмбөг нь хамгаалалт, касктай, регби болохоор тийм зүйл байхгүй, шорт подволктой тоглодог. Би энэ спортоор 2005 оноос хойш бараг 4 жил хичээллэж байна. Манайд улсын шигшээ баг гэж байгуулагдаж байгаа. Одоо 6 сарын 10-д гээд Узбекстанд болох Азийн аваргын урьдчилсан тэмцээнд явна.

-Тэр америк хөл бөмбөг нэгийгээ аймаар түлхэж, мөргөж унагаад байдаг биз дээ, гэмтэл бэртэл авахаар эрсдэлтэй спорт биш үү, яаж тоглодог юм бэ?

-Яг тэр спорт шиг мөргөлдөнө, түлхэж унагаана. Бэртэл гэмтэл авах нь гайгүй ээ. Гэхдээ ганц нэг хориотой зүйл байдаг л даа. Бөмбөгөө барьж гүйгээд захын онооны шугамны ард аваачиж тавиад оноо авдаг. Тэр хоёрынхоо хооронд булаацалдана, мөргөлдөнө, нэг нэгийгээ хамгаална. Урд талын эгнээнийхэн их хүчтэй, дунд эгнээнийхэн хамгаалдаг, их тэсэрч ордог, арын эгнээнийхэн хурдтай гээд дотроо ялгаатай. Хажуу талаас бөмбөг оруулахад зөвхөн урд эгнээнийхэн оруулна, алдаа гарахад мөн урд эгнээ скрам гээд мөргөлдөж орно, урд эгнээнийхэн урдаа, арын эгнээнийхэн ардаа л тоглоно гээд багагүй онцлогтой шүү.

-Бөхөес огт өөр, шинэ спортоор хичээллэдэг юм байна. Та багтаа ямар үүрэатэй тоглодог вэ, тэмцээн уралдаанд их явах уу?

-Бөхтэй огт хамааралгүй гэж бас болохгүй юм аа. Учир нь бас хүчний талын спорт л доо. Бөх бол нэгийн эсрэг нэг хүн барилддаг, регби болохоор 15-ын эсрэг 15-уулаа тоглодог. Хөл бөмбөгтэй харьцуулвал хүчний талын спорт. Хоорондоо мөргөлдөнө, бие биенээ түлхэнэ, давхар хамж унагана. Бөхөд бол хэрэгтэй. Огцом гүйж, харайна, их тэсрэлттэй. Нэлээд сонирхолтой спорт. Манай бөхчүүдээс сонирхоод ганц нэг хүмүүс татагдаж ороод байгаа. Ганхуяг арслан тоглоно. Аймгийн цолтой бөхчүүд бас байгаа. Би энэ спортоор хичээллээд гурван жил болж байна. Одоо багийн ахлагчаар тоглодог. Хосбаяр гээд манай дасгалжуулагч бий. Бид хоёр 2007 оны өвөл Хонгконгийн лигт очиж тоглож байсан. Мөн Филипин рүү нэг удаа тэмцээнд явсан. Ноднин хавар Бээжинд болсон ОУ-ын А зэрэглэлийн тэмцээнд ороод хүрэл медаль авсан. Бас Хонгконгоос авсан нэг хүрэлтэй. Одоогийн байдлаар хоёр хүрэл медальтай болоод байгаа.

-Саяхан болсон спорт холбоодын сагсан бөмбөгийн тэмцээнд тоглож байсан, энэ төрлөөрөө орсон уу?

-Тэгсэн. Регбигийн холбоо гэж тусдаа баг болж орсон. Манайхан жүдогийн багийг хожоод теннисний багт нэг оноогоор хожигдоод, чөлөөтийн багтай тэнцээд цаг сунгаж тоглоод хоёр оноогоор хожигдсон.

-Гэр бүлтэй юу?

-Одоохондоо тусдаа гараагүй л байна. Гэхдээ үерхдэг найз бүсгүй бий.

-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Салхинд гарах, байгалийн сайханд явах их дуртай. Хааяа найз нөхөдтэйгээ караокед орно. Заримдаа гэрийнхэнтэйгээ цуглараад тоглож, наадах сайхан байдаг. Чөлөөт цагаа аль болох сэтгэл санаагаа бөхөөс холдуулж амрахыг хичээдэг. Тэгэхгүй бол бөхчүүд чинь байнга л барилдаанаа бодно. Тэр барилдаанд тэгсэн, одоо тэгнэ, тэр мэхийг тэгж хийнэ гээд толгойгоо байнга ажиллуулж явдаг хүмүүс. Тийм болохоор бөх бодохгүй, тархи толгойгоо сэргээж амрах дуртай.

-3а цаг зав гаргасан танд баярлалаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Sat May 30, 2009 9:45 pm

Монгол Улсын заан Чойндонгий Адъяа: Цохих мэх хийдэг хүн гутлаа хүртэл тохируулж хийлгэх хэрэгтэй

-Таныг хүч тэнхээ суухад нөлөөлсөн гол зүйл юу байдаг вэ?

-Би 1954 оны үед анх хот орж ирсэн юм. Тэгээд Намын төв хорооны ус түгээгүүрийн газарт грушик хийдэг боллоо. Тэр үеийн Цэдэнбал, Дүгэрсүрэн хоёроос бусад бүх л дарга нарын усыг зөөсөн дөө. Сисчерээ айлуудын дунд орхичихоод хоёр лаазанд усаа хийж аваад үүрээд алхчихна. Нэг лааз нь 20 гаруй литр ордог байсан байх. Өдөржин тэр хоёр лаазыг бариад шатаар өгсөж, уруудаж гүйсний хүчинд л би овоо тамир суусан болов уу гэж боддог юм. Тэгээд ажлаа тараад Сосорбарам, Чойжилсүрэн гээд нөгөө хэдтэйгээ уулзана, барилдана. Өдрийн цагаар бэлтгэл энэ тэрийг ямар хийх биш. Ажил минь л надад бэлтгэл болдог байсан хэрэг. Тэр үед бөхчүүдийн ганц цугладаг газар нь Хөдөлмөр нийгэмлэг байлаа. Голдуу 48-64 бөх барилдаад шөвгийн 8-ыг шатарчлуулна. Тэр их хэрэгтэй зүйл байсан.

-Та наадмын бэлтгэлд гардаг байв уу?

-За даа. Би заан болтлоо наадмын бэлтгэлд гараагүй хүн дээ. Багаасаа адуу малтай их ноцолдоно. Хотод ирэхийнхээ урд өвөл нь өөрийнхөө болон айл саахалтынхаа хэдэн адууг аваад оторт гарлаа. Тэгэхэд эмнэг догшинтой их ноцолдсон. Ер нь хүнд аажим аажмаар бяр суудаг гэдэг. Харин минийх нэг жилийн дотор л нэлээд бяр орчихсон санагддаг юм. Тэр эмнэг догшинтой ноцсон минь их нөлөөлсөн байх. Миний үеийнхэн чинь бэлтгэлээ их өвөрмөц хийнэ. Мөнхбат гэхэд эхний хэд хоног унтаад л байна. Ядаргаатай хүмүүс ядаргаагаа гартал биеэ амраах хэрэгтэй гэдэг байсан. Аяндаа барилдмаар болоод байж сууж чадахаа болиод ирэхээрээ барилдана шүү дээ.

-Таныг давхар хамах мэхийг нэлээд сайн хийдэг байсан гэдэг?

-Тийм шүү. Давхар хамаад цээжээ цээжин дээр нь тавиад түлхэхэд цээж нь хойшоо гэдийгээд ойчно уу гэхээс урагшаа бол явахгүй шүү дээ. Цээжээрээ мөргөөд гүйнэ, гүйгээд чадахгүй бол эргээд баруун зүүн хамаагүй тонгорчихно. Би гурван мэхийг голлон хийдэг байлаа. Ухас гээд сэнжигдэж аваад сэгсэрэнгүүт хүний хөл адсага гөвж байгаа юм шиг гозосгээд гараад ирдэг юм. Тэгэхээр нь мушгиад тавьчихна. Тэр мэхийг хийхэд гартаа жаахан бядтай байсан минь нөлөөлсөн болов уу. Одооны бөхчүүдийг ажиглаж байхад хавирдаг хүн алга аа. Уг нь дэгээ хавирах гэж их сайхан мэх байдаг юм шүү дээ. Дэгээ ороогоод авахаар нь ороосон хөлийнх нь ар есгий дээр цохичихоор тас гэдэргээ хараад их амархан уначихдаг юм. Энэ мэхийг хийхийн тулд хэргээр дэгээ ороолгодог байлаа. Цохих гэж мэх байна. Энэ чинь дотроо өөр өөр. Чойжоо, Сэрээтэр, Өвгөнхүү, би гээд энэ мэхийг их хийнэ. Сэрээтэрийн цохио бол их өвөрмөц байсан. Нэг хөлөө нугалаад нөгөө хөлөөрөө цохино, цохингуутаа суучихдаг байсан. Харин Өвгөнхүү бид хоёрынх их төстэй.

-Цохих мэхийг хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Цохих чинь их учиртай. Барьж аваад хөлөө өргөөд буцаагаад тавих үед нь цохихоор их амархан ойчдог юм. Хүмүүс хоёр хөл нь гишгээтэй байхад л цохих гээд өшиглөөд байгаа харагддаг. Тийм үед хэзээ ч унахгүй. Намайг хүмүүс цохих нь гэж мэддэг хэрнээ л цохиулчихдаг байсан. Сурсан юм гэдэг чинь өөрийн мэдэлгүй л хийчихдэг юм шүү дээ. Манай Чойжоо нэг хавсарчихаад л дэвээд явчихна. Голдуу сугадаж аваад эргүүлээд араас нь цохичихдог байлаа. Ер нь цохих мэх хийдэг хүн гутлаа тохируулж хийлгэх хэрэгтэй. Хүндхэн ултай, нарийвтар түрийтэй гутал их тохиромжтой. Бүдүүн түрийтэй гутал чинь дэгээ ороож хүртэл болдоггүй юм шүү дээ. Ерөнхийдөө савхин гутал шиг нарийн түрийтэй байвал зүгээр байдаг юм. Хүндхэн ул цохиход их дөхөмтэй. Хөнгөхөөн гутал бол цохиод ч нэмэргүй.

-Та мэхийг яаж хариулдаг байсан бэ?

-Өөрөө цохидог хүн цохидог хүнийг хариулахад амархан байдаг юм. Цохих нь гэж мэдэнгүүтээ цовхорчихно. Хий цохиод, хайчлаад өөрөө ойчдог юм. Бас энэ хөлөөрөө цохих нь гэдгийг нь анаж байгаад яг тэр хөлийг урдаас нь цохичихоор бас амархаан унана. Тонгорох гээд сугадаад авахаар нь толгойгоо гаргачихвал барагтай бол унахгүй шүү. Тонгорох чинь илүүдэх, дутуудах гэж байдаг. Тонгорох гээд дутуудаад даахгүй шиг болохоор нь эргүүлээд салтаадаад өргөхөөр их амархан унана шүү дээ. Бидэнд энэ мэхийг анх Дэрэн бор гуай зааж өгч байсан юм.

-Гарын атгалт сайжруулахад хийдэг дасгал гэж танд байв уу?

-Атгадаг пүрш байдаг шүү дээ. Тэрийг л их атгадаг байлаа. Чойжилсүрэн бид хоёр хоорондоо мөрий тавиад тэрийг атгана. Чойжоо 30 гараад больчихно. Би болохоор 40 гараад 50 шахна. Тэгээд мөрийнд гутлыг нь авч хэд хоног өмсөөд буцаагаад өгчихдөг байлаа.

-Баярлалаа танд.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Sat May 30, 2009 9:51 pm

Самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн заан Г.Эрдэнэбаяр: Их спортод гаргасан энэ өчүүхэн амжилтаа байгалиас надад заяасан хишиг гэж боддог

Бөх: – Та өөрийнхөө бага нас, эцэг эхийнхээ талаар дурсан ярьвал манай уншигчдад сонин байх болов уу?

Г.Э: – Би 1969 оны 02 сарын 05-нд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багт төрсөн. Миний эцэг Х.Гомбосүрэн сумын заан цолтой хүн байсан. Ээж Нямцэрэн маань тэр үеийн хөдөөний хөдөлмөрч эмэгтэйчүүдийн нэгэн адил хөдөлмөрлөж үр хүүхдүүд биднийгээ өсгөж хүмүүжүүлсэн ачтан. Миний бага нас гэвэл 5 хүүхэдтэй айлын 3 дахь хүү болон төрсөн. Бага насаа хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил хонь хургатай хөөцөлдөж үеийнхээ хүүхдүүдтэй ноцолдож, барилдаж байгаад ээжийнхээ хийж өгсөн жигүүн дээлийг өдөрт нь мөрий нь тасалчихдаг, хөвөнтэй дээлийнхээ хөвөнг бутаргачихаад ээждээ загнуулдаг байсан.

Бөх: – Хүүхэд байхын мөрөөдөл?

Г.Э: – Хүүхэд байхдаа их том хүн болохыг мөрөөддөг байсан, Том хүн гэхээр намайг хүмүүс өндөр том болох гэж мөрөөддөг байж гэж бодож байгаа байх. Миний хувьд бол том болох гэдэг өөр зүйл. Одооны хэллэгээр бол амжилтанд хүрч том юм хийхийг л зөгнөж мөрөөдөж байсан юм. Өөртөө мөрөөдөлтэй байсан учраас миний мөрөөдөл биелсэн гэж боддог.

Бөх: – Хэзээнээс эхэлж барилдаж эхэлсэн бэ ?

Г.Э: -1987 онд Цагдаагийн 0230-р ангид цэргийн албанд татагдаж ирээд Монгол улсын заан С.Сүхбаатар зааны удирдлага дор нөр их спортын анхны гараагаа эхэлсэн. Тэр цагаас эхэлж самбо бөхөөр голчилж хичээлэлсэн. 1988 онд цэргээс халагдаж Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажилласан. 1990 онд Хөвсгөл аймагт сумын заан цолтой 90 бөхийн тойргийн барилдаан болж тэр барилдаанд түрүүлж аймгийн начин болсон. 1994 онд аймгийнхаа улсын баяр наадмаар Монгол улсын начин Б.Бадралтай үзүүр түрүүнд үлдэж барилдаад үзүүрлээд аймгийн заан цол хүртсэн. 1996 оны наадмаар барилдаад аймгийн.заан цолоо баталсан.

Бөх: – Танай аав сумын заан цолтой бөх байсан гэж та түрүүн хэлсэн. Тэгэхээр танайх бөхийн удамтай юмаа даа?

Г.Э: – Манай аавын тал бөхийн удамтай байсан гэсэн. Буурал аав Хандыг бөх хүн байсан гэж аав ярьдаг байсан. Би тухайн үедээ нэг их сонирхож асууж байгаагүйдээ одоо харамсдаг.

Бөх: – Самбо бөхөөр хэдэн оноос эхэлж хичээллэсэн бэ?

Г.Э: -1989 оноос одоог хүртэл хичээллэж байна. Одоо 6 сарын 1-нээс 6 сарын 7-ны хооронд болох Ази тивийн Самбо бөхийн АШТ-нд явахаар бэлтгээд бэлтгэл сургуулилтандаа гарчихаад байгаа.

Бөх: – Та Самбо бөхийн холбоог хэр зэрэг ажиллаж байна гэж бс дог вэ ?

Г.Э: – Манай Самбо бөхийн холбоо тамирчиддаа хүрч ажиллаж байгаа гэж боддог. Самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, Монгол улсын начин, Баянзүрх дүүргийн Спорт хорооны дарга С.Эрдэнэбат багшийгаа Самбо бөхийн холбоог авч яваа сайн сэхээтнүүдийн нэг гэж боддог. Мөн ерөнхий дасгалжуулагч Баярсайхан ах маань тамирчдынхаа бэлтгэл сургуулилтанд бие сэтгэлээ зориулан ажилладагт тамичрдынхаа өмнөөс баярлаж явдаг.

Бөх: – Самбо бөхөд гаргасан таны амжилтууд?

Г.Э: – 1990, 1992, 1994 оны УАШТ-нүүдэд алтан медалть, Цагдаа тэмцээний 7 удаагийн аварга Самбо бөхийн мастеруудын 90 кг-ын жингийн аварга, Самбо бөхийн Цагдаагийн (РоНсе) дэлхийн аварга, Мотоспортын улсын 2 удаагийн аварга зэрэг амжилтууд гаргасан.

Бөх: – Одооны бөхчүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

Г.Э: – Сүүлийн үеийн бөхчүүдийг хараад байхад ёс суртахуун, харьцааны хувьд дутагдалтай санагддаг. Миний үед ахмад бөхчүүдээ хүндэтгэж, ёс жудаг, эрэмбэтэй байсан. Би ер нь хувь хүнийхээ хувьд заримдаа боддог юм. Яагаад одооны зарим залуу бөхчүүд хөгшин настай бөхчүүдээ үл ойшоож хүндлэхгүй дайрч унагачих гээд явдаг болсныг хараад өмнөөс нь ичдэг. Залуучууддаа хандаад хатуу хэлэхэд хүнийг хүндэлж хайрлаж байж хүний хайр энэрэлийг хүртдэг юм шүү гэж хэлмээр байна.

Бөх: – Тэгвэл хоёулаа харьцааны талаар ярих уу?

Г.Э: – Ухаантай, мэдлэг боловсролтой, чадалтай хүн хүнтэй зөв боловсон даруухан харьцдаг. Ухаан муутай, чадалгүй, боловсролгүй хүн яг өөртэйгээ адилхан харьцаатай байдаг. Хүнд” боловсролоосоо илүү гэр бүл, удмын хүмүүжил илүү нөлөөлдөг гэж боддог. Хүний удмын гени үр хүүхэддээ нөлөөлдөг шиг хурдан морины унага хурдан, бөх хүний хүүхэд заавал бөх болохгүй ч гэсэн бяртай байдаг.

Бөх: – Танайх хурдтай юу. Хурд сонирхдог уу?

Г.Э: – Хурд сонирхдоггүй монгол хүн бараг байхгүй байх аа. Барианд орж ирж байгаа морьдыг харахаар хамрын самсаа шархирч, нүдний нулимс мэлмэрээд ирдэг. Үнэхээр гайхамшигтай шүү. Миний хувьд гэх юм бол одоогоор хурд байхгүй.

Бөх: – Та саяхан хоёр гурван хоногийн өмнө ТВ-25 суваг телевизээр нэг хүнд гэр бэлэглээд гарч байсан. Яагаад гэр бэлэглэсэн тухайгаа яриач?

Г.Э: – Хэд хоногийн өмнө би гэртээ ТВ-25 суваг телевиз үзээд сууж байтал улсад 23 жил ажилласан хоёр нүд нь хараагүй болсон 63 настай өөрийн гэсэн орон байхгүй Батаа гэдэг хүний тухай нэвтрүүлэг гарсан. Тэр хүнийг өрөвдөөд би туслах сэтгэл төрж ТВ-25 руу 321989 утас руу утасдаад танай нэвтрүүлэгээр гарсан тэр өндөр настанд би одоо тусалж болох уу гэж асуусан. Тэд маш дуртай хүлээж аваад надтай холбогдсон. Тэгээд би Дэлхийн зөн гэдэг Олон улсын байгууллагад хандаад би ийм ядарсан хүнд тусалмаар байна. Хоёр талаасаа хамжаад гэр авч өгье гэсэн санал тавьсан. Миний саналыг тэр байгууллага хүлээн авч 5 ханатай өвлийн иж бүрэн дулаалгатай гэр бариад Батаа гуайд бэлэглэсэн. Миний хүүхэд яаж ч явах юм билээ гэж бодоод ядарсан хүн, хүүхдэд туслах дуртай. Гэхдээ би мөнгө төгрөг ихтэйдээ биш. Хүн хүнээ хайрлах нинжин цагаан сэтгэлээр тэр хүнд тусалсан юм шүү.

Бөх: – Зан чанарын хувьд та өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?

Г.Э: – Би өөрийгөө уурлахаараа түргэн омголон болчихдог боловч тэр дороо уур гараад тэр хүндээ юм бодолгүй дор нь мартчихдаг цагаан цайлган зантай гэж боддог.

Бөх: – Та ямар боловсролтой вэ?

Г.Э: – Би хуульч мэргэжилтэй. Санхүүгийн дээд боловсролтой. Хууль зүйн ухааны магистр цолтой.

Бох: – Одоо ямар ажил алба хашиж байна?

Г.Э: - Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Дамбадаржаа дахь Цагдаагийн тасгийн дарга хийж байна.

Бөх: – Ямар цол тэмдэгтэй вэ ?

Г.Э: – Цагдаагийн дэд хурандаа, Цагдаагийн алдар, Цагдаагийн гавъяа, Биеийн тамирын алдар цол тэмдэгтэй. Спортоор бол Самбын ОУ-ын хэмжээний мастер, тив, дэлхийн хоёр удаагийн аварга, үндэсний бөхөөр аймгийн заан цолтой.

Бөх: – Цагдаа хүн ямар байх ёстой вэ?

Г.Э: – Цагдаагийн албан хаагч шударга, зоригтой, айж хулчийдаггүй, хийх ёстой ажлаа хууль зүйн дагуу хийчихдэг. Төрөөс тавьж өгсөн цагдаагийн дүрэмт хувцсаа цэвэрхэн өмсчихдөг байвал цагдаагийн ажилтан байх гол зүйл юм.

Бөх: – Та юу шүтэж, дээдэлж явдаг вэ?

Г.Э: – Хүнд аав ээжээс илүү зүйл гэж юу байхав. Гэхдээ төрж өссөн нутаг, уул усаа шүтэж, залбирч явбал хүний амьдрал гэрэл гэгээтэй, од хийморьтой явдаг гэж боддог.

Бөх: – Яагаад тэгж бодов?

Г.Э: – Би 2008 оны 06 сард өөрийн өсөж төрсөн нутгийн Цахир хайрхан, Заан овоо, Хийморийн овоог сэргээн зон олонтойгтоо хамтран тахьсан. Тэр жилдээ Самбо бөхийн дэлхийн аварга болсон. Энэ жил 6 сарын 25, 2б-нд Хөвсгөл нутгийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Та бүхнийг “Бөх” сониноороо дамжуулан хүрэлцэн ирэхийг уръя.

Бөх: – Таны хүүхдүүдээс бөх болох хүүхэд бий юу?

Г.Э: – Би охин, баньд хоёртой. Миний хүү Цолмонтогтох хичээх юм бол бөх болж магадгүй гэж боддог. Одоо Шийрэв багшийн секц дугуйланд явдаг.

Бөх: – Зах зээлийн хэцүү үед таны амьдрал ямар түвшинд байна.Заавал хариулах албагүй л дээ?

Г.Э: – Надад амьдрах ухаан зааж өгсөн нэг хүн байдаг юм. Энэ хүн бол Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харъяат Монгол улсын гавъяат малчин, хөдөлмөрийн баатар Туваанжав юм. Түүний зааж өгсөн амьдралын их ухаан дадлага туршлага нь надад нөлөөлж би зах зээлийн энэ хүнд үед дундаж сайхан л амьдарч явна.

Бөх: – Цагдаагийнхаа байгууллагаас шүтэж биширч явдаг хүн бий юу?

Г.Э: – Би цагдаагийн байгууллагад 24 жил ажиллаж байна. Үүнээс 7 жилд нь удирдах ажил хийж явна. Ажиллах хугацаандаа би гурван хүнийг хүндэлж дээдэлж явдаг. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, багдаагийн хурандаа Р.Раднаадорж, ЦЕГ-ын Санхүү ар талын газрын дарга Ч.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир нарын хүмүүс. Намайг цагдаагийн хүнд бэрх ажил хийж алдаж онож явахад минь зааж сургаж засаж хүмүүжүүлсэн ачтангууд гэвэл эдгээр хүмүүс юм шүү дээ. Та бүхнийг Монгол бөхийн босоо хийморь ивээх болтугай гэж “Бөх” сониноороо дамжуулан ерөөе. Ярилцлагынхаа төгсгөлд аймгийн заан, Самбо бөхийн дэлхийн аварга Г.Эрдэнэбаярын нутаг усандаа зориулж бичсэн залбирлыг уншигч та бүхэндээ толилуулъя.

Өвөг дээдэсээс дээдлэж ирсэн нутаг

Өсөж торнисон өндийж дэгжисэн өлгии минь

Өндөр цахир хайрхан заан овоо шүтээн минь

Өлмийд тань сөгдөж буян заяагаа дууднам

Оройд тань мацаж од хийморио сэргээнэм



БЛИЦ АСУУЛТ

Бөх: – Ер нь голдуу ямар мэх хийдэг байв?

Г.Э: – Би голдуу хөлд ордог мэхийг хийдэг байсан.

Бөх: – Ид барилдаж байх үедээ хэдэн кг жинтэй байсан бэ?

Г.Э: – Үндэсний бөхөд 90 кг жинтэй барилддаг байсан. Тэгэхдээ жин бол тогтворгүй шүү дээ. Самбод голдуу 82, 90 кг жинд 15 жил барилдсан.

Бөх: – Та анд дуртай юу?

Г.Э: – Анд дуртай. Гэхдээ амьтан алах хүсэл багатай. Тарвагийг байгалийн хишиг гэж бодоод ганц нэгийг агнаад хүртдэг. Үүнээс илүү ан хийдэггүй.

Бөх: – Хобби?

Г.Э: – Хөзөр тоглох, найз нөхөдтэй ярьж суух дуртай.

Бөх: – Таны дуртай өнгө?

Г.Э: – Хар ногоон, сувдан цагаан өнгөнд дуртай.

Бөх: – Хэлэх дуртай vг?

Г.Э: – Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Бөх: – Идэх дуртай хоол?

Г.Э: – Бууз.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Sat May 30, 2009 9:55 pm

Н.Түмэннаст: Цэргээс оргоод шигшээд ирж байлаа

-”Хилчин”-д хэдэн жил ажиллаж байна?

-2004 онд анх ирээд үндэсний бөх, чөлөөт бөхийн дасгалжуулагчаар орсон. Тэгэхэд “Хилчин” клуб гэж байгаад 2008 онд спорт хороо болсон юм. Спорт хороо болсны дараа чөлөөт бөх, үндэсний бөх салаад, би чөлөөт бөхөө хариуцах болсон.

-Таны удирдлагад хэдэн бөх хичээллэж байна? Улсын цолтнууд олон уу?

-Анги, салбаруудаас ирсэн 20 орчим бөх чөлөөт, үндэсний бөхөөр барилдаж байна. Эднээс гадна өсвөр, залуучуудад хүүхдүүд байгаа. Улсын цолтнуудаас харцага Г.Ганхуяг, начин Н.Бүрэнбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Л.Гантулга нар чөлөөт бөхөөр хичээллэж байна.

-Ер нь “Хилчин” спорт хороо хэдэн төрлөөр шигшээ барьж байна вэ?

-Чөлөөт бөхийг би, үндэсний бөхийг Н.Бүрэнбаатар, эрэгтэй жүдог Д.Пүрэвсүрэн, эмэгтэй жүдог Х.Эрдэнэт-Од, самбыг Лувсанпүрэв хариуцаж байгаа. Мөн спорт тоглоом, нийтийн биеийн тамир, хүндийг өргөлтийн төрлөөр шигшээ баг барьж байна.

-Та одоо зааланд зодоглохоо болио юу?

-Одоо больсон доо. Бөхчүүд дундаа ахмад нь шахуу болчихож. Гурав давахгүй бол зааланд зодоглоод дэмий биз дээ. Хааяа хорхой хүрэхээрээ нэг гардаг юм.

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ? Хөдөө хурга, малтай ноцолдож өссөн үү?

-Ах нь хотын унаган хүүхэд. Гуравдугаар хорооллын арын дэнжид манайх байсан. Харин намайг хоёрдугаар ангид байхад манайх Баянхошуу руу нүүсэн юм. Миний бага нас тэнд л өнгөрсөн дөө.

-Багадаа хэр сахилгагүй байв?

-Хааяа тэр хавиар үймүүлнэ ээ. Чулуугаар байлдана. Ер нь бидний үеийн хүүхдүүд яаж өссөн, би тэр замаар л өсч хүмүүжсэн дээ.

-Яаж яваад бөхийн спортод орчихсон юм бэ? Танайхан дунд бөхөөр барилддаг хүн байсан уу?

-Анх 67-р сургуулийн Базаргүр багш дээр хөнгөнөөр хичээллэдэг байлаа. Сургуулийн хүүхдүүдийн дунд болсон нэг тэмцээнээс дөрвөн төрөлтөөр хүрэл медаль авсан удаатай. Манай багш хичээл эхлэхээс өмнө, өглөө долоон цагт биднийг цуглуулж бэлтгэл хийлгэнэ. Хичээл тарсны дараа цайгаа уучихаад дахиад бэлтгэл хийдэг байлаа. Нэг удаа дүүргийн аваргаар орж, хүрэл медаль авчихаад зогсож байтал Ж.Батбилэг багш дуудаад “Бөхийн секцэнд орох уу” гэхээр нь зөвшөөрсөн. Ингэж л бөхийн замд орсон доо. Түүнээс биш манай удам сударт барилддаг хүн байгаагүй. Н.Ганбаатар, Намчинсүрэн гээд хоёр найзтайгаа Октябрийн районы секцэнд орж байлаа. Тэр үед манай гэрийн тийшээ автобус явдаггүй байсан. 2-3 автобус дамжиж бэлтгэлээ хийчихээд харихдаа хоёр км алхана. Сонирхолтой юм болохоор ингэж хол алхахыг тоодоггүй байж.

-Тэр үед танай секцэнд ямар мундагчууд байв?

-Улсын начин Ш.Лхагвасүрэн тэр үед бөх болчихсон мундаг амьтан байж. Дээр нь Л.Халтар, “Макс”-ын Д.Цэрэнжигмэд, Ц.Энхбаяр гээд олон сайн бөх байсан даа. Манай Цэрэнжигмэд тууштай хичээллэсэн бол сайн бөх болох байсан юм. Манай Ж.Батбилэг багшийн гурван шавь Барселоны олимпод зэрэг орж байлаа.

Г.Баярсайхан
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Sat May 30, 2009 9:57 pm

Ж.Пэрэнлэй: Амьд явбал улсын наадам үздэг

-Та хэзээнээс үндэсний бөхийн засуулаар ажиллаж байна вэ?

-Анх засуулч болсноос хойш 11 жил өнгөрчээ. Ардын хувьсгалын 80 жилийн ойн наадмаар анхны улсын цолтноо өлгийдөн авсан. Баянхонгорын Д.Батболд, Увсын Ж.Алтансүх нар миний мөрөн дээрээс улсын цол хүртэж байсан юм.

-Засуул болсон тань барилдаж байсантай холбоотой юу?

-Монгол эр хүн бүр бөхдөө дур сонирхолтой байдаг. Ер нь үндэсний спорт, үндэсний соёл, үндэсний бөх 2000 жилийн түүхтэй. Цаашид ч үндэсний бөх маань улам боловсронгуй болно гэж би боддог. Бөх хүн тэнгэрлэг заяатай, цаанаасаа сайхан бүхэн бүрдсэн гэж ойлгодог. Энэ үүднээс би засуулч хийх болсон. Миний хоёр хүү мөн бөхөөр хичээллэдэг. Ерөнхийдөө миний амьдрал бөхтэй холбогдсон.

-Хоёр хүү тань ямар цолтой вэ?

-Манай том хүү 2002 онд Дорноговьд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн Эрдэнэпүрэв гээд залуу бий. Мөн бага хүү Эрдэнэбаяр маань “Хантайшир” дэвжээнд бэлтгэл сургуулилтаа базааж байна.

-Та Монгол үндэсний бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувийн бодлоор монгол үндэсний бөх маань маш боловсронгуй өндөр түвшинд хөгжиж байна. Энэ нь бөхийн сургууль олон болсонтой холбоотой. Өмнө нь 128 бөх л барилддаг байлаа шүү дээ. Гэтэл одоо аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 480 гаруй бөхчүүд оролцдог болсон. Эдгээр залуус барилдах гэж сорилт хийдэг болж. Цаашид ч улам боловсронгуй болох байх. Одоо үндэсний бөхийн барилдааныг таахад бэрх болжээ. Залуу бөхчүүдийн бэлтгэл сайн байна. Наадмын түрүү бөхийг таахад бэрх болж. Аймаг, цэргийн цолтнууд заалны барилдаанд давамгайлах нь олширчээ. Энэ нь үндэсний бөхийн хөгжлийг хэр хурдацтай явааг илтгэх биз ээ.

-Өнгөрсөн жилийн наадам онц сонирхолтой болсон. Тэр наадмын талаарх таны бодол?

-Онцолж хэлэхэд хэцүү юм байна. Би 1951 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн хүн. Нутаг ус, дов дошны үзэл гаргаж байгаа юм биш. Өнгөрсөн жилийн наадам надад үнэхээр дурсгалтай болсон. Манай аймгаас улсын гарьд, заан цолтон төрсөн. Мөн наадмын түрүү бөх Д.Ганхуяг арсланг би олон жилийн өмнөөс л мэддэг байлаа. Аав, ээжийг нь таньж мэддэгийн хувьд түрүүлсэнд нь үнэхээр их баярласан шүү. Алдарт зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн үг байдаг. “Амьд явбал улсын наадам үздэг” гэдэг. Энэ үнэхээр сайхан үг шүү.

-Наадам гэхээр хүмүүс начны найраа гээд ярилцдаг. Засуул хүний хувьд үүнийг юу гэж үздэг вэ?

-Цолны найраа гэж байхгүй биш, байдаг юм шиг. Дөрвийн давааг оноолтоор барилдуулах болсон нь найрааг арилгахад нөлөөлсөн.

"Таван цагариг" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby avarga » Sun May 31, 2009 2:48 pm

Цохиход гутлаа тохируулж өмсөх хэрэгтэй гэдэг их сонирхолтой ярилцлага байна...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Mon Jun 01, 2009 6:32 pm

МУГТ, Монгол Улсын заан, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний тэргүүн, Сарангэрэлийн Хүрэлбаатар: Дэвжээ байгуулах нь миний мөрөөдөл байсан

-”Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ байгуулагдсаар багагүй хугацаа өнгөрчээ. Дэвжээ байгуулах болсон тэр цаг үеийг дурсаж яриагаа эхлэх үү?

-Би өмнө нь бөхийн дэвжээ байгуулж явсан хүн. Улсын шигшээ багийн тамирчин байгаад дараа нь Хоршоолол нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллаж байхдаа “Харцага” гэж бөхийн дэвжээ байгуулаад 3 жил шахуу хичээллүүлсэн. Тэндээс би эхлээд амьдралаа гайгүй болгоё, жаахан хөрөнгө мөнгөтэй болоё, тэгээд нутгийнхаа хүүхдүүдийг бөхийн дэвжээтэй болгоё гэж шийдсэн. Ажил төрөл ч сайхан бүтэмжтэй өрнөж, компани маань цэцэглэн хөгжиж, одоо ерөнхийдөө бөхийнхөө төлөө сэтгэл тавин ажиллаж байна даа.

2007 онд Хотгойдын хурд наадмын үеэр ярилцаж байгаад энэ барьж байсан барилгынхаа дор хоёр заалтай дэвжээ байгуулахаар зориг шулуудан ажилласны хүчинд сайхан заал танхимтай болчихоод залуус маань байнгын бэлтгэл хийдэг боллоо.

-Та өөрөө олон жил бөхийн спортоор хичээллэсэн болохоор тамирчин бэлтгэх хүсэл мөрөөдөл, арга туршлага багагүй байгаа байх?

-Би 2003 оноос хойш барилдахаа больсон. Хар бага наснаасаа бөхөөр хичээллээд бас давхар спорт тоглоомын төрлөөр их явсан. Сагс, волейбол тоглоно, хөнгөн атлетик, теннис гээд олон спортоор хичээллэсэн.

Энэ нь миний тамирчин болох тэр дундаа бөхийн барилдаанаар амжилт гаргах гол үндэс суурь нь болсон гэж үздэг. Одоо ч гэсэн би спортоо орхиогүй өглөө болгон ирээд ажлынхаа өрөөнд оролгүй эд нартайгаа хөлсөө гарган 2,3 цагийн бэлтгэл хийчихээд, дуртай юм болохоороо жаахан теннис тоглоод дараа нь сайхан усанд орчихоод тэр өдрийнхөө ажлыг эхэлнэ дээ.

-Дэвжээгээ байгуулчихаад шавь нартайгаа бужигналдаад бэлтгэл хийх сайхан биз?

- Энэ бол миний мөрөөдөл байсан. Олон жилийн хөлс хөдөлмөрөө зориулж, амьдралынхаа тодорхой үеийг зарцуулсан бөхийнхөө төлөө юм хийх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл минь өнөөдөр биеллээ олж, нутгийнхаа бөхийн ирээдүй, залгамж халаа болсон хүүхдүүддээ чадлынхаа хэрээр хөрөнгө оруулж, сурсан мэдсэнээ зааж, эд нарынхаа төлөө оюун сэтгэлээ чилээж суух нь надад үнэхээр их аз жаргал. Манай клубыг үзээд нутгийн болон бөхөө гэсэн сэтгэлтэй олон хүн баярлаж, талархсанаа илэрхийлж байгаа. Зах зээлийн нийгэмд иймэрхүү бөхийн дэвжээ клубүүд олноор бий болж хоорондоо шударгаар өрсөлдөн монгол бөхийнхөө хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсч явах юм даа.

-Танай дэвжээ бусад дэвжээтэй адил тодорхой өдрүүдэд цугларч бэлтгэл хийгээд л тарчихдаг биш бололтой. Бэлтгэлээ сургалт маягаар нэлээд онцлогтой хийж байна уу?

-Өглөө 8 цагаас бэлтгэл эхэлнэ. 10 цагаас, мөн үдээс хойш 3 цагаас хүүхдүүд хичээллэнэ. 5 цагаас үндэсний бөх, жүдо, чөлөөтийн бэлтгэл хийнэ. Мөн 5-6 хүүхэд эндээ байрлаад бэлтгэлээ хийдэг. Манай компаны зүгээс байр, хоолыг нь дааж байгаа. Бөхчүүд маань чөлөөт цагаараа эндээ интернетэд сууна, бас номын сантай болсон. МУГЖСосорбарам, Тоншуул сэтгүүлийн Цогтбаяр, Гамма агентлагийн Цацрал гээд манай найз нар номын санд маань олон сайхан ном бэлэглэсэн. Бас өөрсдөө ирж хүүхдүүдэд хичээл зааж, сайхан, сайхан зүйл ярьж өгч байгаа.

Ерөнхийдөө оюун ухааныг нь хөгжүүлэх тал дээр нэлээд юм хийнэ гэж бодож байгаа. Эд нар маань сайн барилдахаас гадна нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, хувь хүний боловсролдоо анхаардаг, тэртусмаа өрхийн сайн тэргүүн байх, сайн эцэг болох нь их чухал. Монголчууд эртнээс “Биеийн бөхөөр ганцыг ялна, сэтгэлийн бөхөөр олныг ялна” гэсэн сургаал сайхан үгтэй. Үнэхээр л биеийн бөхөөс гадна сэтгэлээрээ юуг ч даван туулах тэсвэр хатуужил суух нь тамирчин хүнд хамгийн эрхэм зүйлийн нэг.

-Намар намайг ирэхэд хүчний бэлтгэлийн тоног төхөөрөмж нь арай ирээгүй байсан. Одоо барилдаж буй бөхчүүд хүчний бэлтгэлдээ нэлээд анхаардаг бололтой юм билээ?

-Харин энэ залуучуудыг хараад байхад хүч тамирын талын бэлтгэл их хийдэг болсон юм билээ. Хэдийгээр хүч тамираа хөгжүүлэх нь хэрэгтэй ч гэсэн давхар уян хатан, хурд, авхаалж самбаа хөгжүүлэх дасгалуудыг хийх хэрэгтэй. Би хэдийгээр спортоос хөндийрөөд удсан ч гэлээ залуусыгаа өв тэгш хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарч байгаа.

Манай жүдогийн багш ОУХМ Жадамбаа гэж 60 кг-д барилдаж явсан, нэлээд туршлагатай, хариуцлагатай, сайн багш бий. Үндэсний болон чөлөөтийн багшаар а.а ОУХМ Батпүрэв ажиллаж байна. Тамирчин хүнд бие махбодийн 5 шинж чанар гэж байдаг. Авхаалж самбаа, хурд хүч, уян хатан, сэтгэл зүй, хүч тамир. Энэ тавыг зэрэг хөгжүүлж байж тамирчин хүн амжилтанд хүрдэг.

-Тиймдээ ч хүссэн болгон тамирчин болдоггүй байх аа?

-Тэгэлгүй яахав. Тамирчин байна гэдэг тийм ч амаргүй, бас л хүнд хөдөлмөр шүү дээ. Наад зах нь 200 гараад цохилж байгаа судасны цохилтыг дааж байгаа зүрх гэдэг ямар байхав гээд. Хүнд биеийн тамир бол хоол унд шиг л хэрэгтэй зүйл. Бүх хүн алдар цуутай бөх болохдоо гол нь биш бие нь чийрэгжээд эрүүл саруул байна гэдэг монголын минь ирээдүйд хэрэгтэй.

-Таныг ид барилдаж байх үед бэлтгэл хийх арга техник арай л өөр байсан уу?

-Хүчний бэлтгэл бараг хийдэггүй байлаа. Тэр үед голдуу оросын школоор бэлтгэлждэг байсан. Орос багш нар арга техник зэргээ бол заадаг, харин хүчний бэлтгэл нэг их хийлгэдэггүй байсан. Монголчууд угийн хүч тамир ихтэй болохоор хүчний бэлтгэл хийвэл бүр дийлдэхгүй гэж боддог байсан юм болов уу. Бараг нуудаг байсан юм шиг байгаа юм.

Харин тамирчин хүн ийм юм хийж байх ёстой гэсэн норматив байдаг юм. Тэр нормативыг үе үе шалгадаг. Тэгэхэд л штанг өргөнө, нурууны таталт, шахалт энэ тэр гээд жаахан өргөхөд бие бүр өвчин орчихно. Тэгэхээр нь бие өвчин оруулдаг болохгүй эд байна гээд жаахан халгадаг, хол байдаг байлаа. Гэхдээ гавъяат тамирчин Буядаа, манай Цэнд-Аюуш заан гээд зарим нэг хүмүүс хүчний бэлтгэл хийдэг байсан шүү.

-Бөхөөр хичээллэгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Эндээс монгол бөхийн хөгжлийг харж болох уу?

-Сүүлийн жилүүдэд бөхийн холбоо үнэхээр сайн ажиллаж байгаа. Гэхдээ бөхийн тоог хараад хөгжиж байна гэж хэлж болохгүй л дээ. Тооны цаана олон нарийн зүйл бий. Би гэхэд тэр барьц сонгох гэдгийг нэг их таашаадаггүй.

-Яагаад?

-Сонгох барьцаа хүлээж байгаад өөрийнхөө талаар таарвал давчихаад эсрэг таарвал уначихаад л. Энийг би бөхийн хөгжилд саадтай л зүйлийн нэг гэж боддог. Нөгөө тамирчин хүнд байх ёстой 5 шинж чанараас чинь уян хатан, авхаалж самбаа энэ тэр нь дутагдаад ирж байгаа байхгүй юу. Бэлтгэл хийж байгааг нь харахад хүүхдүүд ч тэр цолтнууд нь ч тэр өнхөрч чадахгүй, ганц нэг өнхөрснөө хана мөргөж ч байх шиг.

Бас залуучуудыг харж байхад хоол ундаа сайн идээд, хүчний бэлтгэл жаахан хийчихээд бүтэн сайны барилдаан хүлээгээд хэвтчихдэг. Дүрэм, нөгөө барьц сонгох зэрэгтээ тааруулдаг юм уу, хаашаа юм. Алс ирээдүйг бол ер бодохгүй байна. Ийм байж болохгүй л дээ. Энд жаахан өөрчлөлт хийхгүй бол болохгүй санагддаг. Хөнгөн жинтэй бөх бол өнөөдөр амжилт гаргана гэхэд хэцүү.

-Таны үед жин ихтэй бөх ховор байсан уу?

-Өө ёстой байхгүй шүү дээ. Бидний үед гжинтэй бөх ховор. Жалаа начинг 103 кг жинтэй гэхэд нь ямар ч их жинтэй юм гэж боддог байлаа. Одоо бол захын залуу л 100 кг-тай болчихсон байна. Хүний яс ерөнхийдөө том болсон байж магадгүй юм.

-Гэхдээ нуган үр мэндлэхээр бөх болоорой гэж ерөөдөг амны бэлгэтэй ард түмэн болохоор дэвжээ эзэгнэсэн хүчтэнүүд үе үеэрээ төрсөөр л байх байлгүй дээ?

-Монгол хүүхдүүд бол төрөлхийн барилдах авъяастай байдаг. Энэ нь нүүдэлчин амьдрал, ус цасаа зөөх, түлээ модоо бэлтгэх, адуу малтай ноцолдох гээд хийж байгаа ажил нь дандаа хүч тамирын дасгал байдагтай холбоотой. Тиймдээ ч барилдаж өсөөгүй монгол эр хүн ховор доо. Ийм болохоор арга мэх заагаад ирэхээр улам сайжирч хүч чадал нэмэгдээд ирдэг.

Хамгийн гол нь өөрийн хичээл зүтгэл, авъяас чадвар хэр байна гэдгээс л сайн бөх болох эсэх нь шийдэгддэг юм даа. Бас тамирчдад заал танхим, бэлтгэл сургуулиас гадна сэргээлт гэж чухал зүйл бий. Хоол унднаас гэхэд витамин, эрдэс давс гээд энэ бүгдийг олж авч чадаж байна уу, үгүй юу, амралтаа зөв зохицуулж чадаж байна уу гээд олон зүйл бий. Энэ бүхнийг тохируулахгүй бол тамирчин болохоос өмнө өвчин олно шүү дээ.

-2008 оныг “Бөхчүүдийн манлайллын жил” болгон зарласан. Та бөхчүүдээ манлайлан олон сайхан ажил хийж бүтээсэн юм билээ?

-Монгол минь бөхөө дээдэлдэг, хүндэлдэг үнэхээр бөхийн орон. Тэр дундаа манай Хөвсгөл аймаг бол эх орны хоймор болсон сайхан нутаг. Энэ нутгаас үндэсний бөхийн 3 сайхан аварга төрсөн. Гурван аварга маань нэг аймаг, нэг сум, нэг багийн бүр нэг голд төрж өссөн гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэх, дахин давтагдашгүй ховор хувь зохиолтой гэж би боддог.

Бас зөвхөн аварга гэдгээрээ биш хүнийхээ хувьд гурвуулаа их онцлогтой хүмүүс байсан. Дамдин аварга гэхэд олон таван үггүй, хүн чанар их сайтай, Цэвээнравдан аварга болохоор гоё сайхнаас гадна их боловсролтой, Бээжин аварга цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу, гоё гараа дэвээтэй, уран сайхан барилддаг ийм л хүмүүс байлаа. Би энэ гурван аваргаараа үнэхээр их бахархаж, хүндэтгэж явдгийн хувьд хөшөө дурсгалыг нь босгочих юмран гэж бодож явсаар 2007 оны наадмын бэлтгэлд цуглачихсан байхдаа нутгийн маань бөхчүүд ярилцаад гурван аваргынхаа хөшөөг босгохоор шийдсэн юм. Мөнхбаатар маань түрүүлдэг жил шүү дээ. Хөшөө маань ч сайхан болсон.

2008 оны 06-р сарын 06-нд товлосон хугацаандаа хөшөөнийхөө нээлтийн баярыг зохион байгуулсан. Одоо жаахан нэмэх зүйл байгаа. Зургаан сард очиж дуусгана даа. Бас их шүтээний сав гэж бүтээсэн. Энд олон сайхан зүйлийн дээж орсон. Нутгийн минь зон олон их хүндэтгэлтэй, баяртай хүлээж авсан. Бөхчүүд маань өөрсдөө санаачлан хийсэн гэдгээрээ энэ ажлууд их онцлог болсон юм.

-Өнгөрсөн 7-р сард та Монгол улсын гавъяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Харин саяхан гавъяат цолныхоо найрыг хийсэн сурагтай. Жаахан хожуу болов уу даа найр тань?

-Тэгсээн. 1-р сарын 22-нд Чингис зочид буудлын Тэмүжин ресторанд нутгийн олон ахан дүүс, найз нөхөд, гэр бүл, шавь нарынхаа хамтаар нэгэн оройг өргөн дэлгэр сайхан баярлаж өнгөрүүллээ.

Яагаад ингэж хожуу хийсэн бэ гэвэл би олон жил монгол бөхийнхөө буян хишгээр сайн сайхан амьдарч ирсэн болохоор бөхийнхөө төлөө хийсэн ажилтай байя, залуу үеийхэндээ урам зориг, эрч хүч нэмэхээр цогц зүйл бүтээе, босгоё гэсэн чин хүсэл эрмэлзлэлээ биелүүлснийх гэж бодоод энэ спорт заалаа иж бүрэн тохижуулж дуусаад заалныхаа нээлттэй хамтатган гавъяат тамирчин цолныхоо найрыг хийлээ. Цугласан олны талархал, баярын сэтгэл, сэтгэлийн бэлэг бүхэн надад бөхийнхөө төлөө улам их зүйл хийж бүтээж урам зориг хайрласан даа.

-Түрүүн намайг орж ирэх үеэр та тэр хоёр чулууны тухай хүнд ярьж байсан. Энэ ямар учиртай зурагнууд вэ?

-Манай нутагт Бүртийн нуруу гэж том нуруу бий. Тэр нуруунд энэ чулуу байдаг юм. Ойр хавийнх нь аймаг сумынхан тэр уулан дээр гарч цэрэгт явж байгаа хүүхдүүдээ даатгах, хадаг уях зэргээр их хүндэтгэнэ. Харин наад чулуу нь бол одоо манай өвөлжөөн дээр бий. Хэдэн жилийн өмнө би хүмүүстэй машинаар явж байгаад тэр чулууны хажууд санамсаргүй бууцгаасан юм.

Дээрээс нь харах юм бол Монгол улсын газрын зурагтай төстэй хэлбэртэй. Тэгээд харж байсан чинь манай хэд “Нутгийн заан энийг өргөөдөх” гээд болдоггүй. Тэгээд гараар өргөхөд жаахан эвгүй байсан болохоор сураар баглаж байгаад нэг буланг нь газраас хөндийрүүлж өргөсөн юм. Дараа нь манай нутгийнхан тэр чулууг яаж ч аваачсан юм бүү мэд миний төрсөн өвөлжөөн дээр аваачаад тулгын гурван чулуун дээр тавьчихсан байна лээ. Харин манай Галт сумын засаг дарга хэсэг хүмүүстэй өчигдөр ирэхдээ энэ хоёр чулууны зургийг надад бэлэглэлээ. / Жич: Хадгаар ороосон том, жижиг хоёр чулууны зургийг жаазанд хийн дээр залсан байлаа./

-Таныг өргөсөн болохоор өмчилж өгсөн байх нээ. Хэд орчим кг жинтэй чулуу байсан бол?

-Сайн мэдэхгүй байна. Багцаагаар 300 гаруй кг байгаа байх аа.

-Цагаан сарын барилдаан бөхчүүдэд болон үзэгчдэд онцгой баярын нэг байдаг. Бас энэ барилдааныг тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог ч гэдэг. Цагаан сарынхаа бэлтгэлд гарсан уу, танай дэвжээний бөхчүүд?

-Маргаашнаас бөхчүүдээ аван хэд хоног эрүүл агаарт гарч сэргэлтийн бэлтгэл хийх гэж байна. Монголчууд чинь аливаа баяр ёслол, арга хэмжээндээ зориулж үндэсний бөхөө барилдуулж, хийморь лундаа дүүрэн бөхчүүдээсээ сайн сайхан энерги авч байдаг ард түмэн. Тэр дундаа цагаан сарын баяртаа маш хүндэтгэлтэй хандаж, тэр жил ямар явахаа шинждэг.

Эртнээс уламжлалтай cap шинийн барилдаан бол бөхчүүдийн хувьд наадмын дараа орохоор том баяр болохоор хүн бүхэн хичээл чармайлт гаргаж үнэн хүчийг үзэн барилддаг. Цагаан сараар сайн барилдсан бөх улсын наадамд одтой барилдах нь зөндөө, зөндөө.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Sat Jun 13, 2009 12:56 pm

“ТЦ” сонины бөхийн уламжлалт чансаа шинэчлэгдэн гарлаа. Энэ удаагийн чансаанд улсын арслан гарьд цолтон хүндэтгэл үзүүлэх, МҮБХ-ноос зохион байгуулсан барилдаан, Чингэлтэй уулын хишиг гэсэн гурван барилдааны дүн орсон юм. Эдгээрээс Чингэлтэй уулын хишиг барилдаан нь чансааны оноо өндөр учир энд гайгүй хүч үзсэн нь байраа нэлээд ахиулах явдал ажиглагдав. Ойрмогхон болсон хоёр барилдаанд дараалан түрүүлж, чансаан дээрээ бараг 6000 оноо нэмсэн отгон арслан Д.Ганхуяг үхэр жилийн чансааг анх удаа тэргүүлж эхэлээ. Мөн улсын заан Д.Рагчаа, начин Ду.Батбаяр, аймгийн арслан Ш.Жаргалсайхан нар оноогоо үлэмж ахиулаад байна. Харин өмнөх чансааг тэргүүлж байсан аймгийн арслан Ц.Содномдоржийн байр ялимгүй ухран тавд оржээ. Үхэр жил гарснаас хойш огт барилдаагүй гарьд Н.Ганбаатар сүүлийн гурван барилдааны хоёрт нь зодоглож, 1200 оноо авснаар 38-д орж ирсэн. Мөн Чингэлтэй уулын хишиг барилдаанд гялалзтал хүч үзэн Т.Өсөх-Ирээдүй, Д.Азжаргал, Н.Ганбаатар нарын томчуудыг цувуулан орхисон аймгийн начин Ц.Чимэддорж шууд 40-д эрэмбэлэгдэх боллоо. Энэ удаагийн чансааны шилдэг 64-өөс М.Цанлиг, А.Сүмбээ, Д.Энхбат, Ж.Гансүх, Б.Дэлгэрсайхан, Ч.Батзориг, Ж.Чулуунбат нарын долоон бөх хасагдаж, Н.Ганбаатар, Ц.Чимэддорж, Д.Цогзолдорж, Б.Сүхбаатар, Да.Батбаяр, Н.Батзаяа, С.Багахүү нар оронд нь дэвшив. Манай дараагийн чансаа наадмын өмнө гарна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby barsa68a » Sun Jun 14, 2009 7:35 pm

Монгол бөхийн ирэх хэдэн жилийн өнгийг гарцаагүй тодорхойлох нэгэн үеийн залуус гарч ирж байна. Саяхан бөх сонирхогчдын дунд нэгэн судалгаа явуулсан юм. Өнгөрсөн жилийн наадмаас хойш МБӨ-нд болсон том жижиг барилдаануудад амжилттай барилдсан аймгийн цолтнуудыг сонгож, ингэхдээ Улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд шөвгийн 8-д, АЦЦБЗБ барилдаанд шөвгийн 4-т үлдсэн хүчтэнүүдийг сонгосон юм.
Эдгээр аймгийн цолтнуудаас улсын цолонд хамгийн ойрхон барилдаж байгаа, монгол бөхийн ойрын хэдэн жилийн өнгийг тодорхойлох 10 бөхийг сонгоно уу? гэсэн асуултаар тодорсон бөхчүүдийг ажиглахад сүүлийн үеийн барилдаануудын өнгийг тодорхойлж, үзэгчид барилдааныг нь шимтэн хардаг, барилдаагүй үед нь үгүйлдэг болсон хүчтэнүүд гэдэг нь гарцаагүй.
Энэ жагсаалтыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат аймгийн хурц арслан Цэдэвийн Содномдорж тэргүүлсэн юм.
2007 оны 10-р сарын 29-нд болсон Нийслэлийн өдрийн барилдаанд тун одтой барилдан улсын аварга, арслан, заанууд аймгийн цолтнуудыг дараалан давж түрүүлсэн билээ. Х.Мөнхбаатар арслан, Ц.Мягмарсүрэн заан, Л.Пүрэвжав харцага нарыг шороодуулж, Д.Азжаргал арслантай үзүүр түрүү булаалдан түрүүлсэн. Энэ бол залуу хүчтэний одтой иртэй анхны түрүү нь билээ. Гэхдээ энэ барилдаанаас өмнө ч тогтмол амжилт үзүүлдэг залуу хүчтэний тоонд орсон байсан үе.
Үүнээс хойш тэр амжилтаа байнга ахиулсаар байгаа. Хамгийн сүүлд “Дөрвөн уулын хишиг” барилдааны Сонгинохайрхан уулын хишигт Улсын арслан Мөнхбаатар тэргүүтэй 256 хүчтэн зодоглосноос Улсын начин Цогтжаргал, Улсын харцага Пүрэвжав, улсын начин Өсөх-Ирээдүй нараар найм даван түрүүлээд байгаа.
“Таван цагариг” сониноос сар бүрийн эхэнд гаргадаг бөхийн чансаа саяхан шинэчлэгдсэн байна. Энэ удаагийн чансаанд Сонгинохайрхан уулын хишиг, “Буур” Жамъян аваргын мэндэлсний 110 жилийн ойн, Монгол туургатны Үндэсний бөхийн наадмын нээлтийн гэсэн гурван барилдааны дүн оржээ. Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд хүч үзэн түрүүлсэн аймгийн арслан Ц.Содномдорж энэ чансааг тэргүүлсэн байна. Өмнө нь улсын цолгүй бөх чансааг тэргүүлж байсан удаа байхгүй гэнэ. Энэ мэтчилэн тоочоод байвал түүний амжилтын тухай багагүй ярьж болох.
Цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбатын гардуулдаг “Ирээдүйн аварга” шагналыг гардсан нь цаашид үзүүлэх амжилтанд нь их урам бас итгэл болсон нь мэдээж. Даян аваргын нүд буруу таниагүй, хурц арслан маань ч итгэлийг нь алдахгүй монгол бөхийн нэгэн үеийг манлайлах бизээ.
Өнгөрсөн оны сүүлээр түүнтэй уулзан ярилцлага хийсэн боловч нийтлэх боломж бүрдэхгүй байсаар өдийг хүрлээ. Улсын наадам хаяанд ирж бөхчүүд маань бэлтгэлээ эрчимжүүлж, ард түмэн маань хэний хүү ямар цолонд хүрэхийг хүлээн хоног тоолж байгаа энэ үед улсын цолонд хамгийн ойрхон барилдаж байгаа бөхийн яриаг танд хүргэж байна.
Тэрээр арван хүүхэдтэй айлын 8 дахь нь. Аав нь сумандаа дөрөв түрүүлж, арван хэд үзүүрлэсэн сумын заан цолтой, ах нь бас сумын заан. Арван жилд байхаасаа барилдаж сумын наадмын аманд гарч үеийнхэнтэйгээ хүч үздэг хүү 2002 онд Улаанбаатар хотод ирж “Монгол газар” клубт оржээ. Энэ үеэсээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяат аймгийн арслан С.Мөнхсүх багшийнхаа удирдлаганд бэлтгэл сургуулилтаа тууштай хийж эхэлсэн байна. Харин 2005 онд багш нь Япон явж түүнээс хойш нутгийнхантайгаа хамт Улсын арслан Мөнхбаатарын удирдлаганд бэлтгэлээ хийж байна. Жирийн үед 7 хоногийн 5 өдөр нь бэлтгэлтэй, үүний 2 өдөр нь хүчний бэлтгэлд зарцуулагдана.
“Таны биеийг харахад хүчний бэлтгэлийг нэлээн сайн хийдэг болов уу гэмээр. Суулт, шахалт хэдэн кг-аар хийдэг вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд
-Би тэгж бяр шавхан хүндээр хүчний бэлтгэл хийдэггүй. Гэхдээ зүв зүгээр суугаад ийм болоогүй. Тодорхой хөдөлмөр зарж, зохих бэлтгэл хийж одоогийн түвшинд хүрсэн” гэж хариулсан байдаг.
Харин барилдааных нь хувьд бөх сонирхогчдын танил болсон, илүү тайлбар бараг хэрэггүй. Ямар ч байсан барилдааныг нь харахад огтхон ч зүгээр зогсдоггүй. Энэ тухайгаа “С.Мөнхсүх багшийн сургасан зүйл л дээ. “Унасан ч, давсан санаснаа хийгээд сайхан байдаг” гэж дандаа захидаг юм” гэж дурсчээ. Шуудагны барьцнаас бол хэнийг ч илүүрхэх, уран хурц барилдаантай. Нутаг ус, аав ээж бас бэлтгэлийн тухай эхэлсэн бидний яриа бөх рүү орсон юм.

- Одоо чинь тэр сайн бэлтгэлтэй, тэр илүү байна гэж хэлэхэд хэцүү болсон шүү дээ. Бөхчүүд маань бүгд л бэлтгэлээ тогтмол сайн хийдэг болсон байна.

- Барилдаан таардаг, таардаггүй бөх гэж байна уу?

- Ер нь хүн бүр л эвгүй шүү дээ. Бүгд жигд бэлтгэлтэй болчихсон. Барилдаан таардаггүй гээд унаад байна гэж байхгүй л дээ. Бэлтгэлээ сайн хийвэл хаяж л таарна. Тэгээд ч хүн бүр бэлтгэл хийж байна. Нэг юмандаа дагначихсан, тэгээд тууштай бол амжилт үзүүлнэ шүү дээ. Өөр ажил мэргэжлийн хүн ч ялгаагүй.

- Ирээдүйгээ яаж харж байна? Ямар цол сэтгэлд тань багтаж байгаа вэ?

- Тийм ийм цол авна гэж хэлэх хэцүү. Хувь заяа л мэдэх байх даа.

- Өнгөрсөн наадамд харамссан уу?

- Өө харамсалтай байлгүй яахав. Гэхдээ нэгэнт уначихсан юм чинь. Бие жаахан тааруу байсан л даа.

- Улсын цол хол санагдав уу?

- Яахав дээ. Цаг нь болоогүй л юм байлгүй. Улсын цол авах хүртлээ унаад л байх юм байлгүй / инээв /.

- Начны даваанд олон аймгийн цолтон өвдөглөсөн. Хэнийг нь унахад хамгийн их харамсав даа?

- Тиймээ тавын даваанд олон хүчтэн гарсан. Хамгийн их харамссан гэвэл ц.а Бямбажавыг унахад. Би ч өнгөрсөн зун улсын цол авчих байх гэж бодож байсан шүү. Гэхдээ ирэх наадмаар сайн барилдах байхаа.

- Улсын начин Бат-Эрдэнэтэй ойрмог хэд хэд таарлаа. Та хоёрыг барилдаанд үзэгчид их анхаарал хандуулдаг?

- Үгүй яахав дээ. Сайхан л барилдсан. Начин арай илүү тэвчээртэй байсан байх. Энэ удаа начин давсаан.

- Үзэгчид ч бараг хоёр хуваагдчихсан байсан. Ер нь үзэгчдээс хамааралтай байх хэцүү юу?

- Үгүй ээ, барилдааны тал дээр нөлөөлөөд байдаг юм байхгүй. Би ч дэвжээн дээр гарч ирсэн бол өөрийнхөө барилдааныг л хийдэг. Өөр юу ч бодогддоггүй юм надад. Энэ хүнтэй яаж барилдах вэ л гэж боддог тэрнээс үзэгчид эсвэл өөр ямар нэг юманд анхаарал хандуулаад байдаггүй ээ.

- Үзэгчид бөхчүүдэд өндөр шаардлага тавьдаг болж байх шиг?

- Бөх хүн гэхээр заавал бүдүүн баараг байх ёстой биш шүү дээ. Соёлтой байх хэрэгтэй, үзэгчдээ хүндэтгэх хэрэгтэй. Гэхдээ бөх хүн гэдэг чинь гүндүүгүй л сайхан эр хүн шүү дээ. Бөх гэдэг ёс жудгаа хадгалж байдаг сайхан спорт доо.

- Сүүлийн үед хараад байхад бөхчүүд маань дэвжээгээ хүндлэхгүй байх шиг, барилдахаар ирж байгаа мөртлөө энгийн хувцастай, шагнал гардахдаа хүртэл европ хувцастай л зогсож харагдах юм?

- Би ч гэсэн санал нэг байна. Саяхан Өсөхөө аварга гутлаа тайлаад гарч байсан. Сайхан харагдаж байсан шүү. Аргагүй л бөх хүн шиг. Бөхчүүд өөрсдөө хүндэтгэхгүй бол гадны хүмүүс адилхан болоод байна. “Моннис”-ийн барилдаан дээр хүмүүс тэр чигээрээ бууж ирээд л дэвжээн дээгүүр гүйчихсэн. Надад бол эвгүй л санагдаж байсан. Тэр дэвжээн дээр чинь хүч чадал, хөлс бүх л юм аа шавхаж байгаа болохоор хүндлэх л хэрэгтэй. Олон сайхан алдартай бөхчүүд төрж гарсан шүү дээ тэр дэвжээнээс. Би хувьдаа тэгж болохгүй байх л гэж боддог. Хүмүүс тэгж боддог үгүйг мэдэхгүй юм.

- Уран барилдаантай гэдэг өөрийг чинь?

- Хүн хүн өөрийн арга барилтай, онцлогтой шүү дээ. Би өөрийнхөө л барилдааныг хийдэг.

- Уначих вий дээ гэсэн бодол төрөх үө байдаг уу?

- Дандаа төрдөггүй юм. Бөх хүн ер нь унана гэж гардаггүй. Би ч гэсэн давна л гэж гардаг.

- Унаж байж бөх болдог гэдэг?

- Өө унах л ёстой юм байна л гэж боддог.
Манай бөхчүүд нутаг нутгаараа бөөндөө суудаг, тэр дундаа дандаа суудаг өөрийн суудалтай. Барагтай бол суудлаа сольж харагддаггүй. Содномдорж арслан ч мөн адил. “Д” секторт суудаг. Анх багшийгаа дагуулж ирж суулгаснаас хойш суудлаа солиогүй. Харин нэг сэтгүүлч Дамдин аваргаа хүндэтгэж “Д” секторт суудаг болсон юм уу? гэсэн таамаг дэвшүүлсэн байсан. Үнэн эсэхийг мэдэхгүй юм.

- Та дээр ганцаараа шахуу сууж харагддаг, Зожигдуу ч юм шиг?

- Уг нь манайхан олуулаа. Хоёр ч арслан байна. Бүгд ирэхээрээ их олуулаа болчихдог юм. Ирэхгүй болохоор ганцаараа харагддаг байх л даа. Тэрнээс юу гэж ганцаараа суугаад байхав дээ.

- Хамт барилдаж байгаа бөхчүүдээс сайн найз байгаа юу?

- Гэмгүй сайхан найзалж явдаг бөхчүүд зөндөө байна. Харин яг сайн найз гэвэл бага даа. Ерөнхийдөө би хүн болгонтой нийлж найзлаад байдаггүй л дээ.

- Таньд зөвлөгөө өгдөг хүн олон байдаг уу?

- Зөндөө дөө. Аав ээж, ах эгч гээд… Хүмүүс дунд биеэ сайхан авч явах тухай л ихэвчлэн захидаг даа. Би ч өөрийгөө зөвлөгөөг сайн авдаг л гэж боддог.

- Хотгойд хүмүүс дайчин шүү?

- Мэдэхгүй юм. Би бол өөрийгөө даруухан гэж боддог. Хүмүүс ч тэгж ярьдаг юм.

Арслан маань даруухан л даа. Хэлж ярьж байгаагаас нь харагдана. Их товчхон, энгийн яриатай. Харин дайчин гэдэг үг барилдаанд нь, дэвжээн дээр байхад нь илүүтэй илэрдэг байж магадгүй. Гэхдээ тэрүүхэндээ хөнгөхөн шооч зантай. Төрсөн оныг нь хэлүүлэх гэж хэсэг төөрөлдөв. Сүүлдээ тааж үзлээ. Ямар ч байсан арслан маань 1986 онд төрсөн. Цэргийн хүн болох дуртай ч сурч амжихгүй л яваа. Харин бөхийн өөр төрлөөс жүдод дуртай, нисэлттэй мэхнүүд нь таалагддаг гэсэн. Гэхдээ өөрөө багшийгаа дагаж чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Зохиолын дуу сонсох дуртай. Хэний дуунд дуртайгаа бас л хэлсэнгүй. Хийх дуртай зүйл чинь юу вэ? гэсэн асуултанд инээснээ “Барилдах л дуртай даа” гэж хариулаад араас нь “Шатар бага зэрэг нүүнээ” гэсэн юм.
Анхны цол нь 2005 он сумын заан цол хүртсэн. 2006 онд аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон бол дараа жил нь дахин түрүүлж хурц арслан болсон. Гол нь амжилтаар эрэмбэлнэ гэдгийг сонсоод дахин аймагт барилдсан гэнэ. Одоо ц.а Бямбажав, а.а Баттөмөр нарын дараа аймгийн цолтнуудаас гуравт эрэмбэлэгддэг.

- Та улсын цолтнуудын барилдаанд сайн барилддаг. Харин АЦЦБЗБ-ийн барилдаанд бол бага зэрэг тааруухан барилдаад байх шиг, түрүүлсэн барилдаануудыг тань харахад?

- Мэдэхгүй юм. Тухайн үеийн барилдаанаасаа л болдог байх. Би бол нэг их анзаардаггүй шүү дээ.

- Ямар бөхийг хүндэтгэж явдаг вэ?

- До.Ганхуяг арслангийн биеэ авч яваа байдал нь таалагддаг. Улсын начин болсон жил нь ямар гоё ах вэ гэж харж байлаа.

- Арсланг их жудагтай хүн гэдэг?

- Надад бол таалагддаг аа. Их сайхан бөх шүү дээ.

Аймгийн хурц арслан маань нутаг усандаа залбирч, дээдэлж явдаг. Ирэх наадмаар нутгийнх нь уул ус түшиж, монгол бөхийн ногоон дэвжээндээ шинэ цолтон мэндлэх болтугай.

Ж.Мөнхцэцэг
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Mon Jun 15, 2009 7:23 pm

Улсын гарьд П.Сүхбат: Заан цолондоо илүү хайртай

-Наадам дөхлөө. Гарьд хэзээ бэлтгэлдээ гарах гэж байна даа?

-Нутгийн галаа ахлаад энэ сарын 20-ноос бэлтгэлдээ гарна даа. Манайхан сүүлийн жилүүдэд Төв аймгийн Бугын САА-д гардаг болсон. Би хоёр дахь жилдээ гарах гэж байгаа нь энэ Улсын цолд ойрхон, нэлээд найдлага тавьж байгаа хэд хэдэн залуу бий. Аймгийн арслан Р.Дамдин, Д.Батбаяр, Ж.Чулуунбат, Д.Энхбат гээд улсад хоёр ч удаа гурав, дөрөв давсан аймгийн цолтон байгаа. Гэхдээ наадам гэдэг хэн аз, од нь гийсэн нь, хэн илүү бэлтгэл хийсэн нь улсын хэмээх том бүлд багтдаг жамтай. Би нэлээд хэдэн жил нутгаасаа хол байлаа. Энэ хугацаанд манай нутгаас улсын цолтны буухиа тасраагүй. Энэ буухиаг үргэлжлүүлэхийн тулд залуусынхаа бэлтгэлд их анхаарч байна. Нас явж байгаа ч залуусынхаа бэлтгэлийн жорыг тааруулчих санаатай. Тактикийн бэлтгэл хийнэ дээ. Одооны барилдааны дүрэм их өөрчлөгджээ. Залуучууд бүтэн жилийн турш бэлтгэлтэй байгаа. Тиймээс эрүүл агаарт сэргэлтийн бэлтгэл хийлгэнэ.

-Та багагүй хугацаанд АНУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн. Байнгын бэлтгэлтэй байгаад дасчихсан болохоор зүлэг ногоон дэвжээгээ их санасан байх?

-Би өдрийн найман цагийн ажилтай. Америкт байхдаа хөл бөмбөг, сагсан бөмбөгийн "Гарьд" гэдэг багтай байлаа. Монголчууд хоорондын тэмцээнд оролцож багаараа медаль авч байсан. Ер нь байнгын бэлтгэлтэй байсан.

-Хэдэн жилийн дараа дахин зодоглоход ямар мэдрэмж төрж байх юм?

-Миний үеийнхэн бараг барилдахаа больж дээ. Олон шалтгаан байдаг байх. Би гадаадад хэдэн жил болоод ирсэн болохоор бэлтгэл гайгүй, бусдыгаа бодвол арай олон жил барилдчих юм шиг байна. Бэлтгэл сургуулилт, магадгүй дүрэмд өөрчлөлт орсон нь бас нөлөөлдөг байж болох юм. Бөхчүүд их залуужиж. Тэдний хурдыг яаж гүйцэх вэ. Том цолтой хүмүүс гарч ирээд нэгийн даваанд унах нь тийм ч сонин биш болж. Тиймээс зайгаа авч бөхөөс хөндийрч байх шиг байна. Тэгээд ч спорт бол залуу насны ааг омгийн ажил. Миний хувьд өндөр амжилт гаргахаасаа илүү ард түмнээ баясгаж явсны хувьд дэвжээндээ гарч өөрийнхөө хэмжээнд ямар ч байсан гурав давж цолоо дуудуулах зорилго тавиад байгаа.

-Таны үеийнхэн гэхээр Монгол бөхийн түүхэнд 1964 оны луу жилтэнгүүд гэж мөнхөрсөн байдаг байх аа?

-Тийм ээ. 1964 оны луу жилтэй 20 гаруй улсын цолтон бий. Ихэнх нь барилдахгүй байна. Гурав, дөрөв нь бурхан болж дээ. Ихэнх нь их спортоор хичээллэж байсан хүмүүс. Үеийнхнээсээ түрүүлж дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дараа нь Жавхлантөгс гуравт нь би начин цолны босго алхаж байлаа. Миний араас 19 хүн улсын цол авсан.

-Та энэ жилийн наадмын өнгийг хэрхэн таамаглаж байна вэ?

- Залуучууд үнэхээр сайн байна. Битүү морь ч түрүүлж магад. Жилээс жилд шинэ хүн түрүүлэх болж. Хэлэхэд хэцүү юм. Үнэхээр хэн нь түрүүлэхийг таахын аргагүй. Бидний үед таавар зөрөх нь ховор байлаа.

-Олон наадмыг үдэж угтсан хүний хувьд наадмын өнгөний тухайд ямар бодолтой явдаг вэ. Зарим нь цол авах жилээ солонго харсан, халуун хошуутай мал өвөр лүү орсон гээд л бэлгэшээдэг юм билээ…?

-Хүмүүс янз бүр. Би сайжрах үедээ унтаад л байдаг. Сайн байх жилүүдэд хүний хөл ойрхон харагдаад л. Хийсэн хөдөлгөөн бүр хурд, хурд бүхэн мэх болоод байдаг. Одоо бол хурд байхгүй. Мэх хийчихээд дарж унасан хойноо л давлаа гэж бодохгүй бол хэцүү болж. Мэх мэх биш болчихдог юм шиг ээ. Хүч, хурд ир алга болчихдог юм байна. Хүн 30 хүртлээ сайн барилддаг юм байна. Спорт угаасааа залуу насны ажил. Миний залуу насны ааг омог, улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Ж.Бат-Эрдэнэ хоёроос харагдах шиг болдог.

-Баянхонгор аймагт энэ жил Ламын гэгээний 370 жилийн ой болно. Нутагтаа болох том ойд та зодоглоно биз дээ?

-Барилдалгүй яахав ээ. Нутгийн бөхчүүд давхар уяатай орно.

-Таны адил улсад есөн удаа шөвгөрсөн бөх цөөхөн байх аа?

-1988 онд улсын цолтны эгнээнд орж байлаа. Тэрнээс хойш завсаргүй шөвгөрсөн. Улсын өсөх идэр гээд чимэг нэмж явсаар1990 онд заан болсон. Түүнээс хойш 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандиас гарьд цолоо гардсан. Хүний амжилтыг цаг тухайд үнэлж байвал зүгээр юм шиг. Би 1992-93 оны гарьд. Хамгийн сүүлийн гарьд гэж явдаг юм шиг байна лээ. Тэрийг сайн ойлгодоггүй. Би заан цолондоо хайртай. Гарьд цол тухайн үедээ үйлчилж байсан бол сайхан. Намайг барилдахаа больсон хойно өгсөн болохоор тийм сайхан санагддаггүй.

-Бат-Эрдэнэ аваргыг ид байх үед ганцхан завсар оруулсан бөх бол та. Түрүүлчих юмсан гэж бодож байсан биз дээ?

- Залуу ч байж дээ. Аваргыг хаясан, тэр жилээ түрүүлэх боломж байсан. Дараа жил нь түрүүлнэ л гэж бодож явлаа. Одоогийн залуус нэг үзүүрлэж түрүүлээд дараа жилээс нь дөрөвт үлдэхгүй байна. Бидний үед Б.Бат-Эрдэнэ байхгүй бол Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ байхгүй бол би. Намайг байхгүй бол Бямбадорж заан гээд л нэгнийгээ нөхөж барилддаг байлаа.

Үндэсний бөх үнэхээр өвөрмөц ёс жаяг, дэг журамтай спорт. Сүмо бөх 360 хоногт 40 барилдаж байхад үндэсний бөх 360 хоногт нэг л удаа барилддаг хариуцлага өндөртэй. Бат-Эрдэнэ аварга 360 хоног хүлээж байж нэг түрүү нэмдэг байлаа. Манай үндэсний бөхөөр гадны бөх ирж барилдаад цол авна гэж байхгүй. Тэгэхээр сүмогоос илүү дэг жаягтай байгаа биз. Сүмод барилдаж байгаа хүүхдүүд үндэсний бөхөөр барилдаад ирэхээр мэдэх байх. Тэр утгаараа Б.Бат-Эрдэнэ аваргыг хайрладаг. Олон жил унаж, давж явлаа. Би нэг ярилцлагадаа "Б.Бат-Эрдэнэ аваргыг цол бүрт нь мялааж явлаа" гэж ярьж байлаа. Жил ирэх бүр үеийнхнээ хайрладаг болдог юм байна. Одоо бие биенээрээ тоглож л суух юм даа.

-Таны нэг ярилцлагадаа Б.Бат-Эрдэнэ аваргыг хаясандаа харамсдаг гэж ярьсныг уншсан юм байна.?

-Тухайн үедээ өөрөө түрүүлж чадаагүй байж энэ хүний гайтуулчих вуу даа гэж боддог байсан. Гэхдээ би тэр хүнийг хаясан нь үнэн. Би хүнийг хаяагүй байж хаях байсан гэж ярьж байгаагүй.

-Та чөлөөт бөхөөр их спортод сууриа тавьсан байх аа. Харин үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Анх Д.Адьяатөмөр багшийнхаа удирдлагад 14 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Харин үндэсний бөхийн "А" үсэг заасан хүн бол улсын арслан Ж.Чойжилсүрэн. Аравдугаар ангидаа Дорноговьд аймагт түрүүлж аймгийн арслан болсон. Тэрнээс хойш барилдаагүй байж байгаад хоёр жил барилдаад начин болсон.

Чөлөөт бөхөөр хичээллэх хугацаандаа дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын мөнгө, Азийн таван удаагийн аварга, Азийн тоглолтын аварга, чөлөөт бөхийн улсын 12 удаагийн аварга болж байлаа. Чөлөөт бөх надад их юм өгсөн дөө. Японд тэмцээнд оролцоод наадмын өмнөх өдөр ирээд заан болж байлаа. Жин хаслаа гээд муудаагүй. Харин Үндэсний бөхөөр барилдаж байгаа залуус самбо, жүдо, чөлөөт гээд их спорт руу орохгүй байна. Энэ нь жинтэй холбоотой байх. Жингээр барилддаг болжээ. Бас богино хугацаанд хурдан барилддаг нь нөлөөлдөг байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Sun Jun 21, 2009 9:52 pm

Аймгийн заан С.Мөнхбат: Бөх болохын тулд сургуулиа сольсон

Уран дайчин барилдаанаараа үзэгч олноос өндөр үнэлгээ авч буй залуусын нэг нь аймгийн заан С.Мөнхбат. Тэрбээр 1984 оны наймдугаар сарын 24-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Улсын цолтнуудаас бэргэлгүй хурдан шуурхай барилддаг нь түүний барилдааны гол онцлог билээ. Анх улсын наадмын дэвжээнд гарахдаа тэрбээр начны даваанд барилдсан нэгэн. Түүнтэй уулзаж дараах ярилцлагыг хийв.

-Бөхийн ертөнцөд хэзээнээс хөл тавив?

-Ерөнхийдөө бусад хүүхдүүдийн нэгэн адил багаасаа л үеийнхэнтэйгээ ноцолдож өссөн. Барилдах хүсэлдээ татагдаад үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д аймгаасаа шалгаран оролцож байв. 2003 онд бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн.

-Хэн багшийн шавь бэ? Бага нас хаана өнгөрөв?

-Би дунд сургуулийг сумандаа төгссөн. Сумынхаа Эрдэнэтогтох багшийн секцэнд анх хичээллэдэг байсан. Дараагаар нь хотод ирээд “Шонхор” БТДС-д аймгийн арслан Р.Дамдин багшийн ангид II дамжаанаас орон багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

-Ямар учраас II курсээсээ орсон юм бэ?

-Би уг нь ШУТИС-ийн цахилгаан системийн ангид суралцаж байсан юм. Тэгээд хоёрдугаар курсээсээ “Шонхор” луу шилжсэн хэрэг.

-Хотод ирээд заалны барилдаанд анхлан гарсан тухайгаа сонирхуулаач. Мэргэжлээ сольсон чинь үүнтэй холбоотой гэсэн?

-2004 оны хавар хотод ирчихээд анх удаагаа заалны барилдаанд гарсан. Бүх цэргийн наадмын өмнөхөн юм даг. Нэгийн даваанд одоогийн улсын начин Д.Лхагвадоржийг давж билээ. Д.Лхагвадорж тухайн үед маш сайн бэлтгэлтэй байсан. Энэ барилдааны дараа тэр Бүх цэргийн наадамд түрүүлээд, улмаар улсад барилдан начин болсон. Түүнийг давсандаа их баярласан. Харин хоёрын даваанд Сүхбаатар аймгийн арслан Ч.Булганхүүд уначихсан.

-Аймгийн заан цолоо Сүхбаатар аймагт авсан байх аа? Хэн хэнтэй таарч барилдсан бэ?

-2005 оны Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. Тухайн үед хоёрын даваанд өнөө жил улсын начны босгыг давсан Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнийг давсан. Гуравт улсын начин Г.Жалаагийн хүү сумын заан Баясгаланг өвдөг шороодуулсан. Харин дөрвийн даваанд Д.Одсүрэн харцагын хүү, өдгөө аймгийн заан Баярхүүг орхисон. Тавд аймгийн начин Гантулга, зургаад Өвөрхангайн Хатанбаатар нарыг даваад Сүхбаатар аймгийн арслан Ганхуягт унасан. Түрүү булаацалдахдаа гараад төдий л удалгүй зайлуулаад уначихаж билээ.

-”Шонхор” БТДС-ийн барилдаанд өөрийг чинь аймгийн арслан гэж зарладаг байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-2005 оны намар манай аймагт хоёр аваргын нэрэмжит тойргийн барилдаан болсон юм. Тэр барилдаанд бараг 40 гаруй бөх барилдсан. Улсын заан Ө.Тулгаа, Ө.Сумъяа начин зэрэг цолтнууд ч уг барилдаанд оролцоход би түрүүлсэн. Тэгээд л тойргийн барилдаанаас аймгийн арслан болсон юм. Харин энэ цол бусад газарт хүчингүйд тооцогдож байгаа.

-Хэдэн жил улсад барилдаж байна вэ?

-Сүүлийн хоёр жил улсад хүч үзлээ. Өнгөрсөн жил Говьсүмбэр аймагт барилдан тавын даваанд улсын арслан Д.Азжаргалд унаад, дараа нь улсад барилдсан. Тухайн үед Азаа арслантай барилдахдаа хэлээ хазан гараа гэмтээчихсэн. Их л удаан барилдсаны эцэст өвдөг шороодсон доо. Тэгээд бэртэлтэй байсан тул улсад өөрийгөө сайн барилдаж чадахгүй гэж бодож байв. Гэтэл хоёрын даваанд аймгийн арслан Ц.Жамсранг, гуравт Баянхонгорын арслан Давж.Батбаярыг, дөрөвт Д.Хишигдорж зааныг даваад начны даваанд гарч ирсэн дээ.

-Тавын даваанд нутгийн ах амласан. Энэ үед юу бодогдож байв?

-Начны даваанд Б.Ганбат заан амласан байлаа. Сайн барилдахыг хичээсэн ч хүчтэй заанд амархан ойчсон доо.

-Энэ жил хэрхэн хүч үзэв?

-Хоёрын даваанд улсын начин У.Сүхбаатарыг, гуравт Б.Насандэлгэр начныг даваад дөрөвт Д.Сумъяабазар аваргад өвдөг шороодсон.

-Улсын наадмын дөрвийн давааны оноолт аймгийн заануудад хатуу таардаг. Тиймээс цолоо ахиулах бодол бий юу?

-Хэрэв улсын наадамтай аймгийн наадам давхцахгүй бол цолоо ахиулахыг бодно. -Хамгийн дурсгалтай барилдаан чинь юу вэ?


-Д.Лхагвадорж начныг давсан барилдаан намайг бөхөөр тууштай хичээллэхэд чухал ач холбогдол өгсөн. Үүний дараа сургуулиа сольсон гэхэд болно. Тухайн үед оюутны байрны найзуудаа дагуулаад Бөхийн өргөөг зорьж билээ.

-Өсвөр залуучуудын барилдаанд хэрхэн барилддаг байв? -2003 онд Дархан-Уул аймагт залуучуудын УАШТ-д нутгаасаа залуу бөх Я.Болдын хамт барилдаж байлаа?

-Энэ барилдаанд нийт 100 гаруй бөх оролцоход шигшээ аравт багтан долдугаар байрт орсон. Тухайн үед насандаа хамгийн жижиг нь би байв. Манай үеийн бөхчүүд гэвэл улсын начин М.Өсөхбаяр, Л.Гантулга, аймгийн арслан Н.Түвшинбаяр, аймгийн начин Ч.Санжаадамба, Ц.Чимэддорж нар байна. 2003 оны УАШТ-д М.Өсөхбаяр түрүүлж, Л.Гантулга мөнгөн медаль авсан.

-Аль байгууллагад харьяалагддаг вэ?

-”Бороо гоулд”, “Монголросцветмет” нэгдлийн “Уурхайчин” клубийн тамирчин. Цэргийн арслан А.Бямбажав бид хоёр энд харьяалалтай. Мөн саяхнаас Хилийн цэргийн 0311-р ангид харьяалалтай болоод байгаа.

-Тэгэхээр “Хилчин” спорт хороонд бэлтгэлээ базаадаг уу?

-Одоохондоо аймгийн арслан Ө.Бат-Оршихтой хамт “Их засаг” их сургууль дээр нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл хийж байна. Удахгүй “Хилчин” дээр бэлтгэл хийж эхэлнэ.

-Жин, өндөр хэд вэ?

-96 кг жинтэй. 178 см өндөртэй.

-Бөхийн удамтай юу?

-Аавын талд аймгийн заан цолтой хүн бий. Мөн аав маань барилддаг, сумын заан цолтой.

-Нутгийнхаа наадамд зодоглож байв уу?

-Харамсалтай нь нутгийнхаа наадамд барилдаж үзээгүй. Сумынхаа наадамд 2003 онд түрүүлсэн удаатай.

-Улс тунхагласны 83 жилийн ойн барилдаанд нилээд сайн барилдсан?

-Нэгийн даваанд Б.Баянмөнх начныг, хоёрт Ц.Мягмарсүрэн зааныг, гуравт Н.Ганбаатар харцагыг давж, Г.Өсөхбаяр аваргад өвдөг шороодлоо. -Ярилцлага өгсөнд баярлалаа. Удахгүй улсын цолд хүрээрэй.

А.ТҮМЭНБАЯР

2007 оны 10р сард өгсөн ярилцлага юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Mon Jun 22, 2009 11:55 am

Б.Соронзонболд: Цолтой бөхчүүдээ хүндэлнэ гэдэг бөх болохын эхлэл

Хурдан морьд уяан дээрээ наадам зүүдлэн үүрсэж, хүчит бөхчүүд эр бяраараа хөх тэнгэрийг өргөн дэвж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж, эр бор харцага адууны бэлчээрээс шуранхайлж байна. Торгон ногоон дэвжээг хотойтол наадах монгол түмний минь баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Нутаг нутгийн бөхчүүд гал болон энэ жилийн баяр наадмаар одтой сайхан барилдахаар хэдийнэ бэлтгэлдээ гарчээ. Өнгөрсөн жилийн баяр наадмаар одтой сайхан барилдаж, бөхийн хорхойтнуудыг хурц дайчин барилдаанаараа баярлуулж чадсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, "Хан тайшир" дэвжээний бөх Монгол Улсын заан Б.Соронзонболдтой ярилцлаа.

-Сайхан зусч байна уу. Бэлтгэлдээ гараад хэд хонож байна даа?

-Сайхан зусч байна. Энэ жил бороо хур тэгширсэн сайхан зун болж байна. Төв аймгийн Эрдэнэ суманд Говь-Алтай аймгийн "Хан тайшир" дэвжээний 40 гаруй бөх гал болж бэлтгэлдээ гараад 10 хонож байна. Биднийг МУ-ын начин Н.Бадрах ахалж бэлтгэл хийлгэж байгаа. Мөн Монгол Улсын начин Ду. Батбаяр, Н.Бат-Эрдэнэ нар хамтарч бэлтгэлээ базааж эхэлсэн.

-Өнгөрсөн жилийн баяр наадмаар одтой сайхан барилдаж Монгол Улсын заан цол хүртсэн. Энэ жил цолоо бататгаж, ахиулахын төлөө барилдах байх. Бэлтгэл сургуулилт хэр байна вэ?

-Бөх хүн унана гэж барилддаггүй, бэлтгэлээ сайтар базааж байгаа. Одоохондоо бэлтгэл ханаагүй байна. Монгол Улсын заан цолны цаана асар өндөр хариуцлага байдаг.

Өөрөөр хэлбэл энэ жил авсан цолоо баталж, цаашлаад цолоо ахиулах нь чухал байна. Бөхийн хорхойтнуудыг шуугиулж, хурдан шуурхай барилдахыг эрмэлзэж, үзэгчдийг шуугиулсан барилдаанууд үзүүлэхийг зорьж байгаа.

-Энэ жилийн баяр наадмаар хэнийг цол аваасай гэж хүсч байна вэ?

-Олон бөхийг цол аваасай гэж хүсч байна. Гэхдээ цэргийн хурц арслан А.Бямбажав найзыгаа улсын цолонд хүрчих байх гэж бодож байгаа. Мөн Монгол Улсын начин Ду.Батбаяр ах цолоо ахиулах байх. Энэ хоёр бөх цолондоо ахадсан сайн барилдаантай бөхчүүд.


-Монгол Улсын заан цол хүртэж байхад танд хамгийн түрүүнд юу бодогдож байсан бэ?

-Долоо давчихаад заан цол хүртээд хамгийн түрүүнд төрж өссөн уул, ус, аав ээжийгээ бодож байсан. Мөн аав, ээж хоёртоо баярлалаа гэж хэлэх юмсан гэх бодол өөрийн эрхгүй төрсөн.

-Таныг бага байхдаа даруухан хүүхэд байсан гэдэг. Мөн сурлага сайтай хүүхэд байсан гэж найзууд тань ярьдаг юм билээ ?

-Айлын том хүүхэд болохоор ус, түлээнд их явдаг байсан. Зуны амралтаар хөдөө өвөө, эмээдээ очиж хонь хариулж өссөн. Одоо бодоход сахилгагүй хүүхдийг бодвол даруухан байсан юм шиг санагддаг. Гэхдээ хүүхэд л юм чинь дэггүйтэх үе зөндөө байлгүй яахав. Дөрөвдүгээр анги төгстлөө Эрдэнэ суманд байж байгаад аймгийн төв орж хичээлдээ сайн сураад аймгаас алтан медалиар шагнуулж байсан. Харин ахлах ангид ороод тэнэх нь ихсээд хичээлдээ муудсан ч бөхийн спортыг сонирхож секцэнд явж эхэлсэн. Намайг энэ спорт руу хөтөлсөн хүн бол миний анхны багш н.Эрдэнэбат гэж хүн бий.
Хичээлдээ сайн сураад аймгаас алтан медалиар шагнуулж байлаа
Сэргээшийн шинжилгээг хамгийн түрүүнд өгмөөр байна

-Сүүлийн үед залуу бөхчүүд ах, захаа хүндлэхгүй байгаа нь ажиглагддаг. Энэ тал дээр та юу хэлэх бол?

-Бөх хүн ёс жаяг өндөртэй байх хэрэгтэй. Гэтэл эрэмбэ дараагаа мэдэхгүй залуу бөхчүүд олон байна. Уначихаад тахимаа өгөхдөө хүртэл тонгойхгүй байх нь ажиглагддаг. Цолтой бөхчүүдээ хүндэлнэ гэдэг бөх болохын эхлэл ч гэж хэлж болно.

-Таныг сэргээш хэрэглэсэн гэж олны дунд яригдсан. Яагаад ийм яриа гарсан бэ?

-Тийм зүйл яригдах болсон. Бөхийн холбооноос сэргээшийн шинжилгээ авна гэж ярих хэрнээ үүнийгээ хэрэгжүүлэхгүй удаж байна. Хэрэв энэ ажил хэрэгжиж эхэлбэл хамгийн түрүүнд очиж шинжилгээ өгмөөр санагддаг. Энэ ажил хэрэгжихгүй байгаагаас олны дунд хий хоосон хардалт гардаг. Хий дэмий хардаж байхаар сэргээшийн шинжилгээ өгөөд хэвшчихмээр байна.

Э.Хүрэлбаатар
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Mon Jun 22, 2009 9:09 pm

О.Гомбосүрэн: Ө.Даваабаатар харцага заан цолонд хүрчих болов уу


-Засуул болсон тань барилддаг байсантай холбоотой юу. Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Миний хүүхэд нас Төв аймгийн Алтанбулаг суманд өнгөрсөн дөө. Тэр үед эрэгтэй хүүхэд бүр л морь унаж, ноцолддог байсан. Таван настайгаасаа эхэлж морь унасан. Улсын баяр наадамд хэд, хэдэн түрүү, аман хүзүү, айраг авч байлаа. 14 нас хүртлээ унасан болохоор аргагүй биз дээ. Одоо бол хурдан морины уралдаан үзэхээ больсон. Өөрөө унаж байсан юм болохоор морьд барианд ороход өөрийн эрхгүй нүднээс нулимс асгардаг. Тэгээд морь үзэж уйлж унжиж, өөрийгөө зовоогоод яахав гэж бодоод үздэггүй юм.

-Тэр үед одоогийнх шиг морины будлиан байхгүй сайхан нааддаг байсан биз дээ?

-Одоо ч наадам гэхээр луйвар, мөнгөн дээр бүх юм тогтдог болчихож. Тэр үед ёстой будлиан гэж мэдэх ч үгүй байлаа. Галшарын хурдтай их өрсөлддөг байсан даа. Одоо бол замаас нь морь оруулдаг, элдэв эм тариагаар тэжээдэг гээд сонсоогүй юмаа сонсдог болсон. Бөхчүүд нь хүртэл нэгэндээ бууж өгдөг, начин, зааны найраа хийдэг. Дээхнэ үед бол зөвхөн нутгийн бөхөө дэмжих явдал хааяа гардаг байсан. Ид барилдаж байх үедээ биш нас ахиад ирэх үед л нутгийн бөхдөө ганц, нэг удаа даваа өгдөг байсан юм. Гэхдээ уржнан жилээс бөхийн найраа байхгүй болсон.

-Дээхнэ үед 1024 бөх барилддаг байсан болохоор наадмаа их л өргөн тэмдэглэдэг байсан гэдэг?

-Тийм ээ. 1946 оны Ардын хувьсгалын 25 жилийн ой их сайхан болж байсан. 1024 бөх барилдаж Түвдэндорж түрүүлж, Чимэд-Очир үзүүрлэсэн. Тэр үед Яармагт наадам хийдэг байлаа шүү дээ. Долоо хоног үргэлжилдэг. Бөхийн засуул морьтой явж тэр аймгийн тэр бөх барилдаарай гэж дуудаж цоллодог. Одоогийнх шиг цагаан хоолой энэ тэр байхгүй дахин, дахин явж зарлана. Тэгээд долоо хоног засуул хийгээд 30 төгрөгийн цалин авдаг байсан. Бөх, сур, морь бүгд нэг дор учир сайхан байсан. Тэгээд наадмын үеэр заавал хоёр том үзэсгэлэн гаргадаг. Нэг нь бүх албан байгууллага, яамд өөрийн танилцуулгаа дэлгэдэг байв. Нөгөө нь малын үүлдрийнх. Мөн цэргийн парад, хээрийн сургуулилт их сүртэй болдогсон. Одоо бол тус, тусдаа болохоор үзэж буй хүндээ төвөгтэй юм.

-Хүүхэд насны, санаанаас гардаггүй ямар наадам байдаг вэ?

-1937 оны манай нутгийн Овооны наадам юм даа. Тэр үед би 9,10 настай байв уу даа. Яагаад санаанаас гардаггүй юм бэ гэхээр би аманд гарч ойчсон юм.

-Тэгээд хэзээ гайгүй амжилт үзүүлэв?

-1946 оны улсын баяр наадмаар анх удаа хүүхдийн барилдаан болох шийдвэр гарсан. Анхных гэхэд 128 хүүхэд барилдсан. Тэгэхэд зохиолч З.Сандагаа түрүүлж, Жигмэддорж үзүүрлээд Өлзийхутаг бид хоёр шөвгөрсөн. Жигмэддорж, Өлзийхутаг хоёр сүүлд их мундаг эмч болсон. Сандагаа, Жигмэддорж хоёр маань бурхан болсон. Шөвгөрсөн хэдий ч цаашид бяд муутай байсан болохоор барилдаагүй. 1947 онд Өмнөговь аймагт цэрэгт байхдаа барилдаж үзүүрлээд аймгийн заан цолтой болсон. Гэхдээ би нуугаад хүнд ярьдаггүй байсан чинь номон дээр гарчихсан байсан. Тэгээд саяхнаас хүмүүст ярьдаг болоод байгаа. /инээв/

-Үндэсний бөхийн барилдааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь засуул гэж үздэг. Гэхдээ засуул гэдэг нэрийг хүссэн бүхэн биш, чаддаг мэддэг хүн л дааж явах учиртай юм шиг санагддаг?

-Үнэхээр тийм шүү. Хэдийгээр барилдаж сүйд болоогүй ч бөхөөс амьдралдаа салаагүй. 1959 онд цэн-гэлдэхэд анх наадмын бөх барилдах болж би тайлбарласан. Мөн 1958-1960 оны наадмыг тайлбарласан. Үүнээс хойш бөхийн тайлбарлагч, засуул, хөлийн цэц, шүүгч, нэвтрүүлэгч, сурвалжлагчаар ажиллаж ирсэн. 1956-1964 онд “Тамирчин” гэдэг сонины эрхлэгч хийж байлаа.1962 онд АУДэС-д орж эмчийн мэргэжил эзэмшчихээд бөхийн эмч давхар хийсэн.

-Та хамгийн анхны хүндэт засуулуудын нэг байх аа?

-Тийм ээ. 1994 онд Ж.Халтмаа, Т.Амгалан, бид гурав Төв цэнгэлдэхэд анхны хүндэт засуул цолоо гардаж авсан. Халтмаа гуай чинь нэгдүгээр хүндэт засуул, би хоёр дахь нь. Манай Халтмаа гуай их сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүн байсан юм даа. Би 2000 оноос хойш засуул хийхээ больсон. Гэхдээ бөхөө таслахгүй үзнэ. Бас даваа, даваагаар нь тэмдэглэл хөтөлнө.

-Монгол бөхийн засуулын хөдөлмөрийг ойлгодоггүй хүмүүс бөхийн малгай баригч гэх шахам ярьдаг. Жинхэнэ засуул гэдэг бөхөө тавингуут хамт барилдаж эхэлдэг, барилдаан дуусахад бөхөөсөө дутахгүй ядарсан байдаг гэдэг?

-Тийм шүү дээ. Би нэг жишээ ярья л даа. 1995 онд Бат-Эрдэнэ аварга Мөнх-Эрдэнэ арслан хоёр үзүүр түрүүнд үлдсэн. Гэтэл хоёр Эрдэнэ дөрвөн цаг 35 минут барилдсан. Би аваргыг авч гарсан. Тэр үед аваргын хөл муу гэмтэлтэй байсан юм. Энэ хоёрын барилдаан ёстой бөх хүний сайхан чанарыг харуулсан. Мөнх-Эрдэнийн хувьд аваргын муу хөл рүү дайраад даваад түрүүлэх л байсан. Гэтэл тэгээгүй. Бат-Эрдэнэ ч сүүл-дээ “За миний найз дуртай барьцаа ав” гээд хоёр гараа өргөөд барьц өгөөд байхад болдоггүй. Бороо асгартал ороод аваргын нуруу өвдөөд, цөс нь зангираад. Би нуруу, цөсийг нь барьж өгөөд зогсч байтал “Уначихвал яах вэ” гэж асуудаг байгаа. Хөөрхий их ядарч, цуцсан байсан л даа. Тэгэхээр нь би дургүйцээд. “Бүхэл бүтэн хоёр цаг гаруй барилдчихаад байна. Мөнх-Эрдэнийг догшин, ширүүн барилдаж байхад нь унаагүй биз дээ. Одоо унах юм бол ард түмнээ хүндлээгүй хэрэг болно” гэж аваргад хэлсэн. Тэгээд алсын шуудагнаас нь бариад ав тэр үед би хашгиръя гэж зөвлөөд гаргасан. Нэлээд удаж байгаад алсын шуудагнаас авахад нь гүйцээ гээд би орилсон. Аварга ч сэвхийтэл өргөөд давчихсан даа.

-Засуулуудыг цолтой, цолгүй олон бөхийг мөрөө түшүүлэн бөхийн ёс дэгийг эзэмшихэд тусалдаг гэдэг. Эгзэгтэй үед нь оновчтой зөв үг хэлэн, өвдөг шороодсон үед нь дахин гэнэдэхгүй аргыг зааж сургадаг гэж бөхчүүд ярьдаг. Таны мөрнөөс улсын цолонд хүрсэн бөхчүүд олон л биз дээ?

-Миний мөрөн дээрээс гурван заан төрсөн. Ц.Цэрэнпунцаг, Д.Сумъяабазар, Ц.Баярсайхан нар заан цолонд хүрэхэд нь малгайг нь өмсгөж байлаа. Ц.Мягмарсүрэн, Ц.Бэгзсүрэн нар харцага цолтой болж байлаа. Улсын начин бол зөндөө дөө. Мөрөн дээрээс төрсөн начингуудаас Хадбаатар аваргыг их хайрлаж, хүндэтгэдэг. Б.Түвдэндорж, Б.Бат-Эрдэнэ аварга, И.Доржсамбуу гарьд нарыг их хүндэлдэг. Сонирхуулаад ярихад бөхчүүд чинь үечилж төрдөг юм. 1939-1956 он хүртэл Түвдэндорж, даян аварга Чимэд-Очир, Батсуурь гэсэн гурван аварга л толгойлсон. 1956 оноос Дамдин аварга таван жил тасралтгүй түрүүлээд 1961 онд Цэрэн аваргад өвдөг шороодсоноор Мөнхбат залгаж таван жил түрүү бөх болсон. Мөнхбатаас хойш Баянмөнх, Хадбаатар, Цэрэнтогтох аваргуудын үе эхэлсэн. 1983 оноос хойш 12 жил дараалан Бат-Эрдэнэ аварга түрүүллээ. Ингээд л Сүхбат, Сумъяабазар, Өсөхбаяр гарч ирсэн. Гэхдээ энэ гуравт сэтгэл дундуурхан явдаг.

-Яагаад сэтгэл дундуур байдаг гэж?

-Дээрх аваргуудын үеийг харахад 5-10 жилийг ганцаараа аваад яваад байсан юм. Гэтэл Сүхбат, Сумъяабазар, Өсөхбаяр гурвын завсраар өчнөөн хүн түрүүллээ. Түүхэнд үлдсэн сайхан аваргуудын хэмжээнд хүртэл дайчин барилдаж чадаагүй. Аварга хүн аварга шиг л барилдах ёстой. Гэтэл энэ уламжлал алдагдсан. Аварга хүн хэзээ ч доогуур даваанд унах ёсгүй. Мөнхбаатар арслан гэхэд нэгийн даваанд ойчиж л байх жишээтэй. Харин Ганхуяг арай гайгүй барилдаад байгаа шүү.

-А.Сүхбат аваргыг зодог тайлсанд харамсч явдаг хүн олон байдаг. Таны хувьд?

-Буруу л юм хийсэн хүүхэд. Гэхдээ өөрөө шийдвэрээ гаргасан хойно яалтай ч билээ. Би Сүхбаттай энэ талаар яриагүй л дээ. Баянаагаас асуухад буруу юм боллоо л гэж байсан.

-Засуулын өмнөөс үг хэлэх аварга битгий хэл амны бөх байдаггүй байсан гэдэг. Одоо хөлийн цэц, засуултай хэрэлдэх бөхчүүд энүүхэнд байдаг шүү дээ?

-Одоо бөхчүүд унасан давснаа мэдэхээ больж. Бөх хүн унасанаа мэддэг байхгүй юу. Гэтэл булзаад хоёулаа зэрэг дэвээд л, давсан мөртлөө тэнэгэлзээд л. 1968 оны Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Дамдин аварга Цэрэн аваргад унасан. Гэтэл Дамдин аваргыг унасан унаагүй гээд олон янзаар ярьдаг л даа. Тэр үед Түвдэндорж бид хоёр хөлийн цэцэд сууж байсан. Дамдины баруун өвдөг түрүүлж газар хүрснийг хоёулаа харсан л даа. Гэтэл Гончиг засуул Дамдинг давсан гээд өргөөд босгочихов. Гэтэл Түвдэндорж босч ирээд “Чи аварга гэхээрээ давах ёстой юм уу. Наад өвдгөө хар” гэхэд Дамдин годхийтэл тахимаа өгчихөөд яваад өгсөн. 1961 оны улсын наадмаар Баянхонгор аймгаас Баасанхүү гээд адуучин залуу ирж барилдаад. Тав даваад зургаагийн даваанд Бадамсэрээжидтэй таарсан. Гэтэл барилдаж байгаад Бадамсэрээжид нэг гараараа тулчихав. Гэтэл Ж.Самбуу дарга босч ирээд “Гурван хөлтэй бөх байдаггүй юм. Адуучин залууг давуул” гэсэн. Өвдөг хүрээгүй гар нь хүрсэн гэхэд даваагаа өгчихөж байсан. Аварга бөхийг ингэж л хүндэлж, дээдэлдэг үгэнд нь ордог байсан даа.

-Дээр үеийн бөхчүүд дэвээ шаваагаа их сайхан хийдэг байсан талаар одоо ч яригддаг?

-Үнэхээр сайхан дэвж шавна. Одоо ч гарааг аятайхан хийхээ больж дээ. Мөнгөнморьтын Чимэд арслан гэж сайхан бөх байсан. Засуул дээр гарч ирээд эргэхэд гутлынхаа хоншоорын үзүүрт таарсан чулуу үсэрч засуулын хөмсгийг нь сэтэлж байсан. Дэвэх гэдэг чинь том шувууны далавч шиг л харагддаг байлаа. Тэгээд тугны хажууд очоод гараараа сайхан шавна. Дараа нь өөд өөдөөсөө хараад ямар бөх, ямар мэх хийх нь вэ гэдгийг нь мэдэрч харна. Тэгээд л өрөх хүртэл яг долоон үе хөдөлгөөн явагддаг юм шүү дээ. Монгол бөх дэлхийн бөхийн анхны үүсгэвэр. Сүмо, жүдо, чөлөөт, самбо бүгд монгол бөхөөс гаралтай.

-Одоо наадмын түрүү бөхийг таахад бэрх болсон. Учир нь аймаг, цэргийн цолтнууд заалны барилдаанд тогтмол сайн барилддаг болчихсон. Гэхдээ энэ жил улсын цолонд хүрэх бөхийн таавар, таамаглал аль хэдийнэ эхэлчихэж. Таны дотор ч таамаглал байгаа л байх?

-Өө сайхан, сайхан залуу бөх олон байна. Ө.Даваабаатар харцага заан цолонд хүрчих болов уу. Харин Н.Ганбаатар гарьд бяр чадалтай. А.Бямбажав, Ц.Содномдорж, Ч.Санжаадамба, А.Отгонбаатар, Булганы Э.Энхбат, Ш.Жаргалсайхан цолонд хүрчих байх. Тэдний араас А.Сүмбээ, М.Бат-Отгон, начин Д.Батболдын дүү Д.Энхбат цолонд ойрхон яваа. Гэхдээ тухайн өдрийн од л мэдэж дээ.

"Ардчилал сонин".
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Yндэсний бєх (мэдээ, нийтлэл, ярил

Postby Чуугий » Wed Jul 15, 2009 9:59 am

Улсын арслан Д.Ганхуяг

-Сайн байна уу. Таныг энэ жилийн наадамд урамтай сайхан барилдаж арслан цолоо хамгаалсанд баяр хүргэе. Аваргын даваа ойрхон байлаа шүү?

- Ямар ч байсан арслан цолоо хамгаалж чадлаа. Арслан цолныхоо хэмжээнд барилдсан гэж бодож байна. Таны хэлдгээр аваргын даваанд бараг очлоо. Энэ жил Өвөрхангай аймгийнхаа “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдтэй Бугын сангийн аж ахуйд наадмын бэлтгэлд гарсан.

-Танд зодоглох юмсан гэж хүсч явдаг бөх бий юү. Эсвэл та бүгдтэй нь хүч үзсэн үү?

-Үеийнхээ бөхчүүдтэй бараг зодоглочихсон. Гэхдээ бас зодоглочих юмсан гэж бодож явдаг бөх бий. Цаашид амжилтаа улам ахиулахыг төлөө л явна даа.

Б.Ганаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jugder_08 » Sat Jul 18, 2009 12:21 pm

Ц.Содномдорж: Хоёр дахь жилдээ зодоглоод улсын цолонд хүрлээ

"Улсын баяр наадамд эр зоригийн шагнал гэж байдаг бол энэ жилийнхийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Монгол Улсын начин Ц.Содномдорж хүртэж байсан" хэмээн наадамчин олон магтаж байсан. Үнэхээр ч тэр бор зүрхээрээ начин болсон нэгэн. Түүнийг "найраагүй" начин хэмээн нэрлэсэн нь ч үүнээс үүдэлтэй.
Одтой сайхан барилдаж үзэгч олноо баясгасан түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

-Цог золбоотой сайхан наадаж Монгол Улсын начин цол хүртсэнд баяр хүргэе. Начны бага наснаас яриагаа эхэлбэл ямар вэ?
-Монгол хүн бүр цагаан cap, улсын баяр наадмаа тэсэн ядан хүлээдэг. Аргагүй шүү дээ. Бид чинь дэлхийн хаана ч байхгүй эрийн гурван наадмаараа гайхуулдаг юм болохоор. Энэ жил дүү нь сайхан наадлаа. Миний түүх намтар гэвэл нэг их мундаг хүн биш ээ. 1999 онд Улаанбаатар хотод орж ирээд жаахан бэлтгэл сургуулилт хийж байгаад 2000 онд анх барилдсан.

-Бөх болгон л хүүхэд байхдаа дээл, хувцсаа ханзлаад барилдаж, ноцолддог байсан гэдэг дээ. Хөвсгөлд байхдаа ер барилдаж байсангүй юу?
-Сургуульд байхдаа хөвгүүд л болсон хойно барилдалгүй яахав. Үеийнхнээ бол хаячихдаг, ах нартай бол өгөө аваатай л байсан.

-Ц.Содномдорж начинг бөхийн спортод хэн чиглүүлж өгсөн юм бол?
-Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Өсөх гэдэг хүний гар дзэр бөхийн гараагаа эхэлсэн, Яг үндэсний бөх рүү чиглүүлсэн хүн бол Дундговь аймгийн харьяат аймгийн заан Мөнхтөр гэж хүн бөхийн багш, дасгалжуулагч нартай уулзуулж өгснөөс л эхэлсэн. Хотод ирсэн даруйдаа ажил хийж, завсар зайгаар нь бэлтгэлдээ явдаг байлаа.

-Хилийн цэрэгтэй хэрхэн яаж холбогдсон бэ?
-Монгол Улсын начин Н.Бүрэнбаатар, Б.Баянмөнх ах нар зааж зөвлөсөн юм. Тэгээд л 2007 оноос "Хилчин" спорт хороонд бэлтгэл хийж хилийн цэргийн хүн болсон. Энэ хоёр ахдаа, нийт хилийн цэргийн бие бүрэлдэхүүндээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Одоо би улсын харцага Д.Баасандорж ахтай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангид алба хаадаг.

-Улсын наадамд хэдэн удаа зодоглож ямар амжилт үзүүлж байв даа?
-Улсынхаа наадамд хоёр дахь жилдээ зодоглолоо. Түрүү жил тааруу барилдаж хоёрын даваанд Төв аймгийн харьяат аймгийн заан Л.Бямбадоржид унасан. Харин дүү нь энэ жил ёстой одтой барилдлаа.

-Тавын даваанд ам авч эхлэхэд хэнийг амлаасай гэж бодож байсан бэ?
-Яг тэр, энэ авах байх гэж бодоогүй. Энэ жил ерөнхийдөө их тайван байсан.

-Даваа болгонд бяр, чадлаа гаргахаас гадна ур ухаанаа уралдуулдаг нь мэдээж. Начин цолны төлөө барилдах үед сэтгэл зүйн бэлтгэл хэр байсан бэ?
-Тавын давааны үед гайгүй, тайван байсан. Зургаагийн даваанд барилдаанаа гаргаж чадаагүйдээ жаахан гонсойсон. Ө.Бат-Орших харцагт өвдөг шороодсон.

-Начин маань бөхөөс өөр спортоор хичээллэдэг үү?
-Чөлөөт бөхөөр бэлтгэл сургуулилт хийдэг. Дээр хэлсэн шүү дээ. Өсөх гэж хүний гар дээр анх бэлтгэгдэж эхэлсэн гэж. Гэхдээ чөлөөт бөхөөр сууриа тавьсан юм.

-Начингийн өндөр хэд вэ. Өсөхөө аваргаас дутахааргүй харагдаж байна шүү?
-Өндөр 184см. Аавын тал жаахан намхан, ээжийн тал өндөр шүү. Ер нь манайхан өндөр тал руугаа.

-Удам гэснээс аав, ээжийн аль талдаа ноцолддог удамтай бол?
-Аав маань сумын заан хүн. Бас ах ч гэсэн.

-Монгол Улсын начин гэсэн энэ сайхан цолны цаана өндөр үүрэг, хариуцлага, олон хүний итгэл найдвар байгаа нь мэдээж. Мөн тэр хэмжээгээрээ таныг сонирхох нь мэдээж. Өөрөөр хэлбэл, нэр хүндтэй болохын хэрээр олны хараа өөр дээр чинь тогтоно гэсэн үг л дээ?
-Тийм ээ. Энэ сайхан цолны цаана бөхдөө хайртай монгол түмний минь итгэл найдвар байгаа. Би дараа жил цолоо бататгаж, ахиулахын төлөө барилдана аа.

-Начин маань гэр бүлтэй болж амжсан уу. Үеийн тань охид бүсгүйчүүд сонирхож байгаа байлгүй?
-Одоохондоо гэр бүл болоогүй. Гэхдээ найз хүүхэн бий.

-Эх орныхоо үүдэнд ажил албаа гүйцэтгэж байхад хүндрэл хэр тохиолддог бол. Ер нь тэр үед яаж зохицуулдаг вэ?
-Би ер нь тайван хүн. Аливаа зүйлийг маш тайвнаар шийдвэрлэдэг.

-Наадам дуусах тэр агшинд начин маань юу бодсон бол?
-Бөх болгон л алдаа оноогоо дэнсэлдэг нь мэдээж. Хойтон жилийн наадмын тухай зурвас бодоод амжсан шүү. Эр хүний цээжинд эмээл хазаартай морь багтдаг гэдэг дээ. Танай сониноор дамжуулж Хилийн цэргийн бүх бие бүрэлдэхүүн, ."Монгол буйдан" компанийн захирал н.Баттогтох, "Идэр" дээд сургуулийн захирал н.Зоригт ах нартаа маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг дааж дараа жил сайхан наадаж начин цолоо бататгаж, амжилтаа ахиулахын төлөө чармайна аа гэж хэлмээр байна. Хазайхад минь сэтгэлээрээ түшиж, халуун алга ташилт, уухайгаар мялааж, урам хайрласан наадамчин олондоо, мөн танай сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Бид ижилхэн залуу хүмүүс, эрчтэй хүчтэй ажиллаж амьдарцгаая. Бидний хэрхэн ажиллаж амьдрах нь улс орны минь ирээдүйд их нөлөөтэй.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 24 guests
cron