НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Chiluun » Tue Jul 08, 2014 9:38 pm

Хоёр “ПҮРЭВ”

Монгол бөхийн түүхэнд нэгэн цаг үед зэрэгцэн тодорсон ойролцоо нэртэй бөхчүүд цугтаа цоллуулж, хамтдаа барилдаж явсан нь бий. Алдар ихт хоёр Мөнх, араас нь залгасан хоёр Цэрэн, төрийн наадмыг тавантаа авсан хоёр Эрдэнэ, том жижиг хоёр Сүхбат, тодорч байгаа хоёр Дамба гээд л үеийн үед үлгэр болсон сайхан хүчтэнүүд билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд улсын баяр наадам болоод заал танхимын барилдаануудад их амжилттай барилдаж, ихэрлэж нэг онд цолд хүрч, эдүгээ өрсөлдөн, зэрэгцэн барилдаж буй хоёр сайхан залуугийн тухай бичиглэе хэмээн саналаа. Энэ хоёр бөх бол Архангай аймгийн Булган сумын уугуул, Монгол улсын “эрэмгий” начин Рэнцэнбямбын Пүрэвдагва, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол улсын “бяртай” начин Баатархүүгийн Пүрэвсайхан нар юм.
2005 оны Архангайн улсын аваргад шагналт 5 дугаар байрт шалгарч байсан Р.Пүрэвдагва хүү 2007, 2008 оны үед МБӨ-нд улсын цолтны барилдаанд зодоглох болжээ. Тэр үедээ яргай махтай, язайтал үздэг, шартай, бас ч үгүй уртай барилддаг залуу байв. Тэгж явсаар 2008 оны Архангай аймгийн баяр наадамд зодоглосон 128 бөхөөс Эрдэнэмандал сумын уугуул а.з П.Баярхүүг шороодуулан түрүүлж “Аймгийн арслан” цолд хүрч байлаа. Мөн 2010 оны Хэнтий аймгийн наадамд а.з П.Баярхүү, у.а Д.Азжаргал, а.а Ц.Нямдорж нарыг шороодуулж арслан цолдоо “хурц” чимэг нэмсэн юм. Түүний аймгийн цолтой байхдаа у.н Ш.Тогтохбаярыг давхар ачсан, у.х Ц.Содномдоржийг мушгиж тонгорсон, у.х Ц.Магалжавын хөлийг авч давсан, у.н Л.Цэрэнтогтохыг улсын наадмын 3-ын давааны тунаанд дунгуйлдаж татан давсан, у.х А.Цацабширыг зайлж мушгин давсан тэр л барилдаанууд нь бөхийн үнэнч хорхойтнуудын сэтгэлд буй биз ээ.
2009 оны Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын наадамд у.з Ч.Батзоригийн хамаатны нэгэн залуу түрүүлжээ. Тэр нь Баатархүүгийн Пүрэвсайхан хэмээх шавилхан залуу байв. Тэр залуу аймгийнхаа наадамд сайн барилдаж нэг сумын Ч.Цогбаярт өвдөг шороодон үзүүрлэж “аймгийн заан” цолд хүрчээ. Тухайн үедээ аймаг цэргийн цолтны барилдаанд а.з Б.Пүрэвсайхан тун ч сайхан барилддаг байлаа. Улсын цолтнуудын барилдаанд ч тогтмол 2, 3 давж байв. Улмаар 2010 онд Ховд аймгийнхаа наадамд түрүүлж “Аймгийн арслан” цолд хүрчээ. Аймгийн арслан цолтойгоор заал танхимын барилдаанд сайн барилдаж цагаан сараар у.а Б.Ганбатыг өвдөг шороодуулж А.Сүхбат аваргын “Ирээдүйн аварга” шагналыг хүртэж байв.
Энэ хоёр бөх 2010 оны 3 сард болсон Сүхбаатар аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтны барилдаанд 6-ийн даваанд тунан барилдаж Р.Пүрэвдагва татаж дүүгүүрдээд давснаар “тэдний тулаан” эхэлсэн байна. Улмаар 2012 оны улсын наадмаар у.г И.Доржсамбуу, у.з Д.Баасандорж нараар тус бүр 5 даван шөвгөрч начин цолд хамтдаа хүрч байв. Намар нь начин цолтой зодоглож Р.Пүрэвдагва начин хэд хэдэн барилдаанд түрүүлж үзүүрлэв. Харин өвлийн барилдаануудад хоёр начин хамтдаа барилдаж үзэгчдээ баясгаж байлаа. Нэгэн барилдааны 3-ын даваанд хоёр Пүрэв маань тунаж дүү начин нь давав. Дараагийн барилдаанд ах начин амлаж мөн дүү начин давав. Гэсэн хэдий ч хэн хэн нь болчимгүй үйлдэл гаргаж МҮБХ-ны дүрмийн дагуу барилдах эрхийг нь хассан юм. Цагаан сарын өмнөхөн хоёр начин маань хүсэлт гаргаж, үзэгч олноосоо уучлал эрж сар шинийнхээ барилдаанд зодоглов. Түүнээс хойш хоёр начин хэд хэдэн удаа учраа таарч өгөө аваатай байлаа. Үзэгчид наадмаар хэн хэнийг нь дээшээ барилдана хэмээн харж байсан ч санаснаар болсонгүй, 4, 5-ын даваанд уначихав. Намраас хэн хэн нь мөн л шуугиулж, үзэгч олон ч хоёр начныхаа барилдаанд улам бүр шимтэж, тэдний тунаанд улам бүр дурлаж байв. Бас ч хэд хэдэн удаа таарч дүү начин давав. Энэ үед үзэгч олон ах начныг даваасай хэмээн битүүхэн хүлээх болов. Сүүлд аварга цолны хүндэтгэлийн барилдааны гурвын даваанд тунаж Б.Пүрэвсайхан начин шуудагдаж бариад түрж хөөсөн ч Р.Пүрэвдагва начин тун ч сайн хамгаалж ширвэж гуядаад давснаар даагаа нэхсэн билээ. Тэдний ийм өрсөлдөөнийг үзэх гэсэн үзэгч дэндүү олон бий. Бөхийн өргөөнд бөх барилдахын урд тайлбарлагч бөхчүүдийг зарлан танилцуулахад үзэгч олон уухайлан дэмждэг хэдэн бөх бий. Тэдний тоонд хоёр Пүрэв маань тун дээгүүр “давхих” болов уу.
Рэнцэнбямбын Пүрэвдагва начин сэрвүү барьцнаас дунгуйлдах, хонгодох, тавхайлдах, этэх, давхар хамах, лав барьцнаас дүүгүүрдэх, давхар тохох, мушгиж тонгорох, мордох, хутгах, дагуулж, давуулж гуядах мэхийг түлхүү хийдэг. Баатархүүгийн Пүрэвсайхан начин сэрвүү барьцнаас хонгодох, цацах, лав барьцнаас шахаж татах, тойруулж татах, шуудагдаж мөргөж түрэх, шуудагны барьцнаас цацах, суганд сэжих, буцааж зайлах мэхүүдийг хийдэг. Хоёр начин хэн хэн нь мэхэндээ даацтай, барьцнаас уйддаггүй, тэвчээртэй барилддаг бөхчүүд. Мөн хоёул “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн. Тэд хэн хэн нь төрийн наадамд дээгүүр барилдах боломж дүүрэн бөхчүүд билээ. Цааш цаашдаа үзэгч олны баясган үнэн хүчийг үзэж, өндөр цолд хүрч өргөн түмнээ цэнгүүлж явахыг хүсэн ерөөж бяцхан бичвэрээ жаргаая. Энэ жилийн наадамд их л дээгүүр харж байгаа шүү.
ХОЁР ПҮРЭВ

Тунана гэдэг тун сайжирсны шинж гэж
Тайлбарлагчийн хэлэх сонсогдов.
Тунаж үлдсэн хоёрын тухай
Тус тусдаа хүмүүс шивнэлдэв.
"Сайхан нь 4 давсан илүү дээ илүү
Саатах юмгүй энэ жил харцагадаа харцага
Шуудганд хүрсэн цагт хэнийг ч зална даа зална
Шуудганд хүрээгүй байсан ч аргална даа аргална" гэж
Дүү начныг өмөөрч дөмөг үгийг хэлэв.

"Пүрэвдагва өмнө нь давж байсаан, дутуугүй шүү
Барилдах эвээ олохгүй л унаад байгаа юм хөөрхий
Бариад авбал харин дүүгүүрдчихэж ч чадна шүү
Баараггүй тэгээд хаях л юм шүү
Насаар ч ах, ирээр ч илүү юм
Наадмаар л харъя хэн нь илүүг" гэж
Ах начныг өмөөрч айхтар үгийг хэлэв.

Илүү дутуу нь яахав ээ барилдаж л байг начингууд маань
Итгэл найдвар тасрахгүй тунаж л байг Пүрэвүүд маань
Иртэй зоригтой байсан нь мэхээ хийгээд давж л байг
Ирэх наадмаар харцага заан дээр харж л байя хоёуланг нь
Ээ дээ ер нь 5 дээр л тунах байх шүү
Энэ жилийн наадам ч сайхан болох нь ээ.

Үргэлжлэл ...

ХОЁР ПҮРЭВ-ийн тунаа

Арслан заан/аймаг/ байхдаа тунаж л байсан хоёр Пүрэв
Ахиж дэвшээд начин /улс/ болсон ч тунаж л байна хоёр Пүрэв
Том цолонд хүрч байж л тунаанаас гарна даа хоёр Пүрэв
Торойж шалгарч үлдсээр туг хамтдаа тойрно доо хоёр Пүрэв.

Чадан ядан эвлүүллээ. Монгол улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва, Баатархүүгийн Пүрэвсайхан нартаа их амжилтыг хүсч улсын наадмын үзүүр түрүүнд л "тунаж үлддэг" бөхчүүд болоорой хэмээн ерөөе.
Т.Түмэндэмбэрэл

http://todmagnai.mn/news.aspx?vid=4047
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

О.Одгэрэл: Бөхчүүд жингээ нэмдэг моод дэлгэрсэн

Postby champion » Thu Jul 17, 2014 6:13 pm

Д.ЖАВХЛАН

Увс нутгийн бөхчүүд өнгөрсөн жил сайхан наадсан. Улсын аварга С.Мөнхбат их шөвөгт шалгарч, аймгийн арслан Т.Баасанхүү тав, аймгийн арслан Н.Батсуурь зургаа давж улсын цолтны өнөр бүлд хүч түрэн орж ирсэн юм. Тиймээс тус аймгийн наадмын бэлтгэлтэй танилцах үеэрээ Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Хүч” спорт хорооны бөх, самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэлтэй ярилцлаа.

-Та “Увс нуур” бөхийн галд хэдэн оноос эхлэн гарсан бэ?

-Манай нутгийн бөхчүүд арав гаруй жилийн өмнөөс Харзтайн аманд наадмын бэлтгэлд гарч эхэлсэн. Энэ жилийн хувьд улс, аймгийн цолтой 70 орчим бөх зургадугаар сарын 14-нд цугларалтад гараад байна. Тэр нэг жил “Увс нуур” галыг дархан аварга Х.Баянмөнх ахлан гарч байхад би улсын цолгүй залуу байж. Тухайн үед “Шонхор” клубт орж байсан санагдана. Наадмын бэлтгэлд гарч үзээгүй надад аварга, арслан, заан, начингуудтай хамт бэлтгэл хийнэ гэдэг дээдийн хувь заяа. Энэ үеийг ер мартдаггүй юм. Зарим жилд нутгийнхантайгаа наадмын бэлтгэлд гарч чаддаггүй байсан. Учир нь би Цагдаагийн албан хаагчид, бөхчүүдээ ахлан Сүүж уулын “Тусгал” хэмээн амралтын баазад бэлтгэлд гарч байлаа. Харин хоёр жилийн өмнөөс “Увс нуур” дэвжээний бөхчүүдтэйгээ гардаг болсон.

-Танай галын дасгалжуулагч жил болгон солигдох юм. Энэ ямар шалтгаантай вэ?

-“Увс нуур” галд багтдаг туршлагатай бөхчүүдээс нэгийг сонгож жил бүр дэвжээ ахлуулдаг болсон нь нэг ёсондоо бодлого юм. Миний санахаар хоёр жилийн өмнө Д.Бумбаяр заан, өнгөрсөн жил Жамсран багш удирдсан бол одоо гарьд Б.Гантогтох ахалж байна. Энэ нь тухайн жилд гал ахалсан хүмүүсийн боловсруулсан бэлтгэлийн цикл манай бөхчүүдийн бэлтгэл сургуулилттай хэр зохицож байгаагаас шалтгаалж дасгалжуулагчийг сонгож, өөрчилдөг болсон. Ингэснээр бэлтгэлийн төлөвлөгөө, ачааллын төвшинг тодорхойлох арга юм.

-Та үндэсний бөхөд их спортын үзүүлэх нөлөөг хэрхэн дүгнэдэг вэ?

-Миний харж байгаагаар үндэсний бөх сүүлийн жилүүдэд их спортоос ангид хөгжиж чадаж байна. Намайг ид барилддаг байх үед бөхчүүд самбо, чөлөөт бөх, жүдо гэхчлэн их спортын хурд,хүч, мэхний техниктэй хавсаргаж бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Зургаан залуу заан бүгдээрээ л их спортоор хичээллэдэг байсан. Тэглээ гээд тэдэнд муудсан юм алга. Олимпийн аварга Н.Түвшинбаяр жүдогоос гадна үндэсний бөхөөр тууштай хичээллээд өнгөрсөн жил цолоо ахиулсан. Энэ бол жүдо бөхөөр давхар хичээллэдгийн ач тус. Н.Түвшинбаяр аварга жиндээ нуруугаар намхан боловч Европын өндөр мангасуудыг төдөлгүй сөхрүүлдэг. Энэ бас л үндэсний бөхөөр хичээллэдгийн нөөлөгө. Гэтэл одоогийн шинэ гарч ирж буй залуус Н.Түвшинбаяраас дутахааргүй хүнд жинтэй болсон байна. Ажиглаад байхад 100 кг-аас бага жинтэй хүн заалны барилдаанд цөөхөн харагдах боллоо. Үндэсний бөх минь хаашаа л явах гээд байна даа. Би үеийн бөхчүүд дундаа хүнд жинтэйдээ ордог байлаа. 100 гаруй кг жинтэй л байсан болов уу. Хамгийн ихдээ гэхэд л 148 кг хүрсэн. Би төрөлхийн биерхүү хүн. 14 настайдаа 75 кг жинтэй их өсгөлүүн хүүхэд байсан. Одоо барилдахгүй байгаа болохоор 127 кг жинтэй байна.

-Сүүлийн жилүүдэд бөхчүүдийн жин огцом өөрчлөгдсөн нь юутай холбоотой вэ?

-Үндэсний бөх одоо хүний амьдралын баталгаа болж чадаж байна. Үүнийгээ дагаад бөхчүүд жингээ нэмдэг моод дэлгэрсэн. Тэдний сонирхолд тааруулан манай үндэсний бөхийн холбоо дүрмийг нь батлаад өгсөн. Хэрэв арван минутанд хоёр бөх хаялцаж чадахгүй бол баруун, зүүн талаас нь барьц авдаг байхаар дүрэм зохиогоод өгчихсөн. Тиймээс бөхчүүд барьцанд тэсч үлдэхийн тулд бэлтгэл сургуулилт, жингээ нэмдэг болсон. Бөхчүүд аль болох алдаа гаргахгүй барилдахыг л бодно биз дээ.

-Жижиг биетэй хүн үндэсний спортод өндөр амжилт гаргасан түүх олон бий. Өнөө цагт ид барилдаж буй Б.Пүрэвсайхан, Т.Баасанхүү, Э.Энхбат нарыг дурдаж болно?

-Намайг барилдаж байх үед А.Сүхбат аварга зургаан залуу заанаас хамгийн түрүүнд цойлоод гараад ирсэн. Тэгэхээр тамирчин хүний амжилтын үндэс нь цэвэр сэтгэл зүй юм. Сэтгэл зүйн шинжлэх ухаан спортод ус агаар шиг хэрэгтэй зүйл юм. Харин тэр өөдрөг сэтгэл зүй Монголын тамирчдад алга. Манайхан тамирчдыг сонгохдоо сэтгэл зүйн давуу чанар руу нь өнгийдөг боловч түүнийг нь тордох тал дээрээ тааруу. Сайн тамирчны хамгийн чухал баялаг нь сэтгэл зүй юм шүү дээ. Би сүүлийн үед шавь бэлдэх санаатай хэдэн хүүхэдтэй уулзаж, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа. Мөрөөдөлтэй хүн зорилгодоо түргэн хүрдэг байхгүй.

-Та өөрийгөө хэр хурцалдаг вэ?

-Би их уян хүн. Ямар сайндаа өрөвдөлтэй кино үзэж байгаад өөрийн эрхгүй уйлчихдаг. Миний амжилтыг хамгийн гол хөшүүрэг нь сэтгэл зүй байсан гэж боддог. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Гэхдээ л дэвжээнд гарахын өмнө өөрийгөө хурцалж, тоглоом биш шүү гэдгээ цаг ямагт санадаг юм.

-Тамирчныхаа хувьд зорилгоо 100 хувь биелүүлж чадсан уу?

-Бүх зүйл ард хоцорсон. Одоо тэр талаар дүгнэхэд хэтэрхий оройтсон гэж боддог.

-Бөхийн оноолтын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бусад хүмүүс шиг уриа лоозон бариад явдаггүй ч шүүмжлэлтэй ханддаг. Үндэсний бөхийн холбоо энэ тал дээр алдаа гаргасан гэж би боддог. Манайхан хууль, дүрмийг хэрэглэхдээ алдаа гаргадаг талтай. Батлагдсан өдрөөсөө хэрэгжих ёстой юм.

-Увсын бөхчүүд жил жилийн наадмаар дээгүүр сайн барилдаж байгаагийн нууц юунд вэ?

-“Увс нуур” гэж жижиг төрийн бус байгууллага бий. Үүний төлөө цохилох зүрхтэй олон хүн байна. Ингэж байж л бөх хөгждөг. Өнөөдөр Харзтайн аманд 70 хүн наадмын бэлтгэлээ хийж байна. Тэдний байр, хоол бэлтгэл хийх боломжийг бүрдүүлж өгдөг хүмүүсийн энэ их итгэл хайр хүндлэлийг хариулах учиртай. Түүнчлэн баруун аймгийн бөхчүүдийн бие организм, бэлтгэлийн ачаалал даах чадвар бусад аймгийн бөхчүүдээс арай өөр байдаг. Байгалийн ширүүн уур амьсгал, халуун хүйтнийг тэсэх чадвар нь барилдаанд нөлөөлдөг байх. Би хэдхэн хоногийн өмнө нутгийнхаа сумдаар орлоо. Увс аймгийн 18 суманд жүдо бөхийн дэвжээ авч өгсөн байна. Бөхийн дэвжээ, багш дасгалжуулагч, хэрэглэл материал гээд цогцоор нь шийдсэн байх юм. Тэгэхээр тэдгээр сумдаас олимп, дэлхийн аварга төрөх магадлалыг өсгөж байгаа завшаантай хэрэг. Одоо бөхийн дугуйланд орсон хүүхэд магадгүй таван жилийн дараа цахиур хагалахыг хэн мэдлээ. Сумдын Засаг дарга нь сар болгон нэрэмжит тэмцээн зохиогоод тэндээс шалгарсан бөхчүүд аймгийн Засаг даргын нэрэмжит тэмцээнд оролцох юм. Тэгээд айм­гийн тэмцээнээс шал­гарсан бөхчүүд нийс­лэлд болж буй тэмцээн уралдаанд ирнэ. Мөн дэвжээний хүүхэд залуу­сыг хилийн гадна болох тэмцээн уралдаанд орол­цох зардлыг “Увс нуур” дэвжээ хариуцна.

-Та анхны аймгийн цолоо Дорноговь аймгийн наадамд шөвгөрч авсан гэдэг?

-1993 онд Говийн их хутагт Данзанравжаагийн мэндэлсний 190 жилийн ойн наадам 256 бөх барилдахад би шөвгийн дөрөвт үлдэж заан болж билээ. Аймгийн заан цолтойдоо мөн ч олон тунасан даа.

-Улсын цол авч байх­даа хэр баярлаж байв?

-Миний үеийн бөхчүүд их спортоор хичээллэдэг байсан болохоор сэтгэл хөдлөлөө барьж дийлдэг байжээ. Дэлхийн дэвжээнд амжилт гаргахын тулд хэр хүнээс гарахааргүй анхаарал төвлөрөх чадварт бэлтгэлээс гадна суралцаж байж. Тэгэхээр тив, дэлхий, олимпийн аваргуудтай ноцолдож байсан хүн тавын даваанд зах замбараагүй хөөрцөглөнө гэж ямар юм байхав. Би үндэсний бөхийг хоёрт тавьсаар ирсэн маань алдаа байсан байх. Үүнд аав минь жаахан зэмлэдэг байсан даа. Цаг зав гарахаар хааяа нэг үндэсний бөхөөр барилддаг гэж. Уг нь аль алийг нь хослуулан барилдсан бол амжилт гаргаж болох байсан байх.

-Ярилцсанд баяр­лалаа?

-Баярлалаа. Наадам­чин олондоо бөх нь хүч­тэй, сум нь мэргэн, хүлэг нь хурдан байх болтугай гэж ерөөл өргөе.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: О.Одгэрэл: Бөхчүүд жингээ нэмдэг моод дэлгэрсэн

Postby Чуугий » Fri Jul 18, 2014 9:35 am

Ш.Жаргалсайхан: Амлуулж барилдах нь амар байдаг юм

Д.ЖАВХЛАН

Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьс­галын 93 жилийн ойн Үндэсний их баяр наа­дамд найм давж үзүүр­лэсэн Завхан айм­гийн Идэр сумын харъяат улсын гарьд Ш.Жаргалсайхантай ярилцлаа.

-Та энэ жилийн наадмаар улсын харцага, заан цолыг алгасаж Завхан нутгаас төрсөн дөрөв дэх гарьд боллоо. Баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Би энэ жил нутгийнхаа бөхчүүдтэй Богд Очирваань уулын бэлд бэлтгэлд гарсан. Наадмын өмнөхөн Сүүж ууланд үргэлжлүүлэн бэлтгэлээ базаалаа. Манайхан нутаг нутгийн бөхчүүдээс урьтаж гарсан болохоор бэлтгэл аятайхан жигдэрсэн гэж бодож байгаа. Завхан нутгаас жил дараалан гарьд цолтон төрсөн сайхан үйл явдал болж байна даа.

-Наадамчин олон та­ныг таавар эвдсэн бөхөөр тодруулж байна лээ?

-Тэгэлгүй яахав. Одоо ид барилдаж байгаа хоёр аваргыг урамтай сайхан барилдаж хаясан болохоор тэдний ингэж хэлдэг нь аргагүй юм даа. Энэ жил наадмаас наадмын хооронд заалны барилдаанд төдийлөн зодоглоогүй ч бэлтгэл сургуулилтаа чамбай хийж байсан. Би чинь улсын наадамд зодоглоод 12 жил болсон байна шүү дээ.

-Аваргуудад дараалан амлуулахад юу бодогдож байв?

-Ямар сайн байхав. Тэглээ гээд барьж дийлэхгүй бол амжилт ахихгүй шүү дээ. Гэхдээ ам авч барилдсанаас амлуулж, тунаж барилдах нь хавьгүй дээр байдаг юм.

-Та гурван жилийн өмнө түүхт 90 жилийн ойн баяр наадмаар Идэр сумаас 60 гаруй жил улсын цолтон төрөөгүй байсан “Хар цуваанд” цэг тавьсан цорын ганц бөх. Түүнээс хойш харцага цолонд хоёр ч удаа тулж ирээд байсан байх аа?

-Тийм ээ. Би тэр жил улсын харцага Ө.Даваабаатараар тав давж начин цол хүртсэн. Тэгээд дахин тав давж цолоо баталсан. Цолоо ахиулах мөчлөг нь энэ жил байсан юм байлгүй дээ. Манай сумаас улсын цолтой бөх төрөлгүй их удсан даа.

-Заан цолны төлөөх барилдааныг эргэн дурсахгүй юу. Х.Мөнхбаатар арслан таныг амласан?

-Тийм ээ. Бид хоёр оюутан цагийн андууд. Анх 2002 оны намар Завхан аймгийн Идэр сумаас “Аварга” дээд сургуульд оюутан болоод ирж байлаа. Дорнодын Ж.Гансүх начин бид хоёр нэг анги. Хоёрдугаар курсээсээ Х.Мөнхбаатар арслан бид гурав нэг өрөөнд амьдарч эхэлсэн. Арслан тухай үед улсын начин цолтой байсан. Тэгээд бидний араас олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр начин Э.Энхбат хоёр орж ирсэн байдаг. Ингээд тавуулаа амьдардаг байлаа даа. Тийм мундаг хүмүүстэй хамт нэг өрөөнд амьдарч байсандаа одоо хэр нь бахархдаг. Манай өрөөнийхөн бүгд улсын цолонд хүрсэн нь бас л сонин тохиолдол юм даа.

-Өсвөрийн барилдаанд зодоглож байсан билүү?

-1998 онд үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад Завханаас ирж барилдаад 12 дугаар бай­ранд орж байлаа. Тэгэхэд улсын начин Ж.Гансүх түрүүлж билээ. Да­раа нь Говь-Алтай аймагт болсон улсын авар­гад тавдугаар байрт ороод тэгээд нас хэтрээд улсын аваргаас мултарсан даа.

-Аймгийн арслан цол авсан үеэ дурсвал...?

-2001 онд аймгийнхаа наадамд тавын даваанд унаад дараа жил нь аймгийн начин болсон. 2003 онд Юнрэн багш на­майг Ховд аймгийн наа­дамд хөтөлж очоод барил­дуулахад би түрүүлж айм­гийн арслан болсон юм.

-Та золгооны барьц­наас ихэвчлэн давж, сайн барилдаад байх шиг санагддаг. Таны барил­дааны онцлог уу?

-Золгооны барилдаан их хийдэг ээ. Бас бэлт­гэлээ ч тэгж хангадаг. Одоо хүн бүр золгож барилдах сонирхолтой болоод байгаа болохоор аль болох бариа зөрөөн дээр шийдсэн мэхээ хийж, тэгээд болохгүй бол золгохыг боддог.

-н.Юнрэн арслан таны анхны багш уу?

-Бас Б.Бат-Эрдэнэ аварга надад заа­вар зөвлөгөө өгдөг. Зурга­ду­гаар ангид байдаа ерөөсөө л бөх больё, бөхийн сургуульд орьё гээд аймгийн төв ороход манай хүргэн ах намайг талийгч аймгийн арслан Юнрэн багшид дагуулж очоод шавь оруулсан юм. Нэг жижиг цэнхэр хадаг барьчихсан. Тэгж л бөхийн гараагаа эхэлсэн дээ. Оюутан болоод Б.Адьяахүү багшийн удирдлага дор тогтмол бэлтгэл хийж эхэлсэн юм.

-Танай удамд бөх хүн бий юу?

-Аав маань бөхөд их дуртай. Гэлээ ч наадамд зодоглож байгаагүй юм билээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: О.Одгэрэл: Бөхчүүд жингээ нэмдэг моод дэлгэрсэн

Postby Чуугий » Fri Jul 18, 2014 9:49 am

Н.Батсуурь: Таван настайдаа бүх цэцэрлэгийн аварга болж, 3000 төгрөгөөр шагнуулж байлаа


Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Монгол Улсын отгон арслан, Увс аймгийн Ховд сумын уугуул, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа.

-Улсын баяр наадамд та цөөнгүй жил сайхан барилдсан. Энэ жил арслан цол хүртлээ. Энэ наадмаар өөрийгөө дээгүүр барилдана гэж бодож байв уу?
-Бэлтгэл сургуулилтаа чамбай хийж, өөртөө итгэлтэй байж бүх боломжоо ашигласны дүнд арслан цолыг үнэн хүчээрээ авсандаа сэтгэл хангалуун байна.

-Шинэ цолондоо дасч байна уу?
-Эхэндээ нэг л сонин, зүүдлээд ч байх шиг санагдаж байлаа. Харин одоо гайгүй ээ. Дасч байгаа нь тэр юм байлгүй. /Инээв/

-Таныг бөхийн удамтай гэж ярьцгаадаг?
-Аавын аав, миний өвөө Ж.Гэлэг гэж дээхнэ үеийн улсын начин хүн. Харин миний аав 1988 оны наадмаар зургаа давж, улсын харцага цолд хүрсэн Намсрайжав гэж хүн бий. Хожмоо цолоо баталсан юм. Би өнгөрсөн жилийн наадмаар зургаа давж, аавынхаа цолонд 25 жилийн дараа хүрсэн. Ер нь аав, ээж хоёр маань аль аль нь бөхийн удамтай.

Аавын ах, 1982 онд улсын начин болсон Г.Даваасамбуу эрдмийн зэрэг хамгаалсан цөөн бөхийн нэг. Даваасамбуу ах маань үндэсний бөхийн начин цолтойгоос гадна химийн ухааны доктор, лут хүн. Харин манай ээжийн талд Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалай гэж хүн бий.

-Өвөөгийнхөө тухай ярихгүй юу?
-Өвөө маань Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор 1950 онд Ш.Батсуурь аваргыг улсад хоёр жил дараалан түрүүлээд байсан “Босоо” үед нь хаяж энэ цолыг авсан. Батсуурь аваргатай нэг оны цэрэг, бидний ярьдгаар онжав байсан юм билээ. Тэгээд цэргээс халагдаж ирсний дараа нь Батсуурь аварга улсын наадамд түрүүллээ гэдгийг сонсоод улсад барилдахаар зориг гаргасан гэдэг.

Олон хоног явсаар нийслэлд иртэл бөхчүүдийн бүртгэл дууссан байж. Увсаас ирсэн учраа хэлэхэд бүртгэж байсан офицер нь хоёр цэрэг дуудан хооронд нь барилдуулаад унасныг нь бөхийн бүртгэлээс хасч, өвөөг минь оронд нь барилдуулсан түүхтэй.

-Бөхийн ийм сайхан удамтай хүн чинь багаасаа л барилдаж эхэлсэн байх?
-Би таван настайдаа 1993 онд болсон бүх цэцэрлэгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа үндэсний бөхөөр барилдаад түрүүлж байлаа. Тэгээд анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн гараас гурван мянган төгрөгийн шагнал гардаж байснаа ер мартдаггүй юм. Ингэж л бөхийн гараагаа эхэлсэн дээ.

Тэр барилдаанд улсын заан Ж.Ганболдын хүү, одоогийн аймгийн арслан Г.Ганням, мөн Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү барилдсаныг санаж байна. Тэр барилдаанд Ж.Наранцацралт агсны хүү үзүүрлэж, 1500 төгрөгөөр шагнуулсан юм. Би тэгэхэд толгой уургалах дархан мэхтэй, түүгээрээ олон хүүхдийг унагаж түрүүлсэн.

-Монголчууд эрт дээр үеэс бөхийн өмсгөлийг хийморь лундаа, амжилт, ялалттай салшгүй холбоотой гэж үздэг. Та харцага, арслан цол авсан энэ ээлтэй зодог шуудгаа хэнээр урлуулсан бэ?
-Хоёр жилийн өмнө “Саран зодог” гэдэг газар захиалж хийлгэсэн. Энэ зодог, шуудаг маань их ээлтэй. Зодог шуудаг хийлгэсэн өдрийнхөө маргааш нь Начин цолтны хүндэтгэлийн барилдаанд түрүүлж байлаа шүү дээ. Мөн миний одоо өмсөж яваа гутлыг нутгийн ах Лхамаа начны хүү Л.Амараа урлаж өгснөөр би улсын хоёр өндөр цолыг жил дараалан авлаа.

-Анх цол авсан үеэ эргэн дурсахгүй юу?
-2007 оны зун 19 настайдаа Ховд аймгийн баяр наадамд тавын даваанд аймгийн начин Чинзоригтой тунаад, би давж аймгийн начин цолны босгоор алхсан. Дараа нь 2011 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон.

Гэхдээ дунд нь хоёр жил Япон яваад бөхөөс хэсэг хөндийрсөн. Би “Соёл Эрдэм” дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаад тэтгэлэгт хамрагдаад Япон явсан юм.

-Тэнд байхдаа Хакухо М.Даваажаргалын дэвжээнд хэсэг хугацаанд сүмогийн бэлтгэл хийсэн гэсэн. Сүмод хүч үзье гэж бодож байв уу?
-Би суралцах гэж явсан болохоос сүмоч болох гэж Японыг зориогүй. Ёкозүна Хакухо М.Даваажаргал бид хоёр багын найзууд. Наадам дөхөөд ирэхээр бөхчүүдийн хүүхдүүд болсон хойно хамт дагаад бэлтгэлд гардаг байлаа. Өөрөө барилдах дуртай болохоор сүмогийн бэлтгэлийг хийж үзсэн. Доод зиндааны бөхчүүдтэй ана мана үздэг л байсан.

-Танд Ш.Батсуурь дархан аваргын нэрийг аав тань өгсөн үү?
-Намайг дөнгөж төрж байхад том эгч таван настай, тэгээд аав, эгч хоёр маань Батсуурь гэж нэр хайрласан гэдэг. Түүнчлэн өвөө маань дархан аварга Батсууриар тав давж улсын начин болсон байдаг юм билээ. Ийм мундаг аваргын нэрийг аав минь нэг юм бодож л өгсөн байх.

-Та улсын харцагаас заан, гарьд цолыг алгасч арслан боллоо. Энэ жилийн наадмын хэдийн даваа чанга байв?
-Тэр, энэ гэлтгүй бүх өрсөлдөгч хүчтэй байлаа. Учраа бөхчүүд маань надтай адил ганц ч гэсэн даваа авахын төлөө бүх хүчээ дайчлан барилдсан. Миний хувьд дээгүүр даваанд хамраас цус гараад тогтохгүй байсан нь барилдахад багагүй хүндрэл учруулсан.

Мөн анх удаа урьд өмнө ядарч байгаагүйгээрээ тамирдсан. Хажуугаар нь хөлийн шөрмөс татаад дэвж чадахгүй байлаа. Даваанаас давааны хооронд халуун цай ууж байж хурдан сэргэсэн.

-Тавын даваанд харцага Ө.Бат-Орших таныг амлахад юу бодогдов?
-Наадамд зодоглосон бөхчүүдэд тавын даваа тун чухал. Учир нь цолгүй нь цол авч, цолтой нь чимэг нэмэх гээд олон асуудал ургана. Нутгийн бөх амлахад харгүй сайхан барилдъя гээд гарсан.

-Тэгээд удаахь даваанд Р.Пүрэвдагва начинтай тунаад харцага цолоо баталсан. Та хоёрын барилдаан нэлээд удаж байгаад шодолтоос шийдэгдсэн?
-Хэрэв Р.Пүрэвдагва давсан бол цолоо ахиулж харцага болох байлаа. Харин би давбал цолоо батлах эгзэгтэй мөч байсан. Би эхэндээ барьцанд хүрээд барилдъя гэж гарч ирсэн ч нэг л болж өгөөгүй. Тэгээд шодолтоос бүх юм шийдэгдсэн.

-Шөвгийн дөрөвт Ч.Санжаадамба заантай хийсэн барилдааныг онцлохгүй байхын аргагүй. Тэгэхэд та хоёрыг Н.Ганбаатар гарьд амлалгүй тунаасан шүү дээ. Заантай барилдахад чанга байсан уу?
-Ч.Санжаадамба заантай өрөхөд надад хавьгүй амар санагдсан. Заан бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа таарч байсан болохоор тэр. Хэн хэнийхээ барилдааныг сайн мэднэ. Гарьд цолны төлөө барилдаж байгаа болохоор хэн хэн нь байдгаа л гаргасан нь мэдээж.

-Энэ жилийн наадмын өглөө өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байв?
-Жил жилийн наадмын өглөө бөх болгонд түрүүлэх юмсан гэдэг бодол төрдөг болов уу. Би бусдын адил энэ жишгээр гэрээсээ гарсан. Энэ маягаар бэлтгэлээ хангана шүү дээ. Удахгүй манай Ховд сумын түүхт 90 жилийн ой болно. Тэгэхээр аль болох хичээж барилдахыг бодсон.

Хэд хоногийн өмнө наадмын түрүү бөхөд “Тоёота” корпораци “Ланд Круйзер 200” жийп машинаар байлна гэдгийг сонсоод хүргэн ахдаа, “Би түрүүлж тэр машиныг нь авна” гээд ам гарсан шүү. Мөн наадмын өглөө эхнэр маань, “Малгайны чинь тэмдэгний оёдол ханзарчихжээ. Оёод өгөх үү” гэдэг байна. Тэгэхээр нь нэгмөсөн шинэ цолоо аваад оёулъя гээд хэлчихэж билээ. /Инээв/

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
-Эхнэрийг маань Саранжаргал гэдэг. Дархан-Уул аймгийн уугуул, одоогоор мэргэжил дээшлүүлэх гээд сурч байгаа. Эхнэр минь хэд хоногийн өмнө надад хүү төрүүлж өгч, хийморийг минь сэргээсэн.

Энэ дашрамд “ДЦС-3” компанийн удирдлага, “Химон констракшн” компанийн захирал Я.Содбаатар, н.Энхтөр, “Увс нуур” дэвжээний тэргүүн Д.Дорлигжав, дэд тэргүүн Д.Цэрэнсамбуу, багш Б.Гантогтох болон намайг дэмжиж явдаг бүх ах нартаа баярласнаа илэрхийлье. Олны дэмээр энэхүү өндөр цолонд хүрлээ дээ.

-Цолоо ахиулах эгзэгтэй барилдааны өмнө багш, дасгалжуулагч нар тань юу гэж захисан бэ?
-Зоригтой, шийдэмгий, өмнөх даваагаа харж барилд гэж зөвлөсөн.

-Та жүдо бөхөөр хичээллэдэг. Аав тань энэ төрөл рүү оруулсан уу?
-Тэгэлгүй яахав. Аав маань намайг бага байхад чөлөөт, жүдо бөх, дээр нь гимнастикийн дугуйланд хүртэл хөтөлж оруулсан. 2010 оноос жүдогоор эрчимтэй хичээллэсэн. Улмаар 2011, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Азийн аваргаас хүрэл, дэлхийн цомоос хоёр хүрэл медальтай.

-Та хэдэн жилийн өмнө сар шинийн барилдааны үеэр А.Сүхбат аваргаас “Ирээдүйн аварга” гэсэн хүндтэй шагналыг авсан байх аа?
-Хүндэлж явдаг бөхийнхөө гараас тэр шагналыг авсандаа их баярласан. Бас бэлгэшээсэн. Энэ шагналыг авсан бөхчүүд бүгд цолонд хүрцгээсэн байдаг.

-Ингэхэд та төрийн их баяр наадамд хэдэн жил зодоглож байгаа билээ?
-Таван жил төрийнхөө наадамд зодоглолоо. Энэ жил нутгийнхаа бөхчүүдтэй Харзтайн аманд бэлтгэл сургуулилтаа базаасан. Бэлтгэлээ сайн хийсэн учраас өнөөдрийн энэ амжилтад хүрлээ.

-Бидний хүсэлтийг хүлээн авч цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа. Танай сонины хамт олонд болон уншигчдад ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Д.Жавхлан
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Тошилоо » Sat Jul 19, 2014 3:47 pm

Дарааллаж түрүүлэх бөх гараад ирээсэй билээ..
Батсуурь ирэх наадмаар аварга авах хэрэгтэй.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Брон » Tue Jul 29, 2014 9:49 am

LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Yago » Thu Sep 11, 2014 12:12 pm

Д.Долгорсүрэн: Миний хүүхдүүд сайхан залуус болж манай хашаан дээгүүр охидын харц унана” гэж эхнэртээ хэлдэг байлаа

Зууны манлай, монгол улсын заан С.Долгорсүрэн заан 41 жилийн турш бөхийн барилдаж, хэдхэн жилийн өмнө зодог тайлсан. Түүний хүү Их аварга Дагвадорж, Аварга Сумьяабазар нар ч Монгол түмнээ баярлуулан ид хаваа гайхуулсан бөхчүүд… Бушхүүгийн үлгэр кинон дээр гэрээ ачаад, ээжийгээ суулгаад үүрээд явдаг ядуу хүүгийн дүрд тоглож, кино дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн Зууны манлай заантай манай сэтгүүлч цөөн хором ярилцжээ.

-Та удам залгасан заан. Ач нар чинь хөвгүүд голдуу харагдаад байдаг.Удам залгасан аваргууд төрөх байх.Ач нараас тань бөх болж аваргын удам залгах хүүхдүүд олон байна уу?

-Миний аав цэргийн заан хүн байлаа.Эцгийн минь үүсгэсэн гал голомт өөдөө байна.Миний ач гуч гэж шижигнэсэн сайхан банди нар.Бөхийн удам тасрахгүй нь.Ач нараас минь аавуудынхаа цолыг ахиулсан сайхан бөхчүүд төрнө.Энэ бол тодорхой.Бөх хүн чинь цаанаасаа төрдөг юм.Сумьяабазарыг төрөхөд нь бөх болох хүү төрлөө гэж би хөл газар хүрэхгүй баярлаж байсан.Сэржбүдээ, Дагвадорж хоёрыг төрөхөд нь ч бөх болох хөвгүүд төрлөө гэдгийг би мэдэрсэн.Харахад андашгүй. Яс нь тэр хүн бөх болох хүн үү үгүй юу гэдгийг хэлээд өгдөг.Бөх хүний үе том байдаг юм.Өвдөг том хүний гуя нарийн байна гэж хэзээ ч байдаггүй. Суурьтай, унаа холтой байдаг байхгүй юу.Гэхдээ том биетэй л бол барилдана.Бөх болно гэсэн үг биш л дээ.Бие бялдар бяраас гадна ухаанаар барилддаг юм шүү дээ хүн чинь.Нөгөө талаар уйгагүй хүн л бөх болдог.Хоёр уначихаад шантарч байгаа хүн бол явахгүй ээ.Ядрана зүдрэнэ.Гарын үе мултрах бол энүүхэнд.Хүүхдүүд бага байхад хэцүү л байсан.Олон хүүхэдтэй айл ямар л байдаг билээ.Манайх ч тийм л айл байлаа. Манайхны хүүхдүүд бүгд гадаа шороон дээр өсөцгөасөн. Тэглээ гээд муу юм болоогүй. Харин ч эрүүл чийрэг сайхан эрс болж өсөцгөөсөн.Тэр үед чинь зун нэг муу амбаарт зусланд гарчихна.Өвөл гэрээ бариад орчихдог байсан.Байранд орж амжаагүй л байсан үе л дээ.Хүүхдүүдээ бараг хоолтой хоолгүй хаяад бид чинь улсын ажил гээд гүйчихнэ.Орой ажил тараад ирэхэд өдөржин шороон дээр өнжсөн хүүхдүүд бөнийсөн бөндийсөн хар юмууд угтдаг.Эмэгтэй хүн юм болохоор ээж нь л яана ийнэ гэнэ.Тэгэхэд нь би хэлдэг байсан юм.“Санаа зоволтгүй дээ.Хэдхэн жилийн дараа миний хүүхдүүд сайхан залуус болцгоож манай хашаан дээгүүр охидын харц унана” гэж.Миний хэлсэн үг үнэн байсан.Миний хүүхдүүд шиг сайхан залуус хаа байна.Бүгд монголын сор болсон сайхан охидтой ханилсан.Сайн сайхан амьдарцгааж байна.Өдөржин улсын ажилд зүтгэж орой ирээд хүүхдүүдийнхээ хоол хошийг хийнэ.Хувцас хунарыг нь угаана.Нөгөө хэдэн халтар хүүхдээ угааж арчиж авахаас өгсүүлээд эхнэр бид хоёрт сандуурхан явсан үе бий.Одоо тэр үеийг дурсаж бид хоёр инээлдэж суудаг юм.Бидний амьдралын аз жаргалтай үнэтэй сайхан үе. Олон хүүхэд өсгөх амаргүй ч өнөөдөр хэцүү юм бүхэн маргаашийн амар амгаланг авчирдаг юм шүү дээ.Монгол хүн таваас доошгүй хүүхэдтэй байх хэрэгтэй.Түүнээс цөөн хүүхэдтэй байж таарахгүй. Би хүүхдүүддээ ч хэлдэг.Үртэй хүн жаргадаг гэж үнэн үг шүү.Үр хүүхдүүдийнхээ буянд бид хоёр жаргаж сууна.Нойргүй хонуулна.Ажил таслуулна.Өвдөнө зовно.Үртэй хүн бүрийн туулдаг энэ зовлонг хүн бүр туулах ёстой.Бид ч туулаад л гарсан.Түүний хойно жаргал ирнэ шүү.Үрийн буян тамтаггүй. 800 жилийн турш хадгалж ирсэн монгол цусыг бид өдий хүртэл бохирдуулаагүй юм.Бидний үр хүүхдүүд энэ чигээр нь авч явах ёстой.Монгол бөхийн удам ч тасрах ёсгүй. Би хүүхдүүддээ ингэж л захидаг.Сүүлийн үед монгол охид бүсгүйчүүд гадны хүнтэй их сууж байна.Энэ бол монгол удмын өмнө тулгарч байгаа эмгэнэл.900 жилийн ой хийх тэр үед монгол хүн гэж байх нь уу үгүй юу гэдэг сонин асуудал болоод байна.Үүнд л санаа зовж сууна.

-Таныг морь уядаг гэж сонссон ч улсад ер дуулдахгүй юм. Морьдоо ихэвчлэн аймгуудын наадамд уралдуулдаг юм уу?

-Морь уях нь уядаг л юм.Ахынх нь морь сумандаа айргийн тавд давхиад байна шүү. Сайхан морь эр хүнийг чимэг юм шүү дээ. Бидний багад машин тэргээр гоёно гэсэн ойлголт байсан биш.Сайхан мориор л гоёно шүү дээ.Сайхан морь унасан хүнийг эргэж хардаг. Ярьдаг. Морь сайхан эдэлдэг хүн бусдадаа ялангуяа залууст үлгэр дуурайл болдог байлаа.Монгол хүн адуундаа хайртай хойно зүгээр байж чадахгүй ганц нэг морь уядаг санаатай.Миний морь уяна гэж юу байхав.Миний дүү л миний морьдыг уядаг юм.Монгол хүний ухаан гэдэг дэлхийн дайд хүрсэн ухаан.Чингэсийн үед мориор дэлхийн талыг эзэлж байж.Дэлхийн талыг мориор туулна гэдэг мөн агуу түүхээ.Монгол хүний морь уях ухаан 800 жилийн түүхтэй гэж би боддог.Тэр их газрыг туулахдаа мориныхоо уяа сойлгыг тааруулж явж дайн байлдаан хийнэ биз дээ.Түүнээс биш хонины морь шиг унаагаар дэлхийн талыг эзэлж хот орон эзлээгүй байх.Энэ бол монгол ухаанаар бүтээж бий болгосон газар нутаг, эрх чөлөө, нэр төр.Эрдэнэт хүлгээ унах, уях хайрлах ухаан.Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг би хувьдаа хүндэтгэж өнгөрүүлсэн.Энэ түүхэн өдрийг хүндэтгэх нь монгол цустай хүн бүрийн үүрэг.

- Шинэ аварга төрсөн 800 жилийн ойн наадам танай хөвгүүдэд зориулагдсан юм шиг л болж өнгөрсөн. Ирэх жил нь зодоглож , бас зодог тайлсан тань олон жил хүлээсэн хүүгээ аваргалахыг хараад бөхийн спортод ханажээ гэж ойлгогдсон л доо.

-Миний хүү Сумьяабазар аварга болж, хүү Дагвадорж эзэн хааны цомыг дахин хүртсэн тэр баяр эцэг болсон надад нас нэмсэн сайхан баяр болсон.Их Монгол улс байгуулагдсаны ойн өглөө би наадмын талбайд очоогүй ш дээ.Сумьяабазарыг би арваад жил л дагасан.Аз нь мэдэг гэж бодоод гэртээ үлдсэн.Олон жил хүүгээ наадамд түрүүлчих болов уу гэж захыг нь мушгиж суусан эцэг хүн л миний жаргал зовлонг ойлгоно.Телевизээр л бөх харж суусан.Үзүүрт үлдэнгүүт нь сэтгэл хөдлөөд гэрээсээ гараад бараг гүйсэн.Яарсандаа дээлээ ч өмсөлгүй дан цамцтай гараад ирсэн байсан шүү.Эцэг хүний амсах ёстой жаргалыг би эдэлж суугаа хүн. Миний эцэг өвгөдийн л буян байх. Миний аав заан цолтой байсан. Би “Зууны Манлай Заан” гэдэг цолыг хүртсэн.Хоёр аварга, нэг начин хүүтэй.Элэг бүтэн хань ижилтэйгээ амьдарч байна. Бөхийн спортын буяныг чамлахааргүй хүртлээ.Энэ спортод өвгөн болтлоо зүтгэх бөх хүү нар байна. 801 жилийнхээ ойд зодоглоод албан ёсоор зодог тайлж зодог шуудгаа нэг хүүдээ өвлүүлээд зодог тайлья гэж үр хүүхдүүдтэйгээ яриад гэр бүлийнхээ хүрээнд ярилцаж шийдсэн.Энэ арга хэмжээг хүүхдүүд их сайхан зохион байгуулсан.

-Бөхчүүдийн дунд найраа хэрээс хэтэрч нэр хүнд нь унаж байсан үе ард хоцорчээ гэдгийг энэ жилийн наадам, залуу бөхчүүдийн барилдаан харууллаа. Нутгийн хүүхдүүдээ дэмжиж цол ахиулах нь найраа биш гэж манай ахмад бөхчүүд үздэг.Та энэ талаар ямар байр суурь баримталдаг вэ?

-Аймаг сум орон нутгийнхаа хүүхдийг дэмжиж цол ахиулах тохиолдол байдаг л юм. Үүнийг би дотроо нэг их буруутгадаггүй. Начны найраа тэдэн сая эдэн саяд хүрч гэсэн яриа мэр сэр гардаг.Яг мөнгө өгч авалцаж байхыг нь нүдээр хараагүй болохоор мэдэхгүй юм.Мэдэхгүй юмныхаа тухай мэддэг юм шиг худлаа ярих муухай.Бөхийн холбоо ч тэр өнөөдрийг хүртэл учраа олохгүй хоёр тал болж хуваагдчихаад хоёр талд үйл ажиллагаа явуулж байгааг буруу л гэж боддог. Монголчууд хэзээнээсээ эе эвээ хичээж ирсэн улс.Бүхий л салбартаа эв эеэ хичээж явбал болохгүй бүтэхгүй юм гэж юу байхав.

-Газар их үзэж байна уу? Ихэвчлэн эзгүй л байгаа дуулдах юм?

-Бурхан бэлэг болж ирсэн сайхан хүүгийнхээ буянд олон газар үзлээ.Хамгийн сүүлд Америкт очиж амарсан.
Ярилцсанд баярлалаа
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby CrossBonez » Thu Sep 11, 2014 12:40 pm

Энэ Д. Жавхлан гэж их дажгүй сэтгүүлч шиг байна шүү, их оновчтой, дажгүй асуултууд тавих юм.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3750
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Wed Sep 24, 2014 3:40 pm

Сумьяа аварга Наадмаар Сүхбат аваргын гаргасан шийдвэр зөв гэсэн гэнэ үү?
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Yes Man » Wed Sep 24, 2014 3:55 pm

хаана тэгсэн байна?
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby champion » Wed Sep 24, 2014 5:38 pm

orgil_ezo wrote:Сумьяа аварга Наадмаар Сүхбат аваргын гаргасан шийдвэр зөв гэсэн гэнэ үү?

тэгсэн гэнэ үү
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Thu Sep 25, 2014 8:12 am

Нөгөө Цэнзургүй яриа гэдэгт ороод
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Thu Sep 25, 2014 1:51 pm

зөвшдээ угаасаа ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Thu Sep 25, 2014 2:55 pm

Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Thu Sep 25, 2014 3:44 pm

Сумьяабазар аварга 100% Сүхбат аваргын зөв гэж байна. Бас Өсөхөө Сүхбат зүүндээ гараа гээд ард түмнийхээ өмнө зураг хөргөө авхуулаад сайхан ард түмнээ хүндлэх ёстой байсан гэж байна. Өсөхөөг амалдаг бол зүгээр баталгаажуулж байгаа хэлбэр гэсэн байна. Ерөнхийлөгч хэнд түрүүлж цол өгсөн бэ гэдэг нь чухал гэж байна шүү хэхэ
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Өсөхбаяр » Thu Sep 25, 2014 5:01 pm

ерөнхийлөгч хэнд түрүүлж өгсөн нь хэн түрүүлж цолны болзол хангасан эрэмбийн дарааллын дагуу учиртай л өгсөн гэж бна. ерөөс МҮБХ оос л болсон асуудал гэдэгийг хэлж үнэн л дээ. инээдтэй юм алга
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10212
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Sat Sep 27, 2014 11:20 am

Б.Бадамсүрэн: Г.Өсөхбаяр аваргыг хаясан барилдааныг мартдаггүй


Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Б.Ганбатаар тав давж улсын начин цол хүртсэн Завхан аймгийн Алдархаан сумын харьяат “Завхан” дэвжээний бөх улсын начин Бадамсүрэнтэй ярилцлаа.

-Та энэ жил улсын начин цол авсан таван бөхөөс хамгийн отгон нь боллоо. Энэ таны хэд дэх наадам бэ?

-Би 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор өсвөрийн барилдаанд анх зодоглож шөвгийн наймд үлдэж байлаа.

-Сумын начин цолоо хэзээ ахиулсан билээ?

-Намайг тэр жил улсын наадмын хүүхдийн барилдаанд шөвгөрөөд гэртээ ирэхэд манайхан “Дараа жил сумынхаа наадамд барилдана шүү” гэж урам хайрласан. Тэгээд 2007 оны зун сумынхаа наадамд үзүүрлэж анхны цолоо авсан. Энэ цолтойгоо удаан барилдаагүй нь үнэн. Тэгэхэд нас залуу, бие задраагүй байсан болохоор багш нар заалны барилдаанд ноцолдуулах гэж төдийлөн яараагүй. Хамаагүй эрт барилдаад бэртэж гэмтээд, зүрх нь халирчихвий гэдгээс болгоомжилсон байх. Дараа зун нь Тосонцэнгэлийн наадамд түрүүлж сумын заан болсон. Сумын заан цолондоо хоёр жил орчим тогтож байгаад 2010 онд аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол авсан. Аймгийн заан цолтой удсан. Мөн энэ цолтойгоо хэдэн ч удаа шөвгөрөв дөө. Харин сарын өмнө Бүх цэргийн баяр наадамд гайгүй барилдаж цолоо ахиулсан.

-Учраа бөхөө тумбарайдаж байгаад гэдрэг шиддэг дархан мэхээр чинь бөхийн хорхойтнууд таныг андахгүй. Энэ мэхийг хэнээс сурсан бэ?

-Бөхчүүд жин нэмдэг болоод байгаа одоо үед энэ мэхийг хийхэд хэцүү. Гэхдээ учраа бөхөө дөрвөн хөллүүлээд авсан байхад хийж болмоор санагддаг юм. Энэ мэхийг Б.Адьяахүү багш маань тун гарамгай хийдэг. Багшаасаа өвлөж авсан мэх юм даа.

-Та “Аварга” дээд сургуулийг төгссөн байх аа?

-Тийм ээ. 2008 онд “Аварга” лицей сургуульд хоёр жил сураад үргэлжлүүлэн дээд сургуульд дөрвөн жил суралцаж өнгөрсөн хавар төгссөн.

-Та бага байхдаа бөхийн самбо барилдаанаар цөөнгүй жил хичээллээд тив, дэлхийн тэмцээнд зодоглож чамлахааргүй амжилт гаргасан. Яагаад үргэлжлүүлж суралцаагүй юм бэ?

-Би ганц самбо бөх гэлтгүй чөлөөт, жүдо барилдаанаар бэлтгэл сургуулилтаа давхар хангадаг байсан юм. Чөлөөт бөхийн оюутны аваргаас мөнгөн медальтай. Харин самбогоор өсвөрийн улсын аваргын алт, Азийн аваргын тавдугаар байрын шагналтай.

-Завханы бөхчүүд энэ жилийн наадмаар одтой сайхан барилдлаа. Бэлтгэл сургуулилтаа хаана базаасан бэ?

-Энэ жил бэлтгэл сургуулилтаа зургадугаар сарын 15 хүртэл нутгийнхаа бөхчүүдтэй Завхан аймгийн Отгон сумын нутаг “Даян” гэдэг газарт хийсэн. Харин 15-аас хойш наадам болтол “Сүүж” ууланд үргэлжлүүлэн бэлтгэлээ базаасан.

-Энэ жилийн наадмаар нэг сумын хоёр бөх зэрэг цолонд хүрсэн нь ховор тохиолдол боллоо?

-Л.Лха-Очир бид хоёр Завхан аймгийн Алдархаан сумын “Өгөөмөр” багийн, ёстой л нэг довны хүүхдүүд байгаа юм. Бага наснаасаа нэг голын хөвөөнд хурдны морь унаж, хурга ишиг хариулж өссөн найзтайгаа нэг өдөр улсын начин цол авсандаа бэлгэшээж байна. Манай сумаас өмнө нь 1958 онд Ж.Жигмэддорж гэдэг хүн улсын наадамд тав давж улсын начин болж, улмаар хоёр жилийн дараа цолоо баталсан гэдэг. Түүнээс хойш Алдархаан сумаас 56 жилийн дараа Л.Лха-Очир бид хоёр улсын цолтны эгнээнд багтаж байна.

-Хоёр, дөрвийн давааны нугалаа танд тун хатуу таарах шиг болсон?

-Нэгийн даваанд гэхэд л сумын заантай таарсан шүү дээ. Улмаар хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Амгаланг хаяж, гурвын даваанд улсын харцага Ж.Амартүвшинг, дөрвийн оноолтод улсын заан Б.Соронзонболдыг зүүн хавирахад нь зөрүүлж хавсраад, тавын даваанд улсын арслан Б.Ганбатыг тус тус давж улсын начин болсон.

-Зургаагийн даваанд Ч.Санжаадамба зааныг хаясан бол харцага цол авах байлаа. Зааныг аргалчихаж болсонгүй юу?

-Ч.Санжаадамба заан нэг мэдэхнээ шуудагнаас атгаад авсан. Тэгээд л бүх зүйл тодорхой болсон доо.

-Ингэхэд таны үндэсний бөхийн багшаар хэн гэж хүн ажиллаж байна вэ?

-Улсын харцага Т.Нармандах, улсын харцага Г.Элбэг, улсын начин Б.Адьяахүү нар надад үндэсний бөхийн “А” үсгийг заасан.

-Заалны барилдаанд хамгийн анх ямар бөхийг хаяж байв?

-Аваргуудын нэрэм­жит барилдаанд нэгийн даваанд А.Алтанхуяг арс­ланг давж, хоёрын даваанд Ч.Батзориг заа­ныг хаяж билээ. Гурвын даваанд дархан авар­га Г.Өсөхбаяр намайг амла­сан. Тэгээд зүүн зол­гоо­ноос нааж хавираад давж байлаа. Тэр барилдаан санаанаас ер гадаггүй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Sat Sep 27, 2014 11:40 am

Өсөхбаяр wrote:ерөнхийлөгч хэнд түрүүлж өгсөн нь хэн түрүүлж цолны болзол хангасан эрэмбийн дарааллын дагуу учиртай л өгсөн гэж бна. ерөөс МҮБХ оос л болсон асуудал гэдэгийг хэлж үнэн л дээ. инээдтэй юм алга

Ерөнхийлөгчийн түрүүлж өгөх ч нээх падгүй л дээ. Начингуудын зарлигийг ямар ч эрэмбэгүй л уншдаг. Дархан аварга цолтонг амжилтаар эрэмбэлэхгүй гэдэг өөрсдийх нь баталсан дүрэм л цор ганц тайлбар, үндэслэл.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Sat Sep 27, 2014 12:42 pm

...
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:27 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby mugi19 » Sat Sep 27, 2014 1:12 pm

10-ын даваа цолны даваа мөн л юм чинь Сүхбат дээр нь байна.
Өсөхбаяр дээр нь байх юм бол Эрхэмбаяр Мөнхбатын дээр байна гэх мэт олон асуудлууд гарна.
Бүрэнтөгс Азжаргалын дээр эрэмблэх ч юмуу, олон асуудал байгаа.
10-ын даваатай холбоотой болон аймаг цэрэг зэрэг эргэлзээтэй эрэмбүүдийг нэг мөр болгомоор юм..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Sat Sep 27, 2014 1:39 pm

2 udaa 9 davhiig 1 uda 10 davahtai tentsuu gj bgn bnle.
Tgd hamagu olon 8 davsnaaraa Usuhbayar dayan avargiin erembeere umnu n bsn.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby ЦАГААН » Sat Sep 27, 2014 1:53 pm

даян аварга дээр бол түрүү тоолдог ч байж магадгүй шүү ... тэгээд гаруудыг нууцаар яаж тоолдгийг би яаж мэдхэв ...
даян дээр бол олон түрүүлснээрээ Өсөхөө аварга өмнө нь л гэж би боддог байсан.
Дархан нь бол их сонин ш дээ, ямар хоюулаа амжилт гаргаад дархан авч байгаа биш ... өмнөх гавьяагаа үнэлүүлээд 2004 онд нэг нь дархан болохоор гавьяа гаргаж нөгөө нь 2009 онд дархан болохоор гавьяа гаргаж ... Өсөхөө олон түрүүлсэн хэн ч мэднэ, гэвч дархан цолны болзлыг хэзээ биелүүлэв гэдэг нь тодорхой л харагдах юм.

orgil_ezo wrote:Сумьяабазар аварга 100% Сүхбат аваргын зөв гэж байна. Бас Өсөхөө Сүхбат зүүндээ гараа гээд ард түмнийхээ өмнө зураг хөргөө авхуулаад сайхан ард түмнээ хүндлэх ёстой байсан гэж байна. Өсөхөөг амалдаг бол зүгээр баталгаажуулж байгаа хэлбэр гэсэн байна. Ерөнхийлөгч хэнд түрүүлж цол өгсөн бэ гэдэг нь чухал гэж байна шүү хэхэ


Сумъяа найз нь гоё л хэлсэн юм байна ш дээ ... өө барилдана за юу барилдлаа гээд хөөрөөд хүрээд ирдэг ... Өсөхөө Данзан 2 нийлээд ийм юм бэлдчихээд сууж байдаг, барилдахгүй гэх хэцүү барилдана гэх хэцүү л юм болоо биз ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Sat Sep 27, 2014 2:29 pm

Цоомоо wrote:2 udaa 9 davhiig 1 uda 10 davahtai tentsuu gj bgn bnle.
Tgd hamagu olon 8 davsnaaraa Usuhbayar dayan avargiin erembeere umnu n bsn.


2 удаа 9 давахыг 1 удаа 10 давахтай тэнцүү гээд 10 давхсанг нь дээр нь эрэмбэлээд байгаа шүү дээ. Тиймээс Сүхбат дээр нь эрэмбэлэгдэх нь зөв. Тэр Өсөхбаярын олон удаа 8 давах бол ямар ч хамаагүй
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Өсөхбаяр » Sat Sep 27, 2014 3:05 pm

Дархан аварга цолтой хүнийг амжилтаар эрэмблэхгүй. Дархан аваргын болзлыг 2 уулаа хангалаа гээд л өгсөн юм бол түрүүлж болзлоо биелүүлсэн нь эрэмбэ дээр ам авах нь ойлгомжтой л санагдаад байх юм.

Takanohana_Nowitzki wrote:
Өсөхбаяр wrote:ерөнхийлөгч хэнд түрүүлж өгсөн нь хэн түрүүлж цолны болзол хангасан эрэмбийн дарааллын дагуу учиртай л өгсөн гэж бна. ерөөс МҮБХ оос л болсон асуудал гэдэгийг хэлж үнэн л дээ. инээдтэй юм алга

Ерөнхийлөгчийн түрүүлж өгөх ч нээх падгүй л дээ. Начингуудын зарлигийг ямар ч эрэмбэгүй л уншдаг. Дархан аварга цолтонг амжилтаар эрэмбэлэхгүй гэдэг өөрсдийх нь баталсан дүрэм л цор ганц тайлбар, үндэслэл.


харин ерөнхийлөгч хэнд түрүүлж өгөх нь хамаагүй ч үүний дагуу Сүхбатад түрүүлж гардуулсан нь учиртай юмаа гээд Сумьяа яриж байгаа биз дээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10212
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Sat Sep 27, 2014 9:07 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:27 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests