10 жилийн өндөрлөгөөс харахад

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

10 жилийн өндөрлөгөөс харахад

Postby Nomer 10 » Mon Dec 28, 2015 8:46 am

12 сарын 1-нд 10 жилийн ойн өдөр оруулж байснаа энд нээчий. Тэгэхгүй бол алсдаа сураг алдарчих янзтай кк.

Nomer 10 wrote:Цаг хугацаа хэчнээн хурднаар урсан одно вэ?

Спорт цонх форумын 10 жилийн ой хаяанд иржээ. Тэр тусмаа яг одоо, яг өнөөдөр шүү. 10 жилийн өмнөх чухам энэ л өдөр форумыг Номер 10 миний бие эх барьж авч байсан юм. Харанхуй шөнөөр сууж, форумаа инстоолдчихоод ааваасаа чихэр авсан хүүхэд шиг л баярлаж байснаа санаж байна. Хэд хоног дахин хэдэн туршилт хийсний эцэст 2015.12.1-нд форумаа онлайн дэлгэж, олны хүртээл болгож байлаа. Гайхалтай сайхан арвын 10 жил ард хоцорч. Тэр үед соошл байгаагүй, зөвхөн форумдаа л бид шаагилдана. Бараг 95 хувь нь оюутан байлаа, би тэднээсээ ах ч мөн л оюутан байж, харь газар сурч байсан үе. Гэтэл өнөөдөр бараг ихэнх нь амьдрал зохиожээ. Бүхний хайртай Болжмор, Бээгий, Билгүүдэй, Ганболд нарын хэдхэн л оюутан байна. Ай даа, жаргалтай 10 жил минь. Энэ хугацаанд бид хэд нэгэндээ ээнэгшин дасаж, зарим нь бүр гэр бүлээрээ ч найз нөхөд болж. Бид спортоор тэр дундаа хөлбөмбөгөөр анх нэгдэн нийлж байсан ч өнөөдөр энэ хүрээ эргээсээ хэдийнэ хальж, ах дүүсийн барилдлага нэгэнт тогтжээ. Энд тэнд ганц нэгээрээ, хэд гурваараа тааралдахад Ээ ах минь, Хүүе дүү минь гэсээр л өөриймсгөөр хөөрөлдөн уулзацгаана. Yeah, we are one family.

10 жилийн хугацаа гэдэг бол хүний амьдралын маш томоохон мөчлөг хэсэг. Тэр тусмаа амьдрал гэж юу байдгийг мэдэрч яваа залуу халуун энэ л насан дээрээ тэрхүү 10 жилийг хамтдаа өнгөрөөж байгаа, бид. Сонирхлоороо нэгдсэн холбоо амь бөхтэй байдаг гэж хэн нэг нь надад шивнэсэн бололтой. Үнэн юм аа. Төдийгөөс өдий хүртэл бид спортдоо, хөлбөмбөгтөө үнэнч хэвээр. Олон багийн эрээвэр хураавар фэнүүд болохоор муудалцах юм их гарнаа. Зөндөө ч юм болдог л байсан, болж ч байгаа. Гэвч эцэст нь бид хөлбөмбөгөөс илүү зүйл амьдралд байдаг юм гэдгийг ухаарч, бухимдал гоморхлоо мартаж чаддаг сэтгэхүйтэй болсон. Тэр бол бидний ах дүүсийн, нэгнээ хайрлахын бас хүндлэхийн шинж тэмдэг юм.

5 жилийн өмнө би 5 жилийн өндөрлөгөөс харахад гээд пост хийж байсан. Тэгэхэд форумынхаа хэрхэн үүссэн, хэн хэн анх холбогдож, юун тухай бичиж байсан гээд л анхны дурсамжуудыг өгүүлсэн бол дахиад 5 жил өнгөрөхөд одоо бичиж байгаа энэ постдоо би Спорт цонх гэсэн нэгэн өрх гэр дотроо хэрхэн эв найртай хамтран амьдардаг тухайгаа бичихийг зорив.
Саяхан би форумынхаа архивыг жаал ухаж суулаа л даа. Хөгжилтэй бичлэгүүд зөндөө зөндөө. Мань хэдээсээ 2 нөхөр ялгардаг юм. Юугаараа гэхээр бичлэгийн тоогоороо. Нэг нь 20к давсан бичлэгтэй бол нөгөөх нь аль хэдийнэ 30 мянгын босгыг давсан. 20-ийн босго давсан 2-хон хүн байдаг юм. Тэр 20к бичлэгтэй нөхөр нь анх МрБ гэсэн никтэй байлаа. Тэр нөхөр тэртээ 2005 онд Челсигийн Аваргуудын лигт хийсэн нэгэн тоглолтын дараа “Зиа зиа одоо болноо. Наад S чинь Лампард Тэрри 2 нь хөлөө хуга өшиглүүлээд өгөхөөр юу ярихийг нь харнаа. Удахгүй энэ 2 чинь гэмтэл аваад тоглогчдын суудлаас багийнхаа хожигдлыг харна гэж төөргөнд бууж байна. Би ч Хөвсгөлийн удамтай. Миний зөн билэг хэзээ ч зөрж байгаагүй шүү... „tongue“-Emoticon ” гээд биччихсэн чинь МрБ-ийн чат найз трансфер мангас буюу МрС нь “ёооё............ хэн хуга өшиглөхийн чи юу............ олигтой алхаад явчихаж чаддаггүй чи юу даа............. чиний тэр хөвсгөл чинь Англид үйлчлэхгүй за.......... харин танай дэгээ толгойт багаа орхичихоор танайхан яахыг харна аа..............” гээд л хариуг нь барьж байж. Зарим бичлэг дээр нь бүр татаж унамаар ч юм таарах юм. Гэхдээ энэ 2 одоо бол бүр амьдралын найзууд. Энэ мэт жишээ маш их. Юу юугүй шүүмжлээд унадаг энэ бэрх цагт манайхан харин юм үзсэн фэний байртай гэдийгээд сууж байгаа харагддаг. Тэднийг форум ингэж хүмүүжүүлсэн. Форум ч бас ширүүн гарууд ихтэй шүү. Зарим нөхөд анх орж ирээд Хүү хаа гээл хүмүүстэй ач тач гал авалцаад л унадаг, удалгүй “буулгандаа номхорч” хүмүүжилтэй болчихно оо, их хөөрхөн. За тэгээд нөхдүүд хүрээ үүсгэж аваад, шинэ гишүүдээ бөөрөлхөнө өө. Шантраад алга болдог нөхдүүд зөндөө л байдаг. Харин өөдөөс нь сөрж тэмцсээр тэр хүрээнд ороод өнөөдүүлтэйгээ адилхан найз нөхөд болдог гишүүн ч их. Яг халдаад ирэхээр манай залуус маш хүнлэг шүү. Маш олон зүйл дээр мэдэрсэн юм.

Манайд бас багадаа аавыгаа дагаж хоккей үздэг байсан Ливерпүүлийн фэн нэг охин байх. Нөгөө талд хоккейны улаан фэн челсист залуу байх. Хоккейгоор анх танилцан чаталж байгаад холбоо тасарсан ч форумд дахин таарснаар нэгнээ олсон нь сонин түүх. Би багадаа сургуулийнхаа багш нарыг бүгдийг танихгүй ч нэг ахынхаа бас нэг эгчийнхээ ангийн багшийг мэддэг байсан юм. Тэр 2 эхнэр нөхөр л дөө. Тэгсэн тэдний дундаас гарсан хүүг би форумаасаа олж билээ. Ингээд яриад байвал бид өвөр хоорондоо нэг тийм өвөрмөц холбоотой байгаад байдаг. Бас нэгнээ уруу татаж, форум луу чирсэн тохиолдол маш их. Сайза гээд сайн хүү байх. Тэр бараг хамгийн их найзыгаа форумд хөтөлж авчирсан гишүүн байх аа. Ер нь форумд татагдан орсон түүхүүд нь янз янз. СБН тв-д анх манай 3 нөхөр сагс ярьдаг байв. Тэгэхэд титрээр форумын линк гардаг байсан юм билээ. Маш олон хүн тэрийг харж анх форумд элссэн байдаг. Сонингийн булангаас харж, найз нөхдөөрөө дамжиж, сэтгүүл дээрээс хаягийг нь олж үзээд орж ирсэн гэх мэт янз бүрийн байдлаар энд тэндээс холбогдсоор нэгэн цул бий болсон. Одоо бид хаана ч хамтдаа байдаг. Хөлбөмбөгөө үзсэн ч, хоол идсэн ч, хөзөр тоглосон ч хамтдаа. Уулзахгүй жаахан удчихаар л нэгнээ санаад эхэлдэг болчихсон. Уулзаж аваад нүүр нүүрээ хараад суухаараа жаргалтай гэж яанам. Тугалнуудыг эхийг нь явуулчихаад хашаанд хамтад нь хашаад байхаар бүр ижилсчихдэг. Яг тэрэн шиг л нэгнээ үгүйлж, нэгнээрээ үргэлж дутаж амьдардаг. Дутуугаа дүүргээд хамт суух үедээн бол сэтгэл ханамжийн процентыг ярих ч юм биш.

Амьдрал гэдэг эрээнтэй бараантай хойно доо. Нэлээн хэдэн сайхан залуусаа бид бас алдаад үзчихсэн. Гэвч тэдний зүрх сэтгэл бидний дунд амьдарсаар байдаг юм. Бид үргэлж тэднийгээ дурсдаг. Энэ намрын нэгэн орой Болжмор дүүгийн нүд нь хавдчихсан байхыг харав. Манай форумд нэг хөөрхөн охин байсан юм л даа. Хүнд өвчтэй байж байгаад гадаад явж хагалгаанд орсон ч эргэж ирээд удаагүй. Түүний 20 нас хүрэх юмсан гэдэг блог нь түүнийг одоо хүртэл амьд байлгадаг. Тэгсэн Болжмор дүү тэр блогийг хуудас нэг бүрээр нь уншиж сууж л дээ. Болжмор дүү байтугай аав болсон том залуу уншаад усан нүдэлсэн тухайгаа хэлж билээ. Би лав зүрх шимшрээд орж чаддаггүй юм. Манай хэд одоо ч уншсаар, бичлэг хийсээр л байдаг юм. Хэд хэдэн залуус маань дурлаж, бэттл болж байсан ч бүгдийнх нь зүрхийг шархлуулаад одсон. Бас нэг сайхан физикч залуу маань форум үүсэх үндэс суурийг тавилцаж байсан юм. Анхны фантази спортыг санаачилж байлаа. Монголын анхны фантази тоглоом байсан юм шүү. Этгээд никтэй ч бүхний хайрыг хүлээсэн нэгэн гишүүн байв. Ойр дотно явсан хэд нь одоо хэр нь дурсаж, аньсгаа норгодог. Түүний бичлэгийг одоо харахад хүн хүнээс нэг л өөр, яаж ингэж сэтгэдийм бол гэмээр. Хэт задгай гэмээр юм шиг хэрнээ хүүхэд шиг дэндүү цайлган нэгэн байсан даа. Бас өөр хэдэн сайхан гишүүд бий, бүгд л ямар нэг байдлаар гүн сэтгэгдэл үлдээсэн дээ.
Форум маань ер нь олон юмаар анхдагч шүү. Анхны спортын форум. Анхны фантази спортыг эхлүүлж байсан. Анхны зохион байгуулалттай хөлбөмбөгийн фэнүүдээр тодорч байлаа. Гадны тамирчид ирэх нь, хэдүүлээ аятайхан угтая гэж санал гаргаад манай хэдэн залуус хүйтэн өдрөөр Хөлбөмбөгийн холбооны цасыг арилгаж байсан. Бас тамирчдаа Талын хөх чоно гэж нэрлэе гэсэн саналыг Реалист маань гаргаж байсан нь өдгөө манай шигшээгийн брэнд хэллэг болжээ. Тэр тоглолтод би таньдаг цэцэрлэгийн эгчээсээ хүүхдийн бөмбөр 2-ыг аваад өнөө хэддээ өгчихсөн чинь нүдсээр байгаад нэгийг нь цоолчихсон байж билээ. Ер нь анхны гэсэн бүхнийг дурсах дандаа гоё мэдрэмж өгдөг. Анхны салхидалтаа Хандгайтад хийж билээ. Анхны лигийн тэмцээнээ ч хийж байлаа. Харамсалтай нь энэ санааг зоосны нүхээр харсан нөхөд утгыг нь алдагдуулсан тохиолдол гарсан. Гэхдээ манай залуус одоо ч тэмцээнээ хийсээр. Бүр жилд 2 удаа шүү. Хавар нь лигээ хийнэ, намар нь цомын тэмцээнээ хийнэ. Сагс ч мөн адил жил бүр болдог. За тэгээд энэ жилийн хувьд 10 жилийн ой гэдгээрээ арга хэмжээ ч хөвөрч өгсөн дөө. Сагс, хөлбөмбөг, салхидалтаасаа гадна биллиард, хөзөр, онлайн гэйм болсон. Воллейбол, шатар даам, туялзуур сэлмийг хийнэ л гэчихсэн байгаа. Энэ долоо хоногт анхны шинэ жил маань болно. Шинэ жилийн түүх харин их хөгжилтэй. Аль 2011 оноос эхлээд л шинэ жил хийнэ, хийхдээ нүүрномын Свит китчен эсвэл Мами сентрал групптэй хамтарч хийнэ гээд л. Дуншсаар дуншсаар 10 жилийн ой дээрээ золголоо доо. Гэхдээ хийх хийхдээ тасархай гоё хийнэ. Энэ бол бидний үдэш, бидний түүх байх болно. Хайртай дүү нартайгаа халуун дулаан яриагаа үүсгэхийг хачин ихээр хүснэ. Хоорондоо сайхан найз болсон тэд маань хорвоогийн нэгэн жаргалтай оройг хамтдаа өнгөрүүлэх болно. 10 жилийн өмнө шинэ жил хийнэ гэсэн бол баахан оюутан нэг зугаатай л юм хийх байсан байх. Одоо харин бүгд эрийн цээнд хүрч, амьдрал ахуй нь жигдрэх шатандаа орсон улс ажрахгүй болсон. Улаанбаатарын хамгийн анхны шинэ жилийг хийх нь дээ.

Цаг хугацаа улирсаар нэг л мэдэхэд дахиад 10 жил өнгөрөх болно. Тэр цагт манай залуус дийлэнх нь дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэдэг насаа аль хэдийнэ давчихсан эрс, бүсгүйчүүд болцгооно. Зарим нь бүр өвөө эмээ ч болчихсон байх биз. Амьдралын эрхээр уулзах учрах нь багасаад ирэх ч юм билүү. Гэхдээ нэг л юм үнэн. Энэ бол бид хоорондын зай багассан ч уулзсаар л, хөхөрсөөр л, маазарсаар л байх болно. Энэ холбоосыг форум бидэнд өгсөн юм. Тиймээс ч форумаа бид юу юунаас илүү хайрладаг. Форумын гишүүн бүр бидний нэг салшгүй хэсэг. Анх тооноо өргөж, баганаа тулаад, тал талаас нь униа хатгаж байсан Спорт цонх гэдэг айл улам бүр өнөр олуулаа болсоор л. Жаргалтай, харуусалтай, инээд хөөртэй, уйтгар гунигтай, баяр баясалтай өдрүүдийг бид 10 жил хамтдаа үджээ. Дахиад хэдэн 10 жил ч үдэх болно. 10 жилийн өмнө бидэнтэй цуг байгаагүй ч сүүлд нэгдэж биднийхээ нэг эд эс болсон гишүүд ч бас их бий. Аавын хүүг алаг үздэггүй гэдэг шүү дээ. Бүгдээрээ л адилхан анд нөхөд. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт ч гэж ярьдаг. Сүүлд орж ирээд цогтой хувьсгал хийсэн гишүүд маш их бий. Бүгдийг нь дурьдаж амжихгүй ч ганц 2-ыг нь хэлье л дээ.Тухайлбал Болжмор маань байна. 15-хан настай байхдаа орж ирээд хэдэн багийн сэдвийг амилуулж өгсөн дөө. Тэр ч эрчээрээ явсаар 2 ч том ном орчуулж гаргаад байгаа. Соошлд Болжмор нэрээрээ алдартай ч одоо бол орчуулагч Содонтуяа гэж хэлэгдэхээр болсон шүү. Соёлоо маань мөн л фэйсбүүк давалгаанд өртөж унтраад байсан форумаа өөд нь татаж олон сайхан бичлэгээрээ сэргээж өгсөөн. Бас л улам хурцлагдаж явсаар Онцгой нэгний Онцгой нэгэн гэх номыг гараасаа гаргаж дуусчээ. Форумаар төлөвшсөн залуус маань ийм мундаг болдог гэдгийг би хаана ч ам бардам хэлнэ ээ. Манай эгнээнээс маш олон мундаг залуус төрөн гарсан. Рома Баяраа маань Сочид спортоор өндөр амжилттай суралцаж яваа. Спорт цонхыг анх үүсгэсэн Хосоо маань Томас Бах хавьцаа л жаалж явдаг болсон. Нурмийгаад байсан цонхоо шиллэж, хэсэгтээ чирч явсан ЛэБэ маань Германд сурч явна. Австрали, Америк, Ази, Европ тивүүдэд гишүүд маань бөөн бөөнөөрөө ажиллаж амьдарч явна. Ер нь нэг бүрээр нь дуудна гэвэл залуусаа магтан дуулах үгэнд хэдэн ч хуудас багадна. Гайхалтай залуус маань салбар бүрт л гялалзаж яваа. Компани удирдаж, инженерийн ухаан сийлж, АиТи исгэрүүлж, санхүү тооцоог атгаж, улс төрийн тогоонд чанагдаж, хөрөг бүтээж, уран үг холбож, камертай ноцолдож, эрх зүйгээр мэргэшиж гээд л газар газар гялтганаж байгаа тэднээрээ би бахархдаг.

Ахаа дагаж дүү нь форумд элссэн хэд хэдэн тохиолдол бий. Гэвч цаг хугацааны явцад бусадтайгаа ч гэсэн ээнэгшин дасаж, ах дүү шиг бололцсон тавилан нэлээдгүй бий. Хэн нэгэнд нь элдэв юм учрахад Тэр минь, энэ минь гэсэн бүлсэг сэтгэлээр бид нэгэндээ ханддаг билээ. Хоорондоо үерхэж яваа, хосоо олсон тохиолдол ч бас бий. Хосоо олж дээ гэтэл хоёр тийшээ явчихсан хүмүүс ч бий. Гэхдээ тэд найзаараа үлдэж, одоо бид бүгд хамтдаа хөхрөлдөөд л явдаг. Үзэсгэлэнт хөөрхөн бүсгүйчүүдээс минь 2 нь 4 сайхан залуутайгаа үй зайгүй л байдаг байлаа. Хаана ч хамтдаа, тоглоод л, маазраад л. Гэтэл 6 өөр амьдралтай болчихдог байгаа. Би ухаандаа 4 хос гэж бодож, найдаж байсныг яана. Хэн 6 гэдгийг цонхынхон маань бүгд мэднэ дээ кк. Гэхдээ хүн амьдралдаа үргэлж сонголт хийдэг шүү дээ. Хамгийн гол нь бүгд одоо хүртэл нэгнийхээрээ орж гарч, найзууд хэвээрээ үлдсэнд баярлаж явдаг даа. Амьдралд энэ л чухал.

За өндөрлөе дөө. Бичвэл хэдэн цаг ч бичсэн би чадна. Учир нь энэ чинь 10 өдрийн явдал биш, 10 жилийн хугацаа шүү дээ. 10 жилийн түүхээ эргэн нэг дурсах өдөр ойрхон байна даа. Цонхын гишүүд минь гэр бүлийнхээ баярт инээд цалгиулан ирж, ахан дүүстэйгээ бас анд нөхөдтэйгээ дотно тэврэлдэн уулзаж, аливаа саадыг ардаа орхин, амьдралын сайхан амтыг мэдэрцгээе дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest