Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby haka » Sat May 02, 2009 10:09 am

Адуу ч сайхан амьтан шүү.
Image
Гэхдээ энэ надад таалагддаггүй юм даа. Тэр тусмаа дундуураа тасархай морь гэж юу байхав дээ. Морийг сүлдэндээ хийсэн нь 20-р зууны л асуудал байх. Тэрнээс өмнө голцуу шонхор л сүлдэндээ байсан юм. Яахав малчин монгол гээд таван хошуу малнаасаа арай эрхэм болохоор нь морийг сүлдэлсэн байх гэж бодохын.
Өмнө нь
Image
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1940 - 1941
Image
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1941 - 1960
Image
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1960-1992
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Барнаба » Sat May 02, 2009 9:38 pm

цаг хугацаа улиран одсоор Монгол улсын сүлд маань Робот морины зурагтай болчих вий дээ....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Reebok » Sun May 03, 2009 7:20 pm

Каз сайхаан...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Фүүтгоол » Sat Jun 06, 2009 11:03 pm

Image
Last edited by Фүүтгоол on Wed Dec 30, 2009 7:05 pm, edited 1 time in total.
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby 1220 » Thu Jun 18, 2009 11:49 am

энэ хэний хурдан буян бэ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Фүүтгоол » Wed Dec 16, 2009 4:45 pm

Миний мэдэх хурдан хүлгийн уяа
Форумын энэ сэдвийг номын санд хүн уншилгүй удсан ном шиг тоос дарж орхиж.
Сэргээж салхи оруулья байз. Энэ олон форумчин дотор хурдан морь ярихаар хийморь
нь сэргэж чих нь сортойдог Монгол хүн зөндөө бий биз. Уг нь энэ чинь бидэнд баруун
зүүний ямар ч спорт ямар ч соёлоос агуу үгээр тийм гэж илэрхийлэхэд хэцүү,
цусанд бургиж, зүрхэнд лугшиж байдаг гайхамшиг гэж бодном.

Хүүхэд нас минь хүлэг морьдын тоосонд, адуун сүргийн захад, айраг шуугин
исгэрэх чимээн дунд өнгөрсөн. Адуунд би дэндүү дуртай. Хар багаасаа хурдан
хүлгийн уяанаас салаагүй. Гэхдээ Би уяач болоогүй, харин болохыг мөрөөдөж явсан.
Одоо ч уяач болно гэж лөөлөө болсон байлгүй дээ.
Энд би уншсанаа бус зүгээр л хүүхэд насандаа хурдан морь хэрхэн уяхыг харсан
мэдэрсэн тухайгаа хуучлая. Өгүүлэх ину...

Хөхөмдөг униар татсан талын дээгүүр шижэр шаргал туяа татуулах говийн өглөөний
нар мандаж байна. Зуны ногоо униартсан говь хээрийн эгэл борхон толгодын дунд
танан шигтгээ суулгасан мэт зэрэгцэн барьсан 3 гэрээс нилээд зайдуу цэрэвхэн
газар чандмалан татсан урт морины уяа байх. Эртлэн босоод нүүрээ хальт мөлт
угаасан болсон хэдэн банди тэрхүү уяаны шонгийн ойролцоо өглөөний наранд нүдээ
гялбуулан наашлан асуй адуун сүрэг, түүнийг туун яваа уяж хоносон унааны
үрээтэй хүдэр бор залууг харуулдан зогсоцгооно. Тэдгээр хэдэн хүүхдүүдын дунд
арав орчим настай миний бие байлаа. Ийм л дүр зураг он цаг алсран 20 гарантаа
шилгээсэн ч сэтгэлд тодхон. Мөн ч олон өглөөг тийнхүү угтсан даа. Ямар учиртай
хөвүүд тийн зогсоов гэвэл наадамд уяж буй хурдан хүлэгүүдээ адуунаас нь барьж
уяхаар хүлээж буй нь тэр. Бусдаар тугал, хурга эргүүлэх, хонь үхэр билчээх бага
сага ажил байсан бол аймаг суурингийн тарагны тавиул болох нойрны тулам хоолны
сав миний бие юу гэж хар өглөөгүүр тэгж зогсох вэ, хөгшчүүлээс нуугдасгээд нэг
газар дугжирч хэвтэх байсан нь лавтай. Мэдээ орсон цагаасаа шунан дурлах болсон
хурдан морь уях ажилд хувь нэмэр оруулахаар бараг сайн дураараа шахуу тэгж
зогсооно тэр. Хурдан морь уяна гэдэг лав л тэр үед мөн ч лут их ажил болдог байж
дээ. Эхлээд хурдан морь уях газраа сонгож байгаад нутаг сэлгэн нүүнэ. Нагац ах
/нэгдлийн малчин/, өвөө /ээжийн аав/ хоёр нутаг үзэж зөвлөлдөн хаана буух
шийдвэрийг хэдэн өдөр болж байж гаргана.

Шийдвэрт олон зүйл нөлөөлнө. Газрын гарц, билчээрийн боломж, уяж байгаа морины
гэдэс зайлаад байхааргүй устай худаг ойр эсэх, тар хийх зурвас газар үлий бага
байна уу, бас өмнө нь ямар жил ямар нутагт уяхад манай морьд хэрхэн хурдалсан
түүхийн билэг дэмбэрэл зэрэг олон хүчин зүйлийг бодолцоно.

Аа тийм хурдан морио хэзээ барьж, наадам болтол хэд хоног уях уу гэдэг бас их
чухал. Тэр жилийн ногоо цагаа ямар байна, адуу мал аль хир тарга тэвээргэтэй онд
орж, цариг хэдий хир сууснаас болж уях хоногийн тоог баримжаална. Дээр үед чинь
ганцхан л долоон сарын 11,12 ны наадам л болдог байлаа шүү дээ. Одоо ч бараг
наадамгүй өдөр ховордож, хурдан морь мэргэжлийн тамирчин шиг бүтэн жил формтой
байдаг болсон гэсэн. Миний бодлоор бол юм цөөхөн байхдаа илүү үнэ цэнэтэй, илүү
дурсамжтай, илүү бахархалтай түүх үлдээх байхаа. Хэт олширхоор зүгээр л зугаа
цэнгэл, ааг омгорхол болж хувирч байх шиг санагдхийн.

Шинэхэн сэлгэж буусан нутагтаа хурдан хүлгийнхээ уяа шонг босгож адуугаа
багширтал хурааж ирнэ. Шонгийн нүх ухах, хэц уяа додомдох зэрэг аар саар ажилд
зарагдавч энэ нь хурдан морьтой холбоотой тул залхуу зан ихтэй ч би их л
уриалагхан шалмаг хөдөлнө. Нагац ах хувьдаа тэр үедээ л нилээд олон адуутай. 100
гаруй адуу лав байсан. Хувийн малын тоонд квот тогтоосон тэр үед яаж аргалдаг
байсым бүү мэд, эсвэл 80 аад оны сүүл хавь гэдэг чинь цаг зөөлөрсөн байлуу
мэдэхгүй ээ.
За тэгээд уяхаар болсон хурдан морио барих ажил эхэлнэ дээ. Энэ жилийн наадамд
ямар ямар гээч хүлгүүдийг барьж уяхаар болсоныг тэр үед мань мэт нь мэдэхгүй
таамаглаа л зогсож байна, тэр бол нагац ахын арзгар үстэй толгойд бүтэн жилийн
турш бодож боловсруулсан төлөвлөгөөнд буй дархан эрх мэдэл.
Мэдээж урьд нь хурдан хурцаа баталсан ажнайнууд бол ямар нэгэн өвчин, бэртэл
гэмтэл, наснаас хамаарсан зодог тайлалт болоогүй бол уягдахыг би байтугай бараг
адгуус өөрсдөө ч мэднэ. Нагац ах нэгийн зэрэг сюрприз бол миний хувьд заавал
барьж, урьд нь уяж, хурдлуулж байгаагүй битүү адуу бас уяна. Бас наймаа панз их
үсэргэдэг хүн тул худалдаж авсан танил бус хурдан буян ч бас уягдана. Бага насан
дээр л жинхэнэ сонгон шалгаруулалт болно доо. Удам судар, бие галбир, өсөх
ирээдүйгээрээ тэд шилэн сонгогдоно. Өөрийнхөө нэрний эсвэл дэмждэг хэдээс
сонгогдоосой гэж битүүхэн горьдож зогсном би тэр үед. Бас хоосонгүй өөрийнхөө
хэмжээнд төлөвлөгөө боловсруулж, хөдөө ирсэн цагаасаа эхлэн дэмждэг үрээнүүдээ
нагацдаа магтаж лобби нилээд хийнэ. Бага насны хэдэн үрээг бол бараг л ямар
азарга яаж хийсэн, эхээс хэзээ төрсөн ямар унага байсан тэрнээс цаашхийг
цээжээрээ мэдэх юм чинь өөртөө л бардам. Хурдан моринд хүндэдсэн би л тэднийг
чинь даага сарваа байхаас нь унаашруулж сургаж, ааш занг нь авсан байгаа шүү
дээ. Ер нь тэр үед ч тэр, түүнээс хойш 90 он гараад цаг өөр болж хувийн мал ялаа
шиг өсөн, нагацын адуу 300 гаруй болоход ч тэр би бүх адууг нь унага сарваа гэж
гэж ялгалгүй удам судар зүс онцлогоор нь эзнээс нь илүү шахуу мэддэг байж билээ.
Хүүхэд гэлээ ч дуртай юмандаа дуртай л байж дээ.
Түрүү жилийн наадмын дараа хөндүүрийг нь гаргаж тавьсан, намар өвөл бага шиг
ажил хийхээс /уяачид хурдан моринд ажил хийнэ гэж ярьдаг/ өөрөөр салхи л
хөлгөлж явсан ажнайнуудыг барих гэж бөөн ажил болно. Хориод хүлэг шинэхэн
уяандаа уячхаад, нөгөө хэд нь ижил сүргийнхээ хойноос тэмүүлж шон хуу татах
шахам дүүхэлзэхийг харж, хангитал янцгаалдахийг сонсож, ойр хавиас цугласан
морины хорхойтнуудыг тойруулан суугаа ахын өвдгийг түшин үг алдахгүй сонсох гэж
чих тавин, амандаа юуг ч юм гөвднөн уншиж, шон тойрон хазганах өвөөгийн
унгитагсан арцны үнэр хамар цоргиод л... мөн ч сайхан цаг байж дээ.

Эхэнд дурдсанчилан өглөө бүр эртлэн босч уяж буй морьдоо барилна. Хоног өдөр
өнгөрөх тутам анх барихад ардаг тарган ааш муутай байсан тэд уяа сойлго аван
чавхайж, өнгө орон гялтагнаж, бидэнд ээнэгшин, уургалах гэж хөөн бөөн юм болдог
байсан бол эвтэйхэн шахаж эв нь таарвал гараар баригдаж ажил амар болж эхэлнэ...

За за зав болохоо байж гарах ажилтай боллоо. Дөнгөж уяж эхлэхийг нь л бичлээ.
Үргэлжлэл бий
Last edited by Фүүтгоол on Wed Dec 30, 2009 7:04 pm, edited 1 time in total.
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Хашка » Thu Dec 17, 2009 12:20 am

Гайхалтай болжээ :eek: :-D
Хөдөө өнгөрүүлсэн хүүхэд нас хамгийн амттай, эргээд дурсахад сайхан байдаг. Би ч морь баалгах, хөлс хатаах, үсэргээнд хөтлөж эргүүлэх, хааяа хөлс авдаг л болохоос нээх унаж гийгүүлж түрүүлж айрагдсан юм байхгүй. Угаасаа аав ээжийн хурдан морь битгий унуул гэсэн лут том лүндэнгээс болоод тэр.
Хааяа хүн морио унуулах гэж авга ахыг царайчилж ирнэ, ах мэдээж том ахыхаа зарлигыг дагаж яг унуулаач. Нөгөө гар нь нууцаар унаж барина.
Хөдөө байхад айлын ах нар морио унуулах гэж их гуйна, өглөө болгон аль гайгүй хөл хөнгөнтэй тарга тэвээрэгтэй байдас, үрээгээ авчирч өгөөд л. Тэр хавийхаа хэдэн бага насны юмыг хонгоо холгоод шир болтол унадаг байж дээ. Амаа мэдэхгүй адуу унаж хазаар цулбууртай ноцолдсоор байгаад алга гэж хонго шигээ шир л байдаг байж билээ. Хөдөөний хүүхдүүдийг дууриаж том том юм ярина. Хэзээний нэг хөгшин хүн шиг болчиж дахиж хөдөө явуулахгүй гээл ээж намар нь бол байлгаж өгнө шүү дээ хэхэ.
Сайхан байж дээ гэснээс өнгөрсөн зун бага байхдаа очдог байсан нэг газраа очтол манай намаржаа байсан газар алтны уурхайтай болоод юун нөгөө бага насаа дурсах өвс ургамал, мал амьтан байхгүй үнэн сэтгэл эмзэглэсэн ш дээ. Алтан дээр унтаж, адуу мал аргамжиж явснаа бодохоор инээд ч хүрэх шиг.
Хайран сайхан нутаг минь
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby ЦАГААН » Thu Dec 17, 2009 11:03 am

Ямар ч сайхан юм бичээв дээ :eek: хурдхан шиг, иххэн шиг үргэлжлүүлнэ шүү :eek: :eek:

hashka "үсэргээ" гэж яриад байсан хаанахын хүн бэ чи? мэдэхгүй хүмүүс бол гайхах байх даа үсэргээ гэхээр. Үсэргээ гэж ярьдаг өөр газар бас байдаг юм байхдаа :smile:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Miro Klose » Thu Dec 17, 2009 11:28 am

Лхүндэвийн Хонгорийн тухай мэдээлэл байна уу.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Хашка » Thu Dec 17, 2009 1:11 pm

ЦАГААН wrote:Ямар ч сайхан юм бичээв дээ :eek: хурдхан шиг, иххэн шиг үргэлжлүүлнэ шүү :eek: :eek:

hashka "үсэргээ" гэж яриад байсан хаанахын хүн бэ чи? мэдэхгүй хүмүүс бол гайхах байх даа үсэргээ гэхээр. Үсэргээ гэж ярьдаг өөр газар бас байдаг юм байхдаа :smile:


Булган Сэлэнгийн аймгийн заагаар Орхон голын эргээр л зусдаг байлаа. Манайх тэнд бол үсэргээ, тарлах, сунгах гэж л ярьдаг ш дээ хө
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby meesh » Thu Dec 17, 2009 6:34 pm

Тэгээд морь баалгах гэж бичээд байхдаа яадагийн? :mrgreen: Би бас : жил унасан өө Хашкатай л адил хэхэхэ сүртэй түрүүлж барьсан юм байхгүй...Манай тэнд бас үсэргээ л гэж ярьдаг шт.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Фүүтгоол » Thu Dec 17, 2009 11:44 pm

Миний мэдэх хурдан хүлгийн уяа
Үргэлжлэл
Хаана хүрч дуусах нь мэдэгдэхгүй, хязгааргүй үргэлжлэх мэт сэтгэгдэл төрүүлэх тал
хөндий, ижилхэн бор толгод дэрлэн хөвөрсөн, нүдний үзүүр алдрах алсад мяралзан
үелзэх зэрэглээ нь нэг үе хязгааргүй хөх цэнхэр далай эс бөгөөс гайхамшигт
үлгэрийн том хот ч юм шиг янз янз болж харагдах хөдөө нутгийг шороон замаар
нэгэн япон автомашин чийг авалгүй удаад үлээхэд л үргэж алга болоход бэлэн
хуурай шороог ёстой л тэнгэрт тултал хуйлруулан тоос татуулж, хурд мэдэн давхиж
явна.
Машины жолоог атгаж яваа нэгэн гуч гаруй насны залуу үе үе хажуугийн толиндоо
хүчит салхинд хийссэн хуй мэт дэгдэн үлдээх тоосоо харж “Дэлхийн цөлжилтөнд
миний оруулж буй хувь нэмэр” гэж тэнгэрийнгазрийн дайдын юманд санаа зовних ч
юм уу, эсвэл хамт яваа гэрийнхэнийхээ уйдааг гаргаж нойрыг сэргээн дуу аялах,
үгэн зугаа гаргах зэргээр зам хорооно.Энэ бол өнгөрсөн зун ойрын арав шахам жил
очиж чадаагүй хүүхэд насны дурсамж цөглөсөн хөдөө нутгаа зорьж яваа миний бие.
Хотоос гарч 6 цаг орчим давхисаар, хүний нутагт хэдэн малынхаа аяыг даган отор
нүүдэл хийж яваа нагацынхаа хүүгийнд очвоо...
Эндээ хоноглоод маргааш нь бид хамтдаа нутгаа зорьж тэндхийн овооны наадамд
уясан морьдоо уралдуулж, хийморь цогоо сэргээхээр урьдчилан тохирсон байлаа.
Сэнгэнсэн сайхан айраг ууж, бас ганц нэг шилний бөглөө мулталж, ёстой л шавайгаа
ханатал хууч хөөрч хонов. Нагацын хүү гээд байгаа нь энэхүү өгүүлэмжийн эхэнд
дурдсанчлан намайг уяаны шон дээр нойрмоглож зогсоход, дөнгөж морь унаж сурах
чамаа аядаал, шомбоогоо унжуулаад гүйж явсан бацаан/хөдөөний хүүхдүүд зун
голдуу л нүцгэн тууж явна шүү дээ/, одоо бол өсч том болж өрх тусгаарлан, авгай
хүүхэдтэй болсон, хэдэн гэрийнхээ адууг оторлож яваа том эр.
Өглөө эртлэн адуугаа авчирч унагануудаа уясан боловч уяж буй морьдыгоо барьж
уяхыг төдий л төвдсөнгүй. Олон наадамд уралдаад онгойчихсон давхар уяаны морьд
хүнээр бол ид ачааллаа аваад сэргэлтийн бэлтгэлдээ гарсан болохоор нь тэгэсгээд
аажуухан барилхынмуу гэж асуувал –Тиймэн ч тиймээ, гэхдээ л урьдынх шиг өглөө
эртлэн барьж, аль болох орой тавиад байхад л цүндийтэл идчихээд байдаг үе
байхгүй болсоон. Энэ газар дэлхийгээс гардаг ургадаг зүйл чинь өөр болсон. Ер нь
таны мэддэг морины уяа шал өөр болсоон. Аль болох идэж л байг. Ингэсгээд уялая
гээд дүү хүү инээвхийлнэ. Тэгэж байтал бүүр хачин юм болов. Билчээр лүү гарч яваа
адуунаас хэдэн адуу тасран гэрийн гадаа ирж, хүний гар харан царайчлангуй
зогсоцгоов. Уяж буй морьд нь гэнэ. Нэмэлт хоол болох хорголжин овъёосоо нэхэж
байгаа нь тэр аж. Халуун зун ч хүйтэн өвөл ч тэжээж л байхгүй бол тамир суухаа
байсаан. Газрын юм шал өөр болсон гэж түрүү танд хэлээ биз дээ гэж дүү
тайлбарлана. Уа чааваас гэж, яачихсан хангай дэлхий , яачихсан Монгол заяа вэ.
Миний мэдэх дүр зүс нь сэтгэлд мөнхрөн үлдсэн, өнөө бол үс яс нь ч хаа байгааг үл
мэдэх байхгүй болсон тэр сайхан аргамаг ажнайнууд луу минь хятад түмпэнтэй
хангай газрын хорголжин тэжээл бариад ойртоод үзэл дээ. Зад тонгорч хангинтал
үүрсчхээд их талынхаа зүг давхиж одох байсан бизээ. Нүдэнд нулимс бүрхэж,
сэтгэлд гуниг хурна.
Хөрст газраасаа бус хүний гараас хооллосон хэдийгээ барьж уялаа. Манай дүү
–Хүүе эхнэр нөгөө зүү, бишээ бүдүүн нь гээд л нэг дуслын шилтэй тариа бариад
хийчлээ. Хэн нэг хүн өвдөж зовоод эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болсон бус
гэнэ. Харин морьддоо натри хлор витамин энэ тэр тарих юм гэнээ. Уяж буй хурдан
хүлэг судас руугаа дуслын зүү шаалгачхаад хээв нэг зогсож байхыг харах бас л
сонин. Миний мэдэх үүрсээ нь чихэнд хоногшиж, төвөргөө нь сэтгэлд нүргэлсэн
нүдэнд нь хийморь цог бадарсан аргамагууд руу минь шилтэй ус, шивэх зүү бариад
дөхөөд үзэл дээ, 10уул 20иолаа нийлж, 4 хөлийг нь хүлж, уруулийг нь цоровдож,
чихдэж дарж байж л санасандаа хүрэх байх даа. Хааччихсан хуртай тэнгэр,
Хааччихсан Монгол зун бэ. За за шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, орчин
үетэйгээ хөл нийлэн алхаж, орон ахуйн өөрчлөлттэй зохицуулж буй нь энэ гэж
тайвширхаас...

Дурсамж хөврөнө. Намайг багад нэгэн өвөл нагац маань манай эмээгийн ахын
хүү болох нутаг усандаа нэртэй уяач ахаас /одоо бурханы оронд буй/ нэгэн удам
сайт үрээ худалдаж авав. Угшил гарал нь Улсын наадамын морины цуваанд түрүүлж
ирсэн хугацаа нь цаг минут секундтэйгээ тэмдэглэгдсэн цорын ганц адуу болох агуу
хурдан хүрэн азарганы угсаа гэнэ. Хол газраас зорьж их л явдал чирэгдэл болж
авчирсан юм байх тэд. Ахд ч тэр үедээ чангахан үнээр өгсөн. Хожим өвөөг тэр хүрэн
үрээ мундаг уурлуулахад - Энэ муу шир яг давхиж харагдаач /орчин үеийн хэллэгт
хөрвүүлэв/ Муу сайн юмнууд /үрээг зарсан ахдүүгээ хэлж байгаам/ сайндаа ч биш
адсага шиг ааштай болохоор нь далдруулсан юм гэж байж билээ. Тэр үрээ үнэхээр
муухай ааштай, хожим гайгүй давхидлаа өвөөг мөн ч их уурлуулж , ахыг ч гэсэн их
зовоосон. Азарга тавитал адуундаа явдаг морьдыг нэг нүдээр ч үзэхгүй бүгдийг нь
тастаж хөөнө. Заримыг нь барьж урж тасдана. Ямартаа л нүдээ боолгуулж, цохон
дээрээ үхрийн шагай зүүлгэж байхав. Ах түүнийг 4 жил уяад давхиулж чадсангүй,
Юун наадамд сайн давхих урт богинийн сунгаанд хүртэл сүүл мушгиж нөгөө үнэтэй
авсан эзэн, удам сайт үрээ хоёр олны доог болно. Тэгэхдээ ах шантраагүй , уйгагүй
ноцолдсоор байсан. Би хожим том болоод эргээд бодхоор ах хүрэн азарга хоёр бие
биеээ их олон зүйлд сургасан байхаа гэж. Хавчиг 7 насанд нь их хүрэнг/бид тэгэж
нэрэлдэг байв/ нэгэн сумын наадамд давхиулав. Дунд хавьцаа л ирсэн байх. Бид ч
нээх тоосонгүй тэгж л байдгийм гээд. Гэтэл мотцихлтой азарга тоссон ах нэг л биш
ээ. Хүрнийгээ эргэж тойрч харан нүд нь нэг л ер бусын гялалзаж, ийнхүү хүүрнэнэ.
–Азарга тосоод очтол хүрэн сүүл хавь нааж явна гэнэ. Газрын дунд орчим
байх.Харсан чинь хүүхэд нь нэг л дараад байх шиг .Наадхаа явуул гээд тавиулсан
чинь л гайхамшиг болсын байхаа. Үнэхээр гайхалтай ахиж үнэн гоё харайж байсан
гэнэ.Дундуур ирсэн яаж барианд эрчтэй орж байсныг нь гэж байна. Мань мэт нь
түрүүлж айрагдсан азаргуудыг дагаж хошуураад хүрнийг бараг барианд орохыг ч
анзаараагүй тул юугаа хэлхэв. Ахын нүдэнд ер бусын итгэл, хүрэнгээ тоосон их
итгэл, өөртөө итгэж эхэлсэн бардамнал зэрэг байсныг тэрхэн хурамд хэн ч
анзаараагүй бизээ...

Түүний дараа жил буюу их хүрэнг 8 д нийлсэн жил бол миний санаанаас хэзээ ч
гардаггүй юм. Их хүрэн анх авснаасаа хойш сайхан хувирч өөрчлөгдсөн байлаа.
Манай адуу бол ерөнхийдөө нь тийм чонондуу төрх хийцтэй, уртавтар, шулуундуу
хэлбэр, омголон сортоотой хурц зантай . Харин хүрэн бол тэс өөр. Том товир бие,
амгаландуу ч юм чиг төрх, арсландуу хийц, залгаасууд, 4 мөч бүдүүн, матаас,
бөгтрөг их. Дөлгөөн юм уу гэхээр нэг л зуунги шазруун, харгисдуу. Нээх сонин шав
шар нүдтэй, харц нь алсыг бараалхуу. Онцгой онцгой. Гараа хурц биш холд зүтгэж,
суулт багатай бяралхуу давхина. Толгойдоо их хориг, дургүй нь хүрвэл хэдэн цаг нь
хамаагүй сэгсэрээс ойртуулахгүй, харц нь алс тийш гөлийгөөд оосорлуулахгүй
хэнэггүй зогсоно. Их гоё элэгэн хүрэн зүстэй, хожим уяа нь буруудсан юм уу,
жаахан гандмалдуу болсон. Тэр том хүдэр биенээс гарамгүй жингэнэсэн тасалдсан
дуугаар янцгаана.

Бараг л сунгаа , наадамаас бусад үед ажил хийхэд ах л унана. Энгийн үед энэ
тэндэээс нь маажиж малтаж, зүлгэж сойтогдож, ар өвөрт нь гаргахад мань мэтийг
байна гэж тоохгүй хонины мориос ч номхон , үүрэглэж зогсоно. Гэхдээ л зэвүүн
унахад их эвгүй эвгүй.Би л лав их айдаг байсан хааяа мордох болвол. Яаж ч
мэднэ.Нэг удаа таралхад дээр гарсан ахын хүүг 6 настай байхад нь нээх сайхан
эргэнгүүтээ гэнэтхэн булгиж шидээд эгэмийг нь гэмтээсэн удаатай. Тэрэн дээр тийм
жаахан амьтныг тавьдаг мөн ч **н** зориг шүү одоо бодохоор. Дургүйг нь хүргэж
байгаад /гүүг нь булаалдах мэтээр/ бариулсан морийг бол яг л махчин араатан шиг
хэмлэнэ. Аймаар аймаар.

За тэгээд тэр жил тэр аймаар амьтантай чинь дөнгөж 6 р анги төгсөөд байсан би
ахтайгаа нийлэн зунжин ноцолдлоо, уях гэж. Ахын санаа янз янз. Нэг удаа уяаны
морьдоо адуунд нь тавьж, услаад билчээж, би ч өдрийн ажилдаа ядарчихсан, ашгүй
харьж унтах нь гэж байтал гэнэт ах их хүрэнг уяж хонохоор шийдэн барихаар болов.
Ах их хүрэнг уураглаад би оосорлох болов. Нөгөөх чинь ааш нь хөдөлчихлөө.
Хазаарлуулдаггүй. Харуй бүрий болж, их тал чимээ алдран нойрсохдоо бэлдэн,
арван хэдхэн настай турьхан хүүгийн толгой дээр холдож яваа ижлийнхээ хойноос
тэмүүлэн уурлан уухичах тэр аварга амьтны толгой мангасынх шиг л аймшигтай.
Хөндийн дэрс, хөөрхий миний хөл зэргийг 4 туурай нь хайр найргүй гишиглэнэ.
Хазаар, уурганы хуйв 2 т шудруулсаар байгаад хоёр гар нил уранхай, цус. Яа тэхэд
ч тэр үдэш хэзээ ч дуусахгүй мэт санагдаж байж билээ...

Их сунгаа болоход би явж чадсангүй, наадамд явах эрх авсан тул. Орондоо наадмаар
гэр сахиж , хонь хариулахаар тодорсон азгүйчүүдээс/хүүхдүүд/ явуулж тэдэнд их
сунгаа үзүүлэв. Хөөрхийс нүдийг нь хуурч байгааг мэдэхгүй их гайхуулж байнаа.
Явмаар санагдсан би дотроо ийнхүү атаархаж зогсном тэр цагт.
Их сунгаанаас ах шиг баяртай ирсэн хүн энэ дэлхий дээр тэр үед байхгүй мэт надад
санагдана. Их хүрэн сунгаанд маш сайн давхиж , нөгөө өөрийг нь зарсан ахын айраг
түрүү алдаж үзээгүй алдартай сарман ухаа азаргыг бараг л дийлж түрүүлэх шахсийм
байхаа...
Тэр жил зэргэлдээ сумын том ой болж газар газрын хурдан хүлгүүд хүрэлцэн ирэв.
Наадмын өглөө... Энэ гайхамшигтай өглөөн тухай дараа жич өгүүлнэ.
Азарга мордлоо. Уралдаагүй байгаа морьдоо барилах, услах гээд ажил ихтэй би
азарга ирэхэд арай л оройтов. Барианы зурхайн дагуу зээглэн байгаа наадамчид руу
морины хар гүйхээр давхиулав. Уг сумын морины барианы газарын тэр хавь нь миний
яаран сандран очиж яваа газраас илхэн. Очиж амжаагүй байхад орох нь дээ. Байз
эхний тасархай яваа 5 азарганд манай хүрэн гол хавьд нь байна уу даа. Манай
дүүгийн цэнхэр торгон цамц яг мөн дөө. Тэр үед миний царай зүс ямар болцсон нааж
явсан бол.
Яг бариан дээр хүмүүс бөөгнөрөөд юу болсон нь хараахан хүрч завдаагүй надад
харагдсангүй. Дотроо мөн байсан, ямар ч байсан айрагтай гэж шивнэнэ. Хурсан
олноос их хүрэнгээ хайсаар олж очив. Их хүрэн дээр хамаг амьтан шавсан байдал,
хүлэгийхээ хөлсийг хусан буй ахыг гэрэл, баяр ойсон хүрэн царай, алтан тууртын
минь магнайд намирах шинэхэн хадаг... бүх зүйл ойлгомтой байсан ч хөөрч сандарсан
би ахаас – Мөн үү, Орсон уу л гэж асуух сэхээ байв. Ах өөдөөс хальтхан эгцэлж
хараад –Мөн, орсоон гэв. Хоёр нүдний нулимс зад садлаа... Уйл даа уйл, балчирхан
хүү минь, тиймээ та хэд, чи үүнийг чадлаа, чи минь хангалттай зовсон, одоо бяцхан
зүрхээ баярлуул баярлуул гэж өнөөдрийн өндөрлөгөөс харах би хажууд чинь байсан
бол хэлэхсэн.
Тоос хүрээгүй магнайтай торгон цэнхэр хадаг зүүсэн, хамрын самсаа нь яг л
бүрээний ирмэг мэт сарталзан, хамаг биеийх нь судас гүрэлзэн, булчин нь зангиран
тэвхийсэн, хөлсөндөө норсон бие нь дээшилж буй нарны туяанд гялбан гялтагнах
хүрэн ажнай минь ямар гоё харагднам тэр үед. Хүүе сар гаруй уулзаагүй ээж аав
хоёр аймгийн төвөөс ирцсэн байна. Санаад байсан чинь одоо бол нээх сонин биш
байна. Уйлж байсан би инээж байна. Нар тоссон тэр наадам дээр над шиг жаргалтай
хүүхэд лав байгаагүй байхаа.

Тэр орой манай майхан айлчин гийчингээр тасраагүй билээ. Өө нөгөө хүрэнд
уурласан үедээ зарж үрж, засааг нь суга татна, алж иднэ гээд байсан ууртай өвөө
чинь жаахан халцан, халзан толгой гялалзуулаад гол дүрд тоглож байна гээч. –
Миний хүү чинь энэ хүрнийг арав гаруй хоног уяж хонож хөлс авсан. Заримдаа бүүр
дараалуулж 2 хоног уяж хоноод хөлсөлж байсан. Би ч чи наадхаа алахнуу л гэж
загнаж байлаа. Ээдээ мөн ч хатуу уяатай адуу юм даа. Миний хүүгийн ч гарт хүрний
уяа оржээ хэмээн өгүүлэх. Энэ бол хүлгээрээ, хүүгээрээ бахархсан эгэл жирийн
малчин өвгөний омгорхол баяр хөөр байлаа. Сарман азарга нь манай хүрэнд дийлдэж
аман хүзүүдсэн хамаатны ах өвгөн - Ер нь тэднийхний адуу дээшээ нийлхээрээ
хурдалдаг тал бий шүү, манай азарга ч уг нь хуучин бариаруугаа жаахан зүтгээд
байсан тал /тэр сумынхан барианы газраа шинэчлэн ойролцоо газар буурь сэлгэсэн
байв/ бий, уг нь ч ... гэсэн үг хавчуулж олон түрүү амсаж, наадам үзэж дов тайлсан
хүний дүрээр догь суух.
Ах хэдийгээр суманд өмнө нь айраг хэд хэд авч байсан ч энэ нь анхны түрүү нь
байлаа.

Тиймээ миний ах суманд л морь уяж байсан, улсад ирж уралдах нь байтугай аймагт
ч тоотойхон очсон. Гэхдээ л миний хувьд ах минь ямар ч улс аймагын манлай, тод
уяачаас илүү. Таныхаа дэргэд л хүн адгуус хоёр ийм нэгэн гайхамшигт шижмээр
холбогдохын жаргал зовлонг туулж, хатуужиж хэрсүүжин хат сууж, уйлж дуулан
уяхан болж өссөн би л ингэж хэлэхгүй бол өөр хэн хэлэхэв.

Ингэж л ах хүрэнгээ хүлэг болгож, хүрэн ахыг уяач болгосон юм даа.

Одоо нутгийнхаа аль нэгэн овоон дээр толгой яс нь тавиатай байгаа байх даа хүрний
минь. Өөр чамаас юу үлдсэн бол, хусууранд шингэсэн хөлсний чинь үнэр бий болов
уу, сэтгэлд бол сэнхийнэ шүү дээ. Айрагдаж түрүүлж авсан хэдэн медал чинь
эзэндээ тэр л жилүүдийн наадмын тоос, хүүхдийн гийнгоо, хүлгийн үүрсээг
санагалзуулан, нүдэнд нь нууцхан нулимс хуруулж гэрийн хойморт залаатай байгаа
байх даа.

Он цагийн эргэлтэнд элэгдэж гандаж яваа хүрэн бор ах минь, загнаж зандруулж,
тунирхаж гомдож явсан үе бий ч, тандаа дүү нь хайртай шүү.
Хүний мөсөөр сайн Хүрэн бор ахындаа Дүү нь очиж явнаа.

Үргэлжлэл бий
Last edited by Фүүтгоол on Wed Dec 30, 2009 7:09 pm, edited 1 time in total.
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Фүүтгоол » Sat Dec 19, 2009 9:13 pm

meesh wrote:Тэгээд морь баалгах гэж бичээд байхдаа яадагийн? :mrgreen: Би бас : жил унасан өө Хашкатай л адил хэхэхэ сүртэй түрүүлж барьсан юм байхгүй...Манай тэнд бас үсэргээ л гэж ярьдаг шт.

Баалгана гэж хаа сайгүй л ярьдаг ш дээ. Хурдан морио уралдах гэж байгаа мэт сүүлийг нь шууж, унаач хүүхдээр нь унуулаад шон тойруулж, сайхан гийнгоо татуулаад эхлээд нэг хэсэг алхуулж, дараа нь нилээд дэргүүлж тойроход хөдөлгөөндөө ч болдгийм уу морьд бааж, хөнгөрдөг. Заримдаа мориныхоо гэдэсийг жаахан хөдөлгөөдхие гэж ч ярьж байдаг. Би бол багадаа морийг гэдэсийг нь багасахгийн тулд уралдуулах гэж байгаа мэтээр хулхидаж санасандаа хүрэх үйл ажиллагаа юм уу л гэж ойлгодог байсан :D
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Фүүтгоол » Fri Dec 25, 2009 10:24 pm

Миний мэдэх хурдан хүлгийн уяа

Үргэлжлэл
3-р хэсэг

Адуучин аавын хүү билээ
Агтны тоосонд өссөн билээ би... раажаваар ийн дуулах.
Та энэ дуунд гардаг шиг адуучин байхгүй яасийм гэж
Тэгсэн бол би дандаа адууны хажууд байхгүй юу
Балчирхан би мурчигнах, аав шоолон өхөөрдөх, бүдэг бадаг санагдана.
Сумын доктор ажилтай аав маань
Сумын наадмын морь дагах үүрэгтэй байсан
Сундалж ар дээр нь мотциклтэй дагасаар
Суран жолоо алдуурам хурдлах морьдын тоосонд булуулсаар
Би хурдан моринд дуртай болсон.
Мэдээ ороход л миний хажууд хүлэг үүрсэж байсан
Ухаан сууж эхлэхэд л миний дэргэд хүлэг эвшээж байсан.


Тэртээх тэнгэрийн баруун хаяа өглөөгүүр бага зэрэг бараантан байсан
бол үд дунд хавьцаа болоход хурын үүлс огторгуйн хөхөмдөг өнгийг бүгдийг
эзэгнэн авч бүүдийлгээд шиврээ бороогоор шавшиж эхлэв.

–Өө, зарлаад байсан орохнээ, нилээд зүсрэх байхаа хэмээн бэр хүүхэн
гадаар дотуур ажил эмхлэн гүйнэ.
Уяа морьдоо барьж, тэнгэрийн гайгүйд бага сага ажил хийж амжсан бид
бороо намжихаар наадамдаа мордохоор болж, тэнгэрийн ая харангаа хурдан
хүлэг түүний уяа сойлго хийгээд энэ хавийн наадмын сонин зэрэг юу
эсийг хуучлах вэ.
Ярианы далимд нагацын хүү тэртээ өмнө зүг хөхрөх унаган нутгийнхаа
зүг хараачлан, -Гайгүй бороо ороод байгаам биш үү гэнэ,
нүдэнд нь гордьлогын оч тэрхэн хурамд гялс хийнэм.
Хөөрхий дөө, сүүлийн хэдэн жил нутагт нь олигтой зун болж цаг дэлгэрэхгүй,
эргэх 4 цагийн ихэнхийг бусдын харъяат нутагт өнгөрөөж яваа юм.
Нутагт бороо орсон ч их оройтож орж олигтой ногоо цагаа ургахгүй болсон аж.
8 сар дундаа ороод орж буй энэ бороо нээх хэрэг болох уу даа гэж намайг цэцэрхвэл.
–Өө хэрэгтэй байлгүй яахав, хангай дэлхий ийм болсон цагт бага сага юм ургалгүй дээ гэв.

Дурсамж хөврөнө.
Бидний багад яасан ч их бороо ордог байсийм дээ. Азарган бороо нижгэнтэл үе үе асгаад л.
Гэхдээ би янзаган зүс хэмээн өвгөд нэрэлдэг бороонд үнэхээр дуртай байж билээ.
Нээх гоё хөхөмдөг цэнхэр өнгөтэй намуухан бороо их л удаан зүсрэн ороод л...
Бүх зүйл, хорвоо тэр шигээрээ мөнхийн амар амгалан, зөөлөн элгэмсүү мэт ...

Одоо ийм янзаган зүс хотод ч, хангайд ч, ер нь хаана ч орохоо больсон байхаа,
би л сүүлийн хэдэн жил харсангүй. Сүр сар хийсэн үер л буух юм.

Бороо хур элбэг нуур ногоо сугсарсан сайхан зун болдог байж дээ, тэртээх ахуйд...
Хавар эртлэн ногоо идэж тамир суусан хурдан хүлэгүүдээ барьж уяад хэд хоног
мундаг ажил хийхгүй, ах. Ганц нэг шон тойрч алхуулж шогшуулсан болоод уяад байна.
Бид ёстой л тэсгэл алдана. Хурдхан л хөлсөлж, тарлаж, уралдахын бөөн хүслэн болсон хүүхдүүд.
Тарга цатгалан тэр амьтдыг бага зэрэг уяж хагсрааж байж аажим аажмаар ажил хийж
дасгахгүй бол бяцраад сүйд болно гэдэгийг бидний хэдэн хүүхэд тэр үед яаж мэдэх вэ дээ.
Морь баалгах ажлаар л хэд хоног голоо зогоож жинхэнэ мундаг ажил эхэлэхийг хүлээнэ.
Морь баалгах, эсвэл морьдоо жаахан хөдөлгөөтхий гэж уяачид ярьдаг.
Энэ нь тамирчнаар бол бие халаалт гэвэл арай ойртож очих байх.

Морьдоо сайхан сүүлийг нь шууж, оломыг нь тааруулан татаж эмээллээд
унаач хүүхдүүд унан шонгоо тойрон алхуулж хангинтал гийнгоо татуулцгаана.
Хийморь сэргээн хангинах гийнгоон дуунд хурдан хүлгүүдийн чих нь сортолзон,
хамар нь сарталзаж товолзтол хазаар даран алхална.
Уралдахаар бэлдэж байна гэж боддог юм уу хөөрхийс амьтны зөнгөөр
аяндаа баас унаган гэдсээ хөнгөлнө.
Бага байхад унаж хөдөлгөж байгаа морио тэрхэн зуур хэд хэд баахад хүүхдийн
зангаар гайхан яагаад ингэдэг юм бол, хүн ингэж чадах болов уу гэж боддогсон.
Ажиглан харж зогсох ах морьдоо хэд хэдэн удаа шон тойрон алхуулсан
бидэнд за одоо дэргүүл гэж тушаана.
Бид чүү чүү хэмээн давчиж, мөн л хангинтал гийнгоолсон хэвээр
сэнгэнтэл дэргүүлж эхэлнэ.
Нилээд хэд тойрч морьдын амьсгал түргэсэн, хөлс нь үл мэдэг гялтайх
аядмагц ах за болно одоо алхуулаад хэд тойроод бууцгаа гэнэ.
За нэг иймэрхүү миний бүдүүн тоймхон дүрсэлсэн ажлыг моринд бараг
өдөр бүр наадам болтол хийдэг юм даа.

Хэд хоносны дараа бага зэрэг гэдэс нь жавхайж загвар орж эхэлсэн
морьдоо хөлслөх боллоо. Арай сонирхолтой ажил эхэлж байна.
Бүрэн гарт орж номхроогүй байгаа нөгөө хэд чинь нэмнээ бариад
ойртохоор үргэж , уяа шон хуу татчих шахаж сүйд болно.
Иймээс уяанаас нь тайлж зайдуухан чөдөрлөж байгаад нэмнэнэ.
Нөгөө хэдий чинь нүд нь бүлтэгнэж , хамар нь сархагнаад бие нь татвалзаад
сүйд болно анх нэмнэхэд. Хэд хэд хөлсөлж, нилээд хоноход нэмнээ бариад
ойртоход тоох ч үгүй зүүрэмэглэж зогсохоо адгуус яаж мэдэхэв дээ.
Нэмнээ бас их учиртай. Дотуур нь хулдаас юм уу зузаан гялгар уутаар доторлосон
эсгий эсвэл тэр үеийн ноосон орос орны бүтээлгээр хийсэн голдуу нэмнээ байх.
Одоо цагт харин нэмнээ өөрчлөгдөж ямар болсон гэлээ дээ дуулсан аа мартаж.
Би нэмнээ буруу эвхэж нилээд загнуулдагсан. Тэхээр эвхэхэд бас учир байсан байгаам.
За тэгээд эхний хөлслөлтөн дээр мань хэдэн бацаан унаж бараг чадахгүй.
Нэмнээнээсээ эвгүйцсэн морьд булгих нь голдуу. Арай товир томууд нь мордоцгооно.
За тэр ах өөрөө их хүрнээ унахнээ.
Ах мордохоосоо өмнө ииш тийш хараачлан юуг ч юм таамагласхийнэ.
Салхи аль зүгээс байна, хир тогтвортой байх нуу зэргийг шинжилж байгаа нь тэр.
Морьдыг хөлслөхдөө эхэлж салхи сөрөн яваад , эргэж салхи уруугаа давхин ирдэг юм.
Ингэвэл морь сайн хөлөрнө, мөн эвгүй салхи морины амьсгалыг буруутгах
боломж багасдаг юм.

Хожим би хойд зүгийнхэн морио хөлслөхдөө зүгээр л шонгоо арай алсуур
тойроод давхиад байхыг хараад ихэд гайхдаг байж билээ.

Би зээрд үрээг хөлслөх үүрэг оногдов. Ахыг даган гарч өглөө.
Салхи сөрөн нилээд дэргүүлнэ. Лав нилээд хэдэн килмитэр явсан байхаа, ах хүрэнгийн хүзүүний
нэмнээг үе үе сөхөж үзэн аль хир хөлөрч буйг шалгана.
Тэгж байснаа за одоо болноо эргэе гэнэ.
Эргэмэгцээ салхи уруугаа нэг хэсэг газар арай ширүүн яваад, жигдхэн дэргүүлж эхэлнэ.
Уяаны шон ойртлоо, ууж идэх юм эргүүлж байсан үлдсэн хэдэн нөхдүүд хусуураа барин сандран гүйцгээнэ.
Салхи аятайхан таарч морьд сайхан хөлөрчээ. Бүгд элбэн морьдоо хусцгаана.
Морь хусах бас их учиртай. Ахаас л асууна. – Ахаа гэдэсийг нь яаж хусах уу.
Ах морио жаахан ажигласанаа сайн татаад хусчих эсвэл
хөнгөхөн хүрээрэй гэнэ... Ямар учиртай нь зөвхөн ахын ухаанд л буй, тэр зуур.
Морьдыг 2 янзаар хөлслөнө. Эхнийх нь өглөө барьж уяад газар халахаас өмнө хөлсөлнө.
2 дахь нь уяж хоноод өглөө эртдүүхэн хөлслөнө.

Морь хөлслөх сайхан ажил. Бэмбийтэл нэмнэсэн морио уначхаад дэргүүлсэн шиг явахдаа,
буянт хүлгийнхээ солбин сортолзох чихийг ажин, амьсгалын хүнгэнэх чимээ,
хөлсний өвөрмөц үнэрийг үнэртэн явах моринд дуртай надад бас л нэгэн жаргал байж дээ.
Тэрхэн хурамд, тэр намуухан дэргээн дунд юу эсийг бодном, хүүхдийн гэнэн сэтгэлдээ.
Алсад зэргэлээтэн цэнхэрлэх уулс шиг намайг сайхан ирээдүй хүлээж байгаа гэж яарна,
хурдан том болохсон,
тэртээд зурайж байгаа замаар машин айсуй, аймгаас гийчид хэзээ ирэх бол,
энэ жилийн наадамд би явах бол уу...
үзэхэд ердөө л морь хөлслөх мэт боловч ,
тоолоход хэдэн минут л болох боловч,
морин дэл дээр эр өсөж, ухаан суух ажуу. Ай хүлэг минь уу, хүүхэд нас минь уу...
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Фүүтгоол » Sun Dec 27, 2009 1:04 am

Хүлэг минь шүлэг минь хөөрхий бид нарыг
Цагаанаа гаас минь өөр хүн тоож уншихгүйм даа
Гэсэн ч хүлэгийн үүрсээн
Наадмыг өглөөг зүүдэлж хонодог би
Хүлэг чамдаа, хуйлран эргэн тоосонд чинь өртэй,
Яагаад гэвэл тэндээс би
Монгол гэдэг үнэрийг авсийм
Хүн гэдэг дүрийг өвөлсийм
Гүдэсхэн гэдэг чанарыг харсийм
Уяхан гэдэг нулимсыг амталсийм
Уянга гэдэг аялгууг сонссон юм аа
Би бичнээ, зүүдэнд үзэгдэж сэтгэлд янцгаах аргамагуудаа
Цээжээ хөнгөлж, зүрхээ амирлуулах гэж дурсана аа би
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re:

Postby Фүүтгоол » Sun Dec 27, 2009 11:45 am

traffic wrote:...Галшар хурдны удмын адууг өөрийн олон жилийн нөр их хөдөлмөр оюун ухаанаар үндэслэн бий болгогч, билэг авьяаст их шинжээч, уяач, зураач, номч эрдэмтэн, Хардэл жанжин бэйс олноо “Өвгөн ноён” хэмээн алдаршсан Мижүрдоржийн Пүрэвжав, хамтран зүтгэгч Дагмид мээрэн, “өвчит” Баянжаргал, Жунай, Лувсанцэрэн, Халтар болон Монгол Улсын анхны алдарт уяач Донойн Цэгмид зэрэг домог болсон өвгөдийн нэрийг дурсахгүйгээр Галшарын хурдан удмын адууны тухай ярих аргагүй.
...
Хонгор зээрд
Өвгөн ноёны ач хүү Пунцагнамжил Зоригт бэйсээс Хонгор зээр гэдэг хүрэн азаргыг гучин адуугаар худалдан авчээ. Өвгөн ноён Хонгор зээрдийг уяж Элбэг хээртэй уралдуулж байсан гэдэг. Хонгор зээрд биеийн галбир, гоо үзэмжээрээ гойд сайхан азарга байв. Хонгор зээрдийг өвгөн ноён зурснаас эш авч зураач Ж.Саруулбуян Монгол Улсын манлай, алдарт уяачийн малгайн залаан дээр харагддаг цалин мөнгөн толин дээрхи хийморийн бэлгэдлийн хүлэг болгон дүрсэлжээ.
...


Багадаа Ар Халхын олон шинжээч Хонгор зээрдээс өө олоогүй юм гэнлээ гэж нэг номноос уншиж байж билээ. Энгийн хирнээ их учир утгатай сайхан үгс байжээ. Зургийг нь морь судлаач, уяач М.Баярмагнай гуайн Түмний Эх гэдэг жижигхэн А6-ийн номны хавтаснаас анх харсан. Гар зурагаас нь дууриаж зурсан их адилхан болсон гэж хожим дурссан байсан...
Би 30 гаруй наслахдаа олон л сайхан амьтдыг харж байсан, улс бүсийн хурдуудын зургийг ч бараг үзсэн, гэхдээ Хонгор зээртэй төстөй адуу Ерөөс хараагүй.
Яг зураган дээр буусан шигээ амьтан байсан бол ерийн адуу биш онцгой дахин төрөхгүй адгуус байсан байх гэж боддогийм. Зургийг нь тавих гэсэн олсонгүй.
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Re:

Postby ЦАГААН » Sun Dec 27, 2009 12:20 pm

footgoool wrote:Багадаа Ар Халхын олон шинжээч Хонгор зээрдээс өө олоогүй юм гэнлээ гэж нэг номноос уншиж байж билээ. Энгийн хирнээ их учир утгатай сайхан үгс байжээ. Зургийг нь морь судлаач, уяач М.Баярмагнай гуайн Түмний Эх гэдэг жижигхэн А6-ийн номны хавтаснаас анх харсан. Гар зурагаас нь дууриаж зурсан их адилхан болсон гэж хожим дурссан байсан...
Би 30 гаруй наслахдаа олон л сайхан амьтдыг харж байсан, улс бүсийн хурдуудын зургийг ч бараг үзсэн, гэхдээ Хонгор зээртэй төстөй адуу Ерөөс хараагүй.
Яг зураган дээр буусан шигээ амьтан байсан бол ерийн адуу биш онцгой дахин төрөхгүй адгуус байсан байх гэж боддогийм. Зургийг нь тавих гэсэн олсонгүй.


Би бас тэр номыг чинь уншиж бичиг үсэг сурч байлаа. Би анхнаасаа Монгол бичиг сурсан нөгөө лут гаруудын нэг л дээ. Тэгээд тэр номын уншиж криллтэй болсон. Үнэхээр гоё ном шүү, бие нь бага ч бэлчээр нь хол гэгчээр. Тэр өмнө нь байдаг хонгор зээрдийн зургийг аав бас надад зурж өгч байсан юм. Би даанч алга үрэгдүүлжихсэн. Одооны энэ манлай энэ тэр мундаг уяачдын малгайны тэмдэг хонгор зээрдийн дүрс гэдэг биз дээ.

Манай энэ Lemon моринд их сайн ш дээ... намайг бодвол тод манлай уяачийн гар хөлд зарагдаж, том том морь унаж хөлсөлж байсан хүн гэсэн шүү дээ
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Хашка » Sun Dec 27, 2009 12:59 pm

footgoool wrote:Хүлэг минь шүлэг минь хөөрхий бид нарыг
Цагаанаа гаас минь өөр хүн тоож уншихгүйм даа

Аймар гомдсон байна ш дээ. Би бол байнга хараал дараагийн хэсгийг нь хүлээгээд л байгаа ш дээ. Гэснээс Гаанжуурын Сундуй гэж уяачтай холбоотой мэдээлэл байвал оруулаач Монголчуудаа
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Фүүтгоол » Mon Dec 28, 2009 9:12 pm

Засав :mrgreen: :mongol:
Last edited by Фүүтгоол on Fri Apr 09, 2010 8:09 pm, edited 1 time in total.
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Makaveli » Tue Feb 02, 2010 5:48 pm

Өвөрхангай аймгийн Харйхандулаан сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны уяж хурдлуулдаг Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Мон-Уран компанийн захирал Б.Наранхүүгийн алдарт шарга азарганд Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр “Амгалан төрийн ажнай шарга” хэмээн төрийн цол хайрласан байна. Үүнээс өмнө 1906 онд Богд хааны хээр алаг моринд "Түмэн баяр цогцлоосон амгалант хүлэг" цол анх өгч байсан бөгөөд үүний дараа 1950-д оны сүүл үед төрийн их баяр наадамд дөрвөн удаа түрүүлж гурван удаа аман хүзүүдсэн Төв аймгийн Баян сумын харъяат Жамцын Шийтэрийн зээрд азаргад "Засагт төрийн зандан ширээ", дөрөв түрүүлж гурван удаа айрагдсан Төв аймгийн Баян сумын харъяат Даваанэрэн начингийн халзан азарганд "Мөнх төрийн мөнгөн магнай," дөрөв түрүүлж нэг айрагдсан Төв аймгийн Баянцагаан сумын харъяат МУАУяач Мөнхийн Данзаннямын хүрэн азарганд "Ажнай хүрэн", гурав түрүүлж нэг удаа аман хүзүүдсэн Төв аймгийн Баянжаргалан сумын харъяат Доноодойгын Галын хүрэн моринд "Засагт төрийн зандан хүрэн" цолуудыг тус тус хүртээж байсан бол төрийнхөө их баяр наадамд зургаа түрүүлж хоёр айрагдсан энэ цагын босоо хүлэг алдарт шарга азаргатөрийн цол хүртсэн тав дахь хүлгээр шалгарлаа.

Тойруулга эцэгтэй Гал шарын цагаан гүүний унага "Амгалан төрийн ажнай шарга" азарга нь 2000 онд шүдлэн насандаа, 2002 онд соёолон насандаа, 2004, 2007, 2008, 2009 онуудад улсын их баяр наадамд нийт зургаан удаа түрүүлж, 2001 онд хязаалан насандаа, 2003 онд азарганд тус тус айргын 4-т хурдалж байсан үүнээс гадна Монголын шигшмэл Их хурд уралдаанд нэг түрүүлж нэг аман хүзүүдсэн бөгөөд бүсийн наадмуудад гурав түрүүлж нэг айрагдаж уралдсан цагаасаа хойш нийт улс бүсийн наадмаас 10 түрүү 4 айраг хүртээд байгаа XXI зууны алдарт түмэн эх хүлэг билээ.

Шарга азарганы энэхүү цолыг 2010 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу сар шинийн битүүний өдөр албан ёсоор гардуулан өгөхөөр болжээ.

Төрийн наадмын түрүү шарга
Түмэн олны хайртай шарга
Амгалан төрийн ажнай шарга азарганы маань удмын шандаст дөрвөн туурайн хурц байж өшөө олон түрүүлж уясан эзэн унасан хүүхэд наадамчин олноо баярлуулах болтугай.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby ЦАГААН » Tue Feb 02, 2010 10:00 pm

Ёстой л сайхан мэдээ байна даа. "Амгалан төрийн алтан магнай" гэдэг цол өгнө гээд байсан, шарга гэдэг зүсийг нь оруулъя гэсэн байх "Амгалан төрийн ажнай шарга" гэдэг сайхан цолтой болжээ. Ёс ёмбогор төр төмбөгөр гэж байдаг байхдаа, хууль журам нь яадаг юм бол доо... уг нь ерөнхийлөгч гуай л нэг сайхан зарлиг гаргаад цол хайрлаасай гэж хүсч байсан юмсан. Холбоо л цол өгч байгаа юм байна гэж ойлгов. Тэгэхдээ ард түмэн шаргатаа хайртай тул төрийн хишиг л гээд баярлаад явах байх. Амгалан төрийн ажнай шаргыг түрүүлэхээр л манай ард түмэн бараг л бүгд баярлаж, бүгдийнх нь морь түрүүлж байгаа юм шиг хөөрдөгдөө дөө :mongol: Ард түмний хүлэг юм даа...

Шийтрийн зээрд улсад 7 уралдаад 4 түрүүлж, 3 аман хүзүүдсэн гэж байгаа. Даваанэрэн начингийн хүрэн азаргатай яг нэг цаг үед хурдалж байсан гэдэг. Агуу хүлгүүд шүү... ээлжлээд л түрүүлээд байсан байдаг. Данзанням гуайн хүрэн азарга соёолондоо нэг түрүүлсэн байх. Амгалан төрийн ажнай шарга маань дахиад нэг түрүүлчвэл "азарганы" уралдаанд 5 түрүүлсэн гэдгээрээ жинхэнэ бүх цаг үеийн манлай болох гээд байгаа. Энэ жил түрүүлжил таарах болов уу даа... Бас Улаанбаатарт их хурдтай гэсэн. Давхраар хусаад зодог тайлсан ч болох байхдаа... Уяач л мэднэ дээ дахиад хэр нөөц байгааг нь...

Энэ дээд мэдээг оруулсан хүн миний мэдэхээр нэг ч алдаагүй, сайхан мэдээ оруулсан байх юм (би ямар ихийг мэдэх биш). Лав л энэ ТВ-ийн тайлбарлагч нарын ихэнх нь Шийтрийн зээрд хэдий үед хэд түрүүлж байсныг битгий хэл шарга азарга хэдэн онд ямар насандаа түрүүлснийг нь ч мэддэггүй юм. Дамаан тэр ТВ9-ийн бүдүүн Гандөш бол нээрэн (mannn ... шарга даагандаа түрүүлээд ... тэгсэн ингэсэн гээл дандаа худлаа мэдээлэл тараана :grin: Тэр угаасаа юу ч мэддэг гахай... Харин тэр шинэ морины тайлбарлагч Оюунбат гэдэг байхаа залуу ч үнэн лайтай гоё тайлбарладаг юм билээ дээ :mongol:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby erka2 » Tue Feb 02, 2010 11:04 pm

ЦАГААН wrote:Ёстой л сайхан мэдээ байна даа. "Амгалан төрийн алтан магнай" гэдэг цол өгнө гээд байсан, шарга гэдэг зүсийг нь оруулъя гэсэн байх "Амгалан төрийн ажнай шарга" гэдэг сайхан цолтой болжээ. Ёс ёмбогор төр төмбөгөр гэж байдаг байхдаа, хууль журам нь яадаг юм бол доо... уг нь ерөнхийлөгч гуай л нэг сайхан зарлиг гаргаад цол хайрлаасай гэж хүсч байсан юмсан. Холбоо л цол өгч байгаа юм байна гэж ойлгов. Тэгэхдээ ард түмэн шаргатаа хайртай тул төрийн хишиг л гээд баярлаад явах байх. Амгалан төрийн ажнай шаргыг түрүүлэхээр л манай ард түмэн бараг л бүгд баярлаж, бүгдийнх нь морь түрүүлж байгаа юм шиг хөөрдөгдөө дөө :mongol: Ард түмний хүлэг юм даа...

Шийтрийн зээрд улсад 7 уралдаад 4 түрүүлж, 3 аман хүзүүдсэн гэж байгаа. Даваанэрэн начингийн хүрэн азаргатай яг нэг цаг үед хурдалж байсан гэдэг. Агуу хүлгүүд шүү... ээлжлээд л түрүүлээд байсан байдаг. Данзанням гуайн хүрэн азарга соёолондоо нэг түрүүлсэн байх. Амгалан төрийн ажнай шарга маань дахиад нэг түрүүлчвэл "азарганы" уралдаанд 5 түрүүлсэн гэдгээрээ жинхэнэ бүх цаг үеийн манлай болох гээд байгаа. Энэ жил түрүүлжил таарах болов уу даа... Бас Улаанбаатарт их хурдтай гэсэн. Давхраар хусаад зодог тайлсан ч болох байхдаа... Уяач л мэднэ дээ дахиад хэр нөөц байгааг нь...

Энэ дээд мэдээг оруулсан хүн миний мэдэхээр нэг ч алдаагүй, сайхан мэдээ оруулсан байх юм (би ямар ихийг мэдэх биш). Лав л энэ ТВ-ийн тайлбарлагч нарын ихэнх нь Шийтрийн зээрд хэдий үед хэд түрүүлж байсныг битгий хэл шарга азарга хэдэн онд ямар насандаа түрүүлснийг нь ч мэддэггүй юм. Дамаан тэр ТВ9-ийн бүдүүн Гандөш бол нээрэн (mannn ... шарга даагандаа түрүүлээд ... тэгсэн ингэсэн гээл дандаа худлаа мэдээлэл тараана :grin: Тэр угаасаа юу ч мэддэг гахай... Харин тэр шинэ морины тайлбарлагч Оюунбат гэдэг байхаа залуу ч үнэн лайтай гоё тайлбарладаг юм билээ дээ :mongol:




Энэ мэдээ миний бодлоор жаахан зөрөөтэй юм шиг.Шийтэрийн зээрдийн эцэг азарга Санжаабүүрэгийн Цавдир азаргийг л Мөнх төрийн мөнгөн магнай гэж цолтой байсан гэж бодох юм.(3түрүүлж 4айрагдсан)

Энэд дурдахын аргагүй 2 ажнай байна.

Сүрэнхорын Хээр (Хүлэг болж төрөөд 7уралдахдаа 7түрүүлсэн, 90оны МНТ 750,70жил багтана. 70д түрүүлсэний маргааш ни дайруулсан одоогоор бол Шаргыг гэж бодохоор хүн болгон очиж тэр хүний алая гэх биз)

60-70оны Банзрагчын Ухаа (Улсад 3түрүүлж 6 айрагдсан байх хамгийн агуу ни энэ агуу адуу хязаалан насандаа Veitnam-н дайнд Малинд яваад нутаг гүйж ирж байсан юм гэнэ билээ.Бас олон жил сумандаа уралдсан тэхээс бүр олон айрагдах байсан биз.Сүүлд бараг 20настайдаа айрагдсан гэж сонсож байсан)би бараг уншаад нулимс урсах шахаж байж билээ


Жич: Миний бодлоор урагш воганаар л явуулж байсан болов уу.бас Малин гэдэг ни эрүүл адуу авах гэж тариа тариад тэгээд л шалгаж авдаг байсан шиг санагдаж байна миний бодолоор үгүй ч байж магад
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby ЦАГААН » Tue Feb 02, 2010 11:44 pm

"Мөнх төрийн мөнгөн магнай" бол улсад 4 түрүүлсэн Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы цол мөн... Шийтрийн зээрдийн эцэг Санжаабүргийн цавьдар чинь 14 насандаа хөл нь гэмтээд уралдахаа больсон гэдэг байх шүү тэгэхээр бас л олон түрүүлэхээр байсан байж магадагүй шүү.

Банзрагчийн сартай ухаа чинь улсад 20 настайдаа аман хүзүүдсэн гэсэн :mongol: сүүлд Маарын хээр гэдэг азарга 20-тойдоо 5-д ирж байж билээ. Бариандаа нэг бүдрээд л орж ирж байсан бас л хурдан байна шүү ...

Сүрэнхор гуай:
"одоо энэ миний ногоон азарга энэ тэр чинь хээр азарганы маань талд нь л хүрэхээр хурдтай адуунууд шүү дээ..." гэж авч байсан. Ногоон чинь Дүү зээрдийг хурдан байхад нь дарж нутагтаа түрүүлээд сүүлд нь их хурдад айрагдсан лайтай хурдан азарга шүү дээ.

Хөхийн Сүрэнхор гуайн ярьсан бас нэг юм санаанаас гардаггүй юм.
"Би өөрийн бүхий л мэддэг чаддаг эрдмээ хүмүүст зааж өгнө (маш олон цагийн сургалт явуулж) харин ганц юмыг л зааж өгөхгүй. "Тулсан засал" гэдэг юмыг хүн өөрийн үе залгамжлах ганц хүүдээ л зааж өгдөг (бусад хүүдээ зааж өгдөггүй юм байлгүй) юм. Бусад хүмүүс бол өөрийнхөө авхаалж самбаагаараа л сурах ёстой..." гэж байсан.

Мундаг уяач нарт ийм лут эрдэм байдаг юм бол бид нар шиг жирийн хүмүүс яаж ч өрсөлдөх билээ дээ. Сандуйжав гуайн Дүү зээрд 2000 онд (2 шарга тодордог жил) ёстой дэндүү хурдан байж улсад хол тасархай түрүүлээд, Архангайд түрүүлчээд ирэхэд нь өвгөн ноёны наадам ногоон азаргандаа тэр л тулсан заслаа сайн хийж дийлж байсан байхдаа гэж боддог юм. Миний ойлгосноор тэр "тулсан засал" гэдэг наадам болохоос 9 ч гэлүү дээ хоногийн өмнөөс хийдэг л нууц ажиллагаа юмаа даа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby meesh » Thu Feb 04, 2010 9:28 pm

Тэр Вьетнамаас гүйж ирсэн гэдэг үнэн гэсэн...Буусан гэсэн Вьетнам тамгатай байсан гэнэ лээ...Яруу найрагч П.Нямлхагва хэлж байсан манай аав тэр ярьдаг байсан гээд Хөх мөрнийг яаж туулаа бол Шар мөрнийг яаж туулаа бол нтр гээд уйлдаг байсийм гэсэн...Мань хүн тэрийг санаж шүлэг бичсэн яг нэрийг нь санахгүй байнааа, тэр шүлэгээрээ 2008 онд эх орон ба юу билээ дээ яруу найргийг наадамд түрүүлж байсан.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby LeMoN » Thu Feb 04, 2010 9:54 pm

ЦАГААН wrote:


Мундаг уяач нарт ийм лут эрдэм байдаг юм бол бид нар шиг жирийн хүмүүс яаж ч өрсөлдөх билээ дээ. Сандуйжав гуайн Дүү зээрд 2000 онд (2 шарга тодордог жил) ёстой дэндүү хурдан байж улсад хол тасархай түрүүлээд, Архангайд түрүүлчээд ирэхэд нь өвгөн ноёны наадам ногоон азаргандаа тэр л тулсан заслаа сайн хийж дийлж байсан байхдаа гэж боддог юм. Миний ойлгосноор тэр "тулсан засал" гэдэг наадам болохоос 9 ч гэлүү дээ хоногийн өмнөөс хийдэг л нууц ажиллагаа юмаа даа.



Дүү зээрдийг соёолон үрээ байхад Говь шанх 99 даншгийн наадам болохоос

2 хоногийн өмнө 1998 онд Улсад түрүүлсэн

Завханы Тэлмэн-н Ганбатын хүрэн азарга тэр даншигт миний унаж айрагдсан зээрд соёолон 3-г 10км-т сунгасын

Тэгээд Ганбатын азарга миний үрээ 2 дүү зэрдийг хол хаяаад хамт шахуу ирсэн юм.

Уг нь Сандуйжав гуай УАЗ 469 авчих санаатай дүү зээрдийг азарганд явуулах гэж байсын.

Тэгээд маргааш шөнө нь Сандуйжав гуай дүү зээрдийг хөтлөөд холоо явчаад ирсэн-г би анзаарсын

Тэгэхэд тэр шөнө Сандуйжав гуай Дүү зээрдэд ямар засал хийснийг хэн ч мэдээгүй тэгээд

Соёолон уралдахад дүү зээрд тасархай түрүүлж миний үрээ айргийн 5-д орсымдаг.

Ер нь тэгээд Онон, Сандуйжав ,Аюуш, гээд монголын том уяачид тэр уралдааны өмнөх заслыг хэнд ч зааж өгдөггүй

Хүүхдүүддээ зааж өгдөг байх. Ер нь тэгээд аргалгүйлдээ хамаагүй хүнд зааж өгөөд байхаар ч эд биш байх.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 32 guests